Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 65

 

“Э-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00368/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  04 дүгээр сарын 19-ний өдрийн 359 дүгээр шийдвэртэй,

            Нэхэмжлэгч “Э-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Б-” ХХК-д холбогдох

“Ажлын хөлс, алданги 248.212.816 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтангэрэл, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Энх нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Энх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтангэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Э-” ХХК-аас

“Э-” ХХК-ийн захирал Б.А- миний бие нь “Б-” ХХК-ийн захирал Б.Г-тай 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дулаан шарын гол ТӨХК-ийн Дулааны станцаас дулаан хуваарилах төв хүртэлх гадна дулааны 2,2 км төв магистрал шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажлын талбайд 250.000.000 төгрөгийн ажлыг хийхэд “Б-” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллахаар тохиролцсон. Гэрээний дагуу манай компаний зүгээс 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл нийт 186.874.974 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн. Гэтэл гэрээнд заасны дагуу ажил үүргээ хэвийн явуулж байхад “Б-” ХХК-ийн зүгээс манай байгууллагыг ажлын талбараас үндэслэлгүйгээр хөөж тууж эхэлсэн. Ингээд арга буюу ажлын талбарыг орхиж явсан. Манай байгууллагын зүгээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа хийж байхдаа хамгийн хүнд хэцүү техник төхөөрөмж кран орох боломжгүй хэсгийн ажлыг гүйцэтгэсэн. Хийсэн ажлынхаа хөлсөө тус байгууллагаас удаа дараа нэхэхэд өдий болтол өгөхгүй байна. Иймд манай “Э-” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 208.494.709 төгрөг гаргуулах, энэхүү төлөгдөөгүй үнийн дүнгийн алданги 1 өдрийн 104.247 төгрөг буюу 381 өдрийн алданги гэж 39.718.107 төгрөгийг нэмж, нийт 248.212.816 төгрөгийг “Б-” ХХК-аас гаргуулж өгнө үү гэж шаардаж нэхэмжлэл гаргажээ.

 Хариуцагч “Б-” ХХК нь:

...Хариуцагч тал нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахдаа хийж гүйцэтгэх ажлын төсөв үзүүлж гэрээг байгуулсан байдаг боловч тухайн үед төсвийн задаргаагаа танилцаагүйгээр ерөнхий дүн буюу 250 сая төгрөгийн дүнгийн хувьд тухайн ажлыг хийж гүйцэтгэж болох байх гэсэн тооцооллоор гэрээг зөвшөөрч байгуулагдсан гэсэн байна.

Анх гэрээ байгуулахаас өмнө төсвийг үзэж танилцаад үнийн дүн /216 сая/ бага байна. 34 сая төгрөг нэмээд 250 сая төгрөгөөр байгуулъя. Тэгээд гүйцэтгэлээрээ тохиръё гэсэн санал тавьсан нь Б.А- өөрөө бөгөөд энэ ажлыг бүрэн чанартай хийж дуусгаад хүлээлгээд өгсөн тохиолдолд 250 сая төгрөг төлж болох юм гэж ярилцаад 250 сая төгрөгөөр гэрээ байгуулсан. Энэхүү ажил нь өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгээд дараа нь санхүүжилт авах тухайн жилийн төсөвт нэг ч төгрөг тавигдаагүй ажил байсан ба бид энэ ажлыг бартераар гүйцэтгэхээр тохирч байсан.

1/ Энэ батлагдсан төсвийг ашиглагч захиалагчаас алинаас нь гаргуулж авах боломжтой ба энэ төсөвт бууруулах гэсэн үйлдэл хийгдээгүй нь нотлогдох болно.

2/ Ажил гүйцэтгэх явцад эрт цас орж цочир хүйтэрсэнтэй холбоотойгоор Шарын гол сум хөлдөх аюул нүүрлэж гагнуурчдыг аймгийн засаг дарга болон захирагчийн ажлын албанаас зохион байгуулалттайгаар нэмэлт хүч болгон авч ирсэн. Бид энэ 3 гагнуурчны хийсэн ажлыг тухайн гүйцэтгэлээс хасаж тооцоогүй болно. Энэ нь гүйцэтгэсэн ажлын үнэлгээг бууруулах гэсэн арга зам биш гэдэг нь нотлогдож байна.  

Одоог хүртэл гэрээгээ дүгнүүлээгүй байгаа болно. “Б-” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 151 тоот мэдэгдэл өгөөд А-, Урандөш нар хүлээн авсан байдаг.

3/ Бид ажлын талбай дээрээс хэнийг ч хөөгөөгүй ба хурдан ажиллахыг шаардаж байсан болно. Манай компани угсралтын ажлыг нөгөө захаас нь хийгээгүй байсан бол энэ гэрээт ажил хугацаандаа дуусахгүй байсан. 2 компани зэрэг хийгээд 10 сарын 30-ны өдөр шинэ шугам бүрэн холбогдож ажиллаж эхэлсэн. 10 сарын 29-ний өдрийн Шарын гол сумын Засаг даргын өндөржүүлсэн бэлэн байдал зарласан А/118 тоот захирамжаар нотлогдоно.

Мөн энэ 23-ны өдрийн тайлбарт “Э-” ХХК-ний хийсэн ажилд “Б-” ХХК засварласан нэмэлтээр хийсэн ажлуудыг болон станцын гагнуурчдын хийсэн ажлыг гүйцэтгэлээс хасаж тооцоогүй нь мөнгө хасах гэсэн үйлдэл биш гэдэг нь хэнд ч ойлгогдох биз. Энэ туслан гүйцэтгэгчтэй хамтран ажиллахад буруу дутуу хийх, ажил удаашралтай явагдах зэрэг олон хүндрэл байсныг дурдсан үйлдэл гэж ойлгож шүүх хүлээн авна уу гэж тайлбарлажээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 359 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч “Б-” ХХК-иас ажлын хөлс 147.725.000 төгрөг, алданги 28.141.612,5 төгрөг, нийт 175.866.612,5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э-” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 72.346.203,5 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.642.060 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1.037.283 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтангэрэл давж заалдсан гомдолдоо:

“Б-” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас хийсэн ажлынх нь тоо хэмжээнд тохирсон 106.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч бусад шаардлагыг нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр сууринаас асуудалд хандаж ирсэн.

“Э-” ХХК-ийн захирал Б.А- нь манай захирал Б.Г-тай уулзаад 216.000.000 төгрөгийн төсөвт ажлыг хийх тухай ярилцаад 250 сая төгрөгийн төсөвт ажил хийх байдлаар гэрээгээ байгуулъя, гэрээгээ дүгнэхдээ ажлын гүйцэтгэлээрээ хөлсөө тооцъё гэсэн саналыг Б.А- тавьсан тул үүнийг нь захирал зөвшөөрч 250.000.000 төгрөгийн төсөвт ажил хийлгэх тухай Шарын гол сумын “Дархан шарын гол“ ТӨХК-ийн дулааны станцаас дулаан хуваарилах төв хүртэлх гадна дулааны 2,2 км шугамын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг туслан гүйцэтгэх нэртэй гэрээг 2017 оны 08-р сарын 25-ны өдөр байгуулсан. Ингээд гэрээний дагуу гэрээний хугацаа эхлэхээс өмнө манай компани ажлын хөлсөнд А-т Дархан сумын 13-р хороолол 3-р байрны 36 тоот байрыг 2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр өгч, өмчлөх эрхийн гэрчилгээг нь 2018 оны 6 сард гаргаж /бартераар авсан байр учир гэрчилгээ нь 2018 оны 6 сард гаргах байсан учраа хэлж тохирсон/ өгөхөөр Б.А-тай тохиролцож, А- нь байрыг хүлээн авч энэ байранд ороод 2018 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүртэл амьдарсан байдаг. Энэ байрыг хөлсөнд өгснөөр “Э-” ХХК-ийн хийсэн ажлын хөлсний 97% нь төлөгдсөн гэж бид үзнэ. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт гаргаж, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн үнэлж дүгнэж чадаагүйгээс хуульд нийцээгүй шийдвэр гарсан.

Бид гэрээний хөлсөнд урьдчилаад 106.000.000 төгрөгийн байр өгөөд байхад шүүх ажлын хөлсийг 147.725 0000 төгрөгөөр, алдангийг энэ хөлснөөс тооцож 28.141.612,5 төгрөг байхаар тооцоолж манай компаниас гаргуулахаар шийдсэнд бид гомдолтой байна.

“Э-” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, гэрээний ажлын үр дүнгээ бидэнд хүлээлгэн өгөөгүй, тооцоо нийлээгүй байхад анхан шатны шүүх 2017 онын 12 дугаар сарын 01-ний өдрийн улсын комисст манай компанийн ажил хүлээлгэж өгсөн өдрийг “Э-” ХХК-ийн зүгээс манайд гэрээгээ дүгнэж ажил хүлээлцсэн өдөр гэж үзэж хэргийг шийдвэрлэж энэ хугацаанаас алданги тооцсон нь буруу байгаа юм. Иймд хэргийг хянан үзэж анхан шатны шүүхийн 354 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бидний хүлээн зөвшөөрсөн хэмжээ буюу 106.000.000 төгрөгөөр тооцож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Энх нар давж заалдсан гомдолдоо:

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан “ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдаж, ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн ба энэ дагуу захиалагч гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөөгүй тул гүйцэтгэгч ажлын хөлс 186.874.974 төгрөгийг хариуцагч “Б-” ХХК-аас гаргуулахаар шаардсан. ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Б-” ХХК нь дахин шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 3538 дугаартай захирамжаар “ ... Дулаан шарын гол ТӨХК-ийн Дулааны станцаас дулаан хуваарилах төв хүртэлх гадна дулааны 2.2 км төв шугамын өргөтгөл шинэчлэлийн ажлын талбайд “Э-” ХХК-ийн хийсэн ажлын үнэлгээ хэд болохыг тогтоолгохоор шинжээчээр Барилга хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төсөл магадлалын хэлтсийг шинжээчээр томилсон” бөгөөд шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дүгнэлтэд "...бодит өртөг нь 208.494.709 төгрөг... ” /хх 187-213/ гэжээ. Шүүх талууд дээрх ажил гүйцэтгэхэд ажлын нийт хөлсийг 250.000.000 төгрөг гэж гэрээгээр тохиролцсон байх тул нэхэмжлэгч “Э-” ХХК-ийн шаардсан ажлын хөлсийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 208.494.709 төгрөгөөр тооцох хууль зүйн үндэслэл байхгүй байна гэжээ. Иймээс шүүх мэргэжлийн үнэлгээний байгууллагуудаас дүгнэлт гаргуулсан атлаа “ ... шинжээчийн дүгнэлтийг үндэслэн тооцох хууль зүйн үндэслэлгүй” гэсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус болно. Иймд талуудын хийсэн ажлын хувьд нэг ижил нөхцөл байдалд хийгдсэн ажил биш болох нь тодорхой бөгөөд үүнээс хамаарч мэргэжлийн байгууллагаар үнэлгээг хийлгүүлэхээр аль аль тал шүүхэд хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэж шинжээч томилсон, шинжээч нар мэргэжлийн хувьд үнэлгээ дүгнэлтээ гаргасан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг нотолж, баталгаажуулсан байхад шүүх уг дүгнэлтийг үндэслэлгүй гэж дүгнэж, дундажлан шийдвэрлэсэн нь хууль бус үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Э-” ХХК нь хариуцагч “Б-” ХХК-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлс 186.874.978 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч компаниас ажлын хөлс 208.494.709 төгрөг, алданги 39.718.107 төгрөг, нийт 248.212.816 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмж гаргажээ.

Хариуцагч “Б-” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Зохигчдын гомдлоор хэргийг хуульд заасан журмаар бүхэлд нь хянахад  нэхэмжлэгч “Э-” ХХК, хариуцагч “Б-” ХХК нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 02/2017 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр хариуцагч “Б-” ХХК нь нэхэмжлэгч “Э-” ХХК-аар Дулаан шарын гол ТӨХК-ийн дулааны станцаас дулаан хуваарилах төв хүртэлх гадна дулааны 2,2 км төв шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хийлгүүлэхээр, ажлын хөлс 250.000.000 төгрөг байхаар, мөн захиалагч болон гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд хийх ёстой байсан ажлын үнийн дүнгийн 0,05 хувиар буруутай талд алданги ногдуулна гэж тохиролцсон үйл баримт тогтоогдсон байна.

Талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдал, ажлын гүйцэтгэл болон чанарын талаар маргаагүй болно.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар  талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн тул гэрээний дагуу нэхэмжлэгч “Э-” ХХК нь Дулаан шарын гол ТӨХК-ийн дулааны станцаас дулаан хуваарилах төв хүртэлх гадна дулааны  шугамын ажлын хөлсийг хариуцагч “Б-” ХХК-аас шаардах эрхтэй.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажлын хөлсний хэмжээг 250.000.000 төгрөгөөр тогтоосон боловч  гэрээний талаар төсөв хийж, тухай бүр дүгнэх ажиллагааг хийгээгүй байна.

Гэрээгээр тохирсон ажлын үр дүнг хэрэгт авагдсан баримтаар 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр улсын комисст хүлээлгэж өгсөн гэж үзнэ.

Ажлын үр дүн, доголдлын талаар талууд маргаж гомдлын шаардлага гаргаагүй байна.

Нэхэмжлэгч “Э-” ХХК нь Дулаан шарын гол ТӨХК-ийн дулааны станцаас дулаан хуваарилах төв хүртэлх гадна дулааны 2,2 км төв шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажлаас 1,3 км шугамын ажлыг хийж гүйцэтгэсэн талаар талууд маргадаггүй ба нэхэмжлэгч анх 186.874.978 төгрөгийн ажил хийсэн гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрсний улмаас нэхэмжлэгч тал хэдэн төгрөгийн ажил гүйцэтгэснээ мэргэжлийн шинжээчээр батлуулахаар шүүхэд хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч “Арлын ам” ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан ба нэхэмжлэгч  “Э-” ХХК нь 191.631.344 төгрөгийн ажил хийсэн гэж дүгнэсэн байна.

Хариуцагч “Б-” ХХК нь дээрх шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч хүсэлт гаргасныг шүүх мөн хүлээн авч Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төсөл магадлалын хэлтсийг шинжээчээр томилсон ба шинжээчийн дүгнэлтээр энэхүү гэрээгээр гүйцэтгэсэн ажлын бодит өртөг нь 208.494.709 төгрөг гэж тогтоожээ.

Талууд Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” гэсний дагуу ажлын хөлс тохирсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн анхны шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрөөгүйн улмаас талуудын хүсэлтээр мэргэжлийн шинжээчийн дүгнэлтүүд гарсан бөгөөд сүүлийн шинжээчийн дүгнэлтээр ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Э-” ХХК нь 208.494.709 төгрөгийн өртөг бүхий ажил гүйцэтгэсэн гэж дүгнэсэн байна.

Иймд талууд ажил гүйцэтгэсний хөлсний талаар маргаж, мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлт гаргуулсан тул ажлын хөлсийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 208.494.709 төгрөгөөр тооцох бөгөөд дээрх баримтыг няцаах баримт хэрэгт авагдаагүй байна.

Улсын комисс дээрх ажлын үр дүнг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан болох нь тогтоогдсон ба энэ үеэс талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 7.1-д зааснаар хариуцагч тал ажлын хөлсөө тооцож нэхэмжлэгч талд өгөөгүй байх тул алданги тооцсон нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “Э-” ХХК-ийн гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт 248.212.816 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх талууд гэрээгээр ажлын хөлс тохиролцсон тул шинжээчийн дүгнэлтийг үнэлэх хэрэггүй гэж дүгнэсэн байна.

Хэдийгээр гэрээний үүрэгт ажлын хөлсийг тохиролцсон боловч нийт гүйцэтгэх ажлын хөлс биш бодитоор гүйцэтгэсэн ажлын хөлс дээр талууд маргасан тул давж заалдах шатны шүүх шинжээчийн үнэлгээг нотлох баримтаар үнэлж байгаа нь анхнаасаа тохиролцоогүй гэрээний үнийг тогтоохоос өөр ойлголт юм.

Нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 519.681 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 506.127 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  04 дүгээр сарын 19-ний өдрийн 359 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтыг: “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч “Б-” ХХК-аас ажлын хөлс 208.494.709 төгрөг, алданги 39.718.107 төгрөг, нийт 248.212.816 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э-” ХХК-д олгож гэж,

2 дахь заалтын: ...үлдээж, гэсний дараа “хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1.642.060  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 519.681 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 506.127 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

                   

                          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                              ШҮҮГЧИД                                   Л.АМАРСАНАА

                                                                                                                  С.ОЮУНЦЭЦЭГ