Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 359

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2018/00368/и

                                  

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .. дүгээр баг, .. дугаар хороолол,  .. тоотод байрлах, ЭИ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .. дугаар баг, Их сургуулийн өөрийн байранд байрлах, БХ ХХК /РД: /-д холбогдох,

 

“248,212,816 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А,  хариуцагчийн өмгөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ЭИХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...ЭИХХК-ний захирал Б.А миний бие нь БХ ХХК-ний захирал Б.Г-тай 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Дархан-Уул аймгийн  Шарын гол сумын ЭТС ТӨХК-ний Дулааны станцаас дулаан хувиарлах төв хүртэлх гадна дулааны 2,2 км төв магистрал шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажлын талбайд 250,000,000 төгрөгийн ажлыг БХ ХХК-ны туслан гүйцэтгэгчээр ажиллахаар тохиролцсон. Гэрээний дагуу манай компаний зүгээс 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл нийт 186,874,974 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн. Гэтэл гэрээнд заасны дагуу ажил үүргээ хэвийн явуулж байхад БХ ХХК-ний зүгээс манай байгууллагыг ажлын талбараас үндэслэлгүйгээр хөөж тууж эхэлсэн. Ингээд арга буюу ажлын талбарыг орхиж явсан. Манай байгууллагын зүгээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа хийж байхдаа хамгийн хүнд хэцүү техник төхөөрөмж кран орох боломжгүй хэсгийн ажлыг гүйцэтгэсэн. Хийсэн ажлынхаа хөлсөө тус байгууллагаас удаа дараа нэхэхэд шүүхдээд ав, юу авч долоохыг чинь харна гэж хэл амаар доромжилж өдий болтол өгөхгүй байна. Иймд зураг төсөв, гэрээнд заасны дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч ЭИХХК нь шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Манай ЭИХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 208,494,709 төгрөг гаргуулах, энэхүү төлөгдөөгүй үнийн дүнгийн алданги 1 өдрийн 104,247 төгрөг буюу 381 өдрийн алданги гэж 39,718,107 төгрөгийг нэмж, нийт 248,212,816 төгрөгийг БХ ХХК-аас гаргуулж өгнө үү.” гэв. 

 

Хариуцагч БХ ХХК нь шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...Хариуцагч тал нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахдаа хийж гүйцэтгэх ажлын төсөв үзүүлж гэрээг байгуулсан байдаг боловч тухайн үед төсвийн задаргаагаар танилцаагүйгээр ерөнхий дүн буюу 250 сая төгрөгийн дүнгийн хувьд тухайн ажлыг хийж гүйцэтгэж болох байх гэсэн тооцооллоор гэрээг зөвшөөрч байгуулагдсан гэсэн байна.

Анх гэрээ байгуулахаас өмнө төсвийг үзэж танилцаад үнийн дүн /216 сая/ бага байна. 34 сая төгрөг нэмээд 250 сая төгрөгөөр байгуулъя. Тэгээд гүйцэтгэлээрээ тохиръё гэсэн санал тавьсан нь Б.А өөрөө бөгөөд энэ ажлыг бүрэн чанартай хийж дуусгаад хүлээлгээд өгсөн тохиолдолд 250 сая төгрөг төлж болох юм гэж ярилцаад 250 сая төгрөгөөр гэрээ байгуулсан. Энэхүү ажил нь өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгээд дараа нь санхүүжилт авах тухайн жилийн төсөвт нэг ч төгрөг тавигдаагүй ажил байсан ба бид энэ ажлыг бартераар гүйцэтгэхээр тохирч байсан талаар өмнө тайлбарт дурдсан байгаа. Нэг орон сууц өгөөд үлдсэн мөнгөнд 25 дугаар хороололд амины орон сууцны газар өгөхөөр аман тохироо хийсэн ба мөн л Б.А гэгч өөрөө гэрээн дээр мөнгөн дүнгээр нь тавъя  гэсэн санал тавьсан байдаг.

Төсвийн задаргааг Заяанэмэхтэй ярилцаад хийх бүх ажлаа, төсвөө хамт сууж байгаад ярилцсан хүн нь мөн л Б.А өөрөө болно. Хэрэв төсвийн задаргаа гэж байхгүй байсан бол ямар ажил хийхээ мэдэхгүй гэрээ байгуулсан гэсэн үг үү. Иймд ор үндэсгүй худал тайлбар байна.

Цаашлаад гэрээний маргаан үүсч хариуцагч гүйцэтгэсэн ажлын төлбөрийг төлөхгүй байх энэ асуудалтай холбоотойгоор хэргийн ажиллагааны явцад хуурамч үндэслэлгүй худлаа төсөв үзүүлж гэрээ байгуулагдсан болох нь мэдэгдсэн ба мөн ийнхүү төсвөөр ажлын дүнг бууруулах, улмаар  ажил гүйцэтгэх явцад ямар ч шаардлага шалтгаангүйгээр нэмж гаднаас гагнуурчин ирүүлсэн ба үүнтэй холбоотойгоор мөн гүйцэтгүүлсэн ажлын үнийг бууруулах ажил дуусах дөхөж амар хялбар ажил үлдсэн байхад нь ажил гүйцэтгэгчийг хөөж явуулаад уг үлдсэн бага ажлыг өөрсдөө хийж, үүгээрээ ажлын үнийг бууруулах байдлаар анхнаасаа гэрээнийхээ дагуух үүргээ биелүүлэхгүй байх, ажлын хөлсийг өгөхгүй байх, аль болох бууруулах арга замуудыг эрэлхийлсээр ирсэн болохоо эдгээр үйлдлүүдээрээ бүрэн дүүрэн нотолж байна гэсэн байна.

1/ Энэ хэсэгт бидний анх тохирсон төсөв нь захиалагчийн баталсан төсвөөс сангийн ажилтай холбоотой хэсгийг хэсэгчлэн авч хийсэн төсөв ба энд ямар ч худал хуурмаг төсөв байхгүй. Худал хуурмаг гэж үзсэн бол энэ хүн гэрээ байгуулахгүй байж болох байсан. Энэ гэрээ нь ажлын хөлс тооцох үндсэн зоилготой байсан ба дээрх 2 шинжээчийн гаргасан тооцоогоор ажиллах хүчний зардал хол зөрүүгүй байсан. /энэ төсөв үндэслэлтэй гэдгийг нотолж байна/ Үндсэн үүсээд байгаа зөрүү нь хэрэглээгүй ацетилен, хүчилтөрөгч гэсэн материал үнэлж оруулсан болон машин ашиглалтын нэгж цагийн үнэлгээг батлагдсан төсвийн хүрээнд бус зах зээлийн ханшаар тооцсоноос үүдэж байна. Энэ батлагдсан төсвийг ашиглагч захиалагчаас алинаас нь гаргуулж авах боломжтой ба энэ төсөвт бууруулах гэсэн үйлдэл хийгдээгүй нь нотлогдох болно. Төсвийн зөрүүг тооцсон хүснэгтийг хавсаргав.

2/ Ажил гүйцэтгэх явцад эрт цас орж цочир хүйтэрсэнтэй холбоотойгоор Шарын гол сум хөлдөх аюул нүүрлэж дээрх гагнуурчдыг аймгийн засаг дарга болон захирагчийн ажлын албанаас зохион байгуулалттайгаар нэмэлт хүч болгон авч ирсэн. Бид энэ 3 гагнуурчны хийсэн ажлыг тухайн гүйцэтгэлээс хасаж тооцоогүй болно. Энэ нь гүйцэтгэсэн ажлын үнэлгээг бууруулах гэсэн арга зам биш гэдэг нь нотлогдож байна. ЭТС гэдэг компани болон Н гэдэг гагнуурчинтай баг ажиллаж байсан ба эдгээр хүмүүс нь Б.А мөнгөө өгөхгүй байна гээд ажлаа орхиж явсан ба зарим нь ажлаа хийхгүй Б.А ыг ирэхийг хүлээгээд ажиллахгүй байсан. Б.А өөрөө ажлын талбай дээр байнга байхгүй тэр хүмүүсээ удирдлага зохион байгуулалттайгаар хангаж ажиллаагүй болно. Б.Атай бид гэрээ хийсэн тул дээрх хүмүүсийг цалинжуулах ажлыг өөрөө зохион байгуулах байсан. Өөрөө тухайн үед 102 сая төгрөгийн байрыг урьдчилан аваад амьдарч байсан.

Бид ажлын явцад мөнгөө өгөхгүй багасгана гэсэн ямарч яриа гаргаагүй бөгөөд гэрээ дүгнээгүй байхад бид мөнгө төгрөгний ямарч асуудал яригдаагүй бөгөөд ажлаа чанартай хий гэсэн шаардлага л тавьж байсан. Одоог хүртэл гэрээгээ дүгнүүлээгүй байгаа болно. БХ ХХК-ний 2017 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 151 тоот мэдэгдэл өгөөд А, У нар хүлээн авсан байдаг. Энэ тоотыг мөн хэрэгт хавсаргасан байгаа ба энэ тайлбарт  хуулбарыг хавсаргав.

3/ Бид ажлын талбай дээрээс хэнийг ч хөөгөөгүй ба хурдан ажиллахыг шаардаж байсан болно. Хүн хүч нэмэх талаар захиалагчаас шаардсан баримтыг хавсаргав. Энэ шаардлагууд нь 216 сая төгрөгийн гэрээнд заасан А-н ажлууд удаашралтай байсныг нотолж байна. Манай компани угсралтын ажлыг нөгөө захаас нь хийгээгүй байсан бол энэ гэрээт ажил хугацаандаа дуусахгүй байсан. 2 компани зэрэг хийгээд 10 сарын 30-ны өдөр шинэ шугам бүрэн холбогдож ажиллаж эхэлсэн. 10 сарын 29-ний өдрийн Шарын гол сумын Засаг даргын өндөржүүлсэн бэлэн байдал зарласан А/118 тоот захирамжаар нотлогдоно.

Мөн энэ 23-ны өдрийн тайлбарт ЭИХХК-ний хийсэн ажилд БХ ХХК засварласан нэмэлтээр хийсэн ажлуудыг болон станцын гагнуурчдын хийсэн ажлыг гүйцэтгэлээс хасаж тооцоогүй нь мөнгө хасах гэсэн үйлдэл биш гэдэг нь хэнд ч ойлгогдох биз. Энэ туслан гүйцэтгэгчтэй хамтран ажиллахад буруу дутуу хийх, ажил удаашралтай явагдах зэрэг олон хүндрэл байсныг дурдсан үйлдэл гэж ойлгож шүүх хүлээн авна уу. Бидний төсөв тооцоонд хуурамч худал хуурмаг зүйл байхгүй. Зөвхөн гүйцэтгэсэн ажлын хөлсийг л үнэн зөвөөр төлөх хүсэлттэй байгаа болно.

...3 гагнуурчны хийсэн ажлыг гүйцэтгэлээс хасч тооцоогүй ба энэ төсвөөр ажил бүхэн А-н хариу тайлбарт дурдсанаар ажил бүхэн цогц олон ажилбаруудаас бүрддэг болохыг нотолж байгаа ба буулгах ажлыг /мөн гүйцэтгэлээс хас ч тооцоогүй/ зөвхөн амыг нь тайраад орхисныг манай компани ашиглагчийн заасан талбайд хэмжиж хурааж хүлээлгэж өгсөн байдаг. Буулгасан ажлын бүрэн хийсэн гэж үзвэл ЭИХХК нь хуучин труба хүлээлгэж өгсөн баримт нь байх ёстой. Энэ мэт буруу дутуу хийсэн зүйл олон байсныг бид ажлын талбай дээр засахыг шаардаж албан тоот өгч байснаа материалд хавсаргасан байгаа болно.

Гэрээний 5-2-т заасны дагуу буруу дутуу чанаргүй хийсэн ажлыг засах гүйцээн хийхийг шаардах, уг шаардлагыг биелүүлэх хүртэл ажил зогсоож өөр туслан гүйцэтгэгчийг сонгох эрхийг БХ ХХК эдэлнэ гэсэн байгаа. Ажлын талбай дээр өөр туслан гүйцэтгэгч сонгох цаг хугацааны хувьд маш их шахуу байсан тул өөрсдөө хийсэн. Шарын гол сум хөлдөх аюул нүүрлээд байсан.

ЭИХХК нь дээрх 2 тайлбартаа ор үндэсгүй, худал хуурмаг мэдээлэл шүүхэд гаргаж байна гэж үзэж байна.” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЭИХХК нь хариуцагч БХ ХХК-нд холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлс 186,874,978 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн хариуцагч компаниас ажлын хөлс 208,494,709 төгрөг, алданги 39,718,107 төгрөг, нийт 248,212,816 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.    

 

Хариуцагч БХ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар:

Нэхэмжлэгч ЭИХХК, хариуцагч БХ ХХК нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 02/2017 тоот гэрээг байгуулж, уг гэрээгээр хариуцагч БХ ХХК нь нэхэмжлэгч ЭИХХК-иар ЭТС ТӨХК-ний дулааны станцаас дулаан хувиарлах төв хүртэлх гадна дулааны 2,2 км төв шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хийлгүүлэхээр, ажлын хөлс 250,000,000 төгрөг байхаар, хийж гүйцэтгэх ажлын 50 хувийг гүйцэтгэсний дараа санхүүжилтын 50 хувийг, бүх ажил дууссаны дараа үлдэх 50 хувийг өгөхөөр тохиролцсон бөгөөд гэрээний 7.1-т “Захиалагч болон гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд хийх ёстой байсан ажлын үнийн дүнгийн 0,05 хувиар буруутай талд алданги ноогдуулна” гэж заасан байна.

Нэхэмжлэгч ЭИХХК нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “...хариуцагч Бурхант хясаа ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2,2км төв шугамын өргөтгөлийн ажлаас 1.3 км шугамын ажлыг хийсэн бөгөөд уг ажлын хөлс нь шинжээч Барилга хөгжлийн төвийн дүгнэлтээр 208,494,709 төгрөг гэж тогтоосон. Иймд хариуцагчаас хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 208,494,709 төгрөг, гэрээний 7.1-т заасны дагуу ажлыг улсын комисс хүлээж авснаас хойш 381 хоногийн алданги 39,718,107 төгрөг, нийт 248,212,816 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан,

Хариуцагч БХ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Эрчим хүчний хөгжлийн төвийн баталсан төсөв тооцооны дагуу манай байгууллага нь ажил гүйцэтгэсэн. ЭТС ТӨХК-ний дулааны станцаас дулаан хувиарлах төв хүртэлх гадна дулааны 2,2 км төв шугамын өргөтгөлийн ажлыг хийхээр туслан гүйцэтгэгчээр ЭИХХК-нийг авч ажиллуулахдаа анх энэ төсөвт орсон үнэлгээгээр тохиролцсон. Эрчим хүчний хөгжлийн төвийн баталсан төсөвт тухайн ажил нь 216,000,000 төгрөгийн төсөв гарсан. ...ЭИХХК нь гэрээнд заасан ажлаа бүрэн хийгээгүй 1,3 км шугамын ажлыг дутуу хагас хийсэн, үлдсэн ажлыг манай байгууллага өөрсдөө хийж дуусгасан. Хийсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй... иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тайлбарлаж маргасан болно.

Зохигчид нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 02/2017 тоот гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна”, 343.3-т “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ”, 347 дугаар зүйлийн 347.1-т “Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно”, 347.2-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч ЭИХХК нь ажлын үр дүнг хариуцагч БХ ХХК-ний өмнө хариуцаж, түүний өмчлөлд шилжүүлэх, хариуцагч БХ ХХК нь хийсэн ажлын хөлсийг нэхэмжлэгч ЭИХХК-нд төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч ЭИХХК нь ЭТС ТӨХК-ний дулааны станцаас дулаан хувиарлах төв хүртэлх гадна дулааны 2,2 км төв шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажлаас 1,3 км шугамын ажлыг хийж гүйцэтгэсэн талаар талууд маргадаггүй.

Харин хариуцагч БХ ХХК нь “...ЭИХХК нь 1,3 км шугамын ажлыг хийсэн боловч уг ажлыг дутуу хийсэн...” гэсэн тайлбарыг гаргаж байх боловч энэхүү тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт авагдсан бусад баримтаар  тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч ЭИХХК нь ЭТС ТӨХК-ний дулааны станцаас дулаан хувиарлах төв хүртэлх гадна дулааны 1,3 км шугамын ажлын хөлсийг хариуцагч БХ ХХК-иас шаардах эрхтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч БХ ХХК нь дахин шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 3538 дугаартай захирамжаар “...ДШГ ТӨХК-ний Дулааны станцаас дулаан хуваарилах төв хүртэлх гадна дулааны 2,2 км төв шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажлын талбайд ЭИХХК-ий хийсэн ажлын үнэлгээ хэд болохыг тогтоолгохоор шинжээчээр Барилга хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төсөл магадлалын хэлтсийг шинжээчээр томилсон” бөгөөд шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дүгнэлтэд “...Бодит өртөг нь 208,494,709 төгрөг...” /хх-187-213/ гэжээ.

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно”, 344.2-т “Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө” гэж тус тус заасан байна.

Талууд дээрх ажил гүйцэтгэх гэрээндээ ажлын нийт хөлсийг 250,000,000 төгрөг гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгч ЭИХХК-ний шаардсан ажлын хөлсийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 208,494,709 төгрөгөөр тооцох хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Нэхэмжлэгч ЭИХХК нь гэрээнд заасан ЭТС ТӨХК-ний дулааны станцаас дулаан хувиарлах төв хүртэлх гадна дулааны 2,2 км төв шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажлын 59,09 хувь буюу 1,3 км шугамын ажлыг хийж гүйцэтгэсэн байх тул уг ажлын 59,09 хувийн гүйцэтгэлийн хөлс 147,725,000 төгрөгийг хариуцагч БХ ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Улсын комисс дээрх ажлыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч БХ ХХК нь “...ЭИХХК-ний хийсэн ажлын үр дүнг хүлээн аваагүй...” гэсэн тайлбар гаргасан боловч Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2-т заасны дагуу БХ ХХК нь ЭТС ТӨХК-ний дулааны станцаас дулаан хувиарлах төв хүртэлх гадна дулааны 2,2 км төв шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажлын үр дүнг улсын комисс болон холбогдох эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Өөрөөр хэлбэл БХ ХХК нь ЭИХХК-ний хийж гүйцэтгэсэн ажлыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 7.1-т заасны дагуу 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл буюу 381 хоногийн алданги 28,141,612.5 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

Иймд хариуцагч БХ ХХК-аас ажлын хөлс 147,725,000 төгрөг, алданги 28,141,612.5 төгрөг, нийт 175,866,612.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЭИХХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 72,346,203.5 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.    

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

 1.  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч БХ ХХК-иас ажлын хөлс 147,725,000 төгрөг, алданги 28,141,612.5 төгрөг, нийт 175,866,612.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЭИХХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 72,346,203.5 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,642,060 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1,037,283 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  З.ТУНГАЛАГМАА