Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 134/ШШ2023/00026

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х.П

Хариуцагч: П.О

 Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 4,500,000 төгрөг, хүүний үлдэгдэл 1,200,000 төгрөг, 5 төлөгний 525,000 төгрөг, нийт 6,225,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ,А.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Хариуцагч П.О нь надаас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр эгчид нь мөнгөний хэрэг гараад байна, чамд мөнгө байна уу гэж асуухаар нь надад мөнгө байхгүй, найдвартай буцааж өгнө гэвэл хүүтэй мөнгө зээлдэг танилаасаа асуугаад эргээд хариу хэлье гэж хэлсэн. Тухайн өдөр танил ах Б 1,500,000 төгрөг байна уу, танил маань мөнгөний хэрэг гарсан байна гэж хэлэхэд сарын хүүг 1,5 хувиар өгнө, хэзээ буцааж өгөх вэ гэж асуухаар нь 2022 оны 03 дугаар сардаа багтаагаад буцааж өгнө /П.О миний фэйсбүүк чат руу бичсэнээр/ гэж хэлэхэд, найдвартай буцааж өгөх юм бол тэгээ гэж хэлээд миний 5990389772 тоот данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн. Би П.О гэж хүн рүү найдвартай буцааж өгнө биздээ, сар сардаа хүүг нь өгөөд 3 сардаа багтаагаад буцаагаад өгчихөөрэй гэж хэлэхэд, би асуудалгүй, найдвартай буцааж өгнө гэж хэлсэн тул П.О 5990102098 тоот дансанд 1,500,000 төгрөгийг өөрийн данснаасаа шилжүүлсэн.

 П.О нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрүүдэд 1,500,000 төгрөгийн хүү болох 225,000*2=450,000 төгрөгийг миний 5990389772 тоот дансанд шилжүүлсэн.

Тэгтэл 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр П.О хүүний мөнгө над руу шилжүүлснийхээ дараа миний 91118129 дугаарын утас руу залгаад эгчид нь яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа, 2,000,000 төгрөг байвал зээлээч гэж асуухаар нь би мөнгөгүй байна, би хүнээс асуугаад хариу хэлье гэж хэлсэн. Тэгээд би эхнэр Н.Н-аас П.О эгч 2,000,000 төгрөгийг 1 сарын 15 хувийн хүүтэй зээлэх үү гэж асууж байна гэж хэлэхэд найдвартай буцааж өгөхөөр бол тэг гэж хэлэхээр нь П.О рүү буцаж яриад өмнөх мөнгөтэйгөө нийлүүлээд нийт 3,500,000 төгрөгөө хэзээ өгөх вэ найдвартай юм уу гэж асуухад эгч нь хүүг нь сар, сардаа өгөөд нийт 3,500,000 төгрөгийг чинь 5 сардаа багтааж өгнө гэж хэлсэн.

2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр эхнэр Н.Намуусайханы 5990417021 тоот данснаас П.О-ийн 5990102098 тоот данс руу 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр П.О-той холбогдоход эгч нь энэ сард боломж муутай байна, миний дүү 3,500,000 төгрөгийн хүүний мөнгө болох 525,000 төгрөгнийхөө оронд 5 төлөг /хонь/ авчихаач гэж гуйхаар нь үнэхээр мөнгө муутай байгаа юм байлгүйдээ гэж ойлгоод хүүг нь зээлсэн хүмүүстэй өөрөөсөө мөнгийг нь өгсөн боловч одоог хүртэл худал зүйлүүдийг ярьсаар байгаад малаа өгөөгүй.

 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрүүдэд 3,500,000 төгрөгийн хүү болох 525,000*2=1,050,000 төгрөгийг тухай бүрд нь миний ХААН банкны 5990389772 тоот данс руу шилжүүлсэн.

Би 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүүний мөнгө шилжүүлэхэд нь нийт зээлсэн 3,500,000 төгрөгөө авъя гэж хэлэхэд урдаас янз бүрийн шалтаг тоочоод, хүүг нь өгч байя, удахгүй зээлсэн мөнгөө өгнө гэж хэлсээр байгаад 2022 оны 06 дугаар сарын 27-нд 3,500,000 төгрөгийн сарын хүү болох 525,000 төгрөгийг шилжүүлсэн.

Тухайн үед би зээлүүлсэн мөнгөө авъя гэдгийг хэлэхэд, удалгүй мөнгө ороод ирэхээр өгье, маргааш, нөгөөдрөөс мөнгө ороод ирэнгүүт өгье гэж хэлсээр байгаад өнөөдрийг хүргэлээ. Сүүлийн 3 сарын хугацаанд чи явдаг газраараа яв, мөнгөө олж аваарай, би өгч чадахгүй гэх зүйлийг ярих болоод мөнгөө авч чадахгүй, өдийг хүрлээ.

Мөн үүнээс гадна П.О нь 2022 оны 05 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд миний 91118129 дугаарын утас руу өөрийн 88044207 дугаарын утаснаасаа утасдаж, манай 16 дугаар зөрлөгийн бригадын дарга залууд мөнгөний хэрэг гарчихлаа гээд эгч рүү нь яриад байна, чи мөнгөтэй байвал 1,000,000 төгрөг зээлээч, 15 хоногийн хугацаатай, 15 хувийн хүүтэй, зээлчихмээр байна, 05 дугаар сарын 30-нд ээлжийн амралтын мөнгөө орохоор хүүтэй нь цуг найдвартай буцаагаад өгнө гэж байна гэж хэлэхээр нь танил ах Б-оос 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөгийг зээлж, П.О-ийн 5990102098 тоот данс руу шилжүүлсэн.

Тэгээд өөрийнх нь хэлснээр 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр сүүлд өгсөн 1,000,000 төгрөгийг хүүтэйгээ авъя гэж хэлэхэд хүүг нь өгч байя гэнээ, нөгөө залуугийн амралтын мөнгө нь ороогүй гэж байна, Х.Х ХХК-иас цалингийн зээл авах гэсэн чинь бүтэхгүй байна гэж худал хэлж явсаар байгаад үндсэн мөнгөө өгөлгүй, 2022 оны 06 дугаар сарын 01, 2022 оны 06 дугаар сарын 15, 2022 оны 07 дугаар сарын 01, 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрүүдэд тус бүр 150,000*4=600,000 хүүний мөнгө гэж миний 5990389772 тоот данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш мөнгө болохгүй байна, боломжгүй байна гэж өөрийн хэлсэн хугацаагаа зөрчиж, өнөөдрийг хүртэл хугацаанд аргацааж, ирсэн тул иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Би П.О гэж хүнээс зээлсэн мөнгө болох 4,500,000 төгрөг болон 2022 оны 07 дугаар сарын 27, 2022 оны 08 дугаар сарын 27, 2022 оны 09 дүгээр сарын 27, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрүүдэд өгөх ёстой хүүний мөнгө болох 525,000*4=2,100,000 төгрөг, хамгийн сүүлд авсан 1,000,000 төгрөгнөөс гадна 2022 оны 08 дугаар сарын 01, 2022 оны 08 дугаар сарын 16, 2022 оны 09 дүгээр сарын 01, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрүүдэд өгөх ёстой хүүний мөнгө болох 150,000*4=600 000 төгрөг буюу нийт зээлсэн мөнгө =4,500,000 төгрөг, зээлийн хүү=2,700,000 төгрөгийг авах ёстой хүүний мөнгө болох 150,000*4=600,000 төгрөг буюу нийт зээлсэн мөнгө 4,500,000 төгрөг, зээлийн хүү 2,700,000 төгрөгийг авах ёстой байсан боловч 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр П.О нь “бараа таталт 88044207” утгатайгаар 1,500,000 төгрөгийг миний 5990389772 тоот данс руу шилжүүлсэн.

Одоо үндсэн мөнгө 4,500,000 төгрөг, хүүний үлдэгдэл 1,200,000 төгрөг, 5 төлөгний 525,000 төгрөгийг П.О-ээс  нэхэмжилж байна.

Би П.О гэх хүнд мөнгөний яаралтай хэрэгцээ гарчихлаа, болохгүй байна гэж амьдралын зовлон, жаргалаа яриад гуйсаар байгаад өөрөөсөө гадна хүнээс хүртэл мөнгө зээлж өгч байхад одоо намайг туслалаа гэж авсан мөнгөө өгөхгүй ийм байдалд оруулж байгаад маш их гомдолтой байна. Одоо П.О гэж хүн надад би чамд зөндөө л мөнгө өгөө биздээ, битгий давраад бай гэх мэтээр дайрч, давшлан намайг залилах боллоо. П.О нь 16 дугаар зөрлөгт хүнсний дэлгүүр ажиллуулдаг, хувийн бизнестэй, орлоготой хүн байсан болохоор нь хүүтэй мөнгө зээлээч гэж гуйгаад байхаар нь би 4,500,000 төгрөгийг 3 хувааж зээлүүлсэн билээ. Миний гаргасан нэхэмжлэлийг түргэн хугацаанд шийдвэрлэж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. Манай хүргэн Х.П нь П.О гэдэг хүнд анхнаасаа утсаар мессэж бичиж байгаад, мөнгөний хэрэг гарлаа, хүүтэй мөнгө олоод өгөөч, хүүтэй мөнгө байна уу гэж асуусан юм байна лээ. Өөрт байхгүй, хүнээс асууж өгье гэж хэлээд хүнээс хүүтэй мөнгө өөрийнхөө дансанд аваад П.О рүү шилжүүлсэн. Энэ мөнгөө 4,500,000 төгрөгийг 3 удаагийн шилжүүлгээр шилжүүлсэн. Өөрөө зөвшөөрч, хүүтэй нь өгнө, хамтарч ажиллана, надад мөнгө олдохгүй байна гэх зэргээр ярьж хэлж бичиж, харилцан ярилцаж байгаад мөнгө авсан боловч эхний удаад хүүгээ өгч байгаад, сүүлдээ хүүгээ өгч чадахгүй, би чамд бараг мөнгөө өгчихсөн гээд одоо мөнгөө өгөхөөс татгалзаж байгаа. Энэ бол тохиролцсон асуудал. Анхнаасаа хүүтэй мөнгө авна гэж өөрөө тохирч аман гэрээ хийчихээд дараа нь мөнгөө өгч чадахгүй боллоо, миний хүүндээ өгсөн мөнгийг үндсэн мөнгөндөө хаана гэж байгаа нь ямар ч зохимжгүй үйлдэл.  Анхнаасаа тохирч авсан нь мессэж чат, харилцан яриагаар байгаа. Одоо бид нар мөнгөө анх ярилцсаныхаа дагуу нэхэмжилсэн дүнгээрээ нэхэмжилнэ. Энэ 4,500,000 төгрөгийг энэ хүн хүүтэй авъя гэж санал гаргаагүй байсан бол бид нар энэ мөнгөөрөө 9 сарын хугацаанд юм хийж болох байсан, банкинд хадгалуулсан бол хүү нь хэдэн төгрөг болох байсан, манай охин өөрөө энд хувийн жижигхэн бизнес хийдэг байсан. Тэр мөнгөөрөө үүнийгээ хийсэн бол ашиг орлого олох байсан. Үндсэн мөнгийг чинь өгчихсөн, хүү өгөхгүй гэж байгаа нь энэ хүний 100 хувь буруу гэж үзэж байна гэв. 

3. Хариуцагч П.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

3.1. “... Би Х.П-ээс 4,500,000 төгрөгийг зээлсэн, үүнээс 4,125,000 төгрөгийг Х.П-ын 5990389772 ХААН банк ХХК-ийн дансанд шилжүүлж төлсөн болох нь ХААН банкны хуулгаар тогтоогдоно. Одоо 4,500,000 төгрөгийн үлдэгдэл 375,000 төгрөгийг би төлнө. Би Х.П 4,500,000 төгрөгийн зээлийг анхнаасаа албан ёсны гэрээ байгуулж, зээлээгүй байхад Х.П нь 4,500,000 төгрөгнөөс хүүний үлдэгдэл 1,200,000 төгрөг, 5 төлөгний үнэ 525,000 төгрөг нийт 6,225,000 төгрөг нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд, Х.П-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1. Тус шүүхэд Х.П нь П.О-ээс үндсэн мөнгө болох 4,500,000 төгрөг, хүүний үлдэгдэл 1,200,000 төгрөг, 525,000 төгрөгний 5 төлөг гээд нийт 6,225,000 төгрөг гаргуулахаар шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, хариуцагч П.О нь Х.П-аас 2021 оны 12 сарын 27-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 12 сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, мөн 2022 оны 05 сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, нийтдээ 4,500,000 төгрөг зээлсэн байдаг. Энэ дээрх 3 зээлд Х.П-ын 5990389772 тоо данс руу 2022 оны 02 сарын 27-ны өдрийн 02 цаг, 50 минутанд 225,000 төгрөг, мөн 2022 оны 01 сарын 27-ны өдрийн 09 цаг 52 минутанд 225,000 төгрөг, 2022 оны 06 сарын 01-ний өдрийн 18 цаг, 55 минутанд 150,000 төгрөг, 2022 оны 06 сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутанд 150,000 төгрөг, 2022 оны 07 сарын 01-ний өдрийн 12 цаг, 51 минутанд 150,000 төгрөг, 2022 оны 07 сарын 16-ны өдрийн 19 цаг 20 минутанд 150,000 төгрөг, 2022 оны 04 сарын 27-ны өдрийн 10 цаг, 14 минутанд 525,000 төгрөг, 2022 оны 09 сарын 02-ны өдрийн 17 цаг, 38 минутанд 1,500,000 төгрөг нийт 4,500,000 төгрөг дансаар шилжүүлж, дээрх зээлсэн 4,500,000 төгрөгнөөс 4,150,000 төгрөгийг төлсөн нь ХААН банкны дансны хуулгаар тогтоогдож байна. Гэхдээ нэхэмжлэлийн утгыг би сайн ойлгохгүй байна. Яагаад гэвэл П.О нь 4,500,000 төгрөгийг 1 өдөр, нэг доор зээлээгүй. 3 удаа зээлсэн байдаг. Гэтэл нэхэмжлэл дээр 1,500,000 төгрөгийг 1 сарын 1,5 хувийн хүүтэй өгье гэж ярьсан. Тэгэхээр нь би 3 сардаа багтааж төлөөрэй гээд зээлсэн байна. 01 сарын 27-ны өдөр 1,500,000 төгрөг зээлсэн байхад яахаараа 4,500,000 төгрөгний үндсэн зээл гэж нэхэмжилж байгаа юм. Жишээлбэл, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1,500,000 төгрөг зээлсэн бол үүний хүү хэдэн төгрөг үлдсэн юм, үндсэн зээл нь хэдэн төгрөг үлдсэн гэж ялгамжтай гаргаж өгөх ёстой байсан байх гэж бодож байна.

Тэгэхээр 1 өдөр зээлсэн юм шиг 4,500,000 төгрөг нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна. Тэгээд ч Х.П өөрөө тухайн үед мөнгө зээлдэх үедээ Говьсүмбэр аймгийн Баянтал сумын хэсгийн төлөөлөгч байсан. Энэ хүн хуульч хүн. Хуульч хүний хэнд хэдэн төгрөг зээлэх үү, энгийн иргэнтэй цагдаагийн ажилтан ингэж мөнгө төгрөг зээлээд энэ харилцааг тогтоогоод байх шаардлага байсан ч юм уу, мэдэхгүй байна. 525,000 төгрөгний 5 төлөг гэж байна. Энэ 5 төлөгний талаар хавтаст хэрэгт энэ хоёр хоорондоо өгч, авалцсан талаар нотлох баримт байдаггүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар бичгээр гэрээ байгуулаагүй учраас хариуцагчаас хүү авах эрхгүй гэсэн заалт байдаг. Анхнаасаа энэ хүнд мөнгө зээлэхдээ гэрээ байгуулаагүй. Өнөөдрийн байдлаар төлсөн 4,125,000 төгрөгийг нэхэмжлээд байгаа 6,225,000 төгрөгийг нэмэхээр нийтдээ 10,375,000 төгрөг болж байгаа. Энэ ямар учиртай юм бэ. Бараг үндсэн зээлээ төлчихсөн байхад нэхэмжлээд байгаа мөнгийг төлсөн мөнгөн дээр нь нэмэхээр 10,375,000 төгрөг болж байгаа. Анхнаасаа бичгээр гэрээ байгуулаагүй учраас хүү гэдэг асуудал үүн дээр яригдахгүй байх гэж бодож байна. Иймд, Х.П-ын нэхэмжилсэн 6,225,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.

4. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, Х.П, Н.Н, нарын “ХААН банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0013 дугаар итгэмжлэл, мессеж чатны зураг, сиди 1 ширхэг,

 

5. Хариуцагчаас: Хариу тайлбар, П.О,-ийн “ХААН банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0034 дүгээр итгэмжлэл зэргийг тус тус гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Х.П нь хариуцагч П.О холбогдуулан үндсэн зээл 4,500,000 төгрөг, хүүний үлдэгдэл 1,200,000 төгрөг, 5 төлөгний 525,000 төгрөг, нийт 6,225,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

   

2. Нэхэмжлэгч Х.П түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нар нь “... 4,500,000 төгрөгийг 3 удаагийн шилжүүлгээр шилжүүлсэн. Өөрөө зөвшөөрч, хүүтэй нь өгнө, хамтарч ажиллана, надад мөнгө олдохгүй байна гэх зэргээр ярьж, хэлж, бичиж, харилцан ярилцаж байгаад мөнгө авсан боловч эхний удаад хүүгээ өгч байгаад, сүүлдээ хүүгээ өгч чадахгүй, би чамд бараг мөнгөө өгчихсөн гээд одоо мөнгөө өгөхөөс татгалзсан. Анхнаасаа хүүтэй мөнгө авна гэж өөрөө тохирч аман гэрээ хийчихээд дараа нь мөнгөө өгч чадахгүй боллоо, миний хүүндээ өгсөн мөнгийг үндсэн мөнгөндөө хаана гэж байгаа нь зохимжгүй үйлдэл, 4,500,000 төгрөгийг энэ хүн хүүтэй авъя гэж санал гаргаагүй байсан бол бид нар энэ мөнгөөрөө 9 сарын хугацаанд юм хийж болох байсан, банкинд хадгалуулсан бол хүү нь хэдэн төгрөг болох байсан” гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

 

3. Хариуцагч Ю.О түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “... Би Х.П-аас 4,500,000 төгрөгийг зээлсэн, үүнээс 4,125,000 төгрөгийг Х.П-ын ХААН банкны 5990389772 тоот данс руу шилжүүлсэн, ... 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1,500,000 төгрөг зээлсэн бол үүний хүү хэдэн төгрөг үлдсэн, үндсэн зээл хэдэн төгрөг үлдсэн гэж ялгамжтай гаргаж өгөх ёстой байсан, 1 өдөр зээлсэн юм шиг 4,500,000 төгрөг нэхэмжилсэн нь ойлгомжгүй, 525,000 төгрөгний 5 төлөгний талаар баримт хэрэгт авагдаагүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар бичгээр гэрээ байгуулаагүй учраас хариуцагчаас хүү авах эрхгүй” гэж үгүйсгэж маргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгч Х.П-ын “ХААН банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Н.н “ХААН банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, П.О “ХААН банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мессеж чатны зураг, сиди, зохигчийн шүүхэд болон түүний төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч Х.П нь хариуцагч П.О-ийн “ХААН” банкны 5990102098 тоот дансанд: 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр сарын 1,5 хувийн хүүтэй, 1,500,000 төгрөгийг 3 дугаар сардаа багтаан өгөхөөр,

2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр сарын 15 хувийн хүүтэй, 2,000,000 төгрөгийг, 5 дугаар сардаа багтаан өгөхөөр,

2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 15 хоногийн хугацаатай, 15 хувийн хүүтэй, 1,000,000 төгрөгийг, 5 дугаар сарын 30-нд өгөхөөр тус тус шилжүүлжээ.

 

6. Хариуцагч П.О нь нэхэмжлэгч Х.П-ын 5990389772 тоот дансанд: 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрүүдэд 1,500,000 төгрөгийн хүү болох 225,000*2=450,000 төгрөгийг,

2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрүүдэд 3,500,000 төгрөгийн хүү болох 525,000*2=1,050,000 төгрөгийг,

2022 оны 06 дугаар сарын 27-нд 3,500,000 төгрөгийн сарын хүү болох 525,000 төгрөгийг,

2022 оны 06 дугаар сарын 01, 2022 оны 06 дугаар сарын 15, 2022 оны 07 дугаар сарын 01, 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрүүдэд тус бүр  хүүний мөнгө болох 150,000*4=600,000 төгрөгийг,

2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “бараа таталт 88044207” утгатайгаар 1,500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.

 

7. Талуудын маргааны зүйл нь мөнгө зээлэхдээ хүү тохирсон, тохироогүй,  нэхэмжлэгч нь 4,125,000 төгрөг бол хүүний мөнгө гэж, хариуцагч нь ... 2021 оны 12 сарын 27-ны өдөр 1,500,000 төгрөг зээлсэн бол хүү болон үндсэн зээл нь хэдэн төгрөг үлдсэн гэж ялгамжтай гаргаж өгөх байсан, 1 өдөр зээлсэн юм шиг 4,500,000 төгрөг нэхэмжилсэн нь ойлгомжгүй, бичгээр гэрээ байгуулаагүй тул хүү авах эрхгүй, одоо 375,000 төгрөгийг төлнө гэж тус тус маргана.

Харин нэхэмжлэгч Х.П нь хариуцагчид 4,500,000 төгрөг, хариуцагч П.О нь нэхэмжлэгчид 4,125,000 төгрөг шилжүүлсэнд маргаагүй.

 

8. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,

282 дугаар зүйлийн 282.4.мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцногэж зааснаас үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсч, зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох ба хариуцагч мөнгийг буцаан төлөх үүрэг хүлээсэн байна.

 

9. Хариуцагч П.О-ийн шилжүүлсэн 4,125,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хүүний мөнгө гэж тайлбарлах боловч задалж үзвэл: 2,625,000+1,500,000 төгрөг=4,125,000 төгрөг.

 

10. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд зээлийн гэрээг бичгээр хийснээр зөвхөн зээлдүүлэгч хүү авах зохицуулалт ба хэрэв талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдүүлэгч хүү шаардах эрхгүйг зохицуулснаас бус харин зээлдэгч хүүг зөвшөөрөх, зөвшөөрч төлөгдсөн бол зээлийн хүүг төлсөн гэж үзнэ.

Тодруулбал, хариуцагч нь 2,625,000 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн байна. Харин үлдэх 1,500,000 төгрөгийг П.О нь 2022.09.02-нд нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн ба үүнийг хэдэн сард зээлсэн үндсэн зээл болон хэдэн сарын хүүнд төлсөн талаар зохигч хэн аль нь нотлоогүй тул үндсэн зээлээс хасч тооцов. /4,500,000-1,500,000=3,500,000 төгрөг/

11. Мөн 5 төлөгний 525,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна. /3,500,000-525,000=2,475,000 төгрөг/

12. Түүнчлэн нэхэмжлэгч хүүний үлдэгдэл 1,200,00 төгрөгийг нэхэмжилснийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан байх тул хүүг гаргуулах үндэслэлгүй байна.

 

13. Хариуцагч П.О нь нэхэмжлэгч Х.П-аас 2021.12.27-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022.12.27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022.05.13-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 4,500,00 төгрөгийг амаар харилцан тохиролцож, зээлсэн, нэхэмжлэгч Х.П-аас дээрх мөнгийг өгсөн, хүлээж авсан гэх үйл баримт зохигч, түүний төлөөлөгч нарын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул хариуцагч нь дээрх хуульд зааснаар нэхэмжлэгчийн шаардаж буй мөнгийг буцаан өгөх үүргийг хүлээх үндэслэлтэй байна.

 

14. Иймд, хариуцагч П.О-ээс 2,475,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.П-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,750,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

 

15. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 54,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3., 282.4.-т заасныг баримтлан хариуцагч П.О-ээс 2,475,000 /хоёр сая дөрвөн зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.П-д олгож, нэхэмжлэлээс 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1. заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Пүрэвжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Оюунбилэгээс улсын тэмдэгтийн хураамжид 54,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.П-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ЦОГЗОЛМАА