Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 216/МА2023/00001

 

 

 

Х.П нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

       Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй хийсэн хуралдаанаар,

    Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 134/ШШ2023/00026 дугаар шийдвэртэй,

       Нэхэмжлэгч Х.П,

       Хариуцагч П.О холбогдох

       Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 4,500,000 төгрөг, хүүний үлдэгдэл 1,200,000 төгрөг, 5 төлөгний 525,000 төгрөг, нийт 6,225,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжаргалын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжаргал, нарийн бичгийн дарга П.Энхбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

  1. Нэхэмжлэл түүний үндэслэл, шаардлага:

    Хариуцагч П.О надаас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр эгчид нь мөнгөний хэрэг гараад байна чамд мөнгө байна уу гэж асуухаар нь надад мөнгө байхгүй, найдвартай буцааж өгнө гэвэл хүүтэй мөнгө зээлдэг танилаасаа асуугаад эргээд хариу хэлье гэж хэлсэн. Тэгээд тухайн өдөр нь танил ах Б 1,500,000 төгрөг байна уу танил маань мөнгөний хэрэг гарсан байна гэж хэлэхэд сарын хүүг 1,5 хувиар өгнө, хэзээ буцааж өгөх вэ гэж асуухаар нь 2022 оны 03 дугаар сардаа багтаагаад буцааж өгнө /П.О миний фэйсбүүк чат руу бичсэнээр/ гэж хэлэхэд найдвартай буцааж өгөх юм бол тэгээ гэж хэлээд миний 5990389772 тоот данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би П.О гэж хүн рүү найдвартай буцааж өгнө биздээ, сар сардаа хүүг нь өгөөд 3 сардаа багтаагаад буцаагаад өгчихөөрэй гэж хэлэхэд, би асуудалгүй, найдвартай буцааж өгнө гэж хэлсэн тул П.О 5990102098 тоот дансанд 1,500,000 төгрөгийг өөрийн данснаасаа шилжүүлсэн.

      Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрүүдэд 1,500,000 төгрөгийн хүү болох 225,000*2=450,000 төгрөгийг миний 5990389772 тоот дансанд шилжүүлсэн.

       Тэгтэл 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр П.О хүүний мөнгө над руу шилжүүлснийхээ дараа миний 91118129 дугаарын утас руу залгаад эгчид нь яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа, 2 сая төгрөг байвал зээлээч гэж асуухаар нь би мөнгөгүй байна, би хүнээс асуугаад хариу хэлье гэж хэлсэн. Тэгээд би эхнэр Н.Н П.О эгч 2,000,000 төгрөгийг 1 сарын 15 хувийн хүүтэй зээлэх үү гэж асууж байна гэж хэлэхэд найдвартай буцааж өгөхөөр бол тэг гэж хэлэхээр нь П.О рүү буцаж яриад өмнөх мөнгөтэйгөө нийлүүлээд нийт 3,500,000 төгрөгөө хэзээ өгөх вэ найдвартай юм уу гэж асуухад эгч нь хүүг нь сар, сардаа өгөөд нийт 3,500,000 төгрөгийг чинь 5 сардаа багтааж өгнө гэж хэлсэн.

      Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр эхнэр Н.Н 5990417021 тоот данснаас П.О 5990102098 тоот данс руу 2 сая төгрөгийг шилжүүлсэн.

   Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр П.О холбогдоход эгч нь энэ сард боломж муутай байна, миний дүү 3,500,000 төгрөгийн хүүний мөнгө болох 525,000 төгрөгнийхөө оронд 5 төлөг /хонь/ авчихаач гэж гуйхаар нь үнэхээр мөнгө муутай байгаа юм байлгүйдээ гэж ойлгоод хүүг нь зээлсэн хүмүүстэй өөрөөсөө мөнгийг нь өгсөн боловч одоог хүртэл худал зүйлүүдийг ярьсаар байгаад малаа өгөөгүй.

      Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрүүдэд 3,500,000 төгрөгийн хүү болох 525,000*2=1,050,000 төгрөгийг тухай бүрд нь миний ХААН банкны 5990389772 тоот данс руу шилжүүлсэн.

       Тэгээд би 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүүний мөнгө шилжүүлэхэд нь нийт зээлсэн 3,500,000 төгрөгөө авъя гэж хэлэхэд урдаас янз бүрийн шалтаг тоочоод, хүүг нь өгч байя, удахгүй зээлсэн мөнгөө өгнө гэж хэлсээр байгаад 2022 оны 06 дугаар сарын 27-нд 3,5 сая төгрөгийн сарын хүү болох 525,000 төгрөгийг шилжүүлсэн.

       Тухайн үед нь би зээлүүлсэн мөнгөө авъя гэдгийг хэлэхэд, удалгүй мөнгө ороод ирэхээр өгье, маргааш нөгөөдрөөс мөнгө ороод ирэнгүүт нь өгье гэж хэлсээр байгаад өнөөдрийг хүргэлээ. Сүүлийн 3 сарын хугацаанд чи явдаг газраараа яв, мөнгөө олж аваарай, би өгч чадахгүй гэх зүйлийг ярих болоод мөнгө авч чадахгүй, өдийг хүрлээ.

         Мөн үүнээс гадна П.О нь 2022 оны 05 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд миний 91118129 дугаарын утас руу өөрийн 88044207 дугаарын утаснаасаа утасдаж, манай 16 дугаар зөрлөгийн бригадын дарга залууд мөнгөний хэрэг гарчихлаа гээд эгч рүү нь яриад байна чи мөнгөтэй байвал 1,000,000 төгрөг зээлээч, 158 хоногийн хугацаатай, 15 хувийн хүүтэй, зээлчихмээр байна, 05 дугаар сарын 30-нд ээлжийн амралтын мөнгөө орохоор хүүтэй нь цуг найдвартай буцаагаад өгнө гэж байна гэж хэлэхээр нь танил ах Б 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 1 сая төгрөгийг зээлж, П.О 5990102098 тоот данс руу шилжүүлсэн.

        Тэгээд өөрийнх нь хэлснээр 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр сүүлд өгсөн 1 сая төгрөгийг хүүтэйгээ авъя гэж хэлэхэд хүүг нь өгч байя гэнээ нөгөө залуугийн амралтын мөнгө нь ороогүй гэж байна, Хас банк ХХК-аас цалингийн зээл авах гэсэн, бүтэхгүй байна гэж худал хэлж явсаар байгаад үндсэн мөнгөө өгөлгүй, 2022 оны 06 дугаар сарын 01, 2022 оны 06 дугаар сарын 15, 2022 оны 07 дугаар сарын 01, 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрүүдэд тус бүр 150,000*4=600,000 хүүний мөнгө гэж миний 5990389772 тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд түүнээс хойш мөнгө болохгүй байна, боломжгүй байна гэж өөрийн хэлсэн хугацаагаа зөрчиж өнөөдрийг хүртэл хугацаанд аргацааж ирсэн тул иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

         Би П.О гэж хүнээс зээлсэн мөнгө болох 4,500,000 төгрөг болон 2022 оны 07 дугаар сарын 27, 2022 оны 08 дугаар сарын 27, 2022 оны 09 дүгээр сарын 27, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрүүдэд өгөх ёстой хүүний мөнгө болох 525,000*4=2,100,000 төгрөг, хамгийн сүүлд авсан 1 сая төгрөгнөөс гадна 2022 оны 08 дугаар сарын 01, 2022 оны 08 дугаар сарын 16, 2022 оны 09 дүгээр сарын 01, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрүүдэд өгөх ёстой хүүний мөнгө болох 150,000*4=600 000 төгрөг буюу нийт зээлсэн мөнгө =4,500,000 төгрөг, зээлийн хүү=2,700,000 төгрөгийг авах ёстой хүүний мөнгө болох 150,000*4=600,000 төгрөг буюу нийт зээлсэн мөнгө 4,500,000 төгрөг, зээлийн хүү 2,700,000 төгрөгийг авах ёстой байсан боловч 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр П.О нь бараа таталт 88044207 утгатайгаар 1,5 сая төгрөгийг миний 5990389772 тоот дансруу шилжүүлсэн. Одоо үндсэн мөнгө 4,500,00 төгрөг, хүүний үлдэгдэл 1,200,000 төгрөг, 5 төлөгний 525,000 төгрөгийг П.О нэхэмжилж байна.

     Би П.О гэх хүнд мөнгөний яаралтай хэрэгцээ гарчихлаа, болохгүй байна гэж амьдралын зовлон, жаргалаа яриад гуйсаар байгаад өөрөөсөө гадна хүнээс хүртэл мөнгө зээлж өгч байхад одоо намайг туслалаа гэж авсан мөнгөө өгөхгүй ийм байдалд оруулж байгаа маш их гомдолтой байна. Одоо П.О гэж хүн надад би чамд зөндөө л мөнгө өгөө биздээ, битгий давраад бай гэх мэтээр дайрч давшлан намайг залилах боллоо. П.О нь 16 дугаар зөрлөгт хүнсний дэлгүүр ажиллуулдаг, хувийн бизнестэй, орлоготой хүн байсан болохоор нь хүүтэй мөнгө зээлээч гэж гуйгаад байхаар нь би 4,5 сая төгрөгийг 3 хувааж зээлүүлсэн билээ. Миний гаргасан нэхэмжлэлийг түргэн хугацаанд шийдвэрлэж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн татгалзал, түүний тайлбарын агуулга:

  Хариуцагч П.О ... Би Х.П 4,500,000 төгрөгийг зээлсэн, үүнээс 4,125,000 төгрөгийг Х.П 5990389772 ХААН банк ХХК-ийн дансанд шилжүүлж төлсөн болох нь ХААН банкны хуулгаар тогтоогдоно. Одоо 4,500,000 төгрөгийн үлдэгдэл 375,000 төгрөгийг би төлнө. Би Х.П 4,500,000 төгрөгийн зээлийг анхнаасаа албан ёсны гэрээ байгуулж, зээлээгүй байхад Х.П нь 4,500,000 төгрөгнөөс хүүний үлдэгдэл 1,200,000 төгрөг, 5 төлөгний үнэ 525,000 төгрөг нийт 6,225,000 төгрөг нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд, Х.П шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

      Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4-т заасныг баримтлан хариуцагч П.О 2,475,000 /хоёр сая дөрвөн зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.П олгож, нэхэмжлэлээс 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.П улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.О улсын тэмдэгтийн хураамжид 54,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.П олгож ... гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

        4. Давж заалдах гомдлын агуулга:

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 134/ШШ2023/00026 дугаартай шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дугаар зүйлийн 161.1 дэх хэсэгт зааснаар дараах гомдлыг гаргаж байна.

      Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 134/ШШ2023/00026 дугаартай шийдвэрийн 12 дугаар хэсэгт “...нэхэмжлэгч түүний үлдэгдэл 1 200 000 төгрөгийг нэхэмжилснийг иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “ зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлаыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байх тул хүү авах эрхээ алдсан гэж заасан байх тул хүүг гаргуулах үндэслэлгүй байна гэсэн байх тул нэхэмжлэгч Х.П гэгч хариуцагч П.О 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1,5 хувийн хүүтэй 1 500 000 төгрөг 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 15 хувийн хүүтэй 200 000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 15 хоногийн хугацаатай 1 000 000 төгрөгийг тус тус 3 удаагийн үйлдлээр зээлсэн гэдэг боловч нэхэмжлэгч Х.П нь хариуцагч П.О дээрхи мөнгийг зээлэхдээ тус бүрд нь зээлийн гэрээг бичгээр байгуулсан нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байхад шүүх П.О төлсөн 4 125 000 төгрөгийг зээлийн хүү гэж үзэж үндсэн зээл болох  4 500 000 төгрөгнөөс хасалгүйгээр П.О 2 475 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Х.П нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

                                              ХЯНАВАЛ:

    1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх боловч тооцооны алдаа гаргасныг зөвтгөн шийдвэрлэлээ.

      2. Нэхэмжлэгч Х.П нь хариуцагч П.О холбогдуулан үндсэн зээл 4.500.000 төгрөг, хүүний үлдэгдэл 1.200.000 төгрөг, 5 төлөг буюу хүү 525.000 төгрөг нийт 6.225.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

      3. Хариуцагч П.О нь Х.П 4.500.000 төгрөг  зээлсэн үүнээс 4.125.000 төгрөгийг Х.П ХААН банкны 5990389772 тоот дансруу шилжүүлсэн, ... 2021 оны 12 сарын 27-ны өдөр 1.500.000 төгрөг зээлсэн бол үүний хүү хэдэн төгрөг үлдсэн, үндсэн зээл хэдэн төгрөг үлдсэн гэж ялгамжтай гаргаж өгөх ёстой байсан. Нэг өдөр зээлсэн юм шиг 4.500.000 төгрөг нэхэмжилсэн нь ойлгомжгүй. 525.000 төгрөгний 5 төлөгний талаар баримт хэрэгт авагдаагүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар бичгээр гэрээ байгуулаагүй учраас хариуцагчаас хүү авах эрхгүй  гэх тайлбарыг  гаргаж  маргасан байна.

    4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гомдолдоо “... нэхэмжлэгч Х.П нь хариуцагч П.О дээрх мөнгийг зээлэхдээ тус бүрд нь зээлийн гэрээг бичгээр байгуулсан нотлох баримт хавтас хэрэгт байхгүй байхад шүүх П.О төлсөн 4.125.000 төгрөгийг зээлийн хүү гэж үзэж үлдэгдэл болох 4.500.000 төгрөгнөөс хасалгүйгээр П.О 2.475.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна” гэх агуулгыг  дурджээ.

      5. Хэргээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

      6. Хариуцагч нь 2.625.000 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн бөгөөд үлдэх 1.500.000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн боловч хэдэн сард зээлсэн үндсэн зээл болон хэдэн сарын хүүнд төлсөн талаар зохигч хэн  аль нь нотлоогүй тул үндсэн зээлээс хасч тооцсон нь үндэслэлтэй байна.

      7. Харин нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзвэл 5 төлөгний 525.000 төгрөгийг зээлийн хүү гэж нэхэмжилсэн болох нь тогтоогдож байхад үндсэн зээлээс хассан нь буруу байх тул зээлийн хүү гэж нэхэмжилсэн 1,200,000 төгрөгт нэмж тооцон, нийт зээлийн хүү-д 1,725,000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд үүнийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. /1.200.000+525.000=1.725.000/

   Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь  зээлд 4,500,000 төгрөг, зээлийн хүү-д 1,725,000 төгрөг, нийт 6,225,000 төгрөг шаардсан байх ба үүнээс 3,000,000 төгрөгийг хангаж, үлдэх 3,225,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох байтал анхан шатны шүүх тооцооллын алдаа гаргасныг зөвтгөн энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь  зүйтэй байна.

    8. Улсын дээд шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаар зөвлөмжинд ‘’ ... Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдүүлэгч хүү шаардах эрхгүйг зохицуулснаас бус харин зээлдэгч хүүг зөвшөөрөх, зөвшөөрч төлсөн бол төлөгдсөн хүүг буцаан шаардах эрхийн үндэслэлд дээрх хуулийн зохицуулалт хамааралгүй болно’’ гэж заасны дагуу хариуцагч зээлийн хүүнд 2.625.000 төгрөг зөвшөөрч төлсөн байх тул буцааж гаргуулах үндэслэлгүй  байна.

    9.  Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөгчийн давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй, харин анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгийг хариуцагч П.О гаргуулж, нэхэмжлэгч Х.П олгож, нэхэмжлэлээс 3.225.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 134/ШШ2023/00026 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.О 3 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.П олгож, нэхэмжлэлийн үлдэх 3 225 000 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай”  гэж,

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

       4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийн Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.ТЭГШСУУРЬ

              ШҮҮГЧ                                        Х.БАЙГАЛМАА     

              ШҮҮГЧ                                        О.ОДНЯМАА