Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 101/2020/04013/И |
Дугаар | 101/ШШ2022/04862 |
Огноо | 2022-11-17 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2022/04862
2022 оны 11 сарын 17 өдөр | Дугаар 101/ШШ2022/04862 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Г.Бямбажаргал, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Б холбогдох
31,350,300 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, материалын үнэ 13,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхболд, хариуцагч Г.Д-, өмгөөлөгч Т.Цэрэндагва, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.Б- хариуцагч Г.Д-д холбогдуулан гэм хорын хохирол учруулсны төлбөрт 31,350,000 төгрөг гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Фотон маркийн 00 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож яваад замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргаж манай хашаа, байшин, гэр машиныг дайрч эвдэж гэмтээсэн юм. Энэ асуудлыг тээврийн цагдаагийн албан Мөрдөн шалгах хэлтсээс шалгасан боловч Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 290 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн болно. Манай гэр, байшин, хашаа, машиныг дайрч гэмтээсэн 00-00 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэн Б.Д жолоодож явсан бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3-д заасан заалтыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож зөрчлийн тухай хуульд зааснаар түүнд шийтгэл оногдуулсан юм.
Гэвч миний хувьд одоог хүртэл өөрт учирсан хохирлыг барагдуулж авч чадаагүй байгаа учраас Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар 00-00 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Д-аас өөрийн амьдарч байсан байшингийн үнэ 23,256,000 төгрөг, тавилга эд зүйлсийн үнэ 3,776,000 төгрөг, авто машины 3,700,000 төгрөг, монгол гэрийн 240,000 төгрөг, хашааны 378,000 төгрөгийг тус тус эвдрэл гэмтлийн гэм хор хохирлыг нэхэмжилж байна гэв.
2. Хариуцагч Г.Д- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:2020 оны 04 дүгээр сарын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр миний эзэмшлийн 00-00 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг танил дүү болох Б.Д жолоодож яваад зам тээврийн осол гаргасан байдаг. Тухайн үед замын хөдөлгөөнд оролцож явж байх үед хүүхэдтэй хүн тээврийн хэрэгслийн урдуур гүйж орж ирснээс замын хажуу тал руу дарж иргэн С.Б-гийн эзэмшлийн эд зүйлсийг дайрч эвдсэн гээд шалгагдсан боловч гэмт хэргийн шинжгүй гээд хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна. Тухайн үед намайг дуудаж эвдэрсэн эд зүйлсийг үнэлүүлэх шаардлагатай гээд үнэлгээний байгууллага хайж байгаад ******* ХХК-иар үнэлүүлэхээр тохиролцсон. Тухайн үед би үнэлгээ хийх, үзлэгт оролцох талаар хэлж байсан боловч юу ч мэдэгдэлгүй үнэлгээ гаргасан байсан. Ингээд намайг оролцуулаагүй мөн хуучин байшинг үнэтэй үнэлж байна, мөн эвдэрсэн эд хогшлын талаар эргэлзээтэй гээд ******* ХХК-ийн үнэлгээг зөвшөөрөөгүй юм.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан үнэлгээчин Д.Г 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн болон 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтийг надад огт танилцуулаагүй, би мэдэхгүй бөгөөд иргэний зүгээс анх удаа харж байна. ******* ХХК-ийн үнэлгээг хэрэгт хавсаргаагүй байна.Хэрэв ******* ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй дахин шинжээч томилон үнэлгээ хийх талаар хэргийн оролцогч нарт мэдэгдээгүй, гарсан дүгнэлтийг танилцуулаагүй. Мөн ямар шалтгаанаар дахин шинжээч томилсон болон ******* ХХК-ийн үнэлгээг буруу гэж үзэж байгаа бол ямар үндэслэл буруу, зөрүү гээд байгаа нь тодорхойгүй байгаа тул нэг хэрэг дээр 3 өөр шинжээчийн дүгнэлтээс аль нь үндэслэлтэй үнэн зөв гэдэгт эргэлзээтэй байх тул үнэлгээчин Д.Г үнэлгээг ойлгохгүй бас хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Д.Г яагаад 2 удаа дүгнэлт гаргаад байгааг ойлгохгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 3,700,000 төгрөгөөр үнэлсэн Ланд 0 маркийн авто машины эвдэрсэн эд анги болох гэрэл, дохио, копуд, керло, чулок, шил зэргийг шинээр авч кузов засварыг би өөрийн танил засварчнаар засварлуулж бүрэн бүтэн болгон хүлээлгэн өгсөн тул машинтай холбоотой хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Хариуцагч Г.Д-аас нэхэмжлэгч С.Б-д холбогдуулан хуучин байшин буулгахад гарсан материалын зардлын үнэ 13,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.
2020 оны 04 дүгээр сарын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр миний эзэмшлийн 00-00 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг танил дүү болох Б.Д жолоодож яваад зам тээврийн осол гаргасан. Тухайн үед замын хөдөлгөөнд оролцож явж байх үед хүүхэдтэй хүн тээврийн хэрэгслийн урдуур гүйж орж ирснээс замын хажуу тал руу дарж иргэн С.Б-гийн эзэмшлийн эд зүйлсэд хохирол учруулсан байдаг.
Уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж, гэмт хэргийн шинжгүй гэмт гэх үндэслэлээр Тээврийн прокурорын газраас 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 290 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрийг хааж шийдвэрлэсэн. Улмаар нэхэмжлэгч С.Б- нь учирсан хохирол 31,350,300 төгрөгийг иргэний журмаар авто машины өмчлөгч надаас гаргуулахаар шаардаж байгаа ба үүн дотроо амьдарч байсан байшингаа 23,256,000 төгрөгөөр үнэлж, түүнийгээ бүтнээр нь гаргуулахаар нэхэмжилж манай өмгөөлөгчийн хүсэлтээр байшинг албан ёсоор үнэлүүлсний дагуу байшин бүхэлдээ 2020 оны 04 дүгээр сарын байдлаар 20,076,840 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон баримт хэрэгт авагджээ.Тиймээс дээрх байшингийн үнэлгээ нь эвдрээгүй хэвийн ашиглаж байсан үеийнхээр бүхэлд нь үнэлсэн ба хэдийгээр хохирол учирсан байж болох ч хуучин материалууд нь устаж үгүй болоогүй, ашиглах бүрэн боломжтой, зах зээлд үнэлгээ өндөртэй материалууд нь С.Б-гийн өөрийнх нь эзэмшил өмчлөлд үлдсэн ба шүүхээс газар дээр нь үзлэг хийх үед аль сайнаас нь шилж бусдад мөнгөөр нь зараад дуусаж байгаа болох нь харагдсан.Түүнчлэн хууль зүйн хувьд ч Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар С.Б-д учирсан бодит хохирол буюу байшинг засварлаж, хуучин байдалд оруулах зардлыг зөвхөн хариуцахаар хуульчилсан гэж үзэхээр байх ба эсхүл өмнөх байшинтай яг ижил байшинг өгөөд хуучин байшинг надад өгөх байдлаар хохирол учирсан этгээдийн хохирлыг барагдуулахаар хуульчилсан. Эс бөгөөд С.Б- өмнө нь байсан байшингийнхаа үнийг зах зээлийн дундаж ханшаар үнэлж үнийг нь надаас гаргуулан авч, дээр нь одоо хуучин байгаа байшин буюу байшингийн материалыг нэмж өөрөө авах санаатай нэхэмжлэлийг гаргасан нь хуульд нийцэхгүй байх ба ингэсэн тохиолдолд мөн хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудалтай адил нөхцөл байдал би болохоор байна.Гэтэл С.Б- надаас бүтэн байшингийнхаа мөнгийг нэхэмжлээд хуучин байшингаа буулгаж материалуудыг бусдад мөнгөөр худалдаж, мөнгө болгоод шүүхээс үзлэг хийх үед нэг амбаар ч хүрэхээргүй хэмжээний материал үлдсэн байсан тул ийнхүү сөрөг нэхэмжлэл гарган хуучин байшингийн материалын үнийг гаргуулахаар нэхэмжилж байна.Иймд С.Б-гаас хуучин байшин буулгасан материалуудын үнэ 13,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт сөрөг нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргасан. Осол 2020 оны 04 дүгээр сард сард болсон. Цөмлөөд хаячихсан байрыг бид нар зунжингаа байлгах байсан юм уу. Хариуцагч 2 жилийн дараа сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Байшингаас үлдсэн моднуудыг авъя гэсэн байсан. Бид бол нэгэнт байшингаа нураалгачихсан болохоор тавилгуудаа зөөгөөд ахынхаа агуулахад хийчихсэн. Бүх моднуудыг нь буулгаад өгчихсөн. Тэр хашаа одоо эзэнгүй хашаа байгаа. Г.Д-тай холбогдох гэхэд утсаа авахаа больсон. 2 жил болчихсон байхад байшингаа бариад өгчихгүй яасан юм. Чамайг хэн ч хөөгөөгүй, миний ах хөдөөний хүн юу ч мэдэхгүй хүн. Тэр хүн чамайг хөөсөн гэж надад юу ч хэлж байгаагүй. Манай ах чамайг хөөж, хэл амаар доромжлох хүн ч биш. 13,000,000 төгрөг төлөх эсэхийг шүүх шийдэх байх. 2 жилийн дараа сөрөг нэхэмжлэл гаргаад байгаа чинь сонин байна. 2 жилийн дараа тэр моднууд байшин барих боломжгүй болно. Чи бидэнд туслахгүй, байшин барьж өгөхгүй болохоор борлуулах нь тодорхой. Чи жоохон хүүхэдтэй, манайх ч гэсэн жоохон хүүхэдтэй. Манай ах тэр үеэс хойш айлын хажуу өрөө түрээслээд явж байгаа. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
5. Нэхэмжлэгчээс шүүхэд:хэргийн газрын үзлэг материал(хх-ийн 5-10),тээврийн хэрэгслийн үнэмлэх(хх-ийн11,54), шинжээчийн дүгнэлт(хх-ийн12-49),прокурорын тогтоол(хх-ийн 50-51), ЭХӨЭТХЭХБЭУБ гэрчилгээ(хх-ийн52-53),гэрэл зураг(хх-ийн55-59) зэрэг баримтыг гаргаж өгсөн.
6.Хариуцагч талаас шүүхэд:гэрэл зураг (2хх-ийн 5-6) гаргаж өгсөн.
7. Зохигчдын хүсэлтээр шүүхээс:Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа(хх-ийн90-112), шинжээчийн дүгнэлт(хх-ийн114-151,170-194, 207-225, 2хх-ийн22-47), үзлэг хийсэн тэмдэглэл(хх-ийн235-240),гэрч Б.Доржхорлоо, П.Цэлмэг нараас гэрчийн мэдүүлэг зэрэг баримтыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б- нь хариуцагч Г.Д-д холбогдуулан гэм хор учруулсны төлбөрт байшингийн үнэ 23,256,000 төгрөг, тавилга эд зүйлийн үнэ 3,776,000 төгрөг, авто машины үнэ 3,700,000 төгрөг, монгол гэрийн үнэ 240,000 төгрөг, хашааны үнэ 378,000 төгрөг нийт 31,250,300 төгрөгийн хохирлыг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс байшин буулгасан материалыг зардал 13,000,000 төгрөг гаргуулахыг шаардсаныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн 31,350,300 төгрөг гаргуулах шаардлагаас 23,522,300 төгрөгийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 7,828,000 төгрөгийн, сөрөг нэхэмжлэл 13,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Үндсэн нэхэмжлэл 31,250,300 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ... Тээврийн цагдаагийн газраас томилсон ******* ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд байшингийн үнэ 23,256,000 төгрөг, тавилга эд зүйлийн үнэ 3,776,000 төгрөг, авто машины үнэ 3,700,000 төгрөг, монгол гэрийн үнэ 240,000 төгрөг, хашааны үнэ 378,000 төгрөг нийт 31,250,300 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан тул тээврийн хэрэгслийн өмчлөгч Г.Д-аас гаргуулна. гэж шаардах эрхээ тодорхойлсон.
2.Хариуцагч Г.Д- хашаа, авто машиныг бүрэн засаж хуучин хэвэнд нь оруулсан тул хүлээн зөвшөөрөхгүй, байшинг буулгаж, модыг нь хашаанд хураасан. Байшинг бариад өгье гэхээр мөнгөө авна гээд бариулдаггүй. Шүүхээс үзлэг хийх үед нэхэмжлэгч машинаа зарж борлуулснаа хүлээн зөвшөөрдөг. Тавилга эд зүйлсийн үнэлгээг зөвшөөрөхгүй гэж маргасан.
3.Хариуцагч Г.Д-ын өмчлөлийн Фотон маркийн 00-00 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэн Б.Д 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн12 дугаар зүйлийн 12.1, 12.3-т заасан заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас нэхэмжлэгч С.Б-гийн өмчлөлийн ******* дүүрэг, 0дугаар хороо, *******ын 10дүгээр гудамж, 0 тоот хашаа, байшинг мөргөсөн, хашаан дотор зогсож байсан авто машин,монгол гэр нурж эд хөрөнгөд хохирол учирсан нь зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зураг зэрэг баримтаар тогтоогдсон болно.(1хх-ийн5-10)
4.Уг ослын улмаас нэхэмжлэгчийн хөрөнгө болох хашааны нурсан тал, 75м.кв талбайтай хувийн сууц, тавилга эд хогшил, ланд крузейр 80 маркийн 00-00 ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл, монгол гэрийн тооно, 1 ширхэг хана хугарсан зэрэг эд хөрөнгөд хохирол учирсан талаар талууд маргаагүй.(1хх-ийн 55-59)
5.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж зааснаар нэхэмжлэгч С.Б- Фотон маркийн 00-00 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч Г.Д-аас өөрт учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй.
6.Тээврийн цагдаагийн газраас томилсон ******* ХХК-ийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 27, 06 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтэд ...байшингийн үнэ 23,256,000 төгрөг, тавилга эд зүйлийн үнэ 3,776,000 төгрөг, авто машины үнэ 3,700,000 төгрөг, монгол гэрийн үнэ 240,000 төгрөг, хашааны үнэ 378,000 төгрөг нийт 31,250,300 төгрөгийн эд хөрөнгийн хохирол нэхэмжлэгчид учирсан гэжээ.(1хх-ийн 12-49)
7.Тээврийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №290 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолын 1 дэх заалтаар Хэрэг бүртгэлтийн 200300306 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-д заасан үндэслэлээр хаасугай., 4 дэх заалтаар хохирогч С.Б- нь эд хөрөнгөд учирсан гэм хорыг Монгол Улсын Иргэний хуулийн 499, 510, 505 дугаар зүйлд зааснаар буруутай этгээдээр буюу Б.Д төлүүлж арилгуулахаар түүний оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. гэснээр хэрэг бүртгэлийн хэрэг хаагдсан байна.
8.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй., 499.3.-д Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй., 499.4.-д Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй. гэж зааснаар хариуцагчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг Б.Доржхорлоо жолоодон явсан хэдий ч бусдад учруулсан гэм хорын хохирлыг Г.Д- хариуцан арилгах үүрэгтэй.
9. Нэхэмжлэгч С.Б- ******* дүүрэг, 0 дугаар хороо, *******ын 0 дүгээр гудамжны 0 тоот байрлах, 0.кв талбайтай хувийн сууцны үнэ 23,256,000 төгрөгийг, тавилга эд зүйлийн үнэ 3,776,000 төгрөгийг, монгол гэрийн үнэ 240,000 төгрөгийг, тээврийн хэрэгсэл засварлах үнэ 3,700,000 төгрөгийг, хашааны үнэ 378,000 төгрөг нийт 31,250,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
9.1. Тээврийн цагдаагийн газраас томилсон ******* ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд хувийн сууцын үнэлгээний тооцоололд .. барилга буулгах, хог хаягдал цэвэрлэх зардалд 3,750,000 төгрөг, эвдрэл хохирлын зардал 23,253,300 төгрөг гэж дурдсан.(1хх-ийн12-31)
9.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр Арвижих эстимейт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлтээр 2020 оны 04 дүгээр сарын байдлаар ******* дүүрэг, 0дугаар хороо, *******ын 0 дүгээр гудамжны 0 тоот байрлах, 0.кв талбайтай хувийн сууцны зах зээлийн үнэлгээ 20,076,840 төгрөгөөр тогтоогдсон. (1хх-ийн 214-225)
9.3 Дээрх шинжээчийн дүгнэлттэй талууд танилцаж, маргаагүй болно.
9.4.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1.-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно. гэж заажээ.
9.5.Зохигчид дээрх хувийн сууц болох байшинг буулгаж, хог хаягдлыг хамтран цэвэрлэж, байшингаас гарсан модыг нэхэмжлэгчийн хашаанд нь хураасан талаар хэн аль нь маргаагүй.
9.6.Тухайн эд хөрөнгийн хохирлыг эрүүгийн журмаар шалгах явцад үнэлгээ хийсэн ******* ХХК-ийн шинжээчийн дүгнэлт 23,256,300 төгрөг гэж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон Арвижих эстимейт ХХК-ийн шинжээчийн дүгнэлт 20,076,840 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн байна.
9.7. Эрүүгийн журмаар шалгагдах явцад томилогдсон ******* ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд барилга буулгах хог цэвэрлэх зардал 3,750,000 төгрөг гэж үнэлэгдсэн. Гэвч бодитоор барилгын буулгах, хог хаягдал цэвэрлэгдсэн, талууд хамтран биелүүлсэн болох нь тогтоогдсон болно.
9.8. Шүүх ******* ХХК, Арвижих эстимейт ХХК-ийн дүгнэлтүүдийг хооронд нь харьцуулан нэхэмжлэгч С.Б-гийн өмчлөлийн ******* дүүрэг, 0дугаар хороо, *******ын 0дүгээр гудамжны 0тоот байрлах, 75м.кв талбайтай хувийн сууцны зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээг ******* ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр 23,256,300 төгрөгөөс барилга буулгах, хог хаягдал цэвэрлэх зардал 3,750,000 төгрөгийг хасаад үлдэх 19,506,300 төгрөгийг хариуцагч Г.Д-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
9.9. Хэрэгт авагдсан баримт ******* ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд ******* дүүрэг, 16 дугаар хороо, *******ын 1 дүгээр гудамжны ******* байрлах монгол гэрийн үнэ 240,000 төгрөг, дээрх хаягт байрлах 75м.кв талбайтай хувийн сууц дотор байсан эд зүйлүүдэд эвдэрч гэмтсэн хохирлын үнэлгээг нийт 2,956,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн нэмэлт дүгнэлтэд 20 төрлийн эд зүйлсийн хохирлын үнэлгээг 820,000 төгрөг нийт 3,700,000 төгрөгийн хохирол нэхэмжлэгчид учирсан гэж дурджээ.
9.10.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.2.-д Хохирогч эрхээ сэргээлгэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдэд тодорхой хугацаа тогтоож болох бөгөөд энэ хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол мөнгөөр гүйцэтгэхийг шаардаж болно. гэж заажээ.
9.11. Зам тээврийн осол болсон 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн хувийн сууцад байсан дээрх нэр төрлийн тавилга эд хөрөнгө хагарсан, гэмтэж, устаж үрэгдсэн, их хэмжээгээр тортог болж бохирдсон болох нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг, гэрэл зураг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар нотлогдсон, зам тээврийн осол болсон өдрөөс хойш хариуцагч гэм хорын хохирлыг арилгаагүй байна.
9.12.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тавилга эд зүйлс, монгол гэрийн үнэлгээ хүлээн зөвшөөрөхгүй гэж маргах боловч уг татгалзлаа баримтаар нотлоогүй энэ талаар шинжээч томилуулах тухай хүсэлтийг хариуцагчаас гаргаагүй болно.
9.13.Иймд хариуцагчаас ******* ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд дурдсан тавилга эд зүйлийн хохиролд 3,776,000 төгрөгийг, монгол гэрийн үнэ 240,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.(1хх-ийн 22-49)
10.Тээврийн хэрэгсэл тээврийн хэрэгсэл засварлах үнэ 3,700,000 төгрөг, хашааны үнэ 378,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
10.1. Хэрэгт авагдсан баримт ******* ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд ******* дүүрэг, 0дугаар хороо, *******ын 0дүгээр гудамжны 0тоотын нурсан хашааг засварлахад 378,000 төгрөг, хашаанд зогсож байсан ланд крузейр 80 маркийн 00-00 ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг засварлахад 3,776,000 төгрөгийн үнэлгээг гаргажээ.(1хх-ийн12-31)
10.2. Зам тээврийн осол болсон 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш талууд хамтран нурсан хашааг сэргээн засварласан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Б.Доржхорлоогийн ...... би хэдэн хүнтэй очиж байшинг буулгасан, хашааны хойд хэсэг нурсныг босгосон. гэх, шүүхийн хэлэлцүүлэгт гэрч П.Цэнгэл ..... лүкнээс дээш хонхойсон, 2 кирла, зүүн талын шанаа байхгүй орчихсон, копут, урд хоёр гэрэл байхгүй, нүүр байхгүй машин орж ирсэн. Эхлээд 1,800,000 төгрөгөөр тохиролцоод мөнгө, төгрөг байхгүй гээд байхаар нь 1,200,000 төгрөгөөр хийж өгсөн. гэх мэдүүлгээр хариуцагч Г.Д- өөрийн хөрөнгөөр ланд крузейр 80 маркийн 00-00 ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг засварласан нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс хариуцагчийн барьж босгосон хашаа хэвийн байгаа гэх үйл баримтыг тайлбарласан. (2хх-ийн58-59)
10.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр шүүхээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар ******* дүүрэг, 16 дугаар хороо, *******ын 1 дүгээр гудамжны *******од үзлэгийг хийсэн. Тухайн үзлэг хийх үед нэхэмжлэгч С.Б- нь ...ланд крузейр 80 маркийн 00-00 ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад 19,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан талаар тайлбарласан нь үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан байна. (1хх-ийн59, 235-240)
10.4. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1.-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй..... гэж зааснаар хариуцагч зам тээврийн осолд өртсөн хашаа, ланд крузейр маркийн 00-00 ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээн засварласан болох нь хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байх тул хашааны үнэ 378,000 төгрөг, тээврийн хэрэгслийг засварлахад 3,776,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10.5.Дээрх үндэслэлд дурдсанаар хариуцагчаас байшингийн үнэ 19,506,300 төгрөгийг, тавилга эд зүйлийн үнэ 3,776,000 төгрөгийг, монгол гэрийн үнэ 240,000 төгрөгийг нийт 23,522,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 7,828,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Сөрөг шаардлага 13,000,000 төгрөг гаргуулах тухайд:
11.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Д- нэхэмжлэгч С.Б-д холбогдуулан хуучин байшинг буулгахад гарсан материалын зардал 13,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
11.2Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа: Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн амьдарч байсан байшинг ******* ХХК-ийн үнэлсэн 23,256,000 төгрөгөөр үнэлж, хохирлыг шаардсан. Зах зээлийн дундаж ханшаар үнэлж, үнийг надаас гаргуулан авч, хуучин байшингийн материалыг бусдад худалдан борлуулсан тул байшингийн буулгасан материалын үнэ 13,000,000 төгрөгийг гаргуулна. гэж тодорхойлсон.
11.3. Нэхэмжлэгч тал сөрөг шаардлагыг ...зам тээврийн осол болсон өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд байшинг барьж өгөхгүй 2 жил өнгөрсөн. Нялх хүүхэдтэй айл энэ хугацаанд нэхэмжлэгч 2 өрөө байр түрээсэлж амьдарч байсан. Хашаанд хураалгаатай модноос боломжтой хэсгийг бусдад худалдаж, түрээсийн төлбөр төлсөн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
11.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-ийн шинжээчээр томилсон. ******* ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд ******* дүүрэг, 16 дугаар хороо, *******ын 1 дүгээр гудамжны ******* хаягт байрлах 75м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай байшинг буулгаад гарсан материалын зах зээлийн үнэлгээг 2020 оны 04 дүгээр сарын байдлаар 5,024,250 төгрөг, нэхэмжлэгчийн бусдад худалдан борлуулсан материалын үнэ 500,000 төгрөг нийт 5,524,250 төгрөг гэж үнэлсэн байна.(2хх-ийн20-47)
11.5. Зохигчид ******* ХХК-ийн шинжээчийн дүгнэлттэй танилцаж, маргаагүй болно.
11.6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт .... зам тээврийн ослын улмаас хойш 2 жилийн хугацаа өнгөрөхөд хариуцагч тал байшин бариад өгөөгүй, нялх хүүхэдтэй айл, аргагүй эрхэнд боломжтой гэх модыг худалдан борлуулж байрны түрээс төлсөн гэж тайлбарласан.
11.7.Нэхэмжлэгч тал ...2 өрөө орон сууц түрээсэлсэн гэж шүүхийн хэлэлцүүлэг тайлбарласан боловч энэ талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.
11.8 Зам тээврийн осол 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны өдрийг хүртэл хариуцагч тал бусдын өмчлөлд байсан эд хөрөнгийн гэм хорын хохирлыг арилгах үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл гэм хорын хохирлыг биет болон мөнгөөр нөхөн төлөх үүргийг биелүүлээгүй байна.
11.9 Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэгчид учруулсан гэм хорын хохирлыг арилгаагүй, түүнд шинээр байшин барьж өгөөгүй атлаа хуучин байшингийн модыг авна гэж шаардсан нь үндэслэлгүй.
11.10 Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...боломжит модноос ялгаж бусдад худалдаж 2 өрөө орон сууцны түрээсийн төлбөрт төлсөн, нэхэмжлэлд дурдагдсан 23,253,300 төгрөгөөр одоогийн нөхцөл байдалд байшин барихад хүрэлцэхгүй гэх тайлбарыг буруутгах үндэслэлгүй юм.
11.11 Дэлхийн нийтийг хамарсан цар тахал ковид-19 улмаас хөл хорио тогтоосны улмаас барилгын материал ховордож үнийн өсөлт нэмэгдсэн нийтэд илэрхий үйл баримт тогтоогдож байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Г.Д- өөрт хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс жич нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3,116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Д-аас 23,522,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,828,000 төгрөгийн, нэхэмжлэгчээс 13,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 314,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 275,561 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, сөрөг шаардлагад хариуцагчаас 222,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШЗ2022/09664 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2.-т Давж заалдах журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд энэ хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар урьд нь авсан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүчинтэй хэвээр байна., 122.3.-д Хяналтын журмаар гомдол гаргасан бол хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд энэ хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар урьд нь авсан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БЯМБАЖАРГАЛ
Т.ЭНХЖАРГАЛ