Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2023/00547

 

 

 

 

 

 

 

 

                             2023        01          23

            101/ШШ2023/00547

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  С.М /рд:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  “С” ХХК /рд:/-д холбогдох

2,605,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.М, хариуцагчийн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С овогтой М /РД:/ миний бие 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын клиникийн 2 дугаар эмнэлгийн зүүн талд байрлах “С” ХХК-д 2,605,000 /хоёр сая зургаан зуун таван мянган/ төгрөг төлж “нүүрэнд акулын таталттай утас суулгах” мэс ажилбарт орсон. Уг мэс ажилбарын зорилго нь нүүрний баруун, зүүн талын шанааны арьсыг дээш чигтэй татаж унжсан арьсыг чангалах байсан. “С” ХХК-ийн зүгээс үйлчилгээндээ 3 жилийн баталгаа өгсөн боловч мэс ажилбарын дараа миний нүүрэнд ямар ч өөрчлөлт гараагүй, шанаа хэсгийн арьс унжсан хэвэндээ байсан. Өөрөөр хэлбэл миний нүүрний байдал мэс ажилбарт орохоос өмнөх үеийнхээс өөрчлөгдөөгүй, яг хэвэндээ байсан. Тус эмнэлгээр үйлчлүүлж мөнгө, цаг хугацаагаар хохирсондоо маш гомдолтой байсан тул үйлчилгээний төлбөрийг буцаан өгөхийг шаардахад “Үйлчилгээний төлбөрийг буцаан олгох боломжгүй. Учир нь нүүрэнд чинь өөрчлөлт орсон байдал харагдаж байна. Сурталчилгааны зураг бодит байдал хоёр өөр ш дээ” гэдэг хариу өгсөн. 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тус эмнэлэгт очиж өмнө хийлгэсэн. Үйлчилгээтэй адил төрлийн үйлчилгээ сонирхож байгаа байдлаар төлбөртэй зөвлөгөө авахад чиний нүүрэнд “10-12 ширхэг акулын таталттай утас суулгах шаардлагатай. Нүүрийг 1 см орчим өргөнө, нүүрэн дэх босоо чигтэй үрчлээснүүд байхгүй болно” гэсэн зөвлөгөө өгч баримт өгсөн. Энэ нь миний өмнө хийлгэсэнтэй адил үйлчилгээ юм. Мөн нүүр маш их хуурайшилттай байгаа тул 4-6 сарын хугацаанд чийгшүүлэх тарилга хийх хэрэгтэй гэсэн. “С” ХХК-ийн Баянзүрх дүүрэг дэх салбарт миний хийлгэсэн үйлчилгээ огт үр дүнд хүрээгүй гэдгийг тус эмнэлгээс надад өгсөн зөвлөгөө нотолж байна. Анх үйлчилгээ хийлгэх үед тус клиникийн зүгээс надад үйлчилгээ хийлгэсэн гэрээний хувийг огт өгөөгүй бөгөөд сүүлд шаардахад өгч болохгүй журамтай” гээд өгөөгүй. “С” ХХК-ийн үйлчилгээний чанаргүй байдал болон хариуцлагагүй үйлдэлд гомдолтой байна. Иймд үйлчилгээний хөлсөнд төлсөн 2,605,000 /хоёр сая зургаан зуун таван мянган/ төгрөгийг “С” ХХК-аас гаргуулж өгнө үү.

2021.9.28-нд хариуцагч эмнэлэг дээр очиж зөвлөгөө авсан. Нүүрэндээ утас суулгавал 2-2.5 жил хөгшрөлт багасна. Нүүр өргөгдөж жижгэрнэ гэсэн. Тэр өдрөө акулын бүтэн таталттай утас суулгана гэсэн. 4 хүүхэдтэй гээд хөнгөлөлт үзүүлсэн. Үйлчилгээнд орсны дараа их хавантай байсан бөгөөд 1-2 сар гэртээ дэглэм барьсан. 2 сараас хаван арилж эхэлсэн. Харахаар үр дүн өгөхгүй байсан. Улмаар хариуцагч эмнэлэг дээр очиж уулзсан. Үр дүн гарахгүй арьс унжсан хэвээр байна гэсэн. Тэгээд зураг авсан. Болохгүй бол дахиад утас суулгана гэсэн. Би сар гаруй ажлаа алдсан тул дахиж суулгуулахгүй мөнгөө буцааж авна гэсэн. Тэгээд хүсэлтээ бичээд өг гэсэн. Хүсэлтээ бичиж өгсөн чинь жоохон ч гэсэн үр дүн гарсан байна гэсэн. Би нүүрээ  будаалсан байсан. Буруу өнцгөөс зураг аваад байна гэсэн. Би надад унжаад байгаа нь мэдэгдээд байна гээд нэхэмжлэл гаргасан. 2 605 00 төгрөг төлснөө үр дүн гараагүй тул буцааж авна. Би эхлээд гоо сайхны зөвлөхтэй уулзаж зөвлөгөө авсан. Ингэхэд 2-2.5 жилийн хугацаатай нүүрийн бүтэн таталттай утас суулгахыг санал болгосон. Энэ өдөр утас суулгасан. Жижиг үрчлээ арилж арьс чангарна гэсэн. Хамрын босоо зураас арилна гэсэн. Нэхэмжлэл гаргачхаад хариуцагчийн Зайсан дахь салбарт очиход бас л энэ үйлчилгээг санал болгосон юм. Утас нь 2.5 жил гэсэн боловч дүгнэлтээр үр дүн гараагүй юм. Миний бие бүр дордсон гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Б нь шүүхэд, төлөөлөгч Б.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Мэс гаргасан С ХХК-с 2,605,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэл үндэслэлгүй талаар дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Нэг. Нэхэмжлэгч буюу үйлчлүүлэгч С.М 37 настай эмэгтэй. 2020 оны 9-р сарын 28-ны өдөр нүүрний арьс хуурайшаад байна, үрчлээ их үүсээд байна, завж хэсгийн арьс суларч унжаад байна, нүүрэндээ коллагентэй утас суулгах эмчилгээ хийлгэх хүсэлтэй байна гэж ирсэн. Тухайн өдрийн үзлэгээр үйлчлүүлэгчийн 2 завжны арьс суларч унжилт үүссэн, нүүрний 2 талд хэм тэгш бус, амны өнцөг зүүн тал уруугаа илүү унжсан байсан. Нүүрний тэгш бус байдал нь нүүрний ясны өөрчлөлт, эрүүний мултрал, амьдралын хэв маяг, шүдний зуулттай холбоотой үүссэн байж болно. Нүүрэнд коллагентэй, татдаг утас суулгах эмчилгээ нь мэс ажилбар биш бөгөөд тус үйлчлүүлэгчийн нүүрний тэгш бус байдлыг 100% ижил болгож эмчлэх боломжгүй тул утас суулгах эмчилгээний хамт нүүр өргөж, нүүрний тэгш хэм засах мэс засал эмчилгээ санал болгосон. Утас суулгах эмчилгээний гарч болох хүндрэл болон эмчилгээний үр дүнгийн талаар үйлчлүүлэгчид тайлбарлаж, үйлчлүүлэгчид танилцуулахад зөвшөөрөөд зөвшөөрлийн хуудсыг бөглөж, сайн дураараа эмчилгээнд орсон. “С”-ийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 9.39 тоот тушаалаар баталсан эмчилгээний стандартын дагуу БНСУ-д үйлдвэрлэгдсэн LFL брендийн коллагентэй утас нийт 72 ширхэг, ботокс эмчилгээтэй хамт үйлчлүүлэгчид хийгдсэн болно.

Хоёр. Коллагентэй утас нь нүүрний арьсны коллаген нийлэгжилтийг нэмэгдүүлж арьс чангалах, арьсны хөгшрөлтийг удаашруулж барих зорилготой бөгөөд барих хугацаа нь 1,5-2 жил байдаг. Энэ хугацааг эмчилгээний өмнө ярилцсан бөгөөд зөвшөөрлийн хуудсанд тэмдэглэсэн байдаг. Мөн коллагентэй утасны нүүр өргөж, барих хугацаа нь тухайн хүний эмчилгээний дараах гам дэглэм, арьс арчилгаатай шууд хамааралтай байдаг. Тухайн үйлчлүүлэгч 2022.02.07-ны өдөр давтан үзлэг хийлгэхээр ирсэн бөгөөд үйлчлүүлэгчийн эмчилгээний өмнөх /2021.09.28/ зургийг тухайн өдрийн зурагтай харьцуулан үнэлэхэд 2 завжны унжилт өргөгдөж, хамар уруул хэсгийн гүн нугалаа багасаж, нүүрний 2 талын жигд бус байдал өмнөхөөс засагдсан үр дүнтэй. Мөн дух, нүдний хэсгүүд мөн 2 хацрын арьсан дээрх хялгасан үрчлээ багасаж, арьсны өнгө сэргэсэн үр дүн гарсан ба үйлчлүүлэгчид ямар нэгэн хохирол учруулаагүй, эмчилгээг бүрэн хийсэн.

Гурав. Үйлчлүүлэгчийн миний нүүрэнд ямар ч өөрчлөлт гараагүй гэдэг нь үндэслэлгүй бөгөөд өөрчлөлт гарсан болох нь нотлох эмчилгээний өмнөх болон дараах зургаас тодорхой харагдана. С.М нь 2021 оны 09 сарын 28-ны  өдрөөс эхлэн 2022 оны 02 сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд ямар нэгэн гомдол гаргаагүй. Анх эмчилгээнд орсны дараа сэтгэл хангалуун буцсан байдаг.

Дөрөв. Манай эмнэлэг нь мэргэжлийн түвшинд эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд ямар нэгэн буруутай үйлдэл гаргаагүй тул төлбөрийг буцаах дэслэлгүй.

Иймд С.Мэс гаргасан 2,605,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Манайх хүсэлтээр нь утас суулгах эмчилгээ хийлгэсэн. Үүнийг хийхийн өмнө зөвшөөрүүлэх, таниулах хуудас зуруулдаг. Энд хүний биеэс шалтгаалж үр дүн өөр байдаг талаар тайлбарладаг бөгөөд таалагдахгүй бол дахиж хийх талаар зөвшөөрдөг. Гэтэл нэхэмжлэгч нь зөвшөөрсөн боловч төлбөрөө авна гэж байна. Уг эмчилгээнд гомдол гаргаж байх үед тухайн үеийн зургийг харьцуулж үзэхэд хангалттай үр дүн гарсан байсан. Дүгнэлт нь 2022 оны 12 сард гарсан тул нэлээд хойно гарсан байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Манай таниулах хуудас дээр үйлчлүүлэгч зөвшөөрсөн байгаа юм. Энд үйлчилгээ нь 2-2.5 жил үйлчлэх бөгөөд 14 хоногт үр дүн гарч эхэлнэ гэсэн. Таалагдахгүй бол нэмж үйлчилгээ үзүүлнэ гэсэн байгаа юм. Бид анхнаасаа энэ нь эмчилгээ бөгөөд бараа бүтээгдэхүүн биш, гам дэглэм хэрэгтэй юм. Бид эмчилгээг хийсэн. Нэмэх шаардлагатай зүйлийг хийх боломжтой юм гэв.

 

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх4/, 5 ширхэг гэрэл зураг /хх5-9/, төлбөрийн баримт /хх19/, 2022 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн үзлэгийн баримт /хх20/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч нь шүүхэд: эмчилгээний дараах өдрийн тэмдэглэлийн хуулбар /хх23-25/, коллагентай утас хийгдэх эмчилгээ хийлгэхийг зөвшөөрч, танилцсан хуудасны хуулбар /хх26/, өргөдлийн хуулбар /хх27/, эмнэлгийн дагалдах хэрэгсэл ханган нийлүүлэх гэрээний хуулбар /хх28-29/, 5 хуудас гэрэл зургууд /хх31-35/, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны 2022 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн тодорхойлолт /хх36/, 5 ширхэг гэрэл зургууд /хх42-46/, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх56/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1018 дугаар дүгнэлт гаргуулсан. /хх85-89/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                 ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 2,605,000 төгрөг гаргуулж, шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С.М нь нүүрэнд коллагентэй утас тавиулах үйлчилгээ үр дүнд хүрээгүй тул төлсөн төлбөр 2,605,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч “С” ХХК нь утас суулгах үйлчилгээ үзүүлсэн, тодорхой үр дүн гарсан бөгөөд төлбөрийг буцаах боломжгүй гэж маргаж байна.

 

Зохигчид нэхэмжлэгчийн нүүрэнд коллагентэй утас хийх үйлчилгээ үзүүлэх талаар харилцан тохиролцсон болох нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн коллагентэй утас хийгдэх эмчилгээ хийлгэхийг зөвшөөрч, танилцсан хуудасны хуулбараар тогтоогдож байна. Улмаар энэхүү үйлчилгээ хийгдсэн болох нь эмчилгээний дараах өдрийн тэмдэглэлийн хуулбараар тогтоогдсон. /хх26, 23-25/

Мөн нэхэмжлэгч нь үйлчилгээний хөлсөнд 2,605,000 төгрөг төлсөн болох нь Хаан банк дахь түүний дансны хуулгаар тогтоогдож байна. /хх4/

Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсжээ.

 

Зохигчид тухайн үйлчилгээг үзүүлснээр үр дүн гарсан эсэх талаар маргаж байна.

 

Дээрх эмчилгээ хийлгэхийг зөвшөөрч, танилцсан хуудсанд зааснаар үйлчилгээний үр дүн нь 1-3 сард мэдрэгдэж, 1,5-2 жилийн хугацаанд үйлчилгээ үзүүлнэ гэсэн байна.

 

Улмаар үйлчилгээ үзүүлснээс хойш 1 жил 3 сарын хугацааны дараа буюу 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1018 дугаар дүгнэлтээр нэхэмжлэгч С.М-нийн нүүрэнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй болох нь тогтоогдсон. /хх85-88/

 

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байх тул зохигчдын хооронд үүссэн гэрээний зүйл нь нэхэмжлэгчийн нүүрэнд коллагентэй утас хийх эмчилгээ хийгдсэнээр эерэг үр дүн гарах ёстой байсан.

Гэтэл дээрх шинжээчийн дүгнэлтээр ямар нэг үр дүн гараагүй болох нь тогтоогдож байна.

 

Цаашлаад, нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ажлын үр дүн гараагүй талаар тайлбарлаж, төлсөн төлбөрийг буцаан авах талаар хүсэлт гаргаж байсан байна. /хх27/

Улмаар дээрх хүсэлт нь шийдвэрлэгдээгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүссэн.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь танилцах хуудасны санамж хэсгийн 5-д төлбөрийг буцаан олгохгүй талаар заасан гэж маргаж байгаа нь Иргэний хуулийн 204, 225, 205 дугаар зүйлд заасан зохицуулалтад нийцээгүй байна.

 

Ийнхүү нэгэнт гэрээний дагуу үр дүн гараагүйн улмаас гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэгч нь гэрээний гүйцэтгэл буюу төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 

        ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч “С” ХХК-с 2,605,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Мд олгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 56,630 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.ГАНБОЛД