Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/00880

 

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/00880

 

 

С.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш, даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/00547 дугаар шийдвэртэй,

 

С.А-ийн нэхэмжлэлтэй,

“Б” ХХК-д холбогдох,

 

2,605,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч К.Жархынбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

С.А-э нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх “Б” ХХК-ийн салбарт 2,605,000 төгрөг төлж, нүүрний баруун, зүүн талын шанааны арьсыг дээш чигтэй татаж унжсан арьсыг чангалах акулын таталттай утас суулгах мэс ажилбарт орсон. “Б” ХХК-ийн зүгээс үйлчилгээндээ 3 жилийн баталгаа өгсөн боловч мэс ажилбарын дараа миний нүүрэнд ямар ч өөрчлөлт гараагүй, шанаа хэсгийн арьс унжсан хэвэндээ байсан.

“Б” ХХК-ийн үйлчилгээний чанаргүй байдал болон хариуцлагагүй үйлдэлд гомдолтой байна. Иймд үйлчилгээний хөлсөнд төлсөн 2,605,000 төгрөгийг “Б” ХХК-аас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:  

Манай эмнэлэг нь мэргэжлийн түвшинд эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд ямар нэгэн буруутай үйлдэл гаргаагүй тул төлбөрийг буцаах үндэслэлгүй.

Иймд С.А-ээс гаргасан 2,605,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК-аас 2,605,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.А-эд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 56,630 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Хариуцагч нь нэхэмжлэгчид ямар нэгэн хохирол учруулаагүй, эмчилгээг бүрэн хийсэн байхад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1018 дугаар шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч С.А-ийн нүүрэнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна гэж дүгнэснийг үндэслэн шүүх нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй.

4.2. Шинжээчээр ажилласан хүний их эмч Ж.Г- нь арьс гоо заслын чиглэлээр мэргэшээгүй. Шүүхэд дахин шинжээч томилуулах хүсэлтээ шүүх хуралдааны үеэр гаргасан боловч үндэслэлгүйгээр манай хүсэлтийг хүлээж аваагүй.

4.3. Анхан шатны шүүх хуралдаан болсон өдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр манай компанийн өмгөөлөгч К.Жархынбек нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож, шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан. Гэвч өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч С.А-э нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан 2,605,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ба давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж буй хүсэлтээ 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн. Уг хүсэлтэд “С.А-э би “Б” ХХК-аас 2,605,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Уг нэхэмжлэлээс татгалзаж байгаагаа өмнө бичгээр гаргаж өгсөн. Миний хувьд “Б” ХХК-аас 2,605,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа ба ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Иймд миний нэхэмжлэлээсээ татгалзсаныг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. 2,605,00 төгрөг гаргуулах асуудлаар дахин шүүхэд хандахгүй, гомдол гаргахгүй болохоо ойлгож байгаа ба өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан. Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Энэ хүсэлтийн дагуу нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

4. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд нэхэмжлэлээс татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн татгалзал нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.А-ийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/00547 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “Б” ХХК-д холбогдох 2,605,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч С.А-э татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,630 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЭНЭБИШ

                                   

     ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

                                                                                     

Э.ЗОЛЗАЯА