Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2023/00558

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2023/00558

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 31/15 дугаар байр, В1 давхарт байрлах, Д ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 29 дүгээр байр, 29 тоот хаягт оршин суух Г-т холбогдох,

 

2,519,745 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Гэрэлчимэг, хариуцагч А.Г, нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 00457 дугаарын, Эрчим хүчний зохицуулах хорооны дулааны зохицуулалттай хангах 10/2020 дугаарын, дулаан түгээх 09/2020 дугаарын Тусгай зөвшөөрөлтэйгээр орон сууцны барилга байгууламжийн гадна, дотор инженерийн шугам сүлжээ, ус, дулаан дамжуулах төв, түүний тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан, оршин суугч, хэрэглэгчдэд 24 цагийн турш ус, дулаанаар тасралтгүй ханган, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг хийж, харин иргэд оршин суугчдын хэрэглэсэн ус, дулааны төлбөрийг нь дараа сарын 25-ны дотор банкаар дамжуулан цаасан баримтаар хураан авч, төвлөрүүлэн харилцагч Ус сувгийн удирдах газар, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК зэрэг харилцагч байгууллагад шилжүүлдэг.

Энэ чиг үүргийнхээ дагуу Баянзүрх дүүргийн 5, 6 дугаар хороодын 29, 1, 2, 66, 42, 31/15, 80, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 66, 67, 68, Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны 41 дүгээр байруудын инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс "Ганманлай ХХК-аас шилжүүлэн авч ажил үйлчилгээг үргэлжлүүлж байна. Тухайн үед Ганманлай ХХК нь Улаанбаатар дулааны шугам сүлжээнд 112,740,602 төгрөгийн, Ус сувгийн удирдах газарт 24,672,199 төгрөгийн өр төлбөртэй, оршин суугч, хэрэглэгчдээс 30,066,260 төгрөгийн авлагатай байсан ба уг өр төлбөр, авлагыг, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хамт балансаас балансад шилжүүлэн хүлээн авсан. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар 29 дүгээр байрын 29 тоот айл өрх нь "Ганманлай" ХХК-нд 2017 оны 10 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны ус, дулааны төлбөрт 1,618,779.23 төгрөгийн өглөгтэй байсан. Манай компанийн харъяалалд ирснээс хойш буюу 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 08 дугаар саруудад хэрэглэсэн ус, дулааны төлбөрт 900,966.3 төгрөгийн өглөг, нийт 2,519,745.53 төгрөгийн өр үүсгэж, байгууллагад тодорхой хэмжээний хохирол үүсгэж байна. Манай компанийн борлуулалтын байцаагч нар сар бүр төлбөрийг нэхэмжилдэг боловч өр төлбөрөө барагдуулахгүй өдий хүрсэн. Мөн энэ хэмжээгээр манай компани харилцагч байгууллагуудад өр үүсгэж, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна.

Шүүх хуралдаан дээр судлагдсан нотлох баримт болон хариуцагчийн гаргасан тайлбаруудыг үндэслэлээд нэхэмжлэлийн шаардлагаас

Иймд дээрхи айл өрхийн ус, дулааны төлбөр болох нийт 2,519,745.53 төгрөгийг, нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,265.94 төгрөгийн хамт гаргуулан байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дэнж Хотхон ХХК"-ийн нэхэмжлэлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь "Ганманлай" ХХК-ийн үед гарсан тооцоо надад байхгүй. "Ганманлай" ХХК нь анх манай байрны ашиглалтыг хариуцахдаа давхар хууль бусаар СӨХ-н үйл ажиллагаа явуулсан байгаа. Ингэхдээ байрны мөнгөн дээр СӨХ-ны мөнгийг хамт авдаг байсан. Тэр мөнгөө байрны тохижилт, цэвэрлэгээнд ашиглаагүй, хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байдаг байрны орчин, орц зэргийг балгас болгосон. Би зурагийг хавсаргасан. Мөн оршин суугчдаас авсан СӨХ-ийн төлбөрийг ус, дулаанд шилжүүлсэн гэж өөрсдийн тайландаа дурьдсан байгаа.

Иймд би "Ганманлай" ХХК-д хууль бусаар аваад байгаа СӨХ-н төлбөрийг надаас хасалт хий, авсан мөнгийг ус дулаанд тооц гэж шаардсан боловч хасаагүй байсаар ийм өр төлбөр үүсгэсэн байна.

Мөн нэхэмжлэгч Дэнж хотхон ХХК нь Ганманлай ХХК-ийн эрх, үүргийг хүлээн авсан гэдгийг зөвшөөрөхгүй байна. Оршин суугч нарт мэдэгдэхгүй үүссэн асуудлаа шийдэхгүйгээр үйл ажиллагаагаа Дэнж хотхон ХХК-нд хүлээлгэж өгсөн байсан.

Дэнж хотхон ХХК-ийн үед үүссэн өр төлбөр 900,966 төгрөгөөс 646,521 төгрөгийг төлнө. Харин 254,445 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Учир нь 2020 оны 8 сарын тоолуурын заалт буруу авсан. Өмнөх шүүх хурал дээр "Дэнж хотхон" ХХК-аас гаргаж өгсөн "Ганманлай" ХХК-тай хамтран ажиллах гэрээг би миний төлбөртэй хамааралтай гэрээ гэж үзэхгүй байна. Учир нь энэ гэрээнд 2 тал хоорондоо хөрөнгө шилжүүлж, мөн нэг компани нөгөөхдөө их хэмжээний өр төлбөр шилжүүлж байна гэнэ. Хамтран ажиллах гэрээ юм бол яагаад "Ганманлай" ХХК нь өөрөө айл бүрийн төлбөрийн үлдэгдлийг, байг гэхэд миний үлдэгдлийг нэхэмжлэхгүй байгаа, энд зөвхөн нийт компанийн өр заагдсан байна. Эрх бүхий холбогдох байгууллагын өр төлбөр шилжиж төлөх тухай шийдвэр нь байхгүй байна. Эсвэл "Ганманлай" ХХК-ийн өмнөөс нь энэ айлыг төлбөрийг авч болно гэсэн итгэмжлэл байна уу. Энд мөн "Хуулбар үнэн" гэж тэмдэг дарсан байна. ЭХЗХ-ны тэмдэг байна. Засгийн газрын тогтоолоор баталсан "Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам"-д 2.2.2.4-т хариуцсан нэгжийн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны явцад үүсэж хөтлөгдсөн баримт бичгээс хуулбар авах тохиолдолд тухайн баримт бичгийн үнэн зөвийг хариуцаж, "Хуулбар үнэн" тэмдэглэлд гарын үсэг зурж баталгаажуулах" гэсэн байгаа. Энд гарын үсэг алга. Нотариатаар баталгаажуулаагүй байна, мөн гэрээндээ 3 хувь үйлдсэн гэсэн байхад хаа хамаагүй газраар "Хуулбар үнэн" даруулдаг нь ямар учиртай юм. Ядаж 3 хувийн 1 эх хувь нь хэн нэгэнд нь баймаар юм. Энэ гэрээгээр надаас төлбөр нэхэмжлэхэд шаардлага хангахгүй баримт гэж би үзэж байна. Дулааны төлбөрийг хүлээн зөвшөөрнө гээд 646,521.41 төгрөг төлөх юм байна. Зөвшөөрөхгүй байгаа үнийн дүн нь тоолуурын заалтаараа 2020 оны 8 сарын тоолуурын заалт дээр гал тогооны усны заалт 161, хүйтэн ус 113 байгаа. 2013 оны 01 сарын 17-ны өдөр би байцаагчийн зураг болон гар бичмэлийг авч баталгаажуулсан. Тэр заалт дээр халуу ус 135, хүйтэн ус 102 байсан. Ингэж харьцуулахаар зөрүүтэй байгаа. Зөрүү 38 болж байгаа. Хамгийн сүүлд батлагдсан үнэ тарифаар цэвэр ус нь 1070 төгрөг, 1070*38 гэж бодохоор 40,660 төгрөг дээр НӨҮТ-н 4066 төгрөгийг нэмэхээр 44,726 төгрөг болж байгаа. Бохир усын тариф 870 төгрөг болоод 870*38=33,060 төгрөг болж байгаа. НӨҮТ-н 10 хувийг нэмээд 36,366 төгрөг болж байгаа. Ус халаалсны төлбөр нь халуун усныхаа зөрүүгээр явна гэж үзээд 26, 26*1632=35412 төгрөг болж байгаа. 10 хувийг нэмэхээр 38,953 төгрөг болоод нийт 120,045 төгрөг болж байгаа. 2020 оны 1 сараас 10 сарын хооронд 34,235.96 төгрөгийг 506 төгрөгт хуваахаар мкв 67.6 гэж гараад байгаа. Манай мкв 67,66 гэж байгаа. 2021 оны тоолуурын заалтыг надад өгөхгүй байгаа. Халаалтын тариф өөрчлөгдөөгүй. 2020 оны 11 сард 11 сард 36,000 төгрөг болгоод 2020 оны 12 сараас засгийн газраас даасан байгаа. Халаалтаас 2022 оны 01, 02, 03, 4 сар дээр 11,713.9 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа. Мөн Засгийн газраа дулаан, тог цахилгааны төлбөрөөс чөлөөлсөн байхад 44,044 төгрөгийг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Нэхэмжлэгчээс: Дэнж хотхон ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Баянзүрх дүүргийн 29 дүгээр байрны 29 тоотын байрны 2017 оноос 2022 оны 8 сар хүртэл хугацааны өр төлбөрийн жагсаалт, Дэнж хотхон ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, дулаан түгээх, дулаанаар хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээ, хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хариуцаж буй орон сууцны барилга байгууламжийн бүртгэл, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 5 сарын 22-ны өдрийн 1/797 тоот хамтарч ажиллах тухай албан бичиг, ажлын хэсгийн удирдамж, ажлын хэсэгт байгуулах тухай тушаал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан, 2019 оны 12 сарын 31-ний өдрийн хамтран ажиллах гэрээ, Ганманлай ХХК-ийн орон сууцыг хүлээн авсан акт, Хөрөнгө шилжүүлэх гэрээ,

Хариуцагчаас: Төрийн банкны 2017 оны 10 сарын 31-ний өдрийн төлбөрийн баримт, 2017 оны 9 сарын 27-ны өдрийн төлбөрийн баримт 2018 оны 6 сарын 23-ны өдрийн төлбөрийн баримт, 2017 оны 12 сарын 11, 2017 он 11 сарын 28, 2018 оны 5 сарын 05-ны өдрийн гүйлгээний баримтуудыг шүүхэд өгсөн байна

 

Шүүх талуудын гаргасан тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Дэнж хотхон ХХК нь хариуцагч А.Ганцэцэгт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 29 дүгээр байрны 29 тоот хаягт байрлах орон сууцны дулаан, цэвэр, бохир усны ашиглалтын зардалд 2017 оны 10 дугаар сараас 2019 оны 12 сар хүртэлх хугацааны төлбөрт 1,618,779.23 төгрөг, 2020 оны 01 сараас 2022 оны 8 дугаар сар хүртэл хугацааны төлбөрт 900,966 төгрөг нийт 2,519,745 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагч нарт холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт авагдсан болоод хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчаас 2017 оны 10 дугаар сараас 2019 оны 12 сар хүртэлх хугацааны ус дулааны төлбөр 1,618,779.23 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй мөн Ганманлай ХХК-нд төлж байсан гэх үндэслэлээр, 2020 оны 01 сараас 2020 оны 8 дугаар сар хүртэл хугацааны төлбөрт нэхэмжилсэн 900,966 төгрөгөөс тоолуурын заалт буруу авч зөрүүтэй бодсон 120,045 төгрөг, нийтийн эзэмшлийн талбайн дулааны хөлс 11,713 төгрөг, Засгийн газраас чөлөөлсөн үнийн дүн болох 44,044 төгрөгийг тус тус төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр олгосон 00457 тоот зөвшөөрлийн дагуу нэхэмжлэгч Дэнж хотхон ХХК нь Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4 цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ, мөн 12.2.5 орон сууцны доторх цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ болон 12.2.6 ус дамжуулах төвийн ашиглалт, засвар, үйлчилгээ, түүнчлэн 12.2.7 бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ-нээс гадна 12.2.8 бохир ус цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ-г тус тус эрхлэн явуулдаг ба уг тусгай зөвшөөрлийн хүрээнд цэвэр, бохир усаар хангах үйлчилгээг үзүүлэх эрхтэй байна /х.х-ийн 12, 13 тал/.

Мөн нэхэмжлэгч Дэнж хотхон ХХК-нд Эрчим хүчний зохицуулах хорооноос дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг олгосон байна. /хх-ийн 60 дугаар тал/

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас хэрэглэсэн ус, дулааны төлбөрийг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь 2020 оны 01 сараас 2022 оны 8 дугаар сар хүртэл хугацааны төлбөрт нэхэмжилсэн 900,966 төгрөг нэхэмжилснээс, хариуцагч тоолуурын заалт буруу авч зөрүүтэй бодсон 120,045 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байна.

Харин нийтийн эзэмшлийн талбайн дулааны хөлс 11,713 төгрөгийг төлөхгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Айл өрхийн дулааны эрчим хүчний төлбөрт /нийтийн эзэмшлийн талбай болон грашны дулаан/-ийг Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 123 дугаар тогтоол /06 сарын 01-нээс мөрдсөн/-д заасны дагуу төлөх үүрэгтэй байна.

Харин хариуцагчаас Засгийн газрын хөнгөлөлтөнд хамрагдаж байсан хугацааны 2021 оны 11 сар дээр 40,044 төгрөгийг зөвшөөрөхгүй гэх тайлбар үндэслэлтэй байна

Иймд 2020 оны 01 сараас 2022 оны 8 дугаар сар хүртэл хугацааны 900,966 төгрөгийн төлбөрөөс нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн 120,045 төгрөг, үндэслэлгүй нэхэмжилсэн 44,044 төгрөгийг тус тус хасаж, хариуцагчаас 736,877 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс 2017 оны 10 дугаар сараас 2019 оны 12 сарыг дуустал хугацааны ус дулааны төлбөрт 1,618,779.23 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчээс энэ хугацаанд Ганманлай ХХК нь хариуцаж байсан шаардах эрх Дэнж хотхон ХХК-нд үүсээгүй гэж маргасан.

Хэргийн 38-44, 61-69 дүгээр талд авагдсан бичгийн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан шаардлагыг хангаж байх тул шүүх нотлох баримтаар үнэлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан 2019 оны 12 сарын 31-ний өдрийн №01 дугаартай Хамтран ажиллах гэрээ, Ганманлай ХХК-ийн орон сууцны байруудыг хүлээн авсан акт, 2020 оны 01 сарын 01-ний өдрийн Хөрөнгө шилжүүлэх гэргээгээр Дэнж хотхон ХХК нь Ганманлай ХХК-ийн чиг үүрэг, үндсэн хөрөнгө, авлага, өр төлбөр зэргийг хүлээн авч үйл ажиллагааг нь үргэлжлүүлсэн байна. /хх-ийн 61-69 дүгээр тал/

Хэдийгээр зохигчид ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ болон дулааны эрчим хүчээр хангахтай холбоотой харилцааг зохицуулсан гэрээ, хэлэлцээрийг бичгээр байгуулаагүй боловч хэрэглэгч, хангагч нарын харилцаа, тэдгээрийн хүлээсэн үүргээс үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Өөрөөр хэлбэл, Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д хэрэглэгч нь цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй гэж, мөн Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу тайлбарлахад хариуцагч нар цэвэр, бохир усны төлбөр болон эрчим хүч буюу дулаан ашигласны төлбөрийг хэрэглэгч болохынхоо хувьд хуульд зааснаар төлөх үүрэгтэй.

Ийнхүү төлөхдөө дээр дурдсан хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17, 3.1.18-д тус тус зааснаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл болон Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тарифын дагуу байгалийн баялаг, нийгмийн хүч хөдөлмөр шингэсэн байдаг тул гэрээ, хэлэлцээр байгуулаагүй ч хэрэглэсэн бол зайлшгүй төлөх ёстой.

Хариуцагчаас дээрх хугацааны төлбөрийг Ганманлай ХХК-нд төлж байсан гэх тайлбарыг гаргаж байх боловч тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг, хариуцагч хариу тайлбараа өөрөө нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй байна.

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн Төрийн банкны 2017 оны 10 сарын 31-ний өдрийн 164,000 төгрөг, 2017 оны 9 сарын 27-ны өдрийн 210,000 төгрөг, 2018 оны 6 сарын 23-ны өдрийн 500,000 төгрөгийн төлөлтүүд нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцооллын баримтад бичигдэж төлөгдсөн үнийн дүнд орсон байх тул хасаж тооцох үндэслэлгүй байна. Харин 2018 оны 5 сарын 05-ны 34,000 төгрөгийг хасаж тооцож үлдэгдэл төлбөр болох 1,584,779 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Түүнчлэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Тусгай зөвшөөрлийн зохицуулалтын бодлого, чиглэлийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг олгодог зарчимтай байх тул хариуцагч нь Дэнж хотхон ХХК-нд 2020 оноос өмнө ашигласан ус дулааны төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй болно.

Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагчаас 2,321,656 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Дэнж хотхон ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 198,089 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчийн бичгээр гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийн дагуу /хх-ийн 33 дугаар тал/ нэхэмжлэгчээс хэргийн 54-69 дүгээр талд авагдсан бичгийн баримтуудыг ирүүлсэнийг, мөн хариуцагчийн Гялс банкаар төлсөн гэх нотлох баримтын шаардлага хангаагүй баримттай нэхэмжлэгч тал маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д заасныг тус тус үндэслэн хариуцагч А.Ганцэцэгээс 2,321,656 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Дэнж хотхон ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 198,089 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 болон 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,266 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.Ганцэцэгээс 52,096 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.БАЯРМАА