Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00598

 

 

 

 

 

 

2023 03 20 210/МА2023/00598

 

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Г дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 24-ний өдрийн 101/ШШ2023/00558 дугаар шийдвэртэй

А ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Б т холбогдох

2,519,745 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Гэрэлчимэг, хариуцагч А.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. А ХХК нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 00457 тоот, Эрчим хүчний зохицуулах хорооны дулааны зохицуулалттай хангах 10/2020 тоот, дулаан түгээх 09/2020 тоот Тусгай зөвшөөрөлтэйгээр орон сууцны барилга байгууламжийн гадна, дотор инженерийн шугам сүлжээ, ус, дулаан дамжуулах төв, түүний тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан, оршин суугч, хэрэглэгчдэд 24 цагийн турш ус, дулаанаар тасралтгүй ханган, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг хийж, харин иргэд оршин суугчдын хэрэглэсэн ус, дулааны төлбөрийг нь дараа сарын 25-ны дотор банкаар дамжуулан цаасан баримтаар хураан авч, төвлөрүүлэн харилцагч Ус сувгийн удирдах газар, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК зэрэг харилцагч байгууллагад шилжүүлдэг.

Энэ чиг үүргийнхээ дагуу Г дүүргийн 5, 6 дугаар хороодын 29, 1, 2, 66, 42, 31/15, 80, В дүүргийн 6 дугаар хорооны 66, 67, 68, Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны 41 дүгээр байруудын инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс Д ХХК-аас шилжүүлэн авч ажил үйлчилгээг үргэлжлүүлж байна.

Тухайн үед Д ХХК нь Улаанбаатар дулааны шугам сүлжээнд 112,740,602 төгрөгийн, Ус сувгийн удирдах газарт 24,672,199 төгрөгийн өр төлбөртэй, оршин суугч, хэрэглэгчдээс 30,066,260 төгрөгийн авлагатай байсан ба уг өр төлбөр, авлагыг, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хамт балансаас балансад шилжүүлэн хүлээн авсан.

2020 оны 01 сарын 01-ний байдлаар 29 дүгээр байрын 29 тоот айл өрх нь "Д " ХХК-нд 2017 оны 10 сараас 2019 оны 12 сарыг дуусах хүртэл хугацааны ус, дулааны төлбөрт 1,618,779.23 төгрөгийн өглөгтэй байсан.

1.2. Манай компанийн харъяалалд ирснээс хойш буюу 2020 оны 01 сараас 2022 оны 08 саруудад хэрэглэсэн ус, дулааны төлбөрт 900,966.3 төгрөгийн өглөг, нийт 2,519,745.53 төгрөгийн өр үүсгэж, байгууллагад тодорхой хэмжээний хохирол үүсгэж байна.

Иймд дээрхи айл өрхийн ус, дулааны төлбөр болох нийт 2,519,745.53 төгрөгийг, нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,265.94 төгрөгийн хамт гаргуулан байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Д ХХК-ийн үед тооцооны үлдэгдэлгүй ба тус компани манай байрны ашиглалтыг хариуцахдаа давхар хууль бусаар СӨХ-ны үйл ажиллагаа явуулсан. Ингэхдээ байрны мөнгөн дээр СӨХ-ны мөнгийг хамт авч, тэр мөнгөө байрны тохижилт, цэвэрлэгээнд ашиглаагүй, хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байдаг байрны орчин, орц зэргийг балгас болгосон.

Иймд би "Д " ХХК-д хууль бусаар аваад байгаа СӨХ-ны төлбөрийг надаас хасалт хий, авсан мөнгийг ус дулаанд тооц гэж шаардсан боловч хасахгүй өр төлбөр үүсгэсэн.

2.2. Мөн нэхэмжлэгч А ХХК нь Д ХХК-ийн эрх, үүргийг хүлээн авсан гэдгийг зөвшөөрөхгүй байна. Учир нь оршин суугч нарт мэдэгдэхгүй үүссэн асуудлаа шийдэхгүйгээр үйл ажиллагаагаа А ХХК-д хүлээлгэж өгсөн.

А ХХК-ийн үед үүссэн өр төлбөр 900,966 төгрөгөөс 646,521 төгрөгийг төлнө. Харин 254,445 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Учир нь 2020 оны 8 сарын тоолуурын заалт буруу авсан.

Өмнөх шүүх хурал дээр А ХХК-аас гаргаж өгсөн Д ХХК-тай хамтран ажиллах гэрээг би миний төлбөртэй хамааралтай гэрээ гэж үзэхгүй. Учир нь энэ гэрээнд 2 тал хоорондоо хөрөнгө шилжүүлж, мөн нэг компани нөгөөхдөө их хэмжээний өр төлбөр шилжүүлсэн. Хамтран ажиллах гэрээ юм бол яагаад Д ХХК нь өөрөө айл бүрийн төлбөрийн үлдэгдлийг, байг гэхэд миний үлдэгдлийг нэхэмжлэхгүй байгаа, энд зөвхөн нийт компанийн өр заагдсан байна.

Засгийн газрын тогтоолоор баталсан "Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам"-д 2.2.2.4-т хариуцсан нэгжийн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны явцад үүсэж хөтлөгдсөн баримт бичгээс хуулбар авах тохиолдолд тухайн баримт бичгийн үнэн зөвийг хариуцаж, "Хуулбар үнэн" тэмдэглэлд гарын үсэг зурж баталгаажуулах" гэсэн байдаг. Эрх бүхий холбогдох байгууллагын өр төлбөр шилжиж төлөх тухай шийдвэргүй, эсхүл Д ХХК-ийн өмнөөс төлбөрийг авч болно гэсэн итгэмжлэл байхгүй ба хуулбар үнэн гэж тэмдэг дарснаас гарын үсэггүй, нотариатаар баталгаажуулаагүй байна.

2.3. Дулааны төлбөрийг хүлээн зөвшөөрнө гээд 646,521.41 төгрөг ба зөвшөөрөхгүй байгаа үнийн дүн нь тоолуурын заалтаараа зөрүүтэй байдаг ба хамгийн сүүлд батлагдсан үнэ тарифаар цэвэр ус нь 1070 төгрөгийг 38 төгрөгөөр бодохоор 40,660 төгрөг дээр НӨҮТ-н 4,066 төгрөгийг нэмэхээр 44,726 төгрөг болно.

Бохир усын тариф 870 төгрөгийг 38 төгрөг 33,060 төгрөг болох ба НӨҮТ-ын 10 хувийг нэмээд 36,366 төгрөг болно. Ус халаалсны төлбөр нь халуун усныхаа зөрүүгээр явна гэж үзээд 26, 26 төгрөгийг 1,632 бодохоор 35,412 төгрөг болно. 10 хувийг нэмэхээр 38,953 төгрөг болоод нийт 120,045 төгрөг болж байна.

2020 оны 01 сараас 10 сарын хооронд 34,235.96 төгрөгийг 506 төгрөгт хуваахаар мкв 67.6 гэж гардаг. Манайх 67,66 м.кв ба 2021 оны тоолуурын заалтыг надад өгөхгүй байгаа.

Халаалтын тариф өөрчлөгдөөгүй. 2020 оны 11 сард 36,000 төгрөг болгоод 2020 оны 12 сараас засгийн газраас даасан. Халаалтаас 2022 оны 01, 02, 03, 4 сар дээр 11,713.9 төгрөгийг зөвшөөрөхгүй. Мөн Засгийн газраа дулаан, тог цахилгааны төлбөрөөс чөлөөлсөн байхад 44,044 төгрөгийг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д заасныг тус тус үндэслэн хариуцагч А.Б ээс 2,321,656 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 198,089 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 болон 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,266 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.Б ээс 52,096 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Д ХХК-аас гаргасан хамтран ажиллах гэрээний эх хувь байхгүй, нотариатаар батлуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзсэн тул 1,584,779 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй.

4.2. Шүүхэд нэхэмжлэлийн шаардлагад ус, дулааны төлбөрт 2,519,745.23 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Шүүх хуралдаан эхлэхэд 2,330,881.21 төгрөг гэж нэхэмжлэлийг өөрчилсөн нь тооцооллыг будлиантуулах үндэслэл болсон. 2017 оны 10 дугаар сар гэж хугацааг тогтоосон байснаа сүүлд 2017оны 05 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуустал гэж зассаныг зөвшөөрөхгүй байна

4.3. Компанийн үйл ажиллагаа доголдож, 2019 онд хамтарсан шалгалт хийж А ХХК болон Д ХХК-уудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан. Хэргийн 38-44 дэх талд авагдсан баримтууд миний өгсөн нотлох баримт, 61-69 дэх талд авагдсан баримтууд нь А ХХК, Д ХХК-уудын хамтран ажиллах гэрээ бөгөөд шүүх үүнд андуурч дүгнэлт хийсэн.

Ус, дулааны төлбөрт нийт 2,519,745 төгрөг гэх шаардлагыг А ХХК, Д ХХК гэж салгаж тайлбарласан. Д ХХК нийт 1,618,000 төгрөг нэхэмжилснээс халаалтын төлбөр 1,009,000 төгрөг, цэвэр ус 106,000 төгрөг, бохир ус 56,000 төгрөг, ус халаасан 42,000 төгрөг, бусад төлбөр нь ус, дулааны төлбөрт ямар ч хамааралгүй төлбөр байсан.

Хамтран ажиллаж гэрээний А талд баримтын эх хувийг гаргаж өгөхийг заасан байхад эх хувь огт байхгүй тул тус компанид төлөх төлбөргүй, тооцоо нийлсэн.

А ХХК-ийн 900,006 төгрөгийн хувьд эхний нэхэмжлэлээр 900,966 төгрөг гэсэн тооцоолол хийж, халаалт, цэвэр ус, бохир усны нийт төлбөр 629,000 төгрөг болсон. Бусад төлбөр нь баримтаар тогтоогдоогүй тул нийт төлбөрөөс анхны хурлаар шийдвэрлэгдсэн 120,000 төгрөг, Засгийн газраас үзүүлсэн хөнгөлөлт, халаалтын тарифын зөрүү 11,000 төгрөгийг тус тус хасаж 450,954 төгрөгийг ус, дулааны төлбөрт төлнө гэж бичсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Ус тасарч, халаалт хаагдсан талаар нотлох баримт гаргаж өгөөгүй. Би анхан шатны шүүх хуралдаанд сар тус бүрээр нь тооцож нэг бүрчлэн гаргаж өгсөн тул СӨХ-ны мөнгө аваагүй. Ямар ч тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага ус, дулааны мөнгөө төлөх нь зүйтэй. Хэрэглэгчдийн төлсөн мөнгө манай компанийн мөнгө биш, станц, ус суваг гэхчлэн улсын байгууллагууд руу дамждаг мөнгө юм. Өр төлбөр нь одоо хүртэл манай байгууллага дээр явсаар байгаа тул төлбөр төлөхгүй гэх үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч А.Б т холбогдуулан Г дүүргийн 6 дугаар хороо, 29 дүгээр байрны 29 тоотод байрлах орон сууцны 2017 оны 10 сараас 2019 оны 12 сар хүртэл хугацааны дулаан, цэвэр, бохир усны ашиглалтын зардал 1,618,779 төгрөг, 2020 оны 01 сараас 2022 оны 08 сар хүртэл хугацааны төлбөр 900,966 төгрөг нийт 2,519,745 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Д ХХК, А ХХК-уудын хооронд 2019 оны 12 сарын 31-ний өдрийн хамтран ажиллах гэрээ, 2020 оны 01 сарын 01-ний өдрийн хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулагдаж, Д ХХК-ийн чиг үүрэг, үндсэн хөрөнгө, авлага, өр төлбөр зэргийг А ХХК хүлээн авсан байна. /хх61-62, 63/

 

Уг гэрээний дагуу Д ХХК-ийн орон сууцны байруудыг хүлээн авсан актад ...БЗД-ийн 6-р хороо ...29-р байрны 48 айлын ... орон сууцны байшингийн үндсэн хөрөнгө ... тоног төхөөрөмж, шугам сүлжээг балансаас балансад шилжүүлэн авч, үйл ажиллагааг хариуцахаар 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс харилцан тохиролцов. гэжээ. /хх63/

 

3.1. Нэхэмжлэгч А ХХК нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2020 оны 11 сарын 27-ны өдрийн тусгай зөвшөөрөл, Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 07 сарын 01-ны өдрийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл зэргийг эзэмшдэг. /хх9-10, 12/

 

Нэхэмжлэгч А ХХК нь эдгээр тусгай зөвшөөрөл болон гэрээ, актын дагуу Г дүүргийн 6 дугаар хороо, 29 дүгээр байрны хэрэглэгчийн үйлчилгээг хариуцан үйл ажиллагаа явуулдаг үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоогдсон байна.

 

Иймд хариуцагч А.Б ийн А ХХК шаардах эрхгүй, энэ талаарх баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэх гомдол үндэслэлгүй тул хангахгүй.

 

3.2. Талуудын хооронд энэ талаар гэрээ байгуулагдаагүй хэдий ч Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т "хэрэглэгч" гэж цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн... хэлнэ гэж зааснаар хариуцагч А.Б нь хэрэглэгч юм. Иймд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй. Иймд зохигчдын хооронд хэрэглэгч болон хангагчийн үүрэг хүлээсэн байдлыг үндэслэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

Хариуцагч А.Б нь нэхэмжлэгч А ХХК-ийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг Г дүүүргийн 6 дугаар хороо, 29 дүгээр байрны 29 тоотын орон сууцны оршин суугч тул хэрэглэсэн ус, дулааны төлбөрийг Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар төлөх үүрэгтэй.

 

4. Нэхэмжлэгч А ХХК нь 2017 оны 10 сараас 2019 оны 12 сар хүртэл хугацааны төлбөр 1,618,779 төгрөг, 2020 оны 01 сараас 2022 оны 08 сар хүртэл хугацааны төлбөр 900,966 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна.

 

4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж, залруулах боломжтой тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

Учир нь хариуцагчийн зүгээс 2017оны 10 сараас 2019 оны 12 сар хүртэлх хугацааны ус дулааны төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж мэтгэлцсэн байна.

Орон сууцны ашиглалтын төлбөр нь сар тутмын хэрэглээгээр тухай бүр тооцогддог, төлбөрийг дараа сарын тодорхой өдрөөр таслан төлөх үүргийг хэрэглэгч хүлээсэн нөхцөл байдлаас үзэхэд тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгт хамаарна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар нэхэмжлэгч тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүргийг шаардах эрх үүссэнээс хойш 3 жилийн дотор шаардлага гаргах эрхтэй.

 

Нэхэмжлэгч А ХХК нь 2022 оны 09 сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул 2017 оны 10 сараас 2019 оны 12 сар хүртэл хугацааны үүргийг хариуцагч А.Б ээс шаардах хөөн хэлэлцэх хугацааг алдсан байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 1,618,779 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

5. Анхан шатны шүүх 2020 оны 01 сараас 2022 оны 08 сар хүртэл хугацааны төлбөр 900,966 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн хасахыг зөвшөөрсөн 120,045 төгрөг, Засгийн газрын хөнгөлөлтөд хамрагдсан 40,044 төгрөгийг хасаж тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.

 

Иймд хариуцагч А.Б ээс 736,877 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,782,868 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч А.Б ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхив.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж занхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Г дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 24-ний өдрийн 101/ШШ2023/00558 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...2,321,656 гэснийг ...736,877 гэж, ...198,089 гэснийг ...1,782,868 гэж,

2 дахь заалтын ...52,096 гэснийг ...22,235 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Б ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,818 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ