Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2023/00182

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт байрлах, Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: тоот  хаягт байрлах, З газарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1,555,065,771.99 төгрөг гаргуулах тухай.

 

           Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Энхбат,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Батсайхан, Б.Батсүх,

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Батцогт,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч З газарт холбогдуулан гэрээний үүрэгт 1,555,065,771.99 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Б ХХК шүүхэд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн З газар нь 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 22-ын товчоо чиглэлийн 10,6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгүүлэхээр Чи Чи Ха Ар Хотын Хот төлөвлөлт инженеринг ХХК-тай АЗБ/ӨХ-2010/171/12 тоот “Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 22-ын товчоо чиглэлийн 10,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн барилгын ажлын гэрээг байгуулсан. Чи Чи Ха Ар Хотын Хот төлөвлөлт инженеринг ХХК-тай Б ХХК нь 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Түншлэлийн гэрээ байгуулж уг гэрээний 1.1.“...санхүүгийн чиглэлээр болон урьдчилгаа төлбөрийг авах, татвар хариуцлагыг Б ХХК хариуцна, “2.1. Энэхүү гэрээний 1.1-д заасан чиглэл хэлбэрийн хамтын ажиллагаатай холбоотой үйл ажиллагааг ...Б тал дангаар төлөөлөх” буюу Б ХХК дангаар төлөөлөх, “4.1.Түншлэлийн үр дүнг Б тал буюу Б ХХК бүрэн хариуцах тухай зааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл Чи Чи Ха Ар Хотын Хот төлөвлөлт инженеринг ХХК-тай байгуулсан Түншлэлийн гэрээгээр Б ХХК-д урьдчилгаа төлбөр авах болон санхүүгийн аливаа шаардах эрхийг шилжүүлсэн юм. Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 22-ын товчоо чиглэлийн 10,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн барилгын ажлын гэрээний Ерөнхий нөхцөлийн 16 дугаар зүйлд “Гүйцэтгэгч нь ажлыг техникийн тодорхойлолт болон зургийн дагуу хийж гүйцэтгэнэ” гэж заасан байдаг. Гэтэл энэхүү замын ажлыг гүйцэтгэх явцад ажлын зураг 4 удаа өөрчлөгдсөн бөгөөд 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдөр албан ёсоор батлагдсан. Ийнхүү 4 удаа өөрчлөгдөхдөө ПКОО-ээс ПК0+100 хэсэг буюу Дархан, Сэлэнгэ рүү салдаг уулзварыг 3 замын уулзвар хийх байсныг өөрчилж, аюулгүйн тойрог хийхээр болсон. Ингэснээр ажлын зурагт нийт замын урт 10,4 км байсан бол аюулгүйн тойрог хийх болсноор замын урт 10,6 км болж өөрчлөгдсөн, нийт 10,6 км хуучин замын хучилтан дээр давхарлан асфальтбетон хучилт хийх байсныг өөрчилж, хуучин хучилтыг хуулан шинээр асфальтбетон хучилт хийхээр, автозамын хашлагыг 12x15 см хэмжээтэй байсныг өөрчилж, 15x18 см болгосон. Ингэснээр манай компанийн суурилуулахаар худалдан авсан байсан замын хашлагууд хэрэггүй болж, нэмж 15x18 см хэмжээтэй замын хашлага суурилуулах шаардлагатай болсон. ПК31+86,28 хэсэг дээрх 2x1,5 м дугуй хоолойг дөрвөлжин хоолой болгон өөрчилсөн. Дугуй хоолой буюу кольцог суурилуулахад хялбар, хугацаа бага зарцуулагддаг төдийгүй үнэ өртгийн хувьд дөрвөлжин хоолойг суурилуулахаас харьцангуй хямд байдаг. Харин дөрвөлжин хоолойг суурилуулахад суурь ухах, арматур зангидах, бетон цутгах гэх мэт ажлуудыг нэмж хийдгээс гадна бэлэн бэлдэц байхгүйн улмаас ихээхэн хүндрэл учруулсан. ПКОО+ООО-ПК 3+650 хүртэлх хэсэг буюу Дархан, Сэлэнгийн уулзвараас хуучин 22-ын товчооны пост хүртэлх 4,2 км замын голоор нэмж тусгаарлах зурвас шинээр байгуулахаар болгож өөрчилсөн. Ингэснээр тус хэсгийн замд нэмж хашлага суурилуулах шаардлагатай болсон ба тусгаарлах зурвасын хэсэгт зүлэгжүүлэлтийн ажил нэмж хийгдсэн. ПК40+97,83 хэсэг дээрх 2x1,5 диаметртэй дугуй хоолойг гүүр болгон өөрчилсөн. Шинээр гүүр барихаар болсон нь цаг хугацаа алдах нэгэн том хүчин зүйл болж өгсөн. Захиалагч талаас гэрээний ерөнхий нөхцөлийн 21.1-т зааснаар “Захиалагч барилга барих эдэлбэр газрын болон барилгын талбайд орсон барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээ, авто болон төмөр замыг буулгах, зөөх, шилжүүлэх, хөдөлгөөнийг зогсоох зөвшөөрөл, уг барилгын цахилгаан, дулаан, цэвэр, бохир усан хангамж, уур, телефон, радио холбооны инженерийн шугам сүлжээнд холбох эх үүсвэрийг тодорхойлсон техникийн нөхцөл, зураг төсөл, барилгын ажил эрхлэх зөвшөөрөл, улаан шугам тавьсан акт, бусад холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгч ажлын талбайн бүх хэсгийг гүйцэтгэгчид ашиглуулна” гэсэн үүргийг хүлээсэн байдаг. Мөн гэрээний ерөнхий нөхцөлийн 21.2-т “Хэрэв аль нэг хэсгийг гэрээний тусгай нөхцөлд заасан хугацаанд ашиглуулж эхлээгүй бол захиалагчийн зүгээс холбогдох ажлыг эхлэхэд саад болсонд тооцож, энэ нь нөхөн төлбөр хийх нөхцөл болно” гэж заасан. Гэтэл биднийг авто зам барих ажлыг эхлүүлснээс хойш захиалагч нь замын барилгын ажлын трасст орсон сурталчилгааны самбар болон кабел шугамын байгууламжууд, түүхий эд борлуулдаг цэгүүдийг нүүлгээгүй, албан байгууллагуудын талбайг чөлөөлж өгөөгүй гэх мэтээр дээр дурдсан үүргээ биелүүлээгүй юм. Бидний зүгээс хуучин нэрээр Нийслэлийн авто замын газарт 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 10/131 тоот, 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 11/145 тоот, 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 11/139 тоот, 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 12/118 тоот, 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 12/145 тоот албан тоотуудыг явуулж шаардлагыг хүргүүлж байсан. Ийнхүү 5,6 км авто замыг барих явцад захиалагч үүргээ биелүүлээгүйгээс ажлын талбайн бүх хэсгийг ашиглах боломж хязгаарлагдаж, ажлын зураг 4 удаа өөрчлөгдөж, түүнтэй дагалдаж нэмэлт ажлууд хийгдэх болсон нь биднийг авто замаа барьж дуусгаж хүлээлгэж өгөх үйл ажиллагаа хугацаа хэтрэхэд шууд нөлөөлсөн. Бидний зүгээс 22-ын товчоо чиглэлийн 10,6 км авто замын өргөтөл, шинэчлэлтийн ажлаас 5,6 км авто замын ажлыг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр барьж дуусгаж, 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл захиалагч тал ажлын үр дүнг хүлээн авсан юм. Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 22-ын товчоо чиглэлийн 10,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн барилгын ажлын гэрээний 2 дугаар зүйлд гэрээний нийт дүн 12,095,140,840 төгрөг байхаар заасан бөгөөд ажлыг өөрийн хөрөнгөөр эхэлж гүйцэтгэж, хөрөнгө оруулалтыг улсын төсөвт батлагдсан тухайн жилд олгохоор заасан байдаг. Ажлын зураг хэд хэдэн удаа өөрчлөгдсөн, захиалагч тал замын трассыг чөлөөлж өгөөгүй гэх мэт шалтгаануудын улмаас биднийг 22-ын товчоо чиглэлийн 5,6 км авто замын ажлыг барьж гүйцэтгэх ажлын хугацаа хэтэрсэн бөгөөд бид өнөөдрийн байдлаар нийт 8,425,741,499.99 төгрөгийн зардал гаргасан. Үүний 6,870,675,728 төгрөгийг захиалагч талаас санхүүжилтэд авсан. Ц.Цэрэндорж шинжээчийн төсөв дээр үндэслээд 8,384,084,801 төгрөг гэдгийг дэмжээд манай гүйцэтгэсэн ажил ийм болж байгаа. Үүнээс авсан санхүүжилт болох 6,870,675,720 төгрөг болон 650,000,000 төгрөгийн асфальтбетонын төлбөрийг нийлүүлээд үзэхээр нийт манай авсан санхүүжилт нь 7,520,675,728 төгрөг болно. Бид нийт гүйцэтгэсэн ажлаа Ц.Цэрэндоржийн төсвийг дэмжээд 8,384,084,801 төгрөгөөр тооцоход авсан санхүүжилтын зөрүүгээр 863,409,073 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 650,000,000 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 863,409,073 төгрөг гаргуулна гэв.

 

2.Хариуцагч З газар шүүхэд болон хариуцагчийн төлөөлөгч Ч.Батсайхан, Б.Батсүх нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөрийн хөрөнгөөр эргэн төлөгдөх нөхцөлтэй 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн авто замын газартай 12,095,140,840 төсөвт өртөгтэй АЗБ/ӨХ-201/171/12 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 22-ын товчоо чиглэлийн 10.6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн барилгын ажлын гэрээг нэг жилийн хугацаатай Чи Чи Ха Ар Хотын Хот төлөвлөлт инженеринг ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээ байгуулан ажиллах явцад нэхэмжлэлд дурдагдсан газар чөлөөлөлт болон шугам сүлжээ, зургийн өөрчлөлтийн асуудлуудыг түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд манай газраас холбогдох байгууллага албан тушаалтнуудад албан шаардлага, албан бичиг, хүсэлт, хамтран ажиллах гэрээ хийх мэтээр асуудлуудыг тухай бүрт нь шийдвэрлэх арга хэмжээг авч ирсэн байдаг. Тиймээс ч дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ажил гүйцэтгэх гэрээг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан. Ийнхүү зам барилгын ажлын явцад ажлыг эрчимжүүлэх чанаргүй хийгдсэн ажлыг засаж сайжруулах гэрээний хариуцлага тооцох чиглэлээр захиалагчийн зүгээс ерөнхий гүйцэтгэгч Чи Чи Ха Ар Хотын Хот төлөвлөлт ХХК түншлэл Б ХХК-ийн удирдлагатай олон удаагийн уулзалт, ярилцлага хийх, тодорхой хугацаатай үүрэг даалгавар чиглэл өгч байсан. Гэтэл гүйцэтгэгч нь гэрээний үүргийг хангалтгүй биелүүлж, ажлын уялдаа холбоо зохион байгуулалт муу байсан зэргээс үүдэн энэхүү замыг 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо 22-ын товчоо чиглэлийн 5,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг Улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авсан. Тухайн үед буюу баяр наадмын өмнө нэг талын замын хөдөлгөөнийг нээхийн тулд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 11/41 дугаар тогтоолын 2-р хавсралтаар Моносын уулзвараас 22-ын товчоо хүртэлх 5,0 км авто замын ажлын нэмэлт хөрөнгө 647,500,000 төгрөг, хуучин 22-ын товчооноос Баруун аймаг, Дархан чиглэлд салдаг уулзвар хүртэл автозамын суурь хучилт асфальт бетоны ажилд /4,3км/ 650,000,000 төгрөгийг тус тус төсвийн нэмэлт тодотголоор 1,297,500,000,000 төгрөгийн нэмэгдэл хөрөнгийг Нийслэлийн төсвөөс гаргасан. 2010 оноос 2015 он хүртэл хугацаанд Баруун аймгууд руу явдаг гол зам бүрэн ашиглалтад ороогүй зэрэг нь ерөнхий гүйцэтгэгч Чи Чи Ха Ар Хотын Хот төлөвлөлт инженеринг ХХК, түншлэл Б ХХК-тай шууд холбоотой. Иймд тус газраас нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. АЗБ/ӨХ-201/171/12 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 22-ын товчоо чиглэлийн 10,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн барилгын ажлын гэрээний тусгай нөхцлийн 41.0 Дараах тохиолдолд нь мөн нөхөн төлбөр нөхцөлд тооцогдоно: /шаардлагагүй/ гэсэн байна. Гэрээний ерөнхий нөхцөлийн 44 дүгээр зүйлийн дагуу гэрээнд үнийн тохируулга хийж болохгүй гэсэн байна. Чи Чи Ха Ар Хотын Хот төлөвлөлт инженеринг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 13/03 дугаартай Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл танаа гэсэн албан хүсэлт дээр 4,2 км замын ажлыг өөрийн хөрөнгөөр ямар нэг хүндрэл гарахгүйгээр 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн дуусгаж Улсад хүлээлгэж өгнө гэсэн албан бичгийг ирүүлсэн. Мөн улсаас ямар нэгэн нэмэлт санхүүжилт хүсэхгүйгээр 100 хувь өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж, үлдсэн 5,0 км замын барилгыг захиалагч талаас гэрээг цуцалж сонгон шалгаруулалт явуулахад ерөнхий гүйцэтгэгчийн зүгээс ямар нэгэн татгалзах зүйлгүй болохыг мэдэгдэж байна гэсэн албан хүсэлтийг тус газарт итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ /одоогийн нэхэмжлэгч/ ирүүлж байсан. Иймд дээрх тайлбар болон үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б ХХК нь тус газраас илүү гарсан зардал гэх 1.555.065.771,99 төгрөгийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, 22-ын товчоо чиглэлийн 10,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн барилгын ажлын гэрээ, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, замын өргөтгөлийн ажлын гүйцэтгэлийн аудитын дүгнэлт, авто замын санхүүжилтийн тайлан, шинжээчийн ажил гүйцэтгэх гэрээ, хамтран ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, засварын ажил гүйцэтгэх гэрээ, зарлагын падаан, кассын орлогын ордер, мөнгө шилжүүлсэн баримтууд, Нийслэлийн авто замын газарт хүргүүлж байсан албан бичгүүд зэрэг баримтуудыг, хариуцагчаас хариу тайлбар, Чи Чи Ха Ар хотын хот төлөвлөлт инженеринг ХХК-иас Авто замын газар, хотын захирагчид ирүүлсэн албан бичгүүд, Ажил эрчимжүүлэх тухай Нийслэлийн засаг даргын захирамж зэрэг баримтуудыг шүүхэд өгсөн, шүүх талуудын хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн Эрдэнэ зам ХК, Тэгш плант ХХК-тай байгуулсан түншлэлийн гэрээ болон энэ компаниуд руу мөнгө шилжүүлсэн баримтууд, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 22-ын товчоо чиглэлийн 10,6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн барилгын ажлын үндсэн экспертизээр баталгаажсан замын зураг, барилга угсралтын ажлын явцад оруулсан өөрчлөлтийг тусгасан зургууд, Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт, зам барилгын ажлын анхны төсөвт өртгийн товчоо, шинжээчийн дүгнэлтүүд, гэрч асуусан тэмдэглэлийг бүрдүүлсэн байна.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч З газарт /хуучнаар Авто З газар/ холбогдуулан гэрээний үүрэгт 1,555,065,771.99 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа 650,000,000 төгрөгөөр багасгаж, 863,409,073 төгрөгийг шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  Ажлын зураг хэд хэдэн удаа өөрчлөгдсөн, захиалагч тал замын трассыг чөлөөлж өгөөгүйн улмаас 22-ын товчоо чиглэлийн 5,6 км авто замын ажлыг барьж гүйцэтгэх ажлын хугацаа хэтэрсэн бөгөөд бид өнөөдрийн байдлаар нийт 8,425,741,499.99 төгрөгийн зардал гаргасан. Материалын үнэ өссөн гэж тайлбарлав.

 

5.Хариуцагч З газар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: АЗБ/ӨХ-201/171/12 дугаар Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 22-ын товчоо чиглэлийн 10,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн барилгын ажлын гэрээний тусгай нөхцлийн 41.0 Дараах тохиолдолд нь мөн нөхөн төлбөр хийх нөхцөлд тооцогдоно: /шаардлагагүй/ гэж, мөн гэрээний ерөнхий нөхцөлийн 44 дүгээр зүйлийн дагуу гэрээнд үнийн тохируулга хийж болохгүй гэж заасан. Гүйцэтгэгч нь улсаас ямар нэгэн нэмэлт санхүүжилт хүсэхгүйгээр 100 хувь өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх байсан. Үлдсэн 5,0 км замын барилгыг захиалагч талаас гэрээг цуцалж сонгон шалгаруулалт явуулахад ерөнхий гүйцэтгэгчийн зүгээс ямар нэгэн татгалзах зүйлгүй болохыг мэдэгдэж байна гэсэн албан хүсэлтийг тус газарт ирүүлсэн бөгөөд нэмэлт зардал болгож энэ төсөлд 1,297,500,000 төгрөг олгогдсон гэж маргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, 22-ын товчоо чиглэлийн 10,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн барилгын ажлын гэрээ, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, замын өргөтгөлийн ажлын гүйцэтгэлийн аудитын дүгнэлт, авто замын санхүүжилтийн тайлан, шинжээчийн ажил гүйцэтгэх гэрээ, хамтран ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, засварын ажил гүйцэтгэх гэрээ, зарлагын падаан, кассын орлогын ордер, мөнгө шилжүүлсэн баримтууд, Чи Чи Ха Ар хотын хот төлөвлөлт инженеринг ХХК-иас Авто замын газар, хотын захирагчид ирүүлсэн албан бичгүүд, Ажил эрчимжүүлэх тухай Нийслэлийн засаг даргын захирамж, Эрдэнэ зам ХК, Тэгш плант ХХК-тай байгуулсан түншлэлийн гэрээ болон энэ компаниуд руу мөнгө шилжүүлсэн баримтууд, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 22-ын товчоо чиглэлийн 10,6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн барилгын ажлын үндсэн экспертизээр баталгаажсан замын зураг, барилга угсралтын ажлын явцад оруулсан өөрчлөлтийг тусгасан зургууд, Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт, зам барилгын ажлын анхны төсөвт өртгийн товчоо, шинжээчдийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “22-ын товчоо чиглэлийн 10,6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгүүлэх”-ээр Нийслэлийн З газар (хуучнаар Авто З газар) нь Чи Чи Ха Ар Хотын Хот төлөвлөлт инженеринг ХХК-тай Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, 22-ын товчоо чиглэлийн 10,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн барилгын ажлын гэрээг байгуулж, гүйцэтгэгч ажлыг 2010 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд барьж ашиглалтанд оруулах, ажлын үнэ 12,095,140,840 төгрөгийн санхүүжилтийг захиалагч улсын төсөвт батлагдсан тухайн жилд олгохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

7.Зохигчид Ажил гүйцэтгэх гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй байна.

 

8.Харин нэхэмжлэгч Б ХХК нь дээрх гэрээт ажлыг гүйцэтгэхэд гарсан зардал 1,555,065,771.99 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа 650,000,000 төгрөгөөр багасгаж, үндэслэлээ Нийслэлийн замын сангаас 650,000,000 төгрөг гаргаж 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Эрдэнэ зам ХК-д Асфальтбетон зуурмаг, шингэн цацлага үнэ гэж шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан хэмээн тайлбарлаж, 863,409,073 төгрөгийг гаргуулна гэж мэтгэлцэж байна. /хавтаст хэргийн 157 дахь тал/

 

9.Чи Чи Ха Ар Хотын Хот төлөвлөлт инженеринг ХХК нь Б ХХК-тай 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Түншлэлийн гэрээ байгуулсан байх ба Түншлэлийн гэрээний 1.1.“Гэрээний А тал- Чи Чи Ха Ар Хотын Хот төлөвлөлт инженеринг ХХК, Б тал- Б  ХХК талууд Сонгинохайрхан дүүргийн 5 шараас 22-ын товчоо хүртэлх бүх замын ажлыг хийж гүйцэтгэх, санхүүгийн чиглэлээр болон урьдчилгаа төлбөрийг авах, татвар хариуцлагыг Б ХХК хариуцах хэлбэрээр хамтран ажиллана.” , 2.1.“Энэхүү гэрээний 1.1-д заасан чиглэл хэлбэрийн хамтын ажиллагаатай холбоотой үйл ажиллагааг ...Б тал дангаар төлөөлөх”, 4.1.“Түншлэлийн үр дүн, алдагдал хохирол, бусад этгээдийн өмнө үүссэн хариуцлагыг Б тал бүрэн хариуцна.” гэж заажээ. Түншлэлийн гэрээний дагуу Б ХХК-д дээрх ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгчийн эрх үүрэг, аливаа шаардах эрхийг шилжүүлсэн байх тул Б ХХК-ийг ажлын хөлсний үлдэгдлийг хариуцагчаас шаардах эрхтэй этгээд мөн гэж үзнэ.

 

10.Нэхэмжлэгч Б  ХХК нь 22-ын товчоо чиглэлийн 10,6 км замын 5,6 км замын ажлыг гүйцэтгэж 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр улсын комисст ашиглалтанд хүлээлгэж өгсөн байх ба үлдсэн замын ажлыг Тэгш плант ХХК, Эрдэнэ зам ХК-иуд хийж гүйцэтгэсэн баримтууд хэрэгт авагдсан байна.

 

11.Хариуцагч З газрын төлөөлөгчөөс “гүйцэтгэгч нь 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 13/04 тоот албан бичгээр “...3.Үлдсэн 5,0 км замын барилгын ажлыг бид хийх боломжгүй байгаа бөгөөд захиалагч талаас гэрээг цуцлаж сонгон шалгаруулалт явуулахад ерөнхий гүйцэтгэгчийн зүгээс ямар нэгэн татгалзах зүйлгүй болохыг мэдэгдэж байна” гэсний дагуу Нийслэлийн замын сангаас 650,000,000 төгрөг гаргаж 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Эрдэнэ зам ХК-д Асфальтбетон зуурмаг, шингэн цацлагын үнийг шилжүүлсэн, мөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн  хурлын 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 11/41 дугаар Нийслэлийн 2013 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын хоёрдугаар хавсралтын 15.Моносын уулзвараас 22-ын товчоо хүртэлх 5,0 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын нэмэлт хөрөнгө 647,5 төгрөгийг олгохоор шийдвэрлэж үлдсэн замын ажлыг Эрдэнэзам ХХК, Тэгш плант ХХК нар хийж гүйцэтгэсэн баримтууд хэрэгт авагдсан” гэж мэтгэлцэж байгаа тайлбар нь илүү үндэслэл бүхий гэж үзэхээр байна. /хавтаст хэргийн 157-175 дахь тал/

 

12.Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 02-07-107/1060 дугаартай “...Б ХХК-ийн талбайн инженер Н.Долгорсүрэнг байлцуулан 2013 оны 06 дугаар сарын 20, 28-ны өдөр хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ, ...гүйцэтгэгч  байгууллага: Чи Чи Ха Ар Хотын төлөвлөлт инженеринг ХХК нь 2010 онд Нийслэлийн авто замын газартай АЗБ/ӨХ-201/171/12 дугаар гэрээ байгуулж авто замын барилгын ажил эхэлсэн бөгөөд 2012 онд тус гэрээг сунгажээ. Эрдэнэзам ХК, Тэгш плант ХХК-тай түншлэн Моносын уулзвараас 22-ын товчоо хүртэлх 5,0 км авто замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр Тэгш плант ХХК-тай түншлэн Нийслэлийн авто замын газартай  2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр АЗ/УТ/ХГ-2013-01 дугаар гэрээ байгуулсан байна. Шалгалтын явцад дараахь зөрчлүүд илэрлээ. Үүнд: Б ХХК-ний хувьд ПК 0+4100-д авто замын урд талын урсгалын хэсэгт 2012 онд асфальтбетон суурь хучилт хийгдсэн боловч замын хучилт цоорч нүх үүссэн, суурийн материал ил гарсан байна. Буталсан чулуун суурийн орц нормыг лабораторид тогтоолгон баталгаажуулсан баримт байхгүй, Авто замын хашлагыг өндөрийн зөрүүтэй суурилуулсан байна. Ажил гүйцэтгэж байгаа хэсэгт анхааруулах тэмдэг заалт, хаалт, хамгаалалт тавигдаагүй, хөдөлмөр хамгааллын хувцасгүй, Машин тоног төхөөрөмж, хүн хүч хангалтгүй ажил удаашралтай явагдаж байгаа, Эрдэнэ зам ХК-ны хувьд асфальтбетон хучилт хийж байгаа ПК 7+450 - ПК 7+650- орон хагарал гарсан болон эвдрэлтэй хэсгүүдэд буталсан чулуун суурь, хуучин фальтбетон хучилтанд засвар хийхгүйгээр шууд шинээр хучилт авсан. Дээрх зөрчил дутагдлууд нь "Авто зам барих" БНбД 32-02-00, техникийн шаардлагын холбогдох заалтуудыг тус тус зөрчиж байна. Дээрх байдлаас үндэслэн дүгнэлт болгох нь: Улаанбаатар хотын 22-ын товчоо чиглэлийн 10,6 км хатуу хучилттай авто замын буталсан чулуун суурийн ачаа даацын харьцаа нь техникийн шаардлагын түвшинд хүрээгүй, авто замын буталсан чулуун суурийн орц нормыг итгэмжлэгдсэн лабораторид тогтоолгон баталгаажуулаагүй, технологийн горим зөрчигдөн гүйцэтгэгдсэн, норм дүрэм, техникийн шаардлагын холбогдох заалтуудыг зөрчсөн нь тухайн авто зам чанаргүй болох нөхцөл бүрдсэн байна. Тус авто замын барилга угсралтын ажлын явцад түр замын арчлалтын Ажил хангалттай хийгдээгүй байгаа нь "Авто замын тухай" хуулийн 15.1.1-ийн "авто тээврийн хэрэгсэл саадгүй, аюул осолгүй зорчиход авто зам, замын байгууламжийг бэлэн байлгах" заалт зөрчигдөж, хөдөлгөөний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж, осол аваарь гарах нөхцөл бүрдсэнд захиалагч болон гүйцэтгэгч байгууллагаас зөрчлийг арилгахад холбогдох арга хэмжээг авах шаардлагатай байна.  Цаашид барилга угсралтын явцад авто тээврийн хэрэгслийн зорчих түр замыг засварлан арчлах, услах, аюул осол гарахаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай анхааруулах тэмдэг байрлуулах, "Авто зам барих” БНбД 32-02-00, техникийн шаардлага, технологийн горимын дагуу тус авто замын барилгын ажлыг  гүйцэтгэж, Авто замын тухай хуулийн 13.4-ийн "иргэн, хуулийн этгээд авто зам, замын байгууламжийг барих, засварлах, арчлан хамгаалахдаа хууль тогтоомж, эрх бүхий акт, стандарт, техник, технологи, байгаль орчны болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг биелүүлэх үүрэгтэй" заалтын хэрэгжилтийг хангуулан ойрын хугацаанд асфальтобетон хучилтын ажлыг норм дүрэм, техникийн шаардлага технологийн горимын дагуу гүйцэтгэж, тээврийн хэрэгсэл хэвийн аюулгүй зорчих нөхцөлийг хангах нь зүйтэй байна” гэх дүгнэлтээр гүйцэтгэгч Б ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын чанар, машин, тоног төхөөрөмж,  хүн хүч хангалтгүйн улмаас хугацаа алдсан нь тогтоогдсон” гэж хариуцагч мэтгэлцэж байгааг нэхэмжлэгч няцааж, үгүйсгэж чадахгүй байна.

 

13.Б ХХК нь ажлын санхүүжилтанд захиалагчаас 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 4,109,529,101 төгрөг, 08 дугаар сарын 05-ны өдөр 335,687,199 төгрөг, 12 дугаар сарын 28-ны өдөр 2,425,459,428 төгрөг, нийт 6,870,675,728 төгрөг авсан байна.

 

14.Нэхэмжлэгч Б ХХК нь 5.6 км замын ажлын гүйцэтгэлд 8,425,741,499.99 төгрөг зарцуулсан, захиалагчаас авсан санхүүжилтээ хасаж зөрүү 1,555,065,771.99 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн үндэслэлээ ажлын зурагт хэд хэдэн удаа өөрчлөлт орсон, нэмэлт ажил хийж нэмэлт зардал гарсан, мөн замын ажил удааширснаас материалын үнэ өссөн гэж, замын ажил удааширсныг газар чөлөөлөх асуудал сунжирсан, цаг агаарын тааламжгүй нөхцөл байдал байсан, ажлын зурагт өөрчлөлт орж нэмэлт ажлууд хийгдсэн гэж тайлбарлаж байна. Ажлын зурагт тусгагдаагүй ажлуудаас 3 замын уулзварыг аюулгүй тойрог болгосон, хуучин хучилтыг хуулах болсон, автозамын хашлагыг 12-15 см байсныг өөрчилж 15-18 см болгосон, дугуй хоолойг дөрвөлжин хоолой болгосон, замын голоор нэмж тусгаарлах зурвас шинээр байгуулах болсон, дугуй хоолойг гүүр болгон өөрчилж гүйцэтгэсэн зэрэг нь Голден пэйж аудит ХХК-ийн гүйцэтгэлийн аудитын тайланд тусгагдсан гэж маргаж байгаа боловч Голден пэйж аудит ХХК-ийн 2013 оны гүйцэтгэлийн аудитын тайлан “Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шинжилгээ хийлгэх тогтоолыг үндэслэн Б ХХК-ийн захирал Ц.Бат-Эрдэнэ нь Нийслэлийн авто замын газартай гэрээ байгуулж, 2010 онд Таван шарын төмөр замын презертэй уулзвараас Эмээлт-Дархан Сэлэнгэ чиглэлийн салдаг уулзвар хүртэлх 10,6 км замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэхээр 7,001,715,481 төгрөгийн улсын төсвийн санхүүжилт авсан атлаа 4,3 км замын ажлыг 65-70 хувьтай хийж гүйцэтгэсэн. Одоо санхүүжилт байхгүй шалтгаанаар замыг дуусгаагүй тул санхүүжилтээр авсан мөнгөний зарцуулалтыг, ажлыг гүйцэтгэлийг нарийн  шалгах, төсвийн мөнгийг замын ажил хийж гүйцэтгэх нэрээр завшиж үрэгдүүлсэн эсэхийг шалгаж, хөндлөнгийн аудит гаргуулах” гэх эрүүгийн 2014250003564 тоот хэрэгт гүйцэтгэлийн аудитын дүгнэлт гаргах зорилгоор аудитын ажлыг хийж гүйцэтгэлээ” гэх Аудитын дүгнэлт гаргасан байх тул эрүүгийн хэрэгт авагдсан энэ баримтыг тухайн нэхэмжлэлд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэх үндэслэлгүй. /хавтаст хэргийн 40-62 дахь тал/

 

15.Замын ажил удааширсан асуудалд захиалагч гүйцэтгэгчийг, гүйцэтгэгч захиалагчийг буруутгаж байна. Ажил гүйцэтгэх явцад хуучин нэрээр Авто З газраас Чи Чи Ха Ар Хотын Хот төлөвлөлт инженеринг ХХК, Б ХХК-иудад дараахь асуудлаар, тухайлбал туршлагатай, гэрээнд заасан инженер, техникийн ажилтнуудыг ажиллуулах, чөлөөтэй талбай дээр ажил хийгдэхгүй байгаа тухай, ажлын хугацаа хоцорч байгаа, шаардлага зөвлөмжүүдийг мөрдөх, хүн хүч нэмэх, технологийн горим сахих, ажил зогссонд төлбөр алданги тооцох, ажлын чанар хангалтгүй байгаа тухай, нэгдсэн төсвөө батлуулах, санаачилга гаргахгүй уулзалт хийхгүй байгаа тухай, гэрээ цуцлах тухай тус тус 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдөр, 04 дүгээр сарын 15, 20-ны өдөр, 05 дугаар сарын 2-ны өдөр, 06 дугаар  сарын 07-ны өдөр, 07 дугаар сарын 21-ний өдөр, 09 дүгээр сарын 07-ны өдөр, 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, 06 дугаар сарын 04-ний өдөр, 07 дугаар сарын 25-ны өдөр, 08 дугаар сарын 03-ны өдөр, 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр, 03 дугаар сарны 04-ний өдрүүдэд албан бичгүүдийг хүргүүлж байсан, Б ХХК-иас Авто З газарт газар чөлөөлүүлэх тухай, материалын шинжилгээний хариу хугацаандаа гарахгүй байгаа, ажлын зурагт өөрчлөлт орох эсэхийг шийдвэрлэх, түр зам ба замын гарцын асуудал, нэмэгдэж хасагдсан ажлын тоо хэмжээг гаргаж зургийг баталгаажуулж өгөх, замын хуучин асфалт бетон хучилтын зардлыг хэрхэх, өдрийн цагаар ажиллуулах, анхны зураг төсөвт ороогүй ажлыг гүйцэтгэх боломжгүй тухай, гэрээний хугацааг сунгах, асфалтын үнэ нэмэгдсэн зөрүүг тооцож олгох тухай 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, 2011 оны 06 дугаар сарын 13, 30-ны өдөр, 07 дугаар сарын 05-ны өдөр, 08 дугаар сарын 01, 04-ний өдөр, 09 дүгээр сарын 30-ны өдөр, 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр, 05 дугаар сарын 28-ны өдөр, 06 дугаар сарын 06, 07-ны өдөр, 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрүүдэд албан бичгүүдийг хүргүүлж байжээ.

 

16.Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр ажлын гүйцэтгэлийн хэмжээ, зардлын дүн, нэмж хийсэн ажил, нэмэгдэж гарсан зардлыг тодорхойлуулах, нэмэгдэл зардлыг нэмж хийсэн ажлынх болон ажил удааширснаас материалын нэмэгдсэн үнэ гэж ялгаж зааглуулахаар шинжээч томилж ажиллуулсан ба шинжээч нь нийт хийсэн ажил, гаргасан зардлын тооцоог гаргасан боловч нэмэгдсэн гэх зардлыг нэмж хийсэн ажлынх, ажил удааширснаас материалын үнэ өссөн гэж ялгах боломжгүй гэж дүгнэсэн байна.

 

17.Хариуцагч Нийслэлийн З газарт холбогдох 1,555,065,771.99 төгрөг гаргуулах шаардлагаас нэхэмжлэгч Б ХХК нь Нийслэлийн замын сангаас 650,000,000 төгрөг гаргаж 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Эрдэнэ зам ХК-д асфальтбетон зуурмаг, шингэн цацлагын үнийг шилжүүлсэн үндэслэлээр 650,000,000 төгрөгийг гаргуулахаас татгалзсан бөгөөд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 11/41 дугаар “Нийслэлийн 2013 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын хоёрдугаар хавсралтын 15-т Моносын уулзвараас 22-ын товчоо хүртэлх 5,0 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын нэмэлт хөрөнгө 647,500,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэж үлдсэн замын ажлыг Эрдэнэзам ХК, Тэгш плант ХХК хийж гүйцэтгэсэн баримтууд авагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. /хавтаст хэргийн 157-175 дахь тал/

 

18.Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 257,565,771.99 төгрөгийг материалын үнэ нэмэгдсэн гэж тайлбарласан бөгөөд шинжээчийн дүгнэлтэд гэрээгээр гүйцэтгэгчийн хийвэл зохих ажил, хийсэн ажил гэж ялгасан байдлаас зарим ажил нэмэгдсэн, ажлын зарим хэсэг хийгдээгүй дутуу харагдаж байна. Тухайлбал, гүйцэтгэгч 10.6 км замаас 5,6 км замын ажлыг хийсэн нь ажил дутуу харагдах ба гүйцэтгэсэн ажлыг ашиглалтанд оруулсан 5,6 км замд харьцуулж гаргаагүй, мөн зардлыг тооцохдоо нэмж хийсэн ажлынх, ажил удааширснаас материалын үнэ нэмэгдсэн гэж ялгаж зааглаагүй тул шинжээчийн дүгнэлтийг үндэслэх боломжгүй гэж үзнэ. /хавтаст хэргийн 200-201 дэх тал/

 

19.Шинжээч О.Энхтайван шүүх хуралдаанд өгсөн “Миний хийсэн шинжээчийн дүгнэлтийн эхний хүснэгтэд 10,4 км замын тоо хэмжээ байгаа бөгөөд 2 дугаар хүснэгтэд 5,6 км ажил хийсэн гэж үзсэн...” гэх тайлбар шүүх хуралдааны  тэмдэглэлд тусгагджээ. /2 дугаар хавтас 240 дэх тал/

 

20.Хариуцагч З газар нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, АЗБ/ӨХ-201/171/12 дугаар Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, 22-ын товчоо чиглэлийн 10,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн барилгын ажлын гэрээний тусгай нөхцөлийн 41.0 дараах тохиолдол нь нөхөн төлбөр нөхцөлд тооцогдоно: [шаардлагагүй] гэж, 44.0 ерөнхий нөхцөлийн 44 дүгээр зүйлийн дагуу гэрээнд үнийн тохируулга хийж [болохгүй] гэж заасныг үндэслэн мэтгэлцэж байгаа тайлбар нь үндэслэлтэй байна.

 

21.Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Нийслэлийн З газарт холбогдох 1,555,065,771.99 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэгч  Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч  Нийслэлийн З газарт  холбогдох     1,555,065,771.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,933,280 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НАРАНГЭРЭЛ