Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2023/00521

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суугч, С.У-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: тоот хаягт байрлах, М- УТҮГ -т холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: М-н захирлын Б/174 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч С.У-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Солонго,

Хариуцагчийн төлөөлөгч Л.Жавзмаа,

Гэрч Н.Э-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.У- нь хариуцагч М-д холбогдуулан М-н захирлын Б/174 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

           1.Нэхэмжлэгч С.У- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тус музейн захирлын Б/134 тоот тушаалаар Аюулгүй байдал, үйлчилгээний албаны даргаар түр томилогдон ажилласан. Тус албан тушаалын тодорхойлолтын дагуу музейн өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээ, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хариуцах албан тушаалын чиг үүргээ өдөр тутам хэрэгжүүлж ирсэн. Тус музейн захирлын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/174 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.5 буюу “ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлын хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон" мөн тус музейн "Аюулгүй байдал, дохиолол хамгаалал, камерын ажиллагааг шалгах ажлын хэсгийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн ажлаас үндэслэлгүй халсан. Уг дүгнэлт гаргах ажлын хэсгийн үйл ажиллагаа, хуралд намайг оролцуулаагүй, тайлбар гаргах боломжоор хангаагүй, дүгнэлт хэсэг нь эрх зүй болон стандартад үндэслээгүй, холбогдох нотлох баримт байхгүй, мөн дүгнэлтэд хариуцсан ажил үүргийн хэрэгжилтийн талаар тодорхой дурдаагүй хэрнээ хэт субьектив байдлаар албаны даргын үүрэг гүйцэтгэгч С.У- нь өөрийн хариуцаж буй ажилтнууддаа хяналт тавьдаггүй, камерын хянагч болон албаны даргын уялдаа холбоо муу байгаа нь харагдаж байна. Зөв чиглүүлдэггүй, ажлаа мэдэхгүй, сэтгэлгүй гэж дүгнэж, уг дүгнэлтийг үндэслэн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Иймд захирлын Б/174 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,206,039 төгрөг гаргуулж, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 2.Хариуцагч М- шүүхэд болон төлөөлөгч Л.Жавзмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М-н захирлын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/134 дүгээр С.У-ийг ажилд түр томилох тушаал нь 1999 оны Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтуудын дагуу Хөдөлмөрийн дотоод журам, Захиргааны зөвлөлийн шийдвэр зэргийг үндэслэн гарсан. С.У-ийг 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн Аюулгүй байдал, үйлчилгээний албаны даргын албан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан "мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага туршлага, тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэх зэрэг олон шалгуур үзүүлэлт, тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангах зорилгоор түр хугацаагаар үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажилласан. Ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, Албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилт, 2 дугаар зорилтыг хэрэгжүүлж ажиллаагүй, удаа дараа ажлын хариуцлага алдсан тул М-н захирлын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/174 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн. С.У- соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаал буюу Аюулгүй байдал, үйлчилгээний албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдон ажиллахдаа Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлын чиг үүргээ хэрэгжүүлэх, биелүүлэхэд удаа дараа хариуцлагагүй хандаж улмаар 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/79 дүгээр тушаалаар "хаалттай сануулах" сахилгын арга хэмжээ авагдсан. Улсын онцгой объект болох Үндэсний музейн сан хөмрөг, үзмэр, үзэсгэлэнгийн танхимын аюулгүй байдал, хадгалалт хамгаалалт, байгууллагын хэвийн үйл ажиллагаа хангах чиглэлээр хамгаалалтын албатай байгуулсан гэрээний хэрэгжилт хангалтгүй, хяналт тавиагүйн улмаас 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр эхэлсэн Чингис хаан музейд үзмэр хүлээлгэн өгөх, хүлээн авах ажиллагаанд камерын бичлэг хийгдээгүй, ажилтнуудаа мэргэжлийн удирдлагаар хангаагүй, байгууллагын удирдлагад мэдэгдээгүй, М-д өв уламжлагдан хадгалагдаж ирсэн Монголын ард түмний оюуны бүтээл болсон түүхт үзмэрийг нэг музейгээс нөгөө музей руу шилжүүлэхэд хариуцлагагүй хандаж, цаашид хэрэг болох чухал ажлыг баримтжуулан баталгаажуулаагүй. Катарын Үндэсний музей болон М-н хамтын ажиллагааны хүрээнд хамтран зохион байгуулсан Нүүдэл үзэсгэлэнд дэлгэх үзмэрийг 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэн өгсөн түр үзэсгэлэнгийн танхимын бичлэгийг хадгалах, бүрэн бүтэн байдлыг хангах ажилд оролцож хяналт тавиагүй нь давтан үйлдэл болж байна. 2022 оны 09 дүгээр сарын 26, 27-ны өдөр хийгдсэн дотоод хяналт шалгалтаар С.У-ийн хариуцсан албаны дохиоллын системийн техникийн болон тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа алдагдаж аюулгүй байдал, харуул хамгаалалтын ажилтай холбоотой музейн хэвийн үйл ажиллагаанд эрсдэл учруулахуйц ноцтой 14 зөрчил илэрч цаашид ажил албан тушаалд  ажиллах шаардлага хангахгүй гэсэн дотоод хяналт шалгалтын ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Дээрх нөхцөл байдлуудаас гадна түүний удирдлагад ажилладаг хамт олон хувь хүмүүсээс төрийн албан хаагчийн ёс зүй, зан харилцаа, хамт олныг удирдах чадвар, манлайллын талаар удаа дараа гомдол ирж, тухай бүрд нь С.У-т танилцуулж мэдэгдэн сануулж байсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ажлын хэсгийн үйл ажиллагаа хуралд намайг оролцуулаагүй, тайлбар гаргах боломжоор хангаагүй талаар дурдсан байх ба 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр М-н Захиргааны зөвлөлийн Аюулгүй байдал, дохиолол хамгаалалт, камерын ажиллагааг шалгах ажлын хэсгийн тайлан, дүгнэлтийг хэлэлцсэн хуралд С.У- өөрөө оролцож ямар нэгэн гомдол санал гаргаагүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

 3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Хөдөлмөрийн гэрээ, М-н Захирлын Б/174 дугаар тушаал, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний хэлтсийн 1/1258 тоот албан бичиг,

Хариуцагчаас хариу тайлбар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол улсын Соёлын сайдын Б/13 дугаар тушаалын хуулбар, М-н Захирлын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн  Б/79 дугаар тушаал, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/174 дугаар тушаал, М-н Аюулгүй байдал, дохиолол, харуул хамгаалалтад дотоод аудитын хяналт, шалгалт хийх  ажлын удирдамж, Ажлын хэсгийн дүгнэлт, ажлын хэсгийн тэмдэглэл, М-н Захиргааны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Хурлын тэмдэглэл, Ажлын байрны тодорхойлолт, Ажилчдын хүсэлт, Хөдөлмөрийн дотоод журам зэрэг баримтыг шүүхэд өгсөн байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр М-н Захирлын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/163 дугаар “Ажилтнуудын ээлжийн амралт олгох тухай” тушаал болон хавсралтыг, хариуцагчийн хүсэлтээр Н.Э-гаас гэрчийн мэдүүлэх авах ажиллагааг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч С.У-ийн гаргасан хариуцагч М-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

4.Нэхэмжлэгч С.У-, хариуцагч М-д холбогдуулан М-н захирлын Б/174 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ээлжийн амралттай байх хугацаанд цуцалсан нь үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.5 дахь хэсэгт заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан биш гэж тайлбарлав.

5.Хариуцагч М-д нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ажилтан С.У- нь Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлын чиг үүргээ хэрэгжүүлэх, биелүүлэхэд удаа дараа хариуцлагагүй хандаж, ноцтой зөрчил давтан гаргасан. Тус музейд байгаа болон шилжүүлж байгаа бүх үзмэрийн аюулгүй байдал, хадгалалт хамгаалалтыг хариуцдаг учир эд хөрөнгө хариуцсан ажилтан  гэж үздэг. Иймд захирлын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/174 дугаар тушаал үндэслэлтэй гэж маргажээ.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хөдөлмөрийн гэрээ, М-н Захирлын Б/174 дугаар тушаал, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний хэлтсийн 1/1258 тоот албан бичиг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, М-н Захирлын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн  Б/79 дугаар тушаал, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/174 дугаар тушаал, М-н Аюулгүй байдал, дохиолол, харуул хамгаалалтад дотоод аудитын хяналт, шалгалт хийх  ажлын удирдамж, Ажлын хэсгийн дүгнэлт, ажлын хэсгийн тэмдэглэл, М-н Захиргааны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Хурлын тэмдэглэл, Ажлын байрны тодорхойлолт, Ажилчдын хүсэлт, Хөдөлмөрийн дотоод журам, нэхэмжлэгчийн хүсэлтээр М-н Захирлын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/163 дугаар “Ажилтнуудын ээлжийн амралт олгох тухай” тушаал болон хавсралт, Н.Э-гийн гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

7.Ажил олгогч, ажилтан С.У-ийг 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тус музейн захирлын Б/134 тоот тушаалаар Аюулгүй байдал, үйлчилгээний албаны даргын албан тушаалд түр томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байжээ.

8.Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 231 дугаар зүйлийн 23.1.2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа 3 сар хүртэл байна” гэж, мөн зүйлийн 23.1.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг заагаагүй бол ажилтныг туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцно” гэж заасан тул С.У-ийг түр ажилтан гэж үзэхээргүй байна.

9.Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 50 дугаар зүйлийн 50.1.2, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.5, 83 дугаар зүйлийн 83.3 дахь заалт, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.11 дэх заалт, М-н хөдөлмөрийн дотоод журмын 3.1 дэх заалт, 12.5.3 дахь заалт, М-н захирлын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/174 тоот тушаал, М-н Аюулгүй байдал, дохиолол хамгаалал, камерын ажиллагааг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Аюулгүй байдал үйлчилгээний албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдон ажиллаж байгаа С.У- нь ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй, Чингис хаан музейд үзмэр хүлээлгэн өгсөн камерын бичлэгийг хадгалахад хяналт тавиагүй, ажилтнуудаа удирдлагаар хангаагүй, бичлэг байхгүйг удирдлагад мэдэгдээгүй, Катарын Үндэсний музейтэй хамтран зохион байгуулж буй Нүүдэл үзэсгэлэнд үзмэр хүлээлгэн өгсөн түр үзэсгэлэнгийн танхимын бичлэгийг хадгалах үйл явцад хяналт тавиагүй зэрэг байгууллагын үйл ажиллагаа болон өөрийн хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж удаа дараа ноцтой зөрчил гаргасан тул С.У-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2022 оны 10 дүгээр сарын 18-ны өдрийн Б/174 дугаар тушаалаар дуусгавар болгон үүрэгт ажлаас чөлөөлж шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 4 тал/

10.Ажил олгогч, ажилтны хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.5-т “Үзмэрийн хадгалалт, хамгаалалтын журмыг зөрчсөн”, 7.3.12-т “Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам бусад дүрэм журамд заасан ноцтой зөрчил гаргасан”,  7.3.13-т “Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй бол ноцтой зөрчилд тооцох бөгөөд тэдгээрийн нэг удаа  гаргасан тохиолдолд байгууллага ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах”-аар талууд харилцан тохиролцжээ.

11.Хариуцагч М-н Аюулгүй байдал, дохиолол, харуул хамгаалалтад дотоод аудитын хяналт, шалгалт хийх  ажлын хэсгийн удирдамжийн дагуу шалгалт явуулж 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр дүгнэлт гаргажээ. Уг шалгалтаар Аюулгүй байдал, үйлчилгээний албаны зохион байгуулагч Н.Э-, Аюулгүй байдал, систем хөгжүүлэлтийн ажилтан Т.Энхболд нар байлцав. Ажлын хэсгийн дүгнэлтэд Ажлын хэсгийн шалгалтаар дараах зөрчил, дутагдал илэрлээ. Үүнд: Камерын хяналтын өрөөнд нийт 6 том дэлгэцэнд 96 цонх бүхий камерын бичлэг хянагддаг ба тэдгээрээс 21 камерын бичлэг хийгдэхгүй харанхуй харагдаж байлаа. Түүнээс баруун доод дэлгэцэнд 5 камер JUAN, зүүн доод дэлгэцний 4 камер JUAN бичигтэй 2 камер нь харанхуй, ажиллахгүй байсан ба зарим нэг нь үе үе харанхуй болж байв. МҮМ-н хэмжээнд 88 камер байдаг гэсэн боловч яг хэд нь ажиллахгүй, хэд нь доголдолтой байгааг мэдэхгүй байв. Дэлгэцээр хянагдаж байгаа 96 цонхны 8 ширхэг нь камергүй гэж тайлбарласан. Нэг сарын дотор бичлэгээ үзэх боломжтой гэсэн боловч жишээ болгон урд шөнийн буюу 9 дүгээр сарын 27-ны шөнийн 3 цагийн харуулын бичлэг үзэх гэхэд хадгалагдсан бичлэг байхгүй устсан байв. Бүх танхим, оффис, шилэн хоргоны дохиоллын ажиллагааг шалгахад 7 дугаар танхимын Норов Эрдэнэ, 4 дүгээр танхимын Баатрын хуягтай, авдартай шилэн хоргоны дохиолол ажиллаагүй. Богд хаант Монгол улсын үеийн танхимын шилэн хоргыг онгойлгоход дохиолол дуугарч байсан боловч гадна талаас шилэн хоргонд хүрэх, цохих, налах үед мэдрэхгүй байна. Катарын үзэсгэлэнд явсан үзмэрүүдийг хүлээлцсэн түр үзэсгэлэнгийн танхимын бичлэгийг хуулж авах байсан бөгөөд түүнийг шалгая гэхэд хуулсан гэсэн бичлэгийг үзтэл зөвхөн гадна талбайн бичлэг байлаа. Шаардлагатай цаг үеийн бичлэгийн архив байхгүй, бичлэг хийдэггүй, хийсэн бичлэгээ үзүүлж мэдэхгүй байлаа. Аюулгүй байдал, үйлчилгээний албаны дарга болон ажилтны хариуцлагын хувьд: Систем хөгжүүлэлтийн ажилтан Т.Энхболд галын дохиолол, шилэн хоргоны дохиолол хэдээс хэд нь ажиллаж байгааг хэлж мэдэхгүй, ажлын хэсгийн гишүүдийн асууж тодруулсан асуултанд тодорхой хариулт өгч чадахгүй байв. Мэргэжлийн бус учир өмнөх камерын бичлэгээ ч үзэж мэдэхгүй байлаа. Дохиоллын систем доголдсон эсэх, гэмтэл юунаас болсон эсэх, аль нь ажиллаж, аль нь ажиллахгүй байгааг хариуцсан ажилтан мэдэхгүй байна. Аюулгүй байдал хариуцсан ажилтан галын хэдэн дохиололтойг мэдэхгүй, Одсанаатай камеруудаа 6 сарын 20, 28-нд хамгийн сүүлд шалгасан гэсэн боловч зарим камер ажиллахгүй, хаанаа доголдол үүсээд байгааг нь олоогүй байна. Албаны даргын үүрэг гүйцэтгэгч С.У- нь ажилтнуудаа зөв чиглүүлж, удирдлагаар хангаж чадаагүйгээс болоод Чингис хаан музей рүү болон, Катарын Үндэсний музей рүү явсан үзмэр хүлээлцсэн бичлэг хийгээгүй, хадгалаагүй, бичлэг байхгүйг захиргааны зөвлөл болон музейн удирдлагад танилцуулаагүй. Албаны даргын үүрэг гүйцэтгэгч С.У- нь өөрийн хариуцаж буй ажилтнууддаа хяналт тавьдаггүй, камерын хянагч болон албаны даргын хоорондын уялдаа холбоо муу байгаа нь харагдаж байна. Аюулгүй байдал, үйлчилгээний албаны дарга болон камерын хянагч нар нь харуулуудтай ажиллах тал дээр дутмаг, харуулууд ажил үүргээ бүрэн ойлгоогүй, ажлын уялдаа холбоогүй байдаг. Дээрх бүх зөрчил, доголдлоос харвал М-н аюулгүй байдал, дохиолол, харуул хамгаалалт, камерын хяналт шаардлагын түвшинд байж чадахгүй нилээд доголдолтой болсон байна. Хариуцаж буй ажилтан ажлаа мэдэхгүй, сэтгэлгүй, хариуцлагагүй, ажилдаа хандах хандлага маш муу, албаны даргын үүрэг гүйцэтгэгч С.У- ажилтнууддаа ажлын хяналт тавьдаггүй, ажлын уялдаа холбоо муу, арга зүйн удирдлагаар хангаж ажилладаггүй, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хэрэгжүүлдэггүй нь тодорхой байна. Тиймээс Аюулгүй байдал үйлчилгээний албаны хэвийн үйл ажиллагааг доголдуулж, маш муу байдалд ортол унаган ноцтой зөрчил гаргасан С.У-, Т.Энхболд нарыг жинхлэхгүй, үүрэгт ажил, албан тушаалдаа мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй хэмээн үзэж байна. С.У- нь ээлжийн амралттай байгаа тул ажилдаа орохоор нь тус дүгнэлтийг танилцуулна. Аюулгүй байдал, үйлчилгээний албаны ажлыг сайжруулах тал дээр анхаарч уг албан тушаалд мэргэжлийн хүн авч, сургаж ажиллуулах шаардлагатай. Мөн дохиолол харуул, хамгаалалтын Одсанаа ХХК-тай байгуулсан гэрээг сунгах шаардлагагүй гэсэн дүгнэлт оруулж байна. Эдгээр зөрчил, дутагдал нь музейн аюулгүй байдалд эрсдэл учруулахуйц ноцтой зөрчил төдийгүй музейн цаашдын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан нөхцөлд хүрсэн байна. Иймд эдгээр асуудлыг анхаарч холбогдох албан тушаалтнуудад даруй арга хэмжээ авч, дохиолол хамгааллын компанийг даруй солих шаардлагатай байна” гэх дүгнэлт гаргасан байна. /хавтаст хэргийн 29-30 тал/

12.Аюулгүй байдал, дохиолол хамгаалал, камерын ажиллагааг шалгах ажлын хэсгийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн тэмдэглэлд “...Ажлын хэсэг зөвлөлдөн М-н Аюулгүй байдал, дохиолол хамгаалал, камерын хяналт шалгалт хийхэд маш олон зөрчил дутагдал гарч байгаа тул ажлын хэсгийн  дүгнэлтийг тусад нь гаргаж захиргааны зөвлөлд танилцуулах нь зүйтэй” гэж шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 30-38 тал/

13.Ажил олгогч М-н Захиргааны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэлд дурдсанаар Чингис хаан музей нээгдэх тухай, Аюулгүй байдал, дохиолол хамгаалал, камерын ажиллагааг шалгасан тухай, Агсарга бүс үзэсгэлэн нээгдэх тухай, Өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүдийг шинэчлэн томилох тухай хэлэлцэж, тус хуралдаанд Аюулгүй байдал, үйлчилгээний албаны дарга С.У- оролцсон болох нь дээрх тэмдэглэл, өөрийнх  нь шүүх хуралдаанд гаргасан “оролцсон” гэх тайлбар зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ бичсэн “Уг дүгнэлт гаргах ажлын хэсгийн үйл ажиллагаа, хуралд намайг оролцуулаагүй, тайлбар гаргах боломжоор хангаагүй” гэх үндэслэл үгүйсгэгдэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

14.Хариуцагчийн төлөөлөгч нь М-н захирлын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/79 тоот тушаалаар ажилтан С.У-т хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан /хавтаст хэргийг 25 тал/ гэж мэтгэлцэж байгаа боловч С.У- уг тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан гэдгийг мэдээгүй гэж тайлбарлаж байх ба ажил олгогч дээр сахилгын шийтгэл ногдуулсан  тушаалыг ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгсөн болохоо баримтаар нотолж чадаагүй. Мөн ажилчдын гаргасан хүсэлтүүд /хавтаст хэргийн 59-69 тал /нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлэх боломжгүй байна.

15.Ажилтан С.У- нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ээлжийн амралттай байх хугацаанд цуцалсан гэх тайлбар нь М-н Захирлын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/163 дугаар Ажилтнуудын ээлжийн амралт олгох тухай тушаалын 1 дүгээр хавсралтын 6-т Аюулгүй байдал, үйлчилгээний албаны дарга С.У-ийг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ээлжийн амралт эдлүүлэхээр заасан баримт болон нэхэмжлэгч С.У- шүүх хуралдаанд “ээлжийн амралт дуусаад ажилдаа орсон байсан” гэх тайлбарыг гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан ээлжийн амралттай байгаа тохиолдолд ажил, албан тушаал хэвээр хадгалагдах үндэслэлд хамаарахгүй гэж үзнэ.

16.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 80.1.5 дахь заалтад заасан “ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж үзэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тул ажил олгогчийн тушаал үндэслэлтэй гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж, мэтгэлцэв.

17.Соёлын өвийг хамгаалах тухай  хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт “Соёлын биет өвийг хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдлыг бүрэн хангасны үндсэн дээр зөөж тээвэрлэнэ” гэж, 51.2 дахь хэсэгт “Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх журмыг Засгийн газар тогтооно” гэж зохицуулжээ.

18.Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх журмын  6.3-т Соёлын биет өвийг боож, савлахаас өмнө эзэмшигч, тээвэрлэгч, хүлээн авагчийн төлөөлөл болон харгалзан хамгаалагчийг байлцуулан соёлын биет өвийн тухайн үеийн тоо ширхэг, шинж чанар, хэмжээ, жинг тодорхойлж акт үйлдэнэ. Актыг 2 хувь үйлдэх бөгөөд байлцсан этгээдүүдээр гарын үсэг зуруулж баталгаажуулан 1 хувийг эзэмшигч, нөгөө хувийг харгалзан хамгаалагчид хадгалуулна гэж, 6.4-т Актад түүнийг үйлдэх үед баримтжуулсан соёлын биет өвийн гэрэл зураг, дүрс бичлэгийг хийж, цахим тээгчид буулгаж хавсаргана гэж журамласан байна.  

19.Ажилтан С.У- нь Аюулгүй байдал үйлчилгээний албаны даргын  ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар зорилтын хүрээнд 5-т “Дохиоллын системийн нээлт, хаалт болон болон хэвийн үйл ажиллагааг хянаж, техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцах”, 6-т “Камерын архивыг шалгаж, дүрс бичлэгийг хадгалах, устгуулах ажлыг М-н Захиралд танилцуулан шийдвэрлүүлэх” албан тушаалын гүйцэтгэх чиг үүргийг, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.5-т “Үзмэрийн хадгалалт, хамгаалалтын журмыг зөрчсөн”, 7.3.12-т “Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам бусад дүрэм журамд заасан ноцтой зөрчил гаргасан”, 7.3.13-т “Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй” гэх заалтыг, мөн ажлаас чөлөөлөх тухай тушаалд дурдсан зөрчлийг гаргасан болох нь М-н Аюулгүй байдал, дохиолол, харуул хамгаалалтад дотоод аудитын хяналт, шалгалт хийх  ажлын хэсгийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр дүгнэлт, Аюулгүй байдал, дохиолол хамгаалал, камерын ажиллагааг шалгах ажлын хэсгийн тэмдэглэл, гэрч Н.Э-гийн “2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Чингис хаан музей рүү үзмэр шилжүүлсэн. Тэр үед үзмэрийг шилжүүлж байгаа үйл явцыг камерын бичлэгээр баталгаажуулдаг. Тэр бичлэгийг хийх нь манай албаны үүрэг. Гэтэл тэр бичлэг хийгдээгүй, дохиолол хамгаалалт маш муу байсан” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул М-н захирлын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/174 тоот тушаал  үндэслэлтэй гэж үзэхээр байна. /хавтаст хэргийн 46-47, 9, 4 тал/

 

20.Хариуцагч М-д холбогдох захирлын Б/174 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,206,039 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч С.У-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

21.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоногэж зааснаар нэхэмжлэгч С.У- нь 2022 оны 10 дугаар сарын  18-ны  өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 3 сарын бичилтээр сарын дунджаар сард 1,777,317 төгрөг:21,5=өдөрт 82,665 төгрөг х 71 өдөр/ нийт  5,869,223 төгрөг шаардах эрхтэй байсан бөгөөд 336,816 төгрөгийг илүү тооцсон байна.

 

22.Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” гэж заасан боловч нэхэмжлэгч С.У нь маргаан таслах комисс байхгүй гэсэн тайлбар гаргасан ба  Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он /-ийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

23.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1,  43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч М-д холбогдох захирлын Б/174 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,206,039 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч С.У-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.НАРАНГЭРЭЛ