Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/00615

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/00615

 

*********ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2023/00521 дугаар шийдвэртэй,

*********ийн нэхэмжлэлтэй, ***********-т холбогдох,

Монголын үндэсний музейн захирлын Б/174 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг

нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *********, өмгөөлөгч *********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс тус музейн захирлын Б/134 тоот тушаалаар Аюулгүй байдал, үйлчилгээний албаны даргаар түр томилогдон ажилласан. Тус албан тушаалын тодорхойлолтын дагуу музейн өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээ, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хариуцах чиг үүргээ өдөр тутам хэрэгжүүлж ирсэн.

Тус музейн захирлын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/174 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.5 буюу ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлын хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон , мөн тус музейн Аюулгүй байдал, дохиолол хамгаалал, камерын ажиллагааг шалгах ажлын хэсгийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн ажлаас үндэслэлгүй халсан.

Уг дүгнэлт гаргах ажлын хэсгийн үйл ажиллагаа, хуралд нэхэмжлэгчийг оролцуулаагүй, тайлбар гаргах боломжоор хангаагүй, нотлох баримт байхгүй, мөн дүгнэлтэд хариуцсан ажил үүргийн хэрэгжилтийн талаар тодорхой дурдаагүй атлаа хэт субьектив байдлаар ажилтнууддаа хяналт тавьдаггүй, камерын хянагч болон албаны даргын уялдаа холбоо муу, чиглүүлдэггүй, ажлаа мэдэхгүй, сэтгэлгүй гэж дүгнэж ажлаас чөлөөлсөн.

Иймд захирлын Б/174 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,206,039 төгрөг гаргуулж, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: *********ийг 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн Аюулгүй байдал, үйлчилгээний албаны даргын албан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан "мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага туршлага, тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэх зэрэг олон шалгуур үзүүлэлт, тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангах зорилгоор түр хугацаагаар үүрэг гүйцэтгэгчээр томилсон.

Ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, Албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилт, 2 дугаар зорилтыг хэрэгжүүлж ажиллаагүй, удаа дараа ажлын хариуцлага алдсан. Монголын Үндэсний музейн захирлын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/174 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн. ********* соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаал буюу Аюулгүй байдал, үйлчилгээний албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдон 1 жил 2 сар 28 хоног ажиллахдаа Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлын чиг үүргээ хэрэгжүүлэх, биелүүлэхэд удаа дараа хариуцлагагүй хандаж, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/79 дүгээр тушаалаар "хаалттай сануулах" сахилгын арга хэмжээ авагдсан.

Улсын онцгой объект болох Үндэсний музейн сан хөмрөг, үзмэр, үзэсгэлэнгийн танхимын аюулгүй байдал, хадгалалт хамгаалалт, байгууллагын хэвийн үйл ажиллагаа хангах чиглэлээр хамгаалалтын албатай байгуулсан гэрээний хэрэгжилт хангалтгүй, хяналт тавиагүйн улмаас 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр эхэлсэн Чингис хаан музейд үзмэр хүлээлгэн өгөх, хүлээн авах ажиллагаанд камерын бичлэг хийгдээгүй, ажилтнуудаа мэргэжлийн удирдлагаар хангаагүй, байгууллагын удирдлагад мэдэгдээгүй, Монголын үндэсний музейд өв уламжлагдан хадгалагдаж ирсэн Монголын ард түмний оюуны бүтээл болсон түүхт үзмэрийг нэг музейгээс нөгөө музей руу шилжүүлэхэд хариуцлагагүй хандаж, цаашид хэрэг болох чухал ажлыг баримтжуулан баталгаажуулаагүй.

Катарын Үндэсний музей болон Монголын Үндэсний музейн хамтын ажиллагааны хүрээнд хамтран зохион байгуулсан Нүүдэл үзэсгэлэнд дэлгэх үзмэрийг 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэн өгсөн түр үзэсгэлэнгийн танхимын бичлэгийг хадгалах, бүрэн бүтэн байдлыг хангах ажилд оролцож хяналт тавиагүй нь давтан үйлдэл болж байна.

Мөн 2022 оны 09 дүгээр сарын 26, 27-ны өдөр хийгдсэн дотоод хяналт шалгалтаар *********ийн хариуцсан албаны дохиоллын системийн техникийн болон тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа алдагдаж аюулгүй байдал, харуул хамгаалалтын ажилтай холбоотой музейн хэвийн үйл ажиллагаанд эрсдэл учруулахуйц ноцтой 14 зөрчил илэрч цаашид ажил албан тушаалд жинхлэн ажиллах шаардлага хангахгүй гэсэн дотоод хяналт шалгалтын ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Дээрх нөхцөл байдлуудаас гадна түүний удирдлагад ажилладаг хамт олон хувь хүмүүсээс төрийн албан хаагчийн ёс зүй, зан харилцаа, хамт олныг удирдах чадвар, манлайллын талаар удаа дараа гомдол ирж, тухай бүрд нь *********т танилцуулж мэдэгдэн сануулж байсан.

2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Монголын үндэсний музейн Захиргааны зөвлөлийн Аюулгүй байдал, дохиолол хамгаалалт, камерын ажиллагааг шалгах ажлын хэсгийн тайлан, дүгнэлтийг хэлэлцсэн хуралд ********* өөрөө оролцож ямар нэгэн гомдол санал гаргаагүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Монголын Үндэсний музейд холбогдох захирлын Б/174 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,206,039 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч *********ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Монголын Үндэсний музей нь *********ийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1.1, 50 дугаар зүйлийн 50.1.2, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.5, 83 дугаар зүйлийн 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.11, Монголын Үндэсний музейн хөдөлмөрийн дотоод журмын 3.1 дэх заалт, 12.5.3 дахь заалт, Монголын үндэсний музейн захирлын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/174 тоот тушаал /уг тушаалыг урьд өмнө танилцуулаагүй/ Монголын Үндэсний музейн "Аюулгүй байдал, дохиолол хамгаалал, камерын ажиллагааг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг /ээлжийн амралттай байхад нь шалгалт хийсэн, шалгалтын явцад дуудаж асууж тодруулаагүй/ тус тус үндэслэл болгосон.

 

Хэн гэдэг даргын хэдэн сарын хэдний өдөр өгсөн ямар үүрэг даалгаврыг хэрхэн яаж зөрчсөн нь тодорхойгүй, ямар хуулийн хэд дэх заалтыг хэрхэн яаж зөрчсөн талаарх дүгнэлтгүй, ажил олгогч нэхэмжлэгчийг эд хөрөнгө мөнгө төгрөг хариуцсан ажилтан гэдгийг нь нотлоогүй бөгөөд шүүх хуралдааны явцад эд хөрөнгө мөнгө хариуцдаггүй гэдгийг хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан байхад шүүгч санаачилгаараа тушаалын үндэслэлд байхгүй, хариуцагч тал огт дурдаагүй заалтыг тайлбарлаж сайн дураараа хариуцагчийн гаргасан тушаалыг хамгаалсан нь "шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.5 дахь хэсгийг үндэслэл болгож тушаалаа гаргасан атлаа "санхүүгийн аудит болон хуулийн байгууллага илрүүлсэн ямар ч зөрчил тогтоогдоогүй байхад шүүгч тушаалын үндэслэлд байхгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан байна гэх үндэслэлээр "нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй" болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсгийг үндэслэн ажлаас чөлөөлсөн боловч хариу тайлбар болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа "давтан үйлдэл болж байна", "жинхлэн ажиллах шаардлага хангаагүй" гэх мэт тайлбар гаргадаг. Гэтэл шүүхийн шийдвэрийн 5 дахь талд 11 дугаарлалттай хэсэгт хариуцагч талын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлтийг хуулж бичээд үнэлсэн. Энэхүү дүгнэлт нь "Дохиолол харуул хамгаалалтын "Одсанаа" ХХК-тай байгуулсан гэрээг сунгах шаардлагагүй, *********, Т.Энхболд нарыг жинхлэн ажиллуулахгүй" гэсэн дүгнэлт байгаа болохоос ********* "сахилгын зөрчил" гаргалаа гэж дүгнээгүй.

4.2. ********* нь Монголын Үндэсний музейд Аюулгүй байдал үйлчилгээний албаны даргаар ажиллаж байсан. Тэрээр 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан бөгөөд ээлжийн амралттай байх хугацаанд нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр "Аюулгүй байдал, дохиолол хамгаалал, камерын ажиллагааг шалгах тухай тушаал гарч шалгалт явуулсан байдаг. Энэхүү шалгалтын удирдамжийн 2.2 дахь хэсэгт "шалгалтад хамрагдаж байгаа нэгжийн дарга болон холбогдох ажилтнуудын үйл ажиллагаатай танилцах, уулзах, тодруулга, тайлбар авах гэж тусгасан. Гэтэл шалгалт хийж байх хугацаанд *********ийг дуудаж тодруулга тайлбар аваагүй, уулзалт хийгээгүй.

Ээлжийн амралтаас буцаж орж ирэхэд нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр "Захиргааны зөвлөлийн хурал" хийсэн, тус хуралд ********* суусан, *********т холбогдуулан хэдэн өгүүлбэр бичээд авчирч өгсөн байдаг бөгөөд энэ тухай нэхэмжлэгч шүүх хуралдааны үед хангалттай тайлбар хэлсэн. /2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 4 дэх талд нэхэмжлэгчийн тайлбар, 5 дахь талд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарт дурдсан/

 

Шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь хурлын тэмдэглэлийн 4 дэх талд байгаа нэхэмжлэгчийн тайлбар болон хавтаст хэрэгт хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлд *********ээр гарын үсэг зуруулаагүй байгаа үйл баримт нотлох юм. Тухайн Хуралд оролцсон бүх гишүүд гарын үсэг зурсан байхад *********т танилцуулж, гарын үсэг зуруулаагүй байгаа нь *********ийн тухай үг нэмж бичсэн" хариуцагчийн үйлдлийг нотолно. Мөн энэхүү хурал нь "Сахилгын арга хэмжээ авах хурал биш байгууллагын дотоод үйл ажиллагааг хэлэлцэх хурал байсан.

Шүүхийн шийдвэрт "Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.5-т "Үзмэрийн хадгалалт, хамгаалалтын журмыг зөрчсөн" /уг журмын талаар нэхэмжлэгч болон хариуцагч талын аль нь ч яриагүй, хэрэгт байхгүй/, 7.3.12-т "Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам бусад дүрэм журамд заасан ноцтой зөрчил гаргасан" /Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 дэх хэсгийг тушаалын үндэслэл болгоогүй/, 7.3.13-т "Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй /хэзээ хэн даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж шүүх хуралдаан дээр яригдаагүй, хэрэгт энэ талаарх баримт байхгүй/ гэх заалтыг зөрчсөн.Тушаалд дурдсан зөрчлийг гаргасан болох нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлт /уг дүгнэлт нь цаашид жинхлэн ажиллуулах эсэхийг ярилцана гэж дүгнэсэн байхад шүүгч зөрчил гаргасан болохыг дүгнэсэн гэж илт гуйвуулан тайлбар хийсэн/-ыг үндэслэл болгосон.

Шүүхийн шийдвэрт гэрч Н.Эрдэнэтуяагийн мэдүүлгийг иш татсан байх боловч түүний мэдүүлэгт дурдсан асуудлууд баримтаар нотлогдоогүй, зөвхөн өөрийнх нь үзэл бодол өш хонзонгийн сэдлээр субьектив тайлбар байсан, үүнийг шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тайлбарласан боловч хурлын тэмдэглэлд бичээгүй.

Гэрч Н.Эрдэнэтуяа ажлын байран дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад нь нэхэмжлэгч шаардлага тавьж арга хэмжээ авхуулснаас шалтгаалан "хоорондын үл ойлголцол" бий болсон гэж тайлбар хэлж байсан. Гэрч орон тоо бүтцээрээ 19 хүн аюулгүй байдал хамгаалалтын албанд ажилладаг. Үзмэр харгалзагч 6 хүн өөрсдийн чиг үүргийн дагуу үзмэрүүдээ хариуцдаг гэж мэдүүлсэн энэхүү мэдүүлэгт ач холбогдол өгч дүгнэлт хийгээгүй. Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/1258 дугаар дүгнэлтийг зөв дүгнээгүй.

2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн сахилгын шийтгэл нь тухайн үед нь танилцуулаагүйгээр үл барам тушаалаа 1 сарын дараа танилцуулсан. Нэхэмжлэгч өөрөө мэдээгүй байхад сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал гарсан.

Чингис хаан музей рүү үзмэр шилжүүлэх ажлын хэсэг байгуулахад намайг оролцуулаагүй, систем хөгжүүлэх аюулгүй байдлын инженерийн ажилтан н.Ган-Эрдэнэ мөн мэргэжлийн бус хүн байсан. Удирдлагад удаа дараа алдаа дутагдал гаргаж байгааг мэдэгдэж байсан ч хариуцлага хүлээлгээгүй. Н.Ган- Эрдэнэ ажилтанд 04 дүгээр сарын 05-ны өдөр буюу үзмэр шилжүүлэх ажил эхлэхийн урд өдөр камерын бичлэг хийгдэж байгаа эсэхийг тодруулж асуухад, хэвийн явагдаж байгаа асуудал байхгүй гэдэг тайлбар өгсөн. Гэвч маргааш нь камерын өрөөнд ороод өчигдрийн бичлэг хаана байна гээд шалгахад байхгүй, бичлэг хийгдээгүй байсан. Тэр үед нь шууд бодлого төлөвлөлтийн даргад мэдэгдсэн. Би өөрөө шуурхай шалгаж арга хэмжээ аваагүй байсан бол тэр үед хэн ч мэдэхгүй л байсан. Гэтэл намайг ажлаа хийгээгүй, хяналт тавиагүй, удирдлагад мэдэгдээгүй гэсэн байна.

Катарын Үндэсний музей рүү явах ажлын хэсэгт мөн намайг оролцуулаагүй. Хэзээ явах, хэдэн үзмэр явах, аюулгүй байдлын тээвэрлэлт, хадгалалт хамгаалалтын талаар надтай нэг ч урьдчилан ярилцаагүй, тухайн үеийн захиргааны зөвлөлийн хурлаар "Соёлын яам" аас зохион байгуулсан "Нүүдэл фестиваль" Тэрэлжид болох арга хэмжээний үйл ажиллагааг хариуцаж ажиллах үүрэг өгч, музейг хариуцаж ажиллах хүнээр Аюулгүй байдал, үйлчилгээний албаны зохион байгуулагч Н.Эрдэнэтуяаг хариуцаж ажиллахыг захирал үүрэг болгосон.

Дохиолол хамгаалалтын гэрээгээр урьд нь манай байгууллагатай хамтран ажиллаж байсан "Од санаа" ХХК-д хамтран ажиллах талаар албан бичиг явуулж байсан. Уг албан бичигт СХАБИ-ийн ажилтан шинээр томилогдсон тул хамтран ажиллахыг хүссэн. Ингээд тухайн байгууллагаас 7 хоногийн хугацаатай дохиолол хамгаалалтын ажилтан н.Алтайбаатар ирж ажилласан. Хамтын ажиллагааны хүрээнд ирж ажилласан ажилтан танхимын шилэн хоргоны дохиолол шалгаж. Дэлгэцэн дээр давхардсан камеруудыг цэгцлэх, камерыг бичлэгийг хэвийн горимд оруулах, хакердсан тэжээлийн блокийг шинээр уншуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Энэ нь өөрийн ажил үүргийн дагуу өөрийн удирдлагад ажиллаж буй ажилтныхаа хийж буй ажил үүрэгт нь хяналт тавьж, зохих холбогдох арга хэмжээ авч ажиллаж байсны нэг гэрчлэл юм.

Нэхэмжлэгч ноцтой зөрчил гаргаагүй. Гэрээний 6 дугаар зүйлд ноцтой зөрчлийн талаарх зохицуулалт байхгүй биш байх бөгөөд надтай байгуулсан гэрээнд тушаалын агуулгад заасан агуулгыг тусгасан ноцтой зөрчил гэх зүйл тохиролцоогүй, тусгаагүй атлаа ажлаас халж байгаа нь хууль бус юм. Мөн шүүх хуралд зориулж тэмдэглэлээ 3 хэсэг болгон засварласан байгаа нь шүүх хурлыг будилуулах гэсэн оролдлого. Монголын Үндэсний музейд ажилд орсон цагаасаа ямар ч бичлэг хийж хадгалж байгаагүй бөгөөд надаас өмнө ч бичлэг хийж хадгалж байгаагүй болно. Музейн үзмэрүүдийг шилжүүлэхдээ музейн сан хөмрөгч, эрдэм шинжилгээний ажилтнууд тусгай баг гаргаж үзмэр тус бүрийн зургийг авч шинэчилж, хаанаа гэмтэлтэй, ямар үзмэр болох, юугаар хийсэн зэргийг тэмдэглэл хөтлөн гарын үсэг зурж хүлээлцдэг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй pболгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч болон өмгөөлөгч нар нь шүүх хурал дээр хэлэлцээгүй хуралдаанаар яригдаагүй зүйлийг хэлж байна. ********* нь тушаалыг 1 сарын дараа танилцуулсан гэж маргаж байгаа нь зөрчилдөж байна. Тэмдэглэлд гарын үсэг зураагүй учир нь өөрийн тухай асуудлыг хэлэлцсэн учир зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж зураагүй. Бүх үзмэрт эдний алба камераар хяналт тавих үүрэгтэй. Энэ албанд шалгалт хийхэд маш их зөрчил гарсан. Албаны дарга буюу ажилчдад чиг үүрэг өгч ажиллах байсан хүн миний ажил биш гэж буруугаар тайлбарлаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянасан болно.

 

1. Нэхэмжлэгч ********* нь хариуцагч ***********-т холбогдуулан Монголын үндэсний музейн захирлын Б/174 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг дэвтэрт нөхөн төлж баталгаажилт бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар

2.а. Ажил олгогч, ажилтан *********ийг 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тус музейн захирлын Б/134 тоот тушаалаар Аюулгүй байдал, үйлчилгээний албаны даргын албан тушаалд түр томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулжээ.

2.б. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 50 дугаар зүйлийн 50.1.2, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.5, 83 дугаар зүйлийн 83.3 дахь заалт, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.11 дэх заалт, Монголын Үндэсний музейн хөдөлмөрийн дотоод журмын 3.1 дэх заалт, 12.5.3 дахь заалт, Монголын Үндэсний музейн захирлын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/174 тоот тушаал, Монголын Үндэсний музейн Аюулгүй байдал, дохиолол хамгаалал, камерын ажиллагааг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Аюулгүй байдал үйлчилгээний албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдон ажиллаж байгаа ********* нь ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй, Чингис хаан музейд үзмэр хүлээлгэн өгсөн камерын бичлэгийг хадгалахад хяналт тавиагүй, ажилтнуудаа удирдлагаар хангаагүй, бичлэг байхгүйг удирдлагад мэдэгдээгүй, Катарын Үндэсний музейтэй хамтран зохион байгуулж буй Нүүдэл үзэсгэлэнд үзмэр хүлээлгэн өгсөн түр үзэсгэлэнгийн танхимын бичлэгийг хадгалах үйл явцад хяналт тавиагүй зэрэг байгууллагын үйл ажиллагаа болон өөрийн хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж удаа дараа ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, хөдөлмөрийн гэрээг 2022 оны 10 дүгээр сарын 18-ны өдрийн Б/174 дугаар тушаалаар дуусгавар болгон үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хх 4/

2.в. Ажил олгогч, ажилтны хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.5-т Үзмэрийн хадгалалт, хамгаалалтын журмыг зөрчсөн, 7.3.12-т Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам бусад дүрэм журамд заасан ноцтой зөрчил гаргасан, 7.3.13-т Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй бол ноцтой зөрчилд тооцох бөгөөд тэдгээрийн нэг удаа гаргасан тохиолдолд байгууллага ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар харилцан тохиролцжээ.

2.г. Монголын Үндэсний музейн Аюулгүй байдал, дохиолол, харуул хамгаалалтад дотоод аудитын хяналт, шалгалт хийх ажлын хэсгийн удирдамжийн дагуу шалгалт явуулж 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр дүгнэлт гаргасан.

Уг шалгалтаар Аюулгүй байдал, үйлчилгээний албаны зохион байгуулагч Н.Эрдэнэтуяа, Аюулгүй байдал, систем хөгжүүлэлтийн ажилтан Т.Энхболд нар байлцаж, Камерын хяналтын өрөөнд нийт 6 том дэлгэцэд 96 цонх бүхий камерын бичлэг хянагддаг ба тэдгээрээс 21 камерын бичлэг хийгдэхгүй харанхуй, баруун доод дэлгэцэд 5 камер JUAN, зүүн доод дэлгэцийн 4 камер JUAN бичигтэй 2 камер нь харанхуй, ажиллахгүй байсан, МҮМ-н хэмжээнд 88 камер байдаг гэсэн боловч яг хэд нь ажиллахгүй, хэд нь доголдолтой байгаа нь мэдэгдэхгүй байсан талаар дүгнэлт гаргасан.

Уг шалгалтын баримтад дэлгэцээр хянагдаж байгаа 96 цонхны 8 ширхэг нь камергүй, нэг сарын дотор бичлэгээ үзэх боломжтой гэсэн боловч жишээ болгон урд шөнийн буюу 9 дүгээр сарын 27-ны шөнийн 3 цагийн харуулын бичлэг үзэх гэхэд хадгалагдсан бичлэг байхгүй устсан байсан талаар түүнчлэн 7 дугаар танхимын Норов Эрдэнэ, 4 дүгээр танхимын Баатрын хуягтай, авдартай шилэн хоргоны дохиолол ажиллаагүй байсныг тогтоожээ.

Түүнчлэн Катарын үзэсгэлэнд явсан үзмэрүүдийг хүлээлцсэн түр үзэсгэлэнгийн танхимын бичлэгийг хуулж авах байсан бөгөөд хуулсан бичлэг нь зөвхөн гадна талбайн бичлэг байсан, бичлэгийн архив байхгүй, бичлэг хийдэггүй, мөн ажилтнууд дохиолол, шилэн хоргоны дохиолол системийн хувьд мэдлэггүй, хариуцлагагүй байсан талаар, албаны даргын үүрэг гүйцэтгэгч ********* нь ажилтнуудаа зөв чиглүүлж, удирдлагаар хангаж чадаагүй, Чингис хаан музей болон, Катарын Үндэсний музей рүү явсан үзмэр хүлээлцсэн бичлэг хийгээгүй, хадгалаагүй зэрэг зөрчлүүдийг илрүүлжээ. /хх 29-30/

Дээрх зөрчлийн улмаас ажилтан *********ийг ажлаас чөлөөлсөн байх бөгөөд шалгалтын дүгнэлтийг үгүйсгэх баримтыг ажилтан буюу нэхэмжлэгч гаргаагүй.

Ажил олгогч 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралд *********ийг оролцуулсан болох нь дээрх тэмдэглэл, өөрийнх нь шүүх хуралдаанд гаргасан оролцсон тайлбар зэргээр нотлогдсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

2.д. Ажилтан *********т Монголын Үндэсний музейн Захирлын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/163 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 6-д зааснаар 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ээлжийн амралт эдлүүлэхээр заасан, ********* шүүх хуралдаанд ээлжийн амралт дуусаад ажилдаа орсон байсан гэх тайлбарыг гаргасан.

 

3. Зохигч хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх талаар маргажээ.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт Соёлын биет өвийг хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдлыг бүрэн хангасны үндсэн дээр зөөж тээвэрлэнэ гэж, 51.2 дахь хэсэгт Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх журмыг Засгийн газар тогтоохоор заасан. Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх журмын 6.3-т Соёлын биет өвийг боож, савлахаас өмнө эзэмшигч, тээвэрлэгч, хүлээн авагчийн төлөөлөл болон харгалзан хамгаалагчийг байлцуулан соёлын биет өвийн тухайн үеийн тоо ширхэг, шинж чанар, хэмжээ, жинг тодорхойлж акт үйлдэнэ. Актыг 2 хувь үйлдэх бөгөөд байлцсан этгээдүүдээр гарын үсэг зуруулж баталгаажуулан 1 хувийг эзэмшигч, нөгөө хувийг харгалзан хамгаалагчид хадгалуулна гэж, 6.4-т Актад түүнийг үйлдэх үед баримтжуулсан соёлын биет өвийн гэрэл зураг, дүрс бичлэгийг хийж, цахим тээгчид буулгаж хавсаргана гэж журамласан талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Ажилтан дээр хуулийн заалт болон журам, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг зөрчсөн тул Монголын Үндэсний музейн захирлын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/174 тоот тушаал үндэслэлтэй. /хх46-47, 9, 4/

*********ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

4. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй талаар гомдол гаргасан.

4.а. Ажилтны зөрчил гаргасан тухай баримтыг анхан шатны шүүх зөв харьцуулан дүгнэсэн, ажилтны гаргасан зөрчил тогтоогдсон байна.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хууль /шинэчлэн найруулга 2021 он/-ийн гэж хуулийн бичвэрийн хууль зүйн техникийг алдагдуулсан байгааг Хөдөлмөрийн тухай хууль гэж өөрчлөх нь зүйтэй. Учир нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд тус бичилтийг хийх шаардлагагүй юм.

4.б. Мөн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан техникийн шинжтэй алдаа болох үндэслэх хэсгийн 22 дахь заалтыг залруулах нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй.дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2023/00521 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн гэж, өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД