Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2019/00842

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 09 өдөр                   Дугаар 183/ШШ2019/00842                              Улаанбаатар хот

 

                          

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ........ тоотод оршин суух, Э.Т /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн......... байрлах , Н /РД......../-т холбогдох,

шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг даалгахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т нар оролцов.                                                      

  ТОДОРХОЙЛОХ нь:  

 

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.08.20-ны өдрийн шүүхийн шийдвэрээр Т-аас 70,207,950 төгрөгийг гаргуулж Хятад улсын Чао-Юнд олгохоор шийдвэрлэсэн байдаг. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж Т-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ... дугаар хороо,.... дүгээр байрны 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж 2 удаа албадан дуудлага худалдаагаар оруулсан. Ингээд дуудлага худалдаагаар борлогдоогүй тул төлбөр авагчид шийдвэр гүйцэтгэгч нь байраа шилжүүлж өг гэж шаардсан байсан. Гэтэл уг орон сууц нь анх н.Д-ийн барьцаанд байсан. Барьцаанд байсан учраас шилжүүлж өгөх боломжгүй байсан. Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэсээс 2015.12.14-ний өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлсэн албан бичгээр нотлогддог. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь анхнаасаа хууль зөрчиж хийсэн ба бусдын барьцаанд байсан хөрөнгийг удаа дараа дуудлага худалдаанд оруулсан. Шийдвэр гүйцэтгэх газраас 2018.01.05-ны өдөр ирүүлсэн 4/232 тоот мэдэгдэл, 2018.02.02-ны өдрийн 4/2277 тоот мэдэгдлүүдээр тус тус нотлогдож байгаа. Энэ тухай шийдвэр гүйцэтгэгч н.Б-д  хэлж байсан боловч арга хэмжээ авч байгаагүй. Улмаар Т-ийн хөрөнгийг барьцаалж байсан н.Д-ийг ажил дээрээ байж байхад нь хүчээр дуудаж авчраад барьцаа чөлөөлүүлэх бичиг хийлгүүлсэн. н.Д  Т нарын хооронд 7 сая төгрөгийн тооцоо байсан. н.Д д мэдэгдэл хүргүүлсний дараа өдөр нь шууд ажил дээр очиж баривчилж авчраад өргөдлөө бич, чиний 7 сая төгрөгийг чинь өөр хүнээс гаргуулаад өгчихнө гэж хүчээр тулгаж өргөдөл бичүүлж авсан байдаг. Энэ талаар өөрөөр нь нотлуулахын тулд гэрчээр уг нь дуудсан байсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018.09.06-ны өдрийн 1/14815 тоот мэдэгдлээр нотлогдоно. Манай дээр ирж уулзана уу гэсэн утгатай мэдэгдэл байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдахгүй байгаа талаар болон байрыг анх тохиролцсон үнэлгээгээр бодож зөрүү төлбөрийг авах хүсэлтээ 2018 оны 02 дугаар сард ахлах шийдвэр гүйцэтгэгчид Т гаргасан боловч хариу ирүүлээгүй байж байгаад 2018.10.11-ний өдөр буюу 8 сарын дараа би өмгөөлөгчөөр нь ажиллаж 2 хоног гадаа нь хүлээсний эцэст 1/16946 тоот хүсэлт хүлээн авах боломжгүй гэсэн албан бичгийг өгсөн. Ахлах шийдвэр гүйцэтгэгчид өргөдөл гаргасан  боловч даргынхаа гарын үсэгтэй бичиг өгсөн байсан. Шүүхээс заавал ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гарын үсэгтэй бичиг шаардлагатай гэсэн учраас дахиж ахлах шийдвэр гүйцэтгэгчид 2018.11.05-ны өдөр хүсэлт гаргасан боловч мөн л хариу ирэхгүй удсаар байгаад дараа нь авахаар очиход 2019.01.03-ны өдөр 4/63 тоот албан бичгийг хариу болгож авсан. Иймд н.Д-ийн барьцааг чөлөөлсөн албан тоот байхгүй. Т н.Д  нарын хооронд барьцаа чөлөөлөх ямар нэгэн шүүхийн шийдвэр гаргаагүй. Шийдвэр гүйцэтгэх газар бол шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулдаг. Хууль зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байгаа. Байр н.Д-ийн барьцаанд байсан эсэхийг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэсээс 2015.12.24-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд ирүүлсэн 871 тоот албан бичгээр нотлогдож байгаа. Т-ийн 2018.09.19-ний өдрийн ТҮЦ машинаар авсан лавлагаагаар барьцаа чөлөөлөгдөөгүй, н.Д-ийн барьцаанд байсан боловч хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрчилгээ нь 2018.09.13-ны өдөр иргэн н.Оюунтуяагийн нэр дээр шилжүүлсэн. Он сарын зөрүүтэй байгаа. Тэгэхээр ямар шугамаар яаж шилжүүлсэн нь тодорхой бус буюу хуулийн дагуу шийдвэрлэгдэх ажиллагаа явагдаагүй гэдгийг нотолж байгаа. Мөн гуравдагч этгээдээс буюу Чао-Юн н.Д  нарын хооронд ямар ч мөнгөний асуудал байхгүй байхад Чай-Юнаас аваад н.Д д мөнгийг нь өгчихсөн. Ийм хууль зөрчсөн асуудал байдаг. Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтыг зөрчсөн. н.Д-ийн барьцаанд байсан байрыг Чао-Юнд биш иргэн н.Оюунтуяагийн нэр дээр шилжүүлсэн байдаг. н.Д  нь Чао-Юнд ч, н.Оюунтуяад ч, хэнд ч өр тооцоогүй байхад яагаад ийм ажиллагаа явуулсан бэ. Энэ нь өөрөө хууль зөрчсөн ажиллагаа гэдгийг нотолж байна. Чао-Юн н.Оюунтуяад хэзээ итгэмжлэл өгсөн нь нотлогдохгүй байна. Бусдын барьцаанд байгааг мэдсээр байж эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг 2015.11.10-ний өдөр болон 2016.01.06-ны өдөр тус тус явуулсан. 2018.06.22-ны өдөр 4/10837 тоот албан бичгийг Э.Т-тбайр шилжүүлэх болсон шүү гэж мэдэгдэнгүүтээ шууд 2018.06.22-ны өдрийн 1/10838 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст явуулсан байдаг. Дээрх үйлдлүүд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6 дахь заалтыг зөрчсөн байна. Мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14 дэх заалтыг зөрчиж өмчлөх эрхийг шилжүүлсэн. Шийдвэр гүйцэтгэгчийн хувийн ямар нэгэн ашиг сонирхол байсан юм болов уу гэсэн хардалт төрөхөөр байна. Хариуцагчийн хариу тайлбарт 2018.02.23-ны өдөр н.Оюунтуяагийн өмчлөлд шилжүүлэх албан тоот явуулсан гэх боловч нотлох баримтаар 2018.06.22-ны өдрийн 1/10837 тоот албан бичгээр хүргүүлсэн байдаг. Энэ үйлдлүүд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтыг зөрчсөн байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Тус хувийн хэргийг 2015.12.11-ний өдөр хүлээж авсан. Төлбөр төлөгч Т-аас 70,279,950 төгрөгийг гаргуулж Чао-Юнд олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг хүлээж аваад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Шүүгчийн захирамжид үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан барьцааны хөрөнгөн дээр нь ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа. 2018.01.19-ний өдөр битүүмжлэн хураагаад үнэлгээ тогтоосон. Үнэлгээг төлбөр төлөгч төлбөр авагч нар харилцан тохиролцож 115 сая төгрөг тогтоосон байдаг. 115 сая төгрөгийн 80 хувь буюу 80,500,000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй. 2 дахь албадан дуудлага худалдааг 2018.02.15-ны өдөр зохион байгуулсан. Тэр үед харилцан тохиролцсон үнийн дүнгийн 50 хувь буюу 57,500,000 төгрөгөөр оруулсан боловч мөн адил үнийн санал ирээгүй. Төлбөр төлөгч Т 2018.02.23-ны өдөр н.Оюунтуяагийн өмчлөлд шилжүүлэх тухай хүсэлт гаргасан. Мөн төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Оюунтуяа нь өөрийн өмчлөлд шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Эдгээр хүсэлтүүдийг үндэслээд манайхаас 2018.02.26-ны өдрийн албан тоотоор Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн. Гэтэл н.Д  гэх хүний барьцаанд байна гэсэн үндэслэлээр Улсын бүртгэл хүлээж аваагүй. 2018.06.22-ны өдрийн өмчлөх эрх шилжүүлэх албан тоотоор дахин хандсан боловч барьцаанаас чөлөөлөгдөөгүй гэдэг үндэслэлээр өмчлөх эрх шилжигдээгүй. Тэгээд н.Д  гэх хүнийг олж авчирсан. Удаа дараа мэдэгдэж утсаар ярьсан боловч огт ирдэггүй, огт тайлбар өгдөггүй байсан. Тэгээд бид нар ажлын байран дээр нь очсон. 7,900,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Оюунтуяатай хоорондоо ярилцаад тэр асуудлаа манайхаар дамжуулж шийдсэн. Барьцаанаас чөлөөлж гэрээ дуусгавар болгох тухай хүсэлтийн дагуу барьцаанаас чөлөөлөгдөөд өмчлөх эрх н.Оюунтуяагийн нэр дээр шилжүүлсэн. Ийм л процесс явагдсан. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байгаа” гэв.  

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх Т-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б  нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 5032 дугаар шүүхийн шийдвэрт хийгдэж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргажээ.

Хариуцагч тал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Хэргийн баримтаас үзэхэд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 5032 дугаар шүүхийн шийдвэрээр хариуцагч Т-аас 70,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Чао Юн /Qigo Yong/-д олгож, шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд төлбөрийг барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны м5 тоот хаягтай 47 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж, 2015 оны 12 дугаар 01-ний өдрийн 3517 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн Э.Т-тхолбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг  2015.12.07-ны өдөр үүсгэсэн,  2016.01.06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор орон сууцыг битүүмжилж, 2016.02.16-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоол гарсан, улмаар төлбөр төлөгчид үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна.

Төлбөр төлөгч Т барьцааны зүйл болох орон сууцыг 115,000,000 төгрөгөөр үнэлж, 2017.12.21-ний өдөр үнийн саналыг ирүүлсэн байх бөгөөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлд заасны дагуу харилцан тохиролцсон үнэ болох 115,000,000 төгрөгийн 70 хувь буюу 80,500,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоохыг мэдэгдсэн 2018.01.02-ны өдрийн 4/31321 мэдэгдэл, мөн өдрийн 1/12 дугаар анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, 2018.01.05-ны өдрийн 4/232 дугаар мэдэгдэл зэргийг Э.Т-тхүргүүлсэн байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заажээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018.01.26-ны өдрийн 2/3 албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, 2018.02.02-ны өдрийн 4/2277 дугаар мэдэгдэлээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 115,000,000 төгрөгийн 50 хувь буюу 57,500,000 төгрөгөөр тогтоосныг талуудад мэдэгдсэн байна.

Анхны болон хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “анхны дуудлага худалдааны дуудах үнэ болон хоёр дахь дуудлага худалдааны үнийг Иргэний хуульд заасан хувь, хэмжээгээр тогтооно, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3-т “хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна. Дуудлага худалдааг хоёр дахь удаа явуулж байгаа тухай хуульд заасан журмаар нийтэд мэдээлнэ, 177.4-т “хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно” гэж заасныг зөрчөөгүй гэж үзлээ.

            Харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэгт авагдсан төлбөр авагч Чао Юн /Qigo Yong/-оос Д.О-д 1 жилийн хугацаагаар олгосон гэх 2017.12.26-ны өдрийн итгэмжлэл монгол хэл дээр /43х/, төлбөр төлөгч Т-ийн 2018.02.26-ны өдрийн хүсэлт,  төлбөр авагч Чао Юн /Qigo Yong/-оос Д.О-д олгосон гэх итгэмжлэл огноогүй, хятад хэл дээр /82х/ зэрэг баримтаас үзэхэд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, 64.2.1-д заасан итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх, 64.2.3-т заасан олгосон он, сар, өдрийг заах заалтад нийцээгүй, бичгээр олгосон итгэмжлэлийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэв.

 Төлбөр авагч Чао Юн /Qigo Yong/-оос Д.О-д олгосон гэх 2 удаагийн итгэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр, хэрэв хараагүй, хэлгүй, дүлий зэрэг шалтгааны улмаас төрийн албан ёсны хэл, бичгээр харилцаж чадахгүй бол дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй”, 7.3-т “шүүх энэ хуулийн 7.2-т заасан этгээдээс гаргасан тайлбар, мэдүүлэг, нотлох баримт, хэлсэн үгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай ийм этгээдэд орчуулагч, хэлмэрчээр дамжуулан танилцуулах үүрэгтэй, 7.4-т “гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

 Нөгөөтэйгүүр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд /төлөөлөгчид/, бусад хүн, хуулийн этгээдийн төлөөллийг дуудан ирүүлэх, 44.2.15-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн удирдлагад шилжүүлэх, 44.2.16-д заасан худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөрт тооцон суутгаж төлбөр авагчид шилжүүлэх, уг зорилгоор албадан чөлөөлөх гэсэн заалтад нийцээгүй байна.

Иймд нэхэмжлэгч Т-ийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны тодорхой хэсгийг буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018.06.22-ны өдрийн 1/10838 тоотоор өмчлөх эрх шилжүүлэхийг  Хан-Уул дүүргийн  бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн, улмаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны м5 тоот хаягтай, 47 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206031110 дугаар  гэрчилгээ Д.О-ийн/нэг иргэний өмч/ нэр дээр 2018.09.13-ны олгогдсон ажиллагааг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                     

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 181 дүгээр зүйлийн 181.1, 181.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 71 дүгээр зүйлийн 71.7, 73 дугаар зүйлийн 73.6-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгохыг хүссэн Т-ийн шаардлагаас  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018.06.22-ны өдрийн 1/10838 тоотоор өмчлөх эрх шилжүүлэхийг Хан-Уул дүүргийн  бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн, улмаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны м5 тоот хаягтай, 47 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206031110 дугаар  гэрчилгээ Д.О-ийн/нэг иргэний өмч/ нэр дээр 2018.09.13-ны олгогдсон ажиллагааг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2019.01.07-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                            

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ