Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 152/ШШ2022/00536

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т ургийн овогт Б-ийн Д,

Хариуцагч: Х ургийн овогт М-ын Б-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 7,814,780 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 7,650,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, хариуцагч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч М.Б-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 7,814,780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Миний бие 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн үеэр Увс аймгийн 3 дугаар багийн Галданбошигт хороололд 20 айлын орон сууц барихаар болж Улаанбаатар хотоос барилгын материал болон бусад ачаа, материал, ажилчдаа авахаар очсон. Энэ үед М.Б, Т.Ш бид 3 уулзсан. М.Б манай барилгад өөрийн машин техникээ түрээсэлж ажиллахаар тохиролцсон. Тэрээр түрээсийн хөлсөнд надаас блокны иж бүрэн шинэ машиныг 7,000,000 төгрөгөөр авахаар болсон юм.

 

1.2. М.Б нь 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр миний Увс аймгийн Улаанном сумын 9 дүгээр баг, Буянт хороололд байрлах агуулахад байсан шинэ блокны машин, шинэ зуурагч, шинэ блок зөөх зориулалтын тэрэг, шинэ банзаар хийсэн блокны 156 ширхэг подооныг өөрийн биеэр ирж үзээд хараад явсан. 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр М.Б над руу ярьж блокны машиныг авъя, өөрийн крантай машин, ажилчнаа явуулчихлаа гэж хэлсэн. Миний бие өөрийн агуулах дээр очиход М.Б-ийн цэнхэр өнгийн, япон, 86-41 УВХ улсын дугаартай крантай машинтай 2 ажилтан ирсэн байсан. Би агуулахаа онгойлгоод дүү Б.Нямбаяраа дуудаж блокны иж бүрэн машинуудыг ачуулаад подооныг нь тоолоод өгөөрэй гэж хэлээд ажилдаа явсан.

 

1.3. М.Б надаас авсан блокны машинаараа өнөөдрийг хүртэл блок хийн зарж борлуулсаар байгаа. Түүнчлэн өөрийн найз Н.Б томоохон аж ахуйн хашаануудыг бүгдийг нь дээрх машинаар блок үйлдвэрлэн барьсан. М.Б блокны машиныхаа үлдэгдэл мөнгөө өгнө гэж хэлээд өдий хүртэл өгөөгүй юм. М.Б-д өгсөн тоног төхөөрөмж, бараа материал болон бэлэн мөнгөний тооцоо:

1. Шинэ блокны машин, шинэ зуурагч, шинэ блок зөөх зориулалтын тэрэг, шинэ банзаар хийсэн блокны 156 ширхэг подооны үнэ 7,000,000 төгрөгийн тоног төхөөрөмжийг өгсөн.

2. Краны троссны үнэ 1,000,000 төгрөг дансаар өгсөн.

3. Мак ХХК-ийн 1,500,000 төгрөгийн 5 тонн цемент Буянт агуулахаас ачуулж өгсөн.

4. Шинэ 12-ын диаметртэй, 12 метрийн урттай армотур 20 ширхэг 436,780 төгрөг барилгын талбайгаас өгсөн.

5. Шинэ 10-ын диаметртэй, катанги 1,2 тонн 2,280,000 төгрөг барилгын талбайгаас өгсөн.

6. Хүүхэддээ Улаанбаатар хотоос авахуулсан номны үнэ 93.000 төгрөг, нийт 12,309,780 төгрөгийг миний бие М.Б-оос авах ёстой. Үүнээс цамхагт краны түрээсийн доорхи тооцоог хасаж миний бие нэхэмжлэл гаргасан. Үүнд:

1. Цамхагт кран анх ажилласан өдөр 2018 оны 6 дугаар сарын 12-наас 7 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Улсын баяр наадам хүртэл 30 хоног, 7 дугаар сарын 17-наас 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 10 хоног буюу нийлээд 40 хоног ажилласан. 1 өдрийн түрээс 100,000 төгрөг бөгөөд 40 хоног х 100,000 төгрөг = 4, 000,000 төгрөг

2. 2020 оны 6 сард эксковатор 3 мот/цаг ажилласан. 1 мот/цагийн төлбөр 165,000 бөгөөд 3 мот/ цаг х 165,000 төгрөг = 495,000 төгрөг болсон. Нийт түрээсийн төлбөр 4,495,000 төгрөг болсон. Иймээс М.Б-ийн надад өгөх 12,309,780 төгрөгөөс миний өгөх цамхагт краны түрээсийн төлбөр 4,495,000 төгрөгийг хасаад үлдсэн 7,814,780 төгрөгийн төлбөр үлдсэн юм. Иймд миний үндсэн нэхэмжилсэн 5,466,780 төгрөг дээр нэмж 2,348,000 төгрөг дутуу бодогдсон тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа тул М.Б-оос нийт 7,814,780 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч М.Б нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

 

2.1. 2018 онд миний бие нь Б.Д-д цамхагт кран, армотур таслагч, армотур матагч, банз зүсэгч, суурин хөрөөг түрээслэсэн. Уг техник хэрэгслийн тооцоог Б.Д facebook чатаар гаргаж явуулсан. Уг тооцоонд краны хөлсийг 5 хоногоор хийсэн. 3 ширхэг багаж тоног төхөөрөмжийн тооцоо хийгээгүй болно. Миний Б.Д-ээс авах тооцоо 6,750,000 төгрөг, Б.Д надаас авах тооцоо 4,466,780 төгрөг байгаа. Хүүхэддээ Улаанбаатар хотоос авахуулсан номны үнэ 93.000 төгрөгийн тооцоог мөн хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

3. Хариуцагч М.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

3.1. Миний бие Б.Д-д 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 44 хоног, цамхагт краныг өдрийн 150,000 төгрөгөөр тооцож түрээсэлсэн бөгөөд нийт цамхагт краны түрээс 6,600,000 төгрөг болсон. Мөн 2020 оны 6 дугаар сард эксковатор машин 3 мот/цагийг 250,000 төгрөгөөр тооцож түрээсэлсэн төлбөр 750,000 төгрөг, эксковатороор ачаа ачиж буулгасан машины төлбөр 2 талдаа 300,000 төгрөг, нийт 7,650,000 төгрөгийг Б.Д-ээс нэхэмжилж байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

 

4.1. Нэхэмжлэгч Б.Д нь 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа М.Б-ид өгөх түрээсийн төлбөр тооцоогоо түүнд банкаар болон бараа материалаар хийсэн тухай нэг бүрчлэн тодорхой бичсэн бөгөөд түрээсийн төлбөрөөс илүү төлсөн 814,780 төгрөгийг блокны машин болон түүний дагалдах хэрэгсэл гаргуулах нэхэмжлэл дээрээ нэмэгдүүлэн нэхэмжилсэн юм.

 

4.2. М.Б өмнө мөн л багаж түрээслэсэн гэж ямар ч баримтгүй тайлбар гаргаж байсан бол энэ удаа бас л түрээсийн үнэ болон хоног нэмсэн нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Тэрээр Б.Д-ийн гаргасан тооцоог өнөөдрийг хүртэл 3 жил зөвшөөрч явснаа гэнэт одоо өөрчлөлт оруулж нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.

 

4.3. Улсын болон орон нутгийн баяр наадмаар бүх нийтээр амардаг. Увс аймгийн баяр наадам 7 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд болсон. Улсын баяр наадмаар буюу 7 дугаар сарын 11-ний өдрөөс 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Б.Д-ийн барилга угсралтын ажил дуусчихсан гүйцэтгэгч нь Улаанбаатар хот руу буцчихсан байсан. Б.Д орон нутгийн баярын өдрүүд болох 7 дугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд ажилласнаар тооцож, хоног нэмж оруулж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм.

 

4.4. Эксковаторын үнэ улс даяар түлш шатахууны үнэ өссөн 2022 онд 150,000-180,000 төгрөгийн ханштай байхад 2020 онд 1 мот/цаг нь 250,000 төгрөг байх үндэслэлгүй. Б.Д нь М.Б-д төлөх түрээсийн тооцоог төлсөн болох нь банкны баримтаар нотлогдож байгаа бөгөөд машины түрээстэй холбоотой харилцаа 2018 онд үүссэн байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн гэрээ, итгэмжлэл, Б.Д-ийн Хаан банкин дахь 5819180066 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

6. Хариуцагчаас Б.Д-ээс facebook-ээр ирүүлсэн зурвас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С.Д-ийн тооцоолол гэх зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

7. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Б.Д, М.Б нарын facebook-ээр бичилцсэн зурваст 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, Ж.Бадамжавыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Д-ийн хариуцагч М.Б холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 7,814,780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 4,559,780 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 3,255,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн түрээсийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 7,650,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Миний бие 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн үеэр Увс аймгийн 3 дугаар багийн Галданбошигт хороололд 20 айлын орон сууц барихаар болж Улаанбаатар хотоос барилгын материал болон бусад ачаа, материал, ажилчдаа авахаар очсон. Энэ үед М.Б, Т.Ш бид 3 уулзсан. М.Б манай барилгад өөрийн машин техникээ түрээсэлж ажиллахаар тохиролцсон. Тэрээр түрээсийн хөлсөнд надаас блокны иж бүрэн шинэ машиныг 7,000,000 төгрөгөөр авахаар болсон юм.

 

2.2. М.Б 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр миний Увс аймгийн Улаанном сумын 9 дүгээр баг, Буянт хороололд байрлах агуулахад байсан шинэ блокны машин, шинэ зуурагч, шинэ блок зөөх зориулалтын тэрэг, шинэ банзаар хийсэн блокны 156 ширхэг подооныг өөрийн биеэр ирж үзээд хараад явсан. 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр М.Б над руу ярьж блокны машиныг авъя, өөрийн крантай машин, ажилчнаа явуулчихлаа гэж хэлсэн. Миний бие өөрийн агуулах дээр очиход М.Б-ийн цэнхэр өнгийн, япон, 86-41 УВХ улсын дугаартай крантай машинтай 2 ажилтан ирсэн байсан. Би агуулахаа онгойлгоод дүү Б.Нямбаяраа дуудаж блокны иж бүрэн машинуудыг ачуулаад подооныг нь тоолоод өгөөрэй гэж хэлээд ажилдаа явсан.

 

2.3. М.Б надаас авсан блокны машинаараа өнөөдрийг хүртэл блок хийн зарж борлуулсаар байгаа. Түүнчлэн өөрийн найз Н.Бямбадоржийн томоохон аж ахуйн хашаануудыг бүгдийг нь дээрх машинаар блок үйлдвэрлэн барьсан. М.Б блокны машиныхаа үлдэгдэл мөнгөө өгнө гэж хэлээд өдий хүртэл өгөөгүй юм. М.Б-д өгсөн тоног төхөөрөмж, бараа материал болон бэлэн мөнгөний тооцоо:

1. Шинэ блокны машин, шинэ зуурагч, шинэ блок зөөх зориулалтын тэрэг, шинэ банзаар хийсэн блокны 156 ширхэг подооны үнэ 7,000,000 төгрөгийн тоног төхөөрөмжийг өгсөн.

2. Краны троссны үнэ 1,000,000 төгрөг дансаар өгсөн.

3. Мак ХХК-ийн 1,500,000 төгрөгийн 5 тонн цемент Буянт агуулахаас ачуулж өгсөн.

4. Шинэ 12-ын диаметртэй, 12 метрийн урттай армотур 20 ширхэг 436,780 төгрөг барилгын талбайгаас өгсөн.

5. Шинэ 10-ын диаметртэй, катанги 1,2 тонн 2,280,000 төгрөг барилгын талбайгаас өгсөн.

6. Хүүхэддээ Улаанбаатар хотоос авахуулсан номны үнэ 93.000 төгрөг, нийт 12,309,780 төгрөгийг миний бие М.Б-оос авах ёстой. Үүнээс цамхагт краны түрээсийн доорхи тооцоог хасаж миний бие нэхэмжлэл гаргасан. Үүнд:

1. Цамхагт кран анх ажилласан өдөр 2018 оны 6 дугаар сарын 12-наас 7 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Улсын баяр наадам хүртэл 30 хоног, 7 дугаар сарын 17-наас 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 10 хоног буюу нийлээд 40 хоног ажилласан. 1 өдрийн түрээс 100,000 төгрөг бөгөөд 40 хоног х 100,000 төгрөг = 4, 000,000 төгрөг

2. 2020 оны 6 сард эксковатор 3 мот/цаг ажилласан. 1 мот/цагийн төлбөр 165,000 бөгөөд 3 мот/ цаг х 165,000 төгрөг = 495,000 төгрөг болсон. Нийт түрээсийн төлбөр 4,495,000 төгрөг болсон. Иймээс М.Б-ийн надад өгөх 12,309,780 төгрөгөөс миний өгөх цамхагт краны түрээсийн төлбөр 4,495,000 төгрөгийг хасаад үлдсэн 7,814,780 төгрөгийн төлбөр үлдсэн юм. Иймд миний үндсэн нэхэмжилсэн 5,466,780 төгрөг дээр нэмж 2,348,000 төгрөг дутуу бодогдсон тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа тул М.Б-оос нийт 7,814,780 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч М.Б нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

 

3.1. 2018 онд миний бие нь Б.Д-д цамхагт кран, армотур таслагч, армотур матагч, банз зүсэгч, суурин хөрөөг түрээслэсэн. Уг техник хэрэгслийн тооцоог Б.Д facebook чатаар гаргаж явуулсан. Уг тооцоонд краны хөлсийг 5 хоногоор хийсэн. 3 ширхэг багаж тоног төхөөрөмжийн тооцоо хийгээгүй болно. Миний Б.Д-ээс авах тооцоо 6,750,000 төгрөг, Б.Д надаас авах тооцоо 4,466,780 төгрөг байгаа. Хүүхэддээ Улаанбаатар хотоос авахуулсан номны үнэ 93.000 төгрөгийн тооцоог мөн хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

4. Хариуцагч М.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

4.1. Миний бие Б.Д-д 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 44 хоног, цамхагт краныг өдрийн 150,000 төгрөгөөр тооцож түрээсэлсэн бөгөөд нийт цамхагт краны түрээс 6,600,000 төгрөг болсон. Мөн 2020 оны 6 дугаар сард эксковатор машин 3 мот/цагийг 250,000 төгрөгөөр тооцож түрээсэлсэн төлбөр 750,000 төгрөг, эксковатороор ачаа ачиж буулгасан машины төлбөр 2 талдаа 300,000 төгрөг, нийт 7,650,000 төгрөгийг Б.Д-с нэхэмжилж байна гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

 

5.1. Нэхэмжлэгч Б.Д нь 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа М.Б-д өгөх түрээсийн төлбөр тооцоогоо түүнд банкаар болон бараа материалаар хийсэн тухай нэг бүрчлэн тодорхой бичсэн бөгөөд түрээсийн төлбөрөөс илүү төлсөн 814,780 төгрөгийг блокны машин болон түүний дагалдах хэрэгсэл гаргуулах нэхэмжлэл дээрээ нэмэгдүүлэн нэхэмжилсэн юм.

 

5.2. М.Б өмнө мөн л багаж түрээслэсэн гэж ямар ч баримтгүй тайлбар гаргаж байсан бол энэ удаа бас л түрээсийн үнэ болон хоног нэмсэн нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Тэрээр Б.Д-ийн гаргасан тооцоог өнөөдрийг хүртэл 3 жил зөвшөөрч явснаа гэнэт одоо өөрчлөлт оруулж нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.

 

5.3. Улсын болон орон нутгийн баяр наадмаар бүх нийтээр амардаг. Увс аймгийн баяр наадам 7 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд болсон. Улсын баяр наадмаар буюу 7 дугаар сарын 11-ний өдрөөс 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Б.Д-ийн барилга угсралтын ажил дуусчихсан гүйцэтгэгч нь Улаанбаатар хот руу буцчихсан байсан. Б.Д-г орон нутгийн баярын өдрүүд болох 7 дугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд ажилласнаар тооцож, хоног нэмж оруулж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм.

 

5.4. Эксковаторын үнэ улс даяар түлш шатахууны үнэ өссөн 2022 онд 150,000-180,000 төгрөгийн ханштай байхад 2020 онд 1 мот/цаг нь 250,000 төгрөг байх үндэслэлгүй. Б.Д нь М.Б-д төлөх түрээсийн тооцоог төлсөн болох нь банкны баримтаар нотлогдож байгаа бөгөөд машины түрээстэй холбоотой харилцаа 2018 онд үүссэн байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэжээ.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд блокны машин, түүний дагалдах хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан байх ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд хуульд уг гэрээг бичгээр байгуулах тусгай шаардлага тавиагүй байх тул талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь худалдан авагчид эд хөрөнгийг шилжүүлэн өгөх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд хариуцагч М.Б нь блокны машин, түүний дагалдах хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан байх тул нэхэмжлэгч Б.Д блокны машин, түүний дагалдах хэрэгслийн үнийг шаардах эрхтэй байна.

 

7. Нэхэмжлэгч Б.Д блокны машин, түүний дагалдах хэрэгслийн үнийг 7,000,000 төгрөгөөр худалдахаар, хариуцагч М.Б 6,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж гэрээний зүйл болох блокны машин, түүний дагалдах хэрэгслийн үнийн хувьд маргаж байх боловч тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд Б.Д-с М.Б руу илгээсэн facebook зурваст шинэ блокны машин, подооны үнэ 6,000,000 төгрөг гэж Б.Д бичсэн байх бөгөөд тухайн бичсэн зурвасыг миний бичсэн зурвас мөн гэж хүлээн зөвшөөрсөн тул блокны машин, түүний дагалдах хэрэгслийн үнийг 6,000,000 төгрөг гэж тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй.

 

8. Нэхэмжлэгч Б.Д Краны троссны үнэ 1,000,000 төгрөг дансаар өгсөн, Мак ХХК-ийн 1,500,000 төгрөгийн 5 тонн цемент, шинэ 12-ын диаметртэй, 12 метрийн урттай армотур 20 ширхэг 436,780 төгрөг, шинэ 10-ын диаметртэй, катанги 1,2 тонн 2,280,000 төгрөг, хүүхэддээ Улаанбаатар хотоос авахуулсан номны үнэ 93.000 төгрөг, нийт 5,309,780 төгрөгийг нэхэмжилсэн, тухайн дүнг хариуцагч М.Б хүлээн зөвшөөрсөн тул энэхүү үйл баримтаар талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

9. Түүнчлэн талуудын хооронд цамхагт кран, эксковатор түрээслэх түрээсийн гэрээ байгуулагдсан байх ба М.Б нь Б.Д-д дээрх эд зүйлийг түрээслүүлэхээр харилцан тохиролцсон байна. Гэрээг бичгээр байгуулаагүй амаар хэлэлцэн тохирсон. Талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй, түрээсийн төлбөрийн хувьд маргаж байна.

 

Нэхэмжлэгч Б.Д Цамхагт краныг 1 өдрийн 100,000 төгрөгөөр, эксковаторыг 1 мот/цагийг 165,000 төгрөгөөр түрээсэлсэн гэж, хариуцагч М.Б Цамхагт краныг 1 өдрийн 150,000 төгрөгөөр, эксковаторыг 1 мот/цагийг 250,000 төгрөгөөр түрээсэлсэн гэж маргадаг. Тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд Б.Д-ээс М.Б руу илгээсэн facebook зурваст цамхагт кран ажиллаж эхэлсэн 2018.06.12-ны өдөр, 6 дугаар сарын 12-наас 7 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 30 хоног, 7 дугаар сарын 17-наас 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 10 хоног, нийт 40 хоног х 150,000 төгрөг = 6,000,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сард эксковатор 3 мот/цаг х 250,000 төгрөг = 750,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг + 750,000 төгрөг = 6,750,000 төгрөг Баткаад өгөх гэж тусгагдсан байна. Тухайн бичсэн зурвасыг нэхэмжлэгч миний бичсэн зурвас мөн гэж тайлбарласан тул цамхагт краныг 1 өдрийн 150,000 төгрөгөөр, эксковаторыг 1 мот/цагийг 250,000 төгрөгөөр түрээсэлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Б.Д тухайн тооцоолол нь миний урьдчилан гаргасан тооцоо гэж маргадаг боловч энэ хугацаанаас хойш зохигчид тооцоо нийлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул тухайн тооцооллыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзсэн болно.

 

10. Ийнхүү нэхэмжлэгч Б.Дгийн блокны машин, түүний дагалдах хэрэгслийн үнэ 6,000,000 төгрөг дээр хариуцагчийн зөвшөөрсөн 5,309,780 төгрөгийг нэмж нийт 11,309,780 төгрөгөөс цамхагт краны түрээс 6,000,000 төгрөг, эксковаторын түрээс 750,000 төгрөг, нийт 6,750,000 төгрөгийг хасаж үлдэх 4,559,780 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

11. Хариуцагч цамхагт краны түрээс 6,600,000 төгрөг, эксковаторын түрээс 750,000 төгрөг, нийт 7,350,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү тооцоог нэхэмжлэгч Б.Д үндсэн нэхэмжлэлээс хасаж тооцож шийдвэрлэсэн байх тул давхардуулан сөрөг нэхэмжлэл гэж хүлээн авч шийдвэрлэх боломжгүй юм. Нэхэмжлэгч Б.Д цамхагт кран 40 хоног ажилласан гэж, хариуцагч 44 хоног ажилласан гэж Үндэсний их баяр наадмаар амарсан гэх 4 хоногийн хувьд маргаж байна. Талууд тухайн 4 хоногт түрээсийн төлбөрийг хэрхэн тооцох талаар харилцан тохиролцсон баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн тайлбарласнаар цамхагт краны түрээсийн хоногийг 40 хоног гэж үзсэн болно.

 

12. Мөн хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа эксковатор ачиж буулгасан машины хөлс 300,000 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэгч тухайн машины хөлсийг төлөхөөр тохиролцоогүй гэж маргасан, хариуцагчийн энэхүү шаардлагыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

13. Гэрч Ж.Б-ын Манайх 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр "Баянцагаан зам" ХХК-ийн хашаанд манаачаар буусан юм. Түүнээс хойш 5 дугаар сарын 25-ны өдөр манай компанийн хашаанаас Цог 86-41 дугаартай крантай машинаар таслагч, хөрөө, матагч, сунгагч, хашаануудыг компаний хашаанаас ачиж явсан. Улмаар 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр буцааж ачиж авчирсан. Би тухайн үед дэвтэртээ энэ талаар бичиж тэмдэглэж авсан учраас сар өдрийг сайн санаж байна гэж мэдүүлсэн байх боловч талууд тухайн эд зүйл түрээсэлсэн үйл баримтын талаар маргаагүй тул гэрчийн мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой гэж үзэх үндэслэлгүй.

 

14. Түүнчлэн хариуцагчийн хүсэлтээр М.Б, Б.Д нарын facebook зурваст үзлэг хийхэд хариуцагчийн үзлэг хийлгэх гэсэн 2 ширхэг зурвас устсан байснаар тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн үзлэгийг дуусгасан байна. Тухайн үзлэгийн тэмдэглэлээр зурвас устсан байснаар ямар нэгэн үйл баримт тогтоогдоогүй байх тул үзлэгийн тэмдэглэлийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

 

15. Дээрх нөхцөл байдлаас дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч М.Б-оос 4,559,780 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,255,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.Бийн 7,650,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,937 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 4,559,780 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн тул тухайн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 137,350 төгрөгийг хариуцагч М.Б-оос гаргуулж нэхэмжлэгч Б.Д-д олгож, хариуцагч М.Бийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тухайн шаардлагадаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 87,906 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч М.Боос худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4,559,780 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,255,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.Б-ийн түрээсийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 7,650,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,937 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б-оос улсын тэмдэгтийн хураамж 137,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Д-д олгож, хариуцагч М.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжтд төлсөн 87,906 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ