Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 152/ШШ2023/00008

 

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 152/ШШ2023/00008

Увс аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М ургийн овогт А-ийн Б,

Хариуцагч: Увс аймгийн Орон нутгийн өмчийн газарт,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний дагуу автомашин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д /цахимаар/,

Гэрч Б.И /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

Нэхэмжлэгч А.Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.Б- нь хариуцагч Увс аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний дагуу автомашин гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолыг үндэслэн Увс аймгийн Давст сумын Засаг даргын Тамгын газрын УАЭ-31512 маркийн 39-53 УВА улсын дугаартай автомашиныг дуудлага худалдаагаар худалдах борлуулах тухай зарыг А.Б би мэдээллийн хэрэгслээс олж уншсан. Ингээд энэхүү автомашиныг худалдан авах зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дуудлага худалдаанд оролцон ялж УАЗ-31512 маркийн 39-53 УВА улсын дугаартай автомашиныг 1,100,000 төгрөгөөр худалдан авсан. Худалдах-худалдан авах гэрээг тухайн өдөртөө байгуулж, төлбөр тооцоог өдөртөө хийсэн. Дуудлага худалдааг зохион байгуулсан хүмүүс нь өнөөдөртөө машинаа авч болно гэсэн тул автомашинаа аваад таньдаг айлын хашаанд аваачиж тавьсан. Маргааш өдөр нь сумын цагдаагийн ажилтан намайг дуудаад Давст сумын Засаг даргын Тамгын газрын аж ахуйн хашаанд байсан 39-53 УВА улсын дугаартай автомашин 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр алга болсон тул судалж холбогдох арга хэмжээг авч өгч тусална уу гэсэн гомдол Давст сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э.Бат-Оршихоос ирсэн хэмээн албан тоотыг надад үзүүлсэн. Би учир байдлыг хэлж, автомашин худалдан авсан тухай гэрээ, мөнгө төлсөн баримт зэрэг нотлох баримтаа цагдаагийн алба хаагчид хуулбарлаж өгсөн. Цагдаагийн алба хаагч 39-53 УВА улсын дугаартай автомашиныг маань хураан авч, албаны хашаандаа тавьсан. Сумын Засаг даргын Тамгын газар болон Орон нутгийн өмчийн газартай маргаанаа шийдвэрлүүлж, холбогдох бичиг баримтаа авч ирээд машинаа авч болно хэмээн цагдаагаас надад хэлсэн болно. Тэдгээр хүмүүсийн яриагаар бол Засаг даргын Тамгын газраас албан бичиг Орон нутгийн өмчийн газарт илгээснээр би автомашинаа өөрийн эзэмшилд авч болох юм байна. Засаг даргын Тамгын газрын дарга Э.Бат-Орших гэх хүн 39-53 УВА улсын дугаартай автомашиныг намайг худалдан авсан тухай албан бичгийг үйлдэж Орон нутгийн өмчийн газарт илгээх ёстой бөгөөд энэ үүргээ санаатайгаар биелүүлэхгүй байна. Мөн Орон нутгийн өмчийн газрын ажилтан надад дуудлага худалдааг дахин явуулна гэж хэлээд автомашиныг надад шилжүүлэхээс цааргалаад байна. Ер нь эдгээр албан тушаалтнууд үгсэн хуйвалдаж санаатайгаар хууль дүрмийн дагуу худалдан авсан миний өмчлөлд шилжүүлэн өгөх ёстой автомашиныг өгөхгүй байна гэж би ойлгож байна. Худалдан авсан УАЭ-31512 маркийн 39-53 УВА улсын дугаартай автомашиныг 1,100,000 төгрөгөөр үнэлж байна. Иймд худалдан авсан УАЗ-Э1512 маркийн 39-53 УВА улсын дугаартай автомашиныг миний өмчлөлд шилжүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д хариу тайлбартаа: Давст сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тус сумын Засаг даргын Тамгын газарт ашиглаж байсан УАЭ-31512 маркийн 39-53 УВА автомашины дуудлага худалдааг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулсан байна. Тус дуудлага худалдаанд 4 хүн оролцож Ц.Эрхэмбаяр 6,600,000 төгрөгөөр ялалт байгуулсныг дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 9 цаг 57 минутад сүүлийн оролцогчийг бүртгэсэн байгаа нь хуулийн дагуу явагдаагүй гэж үзэн мөн өдрийн 13 цагт дуудлага худалдаа дахин явуулж иргэн А.Б-д 1,100,000 төгрөгөөр худалдахаар худалдах-худалдан авах гэрээ гэрээ байгуулжээ. Тус дуудлага худалдаатай холбоотой иргэний гомдол манай газарт ирсний дагуу судалж үзэхэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/08 тоот тогтоолоор батлагдсан Үндсэн хөрөнгийн дуудлага худалдааг зохион байгуулах журамд зааснаар дуудлага худалдаанд оролцогчдын бүртгэлийг дуудлага худалдаа эхлэхээс 30 минутын өмнө дуусгавар болгох ёстой байдаг. Гэтэл тус дуудлага худалдаанд оролцогчдын бүртгэлээс харахад 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 9 цаг 57 минутад сүүлийн оролцогчийг бүртгэсэн байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.6 дахь хэсэг, Үндсэн хөрөнгийн Дуудлага худалдааг зохион байгуулах журмын 4 дүгээр зүйлийн 4.5, 9 дүгээр зүйлийг зөрчсөн байсан тул уг дуудлага худалдааг хүчингүй болгож дахин явуулах, мөн хууль, журмыг зөрчин дуудлага худалдаа явуулсан ажлын хэсэгт зохих хариуцлага тооцохыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 313 тоот албан бичгээр хүргүүлсэн байгаа. Увс аймгийн Орон нутгийн өмчийн газар нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дуудлага худалдааны талаар мэдээгүй байсан бөгөөд иргэнээс ирсэн гомдлын дагуу мэдсэн. Иймд тухайн үед дуудлага худалдааг хүчингүй болгож, дуудлага худалдааг дахин явуулах шийдвэр гаргаагүй, энэ талаар гаргаж өгөх баримт байхгүй. Иргэн А.Баярсайхны нэхэмжлэлд Орон нутгийн өмчийн газрын ажилтан надад дуудлага худалдааг дахин явуулна гэж хэлээд автомашиныг надад шилжүүлэхээс цааргалаад байна, миний хууль, дүрмийн дагуу худалдан авсан автомашиныг өгөхгүй байна гэж би ойлгож байна гэжээ. 2020 оны 1 дүгээр сарын эхээр дуудлага худалдааны ялагч болсон хүн би байна, надад машиныг өгөхгүй байгаа учраас шүүхэд хандах гэж байна гэсэн хүн надтай уулзахад Үндсэн хөрөнгийн дуудлага худалдааг зохион байгуулах журмын холбогдох /дээрх/ заалтыг танилцуулж, хоцорч ирсэн иргэнийг бүртгэж дуудлага худалдааг зохион байгуулсан нь журам зөрчсөн ажиллагаа тул /иргэн өөрөө уншиж танилцсан/ уг асуудлаар Давст сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд албан бичиг хүргүүлсэн байгаа болон шүүхэд хандах эрх нь өөрт нь байгааг хэлж танилцуулаад явуулсан. Орон нутгийн өмчийн газар нь батлагдсан хууль, дүрэм журмыг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх, биелэлтийг хангаж ажиллах чиг үүрэг бүхий Төрийн байгууллага тул нэг талыг барьж асуудалд хандах боломжгүй юм. Үндсэн хөрөнгийн дуудлага худалдааг зохион байгуулах журмын холбогдох заалтыг танилцуулж, хоцорч ирсэн иргэнийг бүртгэж дуудлага худалдааг зохион байгуулсан нь журам зөрчсөн ажиллагаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч А.Б-ы хариуцагч Увс аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний дагуу автомашин гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолыг үндэслэн Увс аймгийн Давст сумын Засаг даргын Тамгын газрын УАЭ-31512 маркийн 39-53 УВА улсын дугаартай автомашиныг дуудлага худалдаагаар худалдах борлуулах тухай зарыг А.Б- би мэдээллийн хэрэгслээс олж уншсан. Ингээд энэхүү автомашиныг худалдан авах зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дуудлага худалдаанд оролцон ялж УАЗ-31512 маркийн 39-53 УВА улсын дугаартай автомашиныг 1,100,000 төгрөгөөр худалдан авсан. Худалдах-худалдан авах гэрээг тухайн өдөртөө байгуулж, төлбөр тооцоог өдөртөө хийсэн. Дуудлага худалдааг зохион байгуулсан хүмүүс нь өнөөдөртөө машинаа авч болно гэсэн тул автомашинаа аваад таньдаг айлын хашаанд аваачиж тавьсан. Маргааш өдөр нь сумын цагдаагийн ажилтан намайг дуудаад Давст сумын Засаг даргын Тамгын газрын аж ахуйн хашаанд байсан 39-53 УВА улсын дугаартай автомашин 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр алга болсон тул судалж холбогдох арга хэмжээг авч өгч тусална уу гэсэн гомдол Давст сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э.Б-оос ирсэн хэмээн албан тоотыг надад үзүүлсэн. Би учир байдлыг хэлж, автомашин худалдан авсан тухай гэрээ, мөнгө төлсөн баримт зэрэг нотлох баримтаа цагдаагийн алба хаагчид хуулбарлаж өгсөн. Цагдаагийн алба хаагч 39-53 УВА улсын дугаартай автомашиныг маань хураан авч, албаны хашаандаа тавьсан. Сумын Засаг даргын Тамгын газар болон Орон нутгийн өмчийн газартай маргаанаа шийдвэрлүүлж, холбогдох бичиг баримтаа авч ирээд машинаа авч болно хэмээн цагдаагаас надад хэлсэн болно. Худалдан авсан УАЭ-31512 маркийн 39-53 УВА улсын дугаартай автомашиныг 1,100,000 төгрөгөөр үнэлж байна. Иймд худалдан авсан УАЗ-Э1512 маркийн 39-53 УВА улсын дугаартай автомашиныг миний өмчлөлд шилжүүлж өгнө үү гэж тайлбарласан.

3. Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

3.1. Давст сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тус сумын Засаг даргын Тамгын газарт ашиглаж байсан УАЭ-31512 маркийн 39-53 УВА автомашины дуудлага худалдааг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулсан байна. Тус дуудлага худалдаанд 4 хүн оролцож Ц.Э 6,600,000 төгрөгөөр ялалт байгуулсныг дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 57 минутад сүүлийн оролцогчийг бүртгэсэн байгаа нь хуулийн дагуу явагдаагүй гэж үзэн мөн өдрийн 13 цагт дуудлага худалдааг дахин явуулж иргэн А.Б-д 1,100,000 төгрөгөөр худалдахаар худалдах-худалдан авах гэрээ гэрээ байгуулжээ. Тус дуудлага худалдаатай холбоотой иргэний гомдол манай газарт ирсний дагуу судалж үзэхэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/08 тоот тогтоолоор батлагдсан Үндсэн хөрөнгийн дуудлага худалдааг зохион байгуулах журамд зааснаар дуудлага худалдаанд оролцогчдын бүртгэлийг дуудлага худалдаа эхлэхээс 30 минутын өмнө дуусгавар болгох ёстой байдаг. Гэтэл тус дуудлага худалдаанд оролцогчдын бүртгэлээс харахад 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 57 минутад сүүлийн оролцогчийг бүртгэсэн байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.6 дахь хэсэг, Үндсэн хөрөнгийн Дуудлага худалдааг зохион байгуулах журмын 4 дүгээр зүйлийн 4.5, 9 дүгээр зүйлийг зөрчсөн байсан тул уг дуудлага худалдааг хүчингүй болгож дахин явуулах, мөн хууль, журмыг зөрчин дуудлага худалдаа явуулсан ажлын хэсэгт зохих хариуцлага тооцохыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 313 тоот албан бичгээр хүргүүлсэн байгаа. Увс аймгийн Орон нутгийн өмчийн газар нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дуудлага худалдааны талаар мэдээгүй байсан бөгөөд иргэнээс ирсэн гомдлын дагуу мэдсэн. Иймд тухайн үед дуудлага худалдааг хүчингүй болгож, дуудлага худалдааг дахин явуулах шийдвэр гаргаагүй, энэ талаар гаргаж өгөх баримт байхгүй. Үндсэн хөрөнгийн дуудлага худалдааг зохион байгуулах журмын холбогдох заалтыг танилцуулж, хоцорч ирсэн иргэнийг бүртгэж дуудлага худалдааг зохион байгуулсан нь журам зөрчсөн ажиллагаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 Хэргийн баримтаас үзэхэд Увс аймгийн Давст сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Увс аймгийн Давст сумын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, тухайн байгууллагад ашиглаж байсан УАЗ-31512 маркийн, 39-53 УВА улсын дугаартай автомашиныг 1,000,000 төгрөгөөр үнэлэн худалдан борлуулах дуудлага худалдааг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт явуулах тухай зар гаргасан байна.

 Тус дуудлага худалдаанд 4 хүн оролцож Ц.Э 6,600,000 төгрөгөөр ялалт байгуулсныг дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 57 минутад сүүлийн оролцогчийг бүртгэсэн нь хуулийн дагуу явагдаагүй гэж үзэн мөн өдрийн 13 цагт дуудлага худалдааг дахин явуулж иргэн А.Б-д 1,100,000 төгрөгөөр худалдахаар худалдах-худалдан авах гэрээ гэрээ байгуулсан байх ба талууд дуудлага худалдааг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2 удаа явуулсан гэх үйл баримтын талаар маргаагүй.

Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч тал ...Дуудлага худалдаа хүчингүй гэж үзэхгүй байна. Хэрэв дуудлага худалдааг хүчингүй гэж үзсэн бол Увс аймгийн Орон нутгийн өмчийн газар дуудлага худалдааг дахин явуулах шийдвэрээ гаргах ёстой. Одоог хүртэл дуудлага худалдааг дахин явуулах тухай шийдвэрээ гаргаагүй байх тул дуудлага худалдааг хүчинтэй гэж үзэж байна. Иймд дуудлага худалдааны үр дүнд байгуулагдсан гэрээний дагуу автомашин гаргуулж өгнө үү гэж, хариуцагч тал ...Дуудлага худалдаанд оролцогчдын бүртгэлээс харахад 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 57 минутад сүүлийн оролцогчийг бүртгэсэн байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.6 дахь хэсэг, Үндсэн хөрөнгийн Дуудлага худалдааг зохион байгуулах журмын 4 дүгээр зүйлийн 4.5, 9 дүгээр зүйлийг зөрчсөн байсан тул уг дуудлага худалдааг хүчингүй болгож дахин явуулах, мөн хууль, журмыг зөрчин дуудлага худалдаа явуулсан ажлын хэсэгт зохих хариуцлага тооцохыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 313 тоот албан бичгээр хүргүүлсэн байгаа. Увс аймгийн Орон нутгийн өмчийн газар нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дуудлага худалдааны талаар мэдээгүй байсан бөгөөд иргэнээс ирсэн гомдлын дагуу мэдсэн. Иймд тухайн үед дуудлага худалдааг хүчингүй болгож, дуудлага худалдааг дахин явуулах шийдвэр гаргаагүй, энэ талаар гаргаж өгөх баримт байхгүй гэж маргажээ.

4. Увс аймгийн Давст сумын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй бүртгэлтэй автомашин нь орон нутгийн өмчид хамаарах тул хөрөнгийг эзэмших, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулах бөгөөд мөн хуулийн 42 дугаар зүйлд дуудлага худалдааг хууль зөрчин явуулсанд тооцох үндэслэлүүдийг заасан байх ба Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/08 дугаар Үндсэн хөрөнгийн дуудлага худалдааг зохион байгуулах журам батлах тухай тогтоолоор орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Үндсэн хөрөнгийн дуудлагын худалдааг зохион байгуулах журам-ыг нэгдүгээр хавсралтаар баталсан байх бөгөөд тус журмын 4.5-д Дуудлагын худалдаанд оролцогчдын бүртгэх ажиллагаа дуудлагын худалдаа эхлэхээс 30 минутын өмнө дуусгавар болно гэж заасан байна.

Дээрх үйл баримтын талаар хариуцагч тал Увс аймгийн Орон нутгийн өмчийн газар нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дуудлага худалдааны талаар мэдээгүй байсан бөгөөд иргэнээс ирсэн гомдлын дагуу мэдсэн. Иймд тухайн үед дуудлага худалдааг хүчингүй болгож, дуудлага худалдааг дахин явуулах шийдвэр гаргаагүй гэж тайлбарласан.

Мөн Увс аймгийн Орон нутгийн өмчийн газар нь иргэнээс ирсэн өргөдлийг судалж үзээд Давст сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ц.Ширбазарт хандан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 313 дугаар албан бичгээр Танай суманд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болсон УАЗ-31512 маркийн УВА 39-53 автомашины дуудлага худалдаа зөрчилтэй явагдсан талаар 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэнээс ирүүлсэн өргөдлийн дагуу судлан үзэхэд 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/08 тоот тогтоолоор батлагдсан Үндсэн хөрөнгийн дуудлага худалдааг зохион байгуулах журмын 4 дүгээр зүйлийн 4.5, 9 дүгээр зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.6 дахь хэсгийг зөрчсөн байна. Үндсэн хөрөнгийн дуудлага худалдааны журамд зааснаар дуудлага худалдааны оролцогчдын бүртгэлийг уг дуудлага худалдаа эхлэхээс 30 минутын өмнө дуусгавар болгох ёстой ба танай дуудлага худалдаанд оролцож ялагч болсон иргэн нь бүртгэл дууссанаас хойш бүртгүүлж дуудлага худалдаанд оролцсон байх тул уг дуудлага худалдааг дахин зарлан явуулах нь зүйтэй. Мөн албан үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэгт зохих хариуцлагыг тооцож ажиллана уу гэх хариуг хүргүүлсэн байна. Энэхүү албан бичгээс үзэхэд хариуцагч талын Увс аймгийн Орон нутгийн өмчийн газар нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дуудлага худалдааны талаар мэдээгүй байсан бөгөөд иргэнээс ирсэн гомдлын дагуу мэдсэн. Иймд тухайн үед дуудлага худалдааг хүчингүй болгож, дуудлага худалдааг дахин явуулах шийдвэр гаргаагүй гэх тайлбар үндэслэлтэй.

5. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 2-т дуудлага худалдааг дахин явуулах тухай шийдвэр гаргах, энэ тухай мэдээлэх талаар тус тус заасан байх ба Үндсэн хөрөнгийн дуудлагын худалдааг зохион байгуулах журмын 9.2-т Дуудлагын худалдааг дахин явуулах тухай шийдвэрийг Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас гаргах бөгөөд дуулага худалдааны зар мэдээллийг дахин дуудлага худалдаа явуулах өдрөөс хуанлийн 14-өөс доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлнэ гэж заажээ.

Талуудын тайлбараас үзэхэд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт явуулсан дуудлага худалдааг Үндсэн хөрөнгийн дуудлагын худалдааг зохион байгуулах журмын 4.5-д заасныг зөрчсөн үндэслэлээр эрх бүхий байгууллагаас хүчингүйд тооцоогүй байхад мөн өдрийн 13 цагт дуудлага худалдааг дахин явуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 2, Үндсэн хөрөнгийн дуудлагын худалдааг зохион байгуулах журмын 9.2-т заасныг зөрчсөн байна.

6. Гэрч Б.Ичинхорлоо ...Дуудлага худалдаа явуулах шинэчилсэн журмыг дуудлага худалдааны өмнөх өдөр ирүүлээгүй, дуудлага худалдаа болох өдөр 10-20 минутын өмнө би өөрөө Р.Соёлмаа, Г.Тунгалаг нартай утсаар ярьж авсан. Тэд надад үнэ хаялцах интервалын хэмжээнд өөрчлөгдсөн бусад нь хэвээрээ гэсэн. Дуудлага худалдаатай холбоотой гомдол гаргасны дараа би Р.Соёлмаатай утсаар А.Б- гэх хүн гомдол гаргасан байна, одоо яах вэ гэхэд "бүртгэлд хожимдож бүртгүүлсэн хүнээ хасаад дуудлага худалдааг дахин явуул" гэж хэлсэн. Тухайн үед би утсаа чанга яригч дээр нь тавиад дуудлага худалдаанд оролцогч болон ажиглагч нарт сонсгож ярьсан юм. А.Б-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээ хүчинтэй. Гэрээ байгуулахаас өмнө А.Б- аймгийн Орон нутгийн өмчийн газраас данс аваад мөнгөө тушаасан баримтаа авч ирээд, гэрээ байгуулж машинаа аваад явсан. Машин хулгайлагдсан зүйл байхгүй. А.Б- гэрээ байгуулсны үндсэн дээр машиныг аваад явсан. Би дуудлага худалдаа зохион байгуулахдаа Увс аймгийн Орон нутгийн өмчийн газраас заавар зөвлөгөө авсны үндсэн дээр зохион байгуулсан учраас миний буруу биш гэж үзэж байна. Надад дуудлага худалдааг дахин явуул гэсэн зөвлөмж өгсөн учраас би дахин зохион байгуулсан гэж мэдүүлсэн байх боловч 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт явуулсан дуудлага худалдааг хүчингүйд тооцоогүй байхад мөн өдрийн 13 цагт дуудлага худалдааг дахин явуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 2, Үндсэн хөрөнгийн дуудлагын худалдааг зохион байгуулах журмын 4.5, 9.2-т заасныг зөрчсөн байх тул түүний мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой гэж үзэх боломжгүй.

7. Түүнчлэн хэрэгт авагдсан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 тоот худалдах-худалдан авах гэрээнд нэг талаас Давст сум ЗДТГ /худалдагч/, нөгөө талаас дуудлага худалдааны ялагч болсон иргэн А.Б- гэж талуудыг тодорхойлж бичсэн байх боловч гэрээний 2.2-т худалдагч ИТХ гэж бичсэн, мөн гэрээний гэрээ байгуулсан ... хэсэгт Увс аймгийн Давст сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэсэн тамга дарагдсан байх бөгөөд гэрээнд гарын үсэг зурсан хүний нэр тодорхойгүй. Энэ талаар шүүх хуралдаанд гэрч Б.Ичинхорлоогоос тодруулахад Тухайн гэрээнд худалдагч талыг төлөөлж миний бие гарын үсэг зурсан гэж мэдүүлсэн, хэний зөвшөөрлөөр тус гэрээнд гарын үсэг зурсан эсэхийг тодруулахад Хэн ч зөвшөөрөл олгоогүй. Өөрөө мэдээд гарын үсэг зурсан гэж тайлбарласан тул тухайн гэрээг дуудлага худалдааны үр дүнд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлгүй.

8. Иймд нэхэмжлэгч А.Б- нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар дуудлага худалдааны үр дүнд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 тоот худалдах-худалдан авах гэрээний дагуу автомашин шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А.Б-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдох УАЗ-31512 маркийн 39-53 УВА улсын дугаартай автомашин гаргуулах тухай нэхэмжлэгч А.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А.Б-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ