Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 19

 

           А.Б-ы нэхэмжлэлтэй

                  иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 330 дугаар шийдвэртэй,

А.Б-ы нэхэмжлэлтэй, хариуцагч У а Д с З д т г , тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, У а О н ө гт тус тус холбогдох, худалдах-худалдан авах гэрээний дагуу автомашин гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Увс аймгийн орон нутгийн өмчийн газрын дарга М.Угийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, У аймгийн О н-гийн ө-ийн г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолыг үндэслэн У аймгийн Д с-ын З д-ын Т-ын газрын УАЗ-31512 маркийн, УВА 39-53 улсын дугаартай автомашиныг дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай зарыг А.Б би мэдээллийн хэрэгслээс олж уншсан. Ингээд энэхүү автомашиныг худалдан авах зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дуудлага худалдаанд оролцон ялж, УАЗ-31512 маркийн УВА 39-53 улсын дугаартай автомашиныг 1.100.000 төгрөгөөр худалдан авсан. Худалдах-худалдан авах гэрээг тухайн өдөртөө байгуулж, төлбөр тооцоог өдөртөө хийсэн. Дуудлага худалдааг зохион байгуулсан хүмүүс нь “Өнөөдөртөө машинаа авч болно” гэсэн тул автомашинаа аваад таньдаг айлын хашаанд аваачиж тавьсан. Маргааш өдөр нь сумын цагдаагийн ажилтан намайг дуудаад “Давст сумын Засаг даргын Тамгын газрын аж ахуйн хашаанд байсан УВА 39-53 улсын дугаартай автомашин 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр алга болсон тул судалж, холбогдох арга хэмжээг авч өгч тусална уу” гэсэн гомдол Давст сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э.Бат-Оршихоос ирсэн хэмээн албан тоотыг надад үзүүлсэн.

Би учир байдлыг хэлж, автомашин худалдан авсан тухай гэрээ, мөнгө төлсөн баримт зэрэг нотлох баримтаа цагдаагийн алба хаагчид канондож өгсөн. Цагдаагийн алба хаагч УВА 39-53 улсын дугаартай автомашиныг маань хураан авч, албаны хашаандаа тавьсан. Сумын Засаг даргын Тамгын газар болон Орон нутгийн өмчийн газартай маргаанаа шийдвэрлүүлж, холбогдох бичиг баримтаа авч ирээд машинаа авч болно хэмээн цагдаагаас надад хэлсэн. Тэдгээр хүмүүсийн яриагаар бол Засаг даргын Тамгын газраас албан бичиг Орон нутгийн өмчийн газарт илгээснээр би автомашинаа өөрийн эзэмшилд авч болох юм байна. Засаг даргын Тамгын газрын дарга Э.Бат-Орших гэх хүн УВА 39-53 улсын дугаартай автомашиныг намайг худалдан авсан тухай албан бичгийг үйлдэж Орон нутгийн өмчийн газарт илгээх ёстой бөгөөд энэ үүргээ санаатайгаар биелүүлэхгүй байна. Мөн Орон нутгийн өмчийн газрын ажилтан надад “Дуудлага худалдааг дахин явуулна” гэж хэлээд автомашиныг надад шилжүүлэхээс цааргалаад байна. Ер нь эдгээр албан тушаалтнууд үгсэн хуйвалдаж санаатайгаар хууль, дүрмийн дагуу худалдан авсан миний өмчлөлд шилжүүлэн өгөх ёстой автомашиныг өгөхгүй байна гэж би ойлгож байна. Худалдан авсан УАЗ-31512 маркийн, УВА 39-53 улсын дугаартай автомашиныг 1.100.000 төгрөгөөр үнэлж байна. Иймд худалдан авсан УАЗ-Э1512 маркийн УВА 39-53 улсын дугаартай автомашиныг миний өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Давст сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э.Бат-Орших шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Давст сумын ЗДТГ-ын эзэмшилд байгаа УАЗ-31512 маркийн, УВА 39-53 улсын дугаартай машины гүйлт, норм дууссан тул данснаас хасуулах саналыг сумын ИТХ-аар дамжуулан аймгийн Орон нутгийн өмчийн газарт хүргүүлснээр аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 270 тоот албан бичгээр уг машины дуудлага худалдааг хууль, журмын дагуу зохион байгуулах шийдвэр ирсэн. Энэ шийдвэрийн дагуу сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, сумын өмч хамгаалах байнгын комиссын дарга Б.Ичинхорлоогоор ахлуулсан ажлын хэсэг дуудлага худалдааг зохион байгуулсан байна. Дуудлага худалдаанд 4 хүн оролцож Хандгайт багийн иргэн Ц.Эрхэмбаяр 6.600.000 төгрөгөөр ялалт байгуулсныг ажлын хэсэг хуулийн дагуу явагдаагүй гэж үзэн, мөн өдрөө дахин дуудлага худалдаа зохион явуулж иргэн А.Бд 1.100.000 төгрөгөөр өгөхөөр гэрээ байгуулсан байна. Дээрх үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн 5, 41.3 дахь хэсгийн 3 дахь заалт, 42 дугаар зүйлийн 42.1 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.2, 43.4 дэх заалт, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2 дахь заалт, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 9/08 дугаар тогтоолоор батлагдсан “Үндсэн хөрөнгийн дуудлага худалдаа зохион байгуулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.5, 7 дугаар зүйлийн 7.8, 8 дугаар зүйлийн 8.4, 9 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн байна. Уг машиныг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ямар нэгэн албан ёсны шийдвэргүйгээр лацыг хөндөж авч явсан нь хууль бус гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дахь заалт, аймгийн ИТХ- ын 2019 оны 9/08 дугаар тогтоолоор батлагдсан “Үндсэн хөрөнгийн дуудлага худалдаа зохион байгуулах журам”-ын 7 дугаар зүйлийн 7.8 дахь заалтын дагуу сумын дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг аймгийн Орон нутгийн өмчийн газарт аймгийн ИТХ-ын 2019 оны 9/08 дугаар тогтоолоор батлагдсан “Үндсэн хөрөнгийн дуудлага худалдаа зохион байгуулах журам”-ын 8 дугаар зүйлийн 8.4 дахь заалтын дагуу дуудлага худалдааны ялагчид “Өмчлөх эрхийн батламж” олгосны дараа битүүмжлэлтэй байсан эд хөрөнгийг сумын Засаг даргын тамгын Газраас авах эрхтэй юм. Иймд уг дуудлага худалдааг дахин явуулах шаардлагатай гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Давст сумын ИТХ-ын дарга Ц.Ширбазар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Увс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/141 дүгээр тогтоолоор тус сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшилд байгаа УАЗ-31512 маркийн, УВА 39-53 дугаартай автомашиныг 1,000,000 төгрөгөөр үнэлж, дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэрийн дагуу олон нийтэд нээлттэй явуулах зарчим баримтлан хуулийн хүрээнд 1 сарын өмнө цахим болон бусад хэлбэрээр зар тавьж, дуудлага худалдаа зохион байгуулах комисс байгуулж, 2019 оны 12 дугаар сарын 25-ны 10 цагаас дуудлага худалдаа зохион байгуулсан юм. Дуудлага худалдаанд 4 хүн оролцож Хандгайт багийн иргэн Ц.Эрхэмбаяр 6.600.000 төгрөгөөр ялалт байгуулсныг ажлын хэсэг хуулийн дагуу явагдаагүй гэж үзэн, мөн өдрөө дахин дуудлага худалдаа зохион явуулж иргэн А.Бд 1.100.000 төгрөгөөр өгөхөөр гэрээ байгуулсан байна. Дээрх үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.6, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2 дахь заалт, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 9/08 дугаар тогтоолоор батлагдсан “Үндсэн хөрөнгийн дуудлага худалдааг зохион байгуулах” журмын 4 дүгээр зүйлийн 4.5, 9 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн байна. Иймд Үндсэн хөрөнгийн дуудлага худалдааг зохион байгуулах журамд зааснаар дуудлага худалдааны оролцогсдын бүртгэлийг дуудлага худалдаа эхлэхээс 30 минутын өмнө дуусгавар болох ёстой ба уг дуудлага худалдаанд оролцож ялагч болсон иргэн нь бүртгэл дууссанаас хойш бүртгүүлж дуудлага худалдаанд оролцсон нь журмын 4.5 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 42.6 дахь заалт тус тус зөрчигдөж байгаа тул Үндсэн хөрөнгийн дуудлага худалдааг зохион байгуулах журмын 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу дахин явуулах шаардлагатай гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга М.У анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Давст сумын ИТХ нь тус сумын Засаг даргын Тамгын газарт ашиглаж байсан УАЗ-31512 маркийн, УВА 39-53 авто машины дуудлага худалдааг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулсан байгаа. Тус дуудлага худалдаатай холбоотой иргэний гомдол манай газарт ирсний дагуу судлан үзэхэд аймгийн ИТХ-ын  2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/08 тоот тогтоолоор батлагдсан “Үндсэн хөрөнгийн дуудлага худалдааг зохион байгуулах журам”-д зааснаар дуудлага худалдаанд оролцогчдын бүртгэлийг дуудлага худалдаа эхлэхээс 30 минутын өмнө дуусгавар болгох ёстой байдаг. Гэтэл тус дуудлага худалдаанд оролцогчдын бүртгэлээс харахад 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 9 цаг 57 минутад сүүлийн оролцогчийг бүртгэсэн байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.6 дахь хэсэг, Үндсэн хөрөнгийн Дуудлага худалдааг зохион байгуулах журмын 4 дүгээр зүйлийн 4.5, 9 дүгээр зүйлийг зөрчсөн байсан тул уг дуудлага худалдааг хүчингүй болгож дахин явуулах, мөн хууль, журмыг зөрчин дуудлага худалдаа явуулсан ажлын хэсэгт зохих хариуцлага тооцохыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 313 тоот албан бичгээр хүргүүлсэн байгаа. Иргэн А.Бы нэхэмжлэлд “Орон нутгийн өмчийн газрын ажилтан надад дуудлага худалдааг дахин явуулна” гэж хэлээд автомашиныг надад шилжүүлэхээс цааргалаад байна, миний хууль, дүрмийн дагуу худалдан авсан автомашиныг өгөхгүй байна” гэж бичсэн байна. Баярсайхан гэгч нь  2020 оны 1 дүгээр сарын эхээр манай мэргэжилтэн С.Дтай уулзаж, “ дуудлага худалдааны ялагч болсон хүн би байна, надад машиныг өгөхгүй байгаа учраас шүүхэд хандах гэж байна” гэж хэлсэн байсан ба С.Д нь “уг асуудлаар Давст сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд албан бичиг хүргүүлсэн байгаа болон шүүхэд хандах эрх нь өөрт нь байгааг хэлж танилцуулсан” байсан. Орон нутгийн өмчийн газар нь батлагдсан хууль, дүрэм, журмыг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх, биелэлтийг хангаж ажиллах чиг үүрэг бүхий Төрийн байгууллага тул нэг талыг барьж асуудалд хандах боломжгүй юм” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үндсэн хөрөнгийн дуудлага худалдааг зохион байгуулах журмын холбогдох заалтыг танилцуулж, хоцорч ирсэн иргэнийг бүртгэж дуудлага худалдааг зохион байгуулсан нь журам зөрчсөн ажиллагаа тул дахин 14 хоногийн дараа дуудлага дахин явуулах ёстой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 330 дугаар шийдвэрээр: “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Давст сумын Засаг даргын Тамгын газраас худалдах-худалдан авах гэрээний гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 1.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий УАЗ-31512 маркийн, УВА 3953 улсын дугаартай автомашиныг гаргуулан нэхэмжлэгч А.Бд олгож, хариуцагч Увс аймгийн Давст сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, У а О н ө гт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга М.У давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ”Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Орон нутгийн өмчийн газар нь батлагдсан хууль, дүрэм журмыг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх, биелэлтийг хангуулж ажиллах чиг үүрэг бүхий төрийн байгууллага юм. Энэ чиг үүргийнхээ хүрээнд хууль, журам зөрчсөн асуудлаар Давст сумын дуудлага худалдаатай холбогдох асуудлаар хууль, журмын хүрээнд зөвлөмжийг өгч ажилласан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.6, 44 дүгээр зүйлийн 44.2.4, 42 дугаар зүйлд тус тус заасан үндэслэлээр дуудлага худалдаа явагдаагүй буюу хууль зөрчин явуулсанд тооцсон, түүнчлэн мөн хуулийн 43 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй бол уг дуудлага худалдааг дахин явуулна. Үндсэн хөрөнгийн дуудлага худалдааг зохион байгуулах журмын 4 дүгээр зүйлийн 4.5-т “Дуудлагын худалдаанд оролцогчдыг бүртгэх ажиллагаа дуудлагын худалдаа эхлэхээс 30 минутын өмнө дуусгавар болно”, мөн журмын 9 дүгээр зүйлийн 9.1-т энэ журмын 7.4.2-д заасны дагуу дуудлагын худалдаа явагдаагүй буюу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, энэ журмын 8.3–д зааснаар оролцогч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй бол уул дуудлагын худалдааг дахин явуулна гэсэн заалтуудыг зөрчсөөр байхад анхан шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль журамд нийцээгүй байна. Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.6 дахь хэсэгт “Үнэ хаялцуулахад хөтлөгч ба хорооны төлөөлөгч, эсхүл бүртгэгдээгүй этгээд оролцсон” гэж заасан.

Мөн хуулийн 44 дүгээр зүйлд “Энэ хуулийн 41 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4/, 42 дугаар зүйлд тус тус заасан үндэслэлээр дуудлагын худалдаа явагдаагүй буюу хууль зөрчин явуулсанд тооцсон, түүнчлэн 43 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нь тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй бол уул худалдааг дахин явуулна гэж тус тус заасан.

Үндсэн хөрөнгийн дуудлага худалдааг зохион байгуулах журмын 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт: Дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэх ажиллагаа нь дуудлага худалдаа эхлэхээс 30 минутын өмнө дуусгавар болно. Мөн журмын 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт: Энэ журмын 7.4.2 дахь хэсэгт дуудлага худалдаа явагдаагүй буюу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан үндэслэлээр хууль зөрчин явуулсанд тооцсон. Түүнчлэн энэ журмын 8.3 дахь хэсэгт зааснаар “оролцогч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй бол уг дуудлага худалдааг дахин явуулна гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн тайлбартаа : Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасан үнэ хаялцуулах ажиллагааг удирдлага болгож уг дуудлага худалдаа явагдсан. Дуудлага худалдааны үр дүнд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тухайн дуудлага худалдаа нь Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасан үнэ хаялцуулах ажиллагааны үндэслэлүүдийг зөрчөөгүй. Увс аймгийн Орон нутгийн өмчийн газраас явуулсан дуудлага худалдааны журам зөрчсөн гэж байгаа нь гэрээний саналыг хүлээн авч дуудлага худалдаанд ялалт байгуулсан А.Бд хамаагүй. Уг журмыг хэрэгжүүлэх ёстой субъект болох дуудлага худалдааг явуулж байгаа этгээдийн үйл ажиллагаанаас болсон алдааг нэхэмжлэгч А.Бд хамаатуулж болохгүй. Нэгэнт хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан.

Дуудлага худалдааны шинэчилсэн журам нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр батлагдаж, хууль зүйн яаманд бүртгэгдсэн. Гэтэл тухайн дуудлага худалдаа болохоос 10-20 минутын өмнө шинэчлэгдсэн журам ирсэн гэж хариуцан ажиллаж байсан Ичинхорлоо тайлбарласан. Шинэчилсэн дуудлага худалдааны журамтай танилцаж амжаагүй байсан тул бүртгэлийн ажил дээр маргаан үүсгэсэн. Ичинхорлоо нь тухайн өдөр шинэчлэгдсэн журамтайгаа танилцаж дараагийн дуудлага худалдааг явуулсан. Сүүлийн дуудлага худалдааг хүчин төгөлдөр бус гэж хариуцагч тал үзсэн. Гэтэл дуудлага худалдааг дахин явуулах тухай шийдвэрийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гаргах бөгөөд дахин дуудлага худалдаа явуулах өдрөөс 14 өдрөөс доошгүй хоногийн өмнө зарлана мэдээлэх зохицуулалттай.

Өнөөдрийг хүртэл маргаан бүхий дуудлага худалдааг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа тул хүчин төгөлдөр гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Дуудлага худалдааны бүртгэлтэй холбоотой асуудлыг хуульд тусгаагүй учир хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй.

Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.2 дахь хэсэгт хуулиар тогтоосон журам зөрчиж явуулсан үнэ хаялцуулах ажиллагааг хүчин төгөлдөр бус байна гэж заасан тул үнэ хаялцуулах ажиллагаатай холбоотой шаардлагуудыг Увс аймгийн Давст суманд болсон дуудлага худалдаа хангасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны явцад үүссэн хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч А.Б нь У а Д с З д т г , тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, У а О н ө гт тус тус холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн дагуу  автомашин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч “ дуудлага худалдаа хууль зөрчиж явагдсан тул хүчингүйд тооцож дахин явуулах шаардлагатай тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй ” гэж маргажээ.

Увс аймгийн Давст сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас  Увс аймгийн Давст сумын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, тухайн байгууллагад ашиглаж байсан УАЗ-31512 маркийн, УВА 39-53 улсын дугаартай автомашиныг 1,000,000 төгрөгөөр үнэлэн худалдан борлуулах дуудлага худалдааг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт  явуулах тухай зар гаргасан байх бөгөөд уг дуудлага худалдаа холбогдох хууль, журмын дагуу явагдсан эсэх, дуудлага худалдааны үр дүнд байгуулагдсан гэх худалдах, худалдан авах гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нотолсон хангалттай баримт, нотолгоо хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүхээс дуудлага худалдаа хуулийн дагуу дахин явагдсан, худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Маргаан бүхий эд хөрөнгө буюу Увс аймгийн Давст сумын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй автомашин нь орон нутгийн өмчид хамаарах тул эзэмших, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулах бөгөөд мөн хуулийн 42 дүгээр зүйлд дуудлагын худалдааг хууль зөрчин явуулсанд тооцох үндэслэлүүдийг, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 2-т : дуудлага худалдааг дахин явуулах тухай шийдвэр гаргах, энэ тухай мэдээлэх талаар тус тус тусгасан байх бөгөөд  2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт явагдсан дуудлага худалдааг хүчингүйд тооцсон болон дахин дуудлага худалдаа явуулах тухай шийдвэр хэрэгт авагдаагүй байхад дуудлага худалдаа дахин явагдсан гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т “Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэж заасантай нийцээгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэртээ “ хариуцагч У а Д с З д т г , нэхэмжлэгч А.Б нарын хооронд автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээнд заасны дагуу А.Б нь эд хөрөнгийн үнэд 1,100,000 төгрөгийг Увс аймгийн Орон нутгийн өмчийн 100150051401 дугаар дансанд шилжүүлсэн” гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслээгүй.

Тухайлбал, хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 тоот худалдах, худалдан авах гэрээнд “ нэг талаас Давст сум ЗДТГ /худалдагч/, нөгөө талаас дуудлага худалдааны ялагч болсон иргэн А.Б гэж талуудыг тодорхойлж бичсэн байх боловч, гэрээний 2.2-т “ худалдагч ИТХ гэж бичсэн, мөн гэрээний ...гэрээ байгуулсан ...хэсэгт У а Д с И т хгэсэн тамга дарагдсан байх бөгөөд гэрээнд гарын үсэг зурсан хүний нэр тодорхойгүй байна. Энэхүү гэрээнээс худалдагч талыг төлөөлж хэн гэрээ байгуулсан, өөрөөр хэлбэл У а Д с З д т г ,  эсхүл төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу түүнээс эрх олгосон этгээдтэй гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй, мөн нэхэмжлэгч А.Б нь нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа “гэрээний үнэд 1,100,000 төгрөгийг шилжүүлсэн” гэж бичсэн байх боловч түүний тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж заасныг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул хариуцагч Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 330 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч У аймгийн О н-гийн ө-ийн г-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн данснаас буцаан гаргуулж олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                     Н.МӨНХЖАРГАЛ

 

                                                                        Л.АЛТАН