Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 6

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 713 дугаартай шийдвэртэй,

Д.Р, Ш.Д нарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газар, “Ө” ХХК-д тус тус холбогдох, гэм хорын хохирол 19 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                                    Д.Р

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                  Т.Ц

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч                                      Р.Нямцэрэн

Хариуцагч байгууллагын төлөөлөгч                             Д.Б түүний өмшөөлөгч

                                                                                        М.Даваасүрэн

Хариуцагч байгууллагын төлөөлөгч                             Д.Б 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч                             Ж.Э

Нарийн бичгийн дарга                                                   С.Гончигбал нар оролцов.

            Нэхэмжлэгч Д.Р, Ш.Д нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  2016 оны эцсийн мал тооллогоор Булган аймгийн Булган сумын иргэн Ш.Д-д 58 тооны, Д.Р-д 24 тооны үхэр тоологдсон. Эдгээр үхрийн нас хүйсний задаргаа, малын “А” дансаар харагдана. 2017 оны 02 дугаар сард Ар шар чулуут гэдэг газар өвөлжиж байхад хотонд гэнэт 4 үхэр үхсэн учир аймаг руу дуудлгага өгсөн. Дуудлагаар “Ө” ХХК-ийн малын эмч Д.Б очиж үзлэг хийгээд “Цусан халдвар” өвчний шинж тэмдэгтэй гэж онош тавиад нэг үхрийн зэмнээс дээж авч явсан. Ингэж явахдаа халуурсан шинж мэдэгдсэн үхрийг тарь гэж 2 шил тарилга орхисон. Ингээд үзлэг, шинжилгээ хийж хариу нь гарснаар 02 дугаар сарын 24-ний өдөр болон 03 дугаар сарын 08-ны өдөр вакцины тарилга үхэрт хийсэн. Анхны мал эмнэлгийн тусламж ирж тарилга хийх хүртэл 6 үхэр, 02 дугаар сарын 24-ний өдөр эхний вакцин тарьснаас хойш 18 толгой үхэр, 03 дугаар сарын 08-ны өдөр дараагийн вакцин тарьснаас хойш 26 толгой үхэр үхсэн. Нэгэнт үхрийн өвчний онош нь батлагдаад байхад эмчилгээг ном ёсоор нь хийгээгүйгээс олон тооны үхэр хорогдсон гэж үзэж бид Булган аймгийн Мэргэжлийн Хяналтын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт өргөдөл гаргаж уг асуудлыг шалгуулсан. Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар хяналт шалгалтыг биечлэн хийж бидэнд 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 8/1526 тоот албан бичгээр хариу өгсөн.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын явуулсан хяналт шалгалтаар “Ө” ХХК-ийн нэгжийн малын эмч Д.Б өвчний урьдчилсан оношийг тогтоосон боловч эрүүл малыг нэмж өвчлүүлэхгүй байх, вакциныг журмын дагуу хийх, өвчилсөн малыг эмчлэн эрүүлжүүлэх ажиллагааг тогтоосон журам зааврын дагуу хийгээгүй, Булган аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн хэлтэс аймгийн төвийн хажууд өвчин гарч байхад шаардлагатай арга хэмжээ аваагүй, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч мэдсэн боловч төрөөс хяналтыг зохих ёсоор хэрэгжүүлээгүй, худал акт баримт бичсэн зэрэг нь тогтоогдсон болно.

Бид нийт үхсэн 50 үхрээс дуудлага өгөхөөс өмнө болон тарилга хийлгэхээс өмнө үхсэн 6 үхрийг хасч бусад үхсэн 44 үхрийн хохирлыг буруутай мал эмнэлэг болон төрийн байгууллагуудаас нэхэмжилж байна.

Иймд "Ө" ХХК-иас нийт хохирлын 40 хувь буюу 7 920 000 төгрөг, Булган аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газраас 40 хувь буюу 7 920 000 төгрөг, Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 20 хувь буюу 3 960 000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны өвөл Булган аймгийн Орхон сумын 3 дугаар баг, Ар шар чулуут гэдэг газар өвөлжиж байхад 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр манай хотонд гэнэт 4 үхэр үхсэн байсан. Аймаг руу дуудлага өгөхөд дуудлагаар “Ө” ХХК-ийн малын эмч Д.Б очиж үзлэг хийгээд “Цусан халдвар” өвчний шинж тэмдэгтэй гэж онош тавиад нэг үхрийн зэмнээс дээж авсан. Ингээд Б.н хамт мал эмнэлэг орж 100 граммтай 2 тариа зээлээр авсан. Б эмчээр 2 дугаар сарын 23-ны өдөр 9 үхэрт, дараа нь 3-4 үхэрт тариа хийлгэсэн. Арга, чарга хайж хүмүүс рүү ярьж асууж байсан. Б эмчтэй утсаар ярихад ариутгалын бодис, вакцин ирээгүй байна, Ц даргатай ярь гэж хэлж байсан. Ц.тай ярих гэхээр утас нь болохгүй байсан тул хүнээр дамжуулж нэг удаа ярьсан.  Шинжилгээний хариу удааширч, ариутгал хийгдээгүйгээгээс бүх мал халдвар авсан. 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Д.Б эмч очиж вакцин хийсэн. Харин ариутгал хийгээгүй. Вакцин хийснээс хойш үхэр ихээр үхэж эхэлсэн. Эхний вакцин хийсний дараа 18 үхэр үхсэн. 2 дахь вакциныг 2017 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Б эмч очиж хийсэн. Энэ вакцины дараа 26 үхэр үхэж манайхаас нийт 50 тооны үхэр үхсэн. Надад сэтгэл гаргасан бол би ингэж явахгүй байсан. Бид нийт үхсэн 50 үхрээс дуудлага өгөхөөс өмнө болон тарилга хийлгэхээс өмнө үхсэн 6 үхрийг хасч бусад үхсэн 44 үхрийн хохирлыг буруутай мал эмнэлэг болон төрийн байгууллагуудаас нэхэмжилж байна. Мал эмнэлгийн хэлтсийн дарга Л.Ц надад туслах болов уу гэж бодсон боловч бие бие рүүгээ түлхэж арга хэмжээ авахгүй байсаар ийм байдалд хүрсэн. 

Иймд "Ө" ХХК-иас нийт хохирлын 40 хувь буюу 7 920 000 төгрөг, Булган аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газраас 40 хувь буюу 7 920 000 төгрөг, Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 20 хувь буюу 3 960 000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгч Д.Р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр дуудлагаар “Ө” ХХК-ийн малын эмч Д.Б очиж үзлэг хийгээд “Цусан халдвар” өвчний шинж тэмдэгтэй гэж онош тавиад нэг үхрийн зэмнээс дээж авч явсан. Одоо ямар арга хэмжээ авах вэ гэхэд 7 хоногийн дараа вакцин ирнэ гэсэн. Ингээд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр эхний вакцин хийгээд хоногт 2-3 үхэр үхэж эхэлсэн, ингээд 3 дугаар сарын 8-ны өдөр дараагийн вакцин хийсэнээс хойш өдөрт 5-6 үхэр үхэж эхэлсэн. Бид нийт үхсэн 50 үхрээс дуудлага өгөхөөс өмнө болон тарилга хийлгэхээс өмнө үхсэн 6 үхрийг хасч бусад үхсэн 44 үхрийн хохирлыг буруутай мал эмнэлэг болон төрийн байгууллагуудаас нэхэмжилж байна.

 Иймд "Ө" ХХК-иас нийт хохирлын 40 хувь буюу 7 920 000 төгрөг, Булган аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газраас 40 хувь буюу 7 920 000 төгрөг, Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 20 хувь буюу 3 960 000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэв.

Хариуцагч “Ө” ХХК-ийн захирал Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр малчин Д.Р-н хотонд үхэр үхсэн дуудлага авч очиход үхсэн 4 үхэр байсан. 3 үхрийн хүүр өмхийрсөн байсан тул арай гайгүй 2 дугаар сарын 16-17-ны шилжих шөнө үхсэн гэх үхрийн хүүрнээс дээж авсан. Авсан дээжээ аймгийн төв рүү оруулж лаборторт өгсөн. Ц гуай надтай хамт орж ирсэн бөгөөд  Анар төв дээр байрлах эмийн сангаасаа примавлин-ЛА-300 гэдэг 30 мл-тэй 2 шил тариаг нэг үхэрт 15-мл-ээр 3 өдөр дараалан тариарай гэж зөвлөн зээлээр өгсөн. Цусан халдвар өвчний эхэн үед антибиотик, ийлдэс хоёрыг хавсран хийх нь үр дүнтэй байдаг. Ийлдэс байхгүй учир примавлин 10 хувийн 100-мл-ээр савлагдсан тариаг үхрийн судсаар хийж эмчилгээ хийдэг. Лаборатори шинжилгээний хариунаас шалтгаалан дараагийн арга хэмжээг авна гэж хэлсэн. Лаборатори шинжилгээний хариу 2 дугаар сарын 21-ний өдрийн үдээс хойш гарч 2 дугаар сарын 22-ны өдөр Булган сумын Мал эмнэлэг үржлийн тасагт мэдээлэл хүргүүлсэн. Дахин дуудлага ирэхээр нь Ц гуайн хамт Р-д очсон. Үхрийн халууныг үзээд судсаар нь тариа хийж өгөөд явсан. Энэ тариа маш хүчтэй тариа бөгөөд 3-4 хоног, зарим тариа 4-6 хоног үйлчилдэг тариа байдаг. Өвөлжилтийн байдал хүнд, цас их орсон, өвс тэжээл муутай, зутруу маягтай байсан. Ядруу үхэр нь бэлчээрт яваагүй гаднаа байсан. Тусдаа хашаанд хашсан байсан. Хашаа хороо нь нэлээд муудсан, эвдэрсэн байдалтай байсан. Тухайн үед манай аймгийн 2017 оны захиалгат эм бэлдмэл нийлүүлэгдээгүй байсан. 2017 оны 2 дугаар сарын 23-ны орой вакцин, ариутгалын бодис хотоос ирж 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр аймгийн Мал эмнэлгийн хэлтсийн вакцин, ариутгал, халдваргүйжүүлэлт хариуцсан их эмч Ж-н хамт малчин Д.Р-нд очсон. Малчин Д.Р үхсэн малыг хотноосоо зайлуулаагүй, малын байр, орчны эрүүл ахуй, муу, өвсгүй, усгүй байсан. Үхсэн малын сэг зэмийг зайлуулах талаар хэлэхэд би ганцаараа хаанаа ч хүрэлцэхгүй байна, төвөөс хүн ирэхгүй байна. Малын сэг зэмийг жижиг трактор асааж /ногоон пад/ зайлуулна даа гэж байсан. Ариутгал хийх гэтэл Р-нд ус байхгүй байсан. Р мөс хайлна гэхээр нь би түүнийг  аймгийн төв рүү усанд явуулсан. Ж эмч ариутгал хийж, би үхэрт вакцин хийсэн. Энэ талаарх акт үйлдэж, аймгийн Мэл эмнэлгийн хэлтэст өгсөн. Халуунтай малын халууныг үзээд вакциныг хийж байсан. Тухайн үед надтай хамт Ц гуай яваагүй, хүү Б нь явсан. Ингээд малын хорогдол зогсохгүй байна гэж багийн Засаг дарга надад хэлэхэд нь сумын Мал эмнэлгийн тасгийн дарга С-д дуудлага өгөх талаар хэлсэн. Би сумын Мал эмнэлэг үржлийн тасаг, аймгийн мал эмнэлгийн хэлтэст танилцуулан ажлын хэсэг ажиллуулах санал гаргасан. Санал хүсэлтийн дагуу 3 дугаар сарны 06-ны өдөр ажлын хэсэг томилогдон малчин Д-н эхнэр Ц-г авч Р-д очсон. Ажлын хэсэг очиж үхсэн үхэрт задлан хийхэд усны дутагдалд орсон, нарийн гэдэс нь цагаан болсон, хутгаар зүсэхэд ус  гарахгүй хатаж аргасан байсан. Мал хоол тэжээлийн дутагдалд орохоор амьд явна гэж байхгүй. Задлан хийсэн үхрээс дээж авч лабораторийн шинжилгээнд оруулсан бөгөөд уг шинжилгээгээр ямар нэг халдварт өвчний үүсгэгч илрээгүй гэсэн хариу 3 дугаар сарын 10-ны өдөр гарсан. Цусан халдварт өвчин малын өөрийнх нь биед гүйлсэн булчирхайд байрлаж байдаг бөгөөд мал даарч ядрах, өлсөж сульдсанаас болж идэвхиждэг өвчин юм.

Өвөлжилтийн байдал хүнд, цас их орсон, малын бэлчээр нүд гараагүй, нөөц өвсгүй, мал услах усгүй, уснаас маш хол, мал нь турж эцсэн, их ядруу, ажиллах хүч дутмаг, ганцаараа олон малтай байсан. Энэ нь Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 14.2.2, 14.2.9-т зааснаар малчин үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Миний зүгээс эмчилгээ үйлчилгээг журмын дагуу үзүүлсэн бөгөөд малчин Ш.Д, Д.Р нарын сууриас үхсэн малыг өвчнөөр үхсэн гэж үзэх үндэслэлгүй. Мал нь олон хоног тэжээл, ус болон арчилгаа, маллагааны дутагдалтай байснаас болж хорогдсон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч К.З ирээд мал эмнэлгийн стандартыг шалгасан бөгөөд манайхыг гэрээ байгуулахгүйгээр ажилласан байна гэж 100 000 төгрөгөөр торгосноос биш эмчилгээ үйлчилгээ үзүүлээгүй гэж торгоогүй. Р-д очиж ажилласан талаар акт дүгнэлт гаргасан гэж хэлээгүй, энэ талаар танилцуулаагүй  гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.А шүүхэд гаргасан тайлбартаа: “Ө” мал эмнэлгийн малын эмч Д.Б 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Булган сумын 1 дүгээр багийн малчин Ш.Д-с үхсэн үхрийн дээж авч, Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторт хүргүүлж лабораторийн шинжилгээгээр 2 дугаар сарын 21-ний өдөр цусан халдварт өвчин оношлогдсон тул Булган умын Мал эмнэлэг, үржлийн тасагт хариуг өгч цусан халдварт өвчинтэй тэмцэх зааврыг мөрдөж ажиллахыг зөвлөсөн. Тухайн үед аймгийн захиалгат цусан халдвартын вакцин ирж, Булган сумын Мал эмнэлэг, үржлийн тасагт вакциныг өгсөн.

Малчин Ш.Д-н гэрээт “Ө” мал эмнэлгийн малын эмч Д.Б вакциныг хийж Хүнс, Хөдөө аж ахуйн газрын ариутгал, халдваргүйжүүлэлт хариуцсан эмч Г.Ж хашаа, хороонд ариутгал халдваргүйжүүлэлт хийж ажилласан байна.

2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мөн малчин Ш.Д-н үхрийн хорогдол зогсохгүй байна гэсэн дуудлагаар тус газрын Мал эмнэлэг, ариутгалын халдвартын эмч Р.Т, Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн эрхлэгч, шинжлэгч эмч Б.Э нарыг ажиллуулсан.

Малын эмч Р.Т, Б.Э нарыг малчин Ш.Д-н хотонд очиход 80 гаруй үхэр өвөлжсөнөөс 20 гаруй үхэр үхсэн байсан. Үхрийн саравчинд 1 үхэр үхэж, 1 үхэр орчноо мэдэхгүй хавтгайгаараа 3 хонож байсан тул үхсэн үхрийг задалж дээж авч шинжилгээ хийхэд 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 31/34 тоот шинжилгээний дүнгийн хуудсаар халдват өвчин оношлогдоогүй байна.

Малын эмч нарыг очиход бяруунууд болон бэлчээрт явах боломжгүй /ядруу/ үнээгээ хашиж бусад үхэр бэлчээрт явсан байсан. Тухайн жил цас ихтэй малчин Ш.Д-н өвөлжөөний орчим битүү цасан бүрхүүлтэй мал бэлчээрлэхэд хүндрэлтэй байсан ба хотонд нь өвс тэжээл байхгүй байсан учир Булган сумын 1 дүгээр багийн Засаг даргад өвс, тэжээл олгох хүсэлт тавьсан байсан  гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ө” мал эмнэлгийн малын эмч Д.Б 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Булган сумын 1 дүгээр багийн малчин Ш.Д-с үхсэн үхрийн дээж авсан. Манай шинжилгээний хариу доод тал нь 3 хоногийн дотор гардаг. Ингээд Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторт хүргүүлж лабораторийн шинжилгээгээр 2 дугаар сарын 21-ний өдөр “цусан халдвар” өвчин оношлогдсон. Вакцин, ариутгалын захиалгыг Улаанбаатар хот руу явуулж 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр вакцин ирээд Б  эмч вакцин тарихаар, ариутгал хийлгэхээр Хүнс, Хөдөө аж ахуйн газрын ариутгал, халдваргүйжүүлэлт хариуцсан эмч Г.Ж-г явуулсан. Үүнээс  хойш малын хорогдол зогсохгүй байна гэсэн дуудлага ирсэн тул дахин ажлын хэсэг томилж явуулсан. Ажлын хэсэг газар дээр нь очиж үзлэг хийж, дээж авч үзлэгийг зурагаар баримтжуулж танилцуулсан. Энэ үзлэгийн байдлаас харахад өвөлжилт хүндэрч, мал өвс тэжээлийн дутагдалд орсон, арчилгаа маллагаа дутагдсан байдал харагдаж байсан. Дээжийг шинжилгээнд хамруулахад цусан халдаврын шинж илрээгүй. 2017 оны 5 дугаар сард Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.А, Улсын Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын байцаагч К.З нарын хамт Ш.Д гуайн хотонд очиж нөхцөл байдалтай танилцсан. Биднийг очиход малын хотонд үхсэн малын сэг зэм, үс ноос ихтэй, ойролцоо жалга судгаар нь малын сэг зэм ихээр хуримтлагдсан байсан. Бид энэ нөхцөл байдалтай танилцаад Орхон сумын Засаг даргын Тамгын газарт үүрэг өгч малын сэг зэмийг устгах, зайлуулах арга хэмжээ авсан. Бидний зүгээс шаардлагатай арга хэмжээг авч малыг вакцинжуулах, ариутгал халдаргүйжүүлэлтийг хийсэн. Ажлаа үнэнчээр хийснийхээ төлөө ингэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Цусан халдвар өвчин малын өөрийнх нь биед гүйлсэн булчирхайд байрлаж байдаг бөгөөд мал даарч ядрах, өлсөж сульдсанаас болж идэвхиждэг өвчин юм. Тухайн үед өвөлжилт хүнд байсан, малчин өвөжилтийн бэлтгэл ажлаа сайн хангаагүйгээс мал ихээр хорогдсон. Иймд хууль заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж тус газраас нэхэмжилсэн 7 920 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч байгууллаганы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Т.Ц гуай надруу утсаар ярьж “би шинжилгээ хийлгэхээр дээж өгсөн байгаа” гэж хэлсэн. Ингээд шинжилгээгээр 2 дугаар сарын 21-ний өдөр “цусан халдвар” өвчин оношлогдсон. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд томилогдож 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Ш.Д-н хотонд очиж нөхцөл байдалтай танилцаж ажилласан. Тус газар ажлын хэсгийг очиход цас ихтэй, замын хажуугаар малын сэг зэм ихээр хаясан байсан. Ш.Д, Д.Р нарын өвөлжөөнд очиход тэжээлийн хашаанд ямарч тэжээл байгаагүй, үхэр хэд хэдээр үхсэн, сэг зэм их байсан.  Биднийг очиход хашаанд 2 үхэр үхсэн байсан бөгөөд нэг үхэрт задлан хийж шинжилгээнд хамруулахаар дээж авсан. Энэ үйл ажиллагааг зургаар баримтжуулж ирсэн. Задлан хийж үзэхэд үхэр өвс тэжээлийн дутагдалд орсон байдалтай, нарийн шулуун гэдсэнд ямар ч хоол тэжээл байхгүй, хийгээр дүүрсэн байсан. Мөн усны дутагдалд орсон, махны гадаргуугаар өөхөн бүрхүүл үүсээгүй, шар хальстай байсан. Дээж авахад Т.Ц гуай би өөрөө шинжилгээнд өгнө гээд бас дээж авч байсан. Авсан дээжийг шинжилгээнд хамруулахад  цусан халдвар өвчин илрээгүй гэв

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2 дахь удаагийн шинжилгээгээр халдварт өвчин оношлогдоогүй, цаанаа бас ямар нэг өөр шалтгаантай байсан гэж бодож байна. Гэрч Б.А замын хажуугаар малын сэг зэм хаясан байсан гэж мэдүүлсэн. Баталгаат вакцин 2 дугаар сарын 23-ны орой ирж малыг вакцинжуулсан гэв. 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4.5.1, 4.5.4, 4.5.10, 6.1.7 дахь заалтын хэрэгжилтийг хангаагүй, хуулиар хүлээсэн эрх үүргээ биелүүлж ажиллаагүй “Ө”, “Хулсан шарга” мал эмнэлгийн нэгжүүдийг шалгаж тус бүр нь хугацаатай албан шаардлага өгсөн. Удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй мал эмнэлгийн албаны дарга Л.Ц-г 50 000 төгрөг, ажилдаа хариуцлагагүй хандсан “Ө” мал эмнэлгийн нэгжийн малын эмч Д.Б-г 100 000 төгрөгөөр торгож, Хүнс, Хөдөө аж ахуйн газрын дарга, Орхон сумын Засаг дарга нарт улсын байцаагчийн албан шаардлага өгч ажилласан байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны нэгдсэн хяналт шалгалтын үеэр мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч К.З өргөдлийн дагуу шалгаж хяналт шалгалтын тэмдэглэл үйлдээгүй, эрхийн акт үйлдсэн гэж Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.А-т арга хэмжээ тооцох тухай албан бичгийг тус газар хүргүүлснээр тухайн байцаагчид Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны Б/26 дугаар тушаалаар сануулах арга хэмжээг авч ажилласан.

Тус газрын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.А-р иргэн Ш.Д, Д.Р  нарын нэхэмжлэлд хариу тайлбар гаргасныг үзэхэд нэхэмжлэлд дурдсан мөнгөн төлбөр нь “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан хяналтын албан эрх үүрэгт хамааралгүй тул манай байгууллага нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

-Ш.Д, Д.Р нарын нэхэмжлэлд эмчилгээг ном ёсоор нь хийгээгүйгээс олон тооны үхэр хорогдсон гэх  нь мал эмнэлэг, үржлийн нэгжид хамааралтай, тухайн нэгжийг Хүнс, хөдөө аж ахуйн газар удирдлага, зохион байгуулалтаар ханган ажилладаг.

-2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ш.Д-н гаргасан өргөдлийн дагуу хяналт шалгалт хийхэд малчин өөрөө нэг сумаас нөгөө сумруу зөвшөөрөлгүй шилжилт хөдөлгөөн хийсэн. Ш.Д, Д.Р нар нь “Ө”, “Хулсан шарга” мал эмнэлгийн нэгжүүдтэй гэрээ хийж, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаггүй. Тухайн бүс нутагт цас их орсноос хотонд нь мал үхэж хорогдож байхад хотноосоо зайлуулаагүй, цэвэрлэгээ үйлчилгээг хийгээгүй, өвс тэжээлийн хангамж дутмаг байсан, мал ядарч доройтоход малчны арчилгаа маллагаа тэжээллэгийг сайжруулаагүй байсан байна.

Иймд хууль заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж тус газраас нэхэмжилсэн 3 960 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын төлөөлөгч Б.Б шүүх хурлдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ө”, “Хулсан шарга” мал эмнэлгийн нэгжүүдийг шалгаж тус бүр нь хугацаатай албан шаардлага өгсөн. Өвөжилтийн бэлтгэл ажлаа хангаагүй нь гэрчийн мэдүүлэгээр нотлогдож байгаа. Иймд хууль заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж тус газраас нэхэмжилсэн 3 960 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Төрийг төлөөлж оролцсон прокурор Ц.Сувдаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч байгууллагын төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар тайлбарлаж байна. Үүнтэй санал нэг байна. Иргэний хэрэгтэй танилцахад нэхэмжлэгч нар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн хариу мэдэгдэх хуудсыг үндэслэн нэхэмжлэл гаргасан. Энэ мэдэгдэх хуудсанд хамаарал бүхий нотлох баримт байхгүй байна. Уг мэдэгдэх хуудсанд олон зүйлийг хольж сольж бичсэн байна. Үүнд Б.А, Л.Ц, К.З нар 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр малчин Равдангийнд  очиход өвөлжөөний ойролцоо болоод жалганд үхсэн малын сэг зэм байсан бөгөөд түүнийг Мэргэжилийн хяналтын ерөнхий газрын 01 тоот актаар устгасан гэж байгаа боловч энэ актыг хэргийн материалд ирүүлээгүй байна. Мэдэгдэх хуудаст дүгнэхдээ "Ө" ХХК-ийн эмч Д.Б халдвар өвчинд авах шаардлагатай арга хэмжээг аваагүй, мал эмнэлгийн хэлтсийн дарга Л.Ц аж ахуй нэгжийг удирдлага арга зүйгээр хангаж чиглэл өгөөгүй, малын халдварт өвчтэй тэмцэх арга хэмжээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй, малд эмчилгээ хийхэд хугацаа алдсан зэрэг учир дутагдалтай дүгнэлтийг хийсэн. Гэтэл үүнийг цаг хугацаа, орон зайгаар харахад тэр даруйд нь арга хэмжээ авч байсан нь нотлогдож байгаа урчаас энэ дүгнэлт хийсвэр дүгнэлт байна. Тухайн үед өвөлжилтийн бэлтгэл байдал хангагдаагүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ өвчин нь дээрхи нөхцөл байдлаас үүдэн идэвхижиж мал ихээр хорогдох нөхцөл байдал болсон нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 713 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Булган аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар, Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон  “Ө” ХХК-д тус тус холбогдуулан гэм хорын хохирол 19800000 /арван есөн сая найман зуун мянган/  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Д, Д.Р нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256950 /хоёр зуун тавин зургаан мянга есөн зуун тавин/ төгрөгийг  Төрийн санд хэвээр үлдээж,

3. Зохигчдоос нотлох баримтаар ирүүлсэн плаш /1 ширхэг/-ыг хэрэгт хавсаргасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тrухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх 44 толгой үхэр үхсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй боловч хариуцагч нар нь Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, Цусан халдвар өвчинтэй тэмцэх заавар, Мэргэжлийн хяналтын нийтлэг дүрмээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн, харин нэхэмжлэгч нарын мал нь өвс тэжээл, арчилгаа маллагаа дутагдсанаас үүдэн их хэмжээгээр хорогдсон, үүнд өвөлжилт хүндрэн цас ихээр орсон явдал нөлөөлсөн гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Шүүхийн энэ дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч нарын 4 үхэр өвчилсөн шинжтэй гэнэт үхсэн, бусад зарим үхэрт ийм шинж тэмдэг илэрсэн учраас 2017 оны 02 дугаар сарын 17-нд дуудлага өгсөн ба "Ө" ХХК-ийн малын эмч Д.Б хот айлд ирж үзлэг хийж, дээж авч шинжилгээнд өгчээ. Тэрээр малчин Д.Р-д 2 шил тариаг өөрөө тарихыг зөвлөж орхиод явсан байна. Ингээд 02 дугаар сарын 24-нд цусан халдвар оношлогдсон гэж ирж тариа хийх хүртэл 6 үхэр, үүнээс хойш 03 сарын 08-нд ирж вакцин тарих хүртэл 18 үхэр, энэ вакцин тарьснаас хойш 26 үхэр эдгээр бүгд 50 үхэр өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэнээс өвчин оношлогдож эмчилгээ, тариа хийсэн хугацаанд үхсэн /18+26/ 44 үхэр байгаа юм. Энэ байдлын талаар буюу мал эмнэлэг, эмчилгээний дутагдлаас олон тооны үхэр үхсэн байдлыг шалгуулахаар иргэн Ш.Д Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргасан ба тус газраас 2017 оны 03 сарын 22-нд 6-02-008/53 тоот улсын байцаагчийн дүгнэлт ирүүлсэн боловч энэ дүгнэлтэд болсон үйл явдлыг дурдсан байх боловч олон тооны үхэр өвчний шинжтэй үхсэний учир шалтгаан, хэний ямар буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа талаар огт дурдаагүй байна.

2. 2017 оны 4 дүгээр сард Улсын МХЕГ-ын иж бүрэн шалгалт Булган аймаг ирж иргэдээс өргөдөл гомдол хүлээн авч газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан ба Ш.Д-н гэр бүл Т.Ц МХЕГ-ын шалгалтын багт дээрх асуудлаар гомдлоо гаргажээ. Нэгдсэн шалгалтын хэсгээс тусгай удирдамжаар малчны хот болон "Ө" ХХК, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газрын хамруулан шалгалт хийжээ. Энэ шалгалтын дүнгийн талаар иргэн Т.Ц-д 2017 оны 05 дугаар сарын 17-ны 8/1526 тоотоор тодорхой хариуг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлжээ.

Энэ хариунд дараах асуудлуудыг тусгажээ.

-  "Цусан халдвар" өвчний шинж тэмдэг илэрсэн үед авч хэрэгжүүлэх өвчтэй малыг ялгах, хашаа хороо, хэрэгслийг ариутгах шаардлагатай арга хэмжээг аваагүй.

-   Малын эмч Б үхэрт нэг бүрчлэн үзлэг хийсэн гэх боловч тэр нь журналаар батлагдахгүй, эмчилгээг дахин хийсэн эсэх тодорхойгүй, эмийн жор бичээгүй, стандарт тунгаар давтан эмчилгээ хийгээгүй.

- Аймгийн мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн 2 дахь шинжилгээгээр "Цусан халдварын    үүсгэгч    илрээгүй"    гэсэн    боловч    загвар    дээж    аваагүй,    лабораторийн итгэмжлэлийн  хугацаа  дууссан,   өсгөврөө  устгасан   нь   шинжилгээний   үр  дүнг  нотлох баримтгүй тул сорилын үр дүнг хүчинтэй гэж үзэх боломжгүй.

-  МХГ-ын улсын байцаагч Б.А нь газар дээр нь очиж шалгалт хийгээгүй, хяналт шалгалтын холбогдох баримт бичиг хөтлөөгүй 82 үхэр тоолуулсан байхад 23 үхэр үхсэн, байсан 70 үхэрт 1 дэх вакцин хийсэн гэсэн нь үндэслэлгүй,

-Малын эмч Д.Б нь урьдчилсан онош тавьж эмчилгээ хийсэн боловч эмийн заавраар 3-4 хоног зааврын дагуу эмчилгээ хийгээгүй, өвчлөөд эдгэсний дараа вакцин тарих зааврыг зөрчсөн байна гэдгийг дурдаад "Ө" мал эмнэлгийн нэгжийн малын эмч Д.Б халдварт өвчний уед авах шаордлагатай арга хэмжээ аваагуй, мал эмнэлгийн хэлтсийн дарга Л.Ц мал эмнэлгийн нэгжийг удирдлага, арга зуйгээр хангаж чиглэл өгөөгуй, малын халдтварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх уед авч хэрэгжуулэх арга хэмжээ болон шинжилгээ хийхэд хугацаа алдсан зэрэг нь малд халдварт өвчин тархох боломжийг бүрдуулж, мал хорогдоход нөлөөлсөн байна. Мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.А гомдлыг өөрийн биеэр очиж шалгаж нягтлаагуй, ажилдаа хайхрамжгуй хандсан байна. гэсэн хариу өгсөн юм. Энэ зөрчилд нь Б.А-т тушаалаар сахилгын шийтгэл ноогдуулж, Д.Б-г 100 000 төгрөгөөр, Л.Ц-г 50 000 төгрөгөөр торгох захиргааны шийтгэл ноогдуулсан байна. Дээрх МХЕГ-ын шалгалт, түүний дүгнэлт, дурдсан шийтгэлийг үндэслэлгүй болсон талаар маргасан, гомдол гаргасан хүн, байгууллага байхгүй байна.

3.  Чухам энэ дүгнэлтээс үндэслэн "Малд өвчин тархах олноор хорогдоход дээрх байгууллага, хүмүүсийн буруутай ажиллагаа нөлөөлсөн шалтгаант холбоотой, тэд зөрчил гаргасан гэм буруудаа захиргааны шийтгэл хүлээсэн ба үүнийгээ зөвшөөрч биелүүлсэн" нь гэм хорын хохиролыг хууль ёсоор хариуцна  гэж үзэж  нэхэмжлэлийг  гаргасан.  Иргэн Ш.Д, Т.Ц, Д.Р нар Засгийн газарт хандан өргөдөл  гомдлоо гаргаж, тэндээс хийсэн шалгалт, түүний дүнгийн талаар ирүүлсэн хариуг үнэн зөвд тооцохоос аргагүй бөгөөд эрх бүхий байгууллагаас өөр материал шаардах ч үндэслэл байхгүй. Мэргэжлийн Хяналтын  Ерөнхий  газрын хийсэн хяналт шалгалт, түүний дүгнэлт,  иргэн Т.Ц-д өгсөн  албан  ёсны хариу нь шүүхэд талуудаас ирүүлсэн  нотлох баримтаар хангалттай үгүйсгэгдсэн тохиолдолд шүүх хариуцагч нарыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар гэм хорын хариуцлагаас чөлөөлөх ёстой атал 497.1-ийг үндэслэн чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

4.  МХЕГ-ын шалгалтын дүгнэлт, "Цусан халдвар өвчинтэй тэмцэх заавар, өвчнийг оношлосон, эмчилсэн, вакцин тарьсан бодит үйл явдлууд Т.Ц-н бичгийн тайлбараас дүгнэлт хийхэд өвчин илэрмэгц дуудлага өгч мал эмнэлэг үзэж, лаборатори оношлоод байхад үхэр олноор үхсэн нь өвчтэй үхэрт эмчилгээг 3-4 хоног давтан зохих тунгаар хийж эрүүлжүүлэх арга хэмжээг стандарт журмын дагуу аваагүй, үхрийг эмчилж эрүүлжүүлсний дараа "Цусан халдварт өвчинтэй тэмцэх заавар"-ын 8.3.4-т заасаар/мхЕГ-ын хариунд дурдсан, хэрэгт заавар бий/ эрүүл малд дархлаа тогтоох зорилгоор вакцин тарих байтал өвчин нь эдгээгүй үхэрт олноор нь вакцин тарьсан нь олноор үхэх шалтгаан болсон нь тодорхой байдаг. Гэтэл хариуцагч нарын шүүх хуралдаан дээр бодит байдлыг илтэд гуйвуулсан өөрийгөө хамгаалсан тайлбарт шуүх автаж хэрэг шийдэж байгааг нэхэмжлэгч ард хүмүүс үнэхээр гайхаж байгаа юм. Нийт 50 үхэр, үүнээс нэхэмжил байгаа хохиролд холбогдох 44 үхрийг яг тураалаар буюу эсхүл өлдөж, харангадаж, хатаж үхсэн гэдгийг тогтоосон нэг ч баримт байхгүй харин өвчилж, эмчлэгдэж байсан, эмчилгээ, вакцинжуулалтыг зохих журмын дагуу явуулаагүй гэдэг баримт байхад ингэж дүгнэх нь шуүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыгхангахгүй байна.

5. Шүүх нэхэмжлэгч нарын өөрсдийн уйл ажиллагаанаас болж үхэр нь хорогдсон гэх дүгнэлт хийхдээ хоёр зүйлээс үндэслэсэн байх гэж үзнэ. Нэгд. Хариуцагч нараас Д-н хотонд турхайн үед хийсэн бичлэгээр өвчний хашаа өвсгүй /д.Р-н яг тэр үед өвс дуусаж байсан, Булганд 3 машин, Эрдэнэтэд 7 машин өвс байсныг хүн бул муу хөгшчүүлтэй болохоор татаж авч чадаагүй үе таарсан гэж тайлбарлсан/ байгаа харагдсан, Хоёрт. Булган МСҮТ-ИЙН төвийн хэтэрхий хийсвэр тухайн хот айл буюу Ш.Д, Д.Р нарын хотонд өвөлжих байсан 1724 /693+1031/ хонин толгойд өвлийг давахад 398640 кг буюу 398,6 тонн ногоон өвс,78 тонн хивэг, 78 тонн багсармал, 78 тонн овъёос, 5.2 тонн эрдэс тэжээл, 520 тонн ус шаардлагатай байсан гэжээ. Гэтэл эдгээр өрхийн мал нь бэлчээрийн маллагаатай, шаардлага гарвал нэмэлт тэжээл өгдөг гэдгийг санах хэрэгтэй. Дээрх тооцоогоор нэг хонин толгойд 231 кг өвс ноогдож байна. 201-8 онд Монгол улс 66,3 сая мал буюу хонин толгойд шилжүүлбэл 150 сая мал тоолуулжээ. Дээрх тооцоогоор энэ малд 34.6 сая/тонн ногоон өвс хэрэгтэй болох нь. Гэтэл Үндэсний статистикийн 1212.тп сайтаас үзэхэд Монгол улс 2018-2019 оны өвөл 66.3 сая мал өвөлжих тооцоотой 1,2 сая тонн ногоон өвс бэлдсэн нь төлөвлөгөөг 124 хувиар хангасан гэж үзжээ. ЭНэ тооцоогоор нэг хонин толгойд 8 кг өвс ноогдож байна.Мөн сайтад тавигдсан малын дундаж үнэлгээгээр малын төрөл тус бүр дээр тооцоход дээрх хоёр өрхийн /307+449/ 756 толгой малын бүс нутгийн зах зээлийн үнэ 2016 онд 150,6 сая төгрөг болж байгаа юм.    МСҮТ-ийн тооцсон өвс тэжэлийн үнийг тооцоход 166,7 сая төгрөг болж байгаа нь хэтэрхий хийсвэр үндэслэлгүй гэдгийг нотолно.

6. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбар түхайн жилийн өвөл Булган аймгийн Булган сум цагаан зудтай байсан нөхцөл байдал, малчны хариуцлага малын арчилгаа маллагаанд зохих хариуцлага байх зэргийг тооцон Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжилсэн хохирлыг 30 хувь бүюу 5 940 000

Төгрөгөөр багасгаж, үлдэх 13 860 000 төгрөгийн 40 хувь буюу 5 544 ООО төгрөгийг "Ө" ХХК буюу Д.Б гаас, 40 хувь буюу 5 544 000 төгрөгийг Хүнс, хөдөө аж ахуйн газраас, 30 хувь буюу 2 772 000 төгрөгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргүүлах нь зүйтэй гэсэн өмгөөлөгчийн саналаа анхан шатны шүүхэд гаргасан ба үүнийгээ дэмжиж байна. Үүнийг нэхэмжлэгч нар зөвшөөрч байгаа болно. Иймд Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны 713 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж 13 860 000 төгрөгийг хариуцагч нараар төлүүлэхээр шийдвэрлэнэ үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ш.Д, Д.Р нар нь хариуцагч Булган аймаг дахь Мэргэжлийн хяналтын газраас 3 960 000 төгрөг, “Ө” ХХК-иас 7 920 000 төгрөг, Булган аймгийн  Хүнс хөдөө аж ахуйн газараас 7 920 000 төгрөг нийт 19 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэж анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар тухайн үед ажил үүргээ зохих хэмжээнд хийж гүйцэтгэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн малчин Ш.Д, Д.Р нарын мал /үхэр/ хорогдож холбогдох газарт нь дуудлага өгсний дагуу Булган аймаг “Ө” ХХК-ний малын эмч Д.Б очин үзлэг хийн “цусан хавдар” гэсэн урьдчилан онош тавьж үхсэн малаас дээж аван шинжилгээнд явуулахад дээрхи онош нь батлагдсан тул Булган сумын засаг даргын  2017 оны 2 дугаар сарын 23- ний өдрийн А/45 дугаар  захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон байна. /хавтаст хэргийн 48-53,95,163 тал/

Нэхэмжлэгч нарын 44 толгой мал /үхэр/  хорогдсон нь тогтоогдсон бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй байгаа боловч хариуцагч нар нь тухайн үед эмчилгээ оношлогоо нь  журмын дагуу хийгдсэн, малчны арчилгаа маллагаа, өвс тэжээлийн дутагдлаас болж цусан халдварын вирус идэвхижиж мал ихээр хорогдсон гэж маргажээ

Монгол улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 8/1526 дугаартай “хариу хүргүүлэх тухай” албан бичигт дурьдсанаар хариуцагч нар нь гэм буруутай болох нь тогтоогдсон, хариуцсан ажилдаа хайнга хандсан гэж үзэн нэр бүхий албан тушаалтануудад зохих хариуцлагыг хүлээлгэсэн нь гэм хорын хохиролыг тодорхой хэмжээгээр хариуцах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Тухайлбал:

Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч  нь халдварт өвчин гарсан тухай мэдсэн боловч Монгол улсын засгийн газрын 2003 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан улсын мэргэжлийн хяналтын албаны нийтлэг дүрмийн “ 2.23.2, 2.23.3, 2.23.5” -д заасныг зөрчсөн,

Булган аймгийн Хүнс Хөдөө Аж ахуйн газрын мал аж ахуйн хэлтэс нь өвчин гарсан даруйд шаардлагатай арга хэмжээ аваагүй, 2001 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.2.1,6.2.2-т заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй,

Булган аймгийн “Ө” ХХК-ний малын эмч Д.Б нь малын өвчний урьдчилсан оношийг зөв тогтоосон боловч эрүүл малыг нэмж өвчлүүлэхгүй байх, тухайн малд вакциныг тогтоосон журмын дагуу хийх, өвчилсөн малыг эмчлэн эрүүлжүүлэх ажиллагааг тогтоосон дүрэм зааврын дагуу хийгээгүй зэргээр  тус тус буруутай байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “...эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжүй үйлдэл /эс үйлдэхүй/ -ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүнийг ажиллуулж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэжээ. 

 Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нар мал хорогдоход бидний зүгээс малын асаргаа, маллагаа дутагдсан, өвөлжилт хүнд байсан учир зохих хариуцлага хүлээнэ гэж тайлбар гаргасан байдлыг харгалзан 19 800 000 төгрөгийг гэм хор учирсан гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг 50 хувиар тооцож хариуцагч нараас гэм хорын хохирлыг гаргуулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 713 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Булган аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газар, “Ө” ХХКомпани тус бүрээс 3 300 000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Др, Д.Р нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 900 000 /есөн сая есөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч тус бүрээс улсын тэмдэгтийн хураамжинд 67750  /жаран долоон мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 256 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ё.БЯМБАЦЭРЭН

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.БАТТӨР 

                                     ШҮҮГЧ                              М.ХҮРЭЛБААТАР