Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 01149

 

В.А-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/01131 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч В.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч В.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхболор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 13739 дугаар захирамжаар миний бие 242 000 000 төгрөгийг Капитал банк ХХК-д төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн юм. Улмаар миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 13Б байр, 8 тоот, 72 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг болон Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Давхар дэлгүүрийн зүүн талд байршилтай, 125 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай дан барилга, Төв аймаг, Зуунмод сум, Номт багт байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай 125 м.кв талбайтай 60 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрын хамт үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаанд оруулахаар болж талуудаас үнийн санал авсан боловч харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилогдсон юм.

2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээний тухай мэдэгдлийг миний гэрийн хаягаар хүргүүлсэн бөгөөд уг үнэлгээтэй танилцсан боловч хөндлөнгийн шинжээчийн үнэлгээний дүгнэлттэй санал нийлэхгүй байна.

Учир нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 13Б байр, 8 тоот, 72 м.кв талбайтай 2 өрөө орон сууц хотын төвд утаагүй, цэвэр агаарт байрлах, төвийн халуун хүйтэн, бохир, цэвэр усны сүлжээнд бүрэн холбогдсон, дотор заслыг өндөр үнэтэй материалаар өөрсдийн хөрөнгөөр тохижуулсан 2 өрөө орон сууцыг 95 945 117 төгрөгөөр, Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Давхар дэлгүүрийн зүүн талд байршилтай, 125 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай дан барилга, Төв аймаг, Зуунмод сум, Номт багт байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай 125 м.кв талбайтай 60 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар нь Төв аймгийн төв хэсгээр байрлалтай, үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад тохиромжтой, том талбайтай обьект байтал зах зээлийн бодит үнээс доогуур буюу 96 229 390 төгрөгөөр үнэлж дүгнэлт гаргаж байгаад гомдолтой байна.

Иймд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 13Б байр, 8 тоот, 2 өрөө орон сууцыг 95 945 117 төгрөгөөр, Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Давхар дэлгүүрийн зүүн талд байрлалтай, 125 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай дан барилга, Төв аймаг, Зуунмод сум, Номт багт байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай 125 м.кв талбайтай 60 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрын хамт үл хөдлөх эд хөрөнгийг 96 229 390 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 101/Ш32017/13739 дугаар захирамжаар В.А, В.Алтанчимэг, А.Амарсүх нараас 242 015 000 төгрөгийг гаргуулж, Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч В.А, В.Алтанчимэг, А.Амарсүх нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн дүүрэг 6 дугаар хороо 13 дугаар хороолол 13Б байр 8 тоот 72 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Төв аймаг Зуун мод сум 1 дүгээр баг давхар дэлгүүрийн зүүн талд байрлах 125 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай дан барилга Төв аймаг Зуун мод сум Номт багт байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай 125 м.кв талбайтай 60 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрын хамт, үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн, хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийг томилж үнэлгээ хийлгэхэд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 13Б байр 8 тоот 72 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 95 945 117 төгрөгөөр, Төв аймаг Зуун мод сум 1 дүгээр баг Давхар дэлгүүрийн зүүн талд байрлах 125 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай дан барилга Төв аймаг Зуун мод сум Номт багт байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай 125 м.кв талбайтай 60 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрын хамт, үл хөдлөх хөрөнгийг 96 229 390 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч нарт 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр мэдэгдсэн байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч В.А-ын хариуцагч НШШГГ-т холбогдуулан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 13Б байрны 8 тоотод орших, улсын бүртгэлийн Ү-2204010974 дугаартай, 72 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Төв аймгийн Зуун мод сум, 1 дүгээр багийн Давхар дэлгүүрийн зүүн талд орших 125 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1427001787 дугаартай, үйлчилгээний зориулалт бүхий 1 давхар дан барилга, мөн хаягт орших нэгж талбарын 18646287530588 тоот дугаартай, 125 м.кв талбайтай газрыг тус тус үнэлсэн Дамно ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч В.А давж заалдах гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт заасны дагуу миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хууль эрх зүйн туслалцаа авах эрхтэй тул уг эрхийг минь хязгаарлаж мэтгэлцэх зарчмыг хангаагүйд гомдолтой байна.

Миний бие нэхэмжлэлийн шаардлагаа Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 13Б байр, 8 тоот, 72 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 95.945.117 төгрөгөөр, Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Давхар дэлгүүрийн зүүн талд байршилтай, 125 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай дан барилга, Төв аймаг, Зуунмод сум, Номт багт байрлалтай худалдаа үйлчилгээний зориулалттай 125 м.кв талбайтай 60 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрын хамт үл хөдлөх эд хөрөнгийг 96 229 390 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргасан. Үүнтэй холбоотой уг хөрөнгийн үнэлгээг хийсэн Дамно ХХК болон түүний үнэлгээчнийг хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй эсэх, уг зүй нь дуусгавар болсон эсэх талаар лавлагааг холбогдох газраас гаргуулах хүсэлт гаргасныг гомдол гаргах эрхгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасантай нийцээгүй гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч В.А нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дараах байдлаар зөрчсөн байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 274, мөн оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 294 дүгээр тогтоолуудаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцогч талуудаас барьцааны үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн саналын талаар мэдэгдэж, улмаар энэ талаар тохиролцоогүй тул үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ тогтоолгохоор Дамно ХХК-ийг шинжээчээр томилжээ. /хэргийн 81-82 дугаар тал/ Шинжээч Дамно ХХК нь 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтээр Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 13б-8 тоот 72 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өнөөгийн зах зээлийн үнэлгээг 95 945 117 төгрөгөөр, Төв аймгийн Зуунмод сум 1 дүгээр баг Давхар дэлгүүрийн зүүн талд байрлах 125 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай обьект болон эзэмшил газрын зах зээлийн үнэлгээг 96 229 390 төгрөгөөр тогтоон ирүүлснийг нэхэмжлэгч В.А эс зөвшөөрч, гомдол гаргасан байна.

Хариуцагч НШШГГ Дамно ХХК-ийг шинжээчээр томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлт гаргаж, шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, сэжигтэн, яллагдагч, хохирогчтой ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгана гэж, 9.2 дах хэсэгт Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэж заасныг тус тус зөрчжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч НШШГГ-аас шинжээчид эрх, үүрэг тайлбарлаж өгсөн талаар баримт хэрэгт авагдаагүй.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранбаярт хэрэгт авагдсан нотлох баримтуудыг танилцуулсан гэх баримтгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн эрхийг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн оролцогчийг хэргийн материалтай танилцуулах ажиллагааг зохих ёсоор хийсэн гэж үзэх боломжгүй юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт ...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах... эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхболороор дамжуулан өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хэргийн оролцогч нь өмгөөлөгч авах эрхтэй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянах бөгөөд анхан шатны шүүх тухайн маргаанд хамааралгүй шүүх шийдвэр гүйцэтгэгчээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг баталгаажуулах арга хэмжээг хэрэгжүүлэх тухай болон хөрөнгө үнэлэх ажиллагааг зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь буруу болсныг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/01131 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

             ШҮҮГЧИД                           С.ЭНХТӨР

                                                          Д.БАЙГАЛМАА