Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 102/шш2023/00368

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 00 дугаар хороо, Э гудамж 00 дүгээр байр 00 тоотод оршин суух, Д.Ш ,

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 00 дугаар хороо, Э гудамж 00 дүгээр байр 00 тоотод оршин суух,  П.Г нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С дүүрэг, 00 дугаар хороо, Ү гудамж өөрийн байранд байрлах, НШШГГт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Г, Д.Ш нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16 -ны өдрийн 102/ШШ2020/0**** дугаар шийдвэрээр 71,580,285 төгрөгийг гаргуулж У.Н-т олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг НШШГГ явуулж байгаа бөгөөд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан П.Г-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22*******дугаартай Б дүүргийн 00 дугаар хороо, Т хотхон 000 дүгээр байр 000 тоот 43 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хурааж улмаар шинжээч томилж 110,966,327 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт буюу үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Учир нь тус орон сууц нь 2013 онд ашиглалтад орсон, зах зээлийн үнэ нь 200,000,000 төгрөгөөр худалдан борлуулагдаж байгаа бөгөөд харин үнэлгээний компанийн үнэлгээ нь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн байна. НШШГГ нь үнэлгээ хийх тухай тогтоолыг танилцуулаагүй мөн төлбөр төлөгч нарыг орон сууцыг үнэлэхдээ оролцуулаагүй билээ. Иймд дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэж, НШШГГ 2022 оны 06 сарын 05-ны өдрийн С.М шинжээчийн П.Г өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22******** дугаартай Б дүүргийн 00 дугаар хороо, Т хотхон 000 дүгээр байр 000 тоот 43 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, орон сууцанд дахин үнэлгээ хийлгэж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Ч.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 26***8 дугаар шийдвэрээр Д.Ш , П.Г нараас 71,580,285 төгрөгийг гаргуулж У.Н-т олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Д.Ш , П.Г нарын шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах талаар мэдэгдлийг дараа гардуулсан боловч бүрэн төлж барагдуулаагүй тул төлбөр төлөгч П.Г-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22*******1 дугаартай Б дүүргийн 00 дугаар хороо, Т хотхон 000 дүгээр байрны 000 тоот 43 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг төлбөрт хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д заасны дагуу үнэлгээ тогтоолгоход 110.958,327 төгрөгөөр үнэлэгдсэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэгч П.Г, Д.Ш нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-5/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл /хх-6/, шинжээч томилох тухай тогтоол /хх-7/, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-8/, гэрэл зураг /хх-9/, тусгай зөвшөөрлийн тодорхойлолт /хх-10/, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-11/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл /хх-12-13/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2022/11498 дугаар захирамж /хх-15-16/, итгэмжлэл /хх-114/, зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

4. Хариуцагч талаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал /хх-18-19/, итгэмжлэл /хх-23/, хариу тайлбар /хх-28-29/, гүйцэтгэх хуудас /хх-31/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-32/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх-33/, иргэний лавлагаа /хх-34/, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигчийн лавлагаа /хх-35-36/, Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол /хх-37/, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн лавлагаа /хх-38/, Баянгол дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /хх-39/, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-40/, Баянгол дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /хх-41/, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-42-43/, Сонгинохайрхан дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /хх-44/, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-45/, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-46/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-47/, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт /хх-48/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-49/, зарлан дуудах мэдэгдэл /хх-50/, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэл /хх-51/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-52-53/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-54/, нэхэмжлэгч П.П.Г, Д.Ш нарын үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал /хх-55-58/, итгэмжлэл /хх-59/, Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл /хх-60/, шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх тухай акт /хх-61/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-62-80/, хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт /хх-81/,Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл /хх-82/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-83/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл /хх-84/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-85/, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-86/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл /хх-87-89/, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-90/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-91-92/, орлогын ордер /хх-93/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл /хх-94/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-95/, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-97/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоол хүргүүлэх тухай мэдэгдэл /хх-98-102/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаал /хх-102/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-103/ зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ш , П.Г нар нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байх бөгөөд уг үйл баримтад талууд маргаагүй. Үүнд:

 

2.1 Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/02627 дугаартай шийдвэрээр хариуцагч Д.Ш , П.Г нараас 71,580,285 төгрөгийг гаргуулж, У.Н-т олгохоор шийдвэрлэсэн байна.

 

2.2.Улмаар Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШЗ2021/01419 дугаартай захирамжаар дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 102/ГХ2021/00114 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу НШШГГ нь 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 21370133 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэжээ.

2.3. Хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нарын үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил, өмчлөлийн талаар лавлагааг холбогдох байгууллагуудаас гаргуулан авч, улмаар төлбөр төлөгч П.Г-ын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийн 0002820** дугаар гэрчилгээтэй, Б дүүрэг, 00 дугаар хороо, Т хотхон, 000 дүгээр байр, 000 тоот хаягт байршилтай 43 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр битүүмжлэн, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр авагч болон төлбөр төлөгч нараас үнийн санал авахад уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээн дээр тохиролцоогүй тул 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5/142 дугаартай тогтоолоор С.М шинжээчээр томилж, зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шийдвэрлэсэн байна.

2.4 Улмаар шинжээч С.М нь үнэлгээг хийж, төлбөр төлөгч П.Г-ын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22******** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийн 0002820** дугаар гэрчилгээтэй, Б дүүрэг, 00 дугаар хороо, Т хотхон, 000 дүгээр байр, 000 тоот хаягт байршилтай 43 м.кв талбайтай орон сууцны зах зээлийн үнэ 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 110,966,327 төгрөг гэж тогтоожээ.

 

3. Нэхэмжлэгч нар нь энэхүү үнэлгээг эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд үндэслэлээ ...тус үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн,...үнэлгээ хийлгэх тухай тогтоолыг төлбөр төлөгч нарт танилцуулаагүй, ...үнэлгээ хийх ажиллагаанд төлбөр авагч нарыг байлцуулаагүй гэж тайлбарлаж байна.

 

4. Хариуцагч тал нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэх байдлаар тайлбар, татгалзлаа гарган, мэтгэлцэж байна.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан.

 

Нэхэмжлэгч нар нь төлбөр төлөгч П.Г-ын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22******** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийн 0002820** дугаар гэрчилгээтэй, Б дүүрэг, 00 дугаар хороо, Т хотхон, 000 дүгээр байр, 000 тоот хаягт байршилтай 43 м.кв талбайтай орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 200,000,000 төгрөг гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа нотолсон баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй.

 

Өөрөөр хэлбэл шинжээч С.М нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн хандлагын арга, өртгийн хандлагын арга, орлогын хандлагын аргыг тус тус ашиглан үнэлгээг гаргасан байх ба уг үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

 

6.Шинжээч С.М нь үнэлж буй орон сууцтай 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр танилцаж, тус орон сууцыг гадна болон дотно талаас нь буюу тус байранд нэвтрэн орж, өрөө тус бүрийн ерөнхий байдлыг фото зургаар бэхжүүлэн авч, дүгнэлтдээ тусгасан байна.

Шинжээч С.М нь төлбөр төлөгч П.Г-т мэдэгдэлгүйгээр түүний өмчлөлийн орон сууцанд нэвтрэн орох боломжгүй тул нэхэмжлэгч нарын орон сууцанд үнэлгээ хийхдээ төлбөр төлөгч нарыг оролцуулаагүй гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

7.Мөн нэхэмжлэгч нар нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбогдуулан хариуцагч байгууллага нь шинжээч томилсон тогтоолтой танилцуулаагүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ... ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана гэж заасан.

 

Нэхэмжлэгч нар нь шинжээч томилсон тогтоолтой төлбөр авагч нарыг танилцуулаагүй гэж асуудлаар ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаагүй байх тул энэ асуудлаар урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

8.Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд заасан үндэслэлээр шинжээч С.М-д хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22******** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийн 0002820** дугаар гэрчилгээтэй, Б дүүрэг, 00 дугаар хороо, Т хотхон, 000 дүгээр байр, 000 тоот хаягт байршилтай 43 м.кв талбайтай орон сууцны зах зээлийн үнийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 110,966,327 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэв.

 

9.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Ш , П.Г нарын хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ш , П.Г нарын хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА