Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/00741

 

 

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/00741

 

 

А-, Б- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/00368 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-, Б- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Урангоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/02627 дугаар шийдвэрээр 71,580,285 төгрөгийг гаргуулж В-т олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулж байгаа бөгөөд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Г-ын өмчлөлийн, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхон 104 дүгээр байр *** тоот 43 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хурааж улмаар шинжээч томилж 110,966,327 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт буюу үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус орон сууц нь 2013 онд ашиглалтад орсон, зах зээлийн үнэ нь 200,000,000 төгрөгөөр худалдан борлуулагдаж байгаа бөгөөд харин үнэлгээний компанийн үнэлгээ нь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үнэлгээ хийх тухай тогтоолыг танилцуулаагүй, төлбөр төлөгч нарыг орон сууцыг үнэлэхдээ оролцуулаагүй. Дээрх нөхцөл байдлыг хянан үзэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, орон сууцанд дахин үнэлгээ хийлгэж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Төлбөр төлөгч А-, Г-, Б- нарт шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах талаар мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч бүрэн төлж барагдуулаагүй тул төлбөр төлөгч Г-ын өмчлөлийн, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхон /16081/ 104 дүгээр байрны *** тоот 43 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг төлбөрт хураасан. Уг үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д заасны дагуу үнэлгээ тогтоолгоход 110,958,327 төгрөгөөр үнэлэгдсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А-, Б- нарын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, хууль зөрчөөгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шийдвэр гүйцэтгэх газар нь үнэлгээг хийхдээ шинжээчээр томилогдсон үнэлгээний байгууллагыг төлбөр төлөгчид танилцуулаагүй, өөрийн байгууллагын гэрээт гэх байгууллагыг шинжээчээр томилдог, түүгээрээ дүгнэлт гаргуулдаг нь хууль зөрчсөн.

Төлбөр төлөгч болон төлбөр авагч нар нь шинжээч томилсон тогтоолтой танилцах, мөн шинжээчид асуулт тавих, шинжээчийг татгалзах эрхтэй байдаг. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч нарт энэ эрхийг нь эдлүүлэхгүйгээр үнэлгээний компанийг өөрсдөө дур мэдэн томилж, дүгнэлт гаргуулсан нь хууль зөрчсөн.

Тус шинжээчээр томилогдсон үнэлгээний компани нь төлбөр төлөгч нарын эд хөрөнгийг үнэгүйдүүлэн Г-ын өмчлөлийн, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхон /160811/ 104 дүгээр байр *** тоот 43 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 110,966,327 төгрөгөөр үнэлсэн. Тус орон сууц нь 2013 онд ашиглалтанд орсон, зах зээлийн үнэ нь 200,000,000 төгрөгөөр худалдан борлуулагдаж байгаа.

Иймд дээрхи нөхцөл байдлуудыг хянан үзэж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч болон төлбөр авагч нар үнэлгээг мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах эрхтэй. Хуульд заасан дагуу гомдлоо гаргаагүй байх тул гомдол гаргах хугацаа дууссан үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А-, Б- нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/02627 дугаартай шийдвэрээр хариуцагч А-, Б-, Г- нараас 71,580,285 төгрөгийг гаргуулж В-т олгохоор шийдвэрлэжээ.

 

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

4.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШЗ2021/01419 дугаар захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох Г-ын өмчлөлийн, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхон, 104 дүгээр байр, *** тоот хаягт байршилтай 43 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр битүүмжлэн, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хураасан.

 

4.2. Талууд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5/142 дугаартай тогтоолоор Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК-ийн үнэлгээчин С.Мөнхжаргалыг шинжээчээр томилж, шинжээч нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхон, 104 дүгээр байр, *** тоот хаягт байршилтай 43 м.кв талбай бүхий орон сууцыг 110,966,327 төгрөгөөр үнэлсэн.

 

5. Хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцүүлж гүйцэтгэсэн, уг ажиллагаанд төлбөр төлөгч гомдол гаргаагүй /хх 47-54/.

Хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаар зохигч тохиролцоогүй тул хариуцагч нь үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн гэж анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг өгсөн байна /хх 55-58, 75/.

 

5.1. Үнэлгээний талаарх мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаад 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар танилцуулжээ /хх 82-83/.

Харин нэхэмжлэгч А-, Б- нарын үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2022/11498 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан байна. Үүний дараа нэхэмжлэгч нар нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан /хх 1, 15-16/.

 

5.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан.

Нэхэмжлэгч нар нь үнэлгээний талаар 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мэдсэнээс хойш хуульд заасан 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаагүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.

Ийнхүү үнэлгээ хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч нар хэтрүүлснээр тэдгээрийн нэхэмжлэл, давж заалдах гомдолд дурдаж буй шинжээч томилох ажиллагаатай холбоотой асуудалд шүүхээс дүгнэлт өгөх үндэслэлгүй байна.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/00368 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Т.БАДРАХ