Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 102/шш2023/00338

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 00 дүгээр хороо, 0-000 тоотод оршин суух, М овогт С.Д /РД:УХ73******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С дүүрэг, 00 дугаар хороо, Ү-3, өөрийн байранд байрлах, НШШГГт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг болон 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/18 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгч С.Д,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б дүүргийн 00 дугаар хороо 00 дугаар хороолол 00-00 тоот хаягт байрлах 81.41 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 797,818,000 төгрөгөөр үнэлж үнийн санал хүргүүлсэн. Гэтэл шинжээч С.М нь 255,756,923 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үйлчилгээний зориулалттай, цэцэрлэгээр тохижуулсан байрыг хэт бага үнэлгээгээр үнэлсэн байгаа тул үнэлгээний саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчид миний объектоос заримыг нь чөлөөлж өгөөч ээ, би үйл ажиллагаа явуулбал төлбөрөөсөө хасмаар байна. Би төлөхөө мэдэж байгаа гэж хэлж байсан. Миний объектууд дотроос энэ объект бол хамгийн үнэтэй. Үнэтэй объектыг маань ийм хямдхан үнэлж байгааг зөвшөөрөхгүй байна. Би хөрөнгө зуучлалын газруудтай гэрээ хийгээд үл хөдлөх хөрөнгөө зарахаар гэрээ хийсэн. Хөрөнгөө зарахаар гэрээ хийсэн ч зарим үл хөдлөх хөрөнгийг маань гаргаад өгчихвөл би үйл ажиллагаа явуулаад төлбөрийг төлнө гэдгийг хэлсэн. Миний данс хаалттай эргэлтийн бүх хөрөнгө маань энд байгаа болохоор би яаж ч чадахгүй байна. Миний үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ нь 700,000,000 гаруй төгрөг байгаа бөгөөд энэ талаар миний зүгээс үнийн саналаа өгсөөр байхад шинжээч маш хямд үнэлсэн байна. Мөн тухайн хөрөнгийг ийнхүү зах зээлийн үнээс багаар үнэлсэн байхад анхны албадан дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн байгаа нь миний эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд миний өмчлөлийн дээр үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг болон 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/18 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/030** дугаар шийдвэрээр ДД ХХК-с 170,730,124 төгрөгийг гаргуулж, Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. 2022 оны 6 дугаар 7-ны өдөр төлбөр төлөгч ДД ХХК-ний гүйцэтгэх захирал, 100 хувийн үүсгэн байгуулагч С.Д-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа биечлэн өгсөн ч төлбөрийг төлөөгүй тул, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдээс төлбөрийн үнийн дүнд хангахуйцаар Б дүүргийн 00 дугаар хороо, 00 хороолол, 00 дүгээр байрны 00 тоот хаягт байрлах 81,41 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж төлбөр төлөгч болон төлбөр авагч нараас үнийн санал авахад шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шинжээч томилон үнэлгээ гаргуулахад 255,756,923 төгрөгөөр үнэлсэн тул үнэлгээг талуудад мэдэгдсэн байна. Үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, нэхэмжлэгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл /хх-4/, НШШГГт гаргасан нэхэмжлэгийн гаргасан үнийн санал /хх-5/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатнй шүүхийн шийдвэр /хх-8-11/, Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл оруулсан тэмдэглэл /хх-12/, шинжээч томилох тухай тогтоол /хх-13/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-14-20/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг /хх-21/, гүйцэтгэх хуудас /хх-22/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-23/, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт /хх-24/, эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-25-26/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг /хх-27/, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-28/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-29/, зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

4. Хариуцагч талаас итгэмжлэл /хх-30/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг /хх-35-36/, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-37/, шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-41/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх-42-45/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хх-46-49/, Улсын дээд шүүхийн тогтоол /хх-50/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-51/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх-52/, зарлан дуудах мэдэгдэл /хх-53/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг /хх-54/, хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол /хх-55/, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-56/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг /хх-57/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-58/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-59/, эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-60/, ДД ХХК-ийн үнийн санал /хх-61/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-62/, шинжээч томилох тухай тогтоол /хх-63/, шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх акт /хх-64/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-65-75/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг /хх-76-77/, зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч НШШГГт холбогдуулан Эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг болон 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/18 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байх бөгөөд уг үйл баримтад талууд маргаагүй. Үүнд:

 

2.1 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/03078 дугаартай шийдвэрээр хариуцагч ДД ХХК-аас 170,730,124 төгрөгийг гаргуулж, Х банк ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг С.Д-ын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн Ү-2205****** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийн 0006325** дугаар гэрчилгээтэй, Б дүүрэг, 00 дугаар хороо, 00 бичил хороолол, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай 81.41 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, С.Д-ыг эзэмшлийн эзэмших эрхийн 0003140** дугаар гэрчилгээтэй Х дүүрэг, 00 дугаар хороо, д-б хэсэг хаягт байршилтай 39968 м.кв талбайтай газар... зэргээр хангуулахаар шийдвэрлэсэн байна.

Энэхүү шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 00205 дугаартай магадлалаар хянаад хэвээр үлдээж шийдвэрлэснийг хариуцагч тал эс зөвшөөрч, Улсын дээд шүүхэд гомдол гаргасан боловч Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны 001/ШХТ2022/00328 дугаартай тогтоолоор тус хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

 

2.2.Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2022/09199 дугаартай захирамжаар дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 889 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу НШШГГ нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 22250728 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэжээ.

2.3. Хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн Ү-2205****** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийн 0006325** дугаар гэрчилгээтэй, Б дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар бичил хороолол, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай 81.41 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр битүүмжлэн, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр авагч болон төлбөр төлөгч нараас үнийн санал авахад уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээн дээр тохиролцоогүй учраас 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/325 дугаартай тогтоолоор С.М-ыг шинжээчээр томилж, зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шийдвэрлэсэн байна.

2.4 Улмаар шинжээч С.М нь үнэлгээг хийж, эд хөрөнгийн эрхийн Ү-2205****** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийн 0006325** дугаар гэрчилгээтэй, Б дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар бичил хороолол, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай 81.41 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө эд хөрөнгийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны байдлаар 255,756,923 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгчид 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 4/20346 дугаартай мэдэгдлээр мэдэгджээ.

 

3. Нэхэмжлэгч С.Д нь дээрх үнэлгээтэй танилцаад түүнийг эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд үндэслэлээ ...тус үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, ...ийнхүү зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байхад тухайн хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаалахаар тогтоол гаргасан нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

 

4. Хариуцагч тал нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэх байдлаар тайлбар, татгалзлаа гарган, мэтгэлцэж байна.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь өөрийнх нь өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн Ү-2205****** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийн 0006325** дугаар гэрчилгээтэй, Б дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар бичил хороолол, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай 81.41 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханш 797,818,000 төгрөг гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа нотолсон баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй.

 

Өөрөөр хэлбэл шинжээч С.М нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн хандлагын арга, өртгийн хандлагын арга, орлогын хандлагын аргыг тус тус ашиглан үнэлгээг гаргасан байх ба уг үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

 

Иймд шинжээч С.М-ын эд хөрөнгийн эрхийн Ү-2205****** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийн 0006325** дугаар гэрчилгээтэй, Б дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар бичил хороолол, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай 81.41 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 255,756,923 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэв.

Ийнхүү шинжээч С.М нь нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй тул уг үнэлгээг үндэслэн хариуцагч байгууллагаас 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/18 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч С.Дын хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Д-ын хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан Эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг болон 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/18 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА