Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/00776

 

С.Д-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2023/00338 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Д-ын хариуцагч Н-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Д-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Баянгол дүүрэг, 12хороо, 6бичил хороолол, 19-76 тоот хаягт байрлах, 81.41 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 797,818,000 төгрөгөөр үнэлж, үнийн санал хүргүүлсэн. Гэтэл шинжээч нь 255,756,923 төгрөгөөр үнэлсэн. Үйлчилгээний зориулалттай, цэцэрлэгээр тохижуулсан байрыг хэт бага үнэлгээгээр үнэлсэн. Дээрх хөрөнгийн зах зээлийн үнэ нь 700,000,000 гаруй төгрөг байгаа бөгөөд үнийн саналаа өгсөөр байхад шинжээч маш хямд үнэлсэн байна. Шинжээчийн үнэлсэн үнэлгээгээр анхны албадан дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн нь миний эрхийг зөрчиж байна. Иймд миний өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ болон 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/03078 дугаар шийдвэрээр Дарысолнца ХХК-аас 170,730,124 төгрөг гаргуулж, Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төлбөр төлөгч Дарысолнца ХХК-ийн гүйцэтгэх захирал, С.Д-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгсөн ч төлбөрийг төлөөгүй тул, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдээс төлбөрийн үнийн дүнд хангахуйцаар Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 бичил хороолол, 19 дүгээр байрны 76 тоот хаягт байрлах 81,41 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж төлбөр төлөгч болон төлбөр авагч нараас үнийн санал авахад шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шинжээч томилон үнэлгээ гаргуулахад үл хөдлөх эд хөрөнгийг 255,756,923 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээ тогтоолгох болон албадан дуудлага явуулах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Д-ын хариуцагч Н-т холбогдуулан гаргасан эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг болон 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/18 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүх өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангаагүй хурлыг хийж, миний болон гэр бүлийн гишүүдийн эрх ашгийг хохироосон. Мөн нотлох баримт бүрдүүлэх боломжоор хангаагүй. Эрх зүйн туслалцаа авах боломжийг хязгаарласан атлаа энэ талаар шийдвэрт дурьдаагүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас холбогдох албан тушаалтан ирээгүй байхад хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. Намайг өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч нотлох баримт бүрдүүлж мэтгэлцэж оролцох эрхийг хангаагүйг онцгой анхаарч хянаж өгнө үү гэжээ.

5.Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2.Нэхэмжлэгч С.Д- нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч С.Д- нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх өмгөөлөгч сонгох хугацааг хангалттай олгосон гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

3.а.Тодруулбал, хэргийн оролцогч өөрт хуулиар олгогдсон эрхийг эдлэхгүй байх эрхтэй хэдий ч шүүх эдгээр эрхийг эдлэх бүхий л боломжоор хангах учиртай. Нэхэмжлэгч С.Д- нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хангасан байх боловч энэ нь өмгөөлөгч авах талаар хүсэлт гаргах түүний эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

3.б.Дээрх нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн үндэслэлд хамаарч байна.

3.в.Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2023/00338 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С.Д-аас төлсөн нийт 140,400 төгрөг /70,200 + 70,200 = 140,400/-ийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Г.ДАВААДОРЖ