Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2022/04166

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 10 11 101/ШШ2022/04166

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... дүүрэг, .... дүгээр хороо, ... дүгээр хороолол, Н. гудамж, . дугаар байр,.000 тоот хаягт оршин суух, Б. овогт С. Ш РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б. дүүрэг,   000  дугаар хороо, Х.хотхон, ХД-00 тоот хаягт оршин суух, Д овогт Ш. Жа /РД:00000/-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 66,320,720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Ш\

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Б\

Хариуцагч Ш.Ж итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А р оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Б нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч С.Ш миний бие Барс худалдааны төвд хүнсний ногоо худалдаалдаг, гэтэл намайг Оргил сувилалд хэвтэж байхад 2018 оны намар Ш.Жгэх эмэгтэй байн байн утсаар залгаад төмс ногоо авах уу, би чамайг төмс ногоо их хэмжээгээр авна гэж сонслоо, надад хадгалсан ногоо их хэмжээтэй байна гэсэн. Тэгээд түүнтэй уулзаад ногоог чинь үзье гэхэд Тахилтад нэг хашаанд аваачсан, тэнд нь ногооны зоорь дүүрэн хүнсний ногоо их хэмжээгээр байсан, хүмүүс төмсийг ялгаж байсан.

Ш.Ж хэлэхдээ энэ зоорь минийх, өргөтгөл хийх гэж байгаа юм гэсэн. Ингээд бид харилцан тохиролцож 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 48,000,000 төгрөгөөр хүнсний ногоо худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Ингээд түүний ХААН банкны 5000 тоот дансанд 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 9 удаа хувааж 49,877,000 төгрөг шилжүүлсэн.

Энэхүү гэрээгээр хариуцагч Ш.Жнь 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүнсний ногоог нийлүүлж дуусгахаар тохиролцсон, хэзээ ногоогоо авна гэх үед нь авчирч өгөхөөр байсан. Талуудын хооронд байгуулсан гэрээ 2018.10.19-ний өдрөөс 2019.06.15-ны өдөр хүртэл 9 сарын хугацаатай байсан. Өөрийнхөө зооринд ногоог хадгалж байсан тул хадгалалтын үүргийг Ш.Жхариуцаж байсан, ногоог хүлээлгэн өгөөд баримтаар үйлдэнэ гээд тохирсон, тэрээр ногоог хүлээлгэн өгөөгүй учир энэ талаар баримт үйлдээгүй, тодруулбал түүнээс ногоо хүлээж аваагүй юм.

Тэрээр 1,171,200 төгрөгийн төмс, 224,000 төгрөгийн лууван ирүүлснийг авсан, сүүлийн төмс хөлдсөн байсныг буцааж өгсөн, үүнээс өөрөөр ногоо өгөөгүй болно.

Гэвч Ш.Ж нь гэрээ байгуулж мөнгө авснаас хойш утсаа авахгүй алга болсон. Тэгэхээр нь түүнийг хайгаад олохгүй байсан учир ногооны зоорь байрлаж байсан газрынх нь харьяа хороон дээрээс асуухад уг хаягт түүний өмчлөлд ногооны зоорь байхгүй, кадастрын зураггүй, уг зоорь нь хэн хүний өмчлөлд байдаггүй болохыг мэдсэн. Ингээд шүүхэд хандахад түүний оршин суух хаяг нь тодорхойгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгохоор нь эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулж хайлгасны дүнд нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаг болохыг цагдаагийн байгууллагаас олж тогтоосон.

С.Ш нь гэрээнд заасан төлбөрөө төлөхийн тулд ХААН банкнаас 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл, 18 сарын хугацаатай 60,000,000 төгрөгийг, жилийн 21.6 хувийн хүүтэй зээлж авсан.

Банкнаас зээлсэн мөнгөнөөс хариуцагч Ш.Ж-д 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 28,230,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 200,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 1,300,000 төгрөг тус тус нийт 41,730,000 төгрөгийг шилжүүлсэн.

Өөрөөр хэлбэл С.Ш нь гэрээнд заасан төлбөрөө шилжүүлэхийн тулд зээл авсан, энэхүү зээлнээсээ 41,730,000 төгрөгийг Ш.Жаргалмаад өгсөн. С.Ш нь тус 41,730,000 төгрөгийг банкинд буцааж төлөхдөө хүүнд 13,520,720 төгрөг төлсөн.

Иймд гэрээний үүрэгт шилжүүлсэн 49,877,000 төгрөгөөс түүний өгсөн 1,171,200 төгрөгийн төмс, 224,000 төгрөгийн луувангийн үнийг хасч үлдэх 48,000,000 төгрөг, гэрээний 6.1-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувиар тооцож торгууль 4,800,000 төгрөг, банкнаас зээлж авч түүнд өгсөн 41,730,000 төгрөгийн хүү 13,520,720 төгрөг, нийт 66,320,720 төгрөгийг Ш.Жаргалмаагаас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ш.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хариуцагч Ш.Ж би нэхэмжлэлийн шаардлагад дурдснаар 2018.10.22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр төмс, хүнсний ногоо нийлүүлэхээр гэрээ хийж, түүний төлбөр болох 46.000.000 төгргийг авч, гэрээний хугацаанд түүнд 1,171,200 төгрөгний төмс, 224,000 төгрөгний лууванг өгсөн.

Нэхэмжлэгч С.Ш нь худалдан авах хүнсний ногооны үнийг шилжүүлсэн боловч авах ногоогоо бүгдийг авахгүй, бага хэмжээгээр авдаг байсан ба гэрээний хугацааны үед байгаль цаг уурын гэнэтийн хэт их хүйтрэлтийн улмаас хүнсний ногоо хөлдөж байгалийн давагдашгүй хүчний улмаас эрсдэлд өртсөн.

Энэхүү нөхцөл байдлыг С.Ш өөрөө зоорин дээр нь ирж үзэж харж мэдэхийн ихээр мэдэж байгаа атлаа бүхэлд нь хариуцагч намайг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. С.Ш өөрөө нэгэнт худалдан авалт хийж, хүнсний ногооныхоо үнийг шилжүүлсэн тул гэрээний дагуу удалдан авсан бараа бүтээгдэхүүнээ хүлээн авах нь түүний үүрэг.

Гэрээний хугацаанд бий болсон дээр дурдсан эрсдлээс үүссэн хариуцлага, хохиролыг гэрээний нэг тал болох дан ганц худалдагч Ш.Жби хүлээх хууль зүйн үндэслэлгүй. Худалдан авагч С.Ш ч байгалийн давагдашгүй хүчний улмаас буюу их хүйтрэлээс үүссэн эрсдэл, хохиролыг хуваан хүлээх үүрэг хуулийн дагуу үүсэх учиртай.

С.Ш болон Ш.Ж бид хоёрын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээ л байгуулдсанаас өөрөөр хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-т зааснаар Хадгалалтын гэрээ байгуулаагүй учир хариуцагч Ш,Жаргалмаа би худалдсан барааны үнийг буцаан төлөх үүрэг хүлээхгүй, хариуцлага хүлээлгэх, төлбөр хариуцах нөхцөл үүсвэл талууд үүссэн эрсдлийг тодорхой хувиар хувиарлан хариуцах нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргааны үйл баримтад хамааралгүй, тухайлбал, хүнсний ногооны зоорины эзэклшил, өмчлөлийн асуудлын хувьд худалдан авах ажиллагаа нь цаг хугацааных, мөн би оргон зайлсан, нуугдсан зугатаасан үйлдэл огт байгаагүй. Бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг, байнгын явдаг, тогтвортой байнгын нэг лангуу сахиж суудаг зарим нэг хүмүүстэй адил нэг байрлалд байх шаардлагагүй, өөр бусадтай хамтран ажиллах үйл ажиллагаа эрхэлдэг учраас өөрийнхөө энэ байдлыг С.Шд тайлагнаж явах албагүй.

Гэрээний үнийн дүн 46,000,000 төгрөг түүнээс хүнсний ногоогоо тодорхой хэмжээгээр авсан тооцоогоо ямар аргаар ийнхүү тооцож нэхэмжилснийг ойлгосонгүй.

Нэхэмжлэгч С.Ш нь арилжааны банкнаас тухайн үед өөрийн хэрэгцээнд зээлийн гэрээний дагуу авсан зээлийн хүү 13,520,720 төгрөг, гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй хариуцлагад тооцож торгууль 4,800,000 төгрөгийг зэргийг уг гэрээний үүрэгт хамааралгүй, бараа бүтээгдэхүүнээ худалдсан худалдагч Ш.Жнадад хариуцуулан нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх үндэсгүй, анхны болон үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлага зэргийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч С.Ш нь худалдагч буюу хариуцагч Ш.Ж надаас хүнсний ногоо худалдан авсан ногооны үнэ гэдгийг хэрхэн нотлогдох эсэх, мөн нэхэмжлэгч бусдаас авсан мөнгөн хөрөнгийг хэзээ, хэрхэн зарцуулж алдагдал, ашиг олсон эсэх нь бидний хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний үүргээс үүссэн маргаанд ямарч хамааралгүй, өөр бусадтай хийсэн гэрээний үүрэг хариуцлагыг хариуцагч надаас хохирол гэсэн нэр томъёо хэрэглэн нэхэж байгаа нь бодит үнэнд үл нийцэх бөгөөд тэрээр өөрийнхөө үүргээ өөрөө хариуцах нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын баримтлах шударга ёсны зарчимд нийцэх учиртай,

Түүнчлэн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэсэн заалтад хохирол гэдэгт хамааран тооцогдохыг хуульчлан зохицуулжээ.

Хохирол нь нөхөн төлж хохирол түүнчлэн уг үүргийн гүйцэтгэлтэй хамааралтай ажил, эсхүл бие даасан үйл ажиллагаанаас үл хамааран үүрэг гүйцэтгүүлэгчийн зайлшгүй олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх эсэх асуудал хамааралтай атал эсрэгээрээ С.Ш нь арилжааны банктай байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэл, хариуцлага нь огт хамааралгүй.

Ер нь нэхэмжлэгч нь мөнгөө шилжүүлээд өөрийн биеэр зоорин дээр ирээд бараагаа хүлээн авсан байтал хадгалах үүргийг манайх хүлээгээгүй. Энэ талаар гэрээний 7.5-д заасан, тэрээр өөрөө тээвэрлэлтээ хийгээд ирж авах байтал аваагүй, түүний хариуцлагаас болж төмс хөлдсөн. Гэрээний 9 сарын хугацаанд төмсөөр хангах үүрэгтэй болохоос хадгалж байна гэж тохиролцоогүй.

Иймд Ш.Ж-с 66,320,720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Шгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С.Шгаас Б.Н олгосон итгэмжлэл, талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШЗ2021/11649 дугаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2021/03547 дугаар шийдвэр, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн албан бичиг, ХААН банк ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага, 250,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ХААН банк ХХК болон С.Ш, О.Болормаа нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, мөн өдөр байгуулагдсан барьцааны гэрээ, С.Шгийн ХААН банк ХХК дах 5015159774 тоот дансны хуулга, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзсан С.Ш-гийн хүсэлт, /хх-ийн 2-12, 30-31, 32-34, 35-36, 37-39, 56/ зэрэг баримтуудыг,

Хариуцагчаас: Ш.Жаргалмаагаас итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц олгосон итгэмжлэл, 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх хүсэлт, Оцело сэргэлт өрхийн эмнэлгийн магадлагаа, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хүсэлт, харуицагч Ш.Жаргалмаагийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хүсэлт, /хх-ийн 19, 24-25, 53-54, 68-69/ зэрэг баримтуудыг тус тус шүүхэд ирүүлсэн.

Шүүхээс: Оцело сэргэлт өрхийн эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн албан бичиг /хх-ийн 65-66/ бүрдүүлсэн.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ш нь хариуцагч Ш.Ж-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт 48,000,000 төгрөг, гэрээний 6.1-т заасан торгууль 4,800,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 13,520,720 төгрөг, нийт 66,320,720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Зохигч талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээгээр худалдагч Ш.Жнь биет байдлын болон эрхийн доголдолгүй 3000 шуудай, 120,000 тонн, нэг бүрийн үнэ төмс 16,000 төгрөг, лууван 14,000 төгрөг, нийт үнэ 46,000,000 төгрөг бүхий стандарт хангасан төмс, лууванг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч С.Ш нь хөрөнгийг хүлээн авч, төлбөрийг төлөхөөр тохиролцжээ.

Дээрх гэрээний худалдагч талд Ш.Ж, худалдан авагч талд С.Ш нар өөрсдийн хүсэл зоригийн илэрхийлэл болгон гарын үсгээ зурсан, гэрээний талаар зохигч маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д:Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч С.Ш нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээгээр тохирсон хугацаанд хүнсний ногоог нийлүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 48,000,000 төгрөг, гэрээний 6.1-т заасан торгууль 4,800,000 төгрөг, гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол болох ХААН банктай зээлийн гэрээний 41,731,000 төгрөгийн хүүд төлсөн 13,520,720 төгрөг шаардсан нь үндэслэлтэй гэжээ.

Зохигчийн тайбар, хэрэгт авагдсан ХААН банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нэхэмжлэгч С.Ш нь тус банкны 5015159774 тоот данснаас 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 1,247,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 900,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 28,230,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 200,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 1,300,000 төгрөг, нийт 49,877,000 төгрөгийг хариуцагч Ш.Жаргалмаагийн тус банк дах 5099389696 тоот данс руу шилжүүлсэн болох нь тогтоогдсон. /хх-ийн 12, 37-39/

Гэрээний дагуу хариуцагч нь 1,171,200 төгрөгийн төмс, 224,000 төгрөгийн лууван ирүүлснийг нэхэмжлэгч хүлээн авсантай зохигч маргаагүй.

Хариуцагч Ш.Жнь худалдан авагч гэрээний үнийг шилжүүлсэн боловч хүнсний ногоог бүхэлд нь авах үүргээ биелүүлээгүй, бага хэмжээгээр авсан учир ногоо хөлдсөн, хүнсний ногоог хадгалах үүрэггүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.3-т ачилт болгондоо падаан үйлдэж 2 тал гарын үсэг зурж баталгаажуулна,

8-т нэг удаагийн ачилтаа 100 шуудайгаар Тахилтын ногоон зоориноос Барсын 15 дугаар павилонд буулгана. Хадгалах хугацааны явцад үнийн дүн өөрчлөгдөхгүй. Үнэ төмс 1 шуудай 16,000 төгрөг буюу 40 кг, лууван 1 шуудай 14,000 төгрөг буюу 40 кг, ачилт болгондоо баримт үйлдэнэ. 2018.10.18-наас 2019.06.15-ны хооронд авч дуусгана,

10-т гэрээний үйлчлэх хугацаа 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл байна гэжээ.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан ба талууд гэрээгээр 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд 1 удаа 100 шуудай ногоог Тахилтын ногоон зоориноос Барсын 15 дугаар павилонд хүргэх, ийнхүү нийлүүлэх бүрт баримт үйлдэж, энэхүү баримтад 2 тал гарын үсэг зурснаар баталгаажуулахаар тохиролцсон байна.

Хариуцагч нь худалдан авагчид гэрээгээр тохиролцсон хэмжээний ногоог, гэрээний хугацаанд худалдан авагчид нийлүүлсэн, ийнхүү нийлүүлсэн талаар баримт үйлдэж, уг баримтад талууд гарын үсэг зурж баталгаажуулсан баримтыг шүүхэд ирүүлээгүй нь түүнийг гэрээний зүйлийг гэрээгээр тохирсон хугацаанд худалдан авагчид нийлүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

Түүнээс гадна хариуцагч нь гэрээний үүргийг биелүүлээгүй шалтгааныг гэрээний зүйл болох хүнсний ногоог нэхэмжлэгч бүхэлд нь авах үүргээ биелүүлээгүй, бага хэмжээгээр авснаас ногоо хөлдсөн, хүнсний ногоог хадгалах үүрэггүй гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.1-т:Худалдан авагч худалдан авсан эд хөрөнгөө хугацаанд нь хүлээж аваагүй бол худалдагч уг эд хөрөнгийг хадгалах үүрэгтэй гэж заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1-т Худалдсан хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр хөрөнгө устаж гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ. 5.2-т Худалдан авагч хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг хөрөнгө хүлээн авсанд тооцно гэсэн байна.

Үүнээс үзэхэд худалдагч нь гэрээний зүйлийг худалдан авагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд гэрээний зүйлийг хадгалах үүрэг түүнд байсан гэж үзнэ.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талууд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, нэхэмжлэгч С.Ш нь гэрээний үнэ 49,877,000 төгрөгийг хариуцагч Ш.Жаргалмаагийн өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч нь үүнээс 1,171,200 төгрөгийн төлс, 224,000 төгрөгийн лууван шилжүүлж, үлдэх 48,481,800 төгрөгийн ногоо нийлүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т:Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч нь гэрээгээр тогтоосон хугацаанд гэрээний зүйлийг нийлүүлэх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 48,000,000 төгрөгийг буцаан шаардсан нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь гэрээний 6.1-т худалдагчийн буруугаас хөрөнгийг хугацаанд нь шилжүүлээгүй тохиолдолд шилжүүлээгүй хөрөнгийн үнийн дүнгийн 10 хувиар тогтоон худалдан авагчид торгууль төлнө гэж заасны дагуу 4,800,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан.

Гэрээний энэхүү заалт дах 10 хувь гэх хэсгийг засварласан байх тул талууд гэрээний хариуцлага болгож торгууль төлөхөөр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар анзын гэрээг бичгээр хийсэн гэж үзэх боломжгүй байна.

 Нэхэмжлэгч С.Ш нь хамтран үүрэг гүйцэтгэгч О.Болормаагийн хамт 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ХААН банк ХХК-тай 60,000,000 төгрөгийг, жилийн 21.6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлж авах зээлийн гэрээ байгуулсан, үүнээс 2018.10.18-ны өдрөөс 2018.10.29-ний өдрийн хугацаанд 41,730,000 төгрөгийг хариуцагч Ш.Ж-тай байгуулсан гэрээний үүрэгт шилжүүлж, энэхүү 41,730,000 төгрөгийн хүүд 13,520,720 төгрөг төлсөн нь гэрээнээс учирсан хохирол гэж нэхэмжилсэн.

Тэрээр дээрх зээлийн гэрээний үүрэгт ХААН банк ХХК-д 13,520,720 төгрөгийн хүү төлсөнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Дээр дурдсан байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох торгууль, хохирол шаардсан шаардлагын, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй татгалзлын үндэслэлийг нотолсон баримтыг ирүүлээгүй нь тэднийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн шаардлага, татгалзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзнэ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ш.Ж-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 48,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ш-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас торгууль 4,800,000 төгрөг, зээлийн гэрээний хүүд төлсөн гэх 13,520,720 төгрөг, нийт 18,320,720 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Ш.Жаргалмаагаас 48,000,000 төгрөг гаргуулан С.Ш-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18,320,720 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ш.Ж-с улсын тэмдэгтийн хураамжид 397,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ш д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 647,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ