Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/02088

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/02088

 

 

 

 

 

 

С гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/04166 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С гийн

Хариуцагч Ш д холбогдуулан гаргасан

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 66,320,720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: С нь Барс худалдааны төвд хүнсний ногоо худалдаалдаг бөгөөд 2018 оны намар түүнтэй Ш утсаар ярьж төмс ногоо авах уу, надад хадгалсан ногоо их хэмжээтэй байна гэсний дагуу Тахилтад очиж үзэхэд зоорь дүүрэн хүнсний ногоо байсан ба Ш уг зоорь өөрийнх нь гэж хэлсэн. Талууд тохиролцож 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 48,000,000 төгрөгөөр хүнсний ногоо худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. С нь Ш гийн Хаан банкны 5099389696 тоот дансанд 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 9 удаагийн гүйлгээгээр 49,877,000 төгрөгийг шилжүүлсэн. Тодруулбал, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 28,230,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 200,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 1,300,000 төгрөг шилжүүлсэн. Гэрээний дагуу Ш 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүнсний ногоог нийлүүлж дуусгах, ногоог авах үед нь авчирч өгөхөөр тохиролцсон. Гэрээ 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаатай, хадгалалтыг Ш хариуцаж, ногоог хүлээлгэн өгөхөд баримт үйлдэхээр тохирсон.

Ш нь ногоог хүлээлгэн өгөөгүй учир баримт үйлдээгүй, С ногоог хүлээж аваагүй. 1,171,200 төгрөгийн төмс, 224,000 төгрөгийн лууван ирүүлснийг авсан. Ш нь сүүлдээ утсаа авахгүй алга болсон ба ногооны зоорь нь түүнийх биш болохыг мэдсэн. С ногооны төлбөрийг төлөхийн тулд ХААН банкнаас 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 18 сарын хугацаатай 60,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй зээлж, С д шилжүүлэн өгсөн 41,730,000 төгрөгийн зээлийн хүүд 13,520,720 төгрөг төлсөн. Иймд гэрээний үүрэгт шилжүүлсэн 49,877,000 төгрөгөөс хүлээж авсан 1,171,200 төгрөгийн төмс, 224,000 төгрөгийн луувангийн үнийг хасаж үлдэх 48,000,000 төгрөг, гэрээний 6.1-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувиар тооцсон торгууль 4,800,000 төгрөг, банкнаас зээлсэн 41,730,000 төгрөгийн хүү 13,520,720 төгрөг, нийт 66,320,720 төгрөгийг Ш гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: С тай 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төмс, хүнсний ногоо нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээний төлбөрт 46,000,000 төгрөг авч, 1,171,200 төгрөгийн төмс, 224,000 төгрөгийн лууван нийлүүлсэн. С нь ногооны үнийг шилжүүлсэн боловч авах ногоогоо бүгдийг авахгүй, бага хэмжээгээр авдаг байсан. Тэрээр хүнсний ногоог бүхэлд нь хүлээн авсан боловч хөлдсөн гэх үндэслэлээр буцааж өгсөн. Гэрээний хугацаанд гэнэтийн их хүйтрэлт болсноос хүнсний ногоо хөлдөж байгалийн давагдашгүй хүчний эрсдэлд өртсөн. С нь хүнсний ногоо худалдан авсан тул гэрээний дагуу бараагаа хүлээн авах үүрэгтэй. Уг байдлыг С өөрөө ирж үзэн мэдэж байгаа тул гэрээний хугацааны эрсдэлийг нэг тал хүлээх үндэслэлгүй, хувааж хариуцах үүрэгтэй. С гийн хариуцлагаас болж төмс хөлдсөн бөгөөд Ш нь гэрээний 9 сарын хугацаанд төмсөөр хангах үүрэгтэй болохоос хадгалахаар тохиролцоогүй. Талууд худалдах худалдан авах гэрээ байгуулсан ба хадгалалтын гэрээ байгуулаагүй тул Ш нь худалдсан барааны үнийг төлөх үүрэггүй, үүссэн эрсдэлийг тодорхой хувиар хариуцах нь шударга ёсны зарчимд нийцнэ. Хүнсний ногооны зоорины эзэмшил, өмчлөлийн асуудлын хувьд худалдан авах ажиллагаа нь цаг хугацааны асуудал.

Гэрээний дүн 46,000,000 төгрөгөөс авсан ногооны тооцоог ямар аргаар тооцож нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна. С нь зээлийн хүү 13,520,720 төгрөг, гэрээний үүргээ гүйцэтгээгүй торгууль 4,800,000 төгрөг нэхэмжилсэн нь энэ гэрээнд хамааралгүй. С нь Ш гаас хүнсний ногоо худалдан авсан ногооны үнэ гэдгийг хэрхэн нотлогдох эсэх, мөн нэхэмжлэгч бусдаас авсан мөнгөн хөрөнгийг хэзээ, хэрхэн зарцуулж алдагдал, ашиг олсон эсэх нь талуудын хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний үүргийн маргаанд хамааралгүй, өөр бусадтай хийсэн гэрээний үүрэг хариуцлагаа хариуцагчаас хохирол гэж шаардаж байгаа нь бодит үнэнд үл нийцнэ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Ш гаас 48,000,000 төгрөг гаргуулан С д олгож, нэхэмжлэлээс 18,320,720 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 647,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ш гаас улсын тэмдэгтийн хураамжид 397,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийн эс зөвшөөрч байна.

4.1. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд

а. Шүүх гэрээний 5.1, 5.2 дахь заалтыг тайлбарлахдаа худалдагч гэрээний зүйлийг худалдан авагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд гэрээний зүйлийг хадгалах үүрэг түүнд байсан гэж дүгнэсэн. Гэтэл гэрээний 5.1-т худалдсан хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр хөрөнгө устаж гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж заасан. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан төмс, луувангаа бүхэлд нь хүлээн авсан боловч хөлдсөн гэх үндэслэлээр буцааж өгснийг гэрчлэх гэрчүүд байгааг шүүхэд тайлбарласаар байхад хүлээн аваагүй.

б. Хариуцагч талын хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг шүүх хязгаарлаж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь гэрээний 5.2-т худалдан авагч хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг хөрөнгө хүлээн авсанд тооцно гэх гэрээний заалтыг нотлох, нотлох баримтыг гаргах боломжийг хаасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь гэрээний 6.1-т засвар хийж 10 хувь төлөх мэтээр оруулсан нь шүүхэд өөрт ашигтай баримтыг засварлан оруулж хэргийн бодит байдлыг тогтоох боломжийг алдагдуулсан гэж үзэж байна.

в. Талууд хэн алиндаа торгууль төлөхгүй талаар гэрээний 6.5-д тохиролцсоныг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн. Хууль мэдэхгүй нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл биш ч хоорондын итгэлцлийн улмаас хүлээлгэн өгсөн эд хөрөнгийг өөртөө агуулах боломжгүй болохоор хөлдсөн гэх үндэслэлээр буцаан өгсөн нь бодит үнэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хариуцагчийг өмгөөлөгч авах боломжоор олон удаа хангасан. Гэтэл нэг ч удаа өмгөөлөгч аваагүй атлаа өмгөөлөгч авна гэж, мөн эмнэлэгт хэвтээгүй атлаа хэвтсэн гэж шүүх хуралдааныг хойшлуулж байсан. 12 удаагийн үйлдлээр 9,952,000 төгрөгийн төмс, лууван нийлүүлээгүй. Гэрээний 8-д зааснаар нэг удаагийн ачилтаар 100 шуудайгаар Тахилтын ногооны зоориноос Барсын 15 дугаар павилонд буулгана. Хадгалах хугацааны явцад үнийн дүн өөрчлөгдөхгүй ба хариуцагч нь хадгалах үүрэг хүлээсэн. Төмс, хүнсний ногоо хөлдсөн бол хариуцагч тал үүргээ хүлээх ёстой. Нэхэмжлэгч нь үндсэн төлбөр буюу анх өгсөн мөнгөө авна, хүү, алданги хамаагүй гэж шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх, хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч С , хариуцагч Ш д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 66,320,720 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Талууд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээгээр Ш нь хүнсний ногоо (40 кг бүхий 1 шуудай төмсийг 16,000 төгрөгөөр, 40 кг бүхий 1 шуудай лууванг 14,000 төгрөгөөр, нийт 3,000 шуудай, 120,000 тонн)-г 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хугацаанд С д нийлүүлэх, ногооны ачилт бүрд баримт үйлдэн Барс худалдааны төвийн 15-р лангуунд хүлээлгэн өгөхөөр, нэхэмжлэгч гэрээний үнэ 46,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

4. Нэхэмжлэгч гэрээний 4.1-д зааснаар хариуцагчид шилжүүлсэн 49,877,000 төгрөгөөс хүлээн авсан 1,395,200 төгрөгийн хүнсний ногоо (1,171,200 төгрөгийн үнэ бүхий төмс, 224,000 төгрөгийн үнэ бүхий лууван)-ны үнийг хасаж 48,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой талаас нь эргэлзээгүй үнэлжээ.

5. Гэрээний 5.1, 5.2 дахь заалтыг шүүх буруу тайлбарлаж нэхэмжлэгчид өмчлөх эрх шилжсэнийг анхаараагүй, хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарласан нь нэхэмжлэгч хөрөнгө хүлээн авсныг нотлох, мэтгэлцэх боломжийг хаасан, ногоо хөлдсөн эрсдэлийг дангаараа хариуцахгүй гэх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

а. Гэрээний 8-д хүнсний ногоог хүлээн авах газрыг Барс захын 15-р лангуу байхаар тохирч үүрэг гүйцэтгэх газрыг Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлжээ. Гэрээний 5.1-д зааснаар худалдсан хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр худалдан авагч эрсдэлийг хариуцахаар тохиролцсон тул хариуцагч хүнсний ногоог Барс захын 15-р лангуунд хүлээлгэн өгснөөр нэхэмжлэгчид эд хөрөнгийн эрсдэл шилжих юм. Иймд үүрэг гүйцэтгэх газар нь Тахилтын ногооны зоорь байсан гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

б. Гэрээнд заасан 3,000 шуудай, 120,000 тонн хүнсний ногоог хариуцагч нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны турш нэхэмжлэгчид хэсэгчлэн нийлүүлж байхаар гэрээний 8, 10.1-д, нэг удаагийн нийлүүлэлт нь 100 шуудай байх, тухай бүр баримт үйлдэж байхаар гэрээний 2.3, 8-д тус тус зааж хүнсний ногоо нийлүүлэх нөхцөлөө талууд урьдчилан тохиролцжээ. Үүнээс үзвэл хариуцагч нь тодорхой хугацаанд, тохирсон хэмжээгээр гэрээнд заасан газарт хүнсний ногоог хүргэснээр тухайн нийлүүлсэн хүнсний ногоог өмчлөх эрх, эрсдэл нь нэхэмжлэгчид шилжихээр тохиролцсон гэж үзнэ. Ийнхүү өмчлөх эрх шилжихээс өмнөх хугацаанд хүнсний ногоог хадгалах, түүнтэй холбоотой нэмэлт үүргийг Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.1, 258.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид хариуцуулах үндэслэлгүй. Иймд хүнсний ногоог хадгалах үүрэггүй учир эрсдэлийг хариуцахгүй гэх хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.

в. Хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулжээ. Хариуцагч 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзсан нь буруу биш байна. Шүүх хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаснаас хойш 81 хоногийн хугацаанд тэрээр эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэл болохгүй тул мэтгэлцэх эрхийг хязгаарласан гэж үзэхгүй, энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

6. Гэрээнд заасан хугацаанд, тохирсон хувь хэмжээгээр хүнсний ногоо нийлүүлэх хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, 48,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 48,881,800 төгрөг байх боловч нэхэмжлэгчийн 48,000,000 төгрөг гаргуулах шаардлагын хүрээнд шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт нийцнэ.

7. Торгуульд 4,800,000 төгрөг, банкны зээлийн хүү 13,520,720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ. Уг шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

8. Хариуцагчийн төмсийг 12 удаа ачиж буулгасан Ш.Нямдоржийг гэрчээр асуулгаж нэхэмжлэгч 9,952,000 төгрөгийн төмс хүлээн авсныг нотлуулах хүсэлтийг шүүх хангаагүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна. Хэргийн 71, 74 дэх талд авагдсан хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэлээр хариуцагч тал гэрч асуулгах хүсэлтдээ үндэслэлээ тодорхой илэрхийлээгүй, энэ үндэслэлээр шүүх хүсэлтийг хангахгүй орхисныг буруутгахгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа этгээдийг шүүх талуудын хүсэлтээр гэрчээр асуух тул тодорхой бус хүсэлтийг үндэслэн уг ажиллагааг явуулах үндэслэлгүй болно. Иймд шүүх хариуцагчийн эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/04166 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Э.ЭНЭБИШ