Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Өлзиймэндийн Болорчимэг |
Хэргийн индекс | 128/2022/0608/З |
Дугаар | 128/ШШ2023/0133 |
Огноо | 2023-02-08 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2023/0133
2023 02 08 128/ШШ2023/0133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: М ХХК
Гомдол гаргагчийн төлөөлөгч: Д.М,
Гомдол гаргагчийн өмгөөлөгч: О.Д
Хариуцагч: дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.П нарын хоорондын төлбөрийн баримт олгоогүй зөрчилтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: М ХХК-ийн төлөөлөгч Д.М, өмгөөлөгч О.Д, хариуцагч дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн нөхцөл байдлын талаарх хураангуй:
1.1. Гомдлын шаардлага: Гомдол гаргагч М ХХК нь дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ад холбогдуулан дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Б.Агийн Зөрчилд шийтгэл ногдуулах тухай 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №******* дугаартай шийтгэх хуудсыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах-аар гомдол гаргасан бөгөөд гомдлын шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөөгүй байна.
1.2. Эрх бүхий албан тушаалтан болох татварын улсын байцаагч нь иргэн Ө.Ааас М ХХК нь төлбөрийн баримт олгодоггүй гэх гомдлыг харилцаа холбооны хэрэгслээр /утсаар/ гаргасныг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
1.3. М ХХК нь дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах, цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ, орон сууцны доторх цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ, ус дамжуулах төвийн ашиглалт, засвар, үйлчилгээ, бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ, бохир ус цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж бөгөөд , Баянгол дүүрэгт нэлээдгүй орон сууцуудыг дээрх ажил, үйлчилгээгээр хангадаг, үүн дотор дүүргийн 5 дугаар хороонд байрлах 81 дүгээр байрны айл өрхүүд хамаардаг байна. /хх-99-102 тал/
1.4. дүүргийн 5 дугаар хороо, ******* тоот өрх нь сар бүрийн ус, дулааны хэрэглээний төлбөрөө М ХХК-ийн Хаан банкны дансанд төлсөн. /хх-93-94/
1.5. Маргаан бүхий дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Зөрчилд шийтгэл ногдуулах тухай ******* дугаар шийтгэлийн хуудсаар М ХХК-ийг төлбөрийн баримт олгоогүй зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-т заасныг үндэслэн 3,829,835.4 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
2. Процессын түүх:
2.1. Дээрх шийтгэлийн хуудсыг М ХХК-ийн захирал Д.Мд 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр танилцуулсан байх бөгөөд тэрээр гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж гарын үсэг зурсан.
2.2. М ХХК нь 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч тус шүүхэд гомдол гаргаж, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.
3. Гомдол гаргагч М ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол гаргагч М ХХК-г дүүргийн татварын хэлтсийн хувь хүний татварын тасгийн улсын байцаагч Б.А нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх заалтын дагуу буюу бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд төлбөрийн баримт олгоогүй гэсэн үндэслэлээр 3,829,835 төгрөгийн шийтгэлийг ногдуулсан нь үндэслэлгүй байна. Тайлбарлавал улсын байцаагч нь гомдол гаргагчид холбогдуулан хэн гэх ерөнхий мэдээлэл өгч, баримт олгоогүй гэж үндэслэлгүй буруутган, борлуулалтын орлогыг буруу тодорхойлж шийтгэл ногдуулсан байна.
3.2. Гомдол гаргагч М ХХК нь орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд бөгөөд Эрчим хүчний зохицуулах хорооны дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээг эрхэлдэг. Орон сууц нийтийн аж ахуйн салбарын бүх компаниуд Төрийн банктай Биллер байгууллагатай хамтран ажиллах гэрээтэй бөгөөд манай компани нь мөн тус банктай жил болгон гэрээгээ сунгаж ажилладаг. Уг гэрээний дагуу манай компани нь хариуцаж буй орон сууц, хэрэглэгчийн мэдээлэл буюу нэр, хаалга, тоот, мөнгөн дүн, төлбөрийн нөхцөл, задаргаа, гэрээний нөхцөл, алданги, тооцох журам гэх мэт мэдээлэл, төлбөрийн нэхэмжлэлийг явуулснаар банк нэхэмжлэхийг оруулан, төлбөр төлсөн харилцагчдад НӨАТ-ын сугалааны дугаар бүхий төлбөрийн баримт олгох үүрэг хүлээдэг. Иймд хэрэглэгч Төрийн банканд өөрийн биеэр очиж эсвэл Төрийн банкны аппликэйшн ашиглаж төлбөрөө төлөх тохиолдолд банкнаас автоматаар төлбөрийн баримт олгогддог. Гэтэл гомдол гаргасан гэх дүүргийн 5 дугаар хороо, ******* тоотод оршин суугч Ө.А нь орон сууц нийтийн аж ахуйн бүх компаниудад хэрэглэгддэг нэгдсэн төлбөрийн хэрэгслийг ашиглаагүй, Хаан банкаар дамжуулан төлбөрөө төлсөн бөгөөд төлбөрийн баримт авах талаар манайд огт хандаж байгаагүй.
3.3. Манай компани нь Улаанбаатар хотын хэмжээнд 47 байрны 3650 өрхөд ус, дулаан түгээх, бохир ус татан зайлуулах, инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээг 24 цагийн турш хариуцаж, үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өөрийн банкаар төлбөрөө төлсөн иргэдийн төлбөрийн баримтыг нэг бүрчлэн гэрт нь хүргэж өгөх боломжгүй юм. Тиймээс ч салбарын хэмжээнд төлбөрийн нэгдсэн системийг Төрийн банктай хамтран хэрэгжүүлдэг бөгөөд өөр банкаар төлбөрөө төлбөл манай байгууллага дээр биечлэн ирж баримтаа авах болдог тул аль болох Гялс банкны аппликэйшнээр дамжуулан төлбөрөө төлөхийг сануулдаг боловч бусад банкаар төлбөр төлсөн хэрэглэгчид төлбөрийн баримтаа тэр болгон биеэр ирж авдаггүй. Манай байгууллага нь хэрэглэгчийн төлбөрийг нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу тайлагнаж татварын албанд хүргүүлж явдаг бөгөөд хариуцаж буй аж ахуйн нэгж, хангах гэрээ тус бүрээр тайлагнадаг.
3.4. Гомдол гаргасан гэх дүүргийн 5 дугаар хороо, ******* тоотод оршин суугч Ө.А нь манай компани дээр ганц ч удаа баримтаа авах талаар хандаж ирээгүй, оршин суугчийн төлбөр НӨАТ-ын тайланд шивэгдсэн байтал төлбөрийн баримт олгоогүй гэж үзэх нь үндэслэлгүй юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-д төлбөрийн баримт гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар, төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг гэж заасан бөгөөд цахимаар төлбөрийн баримтыг шивж, тайлагнасан болно.
3.5. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно гэж заасан бөгөөд баримт олгохоос татгалзсан, өөр дүнгээр олгосон, хуурамч баримт үйлдсэн зөрчил огт байхгүй болно. Манай компани нь хэрэглэгчид түгээсэн ус, дулаан, хэрэглээний бохир ус татан зайлуулсан төлбөрийг цуглуулан Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, УСУГ, УБЦТС ТӨХК зэрэгт шилжүүлдэг бөгөөд, уг үйлчилгээ үзүүлсний зардлыг Эрчим хүчний зохицуулах хороо, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс баталж өгдөг тул хэрэглэгчээс хураан авсан төлбөрийг тайлагнахгүй байх, нуун дарагдуулах шалтгаан, шаардлага огт байхгүй юм.
3.6. Дээр дурдсанчлан манай компани тусгай зөвшөөрлийн хүрээнд УБДС ТӨХК-аас тухайн жилдээ худалдаж авах, дулааны биет хэмжээг сар бүрээр тооцон захиалан батлуулдаг. ЭХЗХ-ийн үнэ тариф зах зээлийн газраас тухайн жилийн УБДС ТӨХК-аас худалдаж авах эрчим хүчний үнэ тариф болон борлуулалтын орлогын шаардагдах зардлын хэмжээг тус тус тогтоож өгдөг. Жишээлэн тайлбарлавал хэрэглэгчээс хураан авсан 100 төгрөгийн 70 төгрөгийг ТӨХК-иудад шилжүүлж, 30 төгрөг нь манай байгууллагын үйл ажиллагааны зардал, засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн элэгдлийн зардалд тооцогдож борлуулалтын орлого болж үлддэг байна.
3.7. 2022 оны 04 дүгээр сард 170.4 сая төгрөгийг айл өрх, албан байгууллагаас хүлээн авч үүнээс УБДС ТӨХК-нд 85,265,206 төгрөгийг, УСУГ ТӨҮГ-т 55,726,306 төгрөгийг, УБЦТС ТӨХК-д 21,701,525 төгрөг буюу нийт 126,693,037 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Иймд татварын тайланд тусгасан 170.4 сая төгрөгийг манай борлуулалтын орлого гэж үзэж түүнээс 2 хувь тооцож шийтгэл ногдуулах нь шударга ёсонд нийцэхгүй юм. Гэтэл татварын байцаагч нь төрийн өмчийн компаниудаас хүлээн авч, айл өрхүүдэд түгээсэн ус, дулааны төлбөрийг нийтэд нь манай компанийн борлуулалтын орлого гэж тооцож хариуцлага тооцох нь үндэслэлгүй, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илт дордуулсан, зөрчсөн байна.
3.8. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэж заасан. Гэтэл айл өрх салбарын хэмжээнд төлбөр төлж, төлбөрийн баримт олгох систем бүхий банк, аппликэйшн зэрэг боломжийг ашиглалгүй 1 сарын 55,961 төгрөгийн төлбөрийг өөр банкаар төлбөр төлж, түүнийхээ баримтыг ирж аваагүйн төлөө албан байгууллагыг 170.4 сая төгрөгийн 2 хувиар шийтгэл ногдуулах нь шударга ёсны зарчимд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр болсон байна.
3.9. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана гэж заасан байтал зөрчлийн шийтгэл ногдуулахдаа гомдол гаргагч нь хэн болох, бичгээр гаргасан гомдол байгаа эсэх, түүнд хавсаргасан материал, нотлох баримт зэргийг огт танилцуулаагүй бөгөөд манайхаас гаргасан үндэслэл бүхий тайлбарыг харгалзан үзээгүй байна.
3.10. Гомдол гаргасан дүүргийн 5 дугаар хороо, ******* тоотод оршин суугч Ө.А нь тус байранд түрээслэн суудаг, өмчлөгчийн бүртгэл, ус, дулаанаар хангах хэрэглэгчийн гэрээг манайхтай н.У******* гэх хүн байгуулсан байдаг. Мөн төлбөр төлсөн хэлбэрийг харахад манай байгууллагын Хаан банк ******* тоот харилцах дансанд К.Ч******* гэсэн данснаас шилжүүлсэн байтал гомдлыг Ө.А гэх хүн гаргасан байдаг. Иймд эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх хүн гомдол гаргаагүй, уг хүнийг дуудаж асуусан, төлбөрийн баримт авахаар хандсан эсэхийг тодруулалгүйгээр манай компанийг буруутган шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.
3.11. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаар тогтоолоор батлагдсан Журам, маягт батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралт Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам-ын 2.7-д Шийтгэлийн хуудсанд шийтгэл оногдуулсан албан тушаалтан гарын үсэг зурж, өөрийн дардас, эсхүл байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байна гэж заасан боловч улсын байцаагч Б.А нь шийтгэлийн хуудсанд өөрийн дардас, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулаагүй байна.
3.12. Иймд дээрх үндэслэлээр татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасны дагуу гомдол гаргаж байгаа бөгөөд дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Б.Агийн Зөрчилд шийтгэл ногдуулах тухай 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №******* дугаартай шийтгэх хуудсыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1. дүүргийн татварын хэлтсийн хувь хүний татварын тасгийн татварын улсын байцаагч Б.А би иргэн Ө.Аын гаргасан М ХХК /РД:*******/ нь төлбөрийн баримт олгоогүй гэх гомдлыг Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төвийн 11-11 утсанд мэдээлсэн байхыг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 12 цаг 05 минутад хүлээн авч шалгахад гомдол гаргагчийн мэдүүлэг болон татварын удирдлагын нэгдсэн системээс шалгахад тогтоогдсон тул дугаартай зөрчлийн хэрэг нээж ******* дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан. Монгол улсын зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дах хэсгийн 8.1 дүгээр зүйл Төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь-тай тэмцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Гомдол гаргагч дүүргийн 5 дугаар хороо, 81 дүгээр байр, 1 тоотод оршин суугч Ө.Аын эхнэр болох Ч******* М ХХК-ийн Хаан банкны ******* тоот дансанд төлсөн дансны хуулга болон М ХХК-ийн харилцагчийн гүйлгээний мэдээллийг шалгахад татварын нэгдсэн системд и-баримт үйлдэж тухайн гомдол гаргагч иргэнд олгоогүй зөрчил тогтоогдсон.
4.2. Тухайн аж ахуйн нэгж нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 12,533,00 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 61,060,00 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 51,686,00 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 53,830,00 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 55,961,00 төгрөг төлөхөд татварын нэгдсэн системд баримт шивэгдээгүй байна. Мөн М ХХК-ийн Хаан банкны дансны хуулгаас үзэхэд иргэд, аж ахуйн нэгжүүдэд удаа дараа баримт олгоогүй нь тогтоогдсон.
ҮНДЭСЛЭХ нь:
1. М ХХК-ийн гомдлыг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Зөрчилд шийтгэл ногдуулах тухай ******* дугаар шийтгэлийн хуудсаар М ХХК-ийг төлбөрийн баримт олгоогүй зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-т заасныг үндэслэн 3,829,835.4 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
3. Гомдол гаргагч М ХХК-иас ...гомдол гаргасан гэх дүүргийн 5 дугаар хороо, ******* тоотод оршин суугч Ө.А нь орон сууц нийтийн аж ахуйн бүх компаниудад хэрэглэгддэг нэгдсэн төлбөрийн хэрэгслийг ашиглаагүй, Хаан банкаар дамжуулан төлбөрөө төлсөн бөгөөд төлбөрийн баримт авах талаар манайд огт хандаж байгаагүй. ... 2022 оны 04 дүгээр сард 170.4 сая төгрөгийг айл өрх, албан байгууллагаас хүлээн авч үүнээс УБДС ТӨХК-нд 85,265,206 төгрөгийг, УСУГ ТӨҮГ-т 55,726,306 төгрөгийг, УБЦТС ТӨХК-д 21,701,525 төгрөг буюу нийт 126,693,037 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Иймд татварын тайланд тусгасан 170.4 сая төгрөгийг манай борлуулалтын орлого гэж үзэж түүнээс 2 хувь тооцож шийтгэл ногдуулах нь шударга ёсонд нийцэхгүй юм. ... зөрчлийн шийтгэл ногдуулахдаа гомдол гаргагч нь хэн болох, бичгээр гаргасан гомдол байгаа эсэх, түүнд хавсаргасан материал, нотлох баримт зэргийг огт танилцуулаагүй... гэж,
4. Хариуцагч татварын улсын байцаагчаас ...Гомдол гаргагч дүүргийн 5 дугаар хороо, 81 дүгээр байр, 1 тоотод оршин суугч Ө.Аын эхнэр болох Ч******* М ХХК-ийн Хаан банкны ******* тоот дансанд төлсөн дансны хуулга болон М ХХК-ийн харилцагчийн гүйлгээний мэдээллийг шалгахад татварын нэгдсэн системд и-баримт үйлдэж тухайн гомдол гаргагч иргэнд олгоогүй зөрчил тогтоогдсон. ... М ХХК нь Төрийн банканд очиж төлбөрөө төлсөн тохиолдолд баримт авах ёстой мөн тухайн айл төлбөрийн баримтаа авъя гэж хэлж байгаагүй гэх тайлбар өгч байгаа нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй гэсэн заалтыг зөрчиж байна. ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйл Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авах журмын 6 дахь хэсэг Эрх бүхий байгууллага, албан тушаалтан гомдол гаргагч, мэдээлэл өгсөн хүн, мэдээллийн нууцыг хадгалж, шаардлагатай бол мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна гэж заасны дагуу гомдол гаргагчийн мэдээллийг нууцалсан болно... гэж тус тус маргасан.
5. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8-д Татварын хууль зөрчих зөрчлүүдийг зааж, мөн зүйлийн 8.1-т Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд нь төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан.
6. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй гэж,
7. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т "төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг ойлгохоор,
8. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: ...17.3.2-т бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно гэж тус тус зохицуулжээ.
9. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, гомдол гаргагч М ХХК нь дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах, цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ, орон сууцны доторх цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ, ус дамжуулах төвийн ашиглалт, засвар, үйлчилгээ, бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ, бохир ус цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж бөгөөд , Баянгол дүүрэгт нэлээдгүй орон сууцны айл өрхүүдэд дээрх ажил, үйлчилгээг үзүүлдэг, үүн дотор дүүргийн 5 дугаар хороонд байрлах 81 дүгээр байр багтдаг байна.
10. дүүргийн 5 дугаар хороо, ******* тоот орон сууцны айл нь сар бүрийн ус дулааны хэрэглээний төлбөрөө гомдол гаргагч М ХХК-ийн Хаан банкны дансанд төлсөн болох нь зөрчлийн хэрэгт М ХХК-иас гаргаж өгсөн харилцагчийн гүйлгээний баримт /хх 93 тал/, шилжүүлгийн баримт /хх 94/, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримтад талууд маргаагүй.
11. Орон сууцны айл өрхөөс хэрэглээний төлбөрөө тухайн компанийн дансанд төлсөн тохиолдолд М ХХК нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д зааснаар төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэг хүлээнэ.
12. Тодруулбал, дээрх хуулиар борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээхийг татвар төлөгч аж ахуйн нэгжид үүрэгжүүлсэн байхад гомдол гаргагч М ХХК нь хэрэглэгчдэд үүрэг хүлээлгэх байдлаар буюу хэрэглэгчийг өөрөө ирж авах, эсвэл зөвхөн Төрийн банкаар үйлчлүүлж төлбөрөө хийсэн тохиолдолд баримт олгогдоно, олон айл өрхөд төлбөрийн баримт олгох боломжгүй гэх зэргээр хязгаарлалт тогтоож байгаа нь хуулиар хүлээсэн төлбөрийн баримт хэвлэж өгөх, цахимаар илгээх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэхээр байна. Иймд гомдол гаргагчийн оршин суугч Ө.А нь орон сууц нийтийн аж ахуйн бүх компаниудад хэрэглэгддэг нэгдсэн төлбөрийн хэрэгслийг ашиглаагүй, Хаан банкаар дамжуулан төлбөрөө төлсөн бөгөөд төлбөрийн баримт авах талаар манайд огт хандаж байгаагүй, манайх айл болгонд төлбөрийн баримтыг хэвлэж өгөх боломжгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
13. Мөн М ХХК-ийн захирал Д.Мгийн холбогдогчийн мэдүүлэг болон 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 323,854 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 55,961 төгрөгийн төлбөрийн баримтыг татварын нэгдсэн системд нөхөн илгээснээс үзэхэд тус компани нь ус, дулааны хэрэглээний төлбөрөө төлсөн тухайн иргэнд тухай бүрд нь төлбөрийн баримтыг өгөөгүй, цахимаар илгээгээгүй болох нь тогтоогдож байна.
14. М ХХК-иас ажил, үйлчилгээ авсан орон сууцны айл өрх нь хэрэглээний төлбөрөө төлсөн нь тогтоогдсон, М ХХК-иас төлбөрийн баримтыг иргэн гомдол гаргаснаас хойш хэвлэж, системд илгээсэн нь тодорхой байгаа энэ тохиолдолд гомдол гаргасан иргэнийг хэн болохыг шалгаж тогтоогоогүй, гомдол гаргасан Ө.А төлбөр төлөөгүй, К.Ч******* төлбөр төлсөн гэж гомдол гаргагчаас маргаж байгаа нь үр дагавар үүсгэхгүй, энэ талаарх баримтыг шүүхээс шалгах шаардлагагүй гэж үзлээ.
15. Мөн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-д төлбөрийн баримт олгоогүй бол... гэж зааснаас үзэхэд тухайн зөрчил нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу заавал материаллаг хохирол учирсан байхыг шаардахгүй зөрчил байх тул гомдол гаргасан иргэнд хохирол учраагүй гэж гомдол гаргагчийн өмгөөлөгчийн маргаж байгааг хүлээн авах боломжгүй.
16. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр 1-д Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ, 2-т Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно гэж заасан бөгөөд хуулийн этгээдийг үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулж шийтгэл оногдуулах тохиолдолд хуульд заасан үүргээ биелүүлэх боломжтой байсан атлаа биелүүлээгүй байх урьдчилсан нөхцөл хангагдсан байхыг шаардана.
17. Дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагч М ХХК нь төлбөрийн баримтыг өгөх, цахимаар илгээх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, энэ үүргээ биелүүлэх талаар зохих арга хэмжээг хангалттай хэрэгжүүлээгүй байх тул Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-д заасан зөрчлийг гаргасан гэж үзэхээр байна.
18. Харин Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.4, 2.9-д зааснаар холбогдогч нь хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах, зөрчлийн хэрэгтэй танилцах эрхтэй байхад эрх бүхий албан тушаалтан нь гомдол гаргасан иргэний гомдлыг танилцуулаагүй нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн зөрчил боловч энэ үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй.
19. Шийтгэлийн хуудсаар 3,829,835.4 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан тухайд:
20. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д "Монгол Улсад олсон орлого" гэж албан татвар төлөгчийн Монгол Улсад олсон энэ хуулийн 7.4-т заасан орлогыг ойлгохоор, 7 дугаар зүйлийн 7.4-т Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно: 7.4.1.үйл ажиллагааны орлого; 7.4.2.хөрөнгийн орлого; 7.4.3.хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого; 7.4.4.бусад орлого гэж, 8 дугаар зүйлийн 8.1-т Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно:8.1.1.бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого гэж тус тус заажээ.
21. М ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сард Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-т заасан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа этгээдийн бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсний төлбөрийн баримтын мэдээллийг цуглуулах, боловсруулах, тайлагнах үйлдэлтэй "нэгдсэн систем"-д илгээсэн төлбөрийн баримтын нийлбэр дүнгээс үзэхэд 191,491,770.47 төгрөгийн борлуулалтын орлогыг тайлагнасан байна.
22. Иймд хариуцагч татварын улсын байцаагч нь дээрх системд тайлагнасан борлуулалтын орлого 191,491,770.47 төгрөгөөс 2 хувиар тооцож 3,829,835.4 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэж М ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасныг тус тус баримтлан М ХХК-ийн дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ад холбогдуулан гаргасан дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Б.Агийн Зөрчилд шийтгэл ногдуулах тухай 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №******* дугаартай шийтгэх хуудсыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ