Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 01091

 

Б.Г-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 181/ШШ2019/00837 дугаар шийдвэртэй,            

Нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч СБД ЗДТГ-т холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 12 819 497 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэнбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г нь СБД ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалаас Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 тоот тушаалаар чөлөөлөгдсөнийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0367 дугаар шийдвэрээр урьд эрхэлж байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн.

Хариуцагч байгууллага захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлж урьд эрхэлж байсан албан тушаалд томилоогүй тул нэхэмжлэгч Б.Г Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 2017 оны 5  дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговор 7 061 664 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн.

Гэвч 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлэлгүй байсаар өнөөдрийг хүрлээ. 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс өнөөдрийг хүртэл урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилогдоогүй тул нэхэмжлэгчийн  хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэвээр байгаа тул 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт ажлын 263 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор аваагүй байна. Хэдийгээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 181/2018/00537 дугаар шийдвэрээр 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 270 ажлын хоног болж байгаа боловч үүнээс амралтын 7 хоногийг хасч, үндсэн цалин өдрийн 34 616 төгрөгөөр нэмэгдэл 20 хувиар тооцов.

Нэхэмжлэгч 2018 оны 9 дүгээр сараас үндсэн цалин 792 572 төгрөг болж нэмэгдсэн тул 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 84 хоногийн 118 400 төгрөг, 20 хувийн нэмэгдэл 23 688 төгрөг, нийт 142 088 төгрөгийг, 2019 оны 1 дүгээр сараас үндсэн цалин 855 978 төгрөг болж нэмэгдсэн тул 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хүртэл 23 хоногийн үндсэн цалин 98 718 төгрөг, 20 хувийн нэмэгдэл 19 743 төгрөг, нийт 118 461 төгрөгийн цалингийн нэмэгдлийн зөрүү, 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 35 хононгийн үндсэн цалин 1 361 783 төгрөг нэмэгдэл 20 хувь буюу 272 356 нийт 1 894 688 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 12 819 497 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Орхонтуул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох боломжгүй юм. 2018 оноос хойш хоёр удаа төрийн албан хаагчийн цалин нэмэгдсэн. Энэ нь манайхаас гаргаж өгсөн нотлох баримтаар үндэслэгдээд төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын үндсэн цалингаар нэхэмжлэгч тал нэхэмжилсэн. Үүн дээр шатлалын асуудал яригдана. н.Гомбодорж гэдэг хүний авдаг байсан цалинг н.Ганбаатар гэдэг хүн авах эсэх нь эргэлзээтэй. Төрийн албан хаагч 6 сар тутам хагас жилийн биелэлт гаргаж үнэлүүлдэг байсан. Одоо үнэлгээ аваад үнэлгээн дээр нэмэгдээд А авах юм бол 100 хувь, Б авах юм бол 80 хувь гээд хувааж үзвэл 100 хувь нь 20 болдог.

Шинэ хуулиар Төрийн албан хаагч улирал тутам ажлаа үнэлүүлдэг болсон. Улирлын урамшуулал үндсэн цалингийн 50 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Өмнөх Захиргааны шүүх 20 хувийн нэмэгдлийг яаж үнэлж, гаргасан нь эргэлзээтэй. Шүүхийн шийдвэрийн дагуу 7 061 000 төгрөгийг барагдуулсан. Томилох асуудал яригдаж байна. 2019 оны Төрийн албаны тухай хуулиар халаа, сэлгээ хийх хориотой болсон. Б.Г-ыг томиллоо гэхэд одоо ажиллаж байгаа хэлтсийн дарга шүүхээр явахад хохирлыг шийдвэр гаргасан этгээд өөрөө хариуцах болно. Үнийн дүнг бүрэн дүүрэн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч СБД ЗДТГ-аас 13 814 812/арван гурван сая найман зуун арван дөрвөн мянга найман зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-т олгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Б.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 222 000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Г-т олгож, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 227 024 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Орхонтуул давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 12 819 497 төгрөг нэхэмжилсэн байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэтрүүлэн 13 814 812 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу. Шүүх В.Гомбодоржийн цалин хөлс болон шатлалыг нотлох баримтаар үнэлсэн нь буруу. Учир нь Б.Г, В.Гомбодорж нарын ажилласан жил, шатлал ондоо. Иймд шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Г хариуцагч СБД ЗДТГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 12 819 497 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

СБД ЗДТГ-ын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 тоот тушаалаар нэхэмжлэгч Б.Г-ыг тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлснийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0367 дугаар шийдвэрээр уг албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 184 672 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0523 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 389 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээсэн байна. /хэргийн 6-14 дүгээр тал/

Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 181/ШШ2018/00537 дугаар шийдвэрээр 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 061 664 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдийн 991 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 001/ХТ2018/01316 дугаар тогтоолоор хэвээр үлдээжээ. /хэргийн 15-22 дугаар тал/        

Ажил олгогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүргээ зөрчиж, ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилоогүй, хөдөлмөрлөх эрхийн зөрчил үргэлжилсэн байх тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх цалинтай тэнцэх олговорт 9 104 008 төгрөг, нэмэгдэл 1 820 801 төгрөг, нийт 10 924 809 төгрөгийг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацааны үндсэн цалин, нэмэгдэл цалинг 1 894 688 төгрөгөөр нэмэгдүүлэн, нийт 12 819 497 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэтрүүлэн 13 814 812 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 6 дугаар зүйлийн 6.2, 6.6 дах хэсэгт нийцэхгүй.         

Мөн нэхэмжлэгч Б.Г-ын цалин хөлсийг одоогийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байгаа В.Гомбодоржийн цалин хөлсний шатлалтай адилтган тооцож олгосныг зөвтгөх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч Б.Г-ыг СБД ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулахдаа сарын дундаж цалин хөлсийг 733 863 төгрөг, 1 өдрийн цалинг хөлсийг 34 616 төгрөгөөр, цалингийн 20 хувиар нэмэгдэл цалин тооцон олгосон болох нь дээр дурдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 1 өдрийн цалин 34 616 төгрөгөөр  тооцон  үндсэн цалин, 10 924 809 гөгрөг, 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 35 хоногийн үндсэн цалин, нэмэгдэл 1 894 688 төгрөг нийт 12 819 497 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.  

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 181/ШШ2019/00837 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...13 814 812/арван гурван сая найман зуун арван дөрвөн мянга найман зуун арван хоёр/...” гэснийг “...12  819 497...” гэж, 2 дах заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч СБД ЗДТГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 179 999 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Г-т олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                  ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

                                                                                                         Д.БАЙГАЛМАА