Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2023/00467

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 17 101/ШШ2023/00467

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, өөрийн байр хаягт байрлах, Э сургууль/РД:00/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, 0 дугаар хороо, Өлгийн гудамж, өөрийн байр хаягт байрлах, Б ХХК /РД:000/,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 байр, 0 тоот хаягт оршин суух, У овогт Б.Д /РД000/ нарт холбогдох,

 

2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн газар болон орон сууцны цогцолборын барилга барих эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, гэрээний үүрэгт төлсөн 240,000 ам.доллар, гэрээнээс учирсан хохирол 175,592 ам.доллар, нийт 415,592 ам.доллар буюу 1,183,847,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э,

Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, өмгөөлөгч В.Э /Ү№0044/,

Хариуцагч Б.Яийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, өмгөөлөгч Б.Ганпүрэв /Ү№0647/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Э сургуульнь 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Б ХХК-тай газар болон орон сууцны цогцолборын барилга барих эрх шилжүүлэх гэрээ байгуулж, гэрээний дагуу урьдчилгаа 240,000 ам.доллар төлсөн.

Тухайн үед тус сургуулийн гүйцэтгэх захирал К-ийн найз, Б ХХК-ийн аж ахуйн албаны дарга Х.З нь Б ХХК-ийн ерөнхий захирал Б.Я эмнэлгийнхээ газрыг худалдах гэж байгаа, танайх аваач гэсэн санал тавьж, энэхүү гэрээ байгуулагдсан.

Гэрээгээр газрын төлбөрийг 600,000 ам.доллар, үүнээс 40 хувийг гэрээнд гарын үсэг зурж баталгаажулснаар, үлдэх 60 хувийг газартай холбоотой ерөнхий төлөвлөгөө, техникийн нөхцлүүд, газрын бичиг баримтыг бүрэн шилжүүлэн өгсний дараа өгөхөөр тохиролцсон.

Талууд гэрээг газар болон орон сууцны барилга барих эрх шилжүүлэх гэрээ гэж нэрлэсэн боловч Иргэний хуулийн 243, 260-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн.

Нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар урьдчилгаа төлбөрийг төлсөн боловч тус эмнэлгийн ерөнхий захирал Д.Д, аж ахуйн албаны дарга Х.З нар бичиг баримтаа бүрдүүлж байгаарай, газраа удахгүй шилжүүлэх гэж байна гэсээр хэдэн жилийн хугацаа өнгөрсөн.

Ингээд удаа дараа шаардлага гаргасны эцэст 2015 оны үед тус газар дээр талууд мэргэжлийн барилгын архитектур байлцуулан уулзахад Д.Дзахирал болон Х.З нар газар дээр объект байхгүй тул шилжүүлэх боломжгүй болоод байна, барилгын суурь цутгах хэрэгтэй байна, бид суурь цутгаад шилжүүлье гэсэн бөгөөд талууд барилгын мэргэжилтэнтэй хамт хэмжилт хийж, барилгын суурь тавих бэлтгэл хийсэн.

Үүнээс хойш тус эмнэлэг газар шилжүүлэх ямар ч үйлдэл хийхгүй байсан тул төлсөн үнэнд тохирсон хэмжээний газрыг шилжүүлэх эсвэл урьдчилгаа төлбөрөө буцаан авах тухай шаардлагуудыг тавьж байсан бөгөөд Д.Д захирал болон Х.З нар нь "мөнгөний бололцоо муу байна, эдийн засгийн хүндрэлтэй байна, газрын алба болохгүй байна, 240.000 ам.долларыг удахгүй буцаан шилжүүлнэ гэж Эм Ай Ю дээд сургууль ГХОХХК-ийг хууран мэхэлж гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж 2020 он хүргэсэн. Ингээд цар тахлын улмаас сургуулийн санхүүгийн байдал хүндэрч Д.Д захиралтай уулзахад манайх өмгөөлөгч авчихсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, уулзахад байхгүй гэж хэлүүлэх, утсаа авахгүй байсаар өнөөдрийг хүрсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Баянзүрх эмнэлэг, хамтран хариуцагч Б.Я нар мөнгө авсан гэдгээ зөвшөөрсөн байдал нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаарх тайлбарт дурдагдсан байдаг. Гэтэл хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мөнгийг аваагүй гэх тайлбар гаргасан боловч талуудын тайлбар, нэмэлт гэрээнд мөнгийг буцааж төлөх боломжгүй учир уг мөнгөнд тохирох хэмжээний буюу 40 хувьд тааруулж газар авахаар тохирсон.

Мөн 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б.Я-тай хийсэн уулзалтын протоколд мөнгө авсан талаар үнэнээр тайлбарласан. Тэрээр гэрээний үнэд мөнгө авсан нь үнэн боловч бид илүү мөнгөтэй этгээдэд зараагүйдээ харамссан талаар ёс зүйгүй тайлбар өгсөн байдаг. 2010 оны нэмэлт гэрээ, 2015 ны уулзалтын протокол, удаа дараагийн үүрэг шаардсан албан бичиг, 2020 оны Б.Яийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбараас бидний зөрчигдсөн эрх яригдана гэж үзэж байна.

2008.09.23-ны өдрийн гэрээний 2-т эрхийн зөрчилгүй газар эзэмших гэрчилгээтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлэх, өөрөөр хэлбэл эрхийн доголдолгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үүрэг хүлээсэн.

Гэвч Монгол улсад газрын хэрэгцээ их болсныг ашиглаж Б ХХК-ийн захирал Б.Д нь тус эмнэлгийн эзэмших эрхтэй газрыг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд худалдахаар тохиролцсон хууль бус үйлдэл гаргасан байна. Хэдийгээр Солонгос улсын иргэн 2002 оноос эхлэн тус улсад бизнес эрхэлдэг, монгол хэл мэддэг, тус сургуульд их, дээд сургууль төгссөн боловч түүнд тус улсад хэрэгжиж буй Газрын хуулийн хэрэгжилтийг мэдэх боломжгүй байсан.

Э сургуульнь ажилчдаа орон сууцаар хангах хэрэгцээ шаардлагын үүднээс газар худалдаж авах хэлцэл хийсэн. Түүний энэ хэрэгцээ шаардлага дээр дөрөөлж Б ХХК нь 240,000 ам.долларыг аваад өөрт ашигт байдлаар үрэгдүүлсэн.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т:Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ, 101 дүгээр зүйлийн 101.1-т:Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж,

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 38 дугаар зүйлийн 38.1-т:Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана гэж тус тус заасан.

Үүнээс үзэхэд зөвхөн өмчлөгчийн зөвшөөрлийн дагуу газрыг захиран зарцуулах эрхтэй атал газар эзэмших эрхтэй этгээд өөрийнх эзэмшлийн газрыг бусдад худалдах эрхтэй мэтээр Газрын тухай хуульд заасныг өөрт ашигтай байдлаар ноцтой зөрчиж хууль бус хэлцэл хийж ашиг хонжоо олсон асуудал байна.

Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2005.11.30-ны өдрийн тогтоолоор Баянзүрх эмнэлэг Нийслэлийн өмчит байгууллагыг менежментийн үр дүнгээр Б.Я ахлагчтай багт өмчлөгчийн эрхийг 193,050,000 төгрөгийн эд хөрөнгийн үнийг төлж худалдан авах замаар өмчлөх эрхийн гэрчилгээ №13 олгосон байдаг. Ингээд ОНӨААТҮГ-ыг 2006 оны 02 дугаар сарын 01-ний өдөр компани болгож бүртгүүлэхдээ компанийн дүрмийн 8.1-т зааснаар өөрийн хөрөнгө нь 724,412,300 төгрөг болж өөрчлөгдсөн байсан.

Компанийн тухай хуулийн /1999 оны/ 84 дүгээр зүйлийн 84.1.1-т:хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл нь их хэмжээний хэлцэлд хамаарах бөгөөд мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-т:Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана. Төлөөлөн удирдах зөвлөл их хэмжээний хэлцэл хийх тухай шийдвэрийг санал нэгтэй гаргаж чадахгүй тохиолдолд асуудлыг хувь нийлүүлэгчдийн хуралд оруулах бөгөөд уг асуудлыг хуралд оролцож байгаа хувь нийлүүлэгчдийн саналын олонхоор шийдвэрлэнэ гэж заасан.

Гэтэл тухайн үед гүйцэтгэх захирал байсан Б.Я нь компанийн хөрөнгийг барьцаалан их хэмжээний хэлцэл хийж бусдаас 240,000 ам.долларыг авч захиран зарцуулсан нь Компанийн тухай хууль болон компанийн дүрмийг зөрчсөн хууль бус хэлцэл хийсэн болох нь тогтоогдож байна.

Энэ нь Б ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Г-ийн тайлбараар давхар нотлогдож байна. Гүйцэтгэх захирал байсан Б.Я нь эрх хэмжээгээ хэтрүүлж бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул түүний бусдад учруулсан хохирлыг хуулийн этгээд буюу Б ХХК хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хариуцагч Б ХХК нь өөрийн эрх бүхий этгээдийн эрх хэмжээгээ хэтрүүлэн, зөвшөөрөлгүйгээр бусадтай хийсэн их хэмжээний хэлцлийн үр дагаврыг гүйцэтгэх захиралаас нэхэмжлэх эрхтэй тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна.

Нийслэлийн өмчийн харилцааны газартай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 2.1-т худалдан авагч нь Баянзүрх нэгдсэн эмнэлгийг менежментийн гэрээний үр дүнг харгалзан зориулалтын дагуу ажиллуулах нөхцөлтэйгөөр хувьчлан авахыг санал болгосон үнийг төлөх, худалдагч нь үнийг бүрэн төлсний дараа хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэн өгөх үүрэг хүлээнэ гэсэн.

Гэтэл энэ гэрээг Б зөрчиж, зориулалтын дагуу ажилуулах буюу эмнэлгийн оношилгоо, эмчилгээ үзүүлэх гэрээний үүргээ зөрчиж боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагад ашиг хонжоо олгох зорилгоор бусдын өмчлөлийн газрыг хууль бус нөхцөлөөр худалдсан.

Үүнээс үзэхэд талуудын хооронд 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан газар болон орон сууцны цогцолборын барилга барих эрх шилжүүлэх гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардлагаа тодруулж, уг шаардлагаа дэмжиж байна.

Талууд 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр үндсэн гэрээ, 2010 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр үндсэн гэрээг дүгнэж нэмэлт гэрээ байгуулсан. Нэмэлт гэрээний 2.1-т тухайн үеийн нөхцөл байдалтай холбогдуулан нэмж мөнгө төлөх боломжгүй учир төлсөн мөнгөндөө буюу 0,19 га газрын 40 хувь болох 0,076 га газрыг шилжүүлэн өгөхөөр тохирсон.

Нэмэлт гэрээгээр Б ХХК нь 600,000 ам.долларын 40 хувв буюу 240.000 ам.долларыг хүлээн авсан болох нь, түүнчлэн бэлэн мөнгөний баримт, хариуцагч нарын тайлбараар давхар нотлогдож байна.

Б.Я нь мөнгийг бэлнээр авахгүй бол маш их хэмжээний мөнгө татвар төлөх тул бэлнээр авах шаардлагатай байна гээд бэлнээр авсан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т:Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй, 56.6-т :Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан.

Үүний дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр гэрээний төлбөрт шилжүүлсэн 240,000 ам.доллар, уг 240.000 ам.долларыг банкинд хадгалуулсан бол олох ёстой орлогыг Монгол банкны бодлогын хүүг 2 дахин багасгасан хэмжээгээр тооцож 175,592 ам.доллар, нийт 415,592 ам.долларыг хариуцагч Б ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч Б ХХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, түүний өмгөөлөгч В.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Э нь "2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээг хүчингүй болгуулж, тус гэрээний үүрэгт төлсөн 240.000 ам.долларыг Б ХХК-иас буцаан гаргуулах, олох ёстой орлогыг Монгол банкны бодлогын хүүг 2 дахин багасгасан хэмжээгээр тооцож 175,592 ам.доллар, нийт 415,592 ам.доллар гаргуулах байсан.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагаа гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үр дагаврыг арилгуулах гээд хамтран хариуцагч Б.Яаас татгалзаж байгаа юм байна. Хариуцагчаар хэнийг тодорхойлох нь нэхэмжлэгчийн эрх учраас үүнд тайлбар байхгүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан "Газар болон орон сууцны цогцолборын барилга барих эрх шилжүүлэх гэрээ-тэй Б ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болон Төлөөлөн удирдах зөвлөлийн зүгээс танилцаж ямар нэг шийдвэр гаргаж байгаагүй болно.

Тус эмнэлгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Я нь өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн /хууль болон тус компанийн дүрмээр олгогдоогүй/ нэхэмжлэгч Э дээд сургууль-д эмнэлгийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг шилжүүлэх гэрээ байгуулсан байдаг. Ийнхүү гэрээ байгуулж, газар шилжүүлэхээр тохиролцсон нь манай эмнэлгийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд хохиролтой хууль бус гэрээ байдаг.

Мөн энэхүү хууль бус гэрээгээр тохиролцсон үнийн дүнгээс манай эмнэлэг хүлээж авсан мөнгө төгрөг байхгүй, хууль бус гэрээнээс үүдэлтэй нэхэмжлэгч талд учирсан хохирлыг манай эмнэлгийн зүгээс төлж барагдуулах боломжгүй гэж үзэж байна.

Монгол улсын Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д :Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана гэж зааснаас үзэхэд газар эзэмших гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хоорондох үйл ажиллагаанд хамаарна.

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-т "газар ашиглах эрхийн гэрчилгээ" гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг гэсэн.

Өөрөөр хэлбэл, Гадаадын хөрөнгө оруулалттай Э дээд Сургууль-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх холбоотой харилцааг зохицуулсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл; шинжийг бүрэн агуулж байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Нөгөө талаас, тус эмнэлгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Я нь Б ХХК-ны хувьцаа эзэмшигч нарт хандан Э-ийн нэхэмжилж байгаа 240,000 ам.доллартай тэнцэх хэмжээний болзошгүй хохирол, төлбөрийн асуудлыг Б ХХК болон түүний хувьцаа эзэмшигч нарт ямар нэг үүрэг, хариуцлага хүлээлгэхгүйгээр өөрөө бүрэн хариуцах болохоо бичгээр илэрхийлсэн байдаг.

Түүнчлэн тус эмнэлгийн гүйцэтгэх захирал асан Б.Я нь хувьцаа эзэмшигчид, ТУЗ-д танилцуулж зөвшөөрөл авалгүйгээр энэхүү гэрээг эрх мэдлээ хэтрүүлж байгуулсан болно.

Иймд нэхэмжлэгчийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг зөвшөөрч байна.

Харин 240,000 ам.долларыг Б ХХК-д шилжүүлсэн, хүлээн авсан, гүйлгээ хийгдсэн талаарх баримт хэрэгт байхгүй бөгөөд нэхэмжлэгч нь ийнхүү хүлээлгэж өгсөн, шилжүүлсэн гэх өөрийн шаардлагыг нотолж чадахгүй байдлаа бэлнээр өгсөн, хамаарал бус этгээдээр дамжуулан өгсөн, зээл хэлбэрээр олгосон гэх тайлбар хэлж байна.

Түүнээс гадна Э-ийн захирал Монгол улсын хуулийн мэдлэг байхгүй гэдэг нь зөвтгөх шалтаг болохгүй, өөрөөр хэлбэл хуулийн этгээдийн хувьд хуулийн зөвлөх, өмгөөлөгчөөс зөвлөгөө авах боломж нь байсан. Монгол улсад тус улсын хуулийн дагаа байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалтай компани тул хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахад өмгөөлөлийн туслалцаа авахад саад болох зүйл байхгүй.

Б ХХК-ийн одоогийн хувьцаа эзэмшигчид нь эмнэлгийг өмч хувьчлалаар 193,050,000 төгрөгөөр хувьчилж авсан боловч 724,412,300 төгрөгийн хөрөнгөтэй. Улсын төсвөөс хэмнэлт хийж, төсвөөс мөнгө авалгүй өөрийн төсвөөр үйл ажиллагаа явуулж хэмнэлтийн мөнгө гаргасанд зөрүү нь тооцогдсон талаар хэлмээр байна.

Эмнэлэг хувьчлагдахад багийн ахлагч Б.Я байсан, 2006 оноос гүйцэтгэх захирлаар томилогдсон, түүнтэй гэрээ байгуулаагүй, 2020.05.13-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор чөлөөлсөн.

Мөн Б ХХК-ийн зүгээс хувьчлалаар өгсөн эзэмших эрхтэй газрыг бусдад наймаалсан зүйл байхгүй. Компанийн дүрэмд заасны дагуу гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналт тавьсны үр дүнд Гүнтулга ХХК, Д.Б нарт газар шилжүүлсэн асуудлыг буцааж хуулийн дагуу шийдүүлсэн талаарх баримт хэрэгт авагдсан. 1,2 дах нь эзэмшил газар дээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс орон сууц барьсан, 3 дах нь энэ Э дээд сургуультай холбогдож байна.

Хамтран хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарт 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр анх гэрээ байгуулагдаж, 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, 0.076 га газарт 144 айлын орон сууц барих гэрээний талаар хамгийн сүүлд 2015 онд албан ёсоор талууд протоколтой уулзалт хийсэн.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан байгааг анхаарах талаар дурдсан байдгийг дэмжиж байна.

Нэхэмжлэгч Э дээд сургуулийн зүгээс дэд захирал Пак, Баянзүрх эмнэлгээс гүйцэтгэх захирал байсан Б.Я, Х.Зоригт гэх 3 хүний хувьд 2 хуулийн этгээдийн нэрийг барьж, тус улсад үйл ажиллагаа явуулдаг Гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгжийг залилан мэхлэх шинжтэй гэрээ байгуулсан болохыг хангалтай нотлох баримт байдаг. Гэвч нэхэмжлэгч нь энэ асуудлыг яриад байдаг боловч 2015 оноос хойш хууль хяналтын байгууллагад огт хандахгүй байгаа учир шалтгааныг мэдэхгүй байна. Магадгүй Э дээд сургууль ГХОХХК-ийн гүйцэтгэх захирал өөрөө энэхүү ажиллагаанд оролцсон болохыг үгүйсгэхгүй байгаа бөгөөд гэмт хэргийн чанартай гээд яригдаж байгаад шүүх дүгнэлт өгөхийг хүсч байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээнээс учирсан хохиролд 175,592 ам.доллар гаргуулах болгон нэмэгдүүлж, уг шаардлагаа Монгол банкны бодлогын хүүг 2 дахин багасгаж бодоход 240,000 ам.долларын хүү гэж тайлбарласан.

Талуудын хооронд байгуулсан гэрээнд ямар нэг анз, алданги, торгууль төлөхөөр зохицуулаагүй бөгөөд гэрээний харилцаанаас үүдэлтэй учирсан хохирлыг барагдуулах зохицуулалт байгаа боловч 240.000 ам.долларыг банкинд хэрвээ хадгалуулсан бол 175.592 ам.долларын хүүгийн орлого олох байсан гэх үндэслэлээр хохирлыг барагдуулах хуулийн зохицуулалт үгүй болно.

Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, талууд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаана гэж маргасан нөхцөлд 240,000 ам.долларыг банкинд хадгалуулсан бол хүүд 175,592 ам.доллар болох байж гэж шаардаж байгаа нь хууль зүйн үндэсгүй байна. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас олох байсан орлогыг хохирол төлбөрт тооцож гаргуулах Иргэний хуулийн зүйл заалт байхгүй.

Иймд нэхэмжлэгчийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Түүнээс гадна хэрэв шүүх 240,000 ам.доллар, хохирол 175,592 ам.доллар, нийт 415,592 ам.долларыг Б хариуцах үндэстэй гэж шийдвэл бидний учирсан хохирлыг Б.Я-аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгөхийг хүсч байна гэв.

 

Хариуцагч Б.Я-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

"Э-ийн нэхэмжлэлтэй, "Б ХХК-д холбогдох иргэний хэргийн хамтран хариуцагч Б.Яийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна.

Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбарыг гуравдагч этгээдийн хувиар өмнө нь шүүхэд бичгээр гаргасан болно.

Нэхэмжлэгчээс шүүхэд хандан гаргасан хамтран хариуцагчаар татуулах тухай хүсэлтдээ Б.Я нь дээрх асуудлыг хариуцахаа илэрхийлсэн мэтээр бичсэн нь үндэслэлгүй бөгөөд гуравдагч этгээд Б.Я нь иргэний хувиар нэхэмжлэгчээс ямар нэгэн мөнгө аваагүй. Нэхэмжлэлд дурдсан гэрээг "Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувиар 2 хуулийн этгээдийн хооронд байгуулсан билээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ урьдчилгаа төлбөрт 240.000 доллар төлсөн гэх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчээс гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөрийн баримтуудыг гаргаж өгөөгүй, манай эмнэлэгт ажиллаж байсан Д.Зоригт болон MIU дээд сургуулийн захирал нарын бэлэн мөнгө хүлээн авсан баримтуудыг хавсаргасан байгаа нь эргэлзээ төрүүлж байна.

Өөрөөр хэлбэл тухайн үед 2 хуулийн этгээд хооронд төлбөр хийгдэх тохиолдолд Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон холбогдох хууль журмын дагуу санхүүгийн анхан шатны баримтаар баталгаажуулах ёстой байтал ийнхүү баталгаажуулахгүйгээр мөнгө төлсөн гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Тухайн үед нэхэмжлэгчийн зүгээс цаг хугацаа алдсанаас дээрх асуудал үүссэн бөгөөд тухайн үед Баянзүрх эмнэлэгийн аж ахуйн даргаар ажиллаж байсан Д.Зоригийн хүлээн авсан гэх мөнгөний баримтаар иргэн Б.Я-аас мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хувьд нэхэмжлэлд дурдсан их хэмжээний мөнгийг ямар ч баримт үйлдэхгүйгээр иргэн Б.Я-т олгосон мэтээр нэхэмжлэл гаргаж, хамтран хариуцагчаар татаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчээс 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болох ...гэрээнээс учирсан хохирол 175,592 ам.доллар гаргуулах тухай шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна.

Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага нь үндэслэлгүй бөгөөд үндсэн шаардлагад дурдсан урьдчилгаа төлбөрт 240,000 ам.доллар төлсөн гэх баримтыг нэхэмжлэгчээс гаргаж өгөөгүй бөгөөд 2 хуулийн этгээд хооронд хийгдэх төлбөр нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдохгүй байхад уг мөнгийг банкинд хадгалуулах байсан хүүгийн хохирол нэхэмжилж байгаа үндэслэлгүй юм.

Нөгөөтэйгүүр мөнгийг тухайн үед банкинд хадгалуулах байсан эсэх нь эргэлзээтэй бөгөөд банкинд гарцаагүй хадгалуулах байсан эсэхийг тогтоох боломжгүй байхад хохиролд тооцон гаргуулах үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг, ихэсгэсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /1 хх-ийн 178, 225/

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох :

Нэхэмжлэгчээс ирүүлсэн: улсын тэмдэгтийн хураамжид 3,584,034 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгчээс 2021.09.22-ны өдрийн А/44 дугаартай Н.Эт олгосон итгэмжлэл, 2021.03.22 ны өдрийн А/44 дугаартай гадаад хэл дээрх Эзахиралын тушаал, Эм Ай Ю дээд сургуулийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрмийн хуулбар, талуудын хооронд 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан Газар болон орон сууцны цогцолборын барилга барих эрх шилжүүлэх гэрээ-ий хуулбар, 2010 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дугаартай гэрээний нэмэлт, 2009.10.09-ний өдрийн Протокол, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн эмнэлгийн дарга Б.Ятай хийсэн уулзаллтын протокол, Э сургуулийн 2015.11.23-ны өдрийн 01/538 дугаартай төлбөр буцаан авах тухай албан бичиг, 2016.06.27-ны өдрийн 01/293 дугаартай Газрын тухай гэх албан бичгийн хуулбар, 2018.04.04-ний өдрийн 01/115 дугаартай албан бичгийн хуулбар, 2018.10.12-ны өдрийн 01/510 дугаартай Мөнгө буцаан гаргуулах тухай албан бичгийн хуулбар, 2019.11.14-ний өдрийнг 01/489 дугаартай шаардлага хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2008.09.25-ны өдрийн бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдлийн хуулбар, мөн өдрийн 234, 235 дугаартай бэлэн мөнгөний зарлагын баримт, 2008.10.01-ний өдрийн бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, мөн өдрийн 1 дугаартай бэлэн мөнгөний зарлагын баримт, Монгол банкнаас зарласан ханш, 2022.10.19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид 3,117,217.45 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага, 2003-2006 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн докторантурт суралцаж байсан БНСУ-ын иргэн К--ий үзсэн хичээлийн кредит үнэлгээ, Түүх, археологийн хүрээлэнгийн 2015.04.29-ний өдрийн 1/127 дугаар тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Засаг даргын 2022.11.11-ний өдрийн 637 дугаартай тодорхойлолт, Б ХХК-ийн менежментийн гэрээгээр эд хөрөнгө хүлээн авсан акт, холбогдох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч Б.Я-аас татгалзсан тухай хүсэлт /1 хх-ийн 1-26,112-114, 230, 3 хх-ийн 117, 127-250, 4 хх-ийн 1-60, 82/

Хариуцагч Б ХХК-иас ирүүлсэн: Б ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Т-с 2022.02.25-ны өдрийн 01/99 дугаартай албан бичгээр Д.Нямдаваад олгосон итгэмжлэл, Захиргаа удирдлагын асуудал эрхэлсэн захирал Ш.О-гээс 2022.02.28-ны өдрийн 03/102 дугаартай албан бичгээр Д.Д-д олгосон итгэмжлэл, Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Д.Д-маас ирүүлсэн хариу тайлбар, Нийслэлийн Засаг даргын 2013.12.03-ны өдрийн А/1050 дугаартай Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх тухай захирамж, уг захирамжийн хавсралтын хуулбар, БЗНЭ-ийн хувьцаа эзэмшигч М.О-, Ш.Д-, У.Т-, Ж.Э- нарт 2022.03.03-ны өдрийн 17-40 цагт Б.Яийн бичсэн тайлбар, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021.12.27-ны өдрийн 03 тоот тогтоол, Б ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022.03.22-ны өдрийн 2022/03 дугаартай Ногдол ашиг хуваарилах тухай тогтоолын хуулбар, Гүйцэтгэх захирал Ө.Т-аас 2022.03.17-ны өдрийн 01/125 дугаартай албан бичгээр Д.Г-т олгосон итгэмжлэл, Д.Ганхуягаас ирүүлсэн хариу тайлбар, Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, өмгөөлөгч В.Э-ыг оролцуулах хүсэлт, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын хариу тайлбар, Б ХХК-ийн удирдах зөвлөлийн гишүүдийн 2006.04.20-ны өдрийн 06 дугаартай хурлын тэмдэглэлийн хуулбар, Б.Я ахлагчтай Ш.Д, Х.У, М.О, Ж.Э нарын багийн 2006.01.18-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэлийн хуулбар, Б ХХК-иас 2022.11.03-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 334,400 төгрөг төлсөн баримт, сөрөг нэхэмжлэлийн шаардлага / 1 хх-ийн 23-31, 40-42, 43-45, 64-65, 85,90-92,113-115, 129-130, 149, 150-153, 197-198, 226-229, 235-237/

Хариуцагч Б.Яаас ирүүлсэн: бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувьд ирүүлсэн хариу талбар, Б.Яийн 2022.05.12, 2022.05.30, 2022.05.30-ны өдөр өмгөөлөгч Д.Д, Д.А, Б.Г нартай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б.Яаас 2022.06.29-ний өдөр Д.Б олгосон итгэмжлэл, хариу тайлбар, 2021.12.27-ны өдрийн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн хуралдааны тогтоол, хариу тайлбар, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын хариу тайлбар /1 хх-ийн 85,90-92,113-115, 129-130, 149, 178, 191, 225/

Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Б ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, дүрэм, Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2022.05.17-ны өдрийн 8/788 дугаар албан бичиг, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн 2022.05.16-ны өдрийн 02-06/2495 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Б ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэрэгт бүртгэлтэй 2006-2012 оны дүрмийн болон гэрчилгээний хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хороолол /0001/, Энхтайваны өргөн чөлөө гудамж 000 хаягт байршилтай Эрхийн улсын бүртгэлийн 000 дугаартай эмнэлгийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хувийн хэргийн хуулбар, Мөн газраас ирүүлсэн 2022.11.09-ний өдрийн Б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргийн хуулбар, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс ирүүлсэн Э дээд сургууль -ийн тус хэлтэст 2016.05.04-ний өдөр бүртгэгдсэн, үүнээс өмнөх онд тус хэлтэст бүртгэлгүй байсан талаарх албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нэхэмжлэгчийн хүсэлтээр Э.Энхсүрэнгээс гэрчээр асуусан тэмдэглэл /1 хх-ийн 93-112,116,125,154-177,250, 2 хх-ийн 1-250, 3 хх-ийн 1-102, 4 хх-ийн 61-62, 75-80/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э сургуульнь хариуцагч Б ХХК-д холбогдуулан, 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн газар болон орон сууцны цогцолборын барилга барих эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулж, тус гэрээний үүрэгт төлсөн 240,000 ам.доллар буюу 685,216,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хамтран хариуцагчаар Б.Яийг татаж, гэрээнээс учирсан хохиролд 175,492 ам.доллар гаргуулахаар шаардлагаа ихэсгэсэн.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Б.Ят холбогдох нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзаж,

Хариуцагч Б ХХК-д холбогдуулан, талуудын хооронд 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, гэрээний үүрэгт болон гэрээнээс учирсан хохиролд 415,592 ам.доллар буюу 1,183,847,060 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжсэн.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

-Гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагын тухайд:

2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Газар болон орон сууцны цогцолборын барилга барих эрх шилжүүлэх гэрээ-ээр худалдагч Баянзүрх эмнэлэг нь Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо, төрийн эмнэлэг зориулалтаар эзэмших Нийслэлийн Засаг даргын 2002 оны 5 сарын 245 тоот шийдвэрээр эзэмшиж буй 14,998 м.кв газраас Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн ажилчдын орон сууцны цогцолбор барилга барихаар ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан 8300 м.кв газрыг ерөнхий төлөвлөгөө, техникийн нөхцөлүүдийн хамт шилжүүлэх,

худалдан авагч Э нь газрын төлбөрт 600,000 ам.доллар төлөх, үүнээс 40 хувийг гэрээнд гарын үсэг зурж батлагдмагц хүлээлгэн өгөх, үлдэх 60 хувийг газартай холбоотой ерөнхий төвөвлөгөө, техникийн нөхцөлүүд газрын бичиг баримтыг бүрэн шилжүүлэн өгсний дараа төлнө. Энэ төлбөр дээр нэмээд орон сууцны 1 өрөө байр нэмж өгөхөөр тохиролцжээ. /1хх-ийн 11-13/

 

Энэхүү гэрээний худалдан авагч талд Э Олон улсын дээд сургуулийн ерөнхий захирал К, худалдагч талд Баянзүрх эмнэлэг ерөнхий захирал Б.Я нар гарын үсэг зурсан, гэрээнд хуулийн этгээд тамга дарж баталгаажуулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь эмнэлгийн зориулалтаар эзэмших эрхтэй газрыг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд худалдахаар тохиролцсон, гүйцэтгэх захирал байсан Б.Я нь зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр их хэмжээний хэлцэл хийсэн, эмнэлгийн оошилгоо, эмчилгээ үзүүлэх үндсэн зорилгоо зөрчиж, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагад ашиг хонжоо олгох зорилгоор бусдын өмчлөлийн газрыг хууль бус нөхцөлөөр худалдахаар гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9-т тус тус заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлаж, хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн зүйл, үүнээс учирсан хохирлыг шаардсан нь үндэслэлтэй гэжээ.

 

Хариуцагч нь гэрээ хүчин төгөлдөр бус гэдгийг зөвшөөрч, гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, түүнчлэн хэлцлийн үр дагаварт тооцож нэхэмжилсэн 415,592 ам.доллар буюу 1,183,847,060 төгрөг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т:Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана гэж заасан.

 

Хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээнд, нэхэмжлэгч Э дээд сургууль Гадаадын хөрөнгө оруулалттай ХХК, үйл ажиллагааны чиглэлийг Дээд боловсрол олгох гэж,

Хариуцагч Б ХХК-ийн үйл ажиллагааны чиглэлийг Эмнэлгийн оношилгоо, эмчилгээ, үйлчилгээ, үзлэг гэж тус тус тусгагджээ. /1хх-ийн 8,64/

 

Үүнээс үзэхэд газар эзэмших эрх бүхий газрын гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа зөвхөн Монгол Улсын иргэн, аж аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана.

 

Б ХХК-ийн удирдлагын багийн гишүүдийн 2005 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хурлаас тус эмнэлгийн гүйцэтгэх захиралаар Б.Яийг томилж, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолоор 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс чөлөөлсөн байна. /3хх-ийн 64-75, 2хх-ийн 236-241/

 

Тус компанийн үүсгэн байгуулагчдын 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар баталсан компанийн дүрмийн 8.1-т дүрмийн сан 724412.3 мян төгрөг, 9.1-т эрх барих дээд байгууллага нь үүсгэн байгуулагчдын хурал, 10.1-т үүсгэн байгуулагчдын хурлын чөлөөт цагт компанийн өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх захирал удирдан зохион байгуулна, 10.2-т үүсгэн байгуулагчдын хурлаас тогтоосон эрх хэмжээний хүрээнд компанийн өмч хөрөнгийг захиран зарцуулах гэж заасан байна. /3хх-ийн 64-75/

 

Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1-т:хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл нь их хэмжээний хэлцэлд хамаарах,

85 дугаар зүйлийн 85.1-т:Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана. Төлөөлөн удирдах зөвлөл их хэмжээний хэлцэл хийх тухай шийдвэрийг санал нэгтэй гаргаж чадахгүй тохиолдолд асуудлыг хувь нийлүүлэгчдийн хуралд оруулах бөгөөд уг асуудлыг хуралд оролцож байгаа хувь нийлүүлэгчдийн саналын олонхоор шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

 

Хэрэгт авагдсан баримтаар, эмнэлгийн зориулалтаар эзэмших эрхтэй газрыг Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд худалдах буюу компанийн өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар Б ХХК-ийн үүсгэн байгуулагчдын хурлаас шийдвэрлэсний үндсэн дээр гүйцэтгэх захирал Б.Ят гэрээ байгуулах эрх олгосон болох нь тогтоогдсонгүй гэж үзэв.

 

Дээрх үйл баримтаас үзэхэд Б ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Я нь Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд заасны дагуу үүсгэн байгуулагчдын зөвшөөрөлгүйгээр, компанийн үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг зөрчиж, эзэмших эрхтэй газрыг Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд худалдах гэрээ байгуулсан болох нь тогтоогджээ.

 

Иймд хариуцагч Б ХХК-д холбогдох, талуудын хооронд 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан Газар болон орон сууцны цогцолборын брилга барих эрх шилжүүлэх гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч Эм Ай Ю дээд сургууль ГХОХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үр дагавар арилгахыг нэхэмжлэгч шаардсан тул дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн 2010 оны 4 сарын 19-ний өдөр байгуулагдсан 01 дугаартай гэрээний нэмэлтийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т:дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох нь зүйтэй байна.

 

-Хөөн хэлэлцэх хугацааны хувьд:

Талуудын хооронд 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Газар болон орон сууцны цогцолборын барих эрх шилжүүлэх гэрээ, 2010 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 01 дугаартай Гэрээний нэмэлт тус тус байгуулагдсан,

дээрх гэрээний хэрэгжилтийг хангах хүрээнд 2009 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Эм Ай Ю дээд сургуулийн гүйцэтгэх захирал Куонн Ү Мүнн, Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Я, аж ахуйн дарга Х.Зоригт нар,

мөн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Эм Ай Ю дээд сургууль талаас гүйцэтгэх захирал К, инженер Д.Д, аж ахуйн албаны дарга Д.Дөлгөөн, нягтлан н.М, Б ХХК талаас гүйцэтгэх захирал Б.Я нар тус тус уулзсан, энэхүү уулзалтын талаар тэмдэглэл үйлдсэн байна. /1хх-ийн 11-16/

 

Нэхэмжлэгч Эм Ай Ю дээд сургууль нь 2015.11.23-ны өдөр 01/538, 2016.06.17-ны өдөр 01/293, 2018.04.04-ний өдөр 01/115, 2018.10.12-ны өдөр 01/510, 2019.11.14-ний өдөр 01/489 дугаар албан бичгээр хариуцагч Баянзүрх эмнэлэгт ХХК-д хандсан гэрээний үүрэгт шилжүүлсэн 240,000 ам.долларыг буцаан шаардсан хүсэлтийг удаа дараа хүргүүлсэн, гүйцэтгэх захирал Б.Яийн 2020 оны 1 сард гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх тайлбараар эрх зөрчигдсөн гэдгээ мэдсэн гэж тайлбарласан. /1хх-ийн 16-21/

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т:Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж тус тус заасан.

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс ирүүлсэн 2015.11.23-ны өдрийн 01/538 тоот албан бичигт Б ХХК-ийн "Б/х Нармандах хүлээн авав. 2015.11.23 гэх тэмдэглэл хийгджээ. /1хх-ийн 17/

 

Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн 2015.11.23-ны өдрийн албан бичгийг хариуцагч хүлээн авсан байгаагаас үзэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, мөн хуулийн 79.7-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасантай нийцсэн, гэрээний хугацаа тасалдаж, шинээр тоологдсон, гэрээний үүргийг мөн хугацаагаар шаардах эрхтэй.

 

Тус шүүх, Б ХХК-д холбогдох, 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн газар болон орон сууцны цогцолборын барилга барих эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулж, тус гэрээний үүрэгт төлсөн 240,000 ам.долларыг буцаан гаргуулах тухай Эм Ай Ю дээд сургууль -ийн нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШЗ2021/18901 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан нь тус шүүхийн Иргэн 2014 программд бүртгэгдсэн байна.

 

Үүгээр нэхэмжлэгчийн шаардах эрх 2015.11.23-ны өдрөөс хойш тоологдох бөгөөд түүнийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т:үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэж заасан хугацаанд шаардлага гаргасан гэж үзнэ.

 

 

-Гэрээний үүрэгт 240,000 ам.доллар, гэрээнээс учирсан хохиролд 175,592 ам.доллар, нийт 415,592 ам.доллар гаргуулах тухай шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрийг бэлнээр, бэлэн бусаар, зээл байдлаар, бусдаар дамжуулан хүлээлгэн өгсөн тул хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөөр заасан тул 415,592 ам.доллар шаардсан гэж тайлбарласан.

 

Хариуцагч Б ХХК нь 240,000 ам.долларыг хүлээн аваагүй, гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, талууд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаахаар маргаж буй тохиолдолд банкинд хадгалуулсны хүү 175,592 ам.долларыг олох байсан орлогод тооцон нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөний газар нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах бөгөөд нягтлан бодох бүртгэлд аж ахуйн бүх ажил, гүйлгээ, бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлага, бүх өр төлбөр, аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн эх үүсвэр, бүх орлого, бүх зардал зэргийг заавал бүртгэхээр заажээ.

 

Нэхэмжлэгч нь 240,000 ам.долларыг Б ХХК-д шилжүүлсэн гэх анхан шатны баримтыг үндэслэн нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайланд тусгасан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

Хэрэгт, 2008.09.25-ны өдрийн Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл-ийн хэнээс Х.Зоригт, зориулалт нотариатын хөлс 600 $, баримтад гарын үсэг зурсан боловч гарын үсгийн тайлалгүй,

-2008.09.25-ны өдрийн 235 дугаартай Бэлэн мөнгөний зарлагын баримт-ын байгууллагын нэр , хүлээн авагч Жэй Эм Технологи ХХК, үнэмлэх паспортын дугаар Зоригт гүйлгээний утга зээл, олгосон мөнгөний дүн 116,082 $ /нэг зуун арван зургаан мянга наян хоёр ам.доллар/ хүлээн авсан талд гарын үсэг зурагдаагүй,106,082$х1149=121,941,259, кассаас 10,000$х1150=11,500,000 Е=133,441,259 гэх тэмдэглэл тус тус хийгдсэн,

-2008.09.25-ны өдрийн 234 дугаартай Бэлэн мөнгөний зарлагын баримт-ын байгууллагын нэр MIU, хүлээн авагч Зоригт, гүйлгээний утга Гэрээний нотариатын хөлс, олгосон мөнгөний дүн 300 $ /гурван зуун ам.доллар/ хүлээн авсан талд гарын үсэг зурсан боловч гарын үсгийн тайлалгүй,

-2008.10.01-ний өдрийн 1 дугаартай Бэлэн мөнгөний зарлагын баримт-ын байгууллагын нэр , хүлээн авагч  овогтой k, гүйлгээний утга Газар худалдаж авав 13,000$х1150₮ /Арван гурван мянган ам.доллар/, хүлээн авсан талд гарын үсэг зурагдаагүй,

-2008.10.01-ний өдрийн Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл-ийн байгууллагын нэр , зориулалт buy a газар $13,000, өргөдөл гаргасан  гэх агуулга тусгагдсан баримт авагдсан. /1хх-ийн 22-25/

 

Эдгээр баримтаар нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт 240,000 ам.долларыг хариуцагч Б ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд, эсхүл түүнээс эрх олгосон этгээдэд хүлээлгэн өгсөн гэх байдал нь тогтоогдож байна гэж үзэх боломжгүй.

 

Өөрөөр хэлбэл Э сургуульнь гэрээний үүрэгт 240,000 ам.долларыг Б ХХК-д хүлээлгэн өгсөн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолсонгүй.

 

Иргэний хуулийн 56.5-т:Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан.

 

Хэдийгээр талуудын хооронд 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож байгаа боловч нэхэмжлэгч нь хэлцлээр шилжүүлсэн зүйл буюу 240,000 ам.долларыг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх байдал нь баримтаар тогтоогдсонгүй гэж үзэв.

 

Нэгэнт нэхэмжлэгч нь 240,000 ам.долларыг хариуцагчид шилжүүлэн өгсөн гэх байдлаа баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-т Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасны дагуу хохирол хариуцах үндэслэлгүй гэж үзэв.

 

Иймд хариуцагч Б ХХК-иас, гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 240,000 ам.доллар, уг хөрөнгийг банкинд хадгалуулсан бол олох ёстой орлогыг Монгол банкны бодлогын хүүг 2 дахин багасгасан хэмжээгээр тооцож нэхэмжилсэн 175,592 ам.доллар, нийт 415,592 ам.доллар буюу 1,183,847,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э дээд сургууль ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож байх тул хариуцагчаас уг шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 3,584,034 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,701,251.45 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9, 56.1.10-т тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч Э, хариуцагч Б ХХК-ийн хооронд 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан Газар болон орон сууцны цогцолборын барилга барих эрх шилжүүлэх гэрээ, 2010 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан 01 дугаартай Гэрээний нэмэлт-ийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас гэрээний үүрэгт төлсөн 240,000 ам.доллар, гэрээнээс учирсан хохирол 175,592 ам.доллар, нийт 415,592 ам.доллар буюу 1,183,847,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э нь хариуцагч Б.Я-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/00 дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээний үйлчлэл хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3,584,034 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,701,251.45 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ЦОЛМОНГЭРЭЛ