Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2023/00380

 

 

 

 

 

 

 

2023 01 12

101/ШШ2023/00380

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х ХХК-ийн гаргасан,

 

Хариуцагч: м д ХХК-д холбогдох,

 

18,043,434.00 төгрөг гаргуулах тухай үндсэн болон 6,750,000.00 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэллэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжин, өмгөөлөгч Ж.Отгонбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дөлгөөн, З.Дэлгэрсайхан, гэрч Б.Цэцэгдэлгэр, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

Манай компани хариуцагч М д ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан уг гэрээгээр хариуцагч компанийн 5 салбар сүлжээ дэлгүүрийн хүнс хадгалах хөргөлтийн төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, засвар, үйлчилгээг 1 жилийн хугацаанд хариуцах, захиалагч нь төхөөрөмж засварлахад гарсан сэлбэг материалын зардал болон бусад засвар үйлчилгээний ажлын хөлсөнд сар бүр 2,145,000.00 төгрөгийг гүйцэтгэгчид төлөхөөр тохиролцсон. Түүнчлэн уг гэрээгээр хариуцах төхөөрөмжүүд нь бүхэлдээ илтэд муудсан байсан учир бид нар хариуцаж авахаасаа өмнө элэгдлийн улмаас хүний эрүүл мэнд болон байгальд хор хөнөөл үзүүлэх сэлбэг эд ангиудыг нэн даруй эхний ээлжээр солихоор саналаа хүргүүлсэн бөгөөд бусад эд ангиудыг гэрээний хугацаанд урсгал засвараар шинэчлэхээр талууд тохиролцоонд хүрсэн бөгөөд урьдчилгаа 23,000,000.00 төгрөгөөр засвар үйлчилгээ хийх шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр засвар хийсэн.

 

Захиалагч нь уг гэрээний дагуу үүссэн төлбөрт 2018 оны 08 дугаар сард авсан сэлбэг материалын үнэ 1,572,300.00 төгрөг, 2018 оны 09 дүгээр сард авсан сэлбэг материалын үнэ 1,106,600.00 төгрөг, 2018 оны 11 сард авсан үйлчилгээ болоод сэлбэг материалын үнэ 860,225.00 төгрөг, 2018 оны 12 дугаар сард авсан сэлбэг материалын үнэ 2,258,960.00 төгрөг, 2019 оны 01 дүгээр сард авсан үйлчилгээнээс гадна сэлбэг материалын үнэ 498,510.00 төгрөг, 2019 оны 02 дугаар сард авсан сэлбэг материалын үнэ 132,000.00 төгрөг, 2019 оны 03 дугаар сард авсан үйлчилгээний үнэ 429,000.00 төгрөг, 2019 оны 04 дүгээр сард авсан үйлчилгээний үнэ болон мотор сольсон ажлын төлбөр 6,622,000.00 төгрөг, 2019 оны 06 дугаар сард авсан үйлчилгээний болон сэлбэг материалын үнэ 2,364,782.00 төгрөг, нийт 17,989,375.00 төгрөг төлөхөөр байна. Өөрөөр хэлблэ, гэрээний хугацаанд 2018 оны 08 дугаар сараас 2019 оны 06 дугаар сар хүртэл сэлбэг материал болон үйлчилгээний хөлсийг хариуцагч М д ХХК нь дутуу төлж байсан. Иймд, хариуцагчаас 17,989,375 төгрөг, торгуульд 53,968.00 төгрөг, нийт 18,043,343 төгрөгийг нэхэмжилж байна. 

 

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ 120 дугаар салбар дэлгүүрт 2 мотор байсан гэж тайлбарладаг. Гэтэл хариуцсан инженер нь бүх салбар дэлгүүрийн төхөөрөмжийн талаар тайлан илгээж байсан, гэрээний явцад үзлэг хийсний үндсэн дээр 8, 9 дүгээр сарын тайланд 120 салбар нь hp загвар бүхий 5 ширхэг моторын талаар тайланд тусгаж өгсөн ба гадна болон дотно гэсэн хос мотор ажилладаг. Манай компанийн хувьд 2 моторыг суурилуулж өгсөн бөгөөд 2 моторын нэг нь эвдрэхэд засварлахаар авч яваад ирээгүй гэдэг нь худал тайлбар. Бид, засварласан болон суурилуулсан ажлын төлбөрийн талаар зарлагын баримт үйлддэг. Хэрэгт цугларсан баримтын хүрээнд авч үзвэл 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 1 моторыг авч яваад цэвэрлээд авч ирсэн. Мөн 2018 оны 3 дугаар сард 1 мотор шатсан, үүнийг нь сольсон гэх албан бичиг бий.

 

Тус 2 тоног төхөөрөмжийн хувьд албан бичгээр М д ХХК-тай харилцаж байсан бөгөөд 1 мотор солихын тулд БНХАУ-аас мотор авч ирэх шаардлагатай гэсний хариуцагч нь өөрсдөө засварлана гэдэг байр суурийг илэрхийлсэн. Сүүлд манай компани тухайн моторыг сольж өгсөн. 120 дугаар салбар дэлгүүрийн бүртгэлийн дэвтэрт мотор суурилуулсан зүйл байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг, үйлчилгээний дэвтрийг нотлох баримтаар хариуцагчаас гаргуулах хүсэлт гаргасан боловч өөрсдөд нь байхгүй гэсэн шалтгаанаар өгөөгүй байж хариуцагчийн зүгээс тухайн баримтыг өнөөдрийн шүүх хуралдаанд хуулбар үнэн тэмдэг даруулж ирсэн нь нотлох баримтыг нуун дарагдуулсан гэж үзэхээр байна.

 

Энэхүү дэвтрийн хувьд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мотор авч явсан гэж бичсэн нь 102 дугаар салбарын дэвтэр юм. Үүнийг хавтаст хэргийн 40 дүгээр талд Ажил, үйлчилгээний тэмдэглэлийг хавсаргаж өгсөн баримтад 5 дугаар салбар дэлгүүрт хийсэн ажлын тайланг бичсэн. Эндээс харахад 120 дугаар салбар дэлгүүрийн хэсэг нь сөрөг нэхэмжлэлтэй ижилхэн байх тул үндэслэлгүй байна гэв.

 

Хариуцагаас тус шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Манай компани өөрийн сүлжээ салбар дэлгүүрүүдийн хөргүүр, хөргөгч, хөргөх төхөөрөмжүүдийн хэвийн зогсолтгүй үйл ажиллагааг хангах, нэг удаагийн болон байнгын засвар үйлчилгээг хийлгэх зорилгоор нэхэмжлэгч Х ХХК-тай хамтран ажиллах гэрээг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан. Тус гэрээгээр МД-101, МД-102, МД-116, МД-120, МД-122 салбар дэлгүүрүүдийн хөргүүр, хөргөгч, хөргөх төхөөрөмжүүдийн урсгал засвар багасах ёстой атал харин ч урсгал засвар үйлчилгээ өмнөх жилүүдийнхээс эрс ихэссэн ба гэрээний зорилго биелээгүй тул гэрээг сунгаагүй билээ.

 

Тодруулбал, гэрээнд зааснаар эхний ээлжинд нэг удаагийн их засвар үйлчилгээг нэхэмжлэгч Х ХХК-ийн зүгээс үзлэг оношилгоо хийсний дагуу 23,341,680.00 төгрөгийг манай компаниас гаргасан ба цаашид захиалагчаас сар бүр 2,145,000.00 төгрөгийг тогтмол үйлчилгээний хөлсөнд төлж, мөн нэмэлтээр гарсан гэмтэл засварыг гүйцэтгэгч тал болох "Х ХХК нь хариуцахаар тохиролцсон.

 

Гэтэл ажил гүйцэтгэх гэрээний хавсралт 3-т заасны дагуу "Х ХХК нь Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, зүүн 4 замын 14 дүгээр байранд байрлах МД-120 салбарт 5hp техникийн үзүүлэлттэй 2 ширхэг моторыг тавьж суурилуулсан боловч гэрээний 6.9-т биет байдлын болон эрхийн доголдолгүй сэлбэг, бараа материалыг ашиглах хангах, 6.18 дугаар зүйлд дэлгүүрийн хөргөгч, хөлдөөгч, хөргүүрийн төхөөрөмжийг хэвийн болгоход шаардлагатай зардлыг 1 удаа захиалагч талаас гаргуулан хэвийн болгох бөгөөд захиалагч талд 6 сарын баталгаа гаргаж өгнө, засварын ажлыг актаар хүлээлцэнэ гэж заасныг зөрчсөн.

 

Нэхэмжэлгч Х ХХК-ийн шинээр суурилуулсан 2 моторын нэг нь 1-ээс 2 сарын дотор эвдэрч дахиж засаж өгөхийг захиалагч талаас шаардсан бөгөөд уг компани засвар хийхээр аваад явсан ч өнөөдрийг хүртэл эргүүлж авчирч өгөөгүй байна. Талуудын байгуулсан гэрээний 6.19 дүгээр зүйлд баталгаат хугацааны дотор хөргөгч, хөлдөөгч, хөргүүрийн төхөөрөмж дээр гүйцэтгэгчийн нийлүүлсэн сэлбэг материал болон хийж гүйцэтгэсэн ажлын чанараас хамаарч ямар нэгэн гэмтэл саатал гарвал гүйцэтгэгч тал нь өөрсдийн зардлаар засварлаж хэвийн болгоно гэж заасны дагуу бид энэхүү моторыг шинээр авахад шаардлагатай зардлыг Х ХХК-иар гаргуулах хүсэлтэй байна.

 

Тухайн үед уг мотор нь 3,080,000.00 төгрөг байсан боловч одоогийн байдлаар зах зээлийн ханш нь 6,750,000 төгрөг болсон байна. Тиймээс баталгаат хугацааны дотор гэмтэл гарч засахаар авч явсан моторын үнэ 6,750,000.00 төгрөгийн нэхэмжэлгч Х ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.            Улсын тэмдэгтийн хураамжид 248,200.00 төгрөг төлсөн баримт,

2.            Итгэмжлэл,

3.            Ажил гүйцэтгэх гэрээ 2018.06.25,

4.            Гэрээт ажилд хамрагдах салбар дэлгүүрүүдийн жагсаалт,

5.            Ажил гүйцэтгэх гэрээний хавсралт, ажлын календарчилсан төлөвлөгөө,

6.            Х ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын ажлын гүйцэтгэлийн тайлан,

7.            Х ХХК-ийн бараа материал зарлагадах хуудас,

8.            Зарлагын падаан,

9.            Нэхэмжлэх,

10.          101, 102, 116, 120, 122 дугаар салбаруудад хөргөх төхөөрөмжинд 8, 9 дүгээр саруудад хийгдсэн ажлын тайлан,

11.          Х ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хөргөх төхөөрөмжинд хийсэн ажил, үйлчилгээний тайлан,

12.          Зарлагын падаан, нэхэмжлэх,

13.          2018 оны 11 дүгээр сард гарсан сэлбэг, материал, засвар ажлын тайлан,

14.          Зарлагын падаан, нэхэмжлэх,

15.          2018 оны 11 дүгээр сард гарсан ажил, үйлчилгээний тэмдэглэл,

16.          2018 оны 12 сард гарсан сэлбэг, материал, засвар ажлын тайлан,

17.          Зарлагын падаан, нэхэмжлэх,

18.          2018 оны 12 сард гарсан ажил, үйлчилгээний тэмдэглэл,

19.          2019 оны 01 сард гарсан сэлбэг, материал, засвар ажлын тайлан,

20.          Зарлагын падаан, нэхэмжлэх,

21.          2019 оны 01 дүгээр сард гарсан ажил, үйлчилгээний тэмдэглэл,

22.          2019 оны 02 дугаар сард гарсан сэлбэг, материал, засвар ажлын тайлан,

23.          Зарлагын падаан, нэхэмжлэх,

24.          2019 оны 02 дугаар сард гарсан ажил, үйлчилгээний тэмдэглэл,

25.          2019 оны 03 дугаар сард гарсан сэлбэг, материал, засвар ажлын тайлан,

26.          Зарлагын падаан, нэхэмжлэх,

27.          2019 оны 03 дугаар сард гарсан ажил, үйлчилгээний тэмдэглэл,

28.          2019 оны 04 дүгээр сард гарсан сэлбэг, материал, засвар ажлын тайлан,

29.          Зарлагын падаан, нэхэмжлэх,

30.          2019 оны 04 дүгээр сард гарсан ажил, үйлчилгээний тэмдэглэл,

31.          2019 оны 05 дугаар сард гарсан сэлбэг, материал, засвар ажлын тайлан,

32.          Зарлагын падаан, нэхэмжлэх,

33.          2019 оны 05 дугаар сард гарсан ажил, үйлчилгээний тэмдэглэл,

34.          2019 оны 06 дугаар сард гарсан сэлбэг, материал, засвар ажлын тайлан,

35.          Зарлагын падаан, нэхэмжлэх,

36.          Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм,

37.          Х ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 195 дугаар албан бичиг,

38.          Хөргөх төхөөрөмжийн нэг удаагийн засвар ажил болон баталгаат хугацааны дотор гарсан сэлбэг материалын тооцоо,

39.          Хариуцан ажиллаж буй хөргөх төхөөрөмжүүдэд баталгаат хугацааны дотор гарсан сэлбэг материалын тооцоолол,

40.          Х ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 20/15-1 тоот албан бичиг,

41.          Х ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 209 дугаартай албан бичиг,

42.          Х ХХК-ийн шаардах хуудас,

43.          Х ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 29, 11 дүгээр сарын 10, 11 дүгээр сарын 13, 22, 26, 12 дугаар сарын 26, 28, 29, 2019 оны 01 дүгээр сарын 16, 23, 14, 03 дугаар сарын 11, 30, 20, 04 дүгээр сарын 22, 5, 06 дугаар сарын 20-ны өдрийн хөргөх төхөөрөмжийн үзлэгийн хуудас,

44.          Х ХХК-ийн засварын ажилд орсон сэлбэг материал, ажил үйлчилгээний жагсаалт,

45.          Х ХХК-ийн ажил хүлээлцсэн акт,

46.          Х ХХК-ийн цаашид солих шаардлагатай, үнэ бүхий сэлбэг материалын жагсаалт ,

47.          Хөргөх төхөөрөмжинд гэрэл болон усны хоолой хийх ажлын төсөв,

48.          Х ХХК-ийн инженерийн дүгнэлт,

 

Хариуцагчийн өгсөн нотлох баримт:

1.            Итгэмжлэл,

2.            Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

3.            М д ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 250 дугаартай Х ХХК-нд хүргүүлсэн албан бичиг,

4.            М д ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 386 дугаартай Х ХХК-нд хүргүүлсэн албан бичиг,

5.            М д ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 4 дугаартай Х ХХК-нд хүргүүлсэн албан бичиг,

6.            М д ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 128 дугаартай Х ХХК-нд хүргүүлсэн албан бичиг,

7.            М д ХХК-ийн 3905 дугаартай ажлаас халах тухай захирлын тушаал,

8.            М д ХХК-ийн 12215 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал,

9.            М д ХХК-ийн 3316 дугаартай ажлаас халах тухай захирлын тушаал,

10.          Явуулсан бичиг,

11.          Төлбөрийн даалгавар,

12.          М д ХХК-ийн 120 салбарын хөргөгч, хөргүүрийн үйл ажиллагаа доголдсон тухай протокол,

13.          Чанараа алдсан барааны жагсаалт,

14.          Хөргүүрийн температур хөтлөлт,

15.          Миний дэлгүүр 102 дэлгүүрийн хөргөгчийн үйл ажиллагаа доголдсоны улмаас барааны чанарт нөлөөлсөн зөрчлийн акт,

16.          Хөлдсөн барааны зураг,

17.          Үзлэг үйлчилгээний тэмдэглэл,

18.          Хөргөх төхөөрөмжүүдийн хэмийн бүртгэлийн хуудас,

19.          Х ХХК-нд төлөр шилжүүлсэн тооцооны хүснэгт,

20.          Чингис хаан банк ХХК-ийн дансны хуулга.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

1.            Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл,

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК-иас хариуцагч М д ХХК-нд холбогдуулан 18,043,434.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүхээс энэ хэрэгт 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 6,750,000.00 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд зохигч нарын нэхэмжлэлээс үзвэл Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.4-т тус тус зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх болон учруулсан хохирлыг арилгуулахыг хүсчээ. Ингээд шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Х ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч М д ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж хариуцагч компанийн сүлжээ дэлгүүрийн хөргүүр, хөлдөөгч, хөргөх төхөөрөмжүүдийн хэвийн үйл ажиллагааг хариуцахаар засвар үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон байна /1-р х.х-ийн 5-10 хуудас/.

 

Тодруулбал, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч М д ХХК-ийн захиалгаар тус компанийн сүлжээ дэлгүүрийн хөргүүр, хөлдөөгч, хөргөх төхөөрөмжүүдэд буюу Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд байдаг салбарт 11,058,840.00 төгрөгийн, Жуков салбарт 5,199,560.00 төгрөгийн, мөн 16 дугаар хороолол дахь салбарт 2,174,040.00 төгрөгийн, Цайз салбарт 3,024,160.00 төгрөгийн, Шархадны эцэст байдаг салбарт 1,885,080.00 төгрөгийн, нийт 23,341,680.00 төгрөгийн засвар үйлчилгээ хийхээр болжээ /1-р х.х-ийн 8 хуудас/.

 

Үүнээс гадна нэхэмжлэгч нь дээрх гэрээгээр хариуцагч компанийн Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шархадны эцэст байрлах салбар, түүнчлэн 4 дүгээр хороо, Норжин худалдааны төв, мөн 16 дугаар хороо, Батлан хамгаалах их сургуулийн баруун талд байрлах салбар болон 3 дугаар хороо, зүүн 4 замын  дүгээр байранд байрлах салбар, 12 дугаар хороо, АСАЙТ худалдааны төв гэсэн 5-н салбарын хөргүүр, хөлдөөгч, хөргөх төхөөрөмжүүдийн цаашдын хэвийн үйл ажиллагааг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хариуцаж, шаардлагатай засвар үйлчилгээ үзүүлэх үүргийг хүлээжээ /1-р х.х-ийн 9 хуудас/.

 

Талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгч Х ХХК-ийг хариуцагч М д ХХК-ийн 23,341,680.00 төгрөгийн зардлаар эдгээр ажил үйлчилгээг зохих ёсоор хийж гүйцэтгэсэн болон гэрээ дуусгавар болсон буюу 2019 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд засвар үйлчилгээ үзүүлж байсан эсэх талаар маргаагүй. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар зохигчдыг 23,341,680.00 төгрөгийн засвар үйлчилгээтэй холбоотой маргаагүй гэж үзнэ.

 

2.            Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 359.2-т Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно гэж тус тус заажээ. Тайлбарлавал, нэхэмжлэгч Х ХХК нь цахилгаан тоног төхөөрөмж буюу дэлгүүрийн хөргүүр, хөлдөөгч, хөргөх төхөөрөмжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагын хувьд хариуцагч М д ХХК-ийн тоног төхөөрөмжүүдэд тухай бүр засвар үйлчилгээ үзүүлэх үүргийг хүлээсэн нь хөлсөөр ажиллах гэрээний эрх, үүргийн шинжтэй харилцаа байна.

 

Өөрөөр хэлбэл, зохигчид хэдийгээр 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж нэрлэсэн боловч тус гэрээний агуулга, талуудын гүйцэтгэх эрх, үүрэг болон тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч нь дээр дурдсан хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тус тус зааснаар ямар нэгэн эд хөрөнгийг шинээр хийж бий болгох, улмаар үүнийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээгээгүй, харин хариуцагчийн өмчлөлийн цахилгаан төхөөрөмжид гарсан гэмтлийг тухай бүр засварлах үүрэг хүлээсэн тул ажил гүйцэтгэх гэрээний харилцаа биш юм.

 

Иймд, зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д тус тус зааснаар хүчин төгөлдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.

 

3.            Тус хуулийн 360 дугаар зүйлийн 360.1Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө гэж заажээ. Зохигч нарын байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 болон хавсралт 2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Х ХХК болон хариуцагч М д ХХК нар гэрээний хөлсийг 1 /нэг/ сарын 2,145,000.00 төгрөг /нэмэгдсэн өртгийн албан татвар орсон дүн/-өөр тохиролцсон ба үүн дээр нэмж засвартай холбоотой сэлбэгийн зардлыг баримтаар нотолсон хэмжээгээр төлөхөөр болжээ /1-р х.х-ийн 12, 20 хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллагч нь бүх төрлийн ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэх боловч ажил гүйцэтгэх гэрээний нэгэн адил ажлын үр дүн буюу шинээр тодорхой төрлийн зүйлийг бий болгох бус, харин үйл ажиллагаа /процесс-ажил үйлчилгээ/ нь өөрөө гэрээний зүйл байдаг тул ийнхүү ажиллагч нь үүргээ зохих ёсоор биелүүлснээр тэрээр ажиллуулагчаас хөлс шаардах эрхтэй болдог.

 

Энэ талаар Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Тодруулбал, хөлсөөр ажиллах гэрээний зохигчид гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэх ёстой ба биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүснэ.

 

4.            Зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Х ХХК-ийг 11 сарын хугацаанд хариуцагч М д ХХК-ийн захиалгаар уг компанийн сүлжээ дэлгүүрийн хөргүүр, хөлдөөгч, хөргөх төхөөрөмжүүдэд шаардлагатай засвар үйлчилгээ хийсэн бөгөөд хариуцагч нь ажлын хөлсөнд нийт 23,595,000.00 төгрөг /11х2,145,000=23,595,000.00/ төлөх ёстойгоос 17,940,545.00 төгрөгийг төлж, үлдэгдэл нь 5,654,455.00 төгрөг болсон эсэх талаар маргаагүй.

 

Тодруулбал, хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагчийг 23,595,000.00 төгрөгөөс 16,265,505.00 төгрөгийг төлж, үлдэх 7,329,495.00 төгрөгийг төлөөгүй гэсэн боловч хариуцагчаас өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгчид хөлсөөр ажиллах гэрээний хөлсөнд нийт 17,940,545.00 төгрөгийг төлсөн дансны хуулга, төлбөрийн даалгавар болон төлбөр тооцооны үлдэгдлийг харуулсан хүснэгт зэргийг өгснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байна /2-р х.х-ийн 119-123, 150-164 хуудас/.

 

Талуудын байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар нэхэмжлэгч болох ажиллагч нь цахилгаан төхөөрөмжид үзлэг шалгалт хийж, засварласан тохиолдолд өөрийн хийж гүйцэтгэсэн ажлыг ажиллуулагч буюу хариуцагчид актаар хүлээлгэн өгөх үүргийг хүлээжээ. Ингээд нэхэмжлэгч Х ХХК-ийн ажилтнуудын хийж гүйцэтгэсэн ажлыг хариуцагч М д ХХК-ийн сүлжээ дэлгүүрийн салбарын эрх бүхий ажилтан нь танилцаж, тухай бүрт нь үзлэгийн хуудсыг баталгаажуулж байснаас гадна энэ талаар ажил хүлээлцсэн акт үйлдэж байсан нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар тогтоогдож байна /1-р х.х-ийн 96-194, 239-249 хуудас/.

 

Мөн уг үйл баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч компанид ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүс гэрчээр оролцож нотолсон бөгөөд зохигчид үзлэгийн хуудсыг баталгаажуулсан, ажил хүлээлцсэн акт үйлдсэн хүмүүсийг хариуцагч компанийн ажилтнууд байсан гэдэгтэй маргаагүй /1-р х.х-ийн 99-111 хуудас/.

 

Иймд, хариуцагч М д ХХК нь хөлсөөр ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч Х ХХК-нд 23,595,000.00 төгрөг төлөх ёстойгоос 17,940,545.00 төгрөгийг төлж, үлдэх 5,654,455.00 төгрөгийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь үүнийг шаардах эрхтэй болно.

 

5.            Талууд хөлсөөр ажиллах гэрээний үндсэн төлбөрөөс гадна сэлбэг материалын зардалд 13,804,520.00 төгрөгөөс 3,144,640.00 төгрөг төлсөн болон 10,659,880.00 төгрөгийг төлөөгүй тухай маргаж байна. Зохигчдын байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, мөн хавсралт 2-т тус тус заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид сар бүр 2,145,000.00 төгрөгөөс гадна засвартай холбоотой сэлбэгийн зардлыг баримтаар нотолсон хэмжээгээр төлөх үүрэг хүлээсэн.

 

Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нэхэмжлэгч Х ХХК-ийн өгсөн сэлбэг материалтай холбоотой гэх зардлын баримтаар тус компани нийт 13,804,520.00 төгрөгийн үнэтэй сэлбэг хэрэгслийг хариуцагч М д ХХК-ийн өмчлөлийн хөргүүр, хөлдөөгч, хөргөх төхөөрөмжүүдэд суурилуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Учир нь, 1 дүгээр хавтаст хэргийн 13-19 дэх талд авагдсан нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нэхэмжлэгч нь 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагчид үйлчилгээ үзүүлэхдээ 1,861,100.00 төгрөгийг сэлбэг материалын зардалд зарцуулсан болох нь баримтаар тогтоогдсон бол үлдэх 11,943,420.00 төгрөгийн сэлбэг хэрэгслийн хувьд 1 дүгээр хавтаст хэргийн 28-64 дүгээр талд авагдсан зарлагын болон бараа материалын нэхэмжлэх зэрэг баримтад тус тус шалгаж хүлээн авсан хүний гарын үсэг байхгүй, чухам ямар сэлбэг хэрэгслийг сольсон, засварласан, мөн хаанаас, хэнээс худалдаж авсан болох нь тодорхойгүй байх тул үүнийг хөдөлбөргүй нотлогдсон гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,156,760.00 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 312,840.00 төгрөгийг тус тус сэлбэг материалын зардал гэж нэхэмжлэгчид төлсөн ба уг 1,469,540.00 төгрөгийн төлбөр нь 1,861,100.00 төгрөгийн үнэтэй сэлбэг материалын зардалтай давхцаагүй тус тусдаа зардал гарсан ажээ /1-р х.х-ийн 13-19, 2-р х.х-ийн 150 хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Х ХХК нь баримтаар нотлогдсон болоод хариуцагч М д ХХК-ийн хүлээн зөвшөөрч төлсөн сэлбэг материалын зардалд нийт 3,330,700.00 төгрөгийн зардал гаргаснаас хариуцагч нь 1,469,540.00 төгрөгийг төлж, үлдэх 1,861,100.00 төгрөгийн төлөөгүй байна /1,861,100+1,156,760+312,840=3,330,700/.

 

6.            Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрээгээр хүлээсэн хөлс төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэсэн үндэслэлээр анз гэж 53,968.00 төгрөгийг нэхэмжилжээ. Талуудын байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т заасныг үзвэл зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирчээ. Энэ хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ тус тус заасан.

 

Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа анзтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын талаар тодорхой тайлбар өгөөгүй, үүнийг хэрхэн яаж тооцоолсон талаар үндэслэл бүхий тайлбар гаргасангүй. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д Нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана гэж зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн уг шаардлагаа дэмжээгүй тул 53,968.00 төгрөгийг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

 

Иймд, хариуцагч М д ХХК-иас хөлсөөр ажиллах гэрээний үлдэгдэл хөлс 5,654,455.00 төгрөг, сэлбэг материалын зардалд 1,861,100.00 төгрөг, нийт 7,515,555.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

7.            Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Тодруулбал, нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч М д ХХК-тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний дагуу засварлахаар авч явсан хөргүүрийн моторыг буцааж өгөөгүй гэсэн үндэслэлээр үнийг нь нэхэмжилж болно.

 

Зохигч нарын байгуулсан гэрээний хавсралт 3-т нэг бүрийн 3,080,000.00 төгрөгийн үнэтэй 2 ширхэг 5hp загварын мотор нь хөлсөөр ажиллах гэрээний засварлах обьектын жагсаалтад орсон бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг 1 ширхэг моторыг засварлахаар авч явсан хэдий ч буцаан өгөөгүй тул өнөөгийн зах зээлийн ханшаар тооцож хохиролд 6,750,000.00 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Х ХХК нь 2019 оны 01 дүгээр сард мотор ороолгох болон цэнэг, шүүгч, тос солих үйлчилгээ үзүүлсэн гэж нийт 1,156,760.00 төгрөгийн сэлбэг материалын зардал гаргасныг хариуцагч М д ХХК-иас 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,156,760.00 төгрөгийг төлсөн байна /1-р х.х-ийн 11, 26, 41 хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, тус гэрээний гэрээний 3-т дурдсан 2 ширхэг моторын нэгийг нэхэмжлэгчийн зүгээс засварлаж, сэлбэг материалын зардал гэснийг хариуцагч нь төлсөн бол, харин засварлахаар авч явсан өөр моторыг буцааж өгөөгүй гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын тайланд дурдсанаар нэхэмжлэгч нь гэмтсэн моторыг засах зорилгоор 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр салгаж авч яваад 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр солиод буцааж суурилуулсан ба хожим тухайн мотор, эсхүл хүлээлгэж өгөөгүй гэх өөр моторын чухам аль нь эвдэрсэн, ийнхүү нэхэмжлэгчийг засахаар авсан боловч өгөөгүй гэх тайлбараа хариуцагч нь баримтаар нотлохгүй байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 1 дүгээр хавтаст хэргийн 37 дугаар хуудас дахь засварын ажлын тайланд дурдсанаар 2018 оны 12 дугаар сарын ажлын тайланд сүүн, сүүн бүтээгдэхүүний мотор шатсан, махны хөлдөөгч моторыг салгаж авч явсан гэсэн байгаа ч уг сүүн, сүүн бүтээгдэхүүний моторыг ороолгож буцаан суурилсан бол махны хөлдөөгч моторыг дээр дурдсанаар 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр засварлаж буцаан суурилуулжээ.

 

Түүнчлэн хэрэгт өөр төрлийн хөлдөөгч, хөргүүрийн мотор нь эвдэрсэн, гэмтсэн гэсэн ажлын тайлан байгаа хэдий ч нэхэмжлэгч нь тухайн моторыг буцаан суурилуулсан гэж бүртгэсэн ба хариуцагч тал нэхэмжлэгчид мотор хүлээлгэж өгсөн, тус моторыг буцааж өгөөгүй талаар өнгөрсөн хугацаанд ямар нэгэн шаардлагыг гаргаж байгаагүй байна /1-р х.х-ийн 82-95 хуудас/.

 

8.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж тус тус заажээ.

 

Үүнээс үзвэл тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч М д ХХК нь нэхэмжлэгч Х ХХК-нд 120 дугаар салбарын засагдсан мотороос гадна өөр моторыг хүлээлгэн өгсөн боловч буцаан өгөөгүй гэсэн тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй болно.

 

Хэдийгээр хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг бүртгэдэг үзлэг, үйлчилгээний тэмдэглэлийн дэвтрийг нотлох баримтаар өгсөн, тус тэмдэглэлд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийг мотор аваад явсан гэж бүртгэсэн байх боловч энэхүү мотор нь 2018 оны 12 дугаар сарын ажлын тайланд тусгагдсан мотороос өөр эсэх нь тодорхойгүй, мөн шүүхээс нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг бүртгэдэг үзлэг, үйлчилгээний тэмдэглэлийн дэвтрийг бүрэн бүтэн гаргаж өгөхийг хариуцагчаас шаардсан байхад хариуцагч нь зөвхөн өөрт ашигтай хэсгийг баримтаар өгсөн нь дээр дурдсан хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгт харшилсан буюу шударга мэтгэлцэх зарчимд нийцэхгүй байна /2-р х.х-ийн 135 хуудас/.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 7,515,555.00 төгрөгийг хангаж, үлдэх 10,527,788.00 төгрөгт холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг үндэслэн хариуцагч М д ХХК-иас 7,515,555.00 төгрөгийг төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,527,788.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч М д ХХК-ийн гаргасан нэхэмжлэгч Х ХХК-нд холбогдох 6,750,000.00 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,200.00 төгрөг, хариуцагчийн төлсөн 122,950.00 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 135,199.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

                                  
                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.МАНДАЛБАЯР