Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2023/00526

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 20 101/ШШ2023/00526

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б, 0 дугаар хороо, Токиогийн гудамж-5 байрлах, У /регистрийн дугаар 00000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б дүүрэг, 0 дугаар хороо, Ногоон төгөл 00 дугаар байр, 0 тоотод байрлах, Х /регистрийн дугаар 0000/-д холбогдох

 

2016 оны 5 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын 19-ний хооронд үүссэн усны үйлчилгээний төлбөр болох 36,022,682.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид :

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, С.О,

Хариуцагч Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, С.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага ЖМБО ХХК-тай 2001 оны 12 дугаар сараас эхлэн Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ байгуулсан. Гэрээтэй ажиллаж байх хугацаанд тус хэрэглэгч нь гэрээний үүргийг байнга зөрчин усны үйлчилгээний төлбөрийг хугацаандаа төлөхгүй өр үүсгэж, 2011 онд 23,8 сая, 2016 онд 43 сая төгрөгийг тус тус төлөх шүүхийн шийдвэрүүд гарч байсан. ЖМБО ХХК нь Х-д хөрөнгө шилжүүлсэн тул төлбөр тооцоог 2016 оны 5 дугаар сараас Х хариуцаж хийх болсныг ЖМБО ХХК-д нягтлан бодогч ажилтай Д.Дарьсүрэн мэдэгдэж, 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр тооцоо нийлж гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан. Х нь төлбөр тооцоог хариуцаж авснаас хойш дараах шинээр өр төлбөрийг үүсгэсэн. Үүнд 2016 онд 162,376 төгрөг, 2017 онд 1,553,599 төгрөг, 2018 онд 8,903,765 төгрөг, 2019 онд 25,402,942 төгрөг нийт 36,022,682.63 төгрөгийн өр төлбөр үүсгэсэн байна. Төлбөр төлөх асуудлаар тухай бүрд нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл-д удаа дараа хандаж шат дараатай арга хэмжээ авч өр төлбөрийг барагдуулах гэсэн боловч захирал Д.Дарьсүрэн төлөхөөс татгалзаж байсан.

Тус компанийн үйл ажиллагааны доголдлын улмаас Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын зшиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл-өөс шийдвэр гаргаж 2019 оны 12 дугаар сарын 19-нөөс Х-ийн хариуцан ажилладаг орон сууцнуудын ашиглалт үйлчилгээг О сууц, --т шилжүүлсэн боловч үүссэн өр төлбөрийн асуудлыг шилжүүлээгүй. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд хангагч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэж өгөх талаар манай байгууллага хүсэлт гаргахад тус зөвлөл нь Иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөмж болгосон.

ЖМБО ХХК-ийн тусгай зөвшөөрөл 2018 оны 7 дугаар сард дууссан учраас 2019 оны 01 сараас аж ахуй нэгжийн тарифаар тооцсон боловч үүний цаана айл өрх байгаа тул зохицуулах зөвлөл рүү албан албан бичиг явуулж, үүний хариуг ирүүлсэн. Зохицуулах зөвлөлөөс танайх өөрөө тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага, айл өрхөд буюу эцсийн хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэх байгууллага учраас манайхыг тусгай зөвшөөрлийн хүрээнд айл өрхөөс суурь хураамжаар нь тооцож авна гэж хариу өгсөн.

Үүний дагуу Х-ийн тооцоог 2019 оны 1 сараас 4 сар хүртэл аж ахуйн нэгжээр тооцсоныг 10,11,12 сард залруулга хийсэн. Өөрөөр хэлбэл залруулга хийсэн гэдэг нь тухайн сард нэхэмжлэл үүсгээгүй, нэхэмжлэлийг бодолт хийж хасч өгсөн, энэ талаарх баримтыг хэрэгт өгсөн.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-т цэвэр, бохир усны үйлчилгээний тарифын бүтцийг тодорхойлох, тариф тогтоох аргачлал, төлбөр тооцох журам, цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хянаж батлах, нийтлэх, индексжүүлэлтийг хэрэгжүүлэх гэж заасны дагуу зохицуулах зөвлөл нь бүрэн эрхийнхээ хүрээнд усны үнэ тариф тогтоож аж ахуй нэгж, иргэн буюу бусад холбогдох газрын усны тарифыг тогтоож өгдөг.

Ийнхүү тогтоосон тарифийн дагуу У нь төлбөр тооцоог тооцсон. Хариуцагч Х-ийн усны төлбөр тооцоог манай талаас тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үнэ тарифаар 1 жил гаруй хугацаанд тооцсон байдаг. 2019 онд Х нь ашиглалт үйлчилгээг орхигдуулсон тул хуульд заасны дагуу үнэ тарифаар тооцсон.

Түүнээс гадна Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах гэрээ-ний хариуцлагын хүрээнд цаг хугацаандаа төлбөрөө төлөөгүй, усны төлбөрөө төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцож нэхэмжлээгүй байгаа гэдгийг хэлмээр байна.

Иймд 2016 оны 5 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын 19-ний хооронд үүссэн усны үйлчилгээний төлбөр болох 36,022,682.63 төгрөгийг Х-иас гаргуулан манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

 

Хариуцагч Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х нь 2016 оны 5 дугаар сараас хойш байрыг хүлээж авснаас хойш усны төлбөрийг тухай бүрт нь төлж ирсэн.

Нэхэмжлэлийн шаардлагааас зарим хэсгийг зөвшөөрөхгүй. 2016,2017 оны төлбөрийг зөвшөөрнө. Харин 2018,2019 оны зарим хэсгийг зөвшөөрөхгүй.

Учир нь 2019 онд 25,402,942 төгрөгийн өр төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар бодсон. Манайх айл өрхийн эцсийн хэрэглээгээр төлбөрийг тооцож авдаг байхад, нэхэмжлэгч нь аж ахуй нэгжийн тарифаар бодсоноос болж төлбөрийн зөрүү үүссэн.

Энэ төлбөрийн зөрүү нь Х-ийн төлөх төлбөр биш үнийн зөрүүнээс үүссэн төлбөр учир үүн дээр маргаж байна.

Нэхэмжлэгчээс гаргасан тооцоогоор айл өрхийн тарифаар суурь хураамжийг бодоход сард 525,000 төгрөг гаргадаг, оруулгын диаметрээр бодоход 121,000 төгрөг болох ёстой, гэтэл үүнийг 525,000 төгрөгөөр бодож авсан байдаг.

Бид айл өрхөөс 600 төгрөг гэж тооцож авсан байхад аж ахуйн нэгжийн тариф болох 1,200 төгрөгөөр тооцож нэхэмжлэх явуулсан байсан бөгөөд бид 12,000,000 төгрөг айлаас хураасан байхад Ус суваг удирдах газраас 25,000,000 төгрөг нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

Усны төлбөрийн талаар алдаатай тооцоо гаргаж Аж ахуйн нэгжийн тарифаар үнийг бодсон мөртлөө алданги тооцоогүй гэдгийг зөвшөөрөхгүй.

Тусгай зөвшөөрөлгүй газрыг анх үйл ажиллагаа явуулж эхлэхэд Аж ахуйн нэгжээр тооцож өр төлбөрийг тооцож гаргаж ирсэн бол бид 1 сар, 2 сар яваад бид үнийг дийлэхгүй, үйл ажиллагаагаа зогсооё гэж хэлэх байсан.

Гэтэл анхнаасаа тусгай зөвшөөрөлгүй гэдгийг мэдсээр байж тусгай зөвшөөрөлтэй мэтээр үйл ажиллагааг нь зөвшөөрч явуулсан мөртлөө одоо аж ахуйн нэгжээр тооцох байсан гэсэн тайлбарыг зөвшөөрөхгүй.

Миний бие өөрөө 8 сард Хотын менежерт албан бичиг өгч байж байрнуудыг холбогдох газарт буюу ОСНААУГ-т шилжүүлсэн болохоос биш танай Ус суваг шилжүүлье гэсэн утгаар шилжүүлээгүй. Тухайн үед шугам хоолойнууд танай мэдлийнх байгаагүй, тийм эрх ианайд ч байгаагүй.

Үнэхээр ЖМБО ХХК-ийн тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан бол 2016-2017 оны нэхэмжлэхээр айл өрхийн суурь хураамжаар 278 өрхийг 2,500 төгрөгөөр бодож гаргаад авчихсан байдаг, гэвч энэ баримтыг дахин гаргаж өгөх боломжгүй болчихсон учраас танайх ийм тайлбар хийж байна.

Тухайн үед байр болон ажил хүлээлцэх үеийн акт үйлдэж байсан, тэгэхэд айл өрхөөс авах усны төлбөр 20 гаруй сая төгрөгийн авлагатай байсан, тэдгээр айл өрхөөс төлбөр аваагүй гэдэг баримт байхгүй, банкны хуулга гаргаж өгөх боломжтой юм. Зохицуулах зөвлөл ажил хүлээлцсэнээс хойш бичгээр шийдвэр өгсөн, тоолуурын заалт хүлээлцсэн баримт байхгүй.

Иймд У нэхэмжлэлээс 2016 оны 162,376 төгрөг, 2017 оны 1,553,599 төгрөгийг зөвшөөрнө.

2018 оны 8,903,765 төгрөгөөс 2,599,565 төгрөгийг зөвшөөрнө, үлдэх 6,304,200 төгрөгийг, 2019 оны 25,402,942 төгрөгөөс 12,595,292 төгрөгийг зөвшөөрнө, үлдэх 12,807,650 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

Нэхэмжлэгчээс ирүүлсэн : нэхэмжлэл, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, У ОНӨААТҮГ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, У болон ЖМБО ХХК-ийн хооронд 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, Хэрэглэгчийн төлбөрийн нэгдсэн тооцоо, тооцооны үлдэгдлийн баталгаа, 240265 тоот гэрээтэй ЖМБО ХХК-ийн ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа Хаан уул-өргөө ХХК-ийн 2018 онд төлбөр барагдуулах график, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02/1023 дугаартай албан бичиг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/00830 дугаартай шийдвэр, Х-ийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаартай албан бичиг, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 01/355 дугаартай албан бичиг, мөн зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/454 дугаартай албан бичиг, 24026500 ЖМБО ХХК-ийн аж ахуйн үнэ, хүн амын тарифын зөрүүг залруулах тооцоо, Тайлант сарын нэхэмжилсэн усны тооцоонд өөрчлөлт оруулах, Утооцооны хуудаснууд, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01/201 дугаартай албан бичиг, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 37 дугаартай тогтоол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШЗ2022/03206 дугаартай захирамж, Тооцооны үлдэгдлийн баталгаанууд, Төлөлтийн өдрийн тайлангууд, 2019.04.25-ны өдрийн А/239 дугаартай Улаанбаатар хотын УОНӨААТҮГ-ын даргын тушаал, 2019.03.29-ний 23 дугаартай өдрийн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн тогтоол, Улаанбаатар хотын хүн амд мөрдөх цэвэр, бохир усны үйлчилгээний тариф 2018.04.26-ны өдрийн 17/113, Улаанбаатар хотын УОНӨААТҮГ-ын даргын тушаал, 2018.03.30-ны өдрийн 32 дугаартай Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн тогтоол, Улаанбаатар хотын хүн амд мөрдөх цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, 2017.08.01-ний өдрийн А/157 дугаартай Улаанбаатар хотын УОНӨААТҮГ-ын даргын тушаал, Ударгын 2017.08.01-ний өдрийн А/157 дугаартай тушаалын хавсралт, 2014.11.03-ны өдрийн 01/424 дугаартай Усны үйлчилгээний тарифын хэрэгжилтийг хангах тухай албан даалгаварын хуулбар, 2015/02/13-ны өдрийн 01/66 дугаартай Усны үйлчилгээний тарифын хэрэгжилтийг хангах тухай албан даалгаварын хуулбар, 2016.05.22-ны өдрийн ЖМБО ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, 2016.06.22-ны өдрийн ЖМБО ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, 2016.07.08-ны өдрийн ЖМБО ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, 2016.08.22-ны өдрийн ЖМБО ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, 2016.09.22-ны өдрийн ЖМБО ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, 2016.10.21-ний өдрийн ЖМБО ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, 2016.11.22-ны өдрийн ЖМБО ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, 2016.12.22-ны өдрийн ЖМБО ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, 2017.01.22-ны өдрийн ЖМБО ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, 2017.2.14-ний өдрийн ЖМБО ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, 2017.03.21-ний өдрийн ЖМБО ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, 2017.04.21-ний өдрийн ЖМБО ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, 2017.05.19-ний өдрийн ЖМБО ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, 2017.06.21-ний өдрийн ЖМБО ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, 2017.07.20-ны өдрийн ЖМБО ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, 2017.08.22-ны өдрийн ЖМБО ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, 2017.09.21-ний өдрийн ЖМБО ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, 2017.10.20-ны өдрийн ЖМБО ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, 2017.11.21-ний өдрийн ЖМБО ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, 2017.12.14-ний өдрийн ЖМБО ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, 2018.01.19-ний өдрийн ЖМБО ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, 2018.02.14 ний өдрийн ЖМБО ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, 2018.03.22-ны өдрийн ЖМБО ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, 2018.04.20 ны өдрийн ЖМБО ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, 2018.05.21-ний өдрийн ЖМБО ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, 2018.06.21-ний өдрийн ЖМБО ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, 2018.07.20-ны өдрийн ЖМБО ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, 2018.08.21 ний өдрийн ЖМБО ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, 2019.09.21-ний өдрийн ЖМБО ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, 2018.10.19-ний өдрийн ЖМБО ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, 2018.11.21-ний өдрийн ЖМБО ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, 2019.01.21-ний өдрийн ЖМБО ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, 2019.02.21-ний өдрийн ЖМБО ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, 2019.03.21-ний өдрийн ЖМБО ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, 2019.04.22-ны өдрийн Жмбо ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, 2019.06.21-ний өдрийн ЖМБО ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, 2019.07.22-ны өдрийн ЖМБО ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, 2019.08.21-ний өдрийн ЖМБО ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, 2022.12.20-ны Х-ийн усны төлбөрийн тооцоо /1хх-ийн 1-62, 156-166,188-232, 2хх-ийн 7-9/,

Хариуцагчаас ирүүлсэн: хариу тайлбар, Х-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, нэмэлт хариу тайлбар, Хаан банкны Төлбөр төлөгдөөгүй хэрэглэгчийн жагсаалт, Х-ийн 2016.05.01-нээс 2019.08.01-ний өдрийг хүртэлх хугацааны УСУГ-аас ирсэн нэхэмжлэхийн тооцоо, УСУГ-ийн нэхэмжилсэн тооцоо буюу Х-ийн тооцооны зөрүү, Х-иас илүү тооцсон суурь хураамжийн тооцоо / 1хх-ийн 103-113, 2 хх-ийн 3/,

Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Х-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, 2023.01.17-ны өдрийн 01/75 дугаартай Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ийн албан бичиг, 2023.01.06-ны өдрийн 01/11 дугаартай Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн албан бичиг /1хх-ийн 79-80, 88-89,2хх-ийн 1-3/ зэргийг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

НэхэмжлэгчУ нь хариуцагч Х-д холбогдуулан

2016 оны 5 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын 19-ний хооронд үүссэн усны үйлчилгээний төлбөр болох 36,022,682.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх эрхтэй гэж заасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШЗ2022/03206 дугаар захирамжаар Х-д холбогдох, У ОНӨААТҮГазрын нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгожээ./1хх-ийн 43-44/

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 37 тогтоолоор дээрх асуудлыг хянан шийдвэрлэж, 240265 тоот гэрээний үүрэгтэй холбоотой 36,022,682.63 төгрөгийн цэвэр, бохир усны өр төлбөрийн маргаан нь хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээний үүргийн маргаан байх тул шүүхэд хандаж шийдвэрлүүлэх зөвлөмжийг өгсөн байх ба Х нь энэхүү шийдвэрийн талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан, ийнхүү гомдол гаргасны үндсэн дээр тус шүүх түүний гомдлыг хянан шийдвэрлэсэн эсэх талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй. /1хх-ийн 41-42/

 

Үүнээс үзэхэд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг урьдчилан шийдвэрлүүлсэн гэж үзнэ.

 

У /хангагч/ нь 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ЖМБО ХХК /хэрэглэгч/-тай №240265 кодтой Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ-г байгуулсан, уг гэрээгээр У нь хүн амын унд ахуйн стандартад тохирсон цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах, ЖМБО ХХК нь үйлчилгээний төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн байх ба хэрэглэгчийн усны хэрэглээг тодорхойлохдоо батлагдсан ус хэрэглээний норм эрх бүхий байгууллагаас баталгаажсан усны тоолуурын заалтыг үндэслэн тооцохоор тохиролцсон гэрээ байгуулжээ. /1хх-ийн 7-8/

 

Дээрх гэрээний үүрэгт У2011 оны 11 дүгээр сараас 2013 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны усны төлбөр 20,576,552 төгрөг, 2014 оны 1, 2 дугаар сарын хугацааны усны төлбөр 9,414,612 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 01-нээс 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны усны төлбөр 20,945,616 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны усны төлбөр 10,853,103 төгрөг, нийт 61,789,886 төгрөгийг ЖМБО ХХК-иас гаргуулах нэхэмжлэл гаргасан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/00830 дугаар шийдвэрээр ЖМБО ХХК-иас 43,024,174 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /1хх-ийн 20-27/

 

Хариуцагч нь 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Гэрээ шилжүүлэх тухай албан бичгээр ЖМБО ХХК-ийн харьяалалд байгаа байруудын орон сууцны ашиглалт үйлчилгээг мөн өдрөөс үргэлжлүүлэн гүйцэтгэх, түүнтэй байгуулсан 240265, 250514 кодтой гэрээг шилжүүлэх, ийнхүү шилжүүлэн авснаар тус компанийн өр авлагын асуудлыг бүрэн хариуцаж, графикийн дагуу барагдуулах хүсэлтийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна./1хх-ийн 28/

 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.1.14 дэх заалтад "хангагч" гэж цэвэр усыг олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйлчилгээг бүхэлд нь, эсхүл аль нэгийг нь үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг хэлнэ гэж, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтад Зохицуулах зөвлөл нь энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох бүрэн эрхтэй гэж тус тус заажээ.

Хуулийн энэхүү зохицуулалт болон талуудын тайлбараас үзэхэд аливаа хуулийн этгээд нь цэвэр ус ашиглах болон бохир ус татан зайлуулахаар хэрэглэгчдэд дамжуулах, түгээх үйлчилгээг үзүүлэхдээ Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр энэ төрлийн үйл ажиллагааг явуулахаар байна.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01/355 дугаар албан бичиг, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/454 дугаар албан бичгээр,

ЖМБО ХХК-ийн хариуцаж буй орон сууцны барилгуудын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх гэрээг тусгай зөвшөөрөлгүй Х-д шилжүүлэх асуудал нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийг зөрчиж байгаа бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлд заасан тус зохицуулах зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй, түүнчлэн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхэлж буй байгууллагын тусгай зөвшөөрөл дуусгавар болж сунгуулаагүй тохиолдолд уг хугацаа дуусгавар болсон үеэс эхлэн 2015 оны 44 дүгээр тогтоолд заасан аж ахуйн нэгжийн тарифаар үйлчилж, хэрэглэгчийн суурь хураамжийг төвлөрүүлэн авах шаардлагатай талаарх хариуг өгсөн байна. /1хх-ийн 29-30/

 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Хангагч нь Зохицуулах зөвлөлийн баталсан аж ахуйн харилцааны дүрмийн дагуу хэрэглэгчтэй гэрээ байгуулна гэж заасан боловч У болон Х-ийн хооронд Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ бичгээр байгуулагдаагүй байх ба зохигч үүнтэй маргаагүй.

 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02/1023 дугаартай албан бичгээр 2016 оны 5 сараас 2019 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 4, 5, 6, 22 дугаар хороонд байрлах 23, 24, 82, 38, 13а, 13б, 18б байрны орон сууцны ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж байсан Х-ийн үүссэн ус, дулааны төлбөрийг У,...байгууллага өөрсдөө хариуцан, хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх, харин ашиглалт, засвар, үйлчилгээг 2019 оны 12 дугаар сараас ОСНААУГ ОНӨААТҮГ-т хариуцуулахаар шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна. /1хх-ийн 18-19/

 

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ нь дээрх шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн 4, 5, 6, 22 дугаар хороонд байрлах 23, 24, 82, 38, 13а, 13б, 18б байрны орон сууцны ашиглалт үйлчилгээг хүлээн авахад усны үлдэгдэл төлбөрийн тооцоогүй байсныг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/75 дугаар албан бичгээр тодорхойлжээ. /2хх-ийн 1/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээрх баримтаар Х нь хэдийгээр ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй боловч ЖМБО ХХК-ийн хариуцаж байсан байрнуудын орон сууцны ашиглалт үйлчилгээг 2016 оны 5 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд хариуцан ажиллаж, тухайн цаг хугацаанд хамаарах төлбөрийг нэхэмжлэгчид төлж байсан нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /1хх-ийн 9-17,31-40,45-62/

 

Хариуцагч нь тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг мэдсэн мөртлөө төлбөрийг айл өрхийн тарифаар бус, аж ахуйн нэгжийн тарифаар тооцсон, суурь хураамжийг оруулгын диаметрээр аваагүй, үнийн зөрүүнээс төлбөр үүсгэсэн тул нэхэмжлэлийн шаардлагаас 2016, 2017 оны төлбөрийг бүхэлд нь зөвшөөрч, 2018 оны 8,903,765 төгрөгөөс 6,304,200 төгрөгийг, 2019 оны 25,402,942 төгрөгөөс 12,807,650 төгрөгийг тус тус зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаар болон 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 23 дугаар Улаанбаатар хотын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф батлах тухай тогтоолоор Улаанбаатар хотын цэвэр, бохир усны үйлчилгээний хүн амын, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын, зөөврийн ус хангамж, бохир ус зөөврөөр татан зайлуулах үйлчилгээний тарифыг хавсралтаар тус тус баталсан байх ба уг тогтоолыг үндэслэн У ОНӨААТҮГ-ын даргын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/113 тоот, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/239 тоот Цэвэр, бохир усны үйлчилгээний үнэ, тариф мөрдөх тухай тушаалаар дээрх зөвлөлийн тогтоолыг дагаж мөрдөх шийдвэр гаргасан байна. /1хх-ийн 156-166/

 

Өөрөөр хэлбэл, усны төлбөрийн суурь хураамжийг талууд харилцан тогтоох боломжгүй, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.14-т тус тус заасны дагуу Зохицуулах хороо нь тухайн нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төлбөрийг тогтоох бөгөөд уг шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн усны төлбөрийг аж ахуйн нэгжээр бус, харин хүн амын тарифаар тооцсон, аж ахуйн нэгж байгууллагын тарифаар тооцсоныг 2019 оны 10,11,12 сарын төлбөрийн тооцоонд залруулга хийж, хассан гэж тайлбарласан. /1хх-ийн 10, 31/

 

Хаан-Уул өргөө ХХК нь 2016 онд 162,376 төгрөгийн, 2017 онд 1,553,599 төгрөгийн өр төлбөртэй байгаа талаар маргаагүй зөвшөөрч байх ба харин тэрээр 2018 онд 34,456,075.20 төгрөг төлөхөөс 25,552,310 төгрөгийг төлж, 8,903,765.2 төгрөгийн, 2019 онд нийт 39,628,170.97 төгрөг төлөхөөс 14,225,228.65 төгрөгийг төлж, 25,402,942.3 төгрөгийн төлбөрийн үлдэгдлийг төлөөгүй болох нь хэрэглэгчийн төлбөрийн нэгдсэн тооцоо баримтаар тогтоогдож байна./1хх-ийн 9-14/

 

Нэхэмжлэгч нь шүүхэд талуудын хооронд хийгдсэн тооцооны үлдэгдлийн баталгааг ирүүлсэн байх ба эдгээр баримтын зарим хэсэгт Х-ийн тамга дарагдаж, гарын үсэг зурагдсан, зарим хэсэгт гарын үсэг зурахаас татгалзсан, зарим хэсэгт төлбөр тооцоог зөвшөөрнө гэх бичилтийг хийжээ. /хх-45-54/

 

Хариуцагч дээрх тооцооны үлдэгдлийн баримтыг зөвшөөрөхгүй гэх тайлбартай холбоотой баримт ирүүлээгүй түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа баримтаар нотлоогүй гэж үзэх үндэслэлтэй.

У нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т хэрэглэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, учирсан хохирлоо төлүүлэхийг шаардах эрхтэй ба, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг хариуцагч Х нь хүлээсэн, энэхүү үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд хариуцагч Х-иас 2016 оны 5 сараас 2019.12.19-ний өдрийн хоорондох хугацааны усны үйлчилгээний төлбөр 36,022,682.63 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ут олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 338,063.41 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 338,063.41 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 15 дугаар зүйлийн 15.1.4-т зааснаар хариуцагч Х-иас 36,022,682.63 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ут олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Х-иас улсын тэмдэгтийн хураамжид 338,063.41 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ут олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 338,063.41 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ