Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2023/00818

 

 

 

 

 

 

 

                               2023        02          08

                   101/ШШ2023/00818

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  “Г” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Б.М /рд:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 5,771,128.07 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, төлөөлөгч Д.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г нь Б овогтой М-тай 2020.12.07-ны\ний өдөр ЗГ3005135056 тоот зээлийн гэрээгээр 4,069,008.14 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, зээлийг хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүгийн 20% байхаар гэрээг байгуулж зээлдүүлсэн. Гэрээний хугацаа 2023.06.05-ны өдөр дуусах боловч 4,192,904.08 төгрөгийг 669 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний дагуу зээл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд:

 

 

Олгосон/Бодогдсон

Төлсөн

Үлдэгдэл

Зээл

4,069,008.14

107,831.38

3,961,176.76

Хуу

1,804.917.80

89,462.79

1,715,455.01

Нэмэгдүулсэн хуу

94,496.30

0.00

94,496.30

нийт

5,968,422.24

197,294.17

5,771,128.07

 

Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулахаар нэхэмжлэлийг гаргаж байна. Б.М-с ЗГ3005135056         тоот зээлийн гэрээний үүрэгт 5,771,128.07 төгрөгийг гаргуулж Ганд олгуулж өгнө үү.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай зээлийн гэрээгээр 4,069,008.14 төгрөгийн зээл олгосон. Гэрээний хугацаа 2023.6.5-нд дуусах боловч гэрээний хуваарь зөрчсөн тул гэрээг цуцалж, үндсэн зээл 3,961,176.76 төгрөг, хүүд 1,715,455.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 94,496.30 төгрөг, нийт 5,771,128.07 төгрөг гаргуулна гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 28ш3-3/5135 дугаар албан тоотын хуулбар /хх6/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 02276 дугаар шийдвэрийн хуулбар /хх7-9/, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /хх10-11/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх12/, хүүгийн тооцоолол /хх13/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

        ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Г” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 5,771,128.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.М нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд шүүх хариуцагчид хуралдааны товыг утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.

Улмаар ямар нэг хүсэлт ирүүлээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Зохигчид 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ЗГ3005135056 дугаар 4,069,008.14 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээний байгуулсан байна. /хх10-11/

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаагаар зээлдэгчид шилжүүлэх буюу ашиглуулах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь гэрээнд заасны дагуу 4,069,008.14 төгрөгийн зээл олгосон баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

 

Цаашлаад, гэрээний 2.1.6-д зааснаар зээлийн зориулалтыг 462868******5944 дугаар зээлийн картын өр төлбөрийг төлөх гэсэн байна.

 

Үүнээс үзэхэд дээрх ЗГ3005135056 дугаар зээлийн гэрээгээр мөнгөн хөрөнгө хариуцагчид олгогдоогүй болох нь тогтоогдсон.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь энэхүү зээлийн эрхтэй карт нь хэний эзэмшилд байсан талаар тайлбарлаж чадаагүй бөгөөд зээлийн карттай холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь гэрээний талууд гэрээнд өөрчлөлт оруулах эрхтэй гэж тайлбарлаж байна.

Гэвч энэ хэргийн нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээ нь өмнөх зээлийн эрхтэй карттай холбогдох гэрээний нэмэлт, өөрчлөлт бус, харин шинээр байгуулсан гэрээ байна.

Ийнхүү шинээр гэрээ байгуулахдаа өмнөх зээлийн эрхтэй картаар олгогдсон зээл, түүний хүүг нэгтгэн тооцож, маргаж буй ЗГ3005135056 дугаар гэрээний үнийг дүнг тодорхойлжээ.

 

Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл өмнө нь байгуулсан 462868******5944 дугаар зээлийн эрхтэй карттай холбогдох гэрээгээр олгосон зээлд тооцогдсон хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж нэгтгэн ЗГ3005135056 дугаар зээлийн гэрээнд тусгасан, улмаар мөнгөн хөрөнгө олгоогүй тул нэхэмжлэгчид ЗГ3005135056 дугаар зээлийн гэрээний дагуу шаардах эрх үүсэхгүй байна.

 

Харин нэхэмжлэгч нь 462868******5944 дугаар зээлийн эрхтэй карттай холбогдох зээлийн асуудлаар жич нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

          ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.Мд холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 5,771,128.07 төгрөг гаргуулах тухай “Г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,289 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД