Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/00675

 

 

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/00675

 

 

А банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2023/00818 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 5,771,128 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтуул, Ц.Насанбуян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: А банк ХХК нь Б-тэй байгуулсан 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээгээр 4,069,008.14 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, зээлийг хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүгийн 20 хувь байхаар тохиролцож гэрээг байгуулж, зээл олгосон.

Гэрээний хугацаа 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дуусах боловч зээлдэгч нь эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй 669 хоног хугацаа хэтрүүлсэн.

Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 3,961,176.76 төгрөг, хүү 1,715,455.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94,496.30 төгрөг, нийт 5,771,128.07 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч тайлбар, татгалзал гаргаагүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 5,771,128.07 төгрөг гаргуулах тухай А банк ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,289 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу тайлбарлаж дүгнэлт хийсэн.

4.1. Анхан шатны шүүх зээл олгосон баримтыг нэхэмжлэгч ирүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Зээлдэгчийн харилцах 3005135056 тоот дансанд зээл олгогдож 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 4,069,008.14 төгрөгийн зээл олгосон болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн хүү тооцооллын хүснэгтээс харагдаж байна. Мөн хариуцагч зээл авсан эсэх талаар маргаагүй ба шүүхэд энэ талаар хариу тайлбар ирүүлээгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...гэрээний 2.1.6-д зааснаар зээлийн зориулалтыг 462868******5944 дугаар зээлийн картын өр төлбөрийг төлөх гэсэн байна. Үүнээс үзэхэд дээрх 30057350506 дугаар зээлийн гэрээгээр мөнгөн хөрөнгө хариуцагчид олгогдоогүй болох нь тогтоогдсон гэж дүгнэжээ.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу зээлийг зориулалтын дагуу олгосон. Зээлдэгч ч дээрх зориулалтын дагуу өмнөх кредит картын өр төлбөрөө төлж кредит картын зээлийн харилцаа зээлдэгч үүргээ гүйцэтгэснээр дуусгавар болсон байна.

4.2. Нэхэмжлэгчийн зүгээс ЗГ3005135056 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардаж байгаа. Энэ талаар шүүхээс ...нэхэмжлэлийн үндэс болсон зээлийн гэрээ нь өмнөх зээлийн эрхтэй карттай холбогдох гэрээний нэмэлт, өөрчлөлт бус харин шинээр байгуулсан гэрээ байна гэж маргааны эрх зүйн харилцааг зөв тогтоосон атлаа нэхэмжлэгчийн зүгээс зээлийн эрхтэй карт хэний эзэмшилд байсан талаар тайлбарлаж чадаагүй бөгөөд зээлийн карттай холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэсэн байгаа нь учир зүйн холбогдолгүй алдаатай дүгнэлт болжээ. Өөрөөр хэлбэл тус тусдаа гэрээний харилцаа үүссэн байна гэж зөв дүгнэсэн ч тэрхүү дүгнэлтээ няцааж маргаанд ач холбогдолгүй кредит картын эзэмшлийн асуудлыг шүүхэд нотлох ёстой мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

ЗГ3005135056 тоот зээлийн гэрээгээр олгогдсон зээл нь зээлдэгчийн өмнөх кредит карттай холбоо хамааралгүй тусдаа эрх зүйн үр дагавар бүхий зээлийн харилцаа болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Б-өөс 5,771,128.07 төгрөгийг гаргуулж А банк ХХК-д олгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч оролцоогүй, гомдолд тайлбар ирүүлээгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А банк ХХК нь хариуцагч Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,771,128.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасанд хариуцагч тайлбар гаргаж маргаагүй.

 

3. Талуудын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан ЗГ3005135056 тоот зээлийн гэрээгээр зээлдэгч Б- нь 4,069,008 төгрөгийг 462868******5944 дугаар зээлийн картын өр төлбөрийг төлөх зориулалтаар зээлдэн авч, 30 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн хүүтэй, зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу эргэн төлөлтийг төлөхөөр А банк ХХК-тай тохиролцсон байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйлчилгээ эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4. Харин анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмын зохицуулалтыг анхаараагүй, нотолгооны үүргийн хуваарилалтыг буруу дүгнэснээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

 

4.1. Шүүх хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгч, нэхэмжлэлийн хувийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гардуулан өгсөн боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

Хариуцагч нь хуульд заасан хугацаанд шүүхэд тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар түүнийг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.

Ийнхүү хариуцагч Б-ийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчимд нийцнэ.

 

4.2. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 4,069,008 төгрөгийн зээл олгосон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ3005135056 тоот зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө хариуцагчид олгогдоогүй гэж дүгнэсэн нь хуульд заасан нотлох үүргийн хуваарилалттай нийцээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч маргасан тохиолдолд нэхэмжлэгч 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ3005135056 тоот зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хариуцагчид олгосон болохоо нотлох үүргийг хүлээх ёстой.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй энэ тохиолдолд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс нэмэлт баримт гаргаж өгөх үүргийг хүлээхгүй.

 

5. Иймд хариуцагч Б-ийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж тооцож, түүнээс үндсэн зээл 3,961,176 төгрөг, хүү 1,715,455 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94,496 төгрөг, нийт 5,771,128 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А банк ХХК-нд олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцэх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.

 

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2023/00818 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-өөс 5,771,128 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А банк ХХК-д олгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,289 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-өөс 107,289 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А банк ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч А банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,289 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ