Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2022/03564

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

          Дугаар 183/ШШ2022/03564

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Сөүлийн гудамж, Твин тауэр-0, 00 давхарт байрлах, С ХХК, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Д.Б/,

 

 Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 0 хэсэг, гурван оргил, зайсан гудамж, 00 дүгээр байр, 0 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай Д.Ү

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 7 933 139,11 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Р

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, С.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Д нар оролцов.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С ХХК нь Д.Үад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 933 139,11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Х ХХК нь П.У 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 8 400 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, нэг сарын 1.80 хувийн хүүтэй, нэг жилийн 21.60 хувийн хүүтэй өрхийн хэрэглээний зориулалтаар зээлдүүлсэн бөгөөд хамтран зээлдэгчийн үүргийг түүний найз Д.Ү хүлээсэн. Зээлдэгч нар нь хамгийн сүүлд 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төлөлт хийсэн, гэрээний хугацаа 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр дууссан боловч зээлдэгч нар үлдэгдэл төлбөрийг зохих ёсоор төлөөгүй. А ХХК нь 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 16/20-014 дугаартай факторингийн гэрээгээр Х ХХК-ийн П.У, Д.Ү нартай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийг бүхэлд нь, мөн гэрээ, зээлийн хувийн хэрэг, дагалдах баримт бичиг зэргийг Х ХХК-иас шилжүүлэн авсан. Зээлдэгч нар нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 466 860,89 төгрөг, зээлийн хүүнд 378 232,12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 406,99 төгрөгийг төлсөн, 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 7 933 139,11 төгрөг, зээлийн хүү 11 736 698,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 944 536,28 төгрөг, нийт 21 614 374,30 төгрөгийн өр төлбөртэй байна. Гэвч хариуцагч П.У нь 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан тул хамтран зээлдэгч болох Д.Ү зээлийн үндсэн төлбөр болох 7 933 139,11 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. А ХХК нь С ХХК-д нэгдэж, санхүүгийн зохицуулах хороо, улсын бүртгэлийн зохих тэмдэглэгээ хийлгэж, улмаар С ХХК болж өөрчлөгдсөн болно” гэж тайлбарласан.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус зээлийн үндсэн зээлдэгч нь П.У бөгөөд Д.Ү хамтран зээлдэгчээр оролцож, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Банкнаас үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгч нарыг зээлээ эргүүлэн төлөх чадвартай эсэхийг судалж, түүний үндсэн дээр зээл олгох ёстой байсан. Гэтэл Х ХХК болон нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтуудад зээлийн гэрээ, П.У, О.Эын нарын иргэний үнэмлэхийн хуулбарууд байх бөгөөд П.У, Д.Ү нарын зээл хүссэн өргөдөл, зээлээ эргүүлэн төлөх чадвартай эсэхийг нотлох баримтууд байхгүй байна.  Банк хадгаламж эзэмшигчдийн мөнгийг цааш нь зээлдүүлж байгаа хэр нь зээл авч, зээлээ төлж чадах эсэх нь тогтоогдоогүй хүмүүст зээлийг олгож байна. Гэтэл банк өөрөө үндсэн үйл ажиллагааны үүргээ зөрчиж, мөнгө хүүлэх зорилгоор П.Уад зээлийг олгосон байна. Д.Ү нь зөвхөн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан бөгөөд тухайн зээлээс нэг ч төгрөг авч ашиглаагүй. Түүнчлэн талуудын хооронд 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, тус зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болсон. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т шаардах эрх үүссэн үеийг хөөн хэлэлцэх хугацаанд тооцно гэж заасан, П.У нь 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс хойш зээлээ төлөөгүй. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон үеэс 3 жилийн хугацааг тооцоход 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусаж байх бөгөөд нэхэмжлэгч 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлдээ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч нарыг эрэн сурвалжилсан гэх боловч энэ талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Зээлдэгч П.У нь нас барсан боловч түүний өмчилж байсан эд хөрөнгө үлдсэн эсэхийг шалгаж хохирлыг барагдуулах эрх зүйн боломжтой гэж үзэж байна.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, Х ХХК, П.У, Д.Ү нарын хооронд 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан 0000 тоот зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, П.Уын иргэний үнэмлэхийн хуулбар, Х ХХК-ийн П.Уын 0000 тоот дансны хуулга, зээлдэгч П.Уын зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцооллын хүснэгт, А ХХК, Х ХХК нарын хооронд 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан №0000 факторингийн гэрээ, шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаанд байгаа болон албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаагүй шаардах эрхийн мэдээлэл, Х ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А-771 дугаар Х банкийг төлөөлөн зээлийн төлбөр барагдуулахтай холбоотой гэрээ байгуулах эрх олгох тухай гүйцэтгэх захирлын тушаал, Х ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 0000 тоот зээлийн багц худалдах тухай зээлийн удирдлагын хорооны тогтоол, А ХХК-д худалдах багцын мэдээлэл, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0000 тоот албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 103 дугаар Хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөх тухай тушаал, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 109 дугаар С ХХК-д А ХХК-ийг нэгтгэхийг зөвшөөрч, А ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай тогтоол зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

4. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг баримтлан Х ХХК-иас Х ХХК, П.У, Д.Ү нарын хооронд 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдан 0000 тоот зээлийн гэрээ, Х ХХК-ийн П.Уын 0000 тоот дансны хуулга, Д.Үын харилцагчийн анкет, П.Уын бичил зээлийн өргөдөл зэргийг нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Х ХХК нь П.Утай 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 8 400 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, нэг сарын 1.80 хувийн хүүтэй, нэг жилийн 21.60 хувийн хүүтэй өрхийн хэрэглээний зориулалтаар зээлдүүлсэн бөгөөд хамтран зээлдэгчийн үүргийг түүний найз Д.Ү хүлээсэн. Зээлдэгч нар нь хамгийн сүүлд 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төлөлт хийсэн, гэрээний хугацаа 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр дууссан боловч зээлдэгч нар үлдэгдэл төлбөрийг зохих ёсоор төлөөгүй. А ХХК нь 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 16/20-014 дугаартай факторингийн гэрээгээр Х ХХК-ийн П.У, Д.Ү нартай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийг бүхэлд нь Х ХХК-иас шилжүүлэн авсан. Зээлдэгч нар нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 466 860,89 төгрөг, зээлийн хүүнд 378 232,12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 406,99 төгрөгийг төлсөн, 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 7 933 139,11 төгрөг, зээлийн хүү 11 736 698,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 944 536,28 төгрөг, нийт 21 614 374,30 төгрөгийн өр төлбөртэй байна. Гэвч хариуцагч П.У нь 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан тул хамтран зээлдэгч болох Д.Үаас зээлийн үндсэн төлбөр болох 7 933 139,11 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. А ХХК нь С ХХК-д нэгдэж, санхүүгийн зохицуулах хороо, улсын бүртгэлийн зохих тэмдэглэгээ хийлгэж, улмаар С ХХК болж өөрчлөгдсөн болно” гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус зээлийн үндсэн зээлдэгч нь П.У бөгөөд Д.Ү нь хамтран зээлдэгчээр оролцож, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Банкнаас үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгч нарыг зээлээ эргүүлэн төлөх чадвартай эсэхийг судалж, зээл олгох ёстой атал хэрэгт зөвхөн зээлийн гэрээ, П.У, О.Э нарын иргэний үнэмлэхийн хуулбарууд байдаг. Д.Ү зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан, зээлээс нэг ч төгрөг авч ашиглаагүй. Түүнчлэн 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр дууссан, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т зааснаар 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс хойш зээл төлөөгүй, гэрээний хугацаа дуусгавар болсон үеэс 3 жилийн хугацааг тооцоход хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр дууссан, нэхэмжлэгч 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Мөн П.У нь нас барсан боловч түүний өмчилж байсан эд хөрөнгө үлдсэн эсэхийг шалгаж хохирлыг барагдуулах эрх зүйн боломжтой тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Х ХХК болон П.У, Д.Ү нарын хооронд 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 0000 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Х ХХК нь 8 400 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 21.60 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар П.У, Д.Ү нарт зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцжээ. /хх10/

 

            Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан банк, эрх бүхий хуулийн этгээдээс мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүрэг хүлээсэн зээлийн гэрээ байх бөгөөд хариуцагч уг зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцож, гарын үсэг зурсан талаар маргаагүй.

 

5. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч Х ХХК нь А ХХК-тай 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 16/20-014 дугаартай Факторингийн гэрээ байгуулж, уг гэрээгээр эрх шилжүүлэгч Х ХХК нь П.У, Д.Ү нартай байгуулсан 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний бүхий л шаардах эрхийг А ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон байна. /хх16-23/

 

6. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ” гэж, 123.8-д “Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

 

Хуулийн дээрх заалтаар, 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Шаардах эрх шилжүүлэх гэрээний эрх шилжүүлэгч тал болох Х ХХК болон эрх шилжүүлэн авагч тал болох А ХХК нар тус гэрээ байгуулагдсан талаар үүрэг гүйцэтгэгч П.У, Д.Ү нарт мэдэгдэх, улмаар 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан хэлбэрээр, А ХХК нь П.У, П.Ү нартай бичгээр гэрээ байгуулсан байх шаардлага тус тус тавигдаж байгаа юм.

 

7. Гэтэл хэргийн зохигч талууд буюу нэхэмжлэгч А ХХК болон хариуцагч П.Ү нарын хооронд дээрх хэлбэрээр хэлцэл байгуулагдаагүй, шаардах эрхийг гэрээгээр шилжүүлээгүй, гэрээний үүргийг шаардах эрх шилжсэн талаар П.Ү-д мэдэгдсэн баримтгүй байх тул Х ХХК болон П.У, Д.Ү нарын хооронд 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг шаардах эрх А ХХК-д шилжсэн гэж дүгнэх боломжгүй байна.

 

8. Шүүх тус нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2021 оны 4 дүгээр  сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 109 тоот Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор С ХХК-д А ХХК-д нэгтгэсэн байх тул С ХХК-ийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Маргаантай эрх зүйн харилцааны зохигчийн аль нэг нь уг эрх зүйн маргаанаас гарсан /хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн/ бол шүүх тэрхүү зохигчийг сонирхогч этгээд буюу эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлан авах явдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно” гэж зааснаар эрх залгамжлан авсан гэж үзэх юм.  

 

9. Иймд Соломон инвестментс ХХК-д Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээний үүргийг хариуцагч П.Ү шаардах эрх мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д заасны дагуу шилжээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэр нь зээлдэгч Х ХХК тус зээлийн гэрээний үүргийг шаардахад саад болохгүй.

 

10. Мөн шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэв.  

 

11.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266 022 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.8, 451 дүгээр зүйлийн 451.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Үад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 7 933 139,11 төгрөг гаргуулах тухай С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266 022 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.М