Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00454

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00454

 

 

********-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2022/03564 дугаар шийдвэртэй,

********-ийн нэхэмжлэлтэй, ********ад холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 7,933,139.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хас банк ХХК нь П.Улсбаттай 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 8,400,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, нэг сарын 1,80 хувийн хүүтэй, нэг жилийн 21,60 хувийн хүүтэй өрхийн хэрэглээний зориулалтаар зээлдүүлсэн бөгөөд хамтран зээлдэгчийн үүргийг түүний найз ******** хүлээсэн. Зээлдэгч нар нь хамгийн сүүлд 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төлөлт хийсэн, гэрээний хугацаа 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр дууссан боловч зээлдэгч нар үлдэгдэл төлбөрийг зохих ёсоор төлөөгүй. Арвис итгэл ББСБ ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 16/20-014 дугаартай факторингийн гэрээгээр Хас банк ХХК-ийн П.Улсбат, ******** нартай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийг бүхэлд нь Хас банк ХХК-аас шилжүүлэн авсан.

Зээлдэгч нар нь өнгөрсөн хугацаанд зээлд 466,860.89 төгрөг, хүүд 378,232.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 406.99 төгрөгийг төлсөн, 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 7,933,139.11 төгрөг, зээлийн хүү 11,736,698.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,944,536.28 төгрөг, нийт 21,614,374.30 төгрөгийн өр төлбөртэй байна. Гэвч хариуцагч П.Улсбат нь 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан тул хамтран зээлдэгч болох ********аас зээлийн үндсэн төлбөр болох 7,933,139.11 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Арвис итгэл ББСБ ХХК нь Соломон инвестмент ББСБ ХХК-д нэгдэж, санхүүгийн зохицуулах хороо, улсын бүртгэлийн зохих тэмдэглэгээ хийлгэж, улмаар Соломон инвестмент ББСБ ХХК болж өөрчлөгдсөн гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус зээлийн үндсэн зээлдэгч нь П.Улсбат бөгөөд ******** нь хамтран зээлдэгчээр оролцож, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Банкнаас үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгч нарыг зээлээ эгүүлэн төлөх чадвартай эсэхийг судалж, зээл олгох ёстой атал хэрэгт зөвхөн зээлийн гэрээ, П.Улсбат, О.Эрдэнэтогтох нарын иргэний үнэмлэхийн хуулбарууд байдаг. ******** зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан, зээлээс нэг ч төгрөг авч ашиглаагүй. Түүнчлэн 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр дууссан, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс хойш зээл төлөөгүй, гэрээний хугацаа дуусгавар болсон үеэс 3 жилийн хугацааг тооцоход хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр дууссан, нэхэмжлэгч 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Мөн П.Улсбат нь нас барсан боловч түүний өмчилж байсан эд хөрөнгө үлдсэн эсэхийг шалгаж хохирлыг барагдуулах эрх зүйн боломжтой тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.8, 451 дүгээр зүйлийн 451.1-т заасныг баримтлан хариуцагч ********ад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 7,933,139.11 төгрөг гаргуулах тухай ********-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,022 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан шаардах эрх шилжүүлэх гэрээний эрх шилжүүлэгч тал болох Хас банк ХХК болон эрх шилжүүлэн авагч тал болох Арвис итгэл ББСБ ХХК нар тус гэрээ байгуулагдсан талаар үүрэг гүйцэтгэгч П.Улсбат, ******** нарт мэдэгдэх, улмаар 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан хэлбэрээр, Арвис итгэл ББСБ ХХК нь П.Улсбат, ******** нартай бичгээр гэрээ байгуулсан байх шаардлага тус тус тавигдаж байгаа гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасан зохицуулалт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн шаардах эрхээ шилжүүлж байгаа тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг зөвшөөрсөн агуулгатай. Шаардах эрхийг шилжүүлсэн талаар П.Улсбат, ******** нарт мэдэгдээгүй байхад анхны үүрэг гүйцэтгэгч Хас банкны өмнө хүлээсэн үүргээ (Хасбанкинд үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн) биелүүлсэн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг биелүүлсэнд тооцох агуулгатай гэж тайлбарлаж болох юм.

4.2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй

Зээлийн гэрээнд хариуцагч ******** нь хамтран зээлдэгчээр оролцож, зээлдэгчийн үүргийг хүлээж, гэрээнд гарын үсэг зурсан байна. Талуудын хооронд байгуулсан гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч ******** нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж заасан ******** зээлийн гэрээний үүргийг П.Улсбаттай хамтран хариуцахаар гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон тул тэрээр зээлийн үүргийг хамтран хариуцах этгээд мөн гэж үзнэ.

4.3. Нэхэмжлэгч хариуцагчаас 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 7,933,139.11 төгрөг, зээлийн хүү 11,736,698.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,944,536.28 төгрөг, нийт 21,614,374.30 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба улсын тэмдэгтийн хураамжид 266,022 төгрөг төлсөн. Гэвч 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр барсан тул хамтран зээлдэгч болох ********аас зээлийн үндсэн төлбөр болох 7,933,139.11 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан. Иймээс нэхэмжлэлийн шаардлага болох 7,933,139.11 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд 141,881 төгрөгийг улсын орлого болгож, үлдэх илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохоор шийдвэрлэх ёстой.

Иймд Т. Үүрцайхаас 7,933,139.11 төгрөгийг гаргуулж, ********-д олгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр ******** орсон гэж тайлбарласан. Зээлийн гэрээг байгуулахдаа хавсралтын хамт хүчинтэй гэсэн боловч зээлийн хавсралтад ******** гарын үсэг зураагүй учир зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус юм гэжээ.

 

6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. ******** би П.Улсбатын өрхийн гишүүн биш нэхэмжлэлд дурдсанаар ач биш. Зээл хүссэн хүсэлт, өр орлогын харьцаа, орлогын эх үүсвэр, зээлээ эргэн төлөх санхүүгийн чадвартай эсэх гээд олон процесс ажиллагааны нэг ч хийгдээгүй. Зээлийн гэрээний нөхцөлийг зээлдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нь хууль зөрчсөн заалтыг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл болохгүй. Зөвхөн гарын үсэг зурагдсанаар гэрээ хийсэн гэж үзэхгүй юм.

6.2. П.Улсбат нь зээлдэгч ********тай хамтран зээл авах хүсэл зориг, хэрэгцээ шаардлага байсан эсэх нь тодорхой бус байна. ********ад зээлийн гэрээний дагуу үүрэг үүссэн байдал хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд нотлогдоогүй тул нэхэмжлэгчид шаардах эрх Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар үүсээгүй гэж үзэж байна.

******** нь зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар хамтран зээлдэгчийн үүргийг хүлээсэн гэсэн шаардлага хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, дунд нь тасалдсан гэж үзэж байна. Учир нь зээлдэгч П.Улсбатын хаяг тодорхойгүй байсан учраас эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж, хаяг тодруулах ажиллагаа хийгдсэн. Энэ нь Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдах гэх ойлголтод хамаарна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх гомдол үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1. Нэхэмжлэгч Соломон-Инвестментс ББСБ ХХК нь хариуцагч ********ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 7,933,139 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. Хас банк ХХК болон П.Улсбат, ******** нарын хооронд 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 1530005437 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Хас банк ХХК нь 8,400,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 21.60 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар П.Улсбат, ******** нарт зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцжээ. /хх10/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа талуудын хооронд байгуулагдсан. Хамтран зээлдэгчээр ******** оролцож, гарын үсэг зурсан талаар зохигчид маргаагүй.

2.б. Хас банк ХХК нь Арвис-Итгэл ББСБ ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 16/20-014 дугаартай Факторингийн гэрээ байгуулж, уг гэрээгээр эрх шилжүүлэгч Хас банк ХХК нь П.Улсбат, ******** нартай байгуулсан 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний бүхий л шаардах эрхийг Арвис Итгэл ББСБ ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон байна. /хх16-23/

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ гэж, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ гэж тус тус заажээ. Хэрэгт гэрээний үүргийг шаардах эрх шилжсэн талаар П.Үүрцайхад мэдэгдсэн баримтгүй байна.

 

3. Давж заалдах гомдлын талаар.

3.а. Нэхэмжлэгч нь шаардах эрхийг шилжүүлэн авсан бөгөөд хамтран зээлдэгчээр зээл хүүг төлүүлж өгнө үү гэсэн агуулгатай гомдол гаргасан.

3.б. Хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар гомдолдоо дурджээ.

Хас банк ХХК болон П.Улсбат, ******** нарын хооронд 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан 36 сарын хугацаатай зээлийн гэрээний хугацаа 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр дууссан байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар зааснаас үзэхэд 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Нэхэмжлэгч уг хугацаанаас хойш буюу 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч ********ад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.14 дэх хэсэгт хамтран үүрэг гүйцэтгэгч нэг этгээдийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу түр зогссон нь бусад үүрэг гүйцэтгэгчдэд хамаарахгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл П.Улсбатыг эрэн сурвалжлуулсан, П.Улсбат төлнө гэж хүсэл зоригоо илэрхийлсэн, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Факторингийн гэрээгээр шаардах эрхийг шилжүүлж авсан гэх үйл баримт нь хариуцагч ********ын хувьд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэл болохгүй.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул хариуцагч ********аас зээлийн гэрээний үүрэгт нийт 7,933,139.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ********-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй юм.

3.в. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт Нэхэмжлэгч шаардлагаа багасгах, энэ хуулийн 59.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, зохигч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасан байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаархи гомдлын үндэслэлийг нэмж дүгнэж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2022/03564 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 141,881 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 141,881 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД