Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2022/03442

 

 

 

 

 

 

 

­

2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр

          Дугаар 183/ШШ2022/03442

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороонд байрлах, А ХХК, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Р.Ц,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, 000 тоот хаягт бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух, 0000  онд төрсөн, 00 настай,О.Н,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт нийт 14 575 394 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Ц

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц

Хариуцагч О.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Д нар оролцов.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А ХХК нь О.Н холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 12 812 250 төгрөг, хохирол 2 050 394 төгрөг, нийт 14 575 394 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Манай компани О.Нтой 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороонд байршилтай, 29 м.кв талбайтай, 1 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 6 сарын хугацаатай, нэг сарын төлбөр нь 500 000 төгрөг байхаар харилцан тохиролцож байгуулсан. Дээрх гэрээний хугацааг дахин 6 сараар, мөн 1 жилээр тус тус сунгасан. Энэ хугацаанд О.Н нь орон сууц хөлсөлсөн төлбөрийг төлөхгүй маш их удаадаг байсан бөгөөд “ажил хийхгүй хөл хорионд орчихлоо, ажлаа хийгээд мөнгөө заавал төлнө, намайг харж үзээч, эндээс гарвал очих газар байхгүй, би хаана байх юм, хэцүү байна” гэх мэт маш олон шалтаг хэлдэг байсан. Мөн хариуцагчийн дүү болон охин нь “бид төлбөрийг нь удахгүй өгнө, түр байлгаж байгаач” гэж гуйж, баталгаа гаргаж өгч байсан учраас бидний зүгээс өнөөдрийг хүртэл хүлээцтэй хандаж ирсэн. Гэтэл хариуцагч нь орон сууц хөлсөлсөн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөхгүй, хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр орон сууцаа чөлөөлж авсан. Хариуцагч О.Н нь орон сууц хөлсөлсөн төлбөрийг 2020 оны 11 дүгээр сараас эхлэн дутуу төлсөн, 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 8 дугаар сар хүртэл огт төлөөгүй бөгөөд 2021 оны 8 дугаар сард 1 250 000 төгрөгийг төлж, үүнээс хойш 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ямар ч төлбөр төлөөгүй, хамгийн сүүлийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тооцоогоор түүний төлбөрийн үлдэгдэл 8 350 000 төгрөг байна. Орон сууц хөлслөх гэрээний 3.6-д “гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,5хувиар алданги төлнө" гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар алданги 4 175 000 төгрөг, нийт 12 525 000 болж байна. Түүнчлэн орон сууц хөлслөх гэрээний 5.3-д “Хөлслөгч тал байр ашиглалтын зардал болох ус, дулаан, цахилгаан, СӨХ зэргийг төлбөр гарсан даруйд нь төлөх үүрэгтэй ба төлөөгүйгээс үүдэн гарах бүх хариуцлагыг бүрэн хүлээнэ" гэж заасны дагуу хариуцагч нь 2022 оны 7, 8, 9 дүгээр саруудын СӨХ-ийн төлбөр болох 60 000  төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын цахилгааны төлбөр 11 720 төгрөг, ус дулааны төлбөр 19 220 төгрөгийг төлөөгүй тул бид уг төлбөрийг төлсөн. Мөн гэрээний 5.8-д “Хөлслөгч хөлслөн авсан орон сууцыг гэрээнд заасан нөхцөл, зориулалтаар нь ашиглаж, түүний бүрэн бүтэн байдлыг хангаж, ...хөлслүүлэгч болон гуравдагч этгээдэд учруулсан хохирлыг хариуцна” гэж заасан бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч О.Нгоос орон сууцыг хүлээж авахад обой хуурч ховхорсон, унжсан, урж хуулсан, гадаа хаалга болон 00-ийн хаалганы түгжээ эвдэрсэн, разетик шатсан, 00-ийн суултуур таггүй, хана, тааз бүх зүйл нэлээн зузаан тос болгосон байсан. О.Н хөлсөлж байсан орон сууцыг цэвэрлэж, холбогдох засварыг хийхийг удаа дараа хэлсэн боловч хийж өгөхгүй байсан тул бидний зүгээс цэвэрлэгээний зардал 200 000 төгрөг, засварын зардал 1 709 550 төгрөг, цоож солиулсан зардал 50 000 төгрөг, нийт 1 709 550 төгрөгөөр засвар хийсэн. Иймд Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т “хөлслөгч энэ хуулийн 289.1.3-т заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй”, 289 дүгээр зүйлийн 289.1.4-т “Хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх”, 302 дугаар зүйлийн 302.1-д “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 302.4-т “Орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна” гэж тус тус зааснаар хариуцагч О.Нгоос орон сууц хөлслөх гэрээний үлдэгдэл төлбөр 8 350 000 төгрөг, алданги 4 175 000 төгрөг, хохирол 2 050 394 төгрөг, нийт 14 575 394 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа “...Миний бие 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр 1-1 /17060/, Үйлдвэр  гудамж, 51а байр, 1 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлж эхэлсэн. Тухайн үед уг орон сууцыг надад түрээсэлсэн хүн нь жинхэнэ эзэн нь биш байсан. 2020 оны 6 дугаар сард А ХХК-ийн захирал Р.Ц уг орон сууцыг хөлслөх гэрээг байгуулсан. Анх тухайн орон сууцандаа орохдоо бүх зүйлүүдийг нь сайн нягталж үзээгүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан эвдрэлүүдийг анзаараагүй. Саяхан ус дулаан, цахилгааны төлбөрийг бүрэн төлж төлбөрийн үлдэгдэлгүй болгосон. Харин СӨХ-ийн 3 сарын төлбөр болох 60 000 төгрөгийг төлөөгүй үлдээсэн. Бусад төлбөрүүдийг бол сайн мэдэхгүй байна. Миний хувьд тухайн орон сууцанд амьдарсан хугацааныхаа түрээсийн төлбөрийг бүрэн төлж барагдуулна. Харин алданги болон бусад зардлыг төлөх боломжгүй байна” гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, А ХХК, О.Н нарын хооронд 2020 оны 6 дугаар сарын 23, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрүүдэд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээ, О.Нгийн 2021 оны 5 дугаар сарын 13, 2022 оны 01 дүгээр сарын 23, 2022 оны 02 дугаар сарын 02, 28, 2022 оны 4 дүгээр сарын 04, 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд гараар бичсэн төлбөр төлөх баталгаа, Р.Ц, О.Н нарын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, түрээсийн үлдэгдэл төлбөр, алдангийн тооцооны хүснэгт, А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, А ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байршилтай, 29 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, А ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 22/009 дугаартай, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 22/010 дугаартай О.Н хүргүүлсэн албан бичиг, орон сууцны засварын ажил болон бусад төлбөрийн тооцооны хүснэгт, А ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн кассын зарлагын ордер, Амгалан барилгын захын 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зарлагын баримт, Д ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн зарлагын баримт, Б ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн зарлагын баримт, Н ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн зарлагын баримт, Амгалан БМЗ-ын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн зарлагын баримт, М ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн зарлагын баримт, А ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн зарлагын баримт, К-118лын  2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн зарлагын баримт, Л ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зарлагын баримт, 100 айл төвийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн зарлагын баримт, УБЦТС ТӨХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр цахилгааны төлбөр төлсөн баримт, төлбөрийн нэхэмжлэл, Тэлмүүн орд СӨХ-ийн хэрэглэгчдэд хүргэх мэдэгдэл, Х ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дотоод шилжүүлгийн маягт, Т ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 46/22 дугаартай тодорхойлолт, А ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн кассын зарлагын ордер, Х ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотоод шилжүүлгийн маягт, А ХХК, О.А нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан 0000 дугаартай хөлсөөр орон сууцны дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ, О.А иргэний үнэмлэхийн лавлагаа, Х ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дотоод шилжүүлгийн маягт, төлбөрийн баримт, орон сууц хүлээж авсан болон хүлээлгэж өгсөн үеийн гадна, доторх талын фото зураг зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Манай компани О.Нтой 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байршилтай, 1 өрөө орон сууцыг 6 сарын хугацаатай, нэг сарын төлбөр нь 500 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Дээрх гэрээний хугацааг дахин 6 сараар, мөн 1 жилээр тус тус сунгасан. Энэ хугацаанд О.Н нь орон сууц хөлсөлсөн төлбөрийг төлөхгүй маш их удаадаг байсан бөгөөд “ажил хийхгүй хөл хорионд орчихлоо, ажлаа хийгээд мөнгөө заавал төлнө, намайг харж үзээч, эндээс гарвал очих газар байхгүй, би хаана байх юм, хэцүү байна” гэх мэт маш олон шалтаг хэлдэг, түүний дүү болон охин нь “бид төлбөрийг нь удахгүй өгнө, түр байлгаж байгаач” гэж гуйж, баталгаа гаргаж өгч байсан учир хүлээцтэй хандаж ирсэн. Гэсэн ч хариуцагч нь түрээсийн гэрээний төлбөрөө төлөхгүй, хууль болон гэрээгээр  хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр орон сууцаа чөлөөлж авсан. Хариуцагч О.Н нь 2022 оны 11 дүгээр сараас эхлэн түрээсийн төлбөрийг дутуу төлж байсан, 2021 оны 8 дугаар сард 1 250 000 төгрөг төлснөөр өөр төлбөр төлөөгүй, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 8 350 000 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Мөн гэрээний 3.6-д “гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө" гэж зааснаар алданги 4 175 000 төгрөг тооцоход нийт төлбөр 12 525 000 болж байна. Түүнчлэн орон сууц хөлслөх гэрээний 5.3-т “Хөлслөгч тал байр ашиглалтын зардал болох ус, дулаан, цахилгаан, СӨХ зэргийг төлбөр гарсан даруйд нь төлөх үүрэгтэй ба төлөөгүйгээс үүдэн гарах бүх хариуцлагыг бүрэн хүлээнэ" гэж зааснаар төлөх ёстой 2022 оны 7, 8, 9 дүгээр саруудын СӨХ-ийн төлбөр 60 000  төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын цахилгааны төлбөр 11 720 төгрөг, ус дулааны төлбөр 19 220 төгрөгийг тус тус хариуцагч төлөөгүй, бид төлсөн. 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч О.Нгоос орон сууцыг хүлээж авахад обой хуурч ховхорсон, унжсан, урж хуулсан, гадаа хаалга болон 00-ийн хаалганы түгжээ эвдэрсэн, разетик шатсан, 00-ийн суултуур таггүй, хана, тааз бүх зүйл нэлээн зузаан тос болгосон байсан, бид тус орон сууцыг цэвэрлэж, холбогдох засварыг хийхийг удаа дараа шаардахад хийж өгөөгүй тул цэвэрлэгээний зардал 200 000 төгрөг, засварын зардал 1 709 550 төгрөг, цоож солиулсан зардал 50 000 төгрөг, нийт 1 709 550 төгрөгөөр засвар хийсэн. Иймд хариуцагч О.Нгоос орон сууц хөлслөх гэрээний үлдэгдэл төлбөр 8 350 000 төгрөг, алданги 4 175 000 төгрөг, хохирол 2 050 394 төгрөг, нийт 14 575 394 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Миний бие 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байршилтай нэг өрөө орон сууцыг түрээсэлж эхэлсэн. Тухайн үед уг орон сууцыг надад түрээсэлсэн хүн нь жинхэнэ эзэн нь биш байсан тул 2020 оны 6 дугаар сард А ХХК-ийн захирал Р.Ц уг орон сууцыг хөлслөх гэрээг байгуулсан. Анх тухайн орон сууцандаа орохдоо бүх зүйлүүдийг нь сайн нягталж үзээгүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан эвдрэлүүдийг анзаараагүй. Саяхан ус дулаан, цахилгааны төлбөрийг бүрэн төлж төлбөрийн үлдэгдэлгүй болгосон. Харин СӨХ-ийн 3 сарын төлбөр болох 60 000 төгрөгийг төлөөгүй үлдээсэн. Бусад төлбөрүүдийг бол сайн мэдэхгүй байна. Миний хувьд тухайн орон сууцанд амьдарсан хугацааныхаа түрээсийн төлбөрийг бүрэн төлж барагдуулна. Харин алданги болон бусад зардлыг төлөх боломжгүй байна” гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байршилтай, 29 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцыг мөн өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, сарын 500 000 төгрөгөөр түрээслүүлэхээр, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээгээр дээрх орон сууцыг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай дээрх нөхцөлөөр түрээслүүлэхээр, 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн нэмэлт гэрээгээр мөн орон сууцыг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл дээрх нөхцөлөөр түрээслүүлэхээр талууд харилцан тохиролцсон байна.   

 

Дээрхээс дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний хугацааны талаар маргаагүй, мөн хариуцагч нь орон сууц хөлслөх гэрээний үндсэн төлбөр болох 8 350 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

 

5. Харин хариуцагч нь шүүхэд алданги төлөх боломжгүй гэж маргасан боловч зохигчид 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээний 3.6 дах заалтад “...хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасантай нийцсэн, мөн нэхэмжилж буй алдангийн хэмжээ мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаас хэтрээгүй байх тул нэхэмжлэгч нь алданги 4 175 000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

6. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардаж буй 2022 оны 7, 8, 9 дүгээр саруудын СӨХ-ийн төлбөр 60 000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын цахилгааны төлбөр 11 720 төгрөг, ус дулааны төлбөр 19 220 төгрөгөөс 60 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, бусад төлбөрийн үлдэгдэлгүй гэж маргасан боловч хэргийн 60-65 дугаар талд цахилгааны төлбөрт 11 720 төгрөг, ашиглалтын зардалд 19 220 төгрөгийг тус тус эрх бүхий байгууллагын нэхэмжлэлийн дагуу төлж барагдуулсан баримт авагдсан тул зохигчид гэрээний 5.3-т “хөлслөгч тал байр ашиглалтын зөрдөл болох ус, дулаан, цахилгаан, СӨХ ...зэргийг төлбөр гарсан даруйд нь төлөх үүрэгтэй” гэж тохиролцсоны дагуу хариуцагч дээрх 90 940 төгрөгийн төлбөрийг төлөх үүрэгтэй байна.  

 

7. Нэхэмжлэгч хохирол гаргуулах шаардлагын үндэслэлээ “...О.Н хөлсөлж байсан орон сууцыг цэвэрлэж, холбогдох засварыг хийхийг удаа дараа хэлсэн боловч хийж өгөхгүй байсан тул бидний зүгээс цэвэрлэгээ 200 000 төгрөг, засвар 1 709 550 төгрөг, цоож солиулсан зардал 50 000 төгрөг, нийт 1 709 550 төгрөгөөр засвар хийсэн” гэж тайлбарласан.

 

Орон сууц хөлслөх гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх бөгөөд хөлслөгч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4-т зааснаар хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх үүрэгтэй, энэхүү үүргээ зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч нь мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т зааснаар өөрт учирсан хохирол, эд хөрөнгийг засварлахад гарсан зардлаа шаардах эрхтэй байхаар хуульчилжээ.   

 

Хавтаст хэргийн 48-59, 66-106 дугаар талд авагдсан кассын зарлагын ордер, зарлагын баримтууд, А ХХК, О.А нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан хөлсөөр орон сууцны дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ, цэвэрлэгээний төлбөрт 200 000 төгрөг төлсөн баримт, фото зургуудаар нэхэмжлэгч нь засварын зардалд 1 709 550 төгрөгийг зарцуулсан, цоож солиулахад 50 000, цэвэрлүүлэхэд 200 000 төгрөг тус тус гарсан болох нь тогтоогдож байх тул хуулийн дээрх заалтын дагуу хариуцагчаас шаардах эрхтэй байна.  

 

8. Дээрх үндэслэлүүдээр, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 288 дугаар 288.2.2, 302 дугаар зүйлийн 302.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч О.Нгоос гэрээний үндсэн үүрэгт 8 350 000 төгрөг, алданги 4 175 000 төгрөг, ашиглалтын зардалд 90 940 төгрөг, хохирол 1 959 454 төгрөг, нийт 14 575 394 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгох нь зүйтэй.  

 

9.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263 146 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 263 146 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 288 дугаар 288.2.2, 302 дугаар зүйлийн 302.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч О.Нгоос 14 575 394 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263 146 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 263 146 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.М