Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00451

 

 

 

 

 

 

 

2023 03 03 210/МА2023/00451

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/03442 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Н д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт нийт 14,575,394 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагч О.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Манай компани О.Н той 2020 оны 06 сарын 23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулж, *** тоот хаягт байршилтай 29 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 1 жилийн хугацаатай 1 сарын 500,000 төгрөгөөр түрээслүүлсэн. Тус гэрээний хугацааг 6 сараар, дахин 1 жилээр тус тус сунгасан. Хариуцагч нь орон сууц хөлсөлсөн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөхгүй, хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул 2020 оны 10 сарын 03-ны өдөр орон сууцаа чөлөөлж авсан. Гэрээний 3.6-д талууд 0.5 хувийн алданги төлөх нөхцөлийг тохиролцсон. Иймд хариуцагчаас түрээсийн төлбөр 8,350,000 төгрөг, алданги 4,175,000 төгрөг, СӨХ-ны төлбөр 60,000 төгрөг, цахилгааны төлбөр 11,720 төгрөг, ус, дулааны төлбөр 19,220 төгрөг, цэвэрлэгээний зардал 200,000 төгрөг, засварын зардал 1,709,550 төгрөг, нийт 14,575,394 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие *** тоот хаягт байршилтай 29 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг түрээслэн амьдарч байсан. Түрээсийн төлбөр болох 8,350,000 төгрөгийг төлж барагдуулна. Алданги болох 4,175,000 төгрөгийг төлж чадахгүй. Мөн нэмж нэхэмжилсэн засварын төлбөрийг төлж барагдуулахгүй. Цахилгаан, ус, дулааны төлбөрийн үлдэгдэлгүй байхад нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй. СӨХ-ны 2 сарын төлбөр болох 40,000 төгрөгийг төлнө гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 288 дугаар 288.2.2, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч О.Н гоос 14,575,394 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,146 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 263,146 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч давж заалдах гомдолдоо: А ХХК-ийн нэхэмжилсэн байрны түрээс 8,350,000 төгрөг, засвар үйлчилгээний төлбөр болох 2,050,394 төгрөг, алданги 4,175,000 төгрөгийг төлүүлэхээр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан ба уг шийдвэрт дурдсан алданги 4,175,000 төгрөгийг эрүүл мэндийн шалтгааны улмаас төлөх боломжгүй байна. Харин үндсэн төлбөр болон засвар үйлчилгээний төлбөрийг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулна. Иймд алданги 4,175,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагчтай орон сууж хөлслөх гэрээг байгуулж, удаа дараа сунгасан. Хариуцагч нь ...би алданги, үндсэн төлбөрөө төлнө... гэсэн бичиг хийж өгч байсан. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа ...алданги төлнө гэж гэрээнд заасныг мэдээгүй... гэж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч О.Н д холбогдуулан

түрээсийн төлбөр 8,350,000 төгрөг, алданги 4,175,000 төгрөг, СӨХ-ны төлбөр 60,000 төгрөг, цахилгааны төлбөр 11,720 төгрөг, ус, дулааны төлбөр 19,220 төгрөг, цэвэрлэгээний зардал 200,000 төгрөг, засварын зардал 1,709,550 төгрөг, нийт 14,575,394 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргасан.

Эдгээрийн нийлбэр дүн 14,575,490 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч нь шаардлагаа 14,575,394 төгрөг гэж тодорхойлсон тул энэ хүрээнд маргааныг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

 

3.   Хариуцагч О.Н нь дээрх шаардлагаас түрээсийн төлбөр 8,350,000 төгрөг, СӨХ-ны төлбөр 40,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг анхан шатны шүүхэд гаргасан бол давж заалдах гомдолдоо ...түрээсийн төлбөр, СӨХ-ны төлбөр, ашиглалтын зардал, засварын зардлыг хүлээн зөвшөөрч, харин алданги 4,175,000 төгрөгийг эс зөвшөөрсөн... агуулгаар тайлбар гаргажээ.

4.   Хэргийн баримт, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч А ХХК нь өөрийн өмчлөлийн *** тоот хаягт байршилтай 29 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг хариуцагч О.Н д 2020 оны 06 сарын 23-ны өдрөөс эхлэн нэг сарын 500,000 төгрөгөөр хөлслүүлсэн, улмаар О.Н орон сууц хөлслөх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотойгоор 2022 оны 10 сарын 03-ны өдөр орон сууцыг чөлөөлж авсан үйл баримт тогтоогдсон.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан Орон сууц хөлслөх гэрээ-ний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

 

5. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хөлслөгч нь хэлэлцэн тохиролцсон хөлсийг хөлслүүлэгчид төлөх үүргийг, мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т зааснаар хөлслөгч нь хөлслүүлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүргийг тус тус хүлээх тул хариуцагч О.Н гоос хөлс, хохиролд нийт 10,400,394 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

6.   Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 06 сарын 23-ны өдрийн, 2021 оны 01 сарын 14-ний өдрийн Орон сууц хөлслөх гэрээ-ний 3.6-д ...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр... тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалтад нийцэж байх тул нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч О.Н гоос хууль болон гэрээнд заасны дагуу алданги 4,175,000 төгрөгийг шаардах эрхтэй.

Хариуцагч О.Н гийн хариу тайлбар, татгалзалд дурдагдсан ...эрүүл мэндийн нөхцөл байдал... нь гэрээгээр тохиролцсон алданги төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй учир түүний гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

7.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/03442 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Н гоос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 01 сарын 24-ний өдөр урьдчилан төлсөн 81,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

 

Д.НЯМБАЗАР