Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2022/05119

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: АК ХХК

Нэхэмжлэгч:Д.А

Хариуцагч:М С ХХК

Хариуцагч: Б.Э нарт холбогдох

Гэрээнээс учирсан хохирол 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, олох байсан орлого 32,000,000 төгрөг нийт 62,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-, өмгөөлөгч Б.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтунгалаг, өмгөөлөгч Л.Мөнхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.               Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.А- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

АК ХХК нь Сонгинохайрхан дүүрэгт үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 6 давхар барилгыг бариулахаар М С ХХК-ийн захирал Б.Э-тай 2016 онд ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. М С ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэт биелүүлээгүй. Гэрээнд зааснаар 2 давхарын салхивчны ажлыг хийгээгүй. Б.Э- нь тооцоо нийлсэн акт үйлдүүлэхдээ гарын үсэг зуруулах гэхэд нь би гарын үсэг зурж өгөөд тамга дараагүй үлдээсэн. Ингэхдээ Б.Э- нь дутуу ажлаа 2018 оны 2 сард дуусгаж өгнө гэж хэлээд энэ талаараа бичиж өгсөн. М С ХХК нь 2 давхарын салхивчны ажлыг хийхгүй байсан тул ажлыг бусдаар хийлгэж төлбөрт 20,000,000 төгрөгийг төлж хохирол учирсан. Тиймээс М С ХХК-аас гэрээний гүйцэтгээгүй ажлын үнийн дүн 20,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Мөн гэрээний 6.1-т заасны дагуу гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн 0,1 хувийн алданги тооцно гэж тохирсон. Иймд хохиролд 20,000,000 төгрөгийг, алдангид 10,000,000 төгрөгийг, нийт 30,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн шүүхийн шийдвэрээр тус гэрээний үнэд 245,350,000 төгрөгийн үнэ бүхий Баянзүрх дүүрэгт байрлах sun 0хотхоны 0дугаар байрны 0 өрөө байрыг М С ХХК-ийн захирал Б.Э-д шилжүүлэн өгсөн.

Тус орон сууцны тус байрны хууль ёсны өмчлөгчөөр Д.А-ыг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тодорхойлсон байдаг. Гэтэл Б.Э- нь гэрээний дагуу үүргээ гүйцэт биелүүлээгүй байж миний өмчлөлийн байранд хууль бусаар амьдарсаар, минйи зөвшөөрөлгүй амьдарсан. Хэрэв тухайн байрыг зах зээлийн дундаж үнэ нэг сарын 2,000,000 төгрөгөөр тооцон бусдад түрээсэлсэн бол 32,000,000 төгрөгийг олох боломжтой байсан. Иймд энэхүү мөнгийг Б.Э-гаас гүйцэтгэх гэрээний үүрэгт 20,000,000 төгрөгийг, алданги 10,000,000 төгрөгийг, олох ёстой байсан орлого 32,000,000 төгрөгийг нийт 62,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн төлөөлөгч Д.Энхтунгалаг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: АК ХХК болон М С ХХК нарын хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр захиалагчийн захиалгаар Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороонд байрлах үйлчилгээний зориулалттай 0 давхар барилгыг барьж гүйцэтгэхээр М С ХХК гэрээ байгуулсан эсэхийн талаар маргаагүй.

М С ХХК гэрээний дагуу ажлыг бүрэн хийж дуусгаж, Улсын комисст хүлээлгэж бүрэн өгсөн. Нэхэмжлэгч 2 давхрын зохион байгуулалтыг барилгын зураглалаас өөрчилж 0/0/ болгохоор зохион байгуулалттай болгохоор өөрчилсөн байдаг. Ингэж өөрчилсний дагуу Түмэнбаатараар гэрээний дагуу ажил хийлгээд тэр хөлсөө Б.Э-гаас шаардах эрхгүй тул 20,000,000 төгрөг алданги 10,000,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Б.Э- нь Ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 245,000,000 төгрөгийн хөлсөнд Баянзүрх дүүрэгт байрлах sun village хотхоны 330 дугаар байрны 4 өрөө байрыг байрыг авсан, 2016 оны 4 дүгээр сараас өнөөдрийг хүртэл энэ байранд амьдарч байна. Энэ хугацаанд байрыг чөлөөлөхийг хэн ч шаардаж байгаагүй мөртлөө одоо яагаад ингэж яриад байгааг ойлгохгүй байна.

Барилга угсралтын ажлын гэрээний 6.1-т заасны ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд байр авсан байхад түрээсийн төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна Энэ талаар 2 шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй тул нэхэмжлэлийг бүхэлд шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

3.               Нэхэмжлэгчээс шүүхэд:хуулийн этгээдийн гэрчилгээ(хх-ийн3), компанийн дүрэм(хх-ийн4-5), Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ(хх-ийн6-7), 18.02.13-ний өдрийн тооцоо нийлсэн акт(хх-ийн8),орон сууц худалдах, худалдан авах гэрээ(хх-ийн9), Д.Э иргэний үнэмлэх лавлагаа(хх-ийн10), Яргай цамхаг ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ(хх-ийн11),ҮХЭХӨЭУБ гэрчилгээ(хх-ийн12), БЗДИХАШ шүүхийн 2020.03.04-ний өдрийн 101/ШШ2020/00794 дугаар шийдвэр(хх-ийн13-19), 2021.08.26-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл(хх-ийн20-23),Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.31-ний өдрийн 1858 дугаар магадлал(хх-ийн24-29), орон сууцны түрээсийн судалгаа(хх-ийн55), бэлэн мөнгөний зарлагын баримт(хх-ийн 68-70), 2018.02.28-ны ажил гүйцэтгэх гэрээ(хх-ийн113-118),216.03.11-ний өдрийн №16/03-11 гэрээ(хх-ийн119-120),Гамшиг судлалын хүрээлэнгийн лабораторийн дүгнэлт (хх-ийн121),2018.11.02-ны өдрийн Яргай цамхаг ХХК-ийн албан тоот (хх-ийн122), Барилга,байгууламжийн чанарт гүйцэтгэгч байгууллагаас гаргасан баталгаа(1хх-ийн 242),барилгын салхивчийн систем угсарсан,сорилтоор шалгасан акт(1хх-ийн 243), Барилга угсралтын явцад зохиогчийн хяналт хийсэн тухай нэгдсэн дүгнэлт(1хх-ийн 244-246.),Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлт(1хх-ийн 247-250.), урдчилсан тенхикийн комисс ажилласан хурлын протокол(2хх-ийн 1-2), 2 давхрын системийн гүйцэтгэлийн зураглал(2хх-ийн 3-5), зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

4.Хариуцагч талаас шүүхэд: итгэмжлэл(хх-ийн43-44), Хаан банкны 2018.02.13-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт(хх-ийн77),Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлт(хх-ийн76-77),2018.24.146-ны тооцоо нийлсэн акт(хх-ийн80), 2016.03.10-ны орон сууц захиалгаар бариулах гэрээ (хх-ийн81-83), Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ(хх-ийн84-85), Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.31-ний өдрийн 1858 дугаар магадлал(хх-ийн86-95), БЗДИХАШ шүүхийн 2020.03.04-ний өдрийн 101/ШШ2020/00794 дугаар шийдвэр(хх-ийн96-108), нотлох баримтын шаардлага хангаж гаргаж өгсөн.

Шүүхээс зохигчдын хүсэлтээр:С.Т гэрчийн мэдүүлэг (2хх-ийн 15-21), 2018.02.13-ны өдрийн тооцоо нийлсэн акт(2хх-ийн 27) зэрэг баримтыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч АК ХХК нь хариуцагч М С ХХК-д холбогдуулан ажил гүйцтэгэх гэрээгээр дутуу гүйцэтгэсэн ажлыг бусадаар гүйцэтгүүлсэн зардалд гарсан 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг нийт 30,000,000 төгрөгийг, иргэн Д.А- нь Б.Э-д холбогдуулан олох ёстой байсан орлого 32,000,000 төгрөгийг нийт 62,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч М С ХХК, Б.Э- нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

1. Нэхэмжлэгч АК ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагч М С ХХК нь гэрээгээр хүлээсэн ажлаа дутуу хийж гүйцэтгэсний улмаас бусдаар гүйцэтгүүлсний зардалд төлсөн 20,000,000 төгрөгийг, гэрээнд заасан хугацаандаа үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэж алданги 10,000,000 төгрөгийг нийт 30,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.

2. Зохигчдын хооронд Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр гүйцэтгэгч тал буюу М С ХХК нь батлагдсан зураг төслийн дагуу Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороонд үйлчилгээний барилгын ажлыг хийж гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч тал нь шаардлага хангасан материал шилжүүлэн өгөх, хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн талаар хэн аль нь маргаагүй. (1хх-ийн 6-7)

3. Нэхэмжлэгчээс гэрээгээр тохиролцсон ажлаас 2 давхарын агааржуулалт, салхивчны ажлыг дутуу хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ ажлыг хийж гүйцэтгэхэд 20,000,000 төгрөгийн зардлыг бусад төлсөн гэж тайлбарласан.

4. Хариуцагч барилгыг барьж дуусгаад Улсын комисст хүлээлгэн өгч үүргээ бүрэн биелүүлсэн.Нэхэмжлэгч барилгын 2 давхрын зураглалыг ө0 й зохион байгуулалттай болгохоор өөрчилж, бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлсөд төлсөн 20,000,000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

5. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

6. Зохигчдын тайлбар болон талууд хооронд байгуулсан гэрээний агуулга, талуудын хүсэл зоригын илэрхийлэлээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

7. Нэхэмжлэгч АК ХХК-ийн захиалгаар Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, үйлчилгээний барилгын ажлыг 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэлх хугацаанд барьж гүйцэтгэхээр тохирч М С ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээний дүн 246,000,000 төгрөг гэж тохирчээ. (1хх-ийн6-7 )

8 Хэрэгт 2018 оны 01 дүгээр сарын 16, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрүүдийн талуудын хооронд тооцоо нийлсэн акт баримтаар авагдсан.Талууд 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тооцоо нийлэхэд М С ХХК-ийн гэрээний дүн 246,350,000 төгрөг, хариуцагчаас нэхэмжлэгчид 1,008,800 төгрөгийг мөнгөн хэлбэрээр өгөхөөр, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дахин тооцоо нийлж, М С ХХК-д ажлын хөлсөнд 0 виллаж хотхон, А.блок, 0 тоот 4 өрөө үл хөдлөх хөрөнгийг өгөхөөр тохиролцсон баримт авагдсан болно. Зохигчид барилга угсралтын гүйцэтгэх гэрээг дуусгавар болгож, тооцоо нийлсэн актыг үйлдсэн үйл баримтыг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хэрэгт баримтаар авагдсан. (1-хх-ийн 8,80,13-19,24-28)

9. Гүйцэтгэгч М С ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6 давхар контор зочид буудал, үйлчилгээний зориулалттай барилгын барьж, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын №2018/38 дугаар дүгнэлт гарчээ. Уг дүгнэлтээр барилга байгууламжийн барилгын ажил зохих зөвшөөрөл зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулах нь зүйтэй гэжээ.(1-хийн78-79)

10. Дээрх Улсын комиссын дүгнэлт талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тооцоо нийлсэн актад нэхэмжлэгчийн маргаж буй 2 давхрын салхивчийн ажлыг дутуу хийсэн гэх ажлын доголдлын талаар дурдагдаагүй байна. (1хх-ийн 78-80)

11. Талуудын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрүүдэд тооцоо нийлсэн актын зүүн доод мөрөнд ....2 давхрын салхивчны асуудал дутуу байгаа 2 сард багтааж дуусгахаар тохиров гэж нэхэмжлэгч АК ы захирал Д.А- өөрөө бичсэн талаар шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн, харин М С ХХК-ийн захирал Б.Эрдэндаваа хүлээн зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй, гарын үсэг зурагдаагүй байна.

12. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШЗ2022/26743 дугаар Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжаар шүүхийн төрөлжсөн архиваас талуудын хооронд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрүүдэд тооцоо нийлсэн акт-ыг нотлох баримтаар шаардан гаргуулсан. Дээрх баримт хэргийн 8 дугаар талд авагдсан баримттай бичиглэлийн хувьд нэгэн адил ижил байсныг дурдах нь зүйтэй(2 хх-ийн 27 )

13. АК ХХК-ийн захирал Д.А- С.Т нарын хооронд 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ хэрэгт баримтаар авагдсан. Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-д:

a.    2-давхрын заалны агааржуулалтын систем О1, С2,С3,С4-100 хувь хийж гүйцэтгэх;

b.    1- давхрын С2,С3 агааржуулалтын систем-100 хувь хийж гүйцэтгэх;

c.    В1- давхрын С1 систем- 100 хувь хийж гүйцэтгэх;

d.    Тавьсан тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх,суулгах-100 хувь хийж гүйцэтгэх;

e.    Бусад жижиг засвар үйлчилгээг хийх-дулаалга, залгааг битүүмжлэх, бэхэлгээг нэмэх гэх мэт;

f.     Салхивчны бэлдэц, бэлтгэх угсралт;

g.    Решотика суулгах- Нийт дүн: 20,000,000 төгрөг гэж

14.Шүүхэд гэрч С.Т... 7 төрлийн ажлыг нийт 20,000,000 төгрөгөөр хийхээр тохиролцсон,....2 давхрыг засварласан, сольсон,....2 давхарт агааржуулалтын зоонтог хийсэн,сольсон, бэхэлгээ хийсэн решотек суурилуулсан, солих ёстой зүйлсийг сольсон гэх мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч АК ХХК нь С.Т нарын хооронд 7 төрлийн ажлыг гүйцэтгүүлэх ажлын хөлсөнд 20,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцон 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, ажлын хөлс төлсөн талаарх баримт хэрэгт авагдсан. (1хх-ийн 68-70,111-114, 2хх-ийн 17-21)

15. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хариуцагчийг 2 давхрын салхивчны асуудал дутуу хийсэн ажлыг С.Т гүйцэтгүүлж өөрөөс 20,000,000 төгрөгийн зардал гарсан гэж маргах атлаа 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Тооцоо нийлсэн акт-д дурдсан ажлын доголдлын талаар тохиролцсон гэх баримтын эх хувийг шүүхэд гаргаж өгөөгүй. Түүнчлэн нэхэмжлэгч 2 давхрын дутуу гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгуулахаар С.Т хэдэн төгрөг төлсөн талаарх төлбөрийн задаргааг шүүхэд өгөөгүй болно.

16. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25,2,2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд талуудын хооронд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Тооцоо нийлсэн актын эх хувийг шүүхэд гаргаж өгөөгүй, С.Түмэнбаатараар 2 давхрын ажлыг гүйцэтгүүлэхээр хэдэн төгрөг төлсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэв.

17. Хариуцагч талаас нэхэмжлэгч барилгын 2 давхрын зураглалыг өөрчилж шөл /0/-ний зохион байгуулалттай болгохоор өөрчилсөн гэж маргасныг баримтаар няцаагаагүй.

18. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4.-т Ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана. гэж заажээ.

19. АК ХХК-ийн захиалгаар бариулсан Сонгинохайрхан дүүрэг, 0дугаар хорооны нутаг дэвсгэрт 6 давхар контор зочид буудал, үйлчилгээний зориулалттай барилгын барьж гүйцэтгэсэн МС ХХК- барилгыг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн, талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 16, 02 дугаар сарын 13-ны өдрийн тооцоо нийлсэн актыг үйлдэхэд үед нэхэмжлэгч маргаж буй 2 давхрын салхивчийн ажлыг хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар мэдэж байсан боловч тухайн үед ямар нэгэн гомдол гаргаагүй байх тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т зааснаар гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэв.

20. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч С.Т 7 төрлийн ажлыг гүйцэтгүүлсэн ажлын хөлсөнд төлсөн 20,000,000 төгрөгийг бүхэлд нь хариуцагчаас нэхэмжлэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

21.Нэхэмжлэгч алданги шаардах хугацааг талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэж тогтоосон.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар талууд гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар гэрээний хугацааг сунгаж, гэрээний үүргийг дүгнэж тооцоо нийлсэн актыг үйлдсэн үйл баримт тогтоогдсон. Нэхэмжлэгчээс алданги тооцох хугацаа буюу хариуцагчтай тохиролцсон үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлоогүй тул хариуцагчийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

22. Нэхэмжлэгч Д.Э 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хүртэлх миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0дугаар хороо, 0village хотхон, 0дугаар байр 0тоот хаягт байрлалтай, 99.1 м.кв талбайтай 4 өрөө орон сууцанд 1 жил 4 сарын хугацаанд амьдарсан. Би бусдад орон сууцыг хөлслүүлсэн бол 32,000,000 төгрөгийг олох ёстой байсан гэж хариуцагч Б.Э-с шаардсан.

23. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2020/00794 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1858 дугаар магадлалаар дээрх орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах шаардлага бүхий Б.Э-, М С ХХК нарын нэхэмжлэлтэй, Ш.Энхтөр, 0 цамхаг ХХК, АК ХХК, Д.А- нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. (хх-ийн 84-106)

24. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийн зүйл болсон дээрх орон сууцыг талуудын хооронд байгуулсан Барилга угсралтын ажил гүйцтэгэх гэрээний үүрэгт АК ХХК-иас М С ХХК-д төлөх ажлын хөлс байна гэж дүгнэсэн үйл баримт тогтоогдогдсон болно.

25.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

26.Иймд нэхэмжлэгч Д.А-ы Б.Э-г үндэслэлгүй хөрөнгөжсөн олох байсан орлого 32,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

27. Дээрх үндэслэлүүдийг дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.4, 492 дугаар зүйлийн 492.1.-д заасныг баримтлан хариуцагч М С ХХК-иас 20,000,000 төгрөг, алданги 10,000,00 төгрөг нийт 30,000,000 төгрөгийг, Б.Э-гаас 32,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Д.А-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 , 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэг нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 467,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ