Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1060

 

 

 

 

 

 

 

 

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/01033 дугаар шийдвэртэй “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Э, Б.А, Д.Ц нарт холбогдох Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 95 523 822 төгрөг, алданги 47 761 911 төгрөг, нийт 143 285 733 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Г.Эийг авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Г.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бүрнээ, Д.Батзориг, хариуцагч Г.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр “Эм энд Жи Констракшн” ХХК-аас 5 903 879 190 төгрөгийг гаргуулж “С” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж “Эм энд Жи Констракшн” ХХК-ийн барьсан “Голден Вилл” хотхоны орон сууцнуудыг “С” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. Ингээд тус байранд амьдарч байсан иргэн Г.Э болон иргэн Б.А, Д.Ц нартай 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрээг байгуулж Голден Вилл хотхоны 103 дугаар байр, 604 тоот, 4 өрөө орон сууцыг, В-10 зогсоолын хамт 224 000 ам.доллараар худалдахаар харилцан тохиролцсон. Гэрээнд заасны дагуу худалдан авагч талын “Эм энд Жи Констракшн” ХХК-д төлсөн 60 000 ам.долларыг хасч тооцон үлдэх 164 000 ам.долларыг 2013 оны 03 дугаар сарын 31-ний өдөрт багтаан төлөхөөр болсон. Худалдан авагч нь төлбөрөөс 125 803 ам.долларыг хэсэгчлэн төлсөн бөгөөд үлдэгдэл 38 197 ам.долларыг удахгүй төлнө гэсэн тул Г.Эийн хүсэлтийн дагуу түүний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй. Иймд гэрээнд заасны дагуу алдангийн хамт нийт 143 285 733 төгрөгийг Г.Эээс гаргуулж өгнө үү. Холбогдох нотлох баримтуудад үндэслэн хариуцагч Д.Ц, Б.А нарт холбогдох шаардлагаас татгалзаж байгаа болно.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд, Гэрээний үнийн дүнд авто зогсоолын үнэ хамт орсон учир орон сууцнаас нь салгаж тооцох боломжгүй юм. Хариуцагч Г.Э нь хэрэгт авагдсан нотлох баримт болох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 3 дугаар сарын 23-ны өдрийн шүүгчийн захирамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжуудаар Д.Ц, Б.А нараас орон сууц болон авто зогсоолын үлдэгдэл төлбөрийг авсан атлаа “С” ХХК-д шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул хариуцагч Г.Эийн орон сууц болон авто зогсоолын үнийг бүрэн төлж барагдуулсан гэж тайлбарлаж, маргаж байгаа нь дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байна. 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний 2.2-т Г.Э нь дээрх төлбөрийг иргэн Д.Ц, Б.А нараас шаардах эрхтэй, 2.3-т гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 103 дугаар байрны 604 тоотод оршин сууж байгаа иргэн Г.Э нь иргэн Д.Ц, Б.А нараас шилжүүлсэн орон сууцны төлбөрийг “С” ХХК-д шилжүүлэх ба “С” ХХК нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Эийн нэр дээр шилжүүлнэ, 3.1-д Б тал буюу иргэн Д.Ц, Б.А нар нь дээрх орон сууцыг В10 автомашины зогсоолын хамт 224 000 ам.доллараар бодож А тал буюу Г.Эт төлнө, 3.2.1-т Үлдэгдэл 92 000 ам.долларыг Д.Ц, 3.2.2-т Үлдэгдэл 72.000 ам.долларыг Б.А төлөхөөр, мөн гэрээний 3.3-т Б тал буюу Д.Ц, Б.А нар нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.1- 3.2-т заасан үүргийг бүрэн гүйцэтгэсэн тохиолдолд А тал буюу “Голден вилл” хотхоны 103 дугаар байрны 604 тоотод оршин сууж байгаа иргэн Г.Э болон “С” ХХК-ийн өмнө хүлээх бүх үүргээс чөлөөлөгдөнө гэж тус тус заажээ. Энэхүү заалтаас үзвэл 92 000 ам.доллар, 72 000 ам.долларыг Д.Ц, Б.А нараас уг үнээр Г.Э нэхэмжилсэн нь гэрээний дүн болоод огноо, дугаар тохирч байх бөгөөд төлбөрийг “С” ХХК-д шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй тул хариуцагч Г.Э нь “С” ХХК-ийн өмнө хүлээх үүргээс бүрэн чөлөөлөгдөөгүй болно. Хэрэв орон сууц болон авто зогсоолын төлбөрийг бүрэн барагдуулсан тохиолдолд авто зогсоолын өмчлөлийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагч Г.Э шүүхэд гаргасан тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Байрны үнэ болох 224 025 ам.долларыг 2008 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “Наран моторс” ХХК-ийн менежер н.Батцэнгэл болон нягтлан бодогч нарт бэлнээр төлж санхүүгийн тамгатай баримт авсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хэзээ гарахыг “Наран Моторс” ХХК-ийн менежер н.Батцэнгэлээс лавлахад 2008 оны 9 дүгээр сараас хэтрэхгүй гарчихна, ямар нэгэн өр төлбөрийн асуудал байхгүй гэж байсан. “Наран моторс” ХХК нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Голден вилл” хотхоны 103 дугаар байр 604 тоот байрыг анх иргэн Б.А, Д.Ц нараас ВМW-Х5 автомашинаар сольж авсныг мэдсэн. Миний бие 2011 оны 10 дугаар сард Нийслэлийн прокурорын газарт иргэн Б.А, Д.Ц, “Наран Моторс” ХХК-ийг эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар хүсэлт гаргасан боловч Сүхбаатар дүүргийн прокурорын газраас хянаж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалыг хянаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар хүргүүлсэн тухай хариу ирүүлсэн. Г.Э миний бие 2008 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны “Голден вилл” хотхоны 103 дугаар байрны 604 тоотын орон сууцны үнэ төлбөрийг 100 хувь шударгаар бэлэн төлсөн иргэн мөртлөө хууль ёсны өмчлөгч болж чадахгүй хохирч байна.

2013 оны 02 дугаар сард залилагч Д.Ц, Б.А нар нь манай ажил дээр БНСУ-ын компани болох “С” гэдэг Солонгос компанийн захирал Lee Үоung Моок, орчуулагч н.Сарантуяа хоёрыг авчран надтай анх танилцуулж, танай байрны гэрчилгээ БНСУ-ын “С” компанийн нэр дээр гарсан байгаа, тийм учраас бид гурвалсан гэрээ хийх шаардлагатай байна гэсний дагуу 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр БНСУ-ын “С” ХХК болон иргэн Б.А, Д.Ц нартай гэрээ хийхийг зөвшөөрсөн. Би Б.А, Д.Ц нараас төлсөн төлбөрийг БНСУ-ын компани болох “С” ХХК-ийн захирал Lee Үоung Моок-т хүлээлгэн өгөх, төлбөр төлөгдөж дууссанаар уг орон сууц миний нэр дээр шилжин ирэхээр заагдсан гэрээ байсан. Гэтэл 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “С” ХХК-ийн захирал Lee Үоung Моок нь Б.А, Д.Ц нар 2012 оноос хойш төлбөрөө барагдуулахгүй хугацаандаа мөнгөө төлөхгүй байна, Lee Үоung Моок би Монгол Улсад амьдрахад маш хүнд байгаа тул надад туслаад Б.А, Д.Ц нарын төлөх мөнгөнөөс түрүүлж 50 000 ам.долларыг өөрөөсөө өгөөч, тэгвэл танай байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн чинь нэр дээр шилжүүлж өгье гээд “Голден вилл” хотхоны 103 байр 604 тоотын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг надад үзүүлж гуйсан. Ингээд 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “С” ХХК захирал Lee Үоung Моок-д 50 000 ам.долларыг бэлнээр өөрөөсөө өгч, 2013 оны 02 дугаар сарын 09-ний өдөр БНСУ-ын компани болох Си энд “Си Комоко” ХХК-иас Монгол Улсын иргэн Г.Эийн нэр дээр орон сууц худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Нэгэнт худалдаж авсан орон сууцны төлбөрөө дахин төлөх зохицуулалт байхгүй.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд, дээрх орон сууцыг авто зогсоолын хамт Б.Болормаа, “Эм энд Жи Констракшн” ХХК-ийн хооронд байгуулсан 2008 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 06/17 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээгээр Б.Болормаа нь захиалан бариулсан ба уг гэрээг Б.Болормаагийн зөвшөөрлийг үндэслэн Г.Эийн төрсөн эцэг болох Л.Гомбожав 2008 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 6/17 тоот Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг “Эм энд Жи Констракшн” ХХК-тай байгуулж, гэрээний нийт үнийн дүнг 224 025 ам.доллар байхаар харилцан тохиролцсон ба гэрээний нийт үнэ болох 224 025 ам.долларыг 2008 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “Наран моторс” ХХК-ийн санхүүд бэлнээр бүрэн төлж барагдуулсны үндсэн дээр тус компаниас санхүүгийн тамга тэмдэг бүхий баримтыг авсан. Гэтэл “С” ХХК нь В-10 тоот авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн нэр дээр гаргуулан авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд Г.Эийг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Денверийн гудамж Голден Вилл хотхоны 108 дугаар байрны В-10 тоот, 12.5 м.кв талбайтай, авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Г.Эээс 82 815 402 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 60 470 331 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бүрнээ, Д.Батзориг нар хариуцагч Б.А, Д.Ц нарт холбогдох нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсаныг баталж, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Эрхийн улсын бүртгэлийн Y-2204078122 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хотхон /13380/, Денверийн гудамж, 108 байр, в-10 тоот хаягт байршилтай, 12.5 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.Эийг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Эээс улсын тэмдэгтийн хураамжид 572 027 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 70 200 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.Эт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс Г.Эийг “С” ХХК, иргэн Д.Ц, Б.А нараас орон сууцыг худалдан авсан мэтээр дүгнэлт өгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэх гэрээг үндэслэл болгодог. “С” ХХК-ийн захирал И Ён Мүг нь Г.Этэй уулзаж “Солонгос Улс руу яаралтай явах боллоо. Д.Ц, Б.А нарын төлөх төлбөр болох 164 000 ам.доллараас 50 000 ам.долларыг түрүүлж өгөөч, харин 50 000 ам.долларыг Д.Ц, Б.А нарын төлөх төлбөрөөс суутган аваарай, харин орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээр чинь шилжүүлж өгөөд бүх төлбөр тооцоо дуусгая” гэж гуйсны дагуу Г.Э нь Д.Ц, Б.А нарын өмнөөс 50 000 ам.долларыг “С” ХХК-ийн захирал БНСУ-ын иргэн И Ён Мүгт бэлнээр өгч, 2013 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо “Голден вилл” хотхоны 103 дугаар байрны 604 тоот 149.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гарган авсан. “С” ХХК-ийн захирал И Ён Мүг нь Г.Э нарын хооронд байгуулагдсан 2013 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээний 3 дугаар зүйлд “орон сууц худалдагч тал худалдан авагч талд 50 000 ам.доллараар худалдах ба төлбөрийг 2013 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төлж дуусгасан байна” гэж заасны дагуу 50 000 ам.долларыг 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “С” ХХК-ийн захирал И Ён Мүгт бэлнээр өгч хүлээн авсан тухай гарын үсэг зурсан ба 2013 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээг өөрийн хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан. Д.Ц, Б.А нар нь 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний дагуу төлөх төлбөрөөс Г.Эийн төлсөн 50 000 ам.долларыг оруулж тооцож Д.Ц нь 18 576 ам.доллар буюу 38 004 167 төгрөгийг Г.Эт төлж барагдуулахыг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2016/02588 тоот шүүгчийн захирамж, Б.А нь 21 872 ам.доллар буюу 44 811 134 төгрөгийг Г.Эт төлж барагдуулахыг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШЗ2016/04381 тоот шүүгчийн захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж “С” ХХК-ийн захирал И Ён Мүгтэй тохиролцсоны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу өөрийн өгсөн 50 000 ам.долларт суутган авсан. Энэхүү үйл байдлыг гэрчлүүлэх зорилгоор тухайн үед Г.Этэй хамт байсан, үйл баримтыг бүрэн мэдэж байгаа иргэн Ч.Ганцэцэгийн шүүх хуралдаанд гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх үндэслэлгүйгээр хүлээн аваагүй нь хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзлын үндэслэлээ нотлох эрхийг хөндсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас 2013 оны 02 дугаар сары 01-ний өдөр байгуулсан гэрээний 3.2.1-т заасан иргэн Д.Цгийн “С” ХХК-д 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 20 000 ам.долларыг, гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2-т иргэн Б.Агийн “Эм энд Жи констракшн” ХХК-д төлсөн 40 000 ам.долларыг тус тус хасч тооцож гэрээ байгуулсан атал “Эм энд Жи констракшн” ХХК-ийн 2011 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 45 дугаартай албан бичигт дурдсан 44 000 ам.долларыг ямар үндэслэлээр төлсөн төлбөрт оруулан тооцохгүй байгаа нь тодорхойгүй бөгөөд уг 44 000 ам.долларыг Б.А болон Д.Ц нарын төлөх төлбөрт оруулан тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2016/02588 тоот шүүгчийн захирамжаар тогтоосон 18 576 ам.доллар буюу 38 004 267 төгрөг, тус шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШЗ2016/04381 тоот шүүгчийн захирамжаар тогтоосон 21 872 ам.доллар буюу 44 811 134 төгрөг нийт 82 815 402 төгрөгийг Г.Эээс гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч нь 82 815 402 төгрөгийг иргэн Д.Ц, Б.А нараас шүүхийн журмаар нэхэмжлэхдээ хууль зүйн туслалцаа авч, өмгөөллийн хөлсөнд 4 000 000 төгрөг, Д.Цгээс 38 004 267 төгрөг гаргуулахаар 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 16/4324 дугаартай, Б.Агаас 44 811 134 төгрөг гаргуулахаар 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 16/5702 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн урамшуулах тухай гэрээг тус тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай байгуулж, гэрээнд заасан хувь хэмжээ буюу 44 811 134 төгрөгийг 6.5 хувь 2 912 723 төгрөг, 38 004 267 төгрөгийн 6.5 хувь буюу 2 470 277 төгрөг нийт 5 383 000 төгрөг, мөн Д.Ц нь 38 004 267 төгрөг төлөхөөс 26 000 000 төгрөгийг төлж үлдэгдэл 12 000 000 төгрөгийг төлөхгүй харилцан тохиролцсон ба Г.Эт нь 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний дагуу иргэн Д.Ц, Б.А нараас төлбөр шаардахдаа нийт 21 383 000 төгрөгийн зардал гаргасан бөгөөд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 82 815 402 төгрөгөөс 21 383 000 төгрөгийн зардал хасаж тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бус иргэн Д.Ц Б.А болон нэхэмжлэгч “С” ХХК-ийн хооронд харилцан тохиролцсон гэрээ гэж хариуцагч талаас үзэж байна. Б.А, Д.Ц нар нь 2013 оны 5 дугаар сард нэхэмжлэгч талд мөнгө өгсөн бөгөөд нэхэмжлэгч нь 2013 оны 5 дугаар сараас 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд аливаа байдлаар нэг ч удаа мөнгө төлөх талаар шаардаж байгаагүй атал 6 жил 4 сарын дараа мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан. 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээ гэж үзвэл тус хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т “үлд хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” гэж заасан тул нэхэмжлэгч “С” ХХК нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй бөгөөд шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч “С” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А, Д.Ц нарт холбогдуулсан шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Г.Эт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 143 285 733 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч орон сууц, автомашины зогсоолын үнийг “Наран Моторс” ХХК-д төлж барагдуулсан, мөн нэхэмжлэгч компанид 50 000 ам.доллар төлсөн гэж тайлбар гарган маргаж, Баянзүрх дүүргийн 1-р хороо, Голден вилл хотхоны 108 дугаар байрны в-10 тоот хаягт байршилтай 12.5 м.кв автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12 дугаар хороолол, 15/3, Денверийн гудамж 103 дугаар байрны 604 тоот, 149,35 м.кв талбайтай 4 өрөө орон сууц нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад “С” ХХК-ийн өмчлөлд шилжиж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204044394 дугаарт бүртгэгдсэн байна. /1хх.4, 198-200/

Дээрх орон сууцтай холбоотойгоор 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Г.Э /А тал/, Д.Ц, Б.А /Б тал/, БНСУ-ын “С” ХХК-ийг төлөөлж И Ён Мүг /С тал/ нар гурван талт гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр Д.Ц, Б.А нар нь “С” ХХК-д төлөх ёстой орон сууц, автозогсоолын төлбөр 224 000 ам.долларыг Г.Эт төлөх, тус төлбөрийг Г.Э нь “С” ХХК-д шилжүүлэх, төлбөрийг бүрэн төлсөн даруй нэхэмжлэгч компани нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч Г.Эийн нэр дээр шилжүүлэхээр талууд тохиролцжээ.  /1хх.15-17/ Энэхүү гэрээний дагуу худалдах, худалдан авах гэрээний үүрэг нэхэмжлэгч компани болон Д.Ц, Б.А нарт үүсч, Г.Эийн хувьд төлбөр бүрэн төлөгдсөнөөр орон сууцны өмчлөх эрхийг өөртөө шаардах эрхтэй болсон байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасан үүрэг, түүнийг шаардах эрх гэрээний гурван талын хооронд хуваарилагдсан байна.

Улмаар 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Г.Э, “С” ХХК-ийн захирал И Ён Мүг нар нь “2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрээний дагуу Д.Ц, Б.А нарын төлөх төлбөрийн хэсэг болох 50 000 ам.долларыг Г.Э нь И Ён Мүгт урьдчилж төлөх, түүний дагуу Г.Э нь худалдан авагчийн эрх үүргийг эдлэхээр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нотариатаар батлуулснаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авах” агуулгатай хэлцлийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар бичгээр хийсэн байна.

Энэхүү хэлцлийн дагуу Г.Э нь 50 000 ам.долларыг “С” ХХК-ийн захирал И Ён Мүгт төлж, 2013 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээг байгуулж, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авсан болох нь хэрэгт авагдсан №C&C-E гэрээ болон орон сууц худалдах, худалдан авах гэрээ /1хх.75-77/, хариуцагч Г.Эийг дээрх орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн 2013 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Ү-2204044394 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүх дээрх гэрээнүүдэд үндэслэж нэхэмжлэгч компани, хариуцагч Г.Э нарын хооронд маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах тухай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн гэж үндэслэлтэй, зөв дүгнэжээ.

Энэхүү гэрээг байгуулсан нь талуудын оролцоотой өмнө нь байгуулагдсан 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гурван талт гэрээний үүргийг дуусгавар болгоогүй, өөрчлөөгүй болох нь хэрэгт авагдсан 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №C&C-E тоот гэрээний 4.2-т “2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хийсэн “гэрээ №C&C-E-Ts.A” гурван талт гэрээ хүчин төгөлдөр бөгөөд иргэн Д.Ц, Б.А нараас гэрээнд заасан графикийн дагуу төлбөрийг А тал буюу Г.Э нь хүлээн авч Б буюу “С” ХХК-д шилжүүлсэн тохиолдолд Б тал нь энэхүү үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүргээс чөлөөлөгдөнө” гэж бичигдсэнээр тогтоогдож байна. /1хх.113/ Өөрөөр хэлбэл, Г.Эийн хувьд нэхэмжлэлийг татгалзаж буй тайлбартаа 50 000 ам.долларыг төлсөн 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн гэрээг иш татаж байх боловч энэ нь гурван талт гэрээний үүргийг дуусгавар болгох үндэслэл болохгүй юм.

Иймд хариуцагч Г.Эийн татгалзал нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-236.1.3-т заасан үүргийг дуусгавар болгох тухай “зохих ёсоор гүйцэтгэсэн”, “үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан”, “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон” гэх үндэслэлийн алинд ч хамаарахгүй байна. Харин хариуцагч Г.Эийн хувьд 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гурван талт гэрээгээр Д.Ц, Б.А нарын хүлээсэн үүргээс 50 000 ам.долларыг нэхэмжлэгч компанид урьдчилж төлсний улмаас Б.А, Д.Ц нар нэхэмжлэгчийн өмнө төлөх ёстой байсан төлбөрийн үүргээс чөлөөлөгдсөн бол уг этгээдүүдээс буцаан шаардахад энэ магадлал саад болохгүй болно. 

Нэхэмжлэгч нь хариуцагч Г.Эт холбогдуулан мөнгөн төлбөр гаргуулахаар шаардаж буй үндэслэлээ 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гурван талт гэрээгээр тодорхойлж байна. Уг гэрээгээр хариуцагч Г.Э Б.А, Д.Ц нараас гэрээний дагуу төлөх төлбөрийг хүлээн авч, нэхэмжлэгч компанид шилжүүлэх үүрэг хүлээсэн байх ба үүний агуулгаас үзэхэд Г.Э нь компанийн өмнө мөнгө төлөх үүргийг хүлээгээгүй, харин Б.А, Д.Ц хоёр хүлээсэн байна.

Дээрх тохиролцооны дагуу Д.Ц нь 92 000 ам.доллар, Б.А нь 72 000 ам.долларыг Г.Эт шилжүүлэх үүргийг биелүүлсэн байх боловч уг төлбөрөөс хариуцагч Г.Э нь нэхэмжлэгч компанид 125 803 ам.доллар шилжүүлж, үлдэх 38 197 ам.долларын төлбөрийг шилжүүлээгүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан мөнгө хүлээлцсэн баримт болон бэлэн мөнгөний зарлагын баримтуудаар тогтоогдож байна. /1хх123-132/

Иймд хариуцагч Г.Э нь хүлээн авсан мөнгөн төлбөрийг нэхэмжлэгч компанид шилжүүлэн өгөх үүргээ бүрэн биелүүлээгүй, зөрчсөн тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Г.Эийг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Гэвч анхан шатны шүүх шийдвэрт шаардах эрхийн үндэслэл болсон уг заалтыг баримтлаагүй байх тул залруулан, өөрчлөлт оруулахаар тогтов.

Хариуцагч Г.Эийн хувьд 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гурван талт гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийн үлдэгдэлд Б.Агаас 44 811 134.88 төгрөг /21 872 ам.доллар/, Д.Цгээс 38 004.267 төгрөг /18 576 ам.доллар/ гаргуулахаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасныг Б.А, Д.Ц нар төлөхийг хүлээн зөвшөөрснөөр 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 4381, 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2588 дугаар захирамжуудаар тус тус хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /1хх.164, 171/

Дээрх захирамжийн дагуу Д.Ц, Б.А нар нь тогтоосон хугацаанд төлбөрийг сайн дураар төлөөгүй тул захирамжийн биелэлтийг хангаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байх бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албанаас хамгийн сүүлийн төлбөрийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Г.Эт шилжүүлсэн байна. Хариуцагч Г.Э нь Д.Ц, Б.А нараас хүлээн авсан мөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэх 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ энэ үеэс зөрчсөн гэж үзнэ. Иймд сүүлийн төлбөрийг шилжүүлсэн өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцвол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан 3 жилийн хугацаа өнгөрөөгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Хариуцагч Г.Эийн зүгээс Б.А, Д.Ц нарын төлөгдөөгүй мөнгө болох 18 576 ам.доллар, 21 872 ам.долларын төлбөрийн зарим хэсгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан нь эдгээр хүмүүсийн төлбөр төлөх үүргийг хариуцагч Г.Э нь шилжүүлж авсан гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь хариуцагч Г.Э нь 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээгээр Б.А, Д.Ц нарын төлсөн мөнгийг нэхэмжлэгч компанид шилжүүлэх үүрэг хүлээсэн болохоос Б.А, Д.Ц нарын өмнөөс төлбөр төлөх үүргийг давхар хүлээгээгүй болно.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Б.А, Д.Ц нарын бодитойгоор төлсөн төлбөр болох 67 061 134 төгрөгийн төлбөрийг хариуцагч Г.Эээс гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Хариуцагч Г.Э нь 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргийг хүлээгээгүй, төлбөрийг дамжуулах үүргийг хүлээсэн тул уг гэрээний 5.2-т зааснаар алданги төлөх үүргийг хүлээхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох үлдэгдэл төлбөр, алданги шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт нийцнэ.

Харин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Э нь нэхэмжлэгч болон төлбөр авагчийн хувиар хариуцагч буюу төлбөр төлөгч Б.А, Д.Ц нараас авах төлбөрөөс татгалзсан явдал нь нэхэмжлэгч “С” ХХК-ийн зохих хариуцагч нараас төлбөр шаардах эрхийг хөндөхгүй болно.

2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээгээр Б.А, Д.Ц нар гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж дуусгасан тохиолдолд хариуцагч Г.Эийн хувьд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрх үүсэхээр байна. Гэтэл Б.А, Д.Ц нар нь 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээгээр хүлээсэн төлбөрийг нэхэмжлэгчид бүрэн төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Г.Эийн хувьд автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэхээр шаардах эрх үүсэхгүй. Нэхэмжлэгч “С” ХХК нь гэрээний дагуу төлбөр бүрэн төлөгдөөгүй байхад Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг саатуулах эрхтэй.

Иймд хариуцагч Г.Эийн Голден вилл хотхон, Денверийн гудамж, 108 байр, в-10 тоот хаягт байршилтай, 12.5 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангасан хэсгийг хүчингүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна. Гэрээний дагуу төлбөрийн үүрэг хүлээсэн этгээд бүрэн биелүүлсэн тохиолдолд гэрээний зүйлийн үлдэгдэл болох автозогсоолын өмчлөх эрхийг шаардах Г.Эийн эрхийг энэ магадлал хаагаагүй болно.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/01033 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт тус тус зааснаар хариуцагч Г.Эээс 67 061 134 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 76 224 599 төгрөгт холбогдох хэсэг болон Эрхийн улсын бүртгэлийн Y-2204078122 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хотхон /13380/, Денверийн гудамж, 108 байр, в-10 тоот хаягт байршилтай, 12.5 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох хариуцагч Г.Эийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн “3” дах заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтад “572 027” гэснийг “493 256” гэж, “БНСУ-н “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан Г.Эт” гэснийг хасч, уг заалтын дугаарыг “3” гэж, “5” дах заалтын дугаарыг “4” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 572 030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

 

                                         ШҮҮГЧИД                                               Ч.ЦЭНД

 

                                                                                               Ж.ОЮУНТУНГАЛАГ