Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэрэлийн Тэгшсуурь |
Хэргийн индекс | 134/2019/00051/И |
Дугаар | 216/МА2019/00008 |
Огноо | 2019-07-01 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 216/МА2019/00008
“А Д О Б А З ”-ны
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 134/ШШ2019/00074 дугаар шийдвэртэй, “А Д О Б А З”-ны нэхэмжлэлтэй Ш.Б холбогдох гэм хорын хохирол нийт 17,214,284 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ш.Б давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Ш.Б, нарийн бичгийн дарга А.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч А Д О Б А З шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Б нь 2013 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 10 сарыг хүртэл хугацаанд Малахын аймаг дундын отрын бүс хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан ба ажиллах хугацаанд тус захиргаанаас Ш.Б ОХУ-д үйлдвэрлэсэн “Rostselmash” Tukan-1600 маркийн 24 875 000 төгрөгний үнэ бүхий шинэ өвс хаман боогч тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн болно. Гэвч Ш.Б нь 2015 оны 10 сард ажлын байраа дур мэдэн орхиж, хариуцуулж өгсөн өвс хаман боогчийг Н.Г худалдаж, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшин байгууллагад хохирол учруулсан. Тус захиргаа нь уг өвс хаман боогчийг Мал хамгаалах сантай 2014 онд №2014/ТТ04 тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулан авсан байсан ба энэхүү тоног төхөөрөмжийг Ш.Б нь өөрийн биеэр Мал хамгаалах сангийн агуулахаас 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Г аймаг руу ачуулан авч явсан байна. Ш.Б нь уг хаман боогчоор 2014, 2015 онуудад хувиараа хадлан бэлдэж, байгалийн өвс бэлдэж боож, боосон өвсөө бусдад худалдаж, ашиг олсон бөгөөд байгууллагын өвс хаман боогчийг хүлээлгэн өгөлгүй Солонгос улс руу явсан байдаг. Тоног төхөөрөмж түрээслэх гэрээний 5.2-т заасны дагуу тус захиргаа нь мал хамгаалах санд жил 3 554 000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн боловч гэрээ байгуулагдсан өдрөөс хойш нэг ч түрээсийн төлбөрийг төлөөгүй бөгөөд одоогийн байдлаар 17 214 284 төгрөгний өр үүссэн байна. Дээрх үүссэн өр нь Ш.Б хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн өр тул Ш.Б гэм хорын хохирол 17 214 284 төгрөгийг гаргуулж өгнө үү. Прокурорын тогтоолд тэмдэглэсэн 13 660 713 төгрөг нь Мал хамгаалах сангаас 2018 оны 03 дугаар сарын 09-ний байдлаар манайхаас нэхсэн төлбөрийн дүн юм. Дээр нь 1 жилийн түрээсийн төлбөрийг нэмэгдүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.
Хариуцагч Ш.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А Д О Б А З 2019 оны 04 сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй учир дараах тайлбарыг гаргаж байна. Би 2013 оны 08 дугаар сарын 20-ноос 2015 оны 12 дугаар сарын 25 хүртэл А Д О Б Малахын талын мэргэжилтнээр ажиллаж байх хугацаанд 2014 оны 08 сарын 11-ний өдөр өвс хаман боогч тоног төхөөрөмжийг зарлагын баримт үйлдэн гарын үсэг зуран хүлээн авч явсан нь үнэн. Гэхдээ өвс хаман боогч тоног төхөөрөмжийг хүлээн авах болон А Д О Б Малахын талын мэргэжилтнээр томилогдсоноос ажлаас халагдах хүртэл хугацаанд “Тоног төхөөрөмжийг түрээсийн гэрээ”-ний талаар надад байгууллагын зүгээс гэрээ байгуулсан, эсвэл гэрээний хувийг өгсөн, танилцуулсан, тайлбарласан зүйл огт байгаагүй бөгөөд харин нэхэмжлэл гаргах үедээ хавсаргасан баримтаас Мал хамгаалах сан, отрын бүс хоорондоо гэрээ хийж үйлдсэн болохыг мэдсэн. Би ар гэр, ахуй байдал амьдралаа дээшлүүлэх гэж бусдын адил Солонгос улс руу явж ажиллаж байгаад ирсэн. Солонгос улс руу явахаас өмнө өвс хаман боогч тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөлгүйгээр зарж борлуулж захиран зарцуулж бусдад худалдсан болох гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байсан, уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоон Прокурорын байгууллагаас 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хэргийг Өршөөлийн хуульд хамруулж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх өвс хаман боогч тоног төхөөрөмжийг намайг Солонгос улсад байх хугацаанд 2016 оны өвөл отрын бүсийн захиргаанаас хүлээн авсан тул байгууллагад учирсан гэх хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Одоо миний бие тус байгууллагад ямар нэгэн өр төлбөр, хохирол төлбөрийн асуудал байхгүй болно. Цагдаагийн байгууллагаас өвс хаман боогчийн элэгдэл хорогдлын үнэ дээр түрээсийн мөнгө нэмэгдээд 18 600 000 төгрөг гэж хэлж байсан. Гэхдээ энэ түрээсийн асуудлаар дараа шүүхэд уулзана гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар хариуцагч Ш.Б гэм хорын хохирол 13 660 713 /арван гурван сая зургаан зуун жаран мянга долоон зуун арван гурван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А Д О Б А З олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 553 571 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ш.Б улсын тэмдэгтийн хураамжид 226 254 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагч Ш.Б давж заалдах гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 134/ШШ2019/00074 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
А Д О Б А З нь гэм хорын хохиролд 17, 214, 284 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг миний бие бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй боловч шүүхээс гэмт хэргийн хохиролд өвс хаман боогчийн түрээсийн 13,660,713 төгрөгийг оруулан тооцсон байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн 2015, 2016, 2017, 2018 оны 03 дугаар сар хүртэл түрээсийн төлбөр гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай нийцсэн байна гэж үзэж гэм хорын хохирол 13,660,713 төгрөгийг гаргуулж олгохоор нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг зөв үнэлээгүй, тодорхой бүрэн тусгагдаагүй зүйлийг хохиролд тооцсон мэтээр үнэлж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Би 2013 оны 08 дугаар сарын 20-ноос 2015 оны 12 дугаар сарын 25-ныг хүртэл А Д О Б Малхын талын мэргэжилтнээр ажиллаж байх хугацаанд 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өвс хаман боогч тоног төхөөрөмжийг зарлагын баримт үйлдэн гарын үсэг зуран хүлээн авснаа хүлээн зөвшөөрдөг. Мөн тус өвс хаман боогч тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөлгүйгээр зарж борлуулж захиран зарцуулсан гэх асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж Прокурорын байгууллагаас 2018 оны 12 дугаар сарын 07-ны хэргийг Өршөөлийн хуульд хамруулж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Уг прокурорын тогтоолоор 2014 оны 10 дугаар сарын үед ажил үүргийн дагуу өөрт итгэмжлэгдэн хариуцуулсан эд хөрөнгө болох Тukan 1600 маркийн өвс хаман боогч 18,600,000 төгрөг, фургон маркийн тээврийн хэрэгслийн хойд талын суудал 120,000 төгрөг нийт 18,720,000 төгрөгийн эд хөрөнгө завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоосон гэж үзэж байгаа. Түүнээс прокурорын байгууллагаас 13,660,713 төгрөгийн гэм хорын хохирол учруулсан гэж бодитой тогтоогдсон зүйлгүй, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ө.О мал хамгаалах сангаас ирүүлсэн албан тоотын дагуу дээрх үнийн дүнг мэдүүлэгтээ дурьдаж байснаас өөрөөр гэмт хэргийн хохиролд өвс хаман боогчийн түрээсийн мөнгийг оруулж тооцоогүй болно.
Гэтэл шүүхээс гэм хорын хохиролд 13,660,713 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Дээрх гэм хорын хохиролд гаргуулахаар шийдвэрлэсэн 13,660,713 төгрөгийн үнийн дүнг бодитой үндэслэлтэй эсэхэд шүүхээс зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүй болох нь:
1. Тухайн өвс хаман боогч тоног төхөөрөмжийг хүлээн авах болон А Д О Б Малхын талын мэргэжилтнээр томилогдсноос ажлаас халагдах хүртэл хугацаанд “Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ”-ний талаар надад байгууллагын зүгээс гэрээ байгуулсан, эсхүл гэрээний хувийг өгсөн, танилцуулсан, тайлбарласан зүйл огт байгаагүй бөгөөд харин нэхэмжлэл гаргах үедээ хавсаргасан баримтаас мал хамгаалах сан, отрын бүс хоорондоо гэрээ хийж үйлдсэн болохыг мэдсэн. Гэтэл гэрч Ө.О чиний авч явсан өвс хаман боогч түрээсийн төлбөр төлөх ёстой, түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт орсон талаар амаар хэлсэн мэтээр мэдүүлсэн байсан. А Д О Б А З жил тутам тоног төхөөрөмж түрээслэх гэрээний 5.2-д заасны дагуу түрээсийн төлбөр үүрэг хүлээсэн гэх боловч өөрсдөө хэн нэгэнд түрээс төлөх ёстой талаар үүрэг хариуцлага хүлээлгээгүй хэрхэн яаж ашиглах зарцуулах, ашиг орлого олох эсэх талаар анхааруулсан сануулсан албан бичиг ирүүлж байгаагүй, түрээсийн гэрээгээ танилцуулаагүй хариуцлагагүй хандан амаар хэлсэн сануулсан мэтээр мэдүүлсээр байхад намайг гэрээний үүргээ зөрчсөн мэт шүүх дүгнэлт хийсэн. Түрээсийн хугацаанд өвс хаман боогчийг миний эзэмшилд шилжүүлсэн байж болно, хамгийн гол нь түрээсийн зориулалтаар ашиглах талаар мэдэгдээгүй үгүйсгэсэн байдлыг үнэлсэн. Иймээс Мал хамгаалах сан болон А Д О Б А З хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан боловч аль аль нь гэрээнийхээ дагуу үүргээ биелүүлээгүй зөрчсөний улмаас учирсан хохирлыг үүрэг хүлээлгээгүй хэн нэгэнд хүчээр халдаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь бодит үнэнд нийцэхгүй байна.
2. 2014/ТТ04 түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг жилийн 3,554,000 төгрөг болгож нэмэгдүүлэх тухай нэмэлт өөрчлөлт оруулсан байхад жилийн түрээсийн үнийн дүнгээр тооцож гаргуулахаар
3. Мал хамгаалах сангаас түрээсийн төлбөрийг нэхэмжлэхдээ 2016 оны түрээсийн төлбөрт 7,107,142 төгрөг буюу Б аймгийн отрын бүс, Г аймгийн Малхын талын отрын бүсээс нийтэд нь нэхэмжилсэн үнийн дүнг анхааралгүй хохирлын үнийн дүнд тооцон хохиролд гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл А Д О Б А З итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлоогүй шүүх хуралдааны явцад ойлгомжгүй үнийн дүнг өөр өөрөөр тайлбарлаж Б аймгийн отрын бүсийн түрээсийн төлбөр ороогүй гэх боловч тооцсон болох Мал хамгаалах сангаас ирүүлсэн албан бичгээс харагдана.
4. 2017 оны түрээсийн төлбөр 3,553,571 төгрөг буюу тухайн байгууллагаас халагдсан байхад хариуцан гаргуулах зэрэг анхан шатны шүүх хэргийн үйл баримтанд зохих дүгнэлтийг хийгээгүй.
Иймд Г аймаг дахь Сум дундын иргэний хэргийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 134/ШШ2019/00074 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ :
Нэхэмжлэгч А Д О Б А З нь хариуцагч Ш.Б холбогдуулан гэм хорын хохиролд 17 214 284 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн давж заалдсан гомдлын үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Нэхэмжлэгч А Д О Б А З нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “өвс хаман боогчийн түрээсийн төлбөр 17 214 284 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа :
-Ш.Б нь хариуцаж хүлээн авсан тоног төхөөрөмжийг бусдад дур мэдэн худалдаж улсын төсөвт хохирол учруулсан байх тул уг хохирлыг гаргуулах,
-Иргэний хуулийн 229 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас улсын төсөв болон байгууллагад учирсан гэм хорыг арилгуулах,
-Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 болон хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажилтан нь өөрийн буруугаас хохирол учруулбал эд хөрөнгийн хариуцлага хүлээнэ гэсний дагуу нэхэмжилж байна гэх мэт янз бүрээр тайлбарласан, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг гэм хорын хохирол гэсэн мөртлөө нэхэмжлэлийн зүйл нь “ түрээсийн төлбөр “ байгааг оновчтой зөв тайбарлаж чадахгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийг үндэслэлтэй зөв тодорхойлж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан Төрийн өмчийн хороо, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сан болон А Д О Б А З нарын хооронд байгуулагдсан “Тоног төхөөрөмж“-ийн түрээсийн гэрээ/хх-6-11/-ээс үзэхэд 2 ширхэг өвс хаман боогчийг жилийн нийт 1 500 000 төгрөгөөр түрээсэлсэн гэж үзэхээр, өөрөөр хэлбэл нэг өвс хаман боогчийн жилийн түрээсийн төлбөр нь 1 500 000 төгрөг гэж анх тохиролцсон гэж ойлгогдохооргүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь нэг өвс хаман боогчийн жилийн түрээсийн төлбөрийг анх тохиролцсон үнэлгээ нь 1 500 000 төгрөг, дараа нь гэрээнд өөрчлөлт оруулснаар 3 554 000 төгрөг гэж тайлбарлана. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнг Мал хамгаалах сангаас түрээсийн төлбөр барагдуулахыг шаардсан албан тоотуудад /хх-5,16/ үндэслэн тодорхойлсон байна гэж үзэхээр байх боловч нэхэмжлэгч нь уг албан тоотод чухам хэдэн өвс хаман боогчийн түрээсийн төлбөр нэхэгдээд байгаа, чухам хэдийг нь хариуцагч Ш.Б холбогдуулан нэхэмжлэх үндэслэлтэй талаар тодруулж, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ойлгомжтой тодорхойлоогүй байна.
Зүй нь нэхэмжлэлийн шаардлага тодорхой, ойлгомжтой байх нь маргааны эрх зүйн харилцааг зөв тогтоох нөхцөл болно.
Мөн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ прокурорын тогтоол/хх-13-15/-д тулгуурласан байх боловч энэхүү прокурорын тогтоолд Ш.Б нь төрийн өмч болох 18 600 000 төгрөгийн үнэ бүхий өвс хаман боогчийг завшсан болох нь нотлогдсон гэсэн болохоос, энэ хэргийн улмаас учирсан хохиролд түрээсийн төлбөр болох 13 660 713 төгрөг хамааралтай гэсэн, өөрөөр хэлбэл түрээсийн төлбөр нь гэм хорын хохиролд тооцогдсон гэж ойлгогдох ямар ч үндэслэл тусгагдаагүй байхад үүнийг шийдвэрийн үндэслэл болгосон нь учир дутагдалтай болжээ.
Иймээс анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
ИХШХШТХуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 134/ШШ2019/00074 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. ИХШХШТХуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.Б давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226 254 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД О.ОДНЯМАА
Г.ТЭГШСУУРЬ