Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 134/ШШ2019/00074

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүгч П.Цогзолмаа, шүүгч В.Амартүвшин нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: АДОБАЗ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.Б 

гэм хорын хохиролд 17 214 284 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Э, хариуцагч Ш.Б, иргэдийн төлөөлөгч О.Пүрэвсамбуу, нарийн бичгийн дарга Г.Энхжаргал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч АДОБАЗ гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбаяр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Б нь 2013 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 10 сарыг хүртэл хугацаанд Малахын аймаг дундын отрын бүс хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан ба ажиллах хугацаанд тус захиргаанаас Ш.Б ОХУ-д үйлдвэрлэсэн “Rostselmash” Tukan-1600 маркийн 24 875 000 төгрөгний үнэ бүхий шинэ өвс хаман боогч тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн болно. Гэвч Ш.Б нь 2015 оны 10 сард ажлын байраа дур мэдэн орхиж, хариуцуулж өгсөн өвс хаман боогчийг Н.Г худалдаж, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшин байгууллагад хохирол учруулсан. Тус захиргаа нь уг өвс хаман боогчийг Мал хамгаалах сантай 2014 онд №2014/ТТ04 тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулан авсан байсан ба энэхүү тоног төхөөрөмжийг Ш.Б нь өөрийн биеэр Мал хамгаалах сангийн агуулахаас 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Говьсүмбэр аймаг руу ачуулан авч явсан байна. Ш.Б нь уг хаман боогчоор 2014, 2015 онуудад хувиараа хадлан бэлдэж, байгалийн өвс бэлдэж боож, боосон өвсөө бусдад худалдаж, ашиг олсон бөгөөд байгууллагын өвс хаман боогчийг хүлээлгэн өгөлгүй Солонгос улс руу явсан байдаг. Тоног төхөөрөмж түрээслэх гэрээний 5.2-т заасны дагуу тус захиргаа нь мал хамгаалах санд жил 3 554 000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн боловч гэрээ байгуулагдсан өдрөөс хойш нэг ч түрээсийн төлбөрийг төлөөгүй бөгөөд одоогийн байдлаар 17 214 284 төгрөгний өр үүссэн байна. Дээрх үүссэн өр нь Ш.Б-н хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн өр тул Ш.Б-с гэм хорын хохирол 17 214 284 төгрөгийг  гаргуулж өгнө үү. Прокурорын тогтоолд тэмдэглэсэн 13 660 713 төгрөг нь Мал хамгаалах сангаас 2018 оны 03 дугаар сарын 09-ны байдлаар манайхаас нэхсэн төлбөрийн дүн юм. Дээр нь 1 жилийн түрээсийн төлбөрийг нэмэгдүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан  гэв.

Хариуцагч Ш.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас 2019 оны 04 сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй учир дараах тайлбарыг гаргаж байна. Би 2013 оны 08 дугаар сарын 20-ноос 2015 оны 12 дугаар сарын 25 хүртэл Аймаг дундын отрын бүсийн Малахын талын мэргэжилтнээр ажиллаж байх хугацаанд 2014 оны 08 сарын 11-ний өдөр өвс хаман боогч тоног төхөөрөмжийг зарлагын баримт үйлдэн гарын үсэг зуран хүлээн авч явсан нь үнэн. Гэхдээ өвс хаман боогч тоног төхөөрөмжийг хүлээн авах болон Аймаг дундын отрын бүсийн Малахын талын мэргэжилтнээр томилогдсоноос ажлаас халагдах хүртэл хугацаанд “Тоног төхөөрөмжийг түрээсийн гэрээ”-ний талаар надад байгууллагын зүгээс гэрээ байгуулсан, эсвэл гэрээний хувийг өгсөн, танилцуулсан, тайлбарласан зүйл огт байгаагүй бөгөөд харин нэхэмжлэл гаргах үедээ хавсаргасан баримтаас Мал хамгаалах сан, отрын бүс хоорондоо гэрээ хийж үйлдсэн болохыг мэдсэн. Би ар гэр, ахуй байдал амьдралаа дээшлүүлэх гэж бусдын адил Солонгос улс руу явж ажиллаж байгаад ирсэн. Солонгос  улс руу явахаас өмнө өвс хаман боогч тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөлгүйгээр зарж борлуулж захиран зарцуулж бусдад худалдсан болох гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байсан, уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоон Прокурорын байгууллагаас 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хэргийг Өршөөлийн хуульд хамруулж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  Дээрх өвс хаман боогч тоног төхөөрөмжийг намайг Солонгос улсад байх хугацаанд 2016 оны өвөл отрын бүсийн захиргаанаас хүлээн авсан тул байгууллагад учирсан гэх хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Одоо миний бие тус байгууллагад ямар нэгэн өр төлбөр, хохирол төлбөрийн асуудал байхгүй болно. Цагдаагийн байгууллагаас өвс хаман боогчийн элэгдэл хорогдлын үнэ дээр түрээсийн мөнгө нэмэгдээд 18 600 000 төгрөг гэж хэлж байсан. Гэхдээ энэ түрээсийн  асуудлаар дараа шүүхэд уулзана гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь хариуцагч Ш.Б холбогдуулан гэм хорын хохиролд 17 214 284 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Ш.Б нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллах явцдаа өөрийн эзэмшиж байсан өвс хаман боогчийг бусдад зарж борлуулан хувьдаа завшиж, манай байгууллага Мал хамгаалах санд төлөх ёстой түрээсийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаад гэм буруутай болохыг тогтоосон тул гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.  

Хариуцагч Ш.Б нь тоног төхөөрөмжийг түрээсийн гэрээний талаар байгууллагын зүгээс надад огт мэдэгдээгүй, надтай гэрээ байгуулаагүй, эрүүгийн хэргийн хохирлыг би төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үндэслэл нь:

Хариуцагч Ш.Б нь Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Малах-ын аймаг дундын отрын бэлчээр хариуцсан мэргэжилтнээр 2013 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарыг хүртэл хугацаанд ажиллаж байсан болох нь 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 09/13 дугаар, 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2014/02 дугаар хөдөлмөрийн гэрээнүүд, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/02 дугаар тушаал, гэрч Ө.О-н мэдүүлэг, талуудын маргаангүй тайлбар зэргээр тогтоогдож байна.

Тэрээр ажиллаж байх хугацаандаа удирдлагаас өгсөн зөвшөөрлийн дагуу 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Мал хамгаалах сангаас 24 875 000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг өвс хаман боогчийг хүлээн авсан болох нь 07 тоот зарлагын баримтаар тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй. 

Уг өвс хаман боогчийг хариуцагч Ш.Б нь 2014 оны намар хадлан буух үед иргэн Н.Г-т худалдаж, ажил үүргийн дагуу өөрт итгэмжлэгдсэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас хохирогч буюу нэхэмжлэгч Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд 13 660 713 төгрөгийн гэм хорын хохирол учруулсан гэм буруутай болох нь Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 04А “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Мал хамгаалах сан, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нарын хооронд  2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан 2014/ТТ04 дугаартай Тоног төхөөрөмж түрээслэх гэрээгээр нэхэмжлэгч нь уг өвс хаман боогчийг түрээслэсэн байх ба улмаар өөрийн ажилтан Ш.Б-н эзэмшилд шилжүүлсэн боловч тэрээр түрээсийн гэрээний хугацаанд зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгосноор эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсан байна.

Прокурорын тогтоолоос үзэхэд гэмт хэргийн хохиролд өвс хаман боогчийн түрээсийн 13 660 713 төгрөгийг оруулан тооцсон байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн “...2015, 2016, 2017, 2018 оны 03 сар хүртэл түрээсийн төлбөр” гэсэн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай нийцэж байна.

Иймд хариуцагч Ш.Б-с  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д заасан үндэслэлээр гэм хорын хохирол 13 660 713 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч АДОБАЗ-д олгох нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 3 553 571 төгрөгийг хэрэгсэхгүй болголоо.

Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь шаардлагын үндэслэлээ “...эрүүгийн гэмт хэрэг шалган шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш нэг жилийн хугацааны түрээсийн төлбөр” хэмээн тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан гэрч Ө.О-н “...Цагдаад гомдол гаргасны дагуу өвс хаман боогчийг худалдан авсан гэх Ганзориг гэдэг хүнээс Малахын отрын бүс хариуцсан мэргэжилтэн Батсүх хүлээн авсан” гэсэн мэдүүлэг,  Прокурорын тогтоолд тэмдэглэсэн иргэний нэхэмжлэгч Н.Г-н “...2017 оны өвлөөр 02 дугаар сард шиг санаж байна. Батсүх гэдэг хүнд хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-н шүүх хуралдаанд гаргасан “...манай байгууллага өвс хаман боогчийг албан ёсоор одоог хүртэл хүлээж аваагүй. Одоо Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын хашаанд байгаа” гэсэн тайлбар зэргээр өвс хаман боогчийг нэхэмжлэгч байгууллага нь өөрийн эзэмшилд хүлээн авсан болох нь тогтоогдож байна.

Иймд маргаан бүхий өвс хаман боогчийг хүлээн авснаас хойшхи түрээсийн төлбөрийг хариуцагч Ш.Б төлөх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл дээрх хугацааны түрээсийн төлбөр нь гэмт хэргийн хохиролд орж тооцогдоогүй бөгөөд 3 553 571 төгрөгийн хохирлыг хариуцагч Ш.Б төлөх үүрэгтэйг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэрэгт авагдсан эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар цугларсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрч Ө.Оюунзул, иргэний нэхэмжлэгч Н.Г, гэрч Ш.Б нарын мэдүүлгүүд, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, үнэлгээ хийлгэх шинжээч томилох тухай мөрдөгчийн тогтоол зэргийг шүүх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглах боломжтой хэдий ч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шууд нотлох баримт болохгүй тул, мөн Мал хамгаалах сангийн төлбөр барагдуулах талаар нэхэмжлэгчид өгсөн албан бичгүүд, Үндэсний аудитын газрын дүгнэлт зэрэг нь хэрэгт хамааралгүй нотлох баримт байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болголгүй, бусад баримтыг харьцуулан үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэл нь хуульд заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагад ноогдох хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж 226 254 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар хариуцагч Ш.Б-с гэм хорын хохирол 13 660 713 /арван гурван сая зургаан зуун жаран мянга долоон зуун арван гурван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч АДОБАЗ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 553 571 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ш.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 226 254 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                                                                                                    

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.НАРАНЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                           П.ЦОГЗОЛМАА          

                                                                     В.АМАРТҮВШИН