Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2023/00643

 

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Г нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Д холбогдох

6,046,219.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Г-, хариуцагчийн өмгөөлөгч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Х.Г- хариуцагч Б.Д-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,000,000 төгрөгийг, зээлийн гэрээний үүрэгт 5,046,219.68 төгрөгийг нийт 6,046,219.68 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Миний бие хариуцагчид өөрийн барьсан ТҮЦ-ний зориулалттай жижиг модон байшинг 2,000,000 төгрөгөөр 2022 оны 05 дугаар сарын06-ны өдөр худалдсан. Хариуцагч тухайн өдрөө 1,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 1,000,000 төгрөгийг 3 хоногийн дараа төлж барагдуулахаар тохирсон боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Хариуцагч 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зээлээр гар утас авах гэсэн боловч над дээр зээл гарах боломжгүй байна та өөрийн нэр дээр зээлийн гэрээг байгуулж би утсыг аваад зээлийг төлийг гэсэн саналын дагуу *******с ББСБ аас цахим зээлийн дэд гэрээг байгуулж 4,510,000 төгрөгийн үндсэн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэй зээлсэн болно. Зээлийн мөнгийг шууд утас худалдсан газар луу шилжүүлж хариуцагч iphone 13 маркийн гар утсыг хүлээж авсан. Гэвч хариуцагч 022 оны 05, 06, 07,08 дугаар сарын төлбөр болох 265,000 төгрөг нийт 1,060,00 төгрөгийг төлсөн боловч одоо зээлээ төлөхөө больж ББСБ-аас надаас үлдэгдэл хүүгийн хамт нийт 5,046,219,.68 төгрөгийн зээлийг шаардах болсон. Иймд хариуцагчаас модон байшин худалдсаны төлбөрт 1,000,000 төгрөгийг, зээлийн гэрээний үүрэгт 5,046,219.68 төгрөгийг нийт 6,046.219.68 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч Б.Д- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:Х.Г- бид хоёр хамаатан садангийн холбоотой хүмүүс.Түүний гаргасан нэхэмжлэл бодит байдалд нийлэхгүй үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Учир нь: би анх найз С.*******оос 6,000,000 төгрөгийн авлагатай байсан бөгөөд энэ мөнгөндөө Баянзүрх дүүрэг хуучнаар ганц худаг гэх хорих ангийн орчимд байрлах /хаяг байршил санахгүй байна/ хашаа байшин санал болгосон уг хашаа байшинг 15,000,000 төгрөгийн үнэлгээтэй байсан. Би ...ах Ганхуягт энэ хашаа байшинг 15,000,000 төгрөгөөр санал болгоход тэрээр зөвшөөрч 10,000,000 төгрөгийг *******ын дансруу шилжүүлэн үлдэгдэл 5,000,000 төгрөгийг надад удахгүй төлнө гэж тохирсон.Надад мөнгөн төлбөр барагдуулахдаа 0 ULITRA SAМSUNG маркийн утсыг 4,500,000 төгрөгт бодон өгсөн. Дээрээс нь 3 метр өргөн, 3 метр урт хуучин угсармал ТҮЦ-ийг 2,000,000 төгрөгт бодон өгсөн. Уг авсан зүйлүүдийн зөрүү мөнгийг Х.Г- дансанд хийсэн. Нийт 3,300,000 төгрөгийн төлөлтийг 3 удаа хийсэн. Х.Г- 2,000,000 төгрөгийг төлсөн ингээд бидний хооронд тооцоо байхгүй гэж хашаа байшинг шилжүүлж өгсөн юм.Хашаа байшинг Ганхуягийн төрсөн дүүгийн нэр дээр шилжүүлж өгсөн. Ах Ганхуяг хашаа байшингийн талаар дурдахгүй байгааг ойлгохгүй байна. Ах Ганхуягт 330,000 төгрөгийг 3 удаа өөрийн данснаас шилжүүлж байсныг нотлох дансны хуулга, хашаа байшинг шилжүүлсэн холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх болно гэжээ.

3. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цшүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: хариуцагч Б.Д-, нэхэмжлэгч Х.Г-, түүний дүү нарын хооронд газрыг шилжүүлж, худалдах, худалдан авсан талаарх харилцаа байсан гэдгийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч Б.Д-ийн хувьд газартай холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх боломжгүй. Хариуцагч Б.Д- тэр газрыг нэхэмжлэгч Х.Г-т худалдаагүй. Тухайн газар гэрчилгээгүй талаарх хороон дээр мэдээлэл байхгүй байна. Нэхэмжлэгч Х.Г- манай дүү газрыг нь 15,000,000 төгрөг гэж байхад нь 10,000,000 төгрөгөөр авсан гэж тайлбарлаж байна. Үүний хариу төлбөрт нь Б.Д- 5,000,00 төгрөгт тооцуулж, Айфон-13 маркийн гар утас, ТҮЦ-ийг тооцуулж авсан талаар тайлбарлаж байна. Б.Д-ийн зүгээс газартай холбоотой ямар ч баримт байх боломжгүй. Тухайн газар нь Б.Д-ийн зуулчлалын дагуу Х.Г-ийн дүүд зуучлагдсан байна гэдэг нь хэрэгт ач холбогдолтой гэж үзэж байна. Б.Д-ийн зүгээс Х.Г-т төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

4.Нэхэмжлэгчээс шүүхэд:иргэний үнэмлэхийн хуулбар(хх-ийн3), 2022.04.19-ний өдрийн №35003 дугаар цахим зээлийн дэд гэрээ(хх-ийн4),Х.Г-ийн Хаан банкны депозит дансны хуулга(хх-ийн5-9), ТҮЦ-ийн гэрэл зураг(хх-ийн10-11) зэрэг баримтыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Х.Г- хариуцагч Б.Д-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,000,000 төгрөгийг, зээлийн гэрээний үүрэгт 5,046,219.68 төгрөгийг нийт 6,046,219.68 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

2.Хариуцагч .. Би найз С.Х 6,000,000 төгрөгийн авлагатай байсан бөгөөд энэ мөнгөндөө Баянзүрх дүүрэг хуучнаар ганц худаг гэх хорих ангийн орчимд байрлах /хаяг байршил санахгүй байна/ хашаа байшин санал болгосон уг хашаа байшинг 15,000,000 төгрөгийн үнэлгээтэй байсан. Би ах Ганхуягт энэ хашаа байшинг 15,000,000 төгрөгөөр санал болгоход тэрээр зөвшөөрч 10,000,000 төгрөгийг *******ын дансруу шилжүүлэн үлдэгдэл 5,000,000 төгрөгийг надад удахгүй төлнө гэж тохирсон.Надад мөнгөн төлбөр барагдуулахдаа S22 ULITRA SAМSUNG маркийн утсыг 4,500,000 төгрөгт бодон өгсөн. Дээрээс нь 3 метр өргөн, 3 метр урт хуучин угсармал ТҮЦ-ийг 2,000,000 төгрөгт бодон өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхэд, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

3.1Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ...өөрийн барьсан ТҮЦ-ийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хариуцагчид 2,000,000 төгрөгөөр худалдсан. Хариуцагч тухайн өдрөө 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн, үлдэгдэл 1,000,000 төгрөгийг 3 хоногийн дараа төлнө гээд өнөөдрийг хүртэл төлөөгүй гэж тодорхойлсон.

3.2Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Х.Г-ийн Хаан банкны 0 дансанд 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 0 тоот данснаас 1,000,000 төгрөгийг 8888 гэсэн утгатай шилжүүлсэн хэрэгт авагдсан депозет хуулгаар нотлогдож байна.(хх-ийн5)

3.2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

3.4 Хариуцагч Б.Д- ...нэхэмжлэгч Х.Г-т Баянзүрх дүүрэг, ганц худгийн хавьд байршилтай, хашаа байшинг манай найз С.Хүдэрбат худалдсан. Хашаа байшингийн үнэ 10,000,000 төгрөгийг С.Х дансруу Х.Г- шилжүүлсэн. Зөрүү төлбөрт 3 метр өргөн, 3 метр урт хуучин угсармал ТҮЦ-ийг 2,000,000 төгрөгт бодож өгсөн." гэж маргах боловч энэ талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох эрхээ хэрэгжүүлээгүй.

3.5.Өөрөөр хэлбэл Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25,2,2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэв.

3.6 Иймд хариуцагч Б.Д-ээс худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Г-т олгох нь зүйтэй гэж үзэв.

4:Нэхэмжлэгч Х.Г- ..ТБФ ББСБ-тай 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэрээ байгуулж 4,510,000 төгрөгийн үнэ бүхий iphone 13 маркийн гар утсыг хариуцагч Б.Д-д өгсөн. Б.Д- гар утасны төлбөр 2022 оны 05, 06, 07, 08 дугаар сарын төлбөр 265,000 төгрөг нийт 1,065,000 төгрөгийг төлсөн боловч одоо зээлийн эргэн төлөлтийг төлөөгүйн улмаас ББСБ надаас зээлийн төлбөрийг нэхэмжилж байна гэж тайлбарласан.

4.1: Нэхэмжлэгч Х.Г- ТБФ ас ББСБ нарын хооронд зээлийн харилцаа үүссэн нь нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдож байна.

4.2.ТБФ ас ББСБ-иас авсан 4,510,000 төгрөгийг утас зээлээр авсан газар луу шилжүүлж, хариуцагч iphone 13 маркийн гар утсыг хүлээж авсан гэж тайлбарлах боловч хариуцагчид гар утсыг хүлээлгэн өгсөн эсэх талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

4.3. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрөө тодорхойлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй гэж шүүх дүгнэв.

4.4. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч ...Б.Д- гар утасны төлбөр 2022 оны 05, 06, 07, 08 дугаар сарын төлбөр 265,000 төгрөг нийт 1,065,000 төгрөгийг төлсөн гэх тайлбарласан.

4.5. Хэрэгт авагдсан баримт Х.Г-ийн Хаан банкны 0дансанд:

4.5.1.1 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 0данснаас 70,000 төгрөгийг ширэн дэв гэх утгатай

4.5.1.2. 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 0данснаас 300,000 төгрөгийг derem гэх утгатай

4.5.1.3. 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 0данснаас 300,000 төгрөгийг дэрмээс гэх утгатай

4.5.1.4 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 0данснаас 420,000 төгрөгийг 9911 гэх утгатай шилжүүлжээ.(хх-ийн 5-8)

4.6. Маргааны үйл баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Х.Г- *******ас ББСБ ын хооронд зээлийн харилцаа үүссэн, хариуцагч Б.Д- *******ас ББСБ нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 5,046,219.68 төгрөгийг шаардах эрхгүй.

4.7. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б.Д-ээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Г-т олгож, нэхэмжлэлээс үлдэх зээлийн гэрээний үүрэгт 5,046,219.68 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч  нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн зохих этгээдэд холбогдуулан шаардлага гаргах эрхийг энэ шийдвэр хөндөөгүйг дурдав.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Б.Д эс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Д т олгож нэхэмжлэлээс үлдэх 5,046,219.68 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 , 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэг нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэээ, нэхэмжлэл хангадсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ