Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00722

 

Х.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/00643 дугаар шийдвэртэй

Х.Г-ийн нэхэмжлэлтэй

Б.Д-д холбогдуулан гаргасан

6,046,219 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Г-, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие хариуцагчид өөрийн барьсан ТҮЦ-ний зориулалттай жижиг модон байшинг 2,000,000 төгрөгөөр 2022 оны 05 сарын 06-ны өдөр худалдсан. Хариуцагч тухайн өдрөө 1,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 1,000,000 төгрөгийг 3 хоногийн дараа төлөхөөр тохирсон ч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Мөн хариуцагч нь 2022 оны 04 сарын 19-ний өдөр би зээлээр гар утас худалдаж авах гэтэл зээл гарахгүй байна, та нэр дээрээ зээл гаргаад өгөөч би зээлийг төлнө гэсний дагуу Т- ББСБ ХХК-аас цахим зээлийн дэд гэрээг байгуулж, 4,510,000 төгрөгийн үндсэн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэй авч, хариуцагч iphone 13 маркийн гар утсыг авсан.

Хариуцагч 2022 оны 05, 06, 07, 08-р сарын төлбөр 265,000 төгрөг, нийт 1,060,000 төгрөг төлж, түүнээс хойш зээлээ төлөөгүй, ББСБ надаас зээлийн төлбөрт 5,046,219 төгрөгийг шаардаж байна. Иймд хариуцагчаас модон байшингийн төлбөр 1,000,000 төгрөг, зээлийн төлбөр 5,046,219 төгрөг, нийт 6,046.219 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлалын агуулга: Бид хамаатан садан хүмүүс. Түүний гаргасан нэхэмжлэл бодит байдалд нийцэхгүй байна. Учир нь би найз С.Х-оос 6,000,000 төгрөгийн авлагадаа Баянзүрх дүүрэгт байх хашаа, байшинг авахаар болж Х.Г-т уг хашаа байшинг 15,000,000 төгрөгөөр санал болгоход тэрээр зөвшөөрч 10,000,000 төгрөгийг С.Х-ын дансруу, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг надад төлөхөөр тохирсон. Тэгээд надад 5,000,000 төгрөгийг төлөхдөө S22 ULITRA SAМSUNG маркийн утсыг 4,500,000 төгрөгт бодож өгсөн. Дээрээс нь 3 метр өргөн, 3 метр урт хуучин угсармал ТҮЦ-ийг 2,000,000 төгрөгт тооцон өгсөн ба зөрүү төлбөрийг би Х.Г-ийн дансанд шилжүүлсэн. Хашаа байшинг Х.Г-ийн төрсөн дүүгийн нэр дээр шилжүүлж өгсөн ба уг хашаа байшингийн талаар нэхэмжлэлд дурдаагүйг ойлгохгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Б.Д-ээс 1,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Г-т олгож нэхэмжлэлээс үлдэх 5,046,219 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,690 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Миний эзэмшлийн 5006772670 тоот дансруу 4 удаагийн гүйлгээгээр 1,090,000 төгрөгийн гүйлгээг хийсэн. Хэдийгээр Б.Д- бидний хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй ч Б.Д- нь надаар ББСБ-аас гар утас худалдан авах зээл авахуулж, уг зээлийн төлбөрийг би хүлээж байгааг, дээрх төлбөрийн тодорхой хэсгийг Б.Д- надруу шилжүүлж байсныг шүүх тогтоож болох байсан. Гэтэл шүүх хэт нэг талын эрх ашгийг хамгаалж нэхэмжлэгчийг хохироосон шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Б.Д-, Х.Г- нарын хооронд хашаа байшинтай холбоотой хэлцэл үүссэн. Өөрөөр хэлбэл, хашаа байшин ямар шалтгааны улмаас Х.Г-ийн дүүд очсон, ямар төлбөрт тооцогдсон эсэхийг тодруулах шаардлагатай. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тухайн хашаа байшин н.Х-оос шилжсэн эсэх, одоо хэний нэр дээр байдаг, хашаагүй эсэхийг тодорхой болгохоор лавлагаа гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх хангахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч зээлийн төлбөр гэж шаардсан боловч зээлд хариуцагч Б.Д- хамааралгүй. Гомдолд зээлийн төлбөрийг төлснөөр хүлээн зөвшөөрсөн гэх агуулгаар дурдсан байна. Гэтэл нэхэмжлэгч хашаа байшинтай холбоотой нотлох баримтыг гаргахаар зогсож байгаа нь зөрүүтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэлийн хүрээнд зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Х.Г- нь хариуцагч Б.Д-д холбогдуулан 6,046,219 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ТҮЦ худалдсан төлбөрийн үлдэгдэл 1,000,000 төгрөг, гар утас ББСБ-аас зээлээр авахуулсны зээлийн төлбөр 5,046,219 төгрөг гаргуулна гэх,

хариуцагч 15,000,000 төгрөгийн үнэ бүхий хашаа, байшинг Х.Г-ийн дүүгийн өмчлөлд шилжүүлж өгсөн, 10,000,000 төгрөгийг С.Х-од шилжүүлж, үлдэх 5,000,000 төгрөгийг надад өгөхдөө 4,500,000 төгрөгт гар утас болон 2,000,000 төгрөгийн ТҮЦ өгч, зөрүү төлбөрийг би Х.Г-ийн дансанд шилжүүлсэн гэх агуулгаар тус тус тайлбарлажээ.

 

3.1. Зохигчдын агуулгын зөрүүтэй дээрх тайлбарыг тодруулах нь хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгч зээл авч, түүний сонгосон гар утсыг худалдагч талд 4,510,000 төгрөгийг шилжүүлснээр хариуцагч IPhone 13 маркийн гар утастай болсон эсэх эсхүл нэхэмжлэгч 4,500,000 төгрөгийн төлбөрт тооцон S22 ULITRA SAМSUNG маркийн гар утсыг хариуцагчид өгсөн эсэхийг тогтооход ач холбогдолтой байсныг шүүх анхаараагүй байна.

 

3.2. Нэхэмжлэгч өөрийн шаардлагыг нотлохоор Таванбогд финанс ББСБ ХХК-аас цахим зээлийн дэд гэрээг, мөн гар утсыг хүлээж авсан баримтыг хариуцагчаас гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хэлэлцээд 2023 оны 01 сарын 20-ны өдрийн 3055 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй гэсэн үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэжээ. /хх34-35/

 

Нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан баримтуудыг Таванбогд финанс ББСБ ХХК болон хариуцагчаас өөрөө олж авах боломжгүй гэж үзэх тул тухайн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн гаргасан тухайн хүсэлтийг хангахгүй орхисон атлаа нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлоогүй гэж дүгнэсэн нь шүүх өөрөө хуульд заасан ажиллагаагаа хийгээгүй гэж үзэх үндэслэл болно.

 

 

4. Зохигчдын маргаж байгаа хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүх хүлээн аваагүй нь нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

 

5. Шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоож, талуудын хооронд үүссэн харилцааг холбогдох нотлох баримтын үндсэн дээр мэтгэлцүүлснээр тогтооно. Нэхэмжлэгч нь хариуцагчид жижиг модон ТҮЦ худалдсан, түүний хүсэлтээр зээл авч өгсөн гэж, хариуцагч нь хашаа, байшингийн үнэд тооцон гар утас, ТҮЦ шилжүүлсэн, зөрүүг буцааж өгсөн гэх тайлбарыг гаргаж байх тул зохигчдын хоорондын эрх зүйн харилцааг зөв тодорхойлсны үндсэн дээр хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэх боломжтой болно.

 

6. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд анхан шатны шүүхийн гаргасан дээрх алдааг залруулах, хэргийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж, шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/00643 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлсөн 87,110 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ