Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2022/03342

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр

          Дугаар 183/ШШ2022/03342

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 00 тоотод байрлах, К ХХК /, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Л.Н/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 00 байрны 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай,Э.Г

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 53 608 169 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э

Хариуцагч Э.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Д нар оролцов.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Э.Гэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 53 608 169 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Зээлдэгч Э.Г нь манай байгууллагатай 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ЗГ2016/76 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 16 000 000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай, нэг сарын 4 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Хан-Уул дүүргийн хаягт байршилтай, 19.27 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Э.Гийн 2016 онд авсан 16 000 000 төгрөгийн зээл нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээл 16 000 000 төгрөг, зээлийн хүү 9 000 000 төрөг, нийт 25 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг талууд тооцоо нийлж, ЗГ2016/76 тоот зээлийн гэрээг шинэчилж, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ2018/111 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээл авсан өдрөөс хойш зээл, хүүний төлбөрт огт төлөлт хийгээгүй. Талууд дээрх 2016 оны зээлийн гэрээг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасны дагуу дуусгавар болгоод 2018 оны гэрээгээр шинэ үүрэг үүсгэсэн, мөн хариуцагчийн төлсөн гэж буй 7 сая төгрөгийн хүү 2018 оны гэрээнээс өмнө төлөгдсөн, уг төлөлтийг хийсний дараа талууд тохиролцоод 25 000 000 төгрөгийн гэрээг байгуулсан, тус гэрээ хүчин төгөлдөр гэрээ учир хариуцагчаас үндсэн зээл 25 000 000 төгрөг, хүү 28 608 169 төгрөг, нийт 53 608 169 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэж тайлбарласан.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “...Миний бие К ХХК-иас 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 17 000 000 төгрөгийг зээлж авсан. Уг зээлээс нийт 7 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл зээлийн төлбөрийг төлж чадаагүй учраас зээлийн хүү нь нэмэгдсэн. Ингээд дахин К ХХК-тай дахин 25 000 000 төгрөгийн үнийн дүнтэй зээлийн гэрээ байгуулсан. Тус зээлийн гэрээний 1.2-т дагуу миний данс руу 25 000 000 төгрөг бодитоор шилжиж ирээгүй тул уг зээлийн гэрээний үүргийг хариуцахгүй” гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан №ЗГ2018/111 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн №БГ2018/111 дугаартай барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, А.Э, Б.Г нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн хаягт байршилтай, 19.27 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

4. Хариуцагч талаас, Хаан банк дахь 00000000 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Э.Г нь манай байгууллагатай 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ЗГ2016/76 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 16 000 000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай, нэг сарын 4 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Хан-Уул дүүргийн хаягт байршилтай, 19.27 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Э.Гийн 2016 онд авсан 16 000 000 төгрөгийн зээл нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээл 16 000 000 төгрөг, зээлийн хүү 9 000 000 төрөг, нийт 25 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг талууд тооцоо нийлж, 2016 оны зээлийн гэрээг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасны дагуу дуусгавар болгоод 2018 оны гэрээгээр шинэ үүрэг үүсгэсэн, мөн хариуцагчийн төлсөн гэж буй 7 сая төгрөгийн хүү 2018 оны гэрээнээс өмнө төлөгдсөн, уг төлөлтийг хийсний дараа талууд тохиролцоод 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ2018/111 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээл авсан өдрөөс хойш зээл, хүүгийн төлбөрт огт төлөлт хийгээгүй. Иймд тус гэрээ хүчин төгөлдөр гэрээ учир хариуцагчаас үндсэн зээл 25 000 000 төгрөг, хүү 28 608 169 төгрөг, нийт 53 608 169 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Миний бие К ХХК-иас 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 17 000 000 төгрөгийг зээлж авсан. Уг зээлээс нийт 7 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл зээлийн төлбөрийг төлж чадаагүй учраас зээлийн хүү нь нэмэгдсэн. Ингээд дахин К ХХК-тай дахин 25 000 000 төгрөгийн үнийн дүнтэй зээлийн гэрээ байгуулсан. Тус зээлийн гэрээний 1.2-т дагуу миний данс руу 25 000 000 төгрөг бодитоор шилжиж ирээгүй тул уг зээлийн гэрээний үүргийг хариуцахгүй” гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хавтаст хэрэгт, нэхэмжлэгч К ХХК болон хариуцагч Э.Г нарын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ2018/111 дугаартай зээлийн гэрээ авагдсан байх бөгөөд тус гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 25 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зориулалтаар олгохоор тохиролцжээ.

 

5. Нэхэмжлэгч дээрх зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасныг үндэслэл болгож хариуцагчаас шаардсан.

 

6. Хуулийн дээрх заалтаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлэх үүрэгтэй байх бөгөөд ийнхүү шилжүүлсэн тохиолдолд мөнгөн хөрөнгийг гэрээгээр тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэг хариуцагчид үүсэх юм.

 

Гэтэл нэхэмжлэгч нь тус зээлийн гэрээний 1.2-т заасны дагуу хариуцагч Э.Гийн Хаан банк дахь 00000000 тоот дансанд мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Э.Гийн 2016 онд авсан 16 000 000 төгрөгийн зээл нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээл 16 000 000 төгрөг, зээлийн хүү 9 000 000 төрөг, нийт 25 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг талууд тооцоо нийлж, зээлийн гэрээг шинэчилж байгуулсан” гэх тайлбар, хариуцагчийн тайлбар, түүний дансны хуулгаар тогтоогдож байна.

 

7. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний талаар “...2016 оны зээлийн гэрээг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасны дагуу дуусгавар болгоод 2018 оны гэрээгээр шинэ үүрэг үүсгэсэн, уг гэрээ хүчин төгөлдөр” гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 236.1.3, 232.2 дахь заалтууд нь талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болох үндэслэлийг зохицуулсан бөгөөд талуудын шинэчилж байгуулсан гэх 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээнд дээрх агуулга тусгагдаагүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар үндэслэлгүй байна.   

 

8. Иймд шүүх талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүсэл зоригийн илэрхийлэл болсон зээлийн гэрээ бодитоор байгуулагдаагүй, тус гэрээний дагуу зээл олгогдоогүй тул шаардах эрхгүй гэж дүгнэн, нэхэмжлэгч К ХХК-ийн Э.Гэд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 53 608 169 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Нэхэмжлэгч К ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардахад тус шийдвэр саад болохгүй.  

 

10.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 496 191 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасныг баримтлан хариуцагч Э.Гэд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 53 608 169 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай К ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 496 191 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.М