| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2022/02780/И |
| Дугаар | 102/ШШ2023/00214 |
| Огноо | 2023-01-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2023/00214
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Г.Ариунаа, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ........................тоотод оршин суух, Б ургийн овогтой Д Б /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Баянгол дүүрэг,................... байрлах, В сууц өмчлөгчдийн холбоо,
Хариуцагч:Баянгол дүүрэг, ............... байрлах, Ш сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,050,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ц,
Хариуцагч нарийн төлөөлөгч Б.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
Зохигчдын хүсэлтээр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч В сууц өмчлөгчдийн холбоо, Ш сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан 2,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Д.Б нь А хотхоны 12 дугаар байрны подвалд нийтийн эзэмшлийн талбай дунд гарааш гэж нэрлэсэн талбайг 15,000,000 төгрөгийн үнэлж худалдан авсан. Тухайн газар нь харуул хамгаалалт, хяналттай гэсэн тул ямар нэгэн эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд харуул хамгаалалт хариуцдаг гэж ойлгосон. Авто машинаа гараашд тавиагүй гадаа задгай талбайд байрлуулсан байхад хүртэл хулгайд алдагдаж байсан. Гараашд машинаа байрлуулсан байхад 2, 3 гэмтэл гарсан. Энэ талаар хаана хандахаа мэдэхгүй, сүүлдээ асууж тодруулсны үндсэн дээр камер суурилуулсан тул камераас шүүж эзэн холбогдогчийг олох ёстой юм байна гэж бодон очиж уулзахад сарын хугацаа өнгөрсөн тул хяналтын камераас харах боломжгүй гэж хэлсэн. Тэгээд урд талын кирла мөргөсөн хүнийг олж чадаагүй орхисон. Дараа нь дахиад хажуу талын кирла мөн адил эвдэрсэн. Дахиж хяналтын камераас шүүлгэх гэтэл манай камер эвдэрсэн гэж хэлсэн. Хариуцагч байгууллага надад 200,000 төгрөгийг төлж өгнө гэж хэлсэн боловч баганын ар талд байгаа учир та кирла мөргүүлэх ёсгүй гээд хохирол барагдуулж өгөхгүй гэж хэлсэн. Зогсоолдоо машины байрлуулсан байж гэмтэл авч байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Олон удаагийн үйлдэл болж байгаа учир шүүхэд хандсан. 2021 оны 09 дүгээр сард болсон хэрэг юм. Зогсоолдоо байрлуулсан машины эвдрэл гэмтлийг даатгал төлдөг гэж сонссон тул даатгалаа дуудахад таны даатгуулсан даатгалд ийм төрлийн нөхцөл ороогүй байна гэж хэлсэн. 12 сараас эхлэн хариуцагч байгууллагад эвдрэл гарсан талаарх асуудлаар хандсан. Эвдэрсэн хэсгийн үнэлгээг тогтоолгоход 1,820,000 төгрөг болно гэсэн. Үнэлгээний зардал 113,000 төгрөг болсон. Манай байрыг В сууц өмчлөгчдийн холбоо манайхыг хариуцдаггүй гэсэн тул татгалзаж байна. Ш сууц өмчлөгчдийн холбооноос нийт 1,933,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
1.2.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Манай тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Манай байгууллагаа гэрээт харуул хамгаалалтын албатай хамтар ажилладаг. Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар харуул хамгаалалттай гэж байгаа боловч өөрийн зүйлийг харуулд хүлээлгэж өгнө гэж гэрээнд заасан. Гадаа талбайд машинаа мөргүүлж манайхаас нэхэмжилдэг асуудал байдаг. Машины гуперийн дээд тал нүүр тэгж гэмтэхээр харагдахгүй байгаа. Машин мөргөсөн гэж бодоход гупер цуг гэмтэж дараа нь дээд хэсэг нь гэмтэх ёстой. Хаана эвдэрсэн нь тодорхойгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
2. Хэрэгт нэхэмжлэгчээс А ХХК-ийн орлогын баримт /хх-ийн 52/, А ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан /хх-иин 53, 54/, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ /хх-ийн 57,58/, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт /хх-ийн 58/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 79/, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт /хх-ийн 80/, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ /хх-ийн 81/, хариуцагчаас гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 16/, Ш СӨХ-ны Удирдах зөвлөлийн тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 25/, Ш СӨХ-ны гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 55/, харуул хамгаалалтын гэрээ /хх-ийн 69-75/, төлбөрийн нэхэмжлэх /хх-ийн 77/, шүүхээс үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 28-31/, Б.Мөнх-Эрдэнийн гэрчийн мэдүүлэг /хх-ийн 45,46/, үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 48/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч В сууц өмчлөгчдийн холбоо, Ш сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан 2,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүх хуралдаанд хариуцагч В сууц өмчлөгчдийн холбооноос татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 117,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 1,933,000 төгрөгийг хариуцагч Ш сууц өмчлөгчдийн холбооноос гаргуулахаар шаардсан байна.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Би А хотхоны 12 дугаар байрны подвал 4 номерын зогсоолыг өмчилдөг бөгөөд уг зогсоолд ................. улсын дугаартай, .............. маркийн машинаа тавьдаг. Хариуцагч Ш сууц өмчлөгчдийн холбоо харуул хамгаалалт ажиллуулж, хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд хариуцагчаас энэ хохирлыг барагдуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Машины урд талын гүперын сээтик хагарсан, захиалах үнэ 1,820,000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд 113,000 төгрөгийн зардал гаргасан. Нийт 1,933,000 төгрөгийг Ш сууц өмчлөгчдийн холбооноос нэхэмжилж байна. Хариуцагч В сууц өмчлөгчдийн холбоо нь байрыг хариуцдаггүй учир татгалзаж байна гэж тайлбарласан.
4.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Сууц өмчлөгчдийн холбоо нь нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцдаг. Авто зогсоолд бүх машиныг харах камер байхгүй. Манай ажилтан нэхэмжлэгчийн машиныг мөргөж хохирол учруулаагүй. Манайх Х ХХК-тай харуул хамгаалалтын гэрээтэй. Гаражийн хэсэгт харуул ажилладаггүй. Гэрээнд заасны дагуу гадаа зогсоолд машин тавьсан бол харуулд хүлээлгэж өгөх ёстой. Хүлээлгэж өгөөгүй бол харуул хариуцахгүй. Мөн нэхэмжлэгчийн машин хаана, хэзээ эвдэрсэн нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.
5.Нэхэмжлэгч Д.Б нь Улсын бүртгэлийн ....... дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ........................ тоот хаягт байршилтай 18м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болох үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр, хариуцагч Ш сууц өмчлөгчдийн холбоо нь Баянгол дүүрэг, .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны засвар үйлчилгээг хариуцан ажилладаг болох нь Ш сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, талуудын тайлбар зэргээр нотлогдож байна.
6.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар сууц өмчлөгчдийн холбоо" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог ойлгоно.
7.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу сууц өмчлөгчдийн холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах үүрэгтэй.
8.Нэхэмжлэгч сууц өмчлөгчдийн холбоонд сар бүр харуул хамгаалалтын үйлчилгээний зардалд 5,000 төгрөгийг төлдөг, хариу төлбөрт тээврийн хэрэгслийн харуул хамгаалалтыг эрхлэн хариуцах үүрэгтэй гэж тайлбарлаж байх боловч талуудын хооронд авто зогсоолд байрлуулсан тээврийн хэрэгслийн харуул хамгаалалтыг сууц өмчлөгчийн холбоо хариуцахаар тохиролцсон гэрээ хэлцэл байхгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
9.Харин хариуцагч Ш сууц өмчлөгчдийн холбоо нь сууц өмчлөгчдийн холбоонд хамаарах дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, хамгаалуулахаар Х ХХК-тай гэрээ байгуулан ажиллуулж байгаа болох 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Харуул хамгаалалтын гэрээ-ээр нотлогдож байна.
10.Дээрх гэрээний 4.19.2-т Хамгаалалтад хамаарахгүй хэсэгт, өрөө тасалгаа, агуулах, склад, автограж нь гэмт халдлагад өртөж эд хөрөнгийн хохирол учирсан бол хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасан байна. Иймээс нэхэмжлэгчийн зогсоолд байрлуулсан тээврийн хэрэгслийн хамгаалалтыг хариуцагч сууц өмчлөгчдийн холбоо эрхлэн хариуцах үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй.
11.Нөгөө талаас А ХХК-ийн гаргасан Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд ................. улсын дугаартай, .............. маркийн автомашины урд никел нүүр сетка цуурч сэвтсэн. Үнэлгээгээр тогтоосон дүн 1,820,000 төгрөг, үнэлгээний төлбөр А ХХК-д 2022 оны 12 сарын 14-ний өдөр 113,000 төгрөг төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт байх боловч автомашинд гэмтэл хэзээ, хаана үүссэн нь тодорхойгүй байна.
12.Дээрхээс дүгнэвэл хариуцагч Ш сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд гэм хор учруулсан гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нь гэм хор учруулснаас үүсэх үүрэг хүлээхгүй.
13.Иймд хариуцагч Ш сууц өмчлөгчдийн холбооноос 1,933,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Баасанбямбын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
14.Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч В сууц өмчлөгчдийн холбооноос татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч В сууц өмчлөгчдийн холбооноос 1,933,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлыг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
15.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш сууц өмчлөгчдийн холбооноос 1,933,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч В сууц өмчлөгчдийн холбооноос 1,933,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлыг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.