Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 47

 

   2023                 02               16                                   137/ШШ2023/00047

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, ... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Я овогт Б.М/-ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: ... онд төрсөн, .... настай, эрэгтэй, ... тоотод оршин суух, Б овогт У. Э-т холбогдох

Чиргүүлийн үнэ 20,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 5,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Х, нэхэмжлэгч Б.М, хариуцагч У.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:      

 Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.М миний бие 2021 оны 10 сард хоёр Улсын хил хаасан цагаас хойш ... суманд Э ах Э хашаанд ... улсын дугаартай машинаа тавьж хил онгойхийг хүлээж байв. Энэ үед Ц.Э гэх залуу чи ачаанд ийш тийш явахгүй байгаа бол чиргүүлтэй түр хэд рэйс чирүүлээч гэж гуйхад нь би тэг тэг гээд өгсөн тэгэхэд Э хүний дугуй хагарна элэгдэнэ гээд хэдий өөрийнхөө чиргүүлийн дугай сольж тавьсан байсан ч гагнуур раам нь муудах шинжтэй болохоор нь би одоо болсон гээд чиргүүлтэй зогсоож дугуйг нь салгаж өгөөд өөрийнхөө дугуйнуудаа тавьж орхичихоод ирсэн. Хотод байж байтал нэг өдөр Э над руу утасдаж чи чиргүүлтэй зархуу гэсэн би 25-саад авуулав гэхдээ бичиг баримт нь З-д байгаа гэсэн чинь хаасан гээд дахиад авчих тэгээд нэрээ шилжүүлээд өгчих гэж яааруулаад би хотод хөсөг трэйд дээр очиж шилжүүлж өөрөөсөө 50-60  мянган төгрөг гаргаж байж дахин гэрчилгээ авч шилжүүлж өгөөд явуулах гэтэл 2 хоногийн дараа залгаад чиргүүлийг маань муулаад урьд нь чирч хэргэлж байгаагүй юм шиг зан гаргаад байхаар нь за хамаатай байвал буц гээд би 20 саяыг нь тэр дор нь шилжүүлсэн. Тэгээд чиргүүл хүргэж ирж өг нэрээ шилжүүлж авъя гэхээр нь авч ирж өгөхгүй чи өөрөө мөнгөө авч ирж өгөөд чиргүүлтэй өөрөө ав гээд надаас 5 сая төгрөг нэхээд чиргүүлтэй би хүн олж авхуулах гээд хүн авхуулахаар чиргүүл чинь алга гэнэт тэнд нь зарах гээд хүн явуулна бас л байхгүй тэгээд би Э луу залгаад чиргүүл алга гэж байна чи яагаад миний чиргүүлийг хэрэглээд байгаа юм бэ гэхээр нь би хэрэглээгүй ах л тэр хоорондоо чирсэн гэсэн энэ тэр гэж хэрэлдээд би чиргүүлтэй ч олж авч чадахгүй зарж ч чадахгүй бүтэн жил боллоо одооо би бүтэн жил чамд хэрэглүүлсэн тарж унасан чиргүүл авахгүй мөнгөө авая гэхээр нь өгдөг газартаа өг чи надаас юу ч олж долоохгүй ална хадна гэж ах дүүстэйгээ дарамтлаад байна наймаа хийж чадахгүй буцахдаа буцаж чадахгүй заль гаргаж хүний өмчийг эзэмшиж авсан Э буцаж өгсөн 20,000,000 төгрөгийг гаргуулж авах хүсэлттэй байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.М нэхэмжлэлтэй, хариуцагч У.Э-т холбогдох 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож дараах тайлбарыг гаргаж байна. У.Э яаралтай чиргүүл хэрэгтэй болсон тул Б.М өмчлөлийн ... улсын дугаартай чиргүүлийг 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохирч, 25,000,000 төгрөгийг 2022 оны 02 сарын 12-ны өдөр Б.М руу шилжүүлсэн байна. У.Э нь төлбөр шилжүүлснийхээ дараа чиргүүлээ үзэхэд нь муу доголдолтой байсан учир энэ  байдлыг Б.М хэлж, өгсөн авснаа  буцаахаар тохирч 2022 оны 02 сарын 14-ны өдөр Б.М нь буцааж 20,000,000 төгрөгийг У.Э ... банкны данс руу шилжүүлж, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг удахгүй өгнө. Чиргүүл танай хашаанд байж байг би өөрөө очиж авна тэгэхдээ хамт авто тээвэр орж нэрээ шилжүүлж авахаар ярилцаж тохирсон боловч, өнөөдрийг хүртэл өөрөө ирж чиргүүлээ авах талаар арга хэмжээ аваагүй байна. Чиргүүлээ өөрийн нэр дээр шилжүүлж авах боломж байхад өөрөө ирээгүй, ямар нэгэн арга хэмжээг огт аваагүй байна.  Талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж харилцан өгсөн авснаа буцаахаар тохирсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, Б.М чиргүүлийг буцаан өгнө. Бичиг баримтыг шилжүүлж өгнө” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “У.Э нь яаралтай чиргүүл хэрэгтэй болсон тул Б.М өмчлөлийн ... улсын дугаартай чиргүүлийг 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 25,000,000 төгрөгийг 2022 оны 02 сарын 12-ны өдөр Б.М руу шилжүүлсэн байна. У.Э нь төлбөр шилжүүлснийхээ дараа чиргүүлээ үзэхэд нь муу доголдолтой байсан учир энэ байдлыг Б.М хэлж,  өгсөн авснаа буцаахаар тохирч, М тэр даруй буюу 2022 оны 02 сарын 14-ны өдөр У.Э авсан 25,000,000 төгрөгнөөс буцаан 20,000,000 төгрөгийг түүний ... банкны данс руу шилжүүлж, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг удахгүй өгнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Иймд талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар өгсөн авснаа буцаахаар тохирсон тул У.Э үлдэгдэл 5,000,000 төгрөгийг Б.М гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Б.М сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “...У.Э нь 2021 оны 10,11 сард миний чиргүүлийг контнер ачдаг зориулалттай гэдгийг ашиглан одоо ачаа  тээвэр дандаа контнер болсон чи ажилгүй байгаа бол чиргүүлээ түр өгөөч гэж гуйж аваад надаас өөрийн амаар гуйж аваад З У хооронд 9,10 удаа нэг ч төгрөгийн түрээс өгөлгүй чирч хэрэглэсэн. Би 2021 оны 12 сард  өөрийн биеэр ирж чиргүүлээ харахад бүх дугуйг нь сольсон, нэлээн гагнуур тасарч ханзарсан байсан. Тэгээд би одоо болно, дахиж чирүүлэхгүй гэж хэлээд өөрийнхөө дугуйнуудыг буцааж тавьж нэг жолооч залуугаар чиргүүлэндээ гагнуур хийлгэж янзлуулаад хашааных нь үүдэнд гаргаж тавьчихаад явсан. Тэгтэл 2022 оны 02 сарын 12-нд  чиргүүлээ зарчих гэж гуйж ирж 25,000,000 төгрөг шилжүүлж эзэмшигчийн нэр өмчлөлийг нь сольж авч байгаад гэнэт дөнгөж анх харж байгаа мэт чиргүүлийг минь муулаад наймаа буцаая гэхэд нь би итгээд 20,000,000 төгрөгийг буцаагаад өгчихсөн чинь 5,000,000 төгрөгөө ч нэхэхгүй чиргүүлийг чинь ч өгөхгүй миний чиргүүлийг  залилж аваад бүтэн жил хэрэглэсэн.  Тэгээд Э луу залгаад чамд миний чиргүүл эрэгтэй байгаа бол надад мөнгө 20,000,000 төгрөгөө өг үгүй бол миний чиргүүлийг өг, өгдөг газар нь өгнө шүү гэсэн чинь өг өг чи надаас юу ч олж долоохгүй гээд инээж хэл амаар доромжилдог. Би өөрийн биеэр чиргүүлээ авах гэж 2022 оны 04 сарын 27-ны өдөр ирэхэд чиргүүл өгөхгүй хэл аваар дайрч доромжилж төрсөн ах Э нийлж намайг зодож зайл гэж нохой мэт хөөсөн. Иймд У.Э элэгдэж муудсан чиргүүл ч авахгүй, 5,000,000 төгрөгийг ч өгөхгүй. Тэр үеийн хийсэн наймаа тухай үеийн ханшаар бодож өөрийнхөө буцааж өгсөн 20,000,000 төгрөгөө л гаргуулж авах хүсэлтэй байна” гэжээ.

Нэхэмжлэгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.М миний бие 2021 оны 10 дугаар сард хоёр улсын хил хаасан цагаас хойш З суманд Э ах Э хашаанд ... улсын дугаартай машинаа тавьж хил онгойхыг хүлээж байсан. 1 рейс яваад тээвэр зогссон. Энэ үед Ц.Э гэх залуу чи ачаанд ийш тийш явахгүй байгаа бол түр хэд рейс чирүүлээч гэж гуйхад нь би тэг тэг гээд өгсөн. Тэгэхэд Э хүний дугуй хагарна элэгдэнэ гээд хэдий өөрийнхөө чиргүүлийн дугуйг сольж тавьсан байсан ч гагнуур рам нь муудах шинжтэй болохоор нь би одоо болсон гээд чиргүүлээ зогсоож дугуйг нь салгаж өгөөд өөрийнхөө дугуйнуудаа тавьж орхичхоод ирсэн. Хотод байж байтал нэг өдөр Э над руу утасдаж чи чиргүүлтэй зарах уу гэсэн. 2 хоногийн дараа залгаад чиргүүлийг маань муулаад урьд нь чирч хэргэлж байгаагүй юм шиг зан гаргаад байхаар нь за тэгвэл наймаа буц гээд би 20,000,000 төгрөгийг нь тэр дор нь шилжүүлсэн. Тэгээд чиргүүл хүргэж ирж өгчхөөд, нэрээ шилжүүлж авъя гэхээр авч ирж өгөхгүй, чи өөрөө мөнгөө авчирч өгөөд чиргүүлээ өөрөө ав гээд надаас 5,000,000 төгрөг нэхдэг. Би хүн олж авхуулах гээд хүн явуулахаар чиргүүл чинь алга гэдэг зүйлийг ярьдаг. Тэнд нь зарах гээд хүн явуулна бас л байхгүй. Чиргүүлээ авъя гэхэд одоохондоо байхгүй байна. Би хүргээд өгнө гэж хэлсэн. Тэгээд би Э луу залгаад чиргүүл алга гэж байна, чи яагаад миний чиргүүлийг хэрэглээд байгаа юм бэ? гэхээр нь би хэрэглээгүй ах л тэр хоорондоо чирсэн гэсэн энэ тэр гэж хэрэлдээд би чиргүүлээ ч олж авч чадахгүй зарж ч чадахгүй бүтэн жил боллоо. Одоо би бүтэн жил чамд хэрэглүүлсэн тарж унасан чиргүүл авахгүй мөнгөө авъя гэхээр нь өгдөг газартаа өг чи надаас юу ч олж долоохгүй ална гэж ах дүүстэйгээ дарамталдаг. Наймаа хийж чадахгүй, буцахдаа буцаж чадахгүй заль гаргаж хүний өмчийг эзэмшиж авсан Э буцаж өгсөн 20,000,000 төгрөгийг гаргуулж авах хүсэлттэй байна. Одоо чиргүүлээ авъя гэж мессеж бичихээр алга болчихсон. 2, 3 удаа хүн явуулсан. Дандаа байдаггүй. Сүүлдээ өөр янз бүрийн утаснаас холбогдоод хэлэхээр өгөх албагүй гэж хэлдэг. Шүүх цагдаагаар явна гэхэд явдаг газраар яв гэж хэлдэг. Ах нь намайг таарсан газар чинь Жилийн хугацаанд чиргүүлээ олж аваагүй. Одоо бол чиргүүлээ биш чиргүүлийн үнэ болох 20,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.М нэхэмжлэлтэй, хариуцагч У.Э холбогдох 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож дараах тайлбарыг гаргаж байна. 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах худалдан авах хэлцэл амаар хийгдсэн. Талууд харилцан тохиролцоод У.Э яаралтай чиргүүл хэрэгтэй болсон тул Б.М өмчлөлийн ... улсын дугаартай чиргүүлийг 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохирч, 25,000,000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Б.М руу шилжүүлсэн байна. Э нүдээр хараагүй байсан. 1, 2 удаа гуйгаад агуулгаараа шууд авахаар тохироод У З суманд ирэхэд доголтой байсан. Энэ нөхцөл байдлыг наймаа буцъя Мөнхбат тэр даруй хүлээн зөвшөөрөөд үйлдлээрээ илэрхийлсэн. У.Э нь төлбөр шилжүүлснийхээ дараа чиргүүлээ үзэхэд нь муу доголдолтой байсан учир энэ  байдлыг Б.М хэлж, өгсөн авснаа буцаахаар тохирч 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Б.М нь буцааж 20,000,000 төгрөгийг У.Э ... банкны данс руу шилжүүлж, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг удахгүй өгнө. Чиргүүл танай хашаанд байж байг би өөрөө очиж авна тэгэхдээ хамт авто тээвэр орж нэрээ шилжүүлж авахаар ярилцаж тохирсон боловч, өнөөдрийг хүртэл өөрөө ирж чиргүүлээ авах талаар арга хэмжээ аваагүй байна. Мөн 5,000,000 төгрөг буцаан өгөөгүй байсан. Чиргүүлээ өөрийн нэр дээр шилжүүлж авах боломж байхад өөрөө ирээгүй, ямар нэгэн арга хэмжээг огт аваагүй байна. Талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж харилцан өгсөн авснаа буцаахаар тохирсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, Б.М чиргүүлийг буцаан өгнө. Бичиг баримтыг шилжүүлж өгнө. Чиргүүл нь ахынх нь хашаанд байгаа. Яагаад өнөөдрийг хүртэл өөрийн өмчөө нүдээр үзэж харж болоогүй юм бэ гэж асуумаар байна. Анх чиргүүл ямар байсан тэр хэвээр байгаа. Э хувьд нэрийг нь шилжүүлээд өгөх бүрэн боломжтой байгаа. Тиймээс хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Б.М шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн тухайд би тэр 5,000,000 төгрөгийг барьцаалж аваагүй, өгье гэдэг зүйл ярьж байсан. Надад тэр хүнд чиргүүл өгөх ямар ч сонирхол байгаагүй. Одоо заль гаргаж нэр дээрээ авчхаад 5,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Тиймээс яагаад ч өгөхгүй. Чиргүүлийн элэгдэл хорогдолд 5,000,000 төгрөгийг суулгана. Бас чиргүүлийг эргүүлж авах хэмжээнд байгаа үгүйг мэдэхгүй байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: “Сөрөг нэхэмжлэлийн тухайд У.Э нь яаралтай чиргүүл хэрэгтэй болсон тул Б.М өмчлөлийн ... улсын дугаартай чиргүүлийг 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 25,000,000 төгрөгийг 2022 оны 02 сарын 12-ны өдөр Б.М руу шилжүүлсэн байна. У.Э нь төлбөр шилжүүлснийхээ дараа чиргүүлээ үзэхэд нь муу доголдолтой байсан учир энэ байдлыг Б.М хэлж, өгсөн авснаа буцаахаар тохирч, М тэр даруй буюу 2022 оны 02 сарын 14-ны өдөр У.Э авсан 25,000,000 төгрөгөөс буцаан 20,000,000 төгрөгийг түүний Хаан банкны данс руу шилжүүлж, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг удахгүй өгнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Иймд талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар өгсөн авснаа буцаахаар тохирсон тул У.Э үлдэгдэл 5,000,000 төгрөгийг Б.М гаргуулж өгнө үү” гэжээ.

    Хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  • Нэхэмжлэгчийн цахим иргэний үнэмлэхний хуулбар,
  • Нэхэмжлэгч Б.М ... банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
  • Хариуцагч У.Э ... банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
  • ... улсын дугаартай чиргүүлийн фото зураг,

                                                          ҮНДЭСЛЭХ нь:           

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч У.Э холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч У.Э нь 5,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Үндсэн нэхэмжлэлийн хувьд:

Хариуцагч У.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 20,000,000 төгрөгийг буцаан өгөхгүй, чиргүүлийг биет байдлаар нь буцаан өгнө, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч Б.М,  хариуцагч У.Э нарын хооронд 2022 оны 02 сарын 12-ны өдөр ... улсын дугаартай чиргүүлийг 25,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож амаар хийсэн хэлцлийн үндсэн дээр чиргүүлийн эзэмшигчийн нэрийг шилжүүлсний дараа талууд гэрээний зүйл болох чиргүүлийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах талаар харилцан тохиролцож нэхэмжлэгч Б.М нь чиргүүлийн үнэ 20,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “...хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж зааснаар талууд аман хэлцэл хийж, талуудын хооронд эд хөрөнгө худалдах худалдан авах иргэний эрх зүйн харилцаа үүсчээ.

Нэхэмжлэгч Б.М,  хариуцагч У.Э нар нь харилцан гэрээнээсээ татгалзаж буцааж чиргүүлийн мөнгө болох 20,000,000 төгрөгийг буцаан У.Э өгсөн тал дээр маргаагүй бөгөөд харин нэхэмжлэгч Б.М нь чиргүүлийг анх зарснаас хойш эвдрэл гэмтэлтэй болгосон учир буцааж өгсөн 20,000,000 төгрөгийг буцааж авна гэж  маргасан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар “хэргийн оролцогч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй” гэж заажээ.

Нэхэмжлэгч Б.М нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүднээс чиргүүлийг анх ямар хэлбэртэй худалдан борлуулсан, үүний  дараа нь чиргүүл яг ямар эвдрэл гэмтэлтэй болсон талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй болно.

 Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ... харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан.

Зохигч нар нь гэрээнээс харилцан татгалзсанаа хүлээн зөвшөөрсөн тул гэрээний зүйл болох чиргүүлийг нэхэмжлэгч Б.М буцаан олгож, түүний үнийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Мөн иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.3-д “Гол эд хөрөнгө доголдолтой бол бүхэлд нь... гэрээг цуцалж болно” гэж заасны дагуу хариуцагч У.Э нь гэрээний зүйл болох чиргүүл нь доголдолтой гэж үзэн гэрээг цуцлах эрхтэй байна.

Иймд Б.М нэхэмжлэлтэй хариуцагч У.Э 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гэрээний зүйл болох .... улсын дугаартай чиргүүлийг нэхэмжлэгч Б.М буцаан олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.  

 Сөрөг нэхэмжлэлийн хувьд:

Хариуцагч У.Э нь чиргүүлийн үлдэлдэл төлбөр 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.М гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Шүүх үндсэн нэхэмжлэл болох Б.М нэхэмжлэлтэй хариуцагч У.Э 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гэрээний зүйл болох 43-70 ТЧ улсын дугаартай чиргүүлийг нэхэмжлэгч Б.М буцаан олгохоор шийдвэрлэсэн тул хариуцагч У.Э сөрөг нэхэмжлэл болох чиргүүлийн үнэ 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.М гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд гэрээнээс татгалзсан тул чиргүүлийг биет байдлаар нь нэхэмжлэгчид буцаан олгож, гэрээний үнийн үлдэгдэл төлбөр болох 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.М -с  гаргуулах хариуцагч У.Э олгохоор шийдвэрлэв.

Үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.М 94,950 төгрөгийг гаргуулж хариуцагч У.Э олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.3-д зааснаар Б.М нэхэмжлэлтэй хариуцагч У.Э 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гэрээний зүйл болох ... улсын дугаартай чиргүүлийг нэхэмжлэгч Б.М буцаан олгож,  нэхэмжлэгч Б.М сөрөг нэхэмжлэлийн чиргүүлийн үлдэгдэл үнэ 5,000,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч У.Э олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.М 94950 төгрөгийг гаргуулж, хариуцагч У.Э олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.      

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.Ц