Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 202/МА2023/00011

 

 

 

Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, ерөнхий шүүгч Н.Батчимэг, Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 137/ШШ2023/00047 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: *** Мын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***Эт холбогдох,

 

Чиргүүлийн үнэ 20,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Чиргүүлийн үлдэгдэл үнэ 5,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Мын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э /зайнаас цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Мын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “ ... .М миний бие 2021 оны 10 сард хоёр Улсын хил хаасан цагаас хойш Замын-ҮҮд суманд Эын ах ***ын хашаанд *** УАТ *** ТЧ улсын дугаартай машинаа тавьж хил онгойхыг хүлээж байв. Энэ үед Ц.Э гэх залуу чи ачаанд ийш тийш явахгүй байгаа бол чиргүүлтэй түр хэд рэйс чирүүлээч гэж гуйхад нь би тэг тэг гээд өгсөн тэгэхэд Э хүний дугуй хагарна элэгдэнэ гээд хэдий  өөрийнхөө  чиргүүлийн  дугуй  сольж тавьсан байсан ч  гагнуур   раам  нь    муудах шинжтэй болохоор нь би одоо болсон гээд чиргүүлтэй зогсоож дугуйг нь салгаж өгөөд өөрийнхөө дугуйнуудаа тавьж орхичхоод ирсэн. Хотод байж байтал нэг өдөр Э над руу утасдаж чи чиргүүлтэй зархуу гэсэн би 25-саад авуулав гэхдээ бичиг баримт нь Замын-Үүдэд байгаа гэсэн чинь хаасан гээд дахиад авчих тэгээд нэрээ шилжүүлээд өгчих гэж яаруулаад би хотод хөсөг трэйд дээр очиж шилжүүлж өөрөөсөө 50-60 мянган төгрөг гаргаж байж дахин гэрчилгээ авч шилжүүлж өгөөд явуулах гэтэл 2 хоногийн дараа залгаад чиргүүлийг маань муулаад урьд нь чирч хэргэлж байгаагүй юм шиг зан гаргаад байхаар нь за хамаатай байвал буц гээд би 20 саяыг нь тэр дор нь шилжүүлсэн. Тэгээд чиргүүл хүргэж ирж өг нэрээ шилжүүлж авъя гэхээр нь авч ирж өгөхгүй чи өөрөө мөнгөө авч ирж өгөөд чиргүүлтэй өөрөө ав гээд надаас 5 сая төгрөг нэхээд чиргүүлтэй би хүн олж авхуулах гээд хүн авхуулахаар чиргүүл чинь алга гэнэт тэнд нь зарах гээд хүн явуулна бас л байхгүй тэгээд би Э луу залгаад чиргүүл алга гэж байна чи яагаад миний чиргүүлийг хэрэглээд байгаа юм бэ гэхээр нь би хэрэглээгүй ах л тэр хоорондоо чирсэн гэсэн энэ тэр гэж хэрэлдээд би чиргүүлтэй ч олж авч чадахгүй зарж ч чадахгүй бүтэн жил боллоо одоо би бүтэн жил чамд хэрэглүүлсэн тарж унасан чиргүүл авахгүй мөнгөө авъя гэхээр нь өгдөг газартаа өг чи надаас юу ч олж долоохгүй ална хадна гэж ах дүүстэйгээ дарамтлаад байна наймаа хийж чадахгүй буцахдаа буцаж чадахгүй заль гаргаж хүний өмчийг эзэмшиж авсан Эаас буцаж өгсөн 20,000,000 төгрөгийг гаргуулж авах хүсэлттэй байна.” гэжээ.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч Эын татгалзал, тайлбар, түүний үндэслэлийн агуулга: “...  Э яаралтай чиргүүл хэрэгтэй болсон тул Мтай өмчлөлийн *** ТЧ улсын дугаартай чиргүүлийг 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохирч, 25,000,000 төгрөгийг 2022 оны 02 сарын 12-ны өдөр М руу шилжүүлсэн байна. Э нь төлбөр шилжүүлснийхээ дараа чиргүүлээ үзэхэд нь муу доголдолтой байсан учир энэ байдлыг Мад хэлж, өгсөн авснаа буцаахаар тохирч 2022 оны 02 сарын 14-ны өдөр М нь буцааж 20,000,000 төгрөгийг Эын Хаан банкны данс руу шилжүүлж, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг удахгүй өгнө. Чиргүүл танай хашаанд байж байг би өөрөө очиж авна тэгэхдээ хамт авто тээвэр орж нэрээ шилжүүлж авахаар ярилцаж тохирсон боловч, өнөөдрийг хүртэл өөрөө ирж чиргүүлээ авах талаар арга хэмжээ аваагүй байна. Чиргүүлээ өөрийн нэр дээр шилжүүлж авах боломж байхад өөрөө ирээгүй, ямар нэгэн арга хэмжээг огт аваагүй байна. Талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж харилцан өгсөн авснаа буцаахаар тохирсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, Мын чиргүүлийг буцаан өгнө. Бичиг баримтыг шилжүүлж өгнө.” гэжээ.

 

3. Хариуцагчийн төлөөлөгч Эын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “ ... Э нь яаралтай чиргүүл хэрэгтэй болсон тул Мын өмчлөлийн *** ТЧ улсын дугаартай чиргүүлийг 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 25,000,000 төгрөгийг 2022 оны 02 сарын 12-ны өдөр М руу шилжүүлсэн байна. Э нь төлбөр шилжүүлснийхээ дараа чиргүүлээ үзэхэд нь муу доголдолтой байсан учир энэ байдлыг Мад хэлж, өгсөн авснаа буцаахаар тохирч, М тэр даруй буюу 2022 оны 02 сарын 14-ны өдөр Эаас авсан 25,000,000 төгрөгнөөс буцаан 20,000,000 төгрөгийг түүний Хаан банкны данс руу шилжүүлж, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг удахгүй өгнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Иймд талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар өгсөн авснаа буцаахаар тохирсон тул Эын үлдэгдэл 5,000,000 төгрөгийг Маас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

4. Нэхэмжлэгч Мын сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбар, түүний үндэслэлийн агуулга: “...  Э нь 2021 оны 10,11 сард миний чиргүүлийг контнер ачдаг зориулалттай гэдгийг ашиглан одоо ачаа тээвэр дандаа контнер болсон чи ажилгүй байгаа бол чиргүүлээ түр өгөөч гэж гуйж аваад надаас өөрийн амаар гуйж аваад Замын-Үүд Улаанбаатар хооронд 9,10 удаа нэг ч төгрөгийн түрээс өгөлгүй чирч хэрэглэсэн. Би 2021 оны 12 сард өөрийн биеэр ирж чиргүүлээ харахад бүх дугуйг нь сольсон, нэлээн гагнуур тасарч ханзарсан байсан. Тэгээд би одоо болно, дахиж чирүүлэхгүй гэж хэлээд өөрийнхөө дугуйнуудыг буцааж тавьж нэг жолооч залуугаар чиргүүлэндээ гагнуур хийлгэж янзлуулаад хашааных нь үүдэнд гаргаж тавьчихаад явсан. Тэгтэл 2022 оны 02 сарын 12-нд чиргүүлээ зарчих гэж гуйж ирж 25,000,000 төгрөг шилжүүлж эзэмшигчийн нэр өмчлөлийг нь сольж авч байгаад гэнэт дөнгөж анх харж байгаа мэт чиргүүлийг минь муулаад наймаа буцаая гэхэд нь би итгээд 20,000,000 төгрөгийг буцаагаад өгчихсөн чинь 5,000,000 төгрөгөө ч нэхэхгүй чиргүүлийг чинь ч өгөхгүй миний чиргүүлийг залилж аваад бүтэн жил хэрэглэсэн. Тэгээд Э луу залгаад чамд миний чиргүүл эрэгтэй байгаа бол надад мөнгө 20,000,000 төгрөгөө өг үгүй бол миний чиргүүлийг өг, өгдөг газар нь өгнө шүү гэсэн чинь өг өг чи надаас юу ч олж долоохгүй гээд инээж хэл амаар доромжилдог. Би өөрийн биеэр чиргүүлээ авах гэж 2022 оны 04 сарын 27-ны өдөр ирэхэд чиргүүл өгөхгүй хэл аваар дайрч доромжилж төрсөн ах ***тайгаа нийлж намайг зодож зайл гэж нохой мэт хөөсөн. Иймд Эаар элэгдэж муудсан чиргүүл ч авахгүй, 5,000,000 төгрөгийг ч өгөхгүй. Тэр үеийн хийсэн наймаа тухай үеийн ханшаар бодож өөрийнхөө буцааж өгсөн 20,000,000 төгрөгөө л гаргуулж авах хүсэлтэй байна.” гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.3-д зааснаар Мын нэхэмжлэлтэй хариуцагч Эаас 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гэрээний зүйл болох *** ТЧ улсын дугаартай чиргүүлийг нэхэмжлэгч Мад буцаан олгож, нэхэмжлэгч Маас сөрөг нэхэмжлэлийн чиргүүлийн үлдэгдэл үнэ 5,000,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Эт олгож

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Маас 94950 төгрөгийг гаргуулж, хариуцагч Эт олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгч Мын давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 4.1, 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.5, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг тус тус хангаагүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч Мад Үндсэн хуулиар олгогдсон хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхийг нь тайлбарлаж өгөөгүй, хангалттай мэтгэлцүүлээгүй, мэтгэлцэх эрхээр нь бүрэн дүүрэн хангаагүй, хэтэрхий нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь 2023.02.16-ны өдөр шүүх хуралдаан 10 цагт эхэлж 12 цагт дууссан ба шүүхийн шийдвэрийг бичгийн хэлбэрээр гаргаж мөн өдрийн 13 цагт нэхэмжлэгч М надад гардуулсан нь шүүхийн шийдвэрийг урьдаас ямар шийдвэр гаргах талаар урьдчилан бэлдсэн байсан гэж үзэж байгаа ба шүүх, шүүгч гагцхүү хуульд захирагдана гэснийг зөрчсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38-р зүйл, 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”. 40.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн заалтуудыг ноцтойгоор зорчсон гэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168-р зүйлийн 1.1. 168.1.2, 168.1.3, 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 167-р зүйлийн 167.1.5-д заасны дагуу хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв. 

 

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Гын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “... Нэхэмжлэгч М болон хариуцагч Г нарын хооронд ... энэ харьцаа бол 2021 оны 12 дугаар сард үүссэн байгаа юм. Тэр чиргүүлийг нь аваачаад өгсөн. Тэр хашаанд нь байсан. Өмнө нь 2-3 удаа хэрэглэсэн. Зам хаасан, хил хаасан байсан. Зөвхөн чингэлэг тээдэг машинууд тодорхой хугацаанд явдаг байсан. Энийг бол урвуулан ашигласан. Ингээд энийг чинь авъя гээд өөрөө хотод очиж хүсээд, мөнгөө аваад оччихсон, чингэлэг тээдэг чиргүүлийг авсан. Тэгээд 3 гаруй сарын хугацаанд хэрэглэчихээд, тэгээд мөнгөө ав гээд тэр дор нь шилжүүлчихсэн. Нэр шилжсэн явдал одоо болтол хэвээрээ байгаа. Мөнгөө аваагүй. ... Энэ бол цэвэр Эрүүгийн хэргийн шинжтэй, залилангийн гэмт хэрэг. Хүч хэрэглэж машиныг нь авсан байгаа юм. Харьяалал нь буруу гэж үзэж байна, хууль мэдэхгүй хүн учраас байх. Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл өгсөн байдаг. Би шүүхийг буруутгаад байгаа юм биш. Гэхдээ энэ хэрэгт авагдсан баримтаар энэ үйл баримт бүхэлдээ нотлогдоно. ... Ингээд 20,000,000 төгрөгөө авах битгий хэл машингүй, юу ч үгүй болоод, дахиад 5,000,000 төгрөг төлөхөөр байна. Илт хууль бус байна. Тэр хил гаалиар явсан болон тэр бүх баримтууд нь хэрэгт байгаа юм байна лээ. Тэрийг шүүхэд хүсэлтээ гаргаад аваагүй. Шүүх эрх үүргийг нь сайн танилцуулаагүй. Би шүүхийг буруутгаад байгаа юм биш, гэхдээ шүүх харилцан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээд, тэнд бас шударга ёсны, хүнлэг зарчим бас алдагдсан. Мөн илт 1 талд үйлчилсэн. Энэ хүнийг зодоод, хөөгөөд явуулсан. Энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримтууд байгаа. Ингээд энэ хүний өмчийг шилжүүлж авчихаад, мөнгийг нь өгөхгүй байгаа нь бол цэвэр Эрүүгийн хэргийн шинжтэй юм. Би бол анхан шатны шүүхэд хүчингүй болгож өгөөч гэсэн хүсэлттэй байна. ... Ерөөсөө хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг бүрэн шийдэх боломжгүй байсан. Өөр хэрэгт гаргаж өгөх баримт зөндөө байсан. Энэ талаар нэхэмжлэгч өөрөө мэдэхгүй байгаа юм, эрхээ эдэлж чадаагүй, илт тэнцвэргүй байдалд шүүх хуралдаан болсон. ... Шүүх энэ хэргийг шударгаар шийдвэрлэж чадаагүй байна. Ийм учраас манайх гомдолтой байгаад байгаа юм.” гэв.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “8.1. ... Анхан шатны шүүхийн шийдвэр бол хууль ёсны, үндэслэлтэй, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж, дүгнэж, хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. ... Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. ... У.***аар чиргүүлийг өмнө нь гуйгаад 2-3 удаа тээвэрт явсан гэж хэлдэг. Энийг нэхэмжлэгч тал ч мөн ярьдаг. 2-3 удаа чиргүүлээр нь тээвэрт яваад, яг худалдан авах үедээ чиргүүлийг нүдээр үзэж, хараагүй. Улаанбаатарт хотод байхдаа боломжийн чиргүүл байсан, би авъя гээд мөнгийг шилжүүлээд, чиргүүлээ өөрөө Замын-Үүд суманд очоод нүдээр, бодитоор, үзэж харахад чиргүүл өөрөө доголдолтой байсан. Энэ байдлыг өөрөө тэр даруй нэхэмжлэгчид хэлж, ийм, тийм байна, чиний чиргүүлд ийм байдал үүссэн байна гэж хэлсэн. Тэгэхэд нэхэмжлэгч ч өөрөө мөнгөө буцаагаад ав, хариуцагч ч өөрөө гэрээнээсээ татгалзъя, өгсөн авснаа буцаая гэдэг асуудлыг тухай үед хэн, хэн нь үйлдлээрээ хоёулаа зөвшөөрөөд 20,000,000 төгрөгийг тухайн үед Эын данс руу буцаагаад шилжүүлсэн байдаг. Чиргүүлээ буцааж авах асуудал дээр үлдэгдэл 5,000,000 төгрөгийг өгөөд би чиргүүлээ авна, ахын чинь хашаанд байж байг гэдэг асуудлыг нэхэмжлэгч өөрөө хэлсэн байдаг. Нэхэмжлэгч чиргүүлээ авахаар хүн явуулсан гэж яриад байдаг. Гэтэл яг хэзээ, ямар хүн явуулсан юм бэ. Энэ нь ямар баримтаар нотлогдоод байгаа юм бэ. Энийгээ хавтаст хэрэгт нотлоогүй. Мөн миний чиргүүлд ийм асуудал үүссэн байна, тийм доголдол үүссэн байна, тийм учраас би авахгүй гэж байгаа бол мөн энийгээ нотлох ёстой. Энэ өнөөдрийг хүртэл чиргүүлээ ямар байгааг үзэж, хараагүй байж миний чиргүүл эвдэрхий, би чиргүүлээ авахгүй, 20,000,000 төгрөгөө авна гэж яриад байдаг. Тэгэхээр чиргүүлээ үзэж, харчихаад ийм юм яриад, мөн шинжээчийн дүгнэлт гаргачихаад ийм асуудал ярьж байгаа бол өөр байх. Тэгэхээр нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй гэж харж байгаа юм.

 

8.2. Мөн миний эрхийг зөрчсөн, эрх тэгш мэтгэлцээн байгаагүй, шүүх хэргийг шударгаар шийдвэрлээгүй гэж яриад байна. Тэгтэл нэхэмжлэгчид иргэний хэрэг үүсгэснээс хойш өөрт нь эрх, үүргийг нь тайлбарлаж өгсөн. Мөн шүүх хуралдаанд шүүгч маш тодорхой асууж байсан. Өмгөөлөгч авах уу, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох уу гэж маш тодорхой асуусан. Өөрөө би өнөөдөр өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно гэдгээ хэлсэн. Энийг мөн шүүхийн өмнөх шатанд эрх үүрэг тайлбарлахдаа тайлбарлаж өгсөн байгаа. Тэгэхээр өөрт нь тааламжгүй шийдвэр гарахаар би эрхээ эдэлж чадаагүй гэдэг нь хэр ёс зүйтэй юм бэ. Мөн гомдолдоо шүүхийн шийдвэр маш хурдан гарсан гэж дурдсан байдаг. ... Намайг шийдвэрээ гардаж авахад нэхэмжлэгч тал шийдвэрээ гардаж аваагүй байсан... шийдвэр боломжит хугацаанд гарсан. Энийг бид нар шүүхийн шийдвэр илт 1 талд үйлчилсэн гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй буюу энэ нөхцөл байдлаар тэгж үзэх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Мын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.  

1. Нэхэмжлэгч М нь хариуцагч Э холбогдуулан чиргүүлийн үнэ 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 5/, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2022/03744 дүгээр шийдвэр /хх 6/-ийг шүүхэд ирүүлжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...төлбөр шилжүүлснийхээ дараа чиргүүлээ үзэхэд нь муу доголдолтой байсан учир ... гэрээнээс татгалзаж өгсөн авснаа буцаахаар тохирсон  тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, ... чиргүүлээ өөрийн нэр дээр шилжүүлж авах боломж байхад өөрөө ирээгүй, ямар нэгэн арга хэмжээ огт аваагүй...” гэж маргаж,  татгалзлаа депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 20-21/, гэрэл зураг /хх 22-29/-т үндэслэжээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эаас  “...Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар өгсөн авснаа буцаахаар тохирсон тул Эын үлдэгдэл 5,000,000 төгрөгийг Маас гаргуулах”-р сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч М эс зөвшөөрч “...Эаас элэгдэж муудсан чиргүүл ч авахгүй, 5,000,000 төгрөгийг  өгөхгүй. Тэр үеийн хийсэн наймаа тухайн үеийн ханшаар бодож өөрийнхөө буцааж өгсөн 20,000,000 төгрөгөө л гаргуулж авах хүсэлтэй” гэжээ.

 

4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.3-д заасныг хэрэглэж нэхэмжлэгч Мын хариуцагч Эаас 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гэрээний зүйл болох *** ТЧ улсын дугаартай чиргүүлийг нэхэмжлэгч Мад буцаан олгож, нэхэмжлэгч Маас сөрөг нэхэмжлэлийн чиргүүлийн үлдэгдэл үнэ 5,000,000 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгохоор шийдвэрлэснийг нэхэмжлэгч М эс зөвшөөрч “ ...эрхийг тайлбарлаж өгөөгүй, мэтгэлцэх эрхээр бүрэн дүүрэн хангаагүй, ... шүүх хуралдаан 10 цагт эхэлж, 12 цагт дууссан ба шүүхийн шийдвэрийг бичгийн хэлбэрээр гаргаж 13 цагт гардуулсан нь урьдаас ямар шийдвэр гаргах талаар урьдчилан бэлдсэн байсан гэж үзэж байгаа, ... нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3, 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

5. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч М, хариуцагч Э нарын хооронд *** тч улсын дугаартай чиргүүлийг 25,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан боловч хариуцагчаас гэрээнээс татгалзах санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрч улмаар 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч М нь хариуцагч У.Энхбааатарт 20,000,000 төгрөгийг буцаан өгсөн, үлдэх 5,000,000 төгрөгийг өгөөгүй, хариуцагч Э худалдан авсан чиргүүлийг буцаан өгөөгүй байгаа үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

 

Эндээс үзэхэд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, талууд гэрээнээс татгалзсан гэж үзсэн нь буруу биш байх боловч гэрээнээс татгалзах тохиолдолд  талуудын хүлээх эрх, үүрэг, улмаар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах тохиолдолд тэдний шаардлага гаргах нөхцөл боломж, эрх, үүргийг хуульд заасан үндэслэл журамд нийцүүлэн дүгнэж чадаагүй буюу “... гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ... харилцан буцааж өгөх үүрэгтэй ...” гэж дүгнэсэн атлаа “... хариуцагчийг гэрээний зүйлийг доголдолтой гэж үзэн гэрээг цуцлах эрхтэй...” гэсэн нь ойлгомжгүй болжээ.

 

Тодруулбал аливаа нэхэмжлэлийн шаардлага тодорхой үндэслэлтэй байдаг ба энэ үндэслэл нь маргаантай харилцааг тодорхойлж, эндээс  шүүх тухайн шаардлагын төрлийг тогтоох боломжтой болдог буюу маргааны зүйлийг тогтоодог.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М нь чиргүүлийн үнэд 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, түүний  үндэслэл нь  хариуцагчийн гэрээнээс татгалзах саналыг хүлээн авч чиргүүлийн үнэд мөнгийг буцаан шилжүүлсэн боловч чиргүүлээ авч чадаагүй тул мөнгө гаргуулах гэсэн агуулгатай байх ба түүний мөнгө гаргуулах шаардлага нь гэрээний үүргийн биелэлтийг, эсхүл гэрээнээс татгалзсаны үр дагаврыг, эсхүл гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн төлөө хүлээх хариуцлага шаардсан аль нь болохыг анхан шатны шүүх зөв тодорхойлж чадаагүй, энэхүү нөхцөл байдал буюу маргааны үйл баримт бүрэн дүүрэн тогтоогдоогүй, нотлогдоогүй байгааг анхаараагүй.

 

6. Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах явдал нь зөвхөн хүчин төгөлдөр гэрээний хувьд байх ойлголт бөгөөд хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах, харин хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр хэрэгжсэн гэрээний хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэнэ.

 

Гэрээний эрх зүйн маргаанд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах асуудлыг шийдвэрлэхэд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах үндэслэл журмыг зохицуулсан Иргэний хуулийн 204, 205, 221, 225, 227 дугаар зүйлд заасан нийтлэг үндэслэлээс гадна энэ талаарх үүргийн эрх зүйн төрлүүдэд зохицуулсан зохицуулалтууд нь хэрэглэвэл зохих хууль мөн юм.

 

Хэрвээ зохигчид эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор гэрээг цуцалсан бол Иргэний хуулийн 253, 254, 256 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл, үндэслэлийн талаар дүгнэх шаардлагатай болно.

 

7. Гэтэл нэхэмжлэгч чиргүүлийн үнэд 20,000,000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэхдээ үндэслэлээ хариуцагчаас чиргүүлээ буцаан авч чадаагүй гэсэн  байх ба энэ тохиолдолд гэрээнээс татгалзсан гэж үзвэл Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүргээ хэрхэн биелүүлсэн эсэх, хуулийн 205 дугаар зүйлийн 205.2 дахь хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлөх үндэслэл байсан эсэх буюу үүргийг биелүүлэх боломжгүй бодит нөхцөл байдал байсан эсэх маргааны үйл баримт тогтоогдоогүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй.

 

Энэ нь маргааны зүйл болсон эд хөрөнгө болох чиргүүл нь биетээр байгаа эсэх, хэний эзэмшил, өмчлөлд байгаа, эд хөрөнгө биет байдлаар байгаа тохиолдолд эд хөрөнгийг буцаан өгөх үүрэг нь хуулиар худалдагч, худалдан авагчийн хэнд хамааралтай зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийх шаардлагатай болох ба хэрэгт цугларсан нотлох баримтаар дурдсан нөхцөл байдал тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

8. Түүнчлэн эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор гэрээг цуцалсан гэж үзвэл худалдагч болон худалдан авагчийн гэрээ болон хуульд заасан эрх, үүрэг, үүнээс гарах үр дагавар зэрэг нөхцөл байдлыг дүгнэхийн тулд  нэхэмжлэгчээс шилжүүлсэн эд хөрөнгө доголдолтой байсан эсэх, эд хөрөнгийг хүлээж авах үед доголдлыг мэдсэн, мэдэх боломжтой байсан эсэх зэрэг үйл баримт тогтогдсоноор талуудын шаардах эрх, нотлох үүргийг  тодорхойлох боломжтой болно.

 

9. Нэхэмжлэгч М нь чиргүүлээ буцаан авах гэтэл чиргүүл олдоогүй, мөн чиргүүлийг хариуцагч буцаан өгөөгүй гэсэн, харин хариуцагч Э нь нэхэмжлэгчийг чиргүүлээ аваагүй, авах талаар санаачилга гаргаагүй гэсэн агуулга бүхий тайлбар гаргасан байх ба тэдний энэхүү тайлбар нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ шаардлага болон үндэслэлээ тодорхой тусгаж чадаагүй, хариуцагч ойлгомжгүй, тодорхой бус тайлбар өгсөн, талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангалттай мэтгэлцэж, нотлох баримт гаргаж өгөөгүй байгаа тохиолдолд шүүхээс талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг ойлгомжтой тодорхой тайлбарлаж ойлгуулах нь хэргийн оролцогчдод нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх ажиллагаагаар хэрэгжих, энэ нь баримтанд гарын үсэг зуруулснаар хязгаарлаж болохгүй юм.

 

            Шүүгчийн туслах хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг уншуулж, гарын үсэг зуруулж буй явдал нь тухайн баримттай танилцсан байдлыг илэрхийлсэн хэлбэр юм.

 

Харин тухайн эрх, үүрэг ямар агуулгатай болохыг, уг эрхээ хэрэгжүүлснээс, эсхүл хэрэгжүүлээгүйгээс ямар үр дүнд хүрч болзошгүйг, эрх болон үүргээ хэрхэн, яаж, ямар хэлбэрээр хэрэгжүүлэхийг зөвхөн шүүгч тодорхой тайлбарлан өгөх үүрэгтэй.

 

Энэ утгаар нь авч үзвэл хэргийн оролцогчид эрх, үүргийг нь тайлбарлаж өгөх шүүгчийн ажиллагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг бус удаа хийгдэх учиртай.

 

            10. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

            11. Харин нэхэмжлэгчийн гомдолд дурдагдсан шийдвэрийг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, гардуулах хугацааны хувьд анхан шатны шүүхийг энэ талаарх хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

            Анхан шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэж, мөн өдрөө шийдвэрийг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, хэргийн оролцогчдод гардуулсан байх боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т заасан шийдвэрийг танилцуулах, гардуулах журмыг болон хугацааг зөрчөөгүй байна.

 

            Энд зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ийнхүү хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, оролцогчид энэ хугацаанаас хойш 14 хоногийн дотор шийдвэрийг гардаж авах үүрэгтэй байдаг ба шүүхийн шийдвэрийг шүүх хуралдаан хийсэн өдрөө оролцогчдод гардуулсан нь энэхүү хуульд заасан 14 хоногийн хугацааны дотор хийгдсэн байх тул анхан шатны шүүхийг энэ үндэслэлээр буруутгах боломжгүй болно.

 

            12. Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангасан тул түүний гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг буцаан олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 137/ШШ2023/00047 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгч Мын давж заалдсан гомдлыг хангасугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Мын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Н.БОЛОРМАА

 

                                                 ШҮҮГЧИД                                     Г.ТЭГШСУУРЬ

 

                                                                                                       Н.БАТЧИМЭГ