Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 0041

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              Л.Ч , Б.Б, Д.Э

                              нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:    

Прокурор                                                      Ц.Л/онлайнаар/

Шүүгдэгч                                                       Л.Ч /онлайнаар/

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                      Д.Э, Р.Ц, О.С/онлайнаар/

Нарийн бичгийн дарга                             Б.Г нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолтой Л.Ч , Д.Э, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Д.Э-н давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Ж овогт Л-н Ч.

 

Монгол улсын иргэн, Ч овогт Б-н Б.

 

Монгол улсын иргэн, Б овогт Д-н Э.

 

Л.Ч  нь 2018 оны 11 дүгээр сард Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаартай тогтоолоор баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан дэрвэгэр, жиргэрүү ургамлын үндэс 228 кг-ийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, 28-89 СЭҮ улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,  аймгийн  сум  баг  тоотод хадгалсан,

2012 оноос Монгол Улсын Засгийн 2012 оны 07 дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д багтсан “хүрэн баавгай”-н арьс 4 ширхэг, хүрэн баавгайн сарвуу 4 ширхгийг  аймаг  сум  баг  тоотод хадгалсан,

2012 оны 11 дүгээр сард Ховор амьтны жагсаалтад багтсан хүрэн баавгайн 2 ширхэг арьсыг  аймгийн  сумаас иргэн Б.А-с авч аймаг  сум  баг  тоотод хадгалсан,

2018 оны 07 дугаар сард Ховор амьтны жагсаалтад багтсан хүрэн баавгайн сарвуу 8 ширхгийг худалдан авч  аймаг  сум  баг  тоотод хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдэж, нийт 36 750 000 төгрөгийн шууд хохирол экологид учруулсан,

 

шүүгдэгч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сард Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаартай тогтоолоор баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан дэрвэгэр, жиргэрүү ургамлын үндэс 228 кг-ийг зохих зөвшөөрөлгүйгээр, улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,

 

шүүгдэгч Д.Э нь 2018 оны 11 дүгээр сард Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаартай тогтоолоор “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан дэрвэгэр, жиргэрүү ургамлын үндэс 228 кг-ийг зохих зөвшөөрөлгүйгээр  аймгийн  сум   нутаг дэвсгэрээс түүж, бэлтгэн Л.Ч т зохих зөвшөөрөлгүйгээр худалдан экологид 11 400 000 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Ж овгийн Л-н Ч, Ч овгийн Б-н Б, Б овгийн Д-н Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг түүж бэлтгэн, худалдан авч, тээвэрлэн, хадгалж, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж овгийн Л-н Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтны гаралтай түүхий эдийг худалдан авч, хадгалан хууль бус ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ч ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар  аймгийн  сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар, Д.Эг 1 /нэг/ жилийн хугацаагаар аймгийн сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар, Б.Быг 5 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5 400 000 төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ч ийг 1 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ч т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож,

  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод оногдуулсан 5 400 000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ч т оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, Д.Эд оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Булган аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулж,

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Ч , Д.Э, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ч ээс 15.000.000 төгрөг, Б.Боос 18.500.000 төгрөг, Д.Эгаас 18.000.000 төгрөгийг гаргуулан “Байгаль орчин хамгаалах санд” олгож,

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн  28 89 СЭҮ улсын дугаартай Портер автомашиныг улсын орлого болгож, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэг эд мөрийн баримтаар ирүүлсэн 6 ширхэг баавгайн арьс, 12 ширхэг баавгайн сарвуу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

 

            Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хаан банкин дахь  тоот дансанд шүүгдэгч Л.Ч ийн шилжүүлсэн 4 000 000 төгрөгийг Байгаль орчин хамгаалах санд шилжүүлж, битүүмжилсэн  аймаг  сумын багийн  тоот хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч Л.Ч , Д.Э, Б.Б нар цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э давж заалдах гомдолдоо:

... Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 4-д Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож, нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай санд оруулахаар заасан нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна түүнийг нөхөн сэргээж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар төлүүлэхийг илэрхийлсэн заалт юм.

Гэвч байгаль орчныг хамгаалах тухай хууль болон ховор ургамал хамгаалах зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан “Байгалийн ургамлын тухай” хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан, тээвэрлээсэн үйлдлүүдийг тухайн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж ургамлын аймагт шууд хохирол учруулсан үйлдэлтэй адилтган үзэж, улмаар тухайн ургамлыг тээвэрлэсэн тээвэрлэгчээс уг ургамлын үнэлгээг өсгөн нэмэгдүүлсэн дүнгээр нөхөн төлүүлэх агуулга бүхий заалт байхгүй болно.

Шүүгдэгч Б.Бын хувьд дэрэвгэр, жиргэрүү ургамлын үндсийг түүж бэлтгээгүй, харин бусдын түүж бэлтгэсэн ургамлын үндсийг Ч худалдан авахад байлцаж, тээвэрлэсэн нь түүний үйлдлийн улмаас ургамлын аймагт шууд хохирол учирсан мэт үзэж, тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин өсгөн нэмэгдүүлж 18.500.000 төгрөгийг Б.Боос гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-ийн 13-д байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлөгч гэдгийг байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн олборлосон, байгаль орчныг бохирдуулсан, гэмтээсэн, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл эс үйлдэхүйг хийсэн иргэн аж ахуйн нэгж байна гэж зааснаас үзэхэд нөхөн төлөгч нь шүүгдэгч Э болох нь тодорхой байхад Б.Быг нөхөн төлөгч болгон хохирлыг адилтган төлүүлж байгаа нь үндэслэлгүй байна.

Байгалийн ургамлын тухай болон Амьтны тухай хууль дээр хохирлыг хэн төлөх талаар тодорхой заасан байтал уг хэрэглэвэл зохих хуулийн заалтуудыг шүүх хэрэглээгүй орхигдуулсан байна.Мөн  улсын дугаартай портер машин нь бусдад худалдаалагдсан  худалдах худалдан авах гэрээ хэрэгт нотлох баримтаар хавсаргагдсан, уг машин Б.Бод бодитоор байхгүй, өөр хүний мэдэлд байгаа нь тодорхой байхад машиныг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Боос 18.500.000 төгрөг гаргуулан Байгаль орчин хамгаалах санд оруулах,  портер маркийн машиныг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Д.Э-н давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Л.Ч , Б.Б, Д.Э нарт холбогдох Эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бүх ажиллагааг хянан үзэв.

 

Шүүгдэгч Л.Ч  нь 2018 оны 11 дүгээр сард Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаартай тогтоолоор баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан дэрвэгэр, жиргэрүү ургамлын үндэс 228 кг-ийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч,  улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,  аймгийн  сум баг  тоотод хадгалсан,

2012 оноос Монгол Улсын Засгийн 2012 оны 07 дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д багтсан “хүрэн баавгай”-н арьс 4 ширхэг, хүрэн баавгайн сарвуу 4 ширхгийг  аймаг сум  баг  тоотод хадгалсан, 2012 оны 11 дүгээр сард Ховор амьтны жагсаалтад багтсан хүрэн баавгайн 2 ширхэг арьсыг аймгийн сумаас иргэн Б.А-с авч  аймаг сум  баг  тоотод хадгалсан,

2018 оны 07 дугаар сард Ховор амьтны жагсаалтад багтсан хүрэн баавгайн сарвуу 8 ширхгийг худалдан авч  аймаг  сум  баг  тоотод хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдэж, нийт 36.750.000 төгрөгийн шууд хохирол экологид учруулсан,

шүүгдэгч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сард Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаартай тогтоолоор баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан дэрвэгэр, жиргэрүү ургамлын үндэс 228 кг-ийг зохих зөвшөөрөлгүйгээр,  улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,

шүүгдэгч Д.Э нь 2018 оны 11 дүгээр сард Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаартай тогтоолоор “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан дэрвэгэр, жиргэрүү ургамлын үндэс 228 кг-ийг зохих зөвшөөрөлгүйгээр  аймгийн  сум  нутаг дэвсгэрээс түүж, бэлтгэн Л.Ч т зохих зөвшөөрөлгүйгээр худалдан экологид 11.400.000 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Шүүгдэгч Л.Ч , Б.Б, Д.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн шийтгэх тогтоолын хэсэгт тусгавал зохих зүйлсийг хуульчилсан бөгөөд энэ хэсгийн 1.1-д “Шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох”-ыг тусгана гэж заасан.

Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Л.Ч , Б.Б, Д.Э нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг түүж бэлтгэн, худалдан авч, тээвэрлэн, хадгалж, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж тэдгээрийн гэм буруутай үйлдлийг шүүгдэгч тус бүрээр тодорхой заалгүйгээр нэгтгэн гэм буруутайд тооцсон нь буруу байна.

Мөн шүүгдэгч нарт торгох болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах болсон үндэслэлээ тодорхой дүгнээгүйгээс гадна шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх хэрхэн тооцож хорих ялаар солихыг шийтгэх тогтоолд тодорхой заагаагүй орхигдуулжээ.

Түүнээс гадна анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э нь ... Б.Бын битүүмжлэгдсэн машиныг худалдан борлуулсан, машины үнийг гаргуулж улсын орлогод оруулах саналтай ... гэсэн дүгнэлт гаргасан байхад энэ талаар тодорхой дүгнээгүй, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх автомашиныг улсын орлогод оруулахдаа эд хөрөнгийг үнэлгээгээр тогтоогдсон үнийн дүнгээр тооцож шүүгдэгч Б.Боос гаргуулах эсэх асуудлыг шийдвэрлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байхыг шаардана.

“Байгаль орчинд учруулсан хохирол” гэдгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.11-д тодорхойлохдоо “байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, ... аливаа үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор, “байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөгч” гэдгийг дээрх заалтад заасан үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтныг ойлгохоор тус тус заажээ.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид учруулсан хохирлыг төлүүлэхдээ чухам хэнийх нь үйлдлийн улмаас байгаль экологид шууд ба шууд бус хохирол учирсан талаар тодорхой дүгнэлгүйгээр шүүгдэгч нараар адилтган төлүүлж дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

           Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Д.Э-н давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисон болно.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1. 3, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Ч , Б.Б, Д.Э нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

           2. Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Д.Э-н давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

 

           3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

             ШҮҮГЧ                                                        С.ЦЭЦЭГМАА