Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 202/МА2019/00013

 

  2019         06           26                                       202/МА2019/00013

 

Ч.Г-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 137/ШШ2019/00111 дүгээр шийдвэртэй,  

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгино-хайрхан дүүргийн ...... дугаар хороо, Бага наран ....... гудамж, ........ тоотод оршин суух, 1988 онд төрсөн, эрэгтэй, 31 настай, Х овогт Ч-ын Г /РД:РЕ8......., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нар /РД:РЮ9......../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, Тээвэрчдийн гудамж....... тоотод оршин суух, 1967 онд төрсөн, эрэгтэй, 52 настай, Б овогт Т-ийн Э /РД:ОЛ67050379/-д холбогдох,                                                                                                           

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1495000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Т.Э, хариуцагчийн өмгөөлөгч Э.Батбаяр нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Тоёота премио 61-09 УНД суудлын автомашиныг минь Ниссан Экстриал 30-28 ДГО дугаартай машинаар иргэн Т.Э согтуугаар жолоо барьж байгаад мөргөсөн. Шүүхийн шийдвэрээр Т.Эоос Вендо хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлүүлсэн 4104800 төгрөгийн хохирлыг төлүүлэн нүдэнд үл харагдах агергат гэмтлийг оношлуулах шаардлагатай гэсэн тул 4104800 төгрөгөөс илүү зардал гарсан тохиолдолд нотлох баримтыг бүрдүүлэн иргэний шүүхийн журмаар нэхэмжлэх шаардлагатай гэж шүүх үзсэний дагуу машинаа Улаанбаатар хотруу оруулан засварлуулан нийт зардал 5600000 төгрөг болсон байна. Үүнд: Сэлбэг-3600000, машины засвар-1500000, машин ачуулалтын үнэ-500000, нийт зардал 5600000 төгрөг болсон. Иргэн Т.Э нь Вендо үнэлгээний дагуу 4105000 төгрөгийг өгсөн нь үнэн. Одоо зардлын зөрүү болох 1495000 төгрөгийг иргэн Т.Эоос нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Т.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлд дурдсанаар 2018 оны 10 дугаар сард энэхүү асуудал болсон бөгөөд миний зүгээс шүүхийн шийдвэрт заагдсан төлбөр болох 4105000 төгрөгийг төлж барагдуулсан, ингэж барагдуулахад Б нь одоо өр төлбөр байхгүй, энэ мөнгийг л өгчих гэж байгаад авсан юм. Харин одоо үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж  байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжилж байгаа мөнгийг төлөхгүй гэж үзэж байна гэжээ.

Анхан шатны шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар хариуцагч Т.Эоос бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 1495000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Гад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 38870 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 38870 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Т.Эоос 38870 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож,

Хариуцагч Т.Э нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмын дагуу албадан гаргуулахыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдаж,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

Хариуцагч Т.Э, хариуцагчийн өмгөөлөгч Э.Батбаяр нар давж заалдсан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Учир нь нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүнд хавсаргасан материалууд нь ИХШХШТХуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т зааснаар “нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэсэн заалттай нийцэхгүй байна.

1. Нэхэмжлэгчээс машин ачуулахад 500000 төгрөгийн замын зардалд төлснийг нэхэмжилснийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй ба нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37-р зүйлд зааснаар нотлох баримтын шаардлага хангахгүй, тухайн шилжүүлсэн гэх 5374227533 тоот дансыг хэн эзэмшдэг, ашигладаг, хэн гэж хүний нэрийн данс болох нь тогтоогдоогүй байхад шүүх үнэлж шийдвэрлэсэн нь ИХШХШТХуулийн 40-р зүйлийн 40.2-т нотлох баримтыг хэрэгт  хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэнтэй нийцэхгүй байна.

2. Машин засварлуулсан гэх 1500000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн хувьд тухайн 61-09 УНД дугаартай машинд яг ямар засвар үйлчилгээ хийсэн эсэх, хэрэгт хавсаргаснаар засвар хийсэн Алтанхундага гэж тодорхойлолт гаргасан боловч Алтанхундага гэх хүн хаана байдаг, ямар үйл ажиллагаа явуулдаг, үнэхээр Алтанхундага гэх хүн байгаа эсэх нь тодорхойгүй, овог, нэр, огноо, холбоо барих утасны дугаар гэх зэрэг бичгийн нотлох баримтад шаардагдах наад захын шаардлага хангаагүй, мөн дансаар шилжүүлсэн гэх 5057393678 тоот данс нь хэний данс болох тодорхойгүй байхад шүүх үнэлж шийдвэрлэсэн нь эргэлзээтэй байна.

Мөн нэхэмжлэгч талаас машины сэлбэг авсан гэх хэргийн 6, 7-р хуудсанд авагдсан баримтууд нь он, сар, өдөр засвартай, хэнээс худалдаж авсан эсэх нь тодорхойгүй, ямар төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж болох нь байхгүй, худалдагч байгууллагын нэр байхгүй, холбоо барих хаяг болон утасны дугаар зэрэг нь байхгүй нь дурын аж ахуйн нэгжийн тэмдэг ашигласан байх боломжтой юм, энэ нь ИХШХШТХуулийн 38-р зүйлийн 38.5-д заасан нотолгооны чадвараа алдсанаас гадна шүүхийн шийдвэр эргэлзээгүй байна гэсэнтэй нийцэхгүй байна.

Хариуцагчийн зүгээс 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн үнэлсэн 4104800 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд түүнээс тус үнэлгээ гарахад машины эд ангийг засварлах зардал буюу будаг замаск хийх, эд анги сольж тавих, эд анги будах гэх зэрэгт нийт 949800 төгрөгийг зарцуулахыг үнэлгээнд оруулсан байдаг. Иймд дахин засвар хийсэн мэт эргэлзээтэй хуулийн шаардлага хангаагүй баримт бүрдүүлж 1495000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх хуралдаан дээр нотлох баримтуудыг шинжлэн судлахдаа архивын болон банкны хуулбар үнэн тэмдэг дарагдаагүй нотлох баримт шинжлэн судалсан нь ИХШТХШТХуулийн 44-р зүйлийн 44.4-т заасантай нийцэхгүй байна. Улсын дээд шүүхийн тайлбар 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаар тогтоолд “...өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэдгийг тухайн байгууллагын ...албан хэрэг хөтлөлтийн талаар дотооддоо баримталдаг болон нийтэд даган мөрддөг дүрэм, журмын дагуу баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг тодорхойлсон архив буюу бичиг хэргийн нэгжийн эрх бүхий албан тушаалтан тэмдэглэгээ бүхий дардас дарж, гарын үсэг зурсан байхыг ойлгоно” гэсэнтэй нийцэхгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Ч.Гыг төлөөлөн Г.Б нь хариуцагч Т.Эод холбогдуулан автомашинд учирсан гэм хорын хохирлын зөрүү 1495000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гэм хорын хохирлыг төлж барагдуулсан, нотлох баримт нь шаардлага хангаагүй тул нэхэмжилж байгаа төлбөрийг төлөхгүй гэж маргажээ.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагч Т.Э болон түүний өмгөөлөгч Э.Батбаяр нар эс зөвшөөрч “... эргэлзээтэй хуулийн шаардлага хангаагүй баримт бүрдүүлж, ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцээгүй тул ... анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасан байна.

            Давж заалдах шатны шүүх дээрх гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөнөөс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцээгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

            Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Т.Э нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5-д заасныг зөрчсөнөөс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бын жолоодож явсан 61-09 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, гэм хор учруулсан, гэм хорын хэмжээг “Вендо” ХХК 4104800 төгрөгөөр тогтоож, уг төлбөрийг хариуцагч Т.Э төлсөн болох нь тогтоогдсон ба энэхүү үйл баримтуудын талаар зохигчид маргаагүй байна.

            Өөрөөр хэлбэл хариуцагч Т.Э нь нэхэмжлэгч Ч.Гын өмчлөлийн тээврийн хэрэгсэлд гэм хор учруулсан гэм буруутай нь тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй байх ба анхан шатны шүүх хариуцагч Т.Эыг нэхэмжлэгч Ч.Гын эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т нийцсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... нүдэнд үл харагдах агергат гэмтлийг оношлуулах шаардлагатай ...”  буюу Вендо ХХК-ийн үнэлгээний тайлан дүгнэлтэд тусгагдаагүй илүү гарсан зардлыг гаргуулах гэсэн агуулга дурдсан атлаа нэхэмжлэлийн шаардлагаа гэм хор учруулсан нийт хохирлын зөрүү гэж 1495000 төгрөг нэхэмжилсэн байгааг анхан шатны шүүх анхаараагүй, энэ талаарх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ хуульд заасан журмыг зөрчжээ.

            Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед шинжээчээр томилогдон гаргасан Вендо ХХК-ийн үнэлгээний тайлан дүгнэлтийн талаар зохигчид маргаагүй, уг үнэлгээний тайланг нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотолж шүүхэд ирүүлсэн, мөн уг үнэлгээний тайлан дүгнэлтийн талаар гомдол гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс тэднийг уг үнэлгээний тайланд тусгагдсан тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл болон холбогдох зардлыг хүлээн зөвшөөрч, улмаар хариуцагч уг үнэлгээний тайлан, дүгнэлтээр тогтоосон 4104800 төгрөгийг төлсөн  гэж үзэхээр байна.

            Эндээс үзэхэд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг  Вендо ХХК-ийн үнэлгээний тайлан дүгнэлтэд тусгагдаагүй буюу тухайн үед оношлогдоогүйгээс сүүлд тодорхой болж гарсан  эвдрэл гэмтлийн талаарх зардал нь дээрх үнэлгээний тайланд зааснаас илүү гарсан зардал гэж тодорхойлж болох боловч нэхэмжлэгчээс ирүүлсэн хохирол зардалтай холбоотой баримтууд болон нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд тэрээр тээврийн хэрэгсэлд учирсан нийт гэм хорын хохирлын зөрүүг  нэхэмжилжээ.

            Иймээс түүний нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг бүхэлд нь дүгнэж үзвэл Зөрчлийн хэргийн улмаас өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээр төлүүлэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан гэж үзэх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасан гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлийн талаар шүүхээс дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлтэй юм.

            Гагцхүү шүүх ийнхүү дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар “... нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр ... тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх” учиртай.

            Энэ нь нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд болох  машинд засвар хийсэн /эд анги солих, будаг хийх/ зардал 1500000 төгрөгийн баримт буюу иргэн Алтанхундага гэсэн тодорхойлолт бичгийн баримт /хх-8/, машинд сэлбэг хэрэгсэл худалдан авсан баримт буюу зарлагын баримт №18 /хх-6/, зарлагын баримт /хх-7/ зэргийг хянан үзвэл эдгээр баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэв.

Учир нь тодорхойлолт баримтанд иргэн Алтанхундагын гарын үсэг мөн болохыг нотариатаар гэрчлүүлээгүй, зарлагын баримт №18, зарлагын баримтууд нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын маягтыг нөхөх заавар журамд нийцээгүй буюу Сангийн сайдын 2017 оны 347 дугаар тушаалын хавсралтын 3 дугаар зүйлийн 3-т зааснаар “... 2 хувь бичиж, 1 хувийг өөртөө авч ... үлдэх хувийг хүлээн авагчид “Материал үнэ бүхий зүйлийг гаргах зөвшөөрөл”-ийн хамт олгоно.” гэснийг зөрчсөнөөс эх баримт мөн эсэх нь эргэлзээтэй болсон, огноо засвартай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т заасан төлбөрийн баримтыг ирүүлээгүй зэргээс эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй болжээ.

Түүнчлэн дээрх 3 бичгийн баримтад тусгагдсан зардлуудыг  нүдэнд үл харагдах болон агергат гэмтэлтэй холбоотой зардал буюу Вендо ХХК-ийн үнэлгээний тайланд тусгагдаагүйгээс түүнтэй холбоотой зардал гарч төлөгдсөн гэм хорын хохиролд зөрүү гарсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ба энэ талаарх нотлох баримтгүй байна.

Тодруулбал зарлагын баримт №18 /хх-6/-д тусгагдсан сэлбэг хэрэгсэл нь Вендо ХХК-ийн үнэлгээний тайланд тусгагдаж, уг сэлбэг хэрэгслийн зардлыг тайланд тусгагдсан үнэлгээгээр хариуцагч төлж барагдуулсан байх ба харин зарлагын баримт /хх-7/–д тусгагдсан сэлбэг хэрэгсэл нь Вендо ХХК-ийн үнэлгээний тайланд тусгагдаагүй хэдий ч энэхүү зардал нь тухайн осол болох үед нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирол мөн эсэх, улмаар баримтад дурдсан зардлууд нь осол болох үед илрээгүй далд гэмтэлтэй холбоотой зардал болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй тул уг зардлыг хариуцагч Т.Эыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д нийцэхгүй юм.

Мөн тодорхойлолт бичгийн нотлох баримтанд тусгагдсан агуулгаас үзэхэд машинд засвар хийсэн буюу эд анги солих, будаг хийх зардалд нийт 1500000 төгрөг төлсөн гэх боловч энэ талаар Вендо ХХК-ийн үнэлгээний тайланд тусгагдаж, улмаар энэхүү зардалд нийт 949800 төгрөгийг хариуцагч төлсөн байх ба уг үнэлгээний талаар зохигчид гомдол гаргаагүй, уг үнэлгээг үндэслэж хариуцагч гэм хорыг хариуцан арилгасан, ийнхүү үнийн дүнгийн зөрүү гарсан явдал нь нэхэмжлэгчид учирсан зайлшгүй зардал болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Харин хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэлд дурдагдсан машин ачилтын хөлсөнд төлсөн гэх 500000 төгрөгийн хувьд дээрх зардалуудтай давхардаагүй, Вендо ХХК-ийн үнэлгээний тайланд энэхүү зардал нь тусгагдаагүй, түүнчлэн тээврийн хэрэгслийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас тээвэрлэн Улаанбаатар хотод хүргэж засварласан талаар зохигчид маргаагүй, нэхэмжлэгч ийнхүү зардал гаргасан болох нь ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-10/ баримтаар тогтоогдсон тул уг зардлыг хариуцагчаар төлүүлэх нь зүйтэй.

Анхан шатны шатын шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хамааралгүй заалт болох Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 /гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх/-д заасныг хэрэглэж нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д нийцээгүй тул энэ талаарх шийдвэрийн холбогдох заалтад өөрчлөлт оруулна.

Энэхүү нэхэмжлэл нь гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэл бөгөөд зөрчлийн хэргийн улмаас учирсан гэм хорыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх, хөнгөлөх нэхэмжлэлд хамаарахгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2  дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 137/ШШ2019/00111 дүгээр шийдвэрийн 1 дүгээр заалтын “... 1.495.000 ...” гэснийг “500000” гэж, “... олгосугай.” гэснийг “олгож,” гэж өөрчилж, заалтад “нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 995000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж нэмж,

2 дугаар заалтыг “Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Эоос улсын тэмдэгтийн хураамжид 15650 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, хариуцагч Т.Э болон түүний өмгөөлөгч Э.Батбаяр нарын давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Эоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38870 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                           ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

                                                                                             Н.БАТЧИМЭГ