Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,  шүүгч Э.Б, шүүгч Б.Н нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүргийн 3-р хороонд оршин суух Х овогт Ч.Г-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух Б овогт Т.Э-д холбогдох

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1.495.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А, иргэдийн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч Т.Э, хариуцагчийн өмгөөлөгч Э.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Тоёота Премио ... суудлын автомашиныг минь Ниссан Экстайл ... дугаартай машинаар иргэн Т.Э согтуугаар жолоо барьж байгаад мөргөсөн. Шүүхийн шийдвэрээр Т.Э-с В хөрөнгийн үнэлгээний компианаар үнэлүүлсэн 4.104.800 төгрөгийн хохирлыг төлүүлэн нүдэнд үл харагдах агергат гэмтлийг оношлуулах шаардлагатай гэсэн тул 4.104.800 төгрөгнөөс илүү зардал гарсан тохиолдолд нотлох баримтыг бүрдүүлэн иргэний шүүхийн журмаар нэхэмжлэх шаардлагатай гэж шүүх үзсэний дагуу машинаа Улаанбаатар хотруу оруулан засварлуулан нийт зардал 5.600.000 төгрөг болсон байна. Үүнд Сэлбэг 3.600.000 төгрөг, машины засвар 1.500.000 төгрөг, машин ачуулалтын үнэ 500.000 төгрөг, нийт 5.600.000 төгрөг болсон. Иргэн Т.Э нь В үнэлгээний дагуу 4.105.000 төгрөгийг өгсөн нь үнэн. Одоо зардлын зөрүү болох 1.495.000 төгрөгийг иргэн Т.Э-с нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Т.Э шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Г.Б нь машинаа 1.500.000 төгрөгөөр засуулсан гэдэг юм. Яаж засуулсан талаар баримт байхгүй гэж үзэж байна. Зөвхөн цаасан дээр А гээд дансны дугаарыг нь бичээд утасны дугаар нь байдаг. Өөр ямар нэгэн зүйл байхгүй, тамга тэмдэг ч хүртэл байхгүй. Тиймээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Яг 1.500.000 төгрөгийг өгсөн юм уу? энэ талаар мэдэхгүй байна. Гар утасны дугаар нь ч хүртэл байхгүй, тамга тэмдэгч байхгүй байна. Машины копутыг нь янзлахад 1.500.000 төгрөг хүрэхгүй юм байна лээ, би өөрөө Улаанбаатар хотруу явж судалж үзсэн. Тэгэхэд 1.500.000 төгрөгөөр засуулахгүй юм байна лээ. Иймд хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Б нь... улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ яг ямар засвар үйлчилгээ хийлгэсэн, ер нь засвар үйлчилгээ хийсэн эсэх нь эргэлзээтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад Алтанхундаг гэж бичсэн тодорхойлолт нь тодорхой хуулийн шаардлага хангахгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч Т.Э-д холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 1.495.000 төгрөгийг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нэхэмжлэгч Ч.Г-н өмчлөлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсээлийг мөргөж түүнд эд хөрөнгийн хохирол учруулсан талаар маргаагүй. Харин “... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийсэн эсэх нь эргэлзээтэй, хэрэгт авагдсан А-н тодорхойлолтод овог нэргүй, хаяг нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан. 

Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийнй 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй бөгөөд хариуцагч татгалзлаа нотлох баримтаар нотолж чадаагүй гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүдэнд үл үзэгдэх гэмтэл буюу цаашид гарсан автомашиныг засварласан засварын хохирлын баримтууд болох 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт /хх-ийн 6/, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт /хх-ийн 7/, ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд засвар хийсэн тухай н.А-н тодорхойлолт /хх-ийн 8/, Х банкны 1.500.000 төгрөг шилжүүлсэн тухай банкны дансны хуулга /хх-ийн 9/ Х банкны 500.000 төгрөг шилжүүлсэн тухай банкны дансны хуулга /хх-ийн 10/ зэрэг нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй гэж үзэв.

Хариуцагч Т.Э нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад нэхэмжлэгч Ч.Г-н өмчлөлийн Г.Б-н жолоодож явсан ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж осол гаргаж, эл хөрөнгийн хохирол учруулсан болох нь В ХХК-ний авто машин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /хх-ийн 7/, зарлагын баримт 2 ширхэг/ хх-ийн 6-7/, иргэн А-н шүүхэд гаргасан тодорхойлолт /хх-ийн 8/, Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 2 ширхэг /хх-ийн 9-10/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 11/, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай “баривчлах шийтгэл оногдуулах тухай” шийтгэвэр /хх-ийн 12-13/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Тус шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэврийн 4 дэх заалтанд “Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар машинд учруулсан гэм хорын төлбөрт 4.104.800 төгрөгийг Т.Э-с гаргуулж, хохирогч Г.Б-д олгохоор, цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Дээрх нотлох баримтаар хариуцагч Т.Э нь нэхэмжлэгч Ч.Г-н эд хөрөнгө болох ... улсын дугаартай Тоёота Премио маркийн тээврийн хэрэгсэлд нийт 5,599,800 төгрөгний хохирол учруулсан, ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэвэрийн дагуу 4.104.800 төгрөгийг төлсөн  болох нь нотлогдож байх бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай  буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч Т.Э-с үлдэгдэл 1.495.000 төгрөгний хохирлоо шаардах эрхтэй гэж үзнэ.

Иймд хариуцагч Т.Э-с нэхэмжлэлийн шаардлага болох 1.495.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Уг нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 38.870 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагчаас 38.870 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар хариуцагч Т.Э-с бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 1.495.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Г-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 38.870 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн  урьдчилан төлсөн 38.870 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Т.Э-с 38.870 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Хариуцагч Т.Э нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмын дагуу албадан гаргуулахыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Д.Ц

ШҮҮГЧИД                           Э.Б

                                            Б.Н