Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2023/00911

 

 

 

 

 

 

 

 

                            2023        02          15

            101/ШШ2023/00911

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  “И” ХХК /рд:6244904/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  “Г” ХХК /рд:6724906/-д холбогдох,

30,226,0000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “И” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, төлөөлөгч Г.Х нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 28-р хороо, Хужирбулан 5-р хэсэг, 91-2469 тоотод оршин суугч 99683698, 88036215 утасны дугаартай “Г” ХХК-ны захирал гэх Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 14-нд “Amgalan view apartment”, “Найрамдал ресиденс” орон сууцуудын шатны бариул, болконы хашлага, аваарын шат, аваарын шатны таг, гаражийн хаалга зэргийг нийлүүлэх “Барилгын бүх металь хийцийн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж гэрээний төлбөрт 49 сая төгрөгийн үнэ бүхий автомашиныг урьдчилж авсан. Гэрээний дагуу “Amgalan view apartment” орон сууцанд 29284000 төгрөгийн ажил гүйцэтгээд, ”, “Найрамдал ресиденс” орон сууцны ажлыг орхигдуулж гэрээний үүргээ бүрэн биелүүлэлгүй өнөөг хүрч байна.

Иймд гүйцэтгээгүй ажлын үнийн дүн болох 19716000 төгрөг, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг үндэслэн хугацаа хэтрүүлсэн 379 хоногт 0,05 хувиар алданги тооцож 7760000 төгрөг, “Г” ХХК-ны учруулсан хохирлыг нэхэмжлэх, барагдуулах ажлыг нэхэмжилж байгаа үнийн дүнгийн 10 хувь тооцож гэрээгээр хуульч хөлсөлсөн зардал болох 2750000 төгрөг, нийт 30226000 төгрөгийг “Г” ХХК-с гаргуулж өгнө үү.

Бид 2 төсөл хэрэгжүүлж байгаа. Төмөр хийцийн ажлыг хийхээр хариуцагчтай тохирсон. Улмаар тохиролцсон ёсоор машин шилжүүлсэн. Зарим ажлыг гүйцэтгээгүйгээс ажил удааширсан. Улмаар бид бусдаар гүйцэтгүүлсэн. Иймд бид хийх байсан хөлсийг алдангийн хамт нэхнэ. Гүйцэтгээгүй үнэ нь 19 716 000 төгрөг, алданги 7 760 000 төгрөг,  хуульч хөлсөлсөн 2 750 000 төгрөг, нийт 30 226 000 төгрөг нэхнэ. Бид ажлын хөлсөнд 1 машиныг 49 саяар тооцож өгсөн. Энэ талаар баримтгүй гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, түүний хавсралт /хх4-8/, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/59 дугаар албан тоот /хх10/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “И” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний зарим хэсгээс татгалзаж, төлсөн төлбөрийн зөрүү 19,716,000 төгрөг, алданги 7,760,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,750,000 төгрөг, нийт 30,226,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч “Г” ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн. Улмаар хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх26/

Иймд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Зохигчид 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 50,000,000 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. /хх4-8/

Гэрээгээр хариуцагч төмөр хийц материалаар “Amgalan view apartment”, “Н” орон сууцуудын шатны бариул /2 хос/, тагтны хашлага /112 ш +83 ш/, ослын шат /121 ш/, ослын шатны таг /121 ш/, авто зогсоолын хаалга /2 ш/ тус тус хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч нь урьдчилгаа хөлсөнд 49,000,000 төгрөг /Land 105/ төлөхөөр тохиролцож, гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.

 

Хэдийгээр хариуцагч, түүний төлөөлөгч нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй, хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй боловч шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн “Хэдэн төмөр хүлээж авсан гэх мэт баримтаа бүрдүүлж чадаагүй байгаа” гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэлийг зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч нь урьдчилгаа хөлс болох 49,000,000 төгрөгт тооцож автомашин өгсөн гэх тайлбараар баримтаар нотлоогүй. Гэрээний хавсралтад автомашин өгсөн гэх боловч авсан талаар бичигдээгүй, өөрөөр хэлбэл, энэ нь зөвхөн нэхэмжлэгч талын тэмдэг дарагдсан, гарын үсгийн тайлалгүй баримт байна. Иймд хариуцагчийг урьдчилгаа хөлсөнд автомашин авсан гэж үзэхгүй.

Улмаар нэхэмжлэгч нь бодит байдалд автомашины өмчлөх эрхийг шилжүүлсэн бол эрх бүхий байгууллагын бүртгэлээр өөрийн тайлбарыг нотлох боломжтой байжээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар захиалагч буюу энэ хэргийн нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хүлээн авах, хөлс төлөх үүрэгтэй.

Гэрээний 3.3-т зааснаар ажлын үр дүнг тайлан гаргаж хүлээн авахаар тохиролцсон байх боловч тайлан гаргаагүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь дутуу хийсэн ажлын талаар баримт ирүүлээгүй бөгөөд үлдэх ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Тодруулбал, бусдаар гүйцэтгүүлсэн гэх ажлын талаарх гэрээ болон төлсөн төлбөрийн баримт ирүүлээгүй.

 

Хариуцагч нь барилын төмөр хийцтэй холбоотой ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон тул хэрэв ажлыг дутуу гүйцэтгэсэн бол нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, гэрээний 4.6-д зааснаар гэрээний хугацаа дууссан 2021 оны 11 дүгээр сарын 14-ны өдрөөс хойш 1 жилийн дотор энэ талаар шаардлага гаргах эрхтэй байжээ. Гэвч нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийг 19,716,000 төгрөгийн ажлыг дутуу гүйцэтгэсэн бөгөөд төлбөр төлсөн гэх тайлбараа нотлоогүй тул энэхүү мөнгөн хөрөнгийг шаардах эрхгүй.

 

Мөн нэхэмжлэгч нь нэгэнт гэрээнээс татгалзсан гэх тул гэрээний үүрэг буюу алданги шаардах эрхгүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хууль зүйн туслалаа авах эсэх нь түүний өөрийн хүсэл зоригоос шууд хамаарах бөгөөд хариуцагчид хамааралгүй. Цаашлаад хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон төлбөр төлсөн баримт ирүүлээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцоогүй.

Иймд өмгөөлөгчид төлсөн гэх 2,750,000 төгрөг гаргуулах тухай шаардлага үндэслэлгүй.

 

Эдгээр үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч “Г” ХХК-д холбогдох нийт 30,226,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “И” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 309,080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ГАНБОЛД