Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 143/ШШ2022/00501

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 02 өдөр                                   Дугаар 143/ШШ2022/00501                                                      сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Т.Т

 

 Хариуцагч: ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 

 

Нэхэмжлэлийн шаардлага: ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хэрэгжүүлж байгаа “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.*******ий хувийн хөрөнгөөс 71 711 771 төгрөг гаргуулах ажиллагаа нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг зөрчсөн болохыг тогтоолгох, тус газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 05 сарын 31-ний өдрийн ******* дугаартай төлбөр төлөгчийн арилжааны банк дахь хадгаламжийн болон харилцах данснаас хасалт хийх, данс битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* /Т.*******ээс олгосон 2022 оны 05 сарын 23-ны өдрийн 0606 дугаартай ******* аймгийн тойргийн нотариатчийн итгэмжлэл/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, М.******* /******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас даргаас 2022 оны 10 сарын 14-ны өдрийн 01/923 дугаартай итгэмжлэл олгох албан бичиг/

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Эрдэнэсувд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 13-ны өдрийн 06 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу “Их говийн ундарга” ХХК-иас 71 711 771 төгрөгийг гаргуулж ******* аймгийн Татварын хэлтэст олгуулах ажиллагааг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хариуцан гүйцэтгэж байгаа. Дээрх ажиллагааны явцад “Их говийн ундарга” ХХК-н улсын бүртгэлийн өөрчлөлт, компанийн арилжааны банк дахь харилцах дансанд хязгаарлалт тогтоогоод байгаа. “*******” ХХК өөртөө ямар нэгэн өмчгүй, харилцах дансанд мөнгөн хөрөнгөгүй. Үүсгэн байгуулах баримт бичигт хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 2 500 000 төгрөг гэж улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн байдаг. Компанийн нийт хувьцааг Т.******* дангаар эзэмшдэг боловч тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагаанд оролцож түүний үйл ажиллагаанаас ашиг олж байгаагүй.

Гэтэл ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “*******” ХХК-н бусдад төлөх төлбөр 71 711 771 төгрөгийн төлбөрийг өөрийн хувийн хөрөнгөөс төлөхийг шаардаж Т.*******гийн арилжааны банк дахь харилцах болон хадгаламжийн дансанд 71 711 771 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр зарлагын гүйлгээг хязгаарласан. Мөн Т.*******гийн өмчлөлийн ******* аймаг, сум, 2 дугаар баг, 1-16 тоотод байрлах хөдлөх хөрөнгийн ******* дугаартай газар, дугаартай байшинг 71 711 771 төгрөгийн төлбөр гаргуулах зорилготойгоор 2022 оны 05 сарын 20-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-р битүүмжилсэн. Т.*******гийн банкнууд дахь данс, үл хөдлөх хөрөнгүүдээс төлбөр гаргуулах ажиллагааны бүхий л баримтуудад түүнээс гаргуулах төлбөрийн хэмжээг 71 711 771 төгрөг гэж бичиж байгаа. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж заасан. Үүний дагуу Т.*******гийн хувийн хөрөнгөөс гаргуулах төлбөрийн хэмжээ нь үүсгэн байгуулах баримт бичигт заасан хувь нийлүүлсэн хөрөнгө болох 2 500 000 төгрөгөөс давах учиргүй тухай шийдвэр гүйцэтгэгчид удаа дараа тайлбарлаж ирсэн.

Гэвч шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Т.*******гийн хөрөнгөөс 71 711 771 төгрөг гаргуулах зорилго бүхий ажиллагааг хэрэгжүүлсээр байна. Т.*******гийн хувийн хөрөнгө нь “*******” ХХК-ийн хөрөнгөтэй зааглагдаагүй гэх тайлбарыг шийдвэр гүйцэтгэгчээс өгдөг боловч энэ талаарх үндэслэл бүхий баримтгүй. Урьд өмнө нь энэ талаарх нэхэмжлэлийг ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан боловч давж заалдах шатны шүүхээс урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан.

 Иймд одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр, үйл ажиллагааны талаарх гомдлыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, Шийдвэр гүйцэтгэх газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нарт хандан гаргасан. ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.******* 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 6/7 дугаартай тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч дэд хурандаа Р. 2022 оны 08 сарын 04-ны өдрийн 3-2/1826 албан бичгээр гомдлоо шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг мэдэгдсэн. 3-2/1826 дугаартай албан бичгийг төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* би 2022 оны 08 сарын 18-ны өдөр хүлээн авч танилцсан.

******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулж хэрэгжүүлж байгаа “Их Говийн ундрага” ХХК-н хувьцаа эзэмшигч Т.*******гийн хувийн хөрөнгөөс 71 711 771 төгрөг гаргуулах ажиллагаа нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг зөрчсөн болохыг тогтоож, ******* аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 05 сарын 31-ний өдрийн ******* дугаартай төлбөр төлөгчийн арилжааны банк дахь хадгаламжийн болон харилцах данснаас хасалт хийх, данс битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгоно уу гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Их говийн ундарга” ХХК-аас нийт 71 711 771 төгрөг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2020 оноос хойш үргэлжилж байгаа. Энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд миний бие төлбөр төлөгчийн хувьцаа эзэмшигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож явдаг. Шийдвэр гүйцэтгэгчтэй Компанийн тухай хуулийн 9.3, 9.5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрхэн тайлбарлаж ойлгох тал дээр бид нар саналын зөрүүтэй маргаантай байдаг.

******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс “Их говийн ундарга” ХХК-д өөрт нь ямар нэгэн хөрөнгө өмч байхгүй нь тодорхой боллоо, тиймээс энэ компанийн нийт хувьцааг эзэмшдэг Т.*******ий хувийн хөрөнгөөс 71 711 771 төгрөгийг гаргуулах ёстой гэж үзэж битүүмжлээд явж байгаа. Компанийн тухай хуулийн 9.3 дахь заалтыг харилцан өөр байдлаар бид нар тайлбарлаж ойлгоод байдаг. Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэдэг зохицуулалттай бид нар саналын зөрүүтэй байгаа. Өөрийн эзэмшиж буй хувьцааны хэмжээ гэдэг нь энэ хүн 100 хувийг эзэмшиж байгаа болохоор бүх өрийг төлөх ёстой гэж шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс тайлбарлаж үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг. Миний зүгээс өөрийн эзэмшиж байгаа хэмжээ буюу 2 000 000 төгрөгийн хувьцаа эзэмшиж байгаа, 2 000 000 төгрөгийнхөө хариуцлага хүлээх ёстой гэсэн байдлаар би тайлбарлаж саналын зөрүүтэй байдаг. Дээрээс нь хувьцааны хэмжээнээс үл хамаараад 9.5 дахь хэсэгт тодорхой зааглагдаагүй учраас нийт өр төлбөрийг давхар хариуцах ёстой гэдэг зохицуулалтыг хэрэглэнэ гэж шийдвэр гүйцэтгэгч тайлбарладаг. Миний зүгээс энэ нь зааглагдсан, хоорондоо холилдсон зүйл байхгүй. Энэ компанийн үйл ажиллагаанд Т.******* анх байгуулахад нь хувьцаанд оролцсон, бусдаар сүүлийн жилүүдэд энэ компанийн үйл ажиллагаанд оролцсон, энэ компаниас ашиг авсан, энэ компанитай өөрийнх нь хувийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулж оролцуулсан зүйл нэг ч байдаггүй.

Тийм учраас 9.5 дахь хэсэгт заасан зохицуулалт миний итгэмжлэл өгсөн хүнд хамаарахгүй гэж би тайлбарлаж байгаа. 9.3 дахь хэсэгт заасан хувьцааныхаа хэмжээгээр гэдгийг би судалж үзсэн. 9.5 дахь зүйлтэй харьцуулаад үзэхэд Дээд шүүхийн 2007 оны тайлбар байдаг. Түүнээс үзэх юм бол энэ хүн тухайн компанид 2 000 000 төгрөгийн хувьцаа эзэмшиж байгаа бол 2 000 000 төгрөгөө хариуцах асуудал байна уу гэхээс биш, хувьчилж авч үзээд 100 хувь хариуцах ёстой гэсэн байдлаар үзэж болохгүй. Яагаад гэвэл, 9.5 дугаар зүйлд зааглагдаагүй бол өр төлбөрийг давхар хариуцна гэдэг чинь зааглагдсан тохиолдолд хариуцдаггүй байна гэсэн үг. Тийм учраас Дээд шүүхийн тогтоолоо харсан ч энэ хуулийнхаа нэр томьёог хооронд нь харьцуулаад үзсэн ч гэсэн хэмжээгээр хариуцна гэдэг үг бол яг энэ хүн тухайн компанид 2 000 000 төгрөгийн хувьцаа эзэмшдэг бол 2 000 000 төгрөгийн хариуцлага хүлээснээр энэ хүний хувь хөрөнгөөрөө хүлээх хариуцлага нь дуусгавар болно гэсэн зохицуулалт байгаа.

Т.******* “Их говийн ундарга” гэж компани дээр ямар нэгэн үйл ажиллагаанд оролцдоггүй. “Их говийн ундарга” гэж компанийн “ банк” ХХК-ийн гарын үсэг, тэмдэгтэй байгаа харилцах дансных нь хуулгыг нотлох баримтаар өгсөн байгаа. Тэр дээр Т.Тэмүжин рүү ямар нэгэн өдөртөө орж гарсан дүн, энэ компанийн үйл ажиллагаанд ******* орж ирсэн, оролцоод хөрөнгө нь холилдсон гэсэн ойлголт ерөөсөө харагддаггүй. Дээрээс нь хэрвээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Компанийн тухай хуулийн 9.5 дахь хэсэгт заасны дагуу энэ хүний хөрөнгө, компанийн хөрөнгө хоёр хоорондоо зааглагдаагүй байгаа гэж үзэж тухайн хүний хувийн хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа хийх гэж байгаа бол шийдвэр гүйцэтгэгч нь өөрөө зааглагдаагүй гэдгээ нотлох ёстой. Ийм учраас санхүүгийн баримт, өмчийн бүртгэлийн баримтаас харахад энэ бол зааглагдаагүй байна гэдгээ шийдвэр гүйцэтгэгч нотлох ёстой байдаг.

Гэтэл ийм зүйлгүйгээр шууд компанийн хувьцаа эзэмшигч гэдгээр нь давхар хариуцлага хүлээлгэж байгаа нь Компанийн тухай хууль зөрчиж байна гэж үзэж байгаа. Мөн ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03 дугаартай төлбөр төлөгчийн арилжааны банк дахь хадгаламжийн болон харилцах данснаас хасалт хийх, данс битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгох тухай шаардлага гаргасан байгаа. Энэ тогтоол бас Компанийн тухай хуулийн 9.3, 9.5 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэж маргаан бүхий 03 дугаартай төлбөр төлөгчийн арилжааны банк дахь данснаас хасалт хийх тухай тогтоол дээр 71 711 771 төгрөгөөр бичигдээд яваад байгаа асуудал байгаа.

Т.******* төлөхгүй бол өөр хэн төлөх вэ, энэ төлбөрийг хэн гаргах юм бэ гэсэн асуудал ярьж байна. Тэр бол нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй зүйл. Энэ өрийг төлөх хүн байхгүй юм чинь чи яаж ийгээд төл гэсэн байдлаар хандаж болохгүй. Хүний өмчийн эрхийн асуудал яригдаж байна. Компанийн тухай хуулийн 9.5 дахь заалтад компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж тусад шинэ хэсэг бичсэн байгаа. Яагаад Компанийн тухай хууль дээр заагдсан бэ гэвэл хувьцаа эзэмшигч нь компанийн нийт өр төлбөрийг давхар хариуцдаг энэ тохиолдолд хариуцна шүү гэдгийг тодотгож, шинэ зүйл хэсэг болгож оруулж ирж байгаа. Хэрвээ Компанийн тухай хуулийн 9.3 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигч нь 100 хувь эзэмшиж байгаа бол хувьчилж бодоод төлөх ёстой гээд явчихдаг байх юм бол 9.5 дугаар зүйлийг хараад хэрэггүй байх. Миний хэлээд байгаа 9.3, 9.5 дахь зүйлүүдийг хооронд нь харьцуулаад үзэх юм бол энэ ямар ч байсан 9.3 дахь хэсэгт заасан хувьцааны хэмжээ гэдэг ойлголт бол хувьчилсан ойлголт биш. Хэмжээ гэдэг өөрөө хувь биш. Хэмжээ гэж бичсэн нь ямар утга илэрхийлж байна вэ гэхээр мөнгөн дүнгээ илэрхийлж байгаа юм. Улсын бүртгэлийн байгууллагад энэ манай компанийн хөрөнгө шүү, энэ миний хувийн хөрөнгө шүү гэж бүртгүүлдэг дүрэм, журам байхгүй. Компани гэдэг маань өөрөө бие даасан эрх зүйн этгээд. Өөрөө бие даагаад эрх эдэлдэг субъект болдог. Энэ хүний компани дахь өмч хаана зааглагдсан байна вэ гэвэл Т.******* гэж хүн нийт 2 000 000 төгрөгийн хувьцааг эзэмшиж байгаа шүү гэдэг нь улсын бүртгэл дээр бүртгэлтэй байгаа. Хариуцагч талаас салгаж бүртгэх ёстой гэдэг. Хульд тийм зүйл байдаггүй юм. Компани дээр хөрөнгө бүртгэлгүй байна гэдэг нэгдсэн, нийлсэн гэсэн үг биш. Ингэж төсөөтэй ойлгож хэрэглэх боломжгүй юм.

Шүүх хуралдааны явцад талуудын тайлбараас үзэхэд 9.5 дахь хэсэгт заасан зааглагдсан, зарлагдаагүй гэдгийг төлбөр төлөгч компанийн хувьцаа эзэмшигч Т.******* өөрөө нотлох ёстой юу, эсхүл шийдвэр гүйцэтгэгч өөрөө ажиллагаа явуулж шалгах ёстой байсан уу гэдэг асуудал байгаа. Хуулиараа авч үзэх юм бол хэрвээ шийдвэр гүйцэтгэх байгууллага хувьцаа эзэмшигчийн хувийн хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явах тохиолдолд урьдчилж энэ хөрөнгө нь компанийн хөрөнгө, хувьцаа эзэмшигчийн хөрөнгө хоёр зааглагдсан юм уу, үгүй юм уу гэдгээ шийдвэр гүйцэтгэгч нотолж тогтоох бүх эрх мэдэл нь байгаа. Бүртгэлийн байгууллагаас лавлагаа мэдээлэл авах зэрэг эрх нь байгаа. Дээрээс нь зааглагдсан гэж юуг хэлж байна вэ гэхээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт байгаа. Улсын бүртгэлийн байгууллагаас ирсэн лавлагаа дээр жишээ нь, Т.*******ий өмчид хашаа, байшин байна. “Их говийн ундарга” гэж тусгай компани байна. Энэ дээр өмч байхгүй байна гэж гарч ирсэн байгаа. Зааглагдаагүй гэвэл яах вэ гэхээр энэ байшингийн 50 хувь, эсхүл 30 хувийг нь ч юм уу Т.******* эзэмшдэг байна. Үлдэх бусад хэсгийг нь энэ компани эзэмшдэг юм байна. Өмчлөл дээр энэ хоёр этгээд хамтарч эзэмшдэг юм байна гэсэн тохиолдолд үүнийг зааглагдаагүй гэж хэлэх боломжтой. Барьцааны гэрээнд гарын үсэг зурагдсан гэдэг асуудал нь зааглагдсан, зааглагдаагүй гэж үзэх үндэслэл болохгүй. Иргэний эрх зүйн харилцаа, арилжааны харилцаанд жишээ нь, би өөр хэн нэгний үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх гээд хөрөнгөө барьцааны шаардлагыг нь хангуулаад батлан дааж байна гэсэн байдлаар өгч байгаа нь бид хоёрын хөрөнгө нийлж байгаа зүйл биш. Энэ өөр эрх зүйн харилцаа юм шүү. Алба хаагчдын төлбөрийг барагдуулах ёстой гэсэн хүсэл зоригийг нь ойлгож байна. Гэхдээ бид нар энэ ажиллагааг хийхдээ хууль, дүрэм журмаа баримтлах ёстой гэдгийг сайн анхаараасай гэж хүсэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 120/Ш32019/0123 дугаар шийдвэрэзр "*******” ХХК-аас 71 711 771 төгрөгийг гаргуулж ******* аймгийн Татварын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэртэй гүйцэтгэх баримт бичгийг 2019 оны 09 дүгэар сарын 20-ны өдөр хүлээн авч бүртгэлийн дугаар олгон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Гүйцэтгэх баримт бичгийг харьяаллын дагуу 68 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хувиарлан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

Дээрх ажиллагаатай холбоотойгоор “*******” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын ******* аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхзд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдэл өгч хугацаа тогтоосон боловч биелүүлээгүй. “*******” ХХК-ний нэр дээр хөрөнгө байгаа эсэхийг тодруулахаар ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2019 оны 10 дугаар 01-ний өдрийн 03/1220 дугаартай, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/41 дүгээртай албан бичгүүдээр хандахад нэр дээр ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй гэсэн хариу ирсэн.

Тус газраас 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар тогтоолоор Төлбөр төлөгч “*******" ХХК-ний үүсгэн байгуулагч 100 хувийн хувьцаа эзэмшигч Т.*******гийн , Хас, Төрийн, Голомт, Капитрон, Худалдаа хегжпийн банкуудад байрших харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг 71,711,771 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт “Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөренгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжинд заасан журмын дагуу шийдвэрлэнэ”, гэж, мөн Компаний тухай хуулийн 9 дүгээр зүилийн 9.5 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компаний өр төлбөрийг давхар хариуцна” гэж тус тус заасан.

Монгол улсын Дээд шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тогтоолд "Мөн хуулийн 9.5-д заасан “компанийн өр телбөрийг давхар хариуцна” гэдэг нь компанид оруулсан хувь нийлүүлэгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компаний хөрөнгөд бүртгэгдсэн, тайлан тэнцэлд тусгагдаж, түүний хувийн эд хөрөнгөөс заагдлагдсан байх ёстой боловч ийнхүү зааглаагүй тохиодолд Компаний төлбөрийг барагдуулахад хувь нийлүүлэгчийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн өөрийн хөрөнгөд тооцогдон түүгээр компанийн хүлээх хариуцлагыг нөхөн төлнө гэж ойлгоно" гэж тайлбарласан бөгөөд "*******" ХХК-ний үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч Т.******* банкнаас зээл авах зорилгоор 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн дугаар барьцааны гэрээнд өөрийн хувийн хашаа байшин бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох ******* аймаг сум 2-р баг 1-16 тоотод байрлах хувийн сууц, гэр бүлийн зориулалттай газрын хамт барьцаанд тавихдаа зээлийн гэрээний 2.7.2-д "Барьцааны зүйл нь дундын өмчлөлийн хөрөнгө бөгөөд хөрөнгийг дараах этгээдүүд дундаа хамтран өмчилдөг болно” гэсэн хэсэгт "*******" ХХК гэж оруулан 100 хувийн хувьцаа эзэмшигч Т.******* нь тус барьцааны гэрээг ганцаараа баталгаажуулж гарын үсэг зурсан нь өөрийн эд хөрөнгийг зааглаагүй талаарх хөдлөшгүй нотлох баримт бөгөөд тус газарт Т.******* өөрийн эд хөрөнгө, компаний эд хөрөнгө гэж заагдласан талаарх нотлох баримт гаргаж ирүүлээгүй болно.

Иймд нэхэмжлэгч Т.*******гийн ******* аймгийн Сум дундын Иргэний хэргийи анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Их говийн ундарга” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь Түмэндэлгэрийн ******* гэдэг хүн байгаа. Компанийн тухай хуулийн 9.3 дахь хэсэгт заасны дагуу хувьцаа эзэмшигч нь хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж байгаа. Тэгэхээр яг энэ тохиолдолд зөвхөн Т.******* хариуцлага хүлээхээр заагдаж байгаа. Яагаад гэвэл, өөр хүн байхгүй. Үүсгэн байгуулагч нь Т.*******. Т.*******ээс өөр хүн байхгүй. Ганцхан Т.******* хувьцаа эзэмшигч учраас Т.*******ээс өөр хариуцлага хүн байхгүй. Улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 3/1220 дугаартай 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 1/41 дугаартай албан бичиг гарахдаа ямар нэгэн байдлаар аж ахуй нэгжийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө байхгүй. 71 711 771 төгрөг гэдэг шүүгчийн захирамжаа харах юм бол үйл ажиллагааг гүйцэтгээд түүнээсээ олсон орлого байгаа юм. Өөрөөр хэлбэл, 28 826 936 төгрөг нь албан татварын өр. Албан татварыг Татварын байгууллагаас тавьж байна гэдэг чинь тэр компани үйл ажиллагаа явуулаад олсон орлогыг нь Монгол Улсын татварын санд төлөөгүй учраас 28 826 936 төгрөгийн татварын өр тавьж байгаа юм. Энэ дээр нэмээд 16 737 643 төгрөг нь нэмэгдсэн өртгийн албан татвар юм. Алданги тооцож “Их говийн ундарга” ХХК-д тавьж байгаа юм. 12 477 000 төгрөг нь нэмэгдсэн өртгийн албан татвар. Яг үндсэн торгууль нь 13 669 376 төгрөг. Энэ аж ахуй нэгж өөрөө үйл ажиллагаа явуулаад, ашиг орлогоо олоод татварынхаа өрийг төлөөгүй улмаас бид нар шийдвэр гүйцэх ажиллагааг явуулах гээд байгаа юм. Тэгэхээр энэ компанийн үйл ажиллагааг анхнаас нь судлахад мэдээж үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч өөрийнхөө данс руу хэзээ ч мөнгөө шилжүүлэхгүй шүү дээ. Үүсгэн байгуулагчаар нэг хүнийг томилчихлоо. Эрх бүхий албан тушаалтныг томилоод тэр хүн нь үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Т.******* заагласан гэдгийг дансны хуулгаар тогтоохгүй. Т.******* ч дансны хуулгаар аваад байх шаардлага байхгүй. Хууль нь тийм. Компанийн тухай хуулийн 9.3 дахь заалтад хувьцааны хувь хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэдэг нь зөвхөн 2 000 000 төгрөгийн хувьцаатай асуудал ярьж болохгүй. Энэ бол өөрөө хувьцаагаа нээлттэйгээр зарласан компани биш. Өөрөөр хэлбэл, хувьцааныхаа хэмжээгээр хариуцна гэдэг ойлголтыг хувьцаагаа нээлттэй Монгол улсын хөрөнгийн бирж дээр гаргасан компани дээр бодолцох хэрэгтэй. Хувьцаа нь зарагдаад үнэ өртөг бүхий үүсээд явж байдаг учраас тэр дээр өр асуудал яригдана. Энэ болохоор хувьцаагаа зарлаагүй, үүсгэн байгуулагч нь Т.******* мөн. Улсын бүртгэл дээр бүртгэгдсэн байгаа юм. Тэгэхээр Т.******* энэ дээр 100 хувь энэ компанийн өр төлбөрийн асуудлыг хариуцах ёстой. Т.******* хариуцлага хүлээхээ больё. Тэгвэл хэн хариуцлага хүлээх юм. Хуулийн этгээд бүртгэгдчихсэн байгаа бол  Компанийн тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу үүсгэн байгуулагч 100 хувь хувьцаа эзэмшиж байгаа энэ хүн хариуцлага хүлээнэ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримтын шаардлага хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигч эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гээд заасан байгаа. Тэгэхээр бид нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасныг удирдлага болгоод Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг зааж байгаа юм. Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж байгаа. Зааглагдаагүй гэдэг асуудал дээр компани өөрөө асар их хэмжээний мөнгө худалдан борлуулах үйл ажиллагаа явуулсан компани болж таарч байгаа юм. Татварын байгууллага үндэслэлгүйгээр энэ байгууллага, компани дээр торгууль тавихгүй шүү дээ. Тэгэхээр энэ компани үйл ажиллагаа явуулдаг, их хэмжээний орлого олдог компани байсан байна. Тэгвэл энэ орлогыг яаж зааглах ёстой вэ гэхээр дотоод журмаараа зааглагдах ёстой. Улсын бүртгэлийн байгууллага дээр энэ хөрөнгийн гээд дүрмийн сангаараа зааглах ёстой. Тэрийг холбогдох улсуудаас нь асуусан. Танай дээр ийм шийдвэр гүйцэтгэх ажиллагааны заагласан асуудал байна уу? гэхэд манай дээр тийм асуудал байхгүй гэсэн. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зааглагдсан зааглагдаагүй тогтоохын тулд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байгаа.

Монгол улсын Дээд шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тогтоолд мөн хуулийн 9.5 дахь хэсэгт заасан компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэдэг нь компанид оруулсан хувь нийлүүлэгч, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн хөрөнгөд бүртгэгдсэн, тайланд тусгагдсан, түүнийг хувийн эд хөрөнгөөс зааглагдсан байх ёстой боловч ийнхүү зааглагдаагүй тохиолдолд компанийн төлбөрийг барагдуулах хувь нийлүүлэгчийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн хөрөнгө өөрийн хөрөнгөд тооцогдон, түүгээр компанийн хүлээх хариуцлагыг нөхөн төлнө гэж ойлгоно гэж тайлбарласан бөгөөд “Их говийн ундарга” ХХК-г үүсгэн байгуулагч 100 хувь хувьцаа эзэмшигч нь Т.*******. “ банк” ХХК-аас зээл авах зорилгоор 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн барьцааны гэрээнд өөрийн хувийн хашаа байшин бүхий үл хөдлөх эд хөрөнгө, ******* аймгийн сумын 2 дугаар баг, ын 1-16 тоотод байрлах хувийн сууц, гэр бүлийн зориулалттай газрын хамт барьцаанд тавихдаа зээлийн гэрээний 2.7.2 дахь хэсэгт барьцааны зүйл нь дундын өмчлөлийн хөрөнгө бөгөөд хөрөнгийг дараах этгээдүүд дундаа хамтран өмчилдөг болно гэсэн хэсэгт “Их говийн ундарга” ХХК гэж оруулан 100 хувийн хувьцаа эзэмшигч Т.******* тус барьцааны гэрээг ганцаараа баталгаажуулсан гарын үсэг зурсан нь өөрийн эд хөрөнгийг зааглаагүй талаар хөдөлшгүй нотлох баримт бөгөөд тус газарт Т.******* өөрийн эд хөрөнгө, компанийн эд хөрөнгө гэж зааглагдсан талаар нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй болно. Энэ дээр үл хөдлөх хөрөнгөө банк дээр барьцаалаад зээл зээл авахдаа үл хөдлөх хөрөнгийн барьцаалуулан зээлдэх гэрээний 2.7 дахь хэсэгт “Их говийн ундарга” ХХК нь хамтран гээд тэрийгээ тусгаад өгчихсөн байгаа.

“Их говийн ундарга” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Т.******* шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад зааглагдсан дүрмээ тогтоосон зүйлээ манай байгууллага дээр ирүүлэх нь нээлттэй байгаа. Удаа дараа итгэмжилсэн төлөөлөгч Б.*******аас гомдол хүсэлт гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд энэ хүн гомдол гаргаад явсан байгаа. Ээн бол ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зөв гэсэн албан бичиг тоотоороо ирсэн байгаа. Өөрөөр хэлбэл, манай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зөв. “Их говийн ундарга” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулахын тулд Т.*******ий хувийн нэр дээр бүртгэлтэй байгаа хөрөнгө дээр дуудлага худалдах албан бус ажиллагаа явуулах нь зөв гэж заасан байгаа. Хөрөнгө дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах болохоор зөвхөн “Их говийн ундарга” ХХК дээр хөрөнгө байдаггүй. Т.*******д үл хөдлөх хөрөнгө газар байдаг. Өөр хөрөнгө байхгүй. Одоо энэ аж ахуй нэгж нь ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Тэр нь татварын тайлан тэнцлээрээ тогтоогдсон. Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа өндөр үнийн дүнтэй бизнес эрхэлж байгаа компаниуд бүгд дотоод сангаараа зохицуулаад заагласан байгаа. Жишээлбэл, үүсгэн байгуулагчийн хөрөнгө, компанийн хөрөнгө гээд зааглаад явж байгаа. Энэ дээр буруу ойлголттой явж байна. Хөрөнгийг зааглах ёстой. Дүрмийн сан дээр нь ч байдаг юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа яг хууль журмын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Компанийн тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Т.*******ий хөрөнгөд төлбөр гаргуулах ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа. Үнэхээр биш бол заавал энэ дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа оруулаад байх шаардлага байхгүй. “Их говийн ундарга” ХХК 100 хувийн хувьцаа эзэмшигч гэдэг нь тогтоогдсон. Компанийн тухай хуулиа бариад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад үүнийг албан бус гэж үзвэл та бүхэн өөрсдөө тайлбараа гаргаад, энэ хөрөнгө ийм ийм учир шалтгаантай гэдгээ бичгээр гаргаад өгөх юм бол тодорхой хуулийнхаа дагуу хариу өг шүү дээ. Зөвхөн бүх юмыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тогтоох ёстой шиг байж болохгүй. Компанийн дүрмийг манайх гаргана гэсэн зүйл байхгүй шүү. Манайх өөрийнхөө зүгээс энэ компани бол Т.*******ий компани. Т.Тэмүжин 100 хувийн хувьцаа эзэмшигч мөн гэдгийг холбогдох улсын бүртгэлээс авсан лавлагаа мэдээллүүдээрээ, нотлох баримтуудаар манайх нотолчхоод байгаа юм. Харин нэхэмжлэгч тал энэ хөрөнгө шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай ямар ч хамааралгүй гээд байгаа. Энэ нотлох баримтаа манайд өгөх юм бол манайх тэрийг хүлээж авахад нээлттэй байдаг. Гэтэл энэ нотлох баримтыг 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй. Тийм учраас манайх хөрөнгө дээрээ шийдвэр гүйцэтгэсэн гэв.

 

Нэхэмжлэгчээс: итгэмжлэл, шийдвэр гүйцэтгэгчид гаргасан гомдол, гомдлыг хянан шийдвэрлэсэн тогтоол, Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын гомдолд хариу өгөх албан бичиг магадлал, “*******” ХХК-ийн дансны хуулга, Хариуцагчаас: итгэмжлэл, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, албан тоот зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Т.******* нь ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан тус газраас хэрэгжүүлж буй “Их Говийн ундрага” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.*******ий хувийн хөрөнгөөс 71 711 771 төгрөг гаргуулах ажиллагаа нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн болохыг тогтоолгох, мөн тус газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 05 сарын 31-ний өдрийн ******* дугаартай “төлбөр төлөгчийн арилжааны банк дахь хадгаламжийн болон харилцах данснаас хасалт хийх, данс битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь “*******” ХХК-ийн бусдад төлөх 71 711 771 төгрөгийн төлбөрийг Т.*******ий хувийн хөрөнгөөс төлөхийг шаардаж, түүний арилжааны банк дахь харилцах болон хадгаламжийн дансанд дээрх үнийн дүнгийн хэмжээгээр зарлагын гүйлгээг хязгаарласан, мөн Т.*******ий өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн зэрэг хариуцагч байгууллагын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан, хууль зөрчиж хэрэгжүүлж байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг.

 

3. Хариуцагч ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “Их Говийн ундрага” ХХК болон Т.******* нарын эд хөрөнгө нь тодорхой зааглагдаагүй, мөн тэрээр 100 хувь хувьцаа эзэмшигч тул бүрэн хариуцна, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

4. ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хэрэгжүүлж буй “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.*******ий хувийн хөрөнгөөс 71 711 771 төгрөг гаргуулах ажиллагаа нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг зөрчсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгчийн гомдлын үндэслэлийг хянахдаа уг ажиллагаатай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд шүүх дараах байдлаар дүгнэлт өгөх үндэслэлтэй байна.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна гэжээ.

 

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 сарын 13-ны өдрийн 120/ШЗ2019/0123 дугаартай захирамжаар ******* аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2018 оны 09 сарын 12-ны өдрийн 0292101 дугаартай Шийтгэлийн хуудсаар “*******” ХХК-д 71 711 771.10 төгрөгийн төлбөр оногдуулсныг албадан гүйцэтгэж, гүйцэтгэх хуудас бичигджээ.

 

Улмаар ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдэж, үл хөдлөх эд хөрөнгө эзэмшдэг эсэх лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулжээ.

 

******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 10 сарын 08-ны өдрийн 02/1247 тоот албан бичгээр “Төлбөр төлөгч “*******” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлж хариуг ирүүлэх”, мөн тус газрын даргын 2020 оны 01 сарын 09-ний өдрийн 01/41 тоот албан бичгээр “Төлбөр төлөгч “*******” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Алтанцэцэгийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэх талаарх дэлгэрэнгүй лавлагааг гаргаж хариуг ирүүлэх” талаар ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус ханджээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд” гэж тодорхойлсон, төлбөр төлөгч нь “Их Говийн ундрага” ХХК байна.

 

Мөн хуулийн 8 дугаар бүлэгт төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах журмыг тусгайлан зохицуулсан.

 

******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч-хуулийн этгээд “*******” ХХК-иас төлбөр гаргуулах ажиллагааг зарим байгууллагаас лавлагаа авснаар хязгаарласан ба хуульд заасан ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасан, хариуцагч уг заалтыг үндэслэн төлбөр төлөгч компанийн хувьцаа эзэмшигч Т.*******ий өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн талаар тайлбар гаргажээ.

 

Нэхэмжлэгч Т.******* нь “*******” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр 2018 оны 01 сарын 26-ны өдөр бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “*******” ХХК-иас төлбөр гаргуулах ажиллагааны явцад Т.*******ий өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн ажиллагааг явуулахдаа Компанийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний зэрэгцээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байна.

 

Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани гэнэ.

 

6. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ”, 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, компанийн хүлээх үүргийг түүний хувьцаа эзэмшигч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээр хариуцахгүй, харин компани үүнийг бүрэн хариуцах үүрэгтэй байна. Энэ агуулгаар хуульд “хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй” гэж зааж, хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалан хуульчилсан.

 

Түүнчлэн “гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэсэн заалтаар ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хариуцлага хүлээх тохиолдлын хариуцлагын хэмжээг зааж, мөн хязгаарласан ба “өөрийн эзэмшлийн хувьцааны хэмжээ” гэдэг нь тухайн компанийн хувьцааг эзэмшихийн тулд хувьцаа эзэмшигчээс компанид оруулсан хөрөнгөд хамааралтай ойлголт бөгөөд хувьцаа эзэмшигч нь зөвхөн ийнхүү оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээхээс биш эзэмшиж буй хувьцааныхаа хувь хэмжээгээр нөхөх хариуцлага хүлээх агуулга биш юм.

 

******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 сарын 16-ны өдрийн 03/1275 тоот албан бичгийг үндэслэн Улсын бүртгэлийн хэлтсээс Т.*******ий нэр дээр бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Y-1105001398 дугаартай ******* аймаг, сум, 2-р баг, 1-6 тоот хаягт байрлах хувийн сууц, дэлгүүр, ******* дугаартай өмчлөлийн газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байх ба энэхүү үл эд хөрөнгө нь нэхэмжлэгч Т.*******ий өмчлөлийнх бөгөөд уг үйл баримтад талууд маргаагүй тул “*******” ХХК-ийн өмчлөлөөс бүрэн тусгаарлагдмал байж, компанийн өмчлөлөөс ялган зааглах бүрэн боломжтой байдлаар ашиглагдаж байсан тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасан “зааглагдаагүй эд хөрөнгө” гэж үзэхгүй.

 

Иймд хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшиж буй хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээх тул тус газар нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хуулийн этгээдийн төлбөрт битүүмжилсэн нь хуульд нийцээгүй гэж үзнэ.

 

7. Нэхэмжлэгч нь тус газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 05 сарын 31-ний өдрийн ******* дугаартай “Төлбөр төлөгчийн арилжааны банк дахь хадгаламжийн болон харилцах данснаас хасалт хийх, данс битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ төлбөр төлөгч “*******” ХХК-ийн дансыг бус нэхэмжлэгч Т.*******ий арилжааны банк дахь дансыг битүүмжилсэн гэж тайлбарладаг ба уг тогтоол нь хэрэгт авагдаагүйгээс шүүх дүгнэлт өгөх, шийдвэрлэх боломжгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасан журмыг тус тус хэрэглэж улмаар шүүхэд гомдлоо гаргасан болох нь хэрэгт авагдсан гомдолд хариу өгөх тогтоол, албан бичиг зэргээр тогтоогдож байх ба хариуцагч талаас энэ талаар маргаагүй.

 

Түүнчлэн иргэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхэд гомдол гаргах, гомдлыг хянан хэлэлцэх хүрээ, харьяаллыг зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д “Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь төлбөр төлөгч биш бөгөөд тэрээр өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг хууль бус болохыг тогтоолгохоор шаардлага гаргасан зэрэг нь шүүх маргааныг хянан шийдвэрлэх үндэслэл болов.

 

8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 156, 160 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хэрэгжүүлж байгаа “Их Говийн ундрага” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.*******ий хувийн хөрөнгөөс 71 711 771 төгрөг гаргуулах ажиллагаа нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн болохыг тогтоож, нэхэмжлэлээс тус газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 05 сарын 31-ний өдрийн ******* дугаартай төлбөр төлөгчийн арилжааны банк дахь хадгаламжийн болон харилцах данснаас хасалт хийх, данс битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.*******ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ОТГОНСҮРЭН